Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 07 сарын 17 өдөр

Дугаар 210/МА2023/01376

 

 

 

У А ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Бадрах даргалж, шүүгч Э.Энэбиш, шүүгч Н.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 102/ШШ2023/01691 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч У А ХХК-ийн хариуцагч Ш.А-д холбогдуулан гаргасан Баянгол дүүргийн 18 дугаар хороо, 4 дүгээр хороолол, Амарсанаагийн гудамж 32а байрны 00 тоот хаягт байрлах, орон сууцыг Ш.А-ын хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлтэй, У А ХХК-тай байгуулсан орон сууц захиалан бариулах гэрээнээс татгалзаж орон сууцыг буцаан гаргуулах бие даасан шаардлагатай иргэний хэргийг зохигчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Н.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: хариуцагч Ш.А-, гуравдагч этгээд И П ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Тамир, түүний өмгөөлөгч Л.Отгондорж, гуравдагч этгээд Л У ХХК-ийн төлөөлөгч Г.Ганзориг, гуравдагч этгээд Р И ББСБ ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Бадрах, А.Цолмон, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Минжээ нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

Ш.А- нь Баянгол дүүргийн 18 дугаар хороо, 4 дүгээр хороолол, Амарсанаагийн гудамж 32а байрны 00 тоот хаягт байршилтай Ү-000000000 бүртгэлтэй У А ХХК-ийн өмчлөлийн орон сууцад хууль бусаар амьдарч байгаа тул уг орон сууцыг түүний эзэмшлээс чөлөөлж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга:

Ш.А- нь Юнайтэд эйшн проперти ХХК-тай 2000 оны 03 дугаар сарын 15-ны өдөр Орон сууц захиалгаар барих гэрээг байгуулж Баянгол дүүргийн 18 дугаар хороо, 4 дүгээр хороолол, Амарсанаагийн гудамж 32а байрны 00 тоот хаягт байршилтай орон сууцыг 133,675,000 төгрөгөөр худалдан авсан. Орон сууцны урьдчилгаа төлбөрт 6,000,000 төгрөг төлж, А банк ХХК-аас ипотекийн зээлээр үлдэгдэл 127,00 0,000 төгрөгийг төлж орон сууцад амьдарч, зээлийн төлбөр болон ашиглалтын зардлыг төлж байгаа. Уг орон сууц нь зээлийн барьцаанд байгаа. Орон сууцыг худалдан авснаас хойш У А ХХК орон сууцыг чөлөөлөх талаар шаардаж байгаагүй. Орон сууцыг худалдсан компанийн ажилтан ... энэ байр манай байр, энэ хотхоныг бүхэлд нь манай компани барьсан, та санаа зоволтгүй, бид ажил гүйцэтгүүлэхээр нэг компанид шилжүүлсэн боловч тэр компани ажлаа хаяад орон сууцыг зээлийн барьцаанд тавиад захирал нь

гадаад гараад алга болсон, бид сүүлийн 5 жил эрэн сурвалжлуулж байна гэж тайлбарлаж байсан. Энэ талаар цагдаагийн байгууллагад гомдол гаргаж Чингэлтэй дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтэст хэрэг бүртгэлийн хэрэг нээн шалгаж байгаа тул хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3. Гуравдагч этгээд И П ХХК-ийн шаардлага, үндэслэлийн агуулга:

