Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 05 сарын 21 өдөр

Дугаар 102/ШШ2021/01302

 

 

 

 

2021 оны 05 сарын 21 өдөр

Дугаар 102/ШШ2021/01302

Улаанбаатар хот

 

 

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ш.Оюунтуул даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, 4 хороо, Энх тайвны өргөн чөлөө гудамж, Луна оффис 64 тоот хаягтай, рд:5906822, ******* ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй,

 

хариуцагч: Баянгол дүүрэг, 1 хороо, Алтай хотхон, 31 байр, 22 тоотод оршин суух хаягтай, рд:ню77061660, Боржигон овогт Хүрэлтогоогийн******* холбогдох,

 

зээлийн гэрээний үүрэг нийт 71 727 902 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Билгүүн, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Батмэнд нар оролцож, шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Э.Алтанцэцэг хөтлөв.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч ******* ББСБ ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Билгүүн шүүх хуралдаад гаргасан тайлбартаа: ...******* 2017 оны 11 сарын 07-ны өдөр Флоуриш капитал ББСБ ХХК-тай ЗД0500170108 зээлийн гэрээ байгуулж, 75.000.000 төгрөгийг сарын 4.5 хувийн хүүтэй, 6 сарын хугацаатайгаар зээлж авсан. Тухайн үед үүргийн гүйцэтгэлийн баталгаа болгож, фидукцийн гэрээний дагуу Ланд крузер 2868 УНИ улсын дугаартай тээврийн хэрэгслийг тус компаний өмчлөлд шилжүүлсэн.******* нь зээлийн хугацаад болон хугацаа дууссанаас хойш зээлийн эргэн төлөлтийг зохих журмаар төлж барагдуулаагүй. Энэ тухай*******той уулзаж, харилцан тохиролцож, харилцааг үргэлжлүүлж байсан. 2020 оны 09 сарын 23-ны өдөр буюу нэхэмжлэл гаргах хүртэл 62.192.720 төгрөгийг төлсөн. Үүнээс үндсэн зээлд 23.981.080 төгрөг, зээлийн хүүнд 38.053.552 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 158.288 төгрөгийг тус тус төлсөн. Шүүхэд нэхэмжлэл гаргаснаас хойш нэг ч төгрөг төлөөгүй. 2020 оны 09 сарын 23-ны өдрөөр зээлийн хүүгийн тооцооллыг зогсоосон байгаа. 2020 оны 09 сарын 23-ны өдрөөр нэхэмжлэл гаргахад үндсэн зээл Нэхэмжлэл гаргахад үндсэн зээлийн үлдэгдэл 41.018.920 төгрөг, зээлийн хүүгийн үлдэгдэл 27.156.613 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн үлдэгдэл 3.552.369 төгрөг, нийтдээ 71.727.902 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Зээлийн гэрээний хугацаа дууссанаас хойш*******той удаа дараа уулзсан. Ирж уулзах болгондоо өргөдөл бичиж өгч байсан. Тухайн өргөдлийг хэрэгт эх хувиар нь хавсаргасан байгаа. Уг өргөдөл дээр фидукцийн гэрээний дагуу тээврийн хэрэгслээр үүргийн гүйцэтгэлийг хангуулах боломжгүй, машиндаа амьдрах гэж байгаа учир надад боломж олгож, хугацаа олгож өгнө үү гэсэн байдлаар хүсэлтүүдийг гаргаж байсан. Тухай бүртээ тодорхой хэмжээний төлбөрийг төлж байсан учир хугацааг хойшлуулж байсан. ББСБ зээл нь Монгол банкны эрсдлийн санг үүсгэх журмын дагуу ангилал буурдаг. Хамгийн сүүлд 2020 оны 06 сарын 18-ны өдөр******* ирж уулзсан. Уулзахдаа нийт зээлийн үлдэгдэл 66.846.712 төгрөгийг сар бүр 2.000.000 төгрөгөөр төлж дуусгахаар хүсэлт гаргасан. Хүсэлтийн дагуу төлбөр төлөхийг хүлээсэн боловч эхний 2 удаа төлөлтийн хийгээд, дахиад төлөхөө больсон. Тиймээс 09 сард шүүхэд шилжүүлсэн байгаа. Харилцаа үргэлжилж байх явц буюу 2019 оны 02 сард*******г шүүхэд шилжүүлж байсан. Гэвч*******гийн оршин суугаа хаяг тодорхойгүй гэх үндэслэлээр нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан. Иймд эрэн сурвалжлах хүсэлт гаргасан. 2019 оны 05 сарын 01-ний өдрийн шийдвэрээр*******г эрэн сурвалжилж, хаягийг тогтоосон. Дахиад******* ирж уулзаад сар бүр 2.000.000 төгрөгийг төлж байгаад төлөхөө больсон. 2020 оны 09 сарын 23-ны өдрөөс хойш нэг ч төлбөр төлөөгүй байгаа. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү... гэв.

