Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2023 оны 11 сарын 07 өдөр

Дугаар 001/ХТ2023/00215

 

      “Х” ХХК-ийн нэхэмжлэлтэй

                иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Н.Баярмаа даргалж, танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч П.Золзаяа, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 102/ШШ2023/01691 дүгээр шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн 210/МА2023/01376 дугаар магадлалтай,

“Х” ХХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч М.Ш-д холбогдох

Үндсэн нэхэмжлэл: Хууль бус эзэмшлээс орон сууц чөлөөлүүлэх

Бие даасан шаардлага: орон сууц захиалан бариулах гэрээнээс татгалзаж, орон сууцыг буцаан гаргуулах тухай иргэний хэргийг бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд “О” ББСБ ХХК-ийн төлөөлөгч Б.Б-ын гаргасан хяналтын гомдлыг үндэслэн танхимын тэргүүн Г.Алтанчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Д, хариуцагч М.Ш-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Н, хариуцагчийн өмгөөлөгч А.Г, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд “Б” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Т, түүний өмгөөлөгч Л.О, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд “Г” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Г, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд “О” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, А.Ц, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Амарбаясгалан нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгч “Х” ХХК хариуцагч М.Ш-ад холбогдуулан хууль бус эзэмшлээс орон сууц чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад “Б” ХХК нь нэхэмжлэгч “Х” ХХК-д холбогдуулан орон сууц захиалан бариулах гэрээнээс татгалзаж, орон сууцыг буцаан гаргуулах тухай бие даасан шаардлага гаргаж гуравдагч этгээдээр оролцсон, нэхэмжлэгч бие даасан шаардлагыг гардаж авсан боловч хариу тайлбар ирүүлээгүй байна.

Мөн энэ хэрэгт “О” ХХК болон “Г” ХХК бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр оролцож, “О” ХХК нь нэхэмжлэгч “Х” ХХК-ийн нэхэмжлэлийг, “Г” ХХК нь “Б” ХХК-ийн бие даасан шаардлагыг тус тус дэмжсэн агуулгатай тайлбар гаргажээ.

2.Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 102/ШШ2023/01691 дүгээр шийдвэрээр: Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсгийг баримтлан “Х” ХХК-ийн нэхэмжлэлийг хангаж, Баянгол дүүргийн ** дугаар хороо, * дүгээр хороолол, А-ийн гудамж **а байрны ** тоот хаягт байршилтай Ү-******* бүртгэлтэй орон сууцыг хариуцагч М.Ш-ын хууль бус эзэмшлээс чөлөөлж, Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1, 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт заасан үндэслэл тогтоогдоогүй тул “Х” ХХК-тай байгуулсан гэрээнээс татгалзаж нэхэмжлэгчээс Баянгол дүүргийн ** дугаар хороо, * дүгээр хороолол, А-ийн гудамж **а байрны ** тоот хаягт байршилтай Ү-****** бүртгэлтэй орон сууцыг буцаан гаргуулах тухай гуравдагч этгээд “Б” ХХК-ийн бие даасан шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөг, гуравдагч этгээд “Б” ХХК-ийн тэмдэгтийн хураамжид төлсөн 826,325 төгрөгийг тус тус улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70,200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

3.Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн 210/МА2023/01376 дугаар магадлалаар: Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 102/ШШ2023/01691 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч М.Ш-ын эзэмшлээс Баянгол дүүргийн ** дугаар хороо, * дүгээр хороолол, А-ийн гудамж **а байрны ** тоот хаягт байршилтай Ү-****** бүртгэлтэй орон сууцыг чөлөөлүүлэх тухай нэхэмжлэгч “Х” ХХК-ийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай гэж, 2 дахь заалтыг Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1, 274 дүгээр зүйлийн 274.1 дэх хэсэгт заасныг баримтлан “Х” ХХК-тай байгуулсан Орон сууц захиалгаар бариулах гэрээг цуцалж, Баянгол дүүргийн ** дугаар хороо, * дүгээр хороолол, А-ийн гудамж **а байрны ** тоот хаягт байршилтай Ү-***** бүртгэлтэй орон сууцны өмчлөх эрхийг “Б” ХХК-д шилжүүлсүгэй гэж, 3 дахь заалтын хариуцагчаас 70,200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай гэснийг нэхэмжлэгч “Х” ХХК-аас 826,325 төгрөг гаргуулж бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд “Б” ХХК-д олгосугай гэж тус тус өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