У А ХХК нь Л У ХХК-тай 2015 оны 10 дугаар сарын 09- ний өдөр 2015/03 дугаар Барилгын гадна фасадын ажил гүйцэтгэх, гүйцэтгүүлэх тухай гэрээг байгуулсан. Тус гэрээгээр У А ХХК нь Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт баригдаж буй 16 давхар оффис, үйлчилгээний зориулалттай Саруул Тауэрийн барилгын гадна фасад гүйцэтгэлийн ажлыг баталсан зураг төслийн дагуу иж бүрэн фасадын ажлыг хийж гүйцэтгэн Л У ХХК-д хүлээлгэн өгөхөөр тохиролцсон. Тус гэрээний 3.2-т талууд гэрээний нийт ажлын хөлсний 70 хувьд бартер, 00 хувийг бэлнээр төлөхөөр тохиролцсон. У А ХХК нь И П ХХК-ийн худалдан борлуулж байсан Баянгол дүүргийн 18 дугаар хороо, А таун хотхоны 32а байрны 00 тоот 53,47 м.кв талбайтай орон сууц, мөн байрны 00 тоот 90,27 м.кв талбайтай орон сууц, 326 байрны 00 тоот 102,45 м.кв талбайтай орон сууц, 32а байрны 00 тоот 90,27 м.кв талбай бүхий орон сууцыг авах хүсэлт гаргасны дагуу шилжүүлэн өгсөн.

И П ХХК нь Л У ХХК-тай хамтран ажиллаж байсан бөгөөд Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт баригдаж буй 16 давхар оффис үйлчилгээний зориулалттай Саруул тауэрийн барилгын ажлыг хариуцан хийж гүйцэтгэж байсан Л У ХХК-ийн тухайн барилгатай холбоотой санхүүжилтийг И П ХХК-аас олгож байсан. Тиймээс И П ХХК нь У А ХХК-ийн ирүүлсэн хүсэлтийн дагуу дээрх орон сууцыг 2015 оны 10 дугаар сарын 00 -ны өдрийн Орон сууц захиалгаар бариулах гэрээний дагуу У А ХХК-д шилжүүлэн өгсөн. Гэтэл У А ХХК нь Л У ХХК-тай байгуулсан 2015/03 тоот гэрээний үүргээ биелүүлээгүй тул талууд гэрээг цуцалсан. Тус гэрээний үүрэгтэй шууд холбоотойгоор байгуулагдсан И П ХХК болон У А ХХК нарын хооронд хийгдсэн Орон сууц захиалан бариулах гэрээ мөн биелэгдэх боломжгүй болж үүрэг дуусгавар болсон. Л У ХХК-ийн зүгээс У А ХХК-ийн өмчлөлд шилжсэн дээрх орон сууцыг буцаан авах талаарх мэдэгдлийг хүргүүлж, У А ХХК-аас 2016 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 1/16 тоот албан бичгээр Тус байруудыг ББСБ-д барьцаанд тавьсан тул ББСБ-аас чөлөөлж Л У ХХК-д шилжүүлж өгөхийн тулд тодорхой цаг хугацаа хэрэгтэй байгаа тул 7 хоногийн хугацаа өгч туслалцаа үзүүлнэ үү гэж мэдэгдсэн. Дээрх албан бичгээр У А ХХК орон сууцыг буцаан гаргаж өгөхийг зөвшөөрсөн. Үүнээс хойш тус компанийн удирдлагатай холбоо барьж чадаагүй. У А ХХК, түүний гүйцэтгэх захирлыг цагдаагийн байгууллагад шалгуулахаар хандаж байсан. У А ХХК-аас дээрх 4 орон сууцны 2-ыг нь буюу 32а байрны 00 тоот 90,27 м.кв орон сууц, тус байрны 00 тоот 90,27 м.кв орон сууцыг буцаан авсан. Гэвч үлдсэн хоёр орон сууцыг буцаан аваагүй. Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт заасны дагуу И П ХХК нь У А ХХК-тай байгуулсан гэрээнээс татгалзаж Баянгол дүүргийн 18 дугаар хороо, 4 дүгээр хороолол, Амарсанаагийн гудамж 32а байрны 00 тоот 53,47 м.кв орон сууцыг буцаан гаргуулан гэжээ.

 

4. Нэхэмжлэгч У А ХХК-ийн төлөөлөгч гуравдагч этгээд И П ХХК-ийн шаардлагад тайлбар, татгалзал гаргаагүй байна.