 

Хариуцагч*******гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Батмэнд шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа. 2017 оны 11 сарын 07-ны өдөр******* нь ******* ББСБ ХХК-тай ЗД0500170108 зээлийн гэрээ байгуулж, 75.000.000 төгрөгийг, 6 сарын хугацаатайгаар зээлсэн. Үүргийн гүйцэтгэлийн хангуулахаар Ланд крузер 2868 УНИ улсын дугаартай тээврийн хэрэгслийг нэхэмжлэгчийн байгууллагын өмчлөлд шилжүүлсэн. Зээлийн гэрээ байгуулагдсанаас хойш хариуцагчийн зүгээс 75.000.000 төгрөгөөс 62.000.000 гаруй төгрөгийг төлсөн.*******гийн бизнесийн үйл ажиллагаа доголдож, санхүүгийн хямралд орж үлдэгдэл төлбөрийг төлж чадаагүй. Талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний дагуу зээлийн үндсэн төлбөр 13.000.000 төгрөг, зээлийн хүү 6 сарын хугацаанд 10.000.000 төгрөг нийт 75.712.145 төгрөгийг 2018 оны 05 сарын 07-ны өдөр бүрэн төлж барагдуулах байсан боловч 62.000.000 төгрөгийг төлж барагдуулсан. Зээлдэгчийн эргэн төлөлтийн дагуу нэхэмжлэгч талд эргэн төлсөн 62.192.720 төгрөгөөс 23.981.080 төгрөгийг үндсэн зээл, бусад нь нэмэгдүүлсэн хүүнд тооцсон байна. Монгол улсын иргэний хууль болон Банк эрх бүхий хуулийн этгээдийг мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо мөнгөн хадгаламж зээлийн үйл ажиллагааны тухай хуулийг илт зөрчсөн гэж үзэж байгаа. Мөн хариуцагч тал нь 2018 оны 05 сарын 07-ны өдөр зээлийн гэрээний хугацаа дуусаад, зээлийг бүрэн төлж барагдуулаагүй. Талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний 4.2.1-т заасны дагуу гэрээг цуцалж шаардах эрхээ хэрэгжүүлээгүй улмаас хариуцагчийн төлсөн төлбөр, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүнд төлөгдөж, илт хохиролтой нөхцөл байдал үүсээд байна. Хариуцагч талаас нэхэмжлэгч байгууллагад 3 удаа очиж хүсэлт бичиж өгсөн байдаг. Нэхэмжлэгч талаас боломжит хугацаагаа хэл, яг хэдэн төгрөг төлөх вэ гээд төлөх боломжгүй байсан ч гэсэн хүсэлтүүдийг бичүүлдэг байсан. Сард 2.000.000 төгрөг олох боломжгүй байсан ч хүсэлтийг бичүүлж байсан. ББСБ-аас зээлдэгчид хугацаа олгож байгаа боловч цаанаа их хохиролтой нөхцөл байдал үүссэн. Зээлийн гэрээнд заасны дагуу төлбөрөө төлж барагдуулахгүй байгаа бол шүүхэд хандаж, шаардах эрхээ хэрэгжүүлэх, эсхүл фидукцийн зүйлээр үүргийн гүйцэтгэлийг хангуулах, эрхээ хэрэгжүүлээгүй улмаас хариуцагчийн төлсөн 62.000.000 төгрөг зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүнд тооцогдоод, үлдэгдэл бага мөнгө нь үндсэн зээлээс хасагдсан байна. 75.000.000 төгрөгийн зээл аваад 62.192.720 төгрөг төлчихөөд байхад 71.000.000 төгрөгийн нэхэмжлэл гаргасан. ББСБ иргэдтэй зээлийн гэрээ байгуулахдаа Банк эрх бүхий хуулийн этгээдийг мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо мөнгөн хадгаламж зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн зүйл заалтыг нарийн тусгаж өгсөн байх ёстой. Гэтэл уг зээлийн гэрээнд 3 өөр хүүний талаар бичсэн байдаг. Анх байгуулсан зээлийн гэрээ дээр 5 хувь, зээлийн гэрээний хавсралт 4.5 хувь, хариуцагчийг эрэн сурвалжилсан шүүхийн шийдвэр дээр 4 хувь гэж бичсэн. 3 өөр хүү тогтоосон нь маш эргэлзээтэй нөхцөл байдал үүсэж байна. Иймээс нэмэгдүүлсэн хүү шаардах эрхтэй нь эргэлзээтэй харагдаж байна. Нэхэмжлэгчийн зүгээс хариуцагчийг Баянгол дүүрэг, 1-р хороо, алтай хотхон 31-22 тоотод байхгүй байна гээд эрэн сурвалжлуулсан байдаг. Эрэн сурвалжлаад олдсон хаяг нь Баянгол дүүрэг, 1-р хороо, алтай хотхон 31-22 тоот хаяг мөн байсан. Хугацаа сунжирсан хэмжээгээр хариуцагч нь зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү нэмэгдээд байгаа. Хариуцагч анх зээл авахдаа хаягаа тодорхой бичсэн байдаг. Зээлийн гэрээ байгуулахдаа бичсэн утасны дугаар нь одоо болтол ажиллаж байгаа. Ажлын байрны хаяг тодорхой байхад эрэн сурвалжилж, хугацааг хойшлуулж байсан нь тодорхойгүй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү... гэв.