4.Гуравдагч этгээд “О” ББСБ ХХК-ийн төлөөлөгч Б.Б хяналтын журмаар гаргасан гомдолдоо:

4.1.Магадлалд “...Х” ХХК болон “Г” ХХК-ийн хооронд барилгын гадна фасадын ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр захиалагч “Г” ХХК нь ажлын хөлсөнд 1,664,700 ам доллартой тэнцэх төгрөгийг төлөхөөр тохиролцжээ. “Г” ХХК нь ажил гүйцэтгэх гэрээний төлбөрт Капитал таун хотхоны барилгаас 4 ширхэг орон сууцыг шилжүүлэх өгөхөөр тохиролцсон. Улмаар “Б” ХХК-ийн Баянгол дүүргийн ** дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдаж байгаа маргааны зүйл болох **а байрны ** тоот орон сууцны өмчлөх эрхийг “Х” ХХК-д шилжүүлэн өгсөн болох нь тогтоогджээ. Дээрх байдлаар эдгээр гэрээ нь өөр хоорондоо холбоо хамааралтай байхад анхан шатны шүүхээс шууд хамааралгүй, энэ талаар гэрээнд тусгаагүй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй болжээ” гэжээ.

“Х” ХХК нь “Б” ХХК-тай орон сууц захиалан бариулах гэрээ байгуулан маргаан бүхий орон сууцны төлбөрийг өгч, хуулийн дагуу өөрийн өмчлөлд бүртгүүлсэн болох нь дараах байдлаар нотлогддог. Хэргийн материалд байгаа 2015.10.30-ны өдрийн орон сууц захиалан бариулах гэрээ, “Б” ХХК нь улсын бүртгэлийн газарт хүргүүлсэн 15/164 дугаарт “Х” ХХК төлбөрийн үлдэгдэлгүй гэх тодорхойлолт, “Х” ХХК нь улсын бүртгэлийн ерөнхий газарт 1/12 дугаарт албан бичгээр “Б” ХХК-иас худалдан авсан тул маргаан бүхий орон сууцны гэрчилгээг гаргаж өгнө үү гэх хүсэлт зэрэг .

Мөн хэрэгт цугласан нотлох баримтуудаас үзвэл “Г” ХХК, “Х” ХХК-ийн хоорондох барилгын гадна фасадын ажил гүйцэтгэх, гүйцэтгүүлэх тухай гэрээний үүрэгт “Б” ХХК, “Х” ХХК-ийн хоорондох орон сууц захиалан бариулах  гэрээний үүрэг хамааралгүй бөгөөд “Г” ХХК, “Б”  ХХК гэрээний ямар харилцаатай болох нь тодорхойгүй, гэрээнд тусгагдаагүй байна. Гэтэл “Б” ХХК нь орон сууц захиалан бариулах гэрээнд заагдаагүй, өөрт хамааралгүй барилгын гадна фасадын ажил гүйцэтгэх, гүйцэтгүүлэх тухай гэрээний үүргийг нэхэмжилж буй нь үндэслэлгүй юм. Иймээс анхан шатны шүүхээс “...2 гэрээний үүрэг шууд хамааралгүй, гэрээнд энэ талаар тусгаагүй” гэж дүгнэсэн нь үндэслэлтэй байна.

4.2. “Г” ХХК, “Х” ХХК нарын хооронд байгуулагдсан төлбөр тооцоог бартераар хийх гэрээ нь хууль зүйн үндэслэлгүй, хүчин төгөлдөр бус байна. Учир нь “Г” ХХК-д “Б” ХХК-ийн өмчлөлийн орон сууцыг худалдах, өөрийн ажлын хөлсөнд тооцон өгөх гэрээ хийх эрх байгүй. Гэтэл шүүх “Б” ХХК, “Х” ХХК нарын хоорондох хуулийн хүчин төгөлдөр орон сууц захиалан бариулах гэрээг бус “Г” ХХК, “Х”  ХХК нарын хоорондох хүчин төгөлдөр бус гэрээг үндэслэж хэргийг шийдвэрлэж байгаад гомдолтой байна. Магадлалын 6 дугаар нүүрний 1.3-т “...Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт зааснаар гүйцэтгэгч “Х” ХХК нь барилгын гадна фасадын ажлыг гүйцэтгэх үүрэгтэй буюу орон сууц захиалан бариулах гэрээнд заасан үнийн дүн бүхий ажлыг хийж гүйцэтгэх үүрэгтэй. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч “Х” ХХК нь  ажлыг гүйцэтгэсэн гэх тайлбараа баримтаар нотлох үүргээ хэрэгжүүлээгүй байхаас гадна гуравдагч этгээд “Б” ХХК-ийн бие даасан шаардлагыг гардан авсан атлаа хуульд заасан хугацаанд хариу тайлбар татгалзал гаргаагүй тул уг шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцох үндэслэлтэй байна. Иймд “Б” ХХК нь “Х” ХХК-аас маргаан бүхий орон сууцны өмчлөх эрхийг буцаан гаргуулахаар шаардах эрхтэй тул түүний шаардлагыг хангаж шийдвэрлэх нь хуульд нийцнэ” гэжээ. “Х” ХХК-ийн гүйцэтгэх ажил болон ажлын үнийн дүнг барилгын гадна фасадын ажил гүйцэтгэх тухай гэрээнд зааснаас бус орон сууц захиалан бариулах гэрээнд заагаагүй. Гэтэл заасан мэтээр дүгнэсэн байна.

