Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 06 сарын 07 өдөр

Дугаар 102/ШШ2021/01484

 

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ш.Оюунтуул даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

нэхэмжлэгч: Баянзүрх дүүрэг, 26 хороо, Хүннү, 212, 202 тоот хаягтай, рд:6160891, ************** ХХК-ийн нэхэмжлэлтэй,

 

хариуцагч: Баянгол дүүрэг 18 хороо, 4 хороолол, 35 г байр, 3 тоотод оршин суух бүртгэлтэй, одоо Баянгол дүүрэг, 12 хороо, 24 байр, 73 тоотод оршин сууж байгаа гэх, рд:чк68120661, Сартуул овогт Батын*******, рд:уш98111180, Сартуул овогт*******ийн******* нарт холбогдох,

 

            зээлийн гэрээний үүрэгт 15 622 200 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

            Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Болор-Эрдэнэ, П.Ундрах-Эрдэнэ, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Мөнхцэцэг, хариуцагч Б.Батдуламын өмгөөлөгч Б.Батхуяг нар оролцож, шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Э.Алтанцэцэг хөтлөв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

           

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэлээ дэмжиж, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... хариуцагч Б.Батдулам, Б.Батцэцэг нар нь 2020 оны 01 сарын 29-ний өдрийн 0059 дугаартай зээлийн гэрээгээр ************** ХХК-аас 7.000.000 төгрөгийг 12 сарын хугацаатай сарын 3.5 хувийн хүүтэй зээлсэн. Мөн 2020 оны 01 сарын 29-ний өдөр зээлдэгч Б.Батцэцэг нь манай байгууллагатай 0059 дугаартай фидукийн гэрээ байгуулж, өөрийн өмчлөлийн 2008 он үйлдвэрлэгдсэн Хонда CR-V маркийн мөнгөлөг өнгөтэй, 5408 УБН улсын дугаартай микробус тээврийн хэрэгслийн 1 жилийн жолоочийн хариуцлагын даатгалын төлбөр 160.000 төгрөгийг манай байгууллагаар  төлүүлсэн. Зээлдэгч Б.Батдулам, Б.Батцэцэг нар нь  зээлийн гэрээний 1-р хавсралтад заасан хуваарийн дагуу үндсэн зээл, хүүгийн хамт төлөх үүрэгтэй байсан. Гэвч зээлдэгч нь зээлийн гэрээнд заасны дагуу зээл болон зээлийн хүүг хугацаанд нь төлж барагдуулаагүй, зээлийн гэрээний үүргээ зөрчсөөр өнөөдрийг хүрээд байна. Манай байгууллагаас зээлдэгч нарын фидуцийн зүйл болох тээврийн хэрэгслийг олж хураан үнэлгээ тогтоолгох гэтэл хаана байгаа нь тодорхойгүй, чанар байдал нь ямар болсон талаар мэдэх боломжгүй, олдохгүй байна. Иймээс манай байгууллага нь зээлдэгч нараас зээлийн гэрээний үндсэн үүргийг шаардах эрхтэй. Мөн зээлдэгчтэй байгуулсан зээлийн гэрээний 2.6-т “Төлбөрийн хуваарийг зөрчих нь гэрээг зөрчсөн гэж үзэж, гэрээний үүргийн зөрчилд тооцогдоно. Тухайн сард  төлөх төлбөрөө төлөөгүй, эсхүл төлбөрийг дутуу төлсөн бол энэ нь алданги тооцох үндэслэл болно” мөн 2.4-т “зээлдэгч үүргээ хугацаандаа гүйцэтгээгүй бол хугацаа хэтэрсэн өдрөөс эхлэн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувийн алданги тооцогдоно”, 3.1.6-т “зээлдэгч нь гэрээний үүргээ зөрчсөн, зээлийг хугацаандаа төлөөгүй бол хэтэрсэн хугацаанд алданги төлөх үүрэгтэй” гэж тус тус заасны дагуу манай байгууллага зээлдэгч Б.