 

5. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Л У ХХК-ийн төлөөлөгчийн тайлбар, татгалзлын агуулга:

Л У ХХК нь 2015 онд Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт баригдаж буй 16 давхар оффис үйлчилгээний зориулалттай Саруул тауэр барилгын ажлыг гүйцэтгэсэн. У А ХХК-ийн гүйцэтгэх захирал Ц.Мөнхбат бидэнтэй холбогдож ... Солонгос улсаас барилгын материал оруулж ирдэг, барилгын гадна фасадын ажлыг хийж гүйцэтгэж байсан гэж тайлбарлаж манай компанитай 2015 оны 10 дугаар сарын 09-ний өдөр 2015/03 дугаар барилгын гадна фасадны ажил гүйцэтгэх, гүйцэтгүүлэх тухай гэрээг байгуулсан. У А ХХК нь И П ХХК-ийн худалдан борлуулж байсан орон сууцнаас 841,100 ,000 төгрөгийн үнэ бүхий 4 орон сууцыг авч өөрийн өмчлөлд шилжүүлсэн. Гэтэл У А ХХК нь Л У ХХК-тай байгуулсан 2015/03 тоот гэрээний үүргээ биелүүлээгүй. У А ХХК-ийн өмчлөлд шилжүүлсэн 4 орон сууцнаас 2 орон сууцыг буцаан авсан. Үлдсэн 2 орон сууцны нэг нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болсон 00 тоот орон сууц гэжээ.

 

6. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Ориент инвест ББСБ ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар, татгалзлын агуулга:

У А ХХК нь Р И ББСБ ХХК-тай 2015 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр 15/2104 дугаар зээлийн гэрээ байгуулсан. Уг зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор Хөрөнгө барьцаалах гэрээ байгуулж Баянгол дүүргийн 18 дугаар хороо, 4 дүгээр хороолол, Амарсанаа гудамж, 326 байрны 00 тоот дахь 3 өрөө орон сууц, 32а байрны 00 тоот дахь 2 өрөө орон сууцыг барьцаалсан. У А ХХК зээлийн төлбөрөө төлөхгүй хүндрэл учруулж байсан тул тус ББСБ нь шүүхэд нэхэмжлэл гаргахад хариуцагчийн хаяг тодорхойгүй гэх үндэслэлээр нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан. У А ХХК нь тус ББСБ-ын барьцаанд бүртгэлтэй орон сууцыг Ш.А-ас чөлөөлүүлэхээр танай шүүхэд хандсан байна. Энэхүү хэрэг маргаан нь тус ББСБ-ын барьцаа хөрөнгөтэй холбоотой тул тус ББСБ-ын эрх ашиг хөндөгдөж болзошгүй байна гэжээ.

 

7. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга:

7.1. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсгийг баримтлан У А ХХК-ийн нэхэмжлэлийг хангаж, Баянгол дүүргийн 18 дугаар хороо, 4 дүгээр хороолол, Амарсанаагийн гудамж 32а байрны 00 тоот хаягт байршилтай Ү-000000000 бүртгэлтэй орон сууцыг хариуцагч Ш.А-ын хууль бус эзэмшлээс чөлөөлж,

7.2. Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1, 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт заасан үндэслэл тогтоогдоогүй тул У А ХХК-тай байгуулсан гэрээнээс татгалзаж нэхэмжлэгчээс Баянгол дүүргийн 18 дугаар хороо, 4 дүгээр хороолол, Амарсанаагийн гудамж 32а байрны 00 тоот хаягт байршилтай Ү- 000000000 бүртгэлтэй орон сууцыг буцаан гаргуулах тухай гуравдагч этгээд И П ХХК-ийн бие даасан шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

7.3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөг, гуравдагч этгээд И П ХХК-ийн тэмдэгтийн хураамжид төлсөн 826,325 төгрөгийг тус тус улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70,200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