4.3.”Г” ХХК, “Х” ХХК нарын хоорондох гэрээнд гүйцэтгүүлэх ажил болон тухайн ажлын үнийн дүнг заасан байдаг. Харин “Б” ХХК, “Х” ХХК нарын хоорондох гэрээнд маргаан бүхий орон сууцыг нэр шилжүүлэх талаар заасан байдаг. Иймээс “Х” ХХК нь “Г” ХХК-тай байгуулсан барилгын гадна фасадын ажил гүйцэтгэх тухай гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй эсэхэд “Б” ХХК-тай байгуулсан  орон сууц захиалан бариулах гэрээний үүрэг хамааралгүй юм. Үүнээс “Б” ХХК нь Иргэний хуулийн 205.1-д заасны дагуу маргаан бүхий орон сууцыг буцаан гаргуулах эрхгүй болох нь харагдаж байна. Хэрэв “Б” ХХК нь “Х” ХХК-ийг орон сууц захиалан бариулах гэрээний үүргээ биелүүлээгүй гэж үзэж байгаа бол Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-т зааснаар нотлох баримтаа өөрсдөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй. “Х” ХХК нь “Б” ХХК-ийн бие даасан шаардлагад заавал бичгээр хариу тайлбар гаргах шаардлага байхгүй байна. Учир нь “Х” ХХК нь М.Шын шударга бус эзэмшлээс өөрийн хөрөнгөө чөлөөлүүлэхээр нэхэмжлэл гаргасан тул үүгээрээ эсэргүүцлээ илэрхийлсэн гэж үзэхээр байна.

4.4.Магадлалд “...М.Ш болон “Ю” ХХК-ийн хооронд орон сууц захиалгаар барих гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр 17 тоот 53,47 м.кв талбай бүхий орон сууцыг барьж гүйцэтгэх, захиалагч М.Ш нь орон сууцны үнэд 133,675,000 төгрөг төлөх үүрэг хүлээжээ. М.Ш нь ипотекийн зээлийн гэрээний дагуу “Ю” ХХК-д орон сууцны үнэ 133,675,000 төгрөгийг бүрэн төлсөн болох нь тогтоогдсон байна. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт зааснаар орон сууцыг чөлөөлүүлэхээр шаардах эрхтэй боловч “Б” ХХК-ийн шаардлагыг хангаж, орон сууцны өмчлөгчөөр тогтоох тул нэхэмжлэгчийн шаардах эрх үгүйсгэгдэх болно. М.Ш нь маргааны зүйл болох орон сууцыг бусдаас худалдан авч гэрээний дагуу эзэмшиж байгаа тул түүний эзэмшлийг хууль бус гэж үзэх үндэслэлгүй” гэжээ.