Батдулам, Б.Батцэцэг нараас зээлийн гэрээний үүргээ хугацаандаа биелүүлээгүй алдангийг шаардах эрхтэй. Зээлдэгч Б.Батдулам, Б.Батцэцэг нар нь 2021 оны 03 сарын 30-ны өдрийн байдлаар 0059 дугаартай зээлийн гэрээний дагуу үндсэн зээлийн төлбөр 7.000.000 төгрөг, хүү төлбөр 3.240.000 төгрөг, алдангийн төлбөр 4.000.000 төгрөг, даатгалын төлбөр 160.000 төгрөг, нийт 14.400.000 төгрөгийг ************** ХХК-д төлөх тооцоо байна. ************** ХХК нь 2020 оны 01 сарын 29-ний өдрийн 0059 дугаартай зээлийн гэрээний үүргийн биелэлтийг Иргэний хуулийн 281.1, 282.1 дэх хэсэгт заасны дагуу шаардах эрхтэй. Бидний зүгээс Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд Б.Батдулам, Б.Батцэцэг нарт холбогдуулан нэхэмжлэл гаргасан боловч хариуцагчийн оршин суугаа хаяг тодорхойгүй гэсэн үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд Б.Батдулам, Б.Батцэцэг нарыг эрэн сурвалжлуулахаар хүсэлт гаргасан. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 02 сарын 24-ний өдрийн 568 дугаартай шийдвэрээр Б.Батдулам, Б.Батцэцэг нарыг эрэн сурвалжлахаар шийдвэрлэсний дагуу Баянгол дүүрэг дэхь Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн 2021 оны 04 сарын 08-ны өдрийн 1911 тоот албан бичгээр Б.Батдулам, Б.Батцэцэг нарын хаягийг тогтоож бидэнд мэдэгдсэний дагуу харьяалах шүүхэд нэхэмжлэлээ гаргасан. Манай байгууллага нь Иргэний хуулийн 219.1-т “Үүрэг гүйцэтгэгч хүлээсэн үүргээ зөрчсөн тохиолдолд үүрэг гүйцэтгэгч учирсан хохирлоо арилгуулахаар шаардах эрхтэй” гэж заасан. Мөн Зээлийн гэрээний 2.9-т “гэрээний үүргээ биелүүлээгүйгээс холбогдон гарах бусад зардал, хууль зүйн туслалцааны зардал, өмгөөлөгчийн хөлсийг зээлдэгч бүрэн хариуцна” мөн 3.1.6-т “зээлдүүлэгчид учирсан хохирол, хууль зүйн туслалцааны хөлс өмгөөлөгчийн хөлс, нотариатын үйлчилгээний хөлс зэргийг бүрэн хариуцан төлөх үүрэгтэй” гэж заасны дагуу зээлдэгч зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй улмаас учирсан хохирол болох зээлдэгчийг эрэн сурвалжлуулах хүсэлт гаргахад улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөг, хууль зүйн туслалцааны хөлс 1.152.000 төгрөгийг зээлдэгч нараас шаардах эрхтэй байна. Зээлдэгч Б.Батдулам, Б.Батцэцэг нараас 2021 оны 03 сарын 30-ны өдрийн байдлаар үндсэн зээл 7.000.000 төгрөг, хүү 3.240.000 төгрөг, алданги 4.000.000 төгрөг, даатгалын төлбөр 160.000 төгрөг хууль зүйн туслалцааны хөлс 1.152.000 төгрөг, эрэн сурвалжлуулах ажиллагааны зардал 70.200 төгрөг, нийт 15.622.200 төгрөгийг гаргуулж ************** ХХК-д олгож өгнө үү... гэв.