8. Хариуцагчийн өмгөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:
Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч байна. Шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.3 дахь хэсэгт заасныг буруу тайлбарласан. И П ХХК нь У А ХХК-д холбогдуулан 2015 оны 10 дугаар сарын 00 -ны өдөр байгуулсан Орон сууц захиалгаар бариулах гэрээний шилжүүлсэн орон сууцыг буцаан гаргуулах нэхэмжлэл гаргасан. У А ХХК нь бие даасан шаардлагыг гардан авсан боловч шүүхээс тогтоосон хугацаанд тайлбар, татгалзлаа ирүүлээгүй шаардлагыг зөвшөөрсөнд тооцох байтал шүүх Л У ХХК болон У А ХХК-ийн хооронд байгуулагдсан ажил гүйцэтгэх гэрээний үүрэг шууд хамааралгүй, энэ талаар гэрээнд тусгагдаагүй гэж дүгнэсэн. У А ХХК нь бие даасан шаардлагыг зөвшөөрөхгүй талаарх тайлбар болон баримтаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т зааснаар нотлоогүй.

У А ХХК-ийн өмчлөлд шилжсэн орон сууц нь 2015 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 2015/03 дугаар Барилгын гадна фасадын ажил гүйцэтгэх, гүйцэтгүүлэх гэрээний үүрэгтэй холбоотой болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон. Гуравдагч этгээд Л У ХХК-ийн төлөөлөгч энэ талаар шүүх хуралдаанд тайлбарласан. Гэтэл шүүх И П ХХК-ийн гаргаж өгсөн дээрх нотлох баримтыг үнэлээгүй.

У А ХХК нь 2015 оны 10 дугаар сарын 00 -ны өдрийн Орон сууц захиалгаар бариулах гэрээний 2.2-т Гэрээ хүчин төгөлдөр болсон өдөр бартераар төлбөрийг төлсөн болно гэж заасны дагуу хэрхэн төлбөр төлбөр талаарх баримтыг гаргаж өгөөгүй. Тус компанид орон сууцны төлбөрийг төлсөн талаарх баримт байхгүй. Ш.А- нь маргааны зүйл болох орон сууцыг худалдан авсны дагуу эзэмшиж байгаа шударга эзэмшигч юм. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, И П ХХК-ийн бие даасан шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

 

9. Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд И П ХХК-ийн өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:

Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч байна. Шүүх У А ХХК 2022 оны 10 дугаар сарын 00 -ны өдөр бие даасан шаардлагыг гардаж авсан боловч шүүхээс тогтоосон хугацаанд хариу тайлбараа бичгээр ирүүлээгүй учир Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн гэж үзнэ хэмээн дүгнэсэн. Гэвч шүүх Орон сууц захиалан бариулах гэрээний үүрэгт Л У болон У А ХХК нарын байгуулсан Фасадын ажил гүйцэтгэх гэрээний үүрэг шууд хамааралгүй, энэ талаар гэрээнд тусгаагүй байна гэж И П ХХК-ийн бие даасан шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.3 дахь хэсэгт заасантай нийцээгүй. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлд хэргийн оролцогчийн эрх, үүргийг тодорхойлсон бөгөөд нэхэмжлэлийн хувийг хүлээн авсан хариуцагч нэхэмжлэлийн шаардлагын талаарх тайлбарыг шүүхэд гаргах үүрэгтэй.

У А ХХК болон Л У ХХК нарын хооронд байгуулагдсан 2016 оны 02-р сарын 04-ний өдрийн Төлбөр тооцоог бартераар хийх гэрээ-нд орон сууцыг И П ХХК-аас Л У ХХК-ийн байр олгох албан ёсны зөвшөөрлийн бичиггүй авсан талаар заасан. Л У ХХК болон И П ХХК 2016 оны 04 дүгээр сарын 00 -ны өдрийн мэдэгдэл, У А ХХК-ийн 2015 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 2015/03 дугаар албан бичгээр орон сууцыг буцаан шилжүүлэх талаар мэдэгдсэн. Гэрч Н.Батзориг ... У А ХХК барилгын ажил хийж гүйцэтгэнэ гэж орон сууц аваад залилаад алга болсон гэж мэдүүлсэн. У А ХХК-ийн өмчлөлд шилжүүлсэн орон сууц нь 2015 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 2015/03 дугаар Барилгын гадна фасадыг ажил гүйцэтгэх, гүйцэтгүүлэх гэрээний үүрэгтэй холбоотой байсан болох нь тогтоогдсон. Гэтэл анхан шатны шүүх И П ХХК-ийн шүүхэд гаргаж өгсөн дээрх нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлээгүй.