Хууль ёсны төлөөлөх эрх аваагүй этгээдүүд нь тус ББСБ-ын барьцаа хөрөнгө болох маргаан бүхий орон сууцыг хадгалан, хамгаалах эзэнгүй байгааг далимдуулан өөрийн мэтээр М.Шад худалдан борлуулж, мөнгө завших залилан мэхэлж эрүүгийн гэмт хэрэг үйлдсэн. Иймээс М.Ш өөрийгөө хохирогч гэж үзэж байгаа бол түүнийгээ бусдын хөрөнгийг өөрийн мэтээр худалдан борлуулж залилан мэхэлсэн этгээдүүдээс нэхэмжлэх эрх нь нээлттэй юм. Мөн М.Шыг шударга эзэмшигч гэж үзэх боломжгүй юм. Учир нь Иргэний хуулийн 90-р зүйлийн 90.1-т “Хөрөнгийг хууль ёсоор эзэмшиж байгаа буюу түүнийг эзэмших эрхтэй болох нь тодорхой байгаа этгээдийг шударга эзэмшигч гэнэ” гэж заасан байдаг. Маргаан бүхий орон сууцыг эзэмших эрхгүй этгээдүүд үгсэн хуйвалдаж мөнгө завших эрүүгийн гэмт хэрэг үйлдэж М.Ш-ад худалдан борлуулсан тул М.Ш нь хууль ёсны эзэмшигч биш юм.

М.Ш нь “К” банкны ипотекийн зээлээр маргаан бүхий орон сууцны төлбөрийг “Ю” ХХК-д төлсөн байдаг. Харин Нийслэлийн шүүхээс уг орон сууцны өмчлөгчөөр “Б” ХХК-ийг тогтоож шийдвэрлэсэн. Үүнээс үзвэл уг орон сууцны төлбөрийг М.Ш нь “Ю” ХХК-д бус “Б” ХХК-д төлөх ёстой болох нь харагдаж байгаа юм. Гэтэл яагаад К банк бичиг баримтын зөрчилтэй орон сууц дээр М.Шад ипотекийн зээл гаргаж, уг зээлийг М.Ш “Ю” ХХК-руу шилжүүлсэн болохыг, “Ю” ХХК нь маргаан бүхий орон сууцтай ямар холбогдолтой этгээд болохыг тогтоогоогүйгээр шүүхээс энэ талаар тайлбар, дүгнэлт өгөөгүйгээр хэргийг шийдвэрлэсэнд гомдолтой байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, давж заалдах шатны шүүхийн магадлалыг бүхэлд нь хүчингүй болгож, БГД-ийн **-р хороо, ** дүгээр хороолол /***/ А гудамж **а байр, ** тоот хаягт байрлах 2 өрөө орон сууцны өмчлөгчөөр “Х” ХХК-ийг тогтоож өгнө үү гэжээ.

5.Гуравдагч этгээд “О” ББСБ ХХК-ийн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдол нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1, 172.2.2-т заасан үндэслэлийг хангаж байх тул Иргэний хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2023.10.12-ны өдрийн 001/ШХТ2023/01165 дугаар тогтоолоор хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн байна.

ХЯНАВАЛ:

6.Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд “О” ББСБ ХХК-ийн төлөөлөгчийн гомдлыг хангах үндэслэл тогтоогдоогүй гэж үзлээ.

7.Нэхэмжлэгч “Х” ХХК хариуцагч М.Ш-ад холбогдуулан Баянгол дүүрэг, ** дугаар хороо, * дүгээр хороолол, А-ийн гудамж **а байр, ** тоот хаягт байршилтай орон сууцыг түүний хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж, нэхэмжлэлийн үндэслэлээ “...уг орон сууц нь компанийн өмчлөлд улсын бүртгэлд бүртгэлтэй, хариуцагч нь ямар нэгэн зөвшөөрөл, гэрээгүйгээр амьдарч байна” гэжээ.

Хариуцагч М.Ш нэхэмжлэлийг эс зөвшөөрч “...орон сууцыг “Ю” ХХК-аас худалдан авч урьдчилгаанд 6,000,000 төгрөгийг, үлдэх төлбөрийг К банк ХХК-аас авсан зээлээр төлж 2017.04.01-ний өдрөөс хойш одоог хүртэл  амьдарч байна. Орон сууцыг “Х” ХХК-ийн өмчлөлд бүртгэгдсэнийг мэдээгүй, тус компаниас өмчлөлийн зүйлээ гаргуулна гэж шаардаж ирж байгаагүй, хууль бусаар эзэмшээгүй учир нэхэмжлэл үндэслэлгүй” гэж маргасан байна.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад “Б” ХХК нь нэхэмжлэгч “Х” ХХК-д холбогдуулан тус компанитай байгуулсан 2015.10.30-ны өдрийн орон сууц захиалан бариулах гэрээнээс татгалзаж, орон сууцыг буцаан гаргуулах тухай бие даасан шаардлага гаргаж гуравдагч этгээдээр оролцсон, нэхэмжлэгч бие даасан шаардлагыг гардаж авсан боловч хариу тайлбар ирүүлээгүй.

