Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 08 сарын 04 өдөр

Дугаар 210/МА2021/01195

 

 

 

 

 

 

 

 

 

Ф К ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч Э.Золзаяа, шүүгч Д.Нямбазар нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 05 сарын 21-ний өдрийн 102/ШШ2021/01302 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Ф К ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Х.Х-д холбогдох зээлийн гэрээний үүрэгт 71,727,902 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Д.Нямбазарын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Билгүүн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Халиун нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлага, тайлбартаа: Талууд 2017 оны 11 сарын 07-ны өдөр ЗГ0500170108 дугаар зээлийн гэрээ байгуулж, Х.Х-д 75,000,000 төгрөгийг сарын 4.5 хувийн хүүтэй, 6 сарын хугацаатай зээлсэн. Тухайн үед үүргийн гүйцэтгэлийн баталгаа болгож, фидуцийн гэрээний дагуу Тоёота Ланд круйзер 200 маркийн 28-68 УНИ улсын дугаартай тээврийн хэрэгслийг нэхэмжлэгчийн өмчлөлд шилжүүлсэн. Зээлдэгч нь зээлийн төлбөр төлөх үүргээ биелүүлээгүй. Зээлдүүлэгчийн зүгээс төлбөрөө төлөхийг түүнд мэдэгдэж, шаардсан ба уулзалт хийх бүрт зээлдэгч нь фидуцийн гэрээний зүйлээр үүргийн гүйцэтгэлийг хангуулах боломжгүй, нэмэлт хугацаа тогтоосон тохиолдолд гэрээний үүргийг биелүүлэх талаар өргөдөл, хүсэлт гаргаж байсан. Ийнхүү хүсэлт, өргөдөл гаргах бүртээ тодорхой хэмжээний төлбөр төлж байсан тул хугацааг хойшлуулсан. Гэрээний хугацаа үргэлжилж байхад буюу 2019 оны 02 сард Х.Х-д холбогдуулан шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч хариуцагчийн оршин суугаа хаяг тодорхойгүй үндэслэлээр нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан. Үүнтэй холбогдуулан эрэн сурвалжлуулах нэхэмжлэл шүүхэд гаргаж, 2019 оны 05 сарын 01-ний өдрийн шүүхийн шийдвэрээр Х.Х-г эрэн сурвалжилж, хаягийг тогтоосон.

Талууд 2020 оны 06 сарын 18-ны өдөр уулзсан ба зээлдэгч нь зээлийн үлдэгдэл нийт 66,846,712 төгрөгийг сар бүр 2,000,000 төгрөгөөр төлж барагдуулах хүсэлт гаргасан боловч эхний 2 удаа төлөлт хийгээд дахин төлөөгүй тул шүүхэд нэхэмжлэл гаргасан. Х.Х- нь нэхэмжлэл гаргах хүртэл үндсэн зээлд 23,981,080 төгрөг, зээлийн хүүнд 38,053,552 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 158,288 төгрөг, нийт 62,192,720 төгрөгийг төлсөн. Зээлийн хүүгийн тооцооллыг нэхэмжлэл гаргасан өдрөөр зогсоосон ба үндсэн зээлийн үлдэгдэл 41,018,920 төгрөг, зээлийн хүүгийн үлдэгдэл 27,156,613 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн үлдэгдэл 3,552,369 төгрөг, нийт 71,727,902 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч тал хариу тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. Бизнесийн үйл ажиллагаа нь доголдож, санхүүгийн хямралд орсны улмаас үлдэгдэл төлбөрийг төлж чадаагүй. Талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний дагуу үндсэн төлбөр 65,000,000 төгрөг, зээлийн хүү 10,712,145 төгрөг, нийт 75,712,145 төгрөгийг 2018 оны 05 сарын 07-ны өдөр бүрэн төлж барагдуулах байсан боловч 62,000,000 төгрөг төлсөн. Зээлдүүлэгч нь эргэн төлөлт 62,192,720 төгрөгийн 23,981,080 төгрөгийг үндсэн зээл, бусад хэсгийг хүү, нэмэгдүүлсэн хүүд тооцсон нь Иргэний хууль болон Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо зээлийн үйл ажиллагааны тухай хуулийг илт зөрчсөн. 2018 оны 05 сарын 07-ны өдөр зээлийн гэрээний хугацаа дууссан ба хариуцагч нь зээлийг бүрэн төлж барагдуулаагүй. Нэхэмжлэгч тал зээлийн гэрээний 4.2.1-т заасны дагуу гэрээг цуцалж шаардах эрхээ хэрэгжүүлээгүйн улмаас зээлдэгчийн төлсөн төлбөр, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүд тооцогдож, түүнд илт хохиролтой нөхцөл байдал үүссэн байна. Нэхэмжлэгч талын удаа дараагийн шаардлагаар хариуцагч нь зээлийн төлбөрийн талаарх хүсэлтүүдийг бичсэн.

Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн зохицуулалтыг гэрээнд тодорхой тусгах ёстой байхад талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээнд хүүгийн хэмжээг 3 өөрөөр бичсэн. Өөрөөр хэлбэл, зээлийн гэрээнд 5, гэрээний хавсралтад 4.5, хариуцагчийг эрэн сурвалжилсан шүүхийн шийдвэрт 4 гэж тус тус бичсэн. Иймд нэмэгдүүлсэн хүү шаардах эрхтэй нь эргэлзээтэй байна. Мөн хариуцагч нь зээлийн гэрээнд тусгагдсан оршин суух хаяг, утасны дугаараа өөрчлөөгүй байхад шүүхээр эрэн сурвалжлуулж тогтоосон хаяг нь гэрээнд тусгагдсан болон эрэн сурвалжлуулсан хаяг болох Баянгол дүүрэг, 1 дүгээр хороо, Алтай хотхон 31-22 тоот хаяг мөн байсан. Энэ мэт хугацаа хойшилсноор зээлдэгчийн төлөх зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү нэмэгдсэн байна.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Анхан шатны шүүх: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Х.Х-гоос зээлиийн гэрээний үүрэг нийт 71,727,902 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ф К ББСБ ХХК-д олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 59 дүгээр зүйлийн 59.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 586,790 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 516,590 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагч давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтууд болон талуудын шүүхэд гаргасан тайлбарыг хэрэгт хамааралтай үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлээгүй, хууль хэрэглээний ноцтой алдаа гаргасан. Хариуцагч нь зээлийн эргэн төлөлтийг гэрээнд заасан хугацаанд тогтмол төлдөг байсан боловч бизнесийн үйл ажиллагаа доголдсоны улмаас тохирсон хугацаанд төлж чадаагүй. Ийнхүү зээлийн төлбөр төлөх үүргээ хугацаандаа биелүүлэх боломжгүй нөхцөл байдал тогтоогдсон байхад зээлдүүлэгчийн зүгээс зээлийн гэрээний 4.2.1-т заасан зээлийн гэрээг цуцалж, шаардах эрхээ хэрэгжүүлээгүйн улмаас хариуцагч нь их хэмжээний зээлийн хүү төлөх болсон гэж үзэж байна. Мөн хариуцагч талаас зээлийн гэрээг сунгах талаар хүсэлт гаргаж байгаагүй, хугацаандаа төлбөрөө төлж чадахгүй нөхцөл байдал үүссэн талаар дурдаж, төлбөрийн үлдэгдлийг нэхэмжлэгчийн хэлсэн дүнгээр төлөх боломжтой хугацаа заасан хүсэлтүүдийг хүргүүлж байсан. Банк, эрх бүхий хуулийн этгээд мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1 дэх хэсэгт зааснаар зээлийн хүү нь зээлийг ашигласан хугацаанд гэрээнд заасан хэмжээгээр тооцсон зээлдэгчийн хариу төлбөр юм. Банк зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий этгээдээс зээл олгох гэрээг заавал бичгээр хийх бөгөөд зээлийг хүүтэй олгосон бол гэрээнд хүүгийн хэмжээг тодорхой тусгах нь Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.1 дэх хэсэгт заасантай нийцнэ. Зээлийн гэрээнд үндсэн зээл, зээлийн хүү, зээлийн хугацаа гэх мэт гол нөхцлүүд заавал тусгагдах ёстой. Гэтэл талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээ, шүүхэд гаргасан нэхэмжлэл болон зээлийн эргэн төлөлтийн хуваарь, хариуцагчийг эрэн сурвалжлуулсан шүүхийн шийдвэр зэрэг хүүгийн хэмжээ өөр өөр байдлаар тусгагдсан байдаг тул зээлийн гэрээ хуульд заасан журмын дагуу байгуулагдаагүй гэж үзэж байна. .