Нэхэмжлэгч Баянгол дүүргийн 18 дугаар хороо, А таун хотхоны 32а байрны 00 тоот 53,47 м.кв орон сууцны төлбөрийг төлсөн гэх баримтаа гаргаж өгөх үүргээ биелүүлээгүй.

У А ХХК нь бие даасан шаардлагыг гардаж авсан атлаа уг шаардлагыг хүлээн зөвшөөрсөн эсэх, эсхүл хүлээн зөвшөөрөхгүй эсэх тайлбараа ирүүлээгүй, мөн маргаан бүхий орон сууцыг ямар арга замаар өөрийн өмчлөлд шилжүүлэн авсан, төлбөр тооцоог хэрхэн хийсэн зэрэг нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй нь бие даасан шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн гэж үзэх эрх зүйн үр дагавартай. Түүнчлэн, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.4 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогч нэг талаас гаргасан тайлбарыг эсрэг тал нь эсэргүүцээгүй, эсхүл хуулиар тогтоосон хугацаанд түүнийг үгүйсгэсэн, няцаасан тайлбар өгөөгүй бол уг тайлбарт тусгагдсан шаардлага, үйл баримтыг хүлээн зөвшөөрсөн тооцно. Гэтэл шүүх Бие даасан шаардлагыг гардаж авсан этгээд тогтоосон хугацаанд тайлбараа ирүүлээгүйгээс үүсэх эрх зүйн үр дагаврыг дурдсан атлаа бие даасан шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн нь зарчмын хувьд зөрчилтэй болсон байна.

Шүүх Нэхэмжлэгч У А ХХК нь И П ХХК-тай байгуулсан гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй гэх нөхцөл байдал хэрэгт цугларсан нотлох баримтаар тогтоогдохгүй, нэхэмжлэгчийг Л У ХХК-тай байгуулсан гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн эсэх нь И П ХХК-тай байгуулсан орон сууц захиалан бариулах гэрээний үүрэгтэй хамааралгүй байх тул бие даасан шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв гэж дүгнэсэн нь үндэслэлгүй.

2016 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн байр авсан баримтад И П ХХК-ийн худалдан борлуулж байсан орон сууцуудаас маргаан бүхий орон сууц болох Баянгол дүүргийн 18 дугаар хороо, А таун хотхоны 32а байрны 00 тоот 53,47 м.кв байрыг У А ХХК нь өмчлөх эрхийг гэрчилгээ гаргуулж авсан. Л У ХХК-аас У А ХХК-д хүргүүлсэн 2016 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 2016/13 тоот албан бичгээр У А ХХК болон Л У ХХК-ийн байгуулсан 2015 оны 10 дугаар сарын 09-ий өдрийн 2015/03 дугаар Барилгын гадна фасадын ажил гүйцэтгэх, гүйцэтгүүлэх гэрээний дагуу төлбөр тооцоог бүрэн хийж барагдуулсан тохиолдолд үүнтэй холбоотой нотлох баримтаа шүүхэд гаргаж өгөх үүрэгтэй. Гэвч У А ХХК нь тухайн орон сууцтай холбоотой төлбөр тооцоог хийж барагдуулаагүй тул үүнтэй холбоотой баримтгүй. Мөн нэхэмжлэгчийн тухайн орон сууцыг Л У ХХК-тай байгуулсан 2015 оны 10 сарын 09-ны өдөр 2015/03 дугаар Барилгын гадна фасадын ажил гүйцэтгэх, гүйцэтгүүлэх тухай гэрээний дагуу авсан талаар маргаагүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, И П ХХК-ийн бие даасан шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