Мөн энэ хэрэгт “Г” ХХК болон “О” ХХК бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр оролцож, “О” ХХК нэхэмжлэгч “Х” ХХК-ийн нэхэмжлэлийг, “Г” ХХК “Б” ХХК-ийн бие даасан шаардлагыг тус тус дэмжсэн агуулгатай тайлбар гаргажээ.

8.Анхан шатны шүүх үндсэн нэхэмжлэлийг хангаж, бие даасан шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ “...Маргаан бүхий орон сууцыг анх 2015.11.10-ны өдөр нэхэмжлэгч “Х” ХХК өмчлөлдөө бүртгүүлсэн. Уг орон сууцыг “Б” ХХК болон “Х” ХХК-ийн хооронд байгуулагдсан орон сууц захиалан бариулах гэрээний дагуу төлбөрийн үлдэгдэлгүй болохыг тодорхойлсон “Б” ХХК-ийн албан бичгийг үндэслэн улсын бүртгэлд бүртгүүлсэн. “Х” ХХК нь “О” ББСБ ХХК-аас зээл авч орон сууцыг барьцаалсан, Иргэний хуулийн 183 дугаар зүйлд зааснаар улсын бүртгэлийг үнэн зөв гэж тооцно, орон сууцанд хариуцагч М.Ш амьдарч байгаа, тэрээр орон сууцыг “Ю” ХХК-аас худалдан авсан нь тогтоогдсон боловч тус компани маргаан бүхий уг орон сууцыг өмчлөх эрхгүй байх тул хариуцагчийн эзэмшил хууль бус байна. “Б” ХХК нь бие даасан шаардлагын үндэслэлээ “Х” ХХК нь гуравдагч этгээд “Г” ХХК-тай байгуулсан фасадны ажил гүйцэтгэх гэрээний ажлын хөлсөнд уг орон сууцыг шилжүүлсэн боловч ажлаа гүйцэтгээгүй гэж тайлбарласан. Гэвч хэргийн баримтаар “Г”ХХК болон “Б” ХХК-ийн хооронд гэрээний ямар харилцаатай байсан нь тодорхойгүй, иймээс орон сууц захиалан бариулах гэрээний үүрэгт  фасадны ажил гүйцэтгэх гэрээний үүрэг шууд хамааралгүй. “Х” ХХК нь “Б” ХХК-тай орон сууц захиалан бариулах гэрээний үүргийг зөрчсөн гэх байдал тогтоогдоогүй тул гуравдагч этгээд “Б ХХК нь гэрээнээс татгалзах үндэслэлгүй.” гэсэн дүгнэлтийг хийжээ.

Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж үндсэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, бие даасан шаардлагыг хангахдаа үндэслэлийг нь “...нэхэмжлэгч “Х” ХХК нь гуравдагч этгээд “Г” ХХК-тай байгуулсан фасадны ажил гүйцэтгэх гэрээ, “Х” ХХК болон “Б” ХХК-ийн хооронд байгуулагдсан орон сууц захиалан бариулах гэрээ хоорондоо хамааралтай байна.  “Г” ХХК-ийн “Х” ХХК-д төлөх ажлын хөлсний урьдчилгаанд “Б” ХХК маргаан бүхий 17 тоот орон сууцыг шилжүүлсэн боловч “Х” ХХК ажлаа гүйцэтгэсэн болохоо нотлоогүй. Иймээс гуравдагч этгээд “Б” ХХК нь Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1-д зааснаар нэхэмжлэгч “Х” ХХК-аас орон сууцны өмчлөх эрхийг буцаан гаргуулахаар шаардах эрхтэй. Нэгэнт гуравдагч этгээд “Б” ХХК-ийн шаардлагыг хангаж, орон сууцны өмчлөгчөөр тогтоох тул нэхэмжлэгч “Х” ХХК-ийн хариуцагч М.Шын хууль бус эзэмшлээс орон сууцыг чөлөөлүүлэх шаардах эрх үгүйсгэгдэнэ. Мөн хариуцагч М.Ш нь маргааны зүйл болох орон сууцыг бусдаас худалдан авч гэрээний дагуу эзэмшиж байгаа тул түүний эзэмшлийг хууль бус гэж үзэх үндэслэлгүй. “Х” ХХК орон сууцны өмчлөгчөөр бүртгэлтэй байхдаа “О” ХХК-аас зээл авч орон сууцыг барьцаалсан ба өмчлөх эрхийг гуравдагч этгээд “Б” ХХК-д шилжүүлэхээр шийдвэрлэсэн нь барьцаалагч “О” ББСБ ХХК-ийн барьцааны эрхийг хөндөхгүй.” гэж үзсэн байна.