 

Шүүх хуралдаанаар зохигч талуудын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг нэг бүрчлэн уншин сонсгож шинжлэн судлав.

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч ******* ББСБ ХХК хариуцагч*******д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 71 727 902 төгрөг гаргуулах, үүргийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг анх шүүхэд гаргажээ. /хэргийн 1 дүгээр тал/

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч шаардлагаа багасгаж, хариуцагчаас зээлийн гэрээний үүрэг 71 727 902 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн. /хэргийн 93 дугаар тал/

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангах үндэслэлтэй гэж үзлээ.

Хэрэгт авагдсан баримт, зохигчдын тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна.

Хариуцагч Х.Хулангоо 2017 оны 11 сарын 07-ны өдөр № ЗГ0500170108 тоот зээлийн гэрээг нэхэмжлэгч ******* ББСБ ХХК-тай байгуулж, 65.000.000 төгрөгийг, хөрөнгө оруулалт зориулалтаар, сарын 4.5 хувийн хүүтэй, 06 сарын хугацаатай зээлжээ. /хэргийн 8-9 дүгээр тал/

 

Зохигчийн хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэхь хэсэгт заасан зээлийн гэрээний үүргийн харилцаа үүссэн байх бөгөөд гэрээ Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.2 дахь хэсэгт заасан хэлбэрийн шаардлагыг хангасан, хүчин төгөлдөр хэлцэл байна.

 

Гэрээ байгуулагдсан, хүчин төгөлдөр эсэх талаар зохигчид маргаагүй.

 

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д заасны дагуу нэхэмжлэгч буюу зээлдүүлэгч мөнгөн хөрөнгө болох 65.000.000 төгрөгийг хариуцагч буюу зээлдэгчийн эзэмшил ашиглалтад шилжүүлэх, хариуцагч гэрээнд заасан хугацаанд уг мөнгийг тохирсон хүүгийн хамт буцаан төлөх үүрэгтэй.

 

Гэрээний дагуу 65.000.000 төгрөгийг нэхэмжлэгч 2017 оны 11 сарын 07-ны өдөр 64 675 000 төгрөг, 325 000 төгрөгөөр хэсэгчлэн хариуцагчийн эзэмшил ашиглалтад шилүүлэн өгч үүргээ биелүүлсэн байна. /хэргийн 13 дугаар тал/

 

Зохигч талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний хугацаа 2018 оны 05 сарын 07-ны өдөр дуусгавар болсон хэдий ч хариуцагч мөнгийг хүүгийн хамт гэрээгээр тохирсон хугацаанд хуваарийн дагуу төлөөгүй, 2020 оны 09 сарын 23-ны өдрийн байдлаар үндсэн зээл 41 018 920 төгрөг, зээлийн хүү 27 156 613 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 3 552 369 төгрөг нийт 71 727 902 төгрөг төлөгдөөгүй хуримтлагдсан байна. /хэргийн 13-14 дүгээр тал/

 

Нэхэмжлэгч хариуцагчийг гэрээнд заасан хугацаанд үүргээ зохих ёсоор бүрэн биелүүлээгүй гэрээний үүргээ зөрчсөн гэж үзэж, зээлийн гэрээний үүргийг хариуцагчаас шаардсан байна.

 

Хариуцагч талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээний үүргээ зөрчсөн болохоо хүлээн зөвшөөрч байх боловч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй үндэслэлээ ... бизнесийн үйл ажиллагаа доголдож, санхүүгийн хямралд орж үлдэгдэл төлбөрийг төлж чадаагүй. 75.000.000 төгрөгийн зээл аваад 62.192.720 төгрөг төлчихөөд байхад 71.000.000 төгрөгийн нэхэмжлэл гаргасан нь хохиролтой, 62.192.720 төгрөгөөс 23.981.080 төгрөгийг үндсэн зээл, бусад нь нэмэгдүүлсэн хүүнд тооцсон нь хуулийг илт зөрчсөн, зээлийн гэрээний 4.2.1-т заасны дагуу гэрээг цуцалж шүүхэд хандаж, шаардах эрхээ хэрэгжүүлэх, эсхүл фидуцийн гэрээний зүйлээр үүргийн гүйцэтгэлийг хангуулах, эрхээ хэрэгжүүлээгүй улмаас хариуцагчийн төлсөн төлбөр, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүнд төлөгдөж, илт хохиролтой нөхцөл байдал үүсээд байна. 3 өөр хүү тогтоосон нь маш эргэлзээтэй нөхцөл байдал үүсэж байна... гэж тайлбарлаж байна.