 

10. Давж заалдах гомдолд гаргасан гуравдагч этгээд Л У ХХК-ийн төлөөлөгчийн тайлбарын агуулга:

И П ХХК нь У А ХХК-д маргааны зүйл болох орон сууцыг ажлын хөлсөнд шилжүүлсэн. У А ХХК-ийг төлөөлөх этгээд хилээр гарсан. Тухайн үед цагдаагийн байгууллагаар шалгуулж, эрүүгийн хэрэг үүсгэсэн боловч Өршөөлийн тухай хуульд хамрагдан хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. У А ХХК нь 6 жилийн дараа орон сууцыг авна гэж олон хүмүүсийг хохироож байна. Шүүх тус нотлох баримтуудыг үнэлэхгүй, ойлгомжгүй шийдвэр гаргасан. Иймд И П ХХК-ийн гаргасан давж заалдах гомдлыг дэмжиж байна гэжээ.

 

11. Давж заалдах гомдолд гаргасан гуравдагч этгээд Ориент инвест ББСБ ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарын агуулга:

Анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй. Гэрээний талууд гэрээгээр хүлээсэн үүргээ хүлээнэ. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Давж заалдах шатны шүүх хэргийг хариуцагч болон бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдийн гаргасан гомдлоор хянахад шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байх тул шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулна.

 

1. Нэхэмжлэгч У А ХХК хариуцагч Ш.А-д холбогдуулан Баянгол дүүрэг, 18 дугаар хороо, 4 дүгээр хороолол, Амарсанаагийн гудамж 32а байр, 00 тоот хаягт байршилтай орон сууцыг түүний эзэмшлээс чөлөөлүүлэх тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдээр И П ХХК, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр Л У ХХК, Р И ББСБ ХХК оролцсон ба маргааны зүйл болсон орон сууцны өмчлөх эрхийг буцаан авахаар гуравдагч этгээд И П ХХК шаардлага гаргасан. (1хх-ийн 70, 112-114, 219)

1.1.Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт зааснаар орон сууцны хууль бус эзэмшлээс хариуцагчийг чөлөөлүүлэхээр шаардлага гаргасан тохиолдолд нэхэмжлэгчийн өмчлөх эрх хууль ёсны байхаас гадна хариуцагчийн эзэмшил хууль болон гэрээнд үндэслэгдээгүй байх учиртай. Харин орон сууцны өмчлөх эрхийн талаар талууд маргасан тохиолдолд хэрэгт авагдсан талуудын хоорондох гэрээ, түүний хэрэгжилтийн талаар шүүхээс зайлшгүй дүгнэх шаардлагатай болно.

 

1.2.У А ХХК болон Л У ХХК-ийн хооронд 2015 оны 10 дугаар сарын 09-ний өдөр Барилгын гадна фасадын ажил гүйцэтгэх, гүйцэтгүүлэх тухай гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр гүйцэтгэгч У А ХХК нь Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт баригдаж буй Л У ХХК-ийн эзэмшлийн 16 давхар оффис үйлчилгээний зориулалттай Саруул тауэр барилгын гадна фасадын ажлыг гүйцэтгэх, захиалагч Л У ХХК нь ажлын хөлсөнд 1,664,700 ам.доллартой тэнцэх төгрөгийг төлөхөөр тохиролцжээ. (1хх-ийн 104-109)

Дээрх гэрээний ажлын хөлсөнд тооцох зорилгоор У А ХХК болон Л У ХХК 2016 оны 02 дугаар сарын 04-ний өдөр Төлбөр тооцоог бартераар хийх гэрээг байгуулж, захиалагч Л У ХХК нь ажил гүйцэтгэх гэрээний төлбөрт А таун хотхоны барилгаас 4 ширхэг орон сууцыг шилжүүлэх өгөхөөр тохиролцсон байна. (1хх-ийн 97-98)