 

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэг буюу хүү, алданги хохирол нэхэмжилсэн хэсгийг хариуцагч тал хүлээн зөвшөөрөхгүй байгаа. ************** ХХК буюу барьцаалан зээлдүүлэх газар нь Б.Батдулам, Б.Батцэцэг нартай 2020 оны 01 сарын 29-ний өдөр 0059 дугаартай зээлийн гэрээ, фидуцийн гэрээг байгуулсан. 0059 дугаартай зээлийн гэрээний 3.2-т “Зээлдүүлэгч дараах эрх, үүрэгтэй”, 3.2.1-т “зээлийн төлбөрийг энэхүү гэрээнд заасан хугацаанд төлөхийг шаардах эрхтэй”, 3.2.5-т “Зээлдэгч эргэн төлөлтийн хуваарийг 2 буюу түүнээс дээш удаа зөрчсөн бол зээлдүүлэгч өөрийн санаачилгаар гэрээг цуцлах эрхтэй”. 0059 дугаартай фидуцийн гэрээний 3.1.3-т “зээлдэгч үндсэн гэрээгээр хүлээсэн үүргээ гүйцэтгээгүй бусад үүргээ ноцтой зөрчсөн тохиолдолд фидуцийн хөрөнгийг хэдийд ч хураан авах” гэж харилцан тохиролцсон байна. Иргэний хуулийн 286 дугаар зүйлийн 286.3-т “Зээлдэгч зээлсэн мөнгө болон түүний хүүг хугацаанд нь буцаан төлөөгүй тохиолдолд барьцаалан зээлдэх газар барьцаалагдсан хөрөнгийг худалдан борлуулах замаар үүргийг хангуулах тухай зээлдэгчид нэн даруй бичгээр мэдэгдэнэ. Ийнхүү мэдэгдсэнээс хойш арав хоногийн дотор зээлдэгч үүргээ гүйцэтгээгүй бол барьцааны зүйлийг комиссын буюу дуудлага худалдаагаар худалдаж, борлуулсан үнийн дүнгээс үүргийг хангуулж үлдсэн мөнгийг буцаан олгоногэсэн үүргээ гүйцэтгээгүй зээлдэгчид үүргээ гүйцэтгэх барьцааны эд хөрөнгийг худалдан борлуулах талаар заавал мэдэгдэх, ийнхүү мэдэгдсэнээс хойш 10 хоног үүргийн гүйцэтгэлийг хүлээх үүргийг хуулиар тодорхойлсон тул энэхүү үүргийг үүрэг гүйцэтгэх нөхцөлийг бүрдүүлэхийн тулд үүрэг гүйцэтгүүлэгч заавал хийх ёстой үйлдэл байна. Иймд Иргэний хуулийн 223 дугаар зүйлийн 223.2-т Үүрэг гүйцэтгэх нөхцөлийг бүрдүүлэхийн тулд үүрэг гүйцэтгүүлэгч ямар нэгэн үйлдэл хийх ёстой байсан боловч түүнийг гүйцэтгээгүйгээс хугацаа хэтэрсэн бол үүрэг гүйцэтгүүлэгч хугацаа хэтрүүлсэн гэж үзнэ., мөн хуулийн 224 дүгээр зүйлийн 224.1-т Энэ хуулийн 223 дугаар зүйлд зааснаар хугацаа хэтрүүлсэн гэм буруутай үүрэг гүйцэтгүүлэгч ийнхүү хугацаа хэтрүүлснээс үүрэг гүйцэтгэгчид учруулсан хохирлыг арилгах үүрэгтэй”, 224.2.3-т “мөнгөн төлбөрийн үүрэг ёсоор хүү, анз авах эрхээ алдах”-аар зохицуулсан байх тул хариуцагчаас алданги 4.000.000  төгрөг, зээлийн хүү 3.240.000 төгрөг, хууль зүйн туслалцааны хөлс 1.152.000 төгрөг, эрэн сурвалжилсан зардал 70.200 төгрөгийг нэхэмжлэх эрхгүй байна. Зээлдүүлэгч барьцаалсан хөрөнгийг худалдан борлуулах замаар үүргийг хангуулах  тухай зээлдэгчид нэн даруй бичгээр мэдэгдэх ийнхүү мэдэгдсэнээс хойш 10 хоногийн дотор зээлдэгч үүргээ гүйцэтгээгүй бол барьцааны зүйлийг комиссын буюу дуудлага худалдаагаар худалдах ажиллагаа явагдана. Нэхэмжлэгч тал хуулиар тодорхойлсон бүрэн эрхийнхээ хэмжээнд хийвэл зохих үйл ажиллагааг явуулаагүй улмаар үүрэг гүйцэтгэгчийн үүргээ гүйцэтгээгүй явдлыг шаардах эрхээ алдангийн хэмжээгээр ихэсгэх, үйл ажиллагааныхаа үндсэн зорилгыг зөрчих нөхцөл болгосныг хууль зүйн үндэслэлтэй гэж үзэхгүй байна. Нэхэмжлэгч буюу барьцаалан зээлдүүлэх газар нь аливаа бусад зээлдүүлэгчийн адил зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар барьцааны гэрээнээс гадна алданги тооцохоор зээлдэгчтэй тохиролцож болох боловч ийнхүү тохиролцсон нь барьцааны эд хөрөнгийг худалдан борлуулах замаар үүргийг хангуулах үндсэн аргыг орлох, үгүйсгэх, барьцаалан зээлдэх газрын үйл ажиллагааны зорилтыг зөрчих үндэслэл болж болохгүй гэж үзэж байна. Нэхэмжлэгч гэрээгээр сарын 3.5 хувь буюу жилийн 42 хувийн хүүтэй зээл олгосон шаардах эрхээ алдангийн хэмжээгээр ихэсгэх буюу хоногийн 0.5 хувь, сарын 15 хувь, жилийн 180 хувиар тооцогдохоор буюу үндсэн зээлийн хүүнээс 4.2 дахин их хэмжээгээр мөнгө хүүлж байгаа нь илт үндэслэлгүй. Үндсэн үйл ажиллагааны зорилгоо зөрчиж үйл ажиллагаа явуулсан нь  нэхэмжлэлээр нотлогдож байна. Иймд нэхэмжлэгчээс гаргасан алданги 4.000.000 төгрөг, зээлийн хүү 3.240.000 төгрөг, хууль зүйн туслалцааны хөлс 1.152.000 төгрөг, эрэн сурвалжилсан зардал 70.200 төгрөгийг нэхэмжлэлийн шаардлагаас хасаж тооцож өгнө үү... гэв.