 

Хариуцагчийн тайлбар татгалзал үндэслэлгүй бөгөөд дараах баримтуудаар үгүйсгэгдэж байна.

 

Зохигч талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээний 2.5-д зээлдэгч ...зээл, зээлийн хүүгийн төлбөрийг бүрэн төлж барагдуулаагүй бол зээл төлөгдөх хуваарьт өдрийн дараах өдрөөс эхлэн энэхүү гэрээний 2.1.2-т заасан зээлийн хүүг үргэлжлүүлэн төлөхөөс гадна, 2.1.2-т заасан үндсэн хүүгийн 20 хувьтай тэнцэх хэмжээний нэмэгдүүлсэн хүүг энэ гэрээний үүргийн гүйцэтгэл бүрэн хангагдаж дуусах хүртэл төлөхөөр талууд тохиров... гэжээ.

 

Мөн Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3-т зээлийг заасан хугацаанд төлөөгүй бол зээлийн гэрээний үүргээ бүрэн биелүүлж дуусах хүртэл хугацаанд зээлийн үндсэн хүү, гэрээнд заасан бол түүний хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлнө гэж заасны дагуу нэхэмжлэгч хүү нэмэгдүүлсэн хүү тооцох эрхтэй тул хариуцагчийн ...75.000.000 төгрөгийн зээл аваад 62.192.720 төгрөг төлчихөөд байхад 71.000.000 төгрөгийн нэхэмжлэл гаргасан нь хохиролтой... гэх тайлбар татгалзал үндэслэлгүй.

 

Талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээний хугацаа 2018 оны 05 сарын 07-ны өдөр дууссан бөгөөд хариуцагч нэхэмжлэгчид хандан зээлийн гэрээний үүргийг гүйцэтгэх талаар удаа дараа хүсэлт гарган хандаж байсан, нэхэмжлэгч шүүхэд нэхэмжлэл гаргах байдлаар гэрээний үүргээ шаардаж байсан нь хариуцагчийн бичгээр гаргасан хүсэлт, шүүхийн шийдвэр баримтаар тогтоогдож байна. /хэргийн 16-17, 64 дүгээр тал/

 

Дээрхи баримтуудаар зээлийн гэрээний хугацаа хэтэрч мөнгөн төлбөрийн хэмжээ нэмэгдэхэд дан ганц нэхэмжлэгчийг буруутгах боломжгүй, хариуцагчийн ... гэрээг цуцалж шүүхэд хандаж, шаардах эрхээ хэрэгжүүлээгүй... гэх тайлбар татгалзал үгүйсгэгдэж байна.

 

Зохигч талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээнд зээлийн хүүгийн хэмжээг 5 хувь гэж бичсэн хэдий ч бодит байдалд хүүгийн хэмжээ 4.5 хувь болох зээлийн эргэн төлөлтийн график, зээл төлөлтийн дэлгэрэнгүй хүснэгт, хариуцагчийн гаргасан хүсэлт тайлбар баримтуудаар тогтоогдож байна. /хэргийн 9, 13, 15, 28, 67 дугаар тал/

 

Нэхэмжлэгчийн шаардах эрх Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэхь хэсэгт заасан үндэслэлтэй тул хариуцагчаас зээлийн гэрээний үүргийн биелэлтэд нийт 71 727 902 гаргуулан нэхэмжлэгчид олгохж, нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангах хуулийн үндэслэлтэй гэж шүүхээс дүгнэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 59 дүгээр зүйлийн 59.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 586 790 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 516 590 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор тогтоов.

 

Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын хэмжээнд хэргийг хянан шийдвэрлэснийг дурдах нь зүйтэй.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

            1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1-д заасныг

баримтлан хариуцагч*******гоос зээлиийн гэрээний үүрэг нийт 71 727 902 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ******* ББСБ ХХК -д олгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 59 дүгээр зүйлийн 59.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 586 790 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 516 590 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болмогц тус шүүхийн шүүгчийн 2020 оны 10 сарын 23-ны өдрийн 15337 дугаар Шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах тухай захирамж хүчингүй болохыг дурьдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болохыг дурдсугай.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны  шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Ш.ОЮУНТУУЛ