Улмаар И П ХХК болон У А ХХК-ийн хооронд 2015 оны 10 дугаар сарын 00 -ны өдөр И П ХХК-ийн Баянгол дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдаж байгаа худалдаа үйлчилгээний төв бүхий А таун хотхонд орон сууц захиалан бариулах гэрээг байгуулж маргааны зүйл болох 32а дугаар байрны 00 тоот орон сууцны өмчлөх эрхийг У А ХХК-д шилжүүлэн өгсөн болох нь Баянгол дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсээс ирүүлсэн баримтаар тогтоогджээ. (1хх-ийн 129-166)

Дээрх байдлаар эдгээр гэрээ нь өөр хоорондоо холбоо хамааралтай байхад анхан шатны шүүхээс Орон сууц захиалан бариулах гэрээний үүрэгт Л У болон У А ХХК нарын байгуулсан Фасадын ажил гүйцэтгэх гэрээний үүрэг шууд хамааралгүй, энэ талаар гэрээнд тусгаагүй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй болжээ.

 

1.3. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж зааснаар гүйцэтгэгч У А ХХК нь Барилгын гадна фасадын ажлыг гүйцэтгэх үүрэгтэй буюу Орон сууц захиалан бариулах гэрээнд заасан үнийн бүхий ажлыг хийж гүйцэтгэх үүрэгтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч У А ХХК нь Барилгын гадна фасадын ажил гүйцэтгэх, гүйцэтгүүлэх тухай гэрээний дагуу 7,695 м.кв талбай бүхий фасадын ажлыг гүйцэтгэсэн гэх тайлбараа баримтаар нотлох үүргээ хэрэгжүүлээгүй байхаас гадна гуравдагч этгээд И П ХХК-ийн бие даасан шаардлагыг гардан авсан атлаа хуульд заасан хугацаанд хариу тайлбар татгалзал гаргаагүй тул уг шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцох үндэслэлтэй байна.

Иймд бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд И П ХХК нь Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч У А ХХК-аас маргааны зүйл болох орон сууцны өмчлөх эрхийг буцаан гаргуулахаар шаардах эрхтэй тул түүний шаардлагыг хангаж шийдвэрлэх нь хуульд нийцнэ.

 

2. Ш.А- болон Юнайтэд эйшн пропеорти ХХК-ийн хооронд 2000 оны 03 дугаар сарын 15-ны өдөр орон сууц захиалгаар барих гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр гүйцэтгэгч Юнайтэд эйшн пропеорти ХХК нь Баянгол дүүрэг, 18 дугаар хороо, Амарсанаагийн гудамж, А таун хотхоны 12 давхар орон сууцны 32а байрны 7 дугаар давхрын 00 тоот 53,47 м.кв талбай бүхий орон сууцыг барьж гүйцэтгэх, захиалагч Ш.А- нь орон сууцны үнэд 133,675,000 төгрөг төлөх үүрэг хүлээжээ. (1хх-ийн 15-00 )

Хариуцагч Ш.А- нь орон сууцны урьдчилгаа төлбөрт 6,000,000 төгрөг төлж, А банк ХХК-тай 2000 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр байгуулсан Орон сууцны ипотекийн зээлийн гэрээний дагуу 127,00 0,000 төгрөгийг зээлж Юнайтэд эйшн пропеорти ХХК-д орон сууцны үнэ 133,675,000 төгрөгийг бүрэн төлсөн болох нь хэрэгт авагдсан зээлийн гэрээ, мемориалын баримтаар тогтоогдсон байна.