Зээлдэгч нь зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар байгуулсан фидуцийн гэрээний дагуу өөрийн өмчлөлийн Тоёота Ланд 200 маркийн тээврийн хэрэгслийн өмчлөх эрхийг зээлдүүлэгчид шилжүүлсэн байхад шүүх нэхэмжлэгч талын хүсэлтээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1.3-т заасан арга хэмжээ авсан нь хариуцагчийн эрх ашгийг ноцтой зөрчсөн.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, хэрэгт авагдсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасан журмын дагуу үнэлсэн байх тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцсэн байна.

 

Нэхэмжлэгч Ф К ББСБ ХХК нь хариуцагч Х.Х-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 41,018,920 төгрөг, түүний хүү 27,156,613 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 3,552,369 төгрөг, нийт 71,727,902 төгрөг гаргуулах, фидуцийн гэрээний зүйлээр үүргийн гүйцэтгэл хангуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан /хх 1/ ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зээлийн гэрээний үүрэгт 71,727,902 төгрөг гаргуулна гэж нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилжээ. /хх 93/

 

Хариуцагч Х.Х- нь дээрх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч буй татгалзлын үндэслэлээ зээлдүүлэгч нь гэрээний 4.2-т заасан үндэслэлээр гэрээг цуцалж, төлбөрийн үүргийг шаардах эрхээ хэрэгжүүлээгүйн улмаас зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн хэмжээ ихэссэн, зээлдүүлэгчийн шаардсаны дагуу хүсэлтүүдийг бичсэн, хүүгийн хэмжээ зээлийн гэрээ, түүний хавсралт, хариуцагчийн оршин суух хаягийг тогтоолгох шүүхийн шийдвэр зэрэгт тус тус өөр байдлаар бичигдсэн мөн зээлдэгч нь гэрээнд заасан хаяг, утасны дугаарыг өөрчлөөгүй байхад үндэслэлгүйгээр эрэн сурвалжлуулснаар хугацаа хойшлогдож үүргийн хэмжээ нэмэгдсэн гэх агуулгаар тайлбарласан байна. /хх 28-29, 101/

 

Зохигчдын тайлбар, хэргийн 8-9, 13 дахь талд авагдсан ЗГ0500170108 дугаар Автомашин барьцаалсан зээлийн гэрээ, Зээл төлөлтийн дэлгэрэнгүй хүснэгт зэргийг харьцуулан үнэлбэл, 2017 оны 11 сарын 07-ны өдөр Х.Х- нь Ф К ББСБ ХХК-аас 65,000,000 төгрөгийг 6 сарын хугацаатай зээлсэн, зээлдүүлэгч нь уг мөнгөн хөрөнгийг зээлдэгчийн өмчлөлд шилжүүлсэн үйл баримт тогтоогдсон ба талууд энэ талаар маргаагүй.

 

Дээрх зээлийн гэрээний хүүгийн хэмжээ тодорхой бус талаарх хариуцагчийн татгалзал, давж заалдах гомдол үндэслэлгүй байна. Учир нь зээлийн гэрээний 2.1.2-т 1 сарын хүүгийн хэмжээг 5 хувь гэж тусгасан байх боловч уг гэрээний хавсралтаар тохиролцсон зээлийн эргэн төлөлтийн хуваарийг тогтоохдоо хүүгийн хэмжээг 4.5 хувиар тооцсон, улмаар энэхүү хуваарь ёсоор хариуцагч нь зээлийн төлбөрийг төлсөн байна. /хх 52-55/ Иймд зээлийн гэрээний талууд 1 сарын хүүгийн хэмжээг 4.5 хувь байхаар хүсэл зоригоо илэрхийлсэн гэж үзэх бөгөөд энэ нь Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт зааснаар хүчин төгөлдөр байна.