9.Давж заалдах шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг анхан шатны шүүхээс өөрөөр үнэлж маргааны үйл баримтыг тогтоосон, үндсэн нэхэмжлэл болон бие даасан шаардлагын талаар эрх зүйн зөрүүтэй дүгнэлт хийж эрх ашгийг зөрчсөн тухай гуравдагч этгээд “О” ББСБ ХХК-ийн гомдлыг хянаад хангах үндэслэлгүй гэж үзэв.

10.Зохигчийн тайлбар, хэргийн баримтаас үзэхэд “Х” ХХК, “Г” ХХК-ийн хооронд 2015.10.09-ний өдөр барилгын гадна фасадын ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдаж, энэхүү гэрээгээр ажил гүйцэтгэгч “Х” ХХК нь Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт баригдаж буй “Г” ХХК-ийн эзэмшлийн 16 давхар оффис үйлчилгээний зориулалттай Саруул тауэр барилгын гадна фасадын ажлыг гүйцэтгэх, захиалагч “Г” ХХК нь ажлын хөлсөнд 1,664,700 ам.доллартой тэнцэх төгрөгийг төлөхөөр тохиролцсон, “Б” ХХК, “Х” ХХК-ийн хооронд 2015.10.30-ны өдөр орон сууц захиалан бариулах гэрээ байгуулж гэрээний дагуу “Б” ХХК нь Баянгол дүүргийн 18-р хорооны нутаг дэвсгэрт барьж буй К хотхоны **а дугаар байрны ** тоот орон сууцыг “Х” ХХК-д шилжүүлэхээр тохиролцсон, уг гэрээний үндсэн дээр 2015.11.10-ны өдөр нэхэмжлэгч “Х” ХХК  орон сууцны өмчлөгчөөр улсын бүртгэлд бүртгүүлсэн нь тогтоогджээ.

11.Дээрх “Х” ХХК, “Г” ХХК-ийн хооронд, “Б” ХХК, “Х” ХХК-ийн хооронд тус тус байгуулагдсан 2 гэрээ хоорондоо хамааралтайг нэхэмжлэгч үгүйсгээгүйгээс гадна хэрэгт авагдсан “Г” ХХК болон “Х” ХХК-ийн хооронд үйлдэгдсэн тус компанийн захирлуудын гарын үсэг, компанийн тамга бүхий 2016.01.28-ны өдрийн баримтад “Х” ХХК нь 2015.10.30-11.20-ны хооронд “Б” ХХК-аас нийт 4 ширхэг 841,150,000 төгрөгийн үнэ бүхий байр авч үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг гарган авсан, үүнд 133,675,000 төгрөгөөр үнэлэгдсэн 32а байрны 17 тоот 53,47 м.кв 2 өрөө багтсан” агуулга тусгагдсан, “Г” ХХК болон “Х” ХХК-ийн хооронд 2016.02.04-ний өдөр байгуулагдсан төлбөр тооцоог бартераар хийх гэрээнд “талуудын хооронд байгуулагдсан гадна фасадны ажил гүйцэтгэх гэрээний 1 дүгээр ээлжийн төлбөрт “Х” ХХК нь “Б” ХХК-аас орон сууцуудыг “Г” ХХК-ийн байр олгох албан ёсны зөвшөөрлийн бичиггүй авсан учир захиалагчийн хүсэлтээр эдгээр 4 орон сууцуудыг буцааж шилжүүлэх, энэхүү гэрээний 2.1-д заасан К хотхоны барилгаас өөр 4 ширхэг орон сууцыг шилжүүлэхээр тохиролцсон” гэжээ.