 

2.1. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт Өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй гэж зааснаар нэхэмжлэгч У А ХХК хариуцагч Ш.А-ын эзэмшлээс маргааны зүйл болох орон сууцыг чөлөөлүүлэхээр шаардах эрхтэй боловч энэ хэрэгт бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд И П ХХК-ийн шаардлагыг хангаж, орон сууцны өмчлөгчөөр тогтоох тул нэхэмжлэгчийн шаардах эрх үгүйсгэгдэх болно.

Түүнчлэн хариуцагч Ш.А- нь маргааны зүйл болох орон сууцыг бусдаас худалдан авч гэрээний дагуу эзэмшиж байгаа тул түүний эзэмшлийг хууль бус гэж үзэх үндэслэлгүй. Иймд нэхэмжлэгч У А ХХК-аас хариуцагч Ш.А-ын эзэмшлээс Баянгол дүүрэг, 18 дугаар хороо, 4 дүгээр хороолол, Амарсанаагийн гудамж 32а байр, 00 тоот хаягт байршилтай орон сууцыг чөлөөлүүлэх нэхэмжлэлийг хангах үндэслэлгүй болно.

 

2.2. Нэхэмжлэгч У А ХХК болон гуравдагч этгээд Р И ББСБ ХХК-ийн хооронд 2015 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр зээлийн гэрээ байгуулагдаж, уг зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор зээлдэгч У А ХХК нь Баянгол дүүргийн 18 дугаар хороо, 4 дүгээр хороолол, Амарсанаагийн гудамж 32а байр, 00 тоот орон сууцыг барьцаалсан байна. (1хх-ийн 155-162)

Иргэний хуулийн 154 дүгээр зүйлийн 154.3 дахь хэсэгт Барьцааны зүйл нь бусдын өмчлөлийн хөрөнгө байж болно гэж заасан тул дээрх байдлаар орон сууцны өмчлөх эрхийг гуравдагч этгээд И П ХХК-д шилжүүлэхээр шийдвэрлэсэн нь барьцаалагч гуравдагч этгээд Р И ББСБ ХХК-ийн барьцааны эрхийг хөндөхгүй болно.

 

Дээр дурдсан үндэслэлээр хариуцагч болон бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдийн өмгөөлөгчийн гаргасан гомдлыг хангаж анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 102/ШШ2023/01691 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

1 дэх заалтыг Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Ш.А-ын эзэмшлээс Баянгол дүүргийн 18 дугаар хороо, 4 дүгээр хороолол, Амарсанаагийн гудамж 32а байрны 00 тоот хаягт байршилтай Ү-000000000 бүртгэлтэй орон сууцыг чөлөөлүүлэх тухай нэхэмжлэгч У А ХХК-ийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай гэж,

2 дахь заалтыг Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1, 274 дүгээр зүйлийн 274.1 дэх хэсэгт заасныг баримтлан У А ХХК-тай байгуулсан Орон сууц захиалгаар бариулах гэрээг цуцалж, Баянгол дүүргийн 18 дугаар хороо, 4 дүгээр хороолол, Амарсанаагийн гудамж 32а байрны 00 тоот хаягт байршилтай Ү-000000000 бүртгэлтэй орон сууцны өмчлөх эрхийг И П ХХК-д шилжүүлсүгэй гэж,

3 дахь заалтын хариуцагчаас 70,200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай гэснийг нэхэмжлэгч У А ХХК-аас 826,325 төгрөг гаргуулж бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд И П ХХК-д олгосугай гэж тус тус өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд улсын тэмдэгтийн хураамжид хариуцагч Ш.А-ын төлсөн 70,200 төгрөг, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд И П ХХК-ийн төлсөн 826,325 төгрөгийг шүүгчийн захирамжаар тус тус буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 00 2 дугаар зүйлийн 00 2.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч мөн зүйлийн 00 2.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр энэ хуулийн 167 дугаар зүйлд заасан магадлалд гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.БАДРАХ

 

ШҮҮГЧИД Э.ЭНЭБИШ

 

Н.БАТЗОРИГ