 

Түүнчлэн, зээлдэгч Х.Х- нь зээлийн гэрээний хавсралтаар баталсан эргэн төлөх хуваарь ёсоор үндсэн зээл, хүүгийн төлбөрийг бүрэн төлж барагдуулаагүй тохиолдолд зээл төлөгдөх хуваарьт өдрийн дараах өдрөөс эхлэн зээлийн хүүг үргэлжлүүлэн төлөх, мөн үндсэн хүүний 20 хувьтай тэнцэх хэмжээний нэмэгдүүлсэн хүүг гэрээний үүргийн гүйцэтгэл бүрэн хангагдаж дуусах хүртэл төлөх нөхцлийг харилцан тохиролцож зээлийн гэрээний 2.5-д тусгасан байна. Талуудын энэхүү тохиролцоо Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн /2021 оны 07 сарын 01-ний өдрөөс эхлэн хүчингүйд болсонд тооцсон/ 25 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн заасантай тус тус нийцсэн байна.

 

Иймд нэхэмжлэгч Ф К ББСБ ХХК нь хариуцагч Х.Х-гоос Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт тус тус зааснаар зээлийн үндсэн төлбөрийн үлдэгдлийг, зээлийн гэрээнд заасан хугацааны болон хэтэрсэн хугацааны хүү, түүнд тооцогдох нэмэгдүүлсэн хүүг шаардах эрхтэй байна.

 

Талууд хариуцагчийн төлсөн гэх 62,192,720 төгрөгийн хэмжээнд маргаагүй. Х.Х- нь зээлийн гэрээний хугацаанд буюу 2017 оны 11 сарын 08-ны өдрөөс 2018 оны 04 сарын 07-ны өдрийг хүртэлх сар бүрийн 07-ны өдөр 12,602,095.19 төгрөг, 2018 оны 05 сарын 07-ны өдөр 12,701,669.58 төгрөг, нийт 75,712,145.53 төгрөг төлөх үүрэгтэй байсан боловч уг хуваарь ёсоор бус хэсэгчлэн төлсөөр нийт 33,332,720 төгрөгийг төлсөн нь хэрэгт авагдсан Кассын орлогын ордер гэсэн баримтаар тогтоогдож байна. /хх 51-54/ Түүнчлэн, хариуцагч нь гэрээний хугацаа дууссанаас хойш 2018 оны 06 сарын 12, 2018 оны 11 сарын 13-ны өдөр тус тус нэхэмжлэгч талд хандаж зээлийн гэрээний хугацаа сунгах, үлдэгдэл төлбөрийг төлөх талаар хүсэлтүүдийг гаргасан байна. /хх 16-17/ Улмаар 2020 оны 06 сарын 18-ны өдрийн байдлаар үндсэн зээлийн үлдэгдэл 41,018,920 төгрөг, хүү 23,630,117 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 2,197,675 төгрөг, нийт төлөх ёстой 66,846,712 төгрөгийг 2020 оны 06 сарын 28-ны өдрөөс эхлэн сар бүрийн 28-ны өдөр 2,000,000 төгрөг төлөх талаар хүсэлт гаргаж байсан зэргээс үзвэл, зээлдүүлэгч гэрээний 4.2-т зааснаар шаардах эрхээ хэрэгжүүлээгүй, хариуцагчийг эрэн сурвалжлуулсан зэргээс хамаарч зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн хэмжээ ихэссэн гэх хариуцагчийн татгалзал, давж заалдах гомдол үндэслэлгүй байна. /хх 13-14, 51-56/ Өөрөөр хэлбэл, дээрх үндэслэлээр гэрээний хэтэрсэн хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүү төлөх үүргээс хариуцагчийг чөлөөлөх боломжгүй.