 

Шүүх хуралдаанаар зохигч талуудын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг нэг бүрчлэн уншин сонсгож шинжлэн судлав.

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч ************** ХХК хариуцагч Б.Батцэцэг, Б.Батдулам нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэг нийт 15 622 200 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

            Хэрэгт авагдсан баримт, зохигчдын тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна.

            Хариуцагч Б.Батдулам, Б.Батцэцэг нар 2020 оны 01 сарын 29-ны өдөр нэхэмжлэгч ************** ХХК-тай дугаар 0059 зээлийн гэрээ бичгээр байгуулан, 7000.000 төгрөгийг сарын 3.5 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатай, бизнесийн зориулалттай зээлж, үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор зээлдэгч буюу хариуцагч Б.Батцэцэг өөрийн эзэмшлийн 54 08 УБН дугаартай Хонда CRV микробус тээврийн хэрэгслийг зээлдүүлэгч буюу нэхэмжлэгчийн эзэмшилд шилжүүлэн үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх 0059 тоот гэрээг мөн өдрөө байгуулсан нь зээлийн гэрээ, фидуцийн гэрээ, зохигч талуудын тайлбар баримтуудаар тогтоогдож байна. \хэргийн 7-10 дугаар тал\

Талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.3, 282.4, 232 дугаар зүйлийн 232.3, 235 дугаар зүйлийн 235.5-д заасан хэлбэрийн шаардлага хангасан зээлийн гэрээ, фидуцийн гэрээ байгуулагдсан гэж үзнэ.

Гэрээ байгуулагдсан, хүчин төгөлдөр эсэх талаар зохигчид мараагүй.

Талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээ болон хуулийн дагуу нэхэмжлэгч хариуцагчийн өмчлөлд мөнгийг шилжүүлэх, хариуцагч мөнгийг хүүгийн хамт гэрээгээр тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ.

Нэхэмжлэгч 7000.000 төгрөгийг хариуцагчийн өмчлөлд буюу Б.Батдуламын Хаан банкны 505 828 4411 тоот дансанд шилжүүлж гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлсэн нь Хаан банкны шилжүүлгийн баримтаар тогтоогдож байна. \хэргийн 12 дугаар тал\

Зээлийн гэрээний хавсралт 1-д зааснаар талууд зээлийн эргэн төлөх хуваарийг тохирсон бөгөөд хуваарийн дагуу хариуцагч 2020 оны 2-4 сард зөвхөн хүү төлөх, 2020 оны 5 сараас 2021 оны 01 сарын хугацаанд үндсэн зээл хүүгийн хамт, жолоочийн хариуцлагын даатгалд төлсөн 160 000 төгрөгийг 2020 оны 04 сарын 30-ны өдрөөс төлөхөөр тохирчээ.\хэргийн 8 дугаар тал\

Дээрхи хуваарийн дагуу хариуцагч 2020 оны 02 сард зээлийн хүү 245.000 төгрөгийг төлсөн бөгөөд үүнээс хойш зээлийн хүү болон үндсэн төлбөр төлөөгүй, 2021 оны 03 сарын 30-ны өдрийн байдлаар үндсэн зээл 7000.000 төгрөг, хүү 3240.000 төгрөг, алданги 4000.000 төгрөг нийт 14 240 000 төгрөг төлөгдөөгүй хуримтлагдсныг нэхэмжлэгч нэхэмжилсэн байна.