12.Дээр дурдсан баримтаас нэхэмжлэгч “Х” ХХК болон “Г” ХХК-ийн хооронд байгуулагдсан барилгын гадна фасадны ажил гүйцэтгэх гэрээ, “Х” ХХК болон “Б” ХХК-ийн хооронд байгуулагдсан орон сууц захиалан бариулах гэрээ нь хоорондоо хамааралтай, өөрөөр хэлбэл, ажил гүйцэтгэх гэрээний төлбөрт тооцож орон сууцыг шилжүүлэхээр талууд тохиролцсон, эдгээр нь “Б” ХХК-ийн худалдан борлуулж байсан К хотхоны барилгын орон сууцнууд болох, уг орон сууцыг шилжүүлэхдээ “Б” ХХК нь “Х” ХХК-тай орон сууц захиалан бариулах гэж нэрлэгдсэн гэрээ байгуулж, уг гэрээний дагуу шилжүүлсэн, хожим нь шилжүүлсэн орон сууцуудыг буцааж, өөр орон сууцаар солихоор “Х” ХХК болон “Г” ХХК-ийн хооронд гэрээ байгуулагдаж байсан үйл баримт тогтоогдсон гэж үзэх  үндэслэлтэй байна. Түүнчлэн дээрх 4 орон сууцнаас 2 орон сууцыг “Х” ХХК нь буцаан шилжүүлсэн талаар нэхэмжлэгч, гуравдагч этгээд маргаагүй байна.

Иймд энэ талаар давж заалдах шатны шүүхийн хийсэн дүгнэлтийг нотлох баримтыг харьцуулан үнэлж үйл баримтыг зөв тогтоосон гэж үзнэ. Харин анхан шатны шүүх “Г” ХХК болон “Б” ХХК-ууд харилцан хамааралтай нь тогтоогдоогүй, фасадны ажил гүйцэтгэх болон орон сууц захиалгаар бариулах гэрээ хоорондоо хамааралгүй, энэ талаар гэрээнд тусгаагүй, орон сууц захиалан бариулах гэрээнд төлбөрийг бартераар төлсөн гэж тусгагдсан гэсэн агуулгаар дүгнэлт хийсэн нь бодитой болоогүй байна.

13.Гуравдагч этгээд “Б” ХХК нь “Х” ХХК-д холбогдуулан орон сууцыг буцаан шаардахдаа дээр дурдсан хамаарал бүхий 2 гэрээг үндэслэсэн, “Х” ХХК нь орон сууцыг өөртөө үлдээх буюу “Г” ХХК-тай байгуулсан ажил гүйцэтгэх гэрээний үүргээ биелүүлснээ нотлоогүй байна. Энэ тохиолдолд хэдийгээр “Г” ХХК нь гэрээнээс татгалзаж ажлын хөлсний урьдчилгаа болсон орон сууцыг “Х” ХХК-аас шаардах эрхтэй байсан боловч, тус компанийн ажлын хөлсний төлбөрийг түүний өмнөөс “Б” ХХК өөрийн худалдаж байсан орон сууцаар төлсөн, ийнхүү төлөхдөө мөн “Х” ХХК-тай орон сууц захиалан бариулах гэрээг байгуулсан, “Г” ХХК нь “Б” ХХК-ийн “Х” ХХК-д холбогдуулж гаргасан бие даасан шаардлагыг дэмжиж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцсон эдгээр байдлаас давж заалдах шатны шүүх тухайн бие даасан шаардлагыг хангаж шийдвэрлэснийг Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1-д заасныг зөрчөөгүй гэж дүгнэв. Тодруулбал, ажил гүйцэтгэх гэрээ хэрэгжээгүйгээс “Б” ХХК нь “Х” ХХК-аас орон сууц захиалан бариулах гэрээний дагуу шилжүүлсэн эд хөрөнгөө буцаан шаардсан нь хууль зөрчөөгүй байна.

14.Хариуцагч М.Ш болон “Ю” ХХК-ийн хооронд 2017 оны 03 дугаар сарын 15-ны өдөр орон сууц захиалгаар барих гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр “Ю” ХХК нь маргаан бүхий орон сууцыг барьж гүйцэтгэх, захиалагч М.Ш нь орон сууцны үнэд 133,675,000 төгрөг төлөх үүрэг хүлээжээ.

Хариуцагч М.Ш нь орон сууцны төлбөрийг өөрийн болон К банк ХХК-аас авсан зээлийн хөрөнгөөр бүрэн төлсөн болох нь хэргийн баримтаар тогтоогдсон байна. “Ю” ХХК нь “Б” ХХК-тай хамаарал бүхий компани болохыг зохигч, гуравдагч этгээд үгүйсгээгүй.

15.Анхан шатны шүүх 17 тоот орон сууцыг нэхэмжлэгч “Х” ХХК-ийн  өмчлөлд бүртгэсэн улсын бүртгэлийн гэрчилгээг нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэл болгосон нь хуульд нийцээгүйг давж заалдах шатны шүүх залруулсан нь үндэслэл бүхий болжээ.

Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэйг заасан,  нэхэмжлэгчийн өмчлөх эрх хэдийгээр улсын бүртгэлд бүртгэгдсэн, Иргэний хуулийн 183 дугаар зүйлийн 183.2-т зааснаар улсын бүртгэлийг үнэн зөвд тооцдог боловч тэрээр ажил гүйцэтгэх гэрээний дагуу хийх ёстой ажлаа гүйцэтгээгүйгээс ажлын хөлсөнд урьдчилж авсан орон сууцыг буцаан өгөх үндэслэл 2016 оноос эхлэн тогтоогдсон, гагцхүү нэхэмжлэгч “Х” ХХК-ийн захирал Ц.М тухайн үед Монгол Улсаас гадаад улс руу гарч явснаас энэ асуудлыг нэг мөр шийдвэрлээгүй, өөрөөр хэлбэл “Г” ХХК, “Х” ХХК, “Б” ХХК-ийн хооронд үүссэн маргаан шийдэгдэх боломжгүй нөхцөл үүссэн байжээ.

Нэгэнт орон сууцыг “Б” ХХК буцаан авах эрхтэйг шүүх тогтоосноор “Х” ХХК-ийн орон сууцыг өмчлөх эрх үгүйсгэгдэх тул тус компанийн хариуцагч М.Шад холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх хууль зүйн үндэслэлгүй буюу Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д зааснаар  шаардах эрх үүсэхгүй байна.

Нөгөө талаар, хариуцагч М.Ш худалдан авч буй орон сууцаа бусдын  өмчлөлд бүртгэгдсэнийг мэдэх боломжтой байсан хэдий ч худалдагч “Ю” ХХК-аас өмчлөх эрхийг бусдад давхардуулан олгосон боловч буцаан авч шилжүүлж өгөх боломжтой гэсэн ойлголтыг өгсөн, ийнхүү ойлголт өгөх болсон үндэслэл нь “Х” ХХК нь гүйцэтгэх ёстой ажлаа хийгээгүйгээс ажлын төлбөрийг буцаан авах бодит үндэслэл байсан нь тогтоогдож байх тул түүний эзэмшлийг хууль бус гэж үзэхгүй юм.

Иймд хариуцагчийн хууль бус эзэмшлээс орон сууцыг чөлөөлүүлэх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон давж заалдах шатны шүүхийн дүгнэлт хууль зөрчөөгүй байна.

16.Нэхэмжлэгч “Х” ХХК болон гуравдагч этгээд “О” ББСБ ХХК-ийн хооронд 2015.11.13-ны өдөр зээлийн гэрээ байгуулагдаж, уг зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор зээлдэгч “Х” ХХК нь маргаан бүхий 17 тоот орон сууцыг барьцаалсан байна.

Гуравдагч этгээд “О” ХХК нь орон сууц “Х” ХХК-ийн өмчлөлд улсын бүртгэлд бүртгэгдсэн тухайн үеийн улсын бүртгэлийг үндэслэн барьцааны гэрээг байгуулсан тохиолдолд хожим нь уг үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч өөрчлөгдсөн ч тус компанийн барьцааны эрх хэвээр хадгалагдана. Тодруулбал, орон сууцны өмчлөх эрхийг гуравдагч этгээд “Б” ХХК-д шилжүүлэхээр шийдвэрлэсэн нь барьцаалагч гуравдагч этгээд “О” ББСБ ХХК-ийн барьцааны эрхийг хөндөхгүй юм. Энэ талаар давж заалдах шатны шүүх магадлалдаа тодорхой заасан байна.

Иймд гуравдагч этгээд “О” ХХК-ийн төлөөлөгчийн гаргасан гомдлыг хангахгүй орхив.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн 210/МА2023/01376 дугаар магадлалыг хэвээр үлдээж, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд “О” ХХК-ийн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4 заасныг баримтлан хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид гуравдагч этгээд “О” ББСБ” ХХК-ийн төлөөлөгч Б.Б-ын 2023.08.18-ны өдөр төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Н.БАЯРМАА

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                  Г.АЛТАНЧИМЭГ                                         

ШҮҮГЧИД                                                          П.ЗОЛЗАЯА

                                                                               Д.ЦОЛМОН

                                                                                Х.ЭРДЭНЭСУВД