Дээр дурдсан зээлдэгчээс зээлдүүлэгч талд гаргасан хүсэлтүүдээс үзвэл, талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний хугацаа сунгагдсан гэж үзэх бөгөөд энэ тохиолдолд түүний төлсөн төлбөрийг зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүд тооцсоныг Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.4 дэх хэсэгт заасныг зөрчөөгүй гэж үзнэ. Иймд хариуцагчийн төлсөн 62,192,720 төгрөгийн 38,205,640 төгрөгийг нэхэмжлэгч зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүд тооцсон нь хуульд нийцээгүй гэх татгалзал үндэслэлгүй байна.

 

Хэрэгт авагдсан Зээл төлөлтийн дэлгэрэнгүй хүснэгт-ээс үзвэл /хх 13-14/, зээлдүүлэгч нь зээлдэгчээс төлсөн төлбөрийг тухай бүрт нь гэрээгээр тохиролцсон нөхцөл, хуульд заасны дагуу үндсэн зээл, хүүгийн төлбөрт тооцож, төлөгдөөгүй зээлийн хэмжээгээр хүү, нэмэгдүүлсэн хүү тооцсон нь хуульд нийцсэн байх тул анхан шатны шүүх энэхүү тооцооллоор гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэснийг буруутгах үндэслэлгүй байна.

 

Мөн талуудын хооронд дээрх зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор Х.Х-гийн өмчлөлийн 28-68 УНИ улсын дугаартай Тоёота Ланд круйзер 200 маркийн тээврийн хэрэгслийн өмчлөх эрхийг нэхэмжлэгч талд шилжүүлсэн тухай фидуцийн гэрээ байгуулагдсан байх боловч нэхэмжлэгч нь уг гэрээний зүйлээр үүргийн гүйцэтгэл хангуулах шаардлагаас хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад татгалзаж, мөнгөн хөрөнгө гаргуулахаар шаардсан. Мөн талуудын тайлбараар уг хөдлөх хөрөнгө нь хариуцагч Х.Х-гийн эзэмшил, ашиглалтад байгаа нь тогтоогдсон бөгөөд нэхэмжлэгч үүнтэй маргаагүй, өөрийн эзэмшил, ашиглалтад авахыг шаардаагүй учир фидуцийн гэрээний зүйлээр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаас татгалзсан гэж үзнэ. Иймд анхан шатны шүүх зээлийн гэрээний үүргийг шаардсан нэхэмжлэлийн хүрээнд хэргийг шийдвэрлэсэн нь зөв болжээ.

 

Анхан шатны шүүх нэхэмжлэгч талын хүсэлтээр 2020 оны 10 сарын 23-ны өдрийн 102/ШЗ2020/15337 дугаар Шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах тухай шүүгчийн захирамжаар хариуцагч Х.Х-гийн арилжааны банкууд дахь дансны зарлагын хөдөлгөөнийг нэхэмжлэлийн үнийн дүн 71,727,902 төгрөгөөр зогсоож, шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1.3-т заасныг зөрчөөгүй байна. /хх17, 30/ Түүнчлэн, энэхүү арга хэмжээг авснаар хариуцагчийн орлого олох эх үүсвэрийг хаасан буюу Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасан нөхцөл байдал хэргийн баримтаар тогтоогдохгүй байна. Иймд энэ талаар хүсэлт, тайлбар гаргасан боловч шүүх хариуцагчийн эрх, ашгийг ноцтой зөрчсөн гэх үндэслэлээр гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхив. Мөн анхан шатны шүүхийн 2020 оны 12 сарын 15-ны өдрийн102/ШТ2020/00444 дугаар Гомдол хянан хэлэлцэх тухай тогтоолоор дээрх шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулах тухай хариуцагчийн гомдлыг хангахаас татгалзаж, захирамжийг хэвээр үлдээснийг дурдав.

 

Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 05 сарын 21-ний өдрийн 102/ШШ2021/01302 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч талаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 516,590 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.БАТЗОРИГ

 

ШҮҮГЧИД Э.ЗОЛЗАЯА

 

Д.НЯМБАЗАР