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч ...зээлийн гэрээний үндсэн төлбөр 7.000.000 төгрөг, автомашины даатгалын 160.000 төгрөг тус тус зөвшөөрч байгаа. Хүү, алданги, өмгөөллийн зардлыг хүлээн зөвшөөрөхгүй, хугацаанд нь зээлээ төлөхийг шаардах, зээл төлөх хуваарийг зөрчсөн бол гэрээг өөрийн санаачилгаар цуцлах, гэрээний үүргээ биелүүлээгүй тохиолдолд барьцааны зүйлийг худалдан борлуулахыг мэдэгдэх зэрэг хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүйгээс хүү алдангийн хэмжээ ихэссэн тул нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх хэсгийг зөвшөөрөхгүй... гэж маргажээ.

Хариуцагчийн тайлбар татгалзал үндэслэлгүй бөгөөд зээлдэгчийг зээлийн төлбөрөө төлөхийг шаардаж байсан, талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээний хугацаа 2021 оны 01 сард дууссан ба нэхэмжлэгч зээлийн гэрээний үүрэг шаардаж шүүхэд хандаж байсан нь гэрч Б.Намсрайжавын мэдүүлэг, үзлэг хийсэн тэмдэглэл, хавсаргасан мэссеж захидлын зураг, 2021 оны 02 сарын 24-ны өдрийн 568 дугаар Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр, нэхэмжлэгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар баримтаар тогтоогдож, хариуцагчийн татгалзал үгүйсгэгдэж байна. /хэргийн 16-18, 55-56 дугаар тал ар талын хамт/

Зохигч талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээ болон хуульд зааснаар зээлийн эргэн төлөлтийн хуваарь алдагдсан, гэрээний хугацаанд зээлдэгч үүргээ биелүүлээгүй, барьцаа хөрөнгөөр үүргийг хангуулах үүргийн гүйцэтгэлд дан ганц зээлдүүлэгчийг буруутгах боломжгүй юм.

Нэхэмжлэгчийн шаардах эрх талуудын хоорнд байгуулсан Зээлийн гэрээний 2.6, 2.7, 2.9, 3.2.1, Иргэний хуулийн 281 дүгээр 281.1, 283 дугаар зүйлийн 283.3, 228 дугаар зүйлийн 228.1, 232 дугаар зүйлийн 232.7-д заасан үндэслэлтэй тул хариуцагчаас зээлийн гэрээний үүрэгт нийт 13 855 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 1 767 200 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгох хуулийн үндэслэлтэй гэж шүүхээс дүгнэлээ.

Зээлийн төлбөрийг дараах байдлаар тооцов.

Үндсэн зээл 7000 000 төгрөг х 3,5 хувь = 245.000 төгрөг 1 сарын хүү

245 000 х 12 сар = 2 940 000 төгрөг нийт төлөх хүү

2 940 000 - 245 000 төлсөн хүү  = 2 695 000 төгрөг төлөгдөөгүй үлдсэн хүү

7000 000 үндсэн зээл + 2 695 000 төгрөг хүү  = 9 695 000 нийт гүйцэтгээгүй үүрэг.

9 695 000   ; 2  = 4 847 500 төгрөг алдангийн хэмжээ, үүнээс нэхэмжлэгч 4000 000 төгрөгөөр тооцож нэхэмжилсэн. 7000 000 + 2 695 000 + 4 000 000  = 13 855 000 төгрөг.

Өмгөөлөгч авах, эрх зүйн туслалцаа авах, шүүхэд мэдүүлэх эрхээ хэрэгжүүлэх нь зохигчийн өөрийн эрхийн асуудал тул эдгээртэй холбоотой зардлыг гэрээний үүргээс учирсан хохирол төлбөрт тооцох үндэслэлгүй тул зээлийн хүү илүү тооцсон 545 000 төгрөг, өмгөөлөгчийн хөлс 1 152 000 төгрөг, шүүхэд нэхэмжлэл гаргасан 70200 төгрөг нийт 1 767 200 төгрөгийг хэрэгсэхгүй болгосон болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 263 070 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 227 225 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор тогтоов.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

            1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.7, 228 дугаар зүйлийн 228.1 дэхь хэсгийг баримтлан хариуцагч Б.Батдулам, Б.Батцэцэг нараас зээлийн гэрээний үүрэгт нийт 13 855 000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ************** ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 1 767 200 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 236 070 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 227 225 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны  шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Ш.ОЮУНТУУЛ