Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 08 сарын 13 өдөр

Дугаар 210/МА2021/01242

 

 

 

 

 

 

 

 

 

НЗ ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч А.Отгонцэцэг даргалж, шүүгч Д.Дэлгэрцэцэг, шүүгч Ш.Оюунханд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн 102/ШШ2021/01484 дүгээр шийдвэртэй нэхэмжлэгч НЗ ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагчБ.Б, Б.Б нарт холбогдуулан гаргасан зээлийн гэрээний үүрэгт 15 622 200 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг зохигчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ш.Оюунхандын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч П.Ундрах-Эрдэнэ, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Мөнхцэцэг, хариуцагч Б.Б өмгөөлөгч Б.Батхуяг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Шинэцэцэг нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл, тайлбартаа: Б.Б, Б.Б нар нь 2020 оны 1 дүгээр сарын 29-ний өдрийн 0059 дугаартай зээлийн гэрээгээр НЗ ХХК-аас 7 000 000 төгрөгийг 12 сарын хугацаатай, сарын 3,5 хувийн хүүтэй зээлсэн. Мөн 2020 оны 1 дүгээр сарын 29-ний өдөр зээлдэгч Б.Б нь Хонда ххххх маркийн мөнгөлөг өнгөтэй, ххххх улсын дугаартай микробус тээврийн хэрэгслийг барьцаалж фидуцийн гэрээ байгуулсан. Тэрээр жолоочийн хариуцлагын даатгалын төлбөрт 160 000 төгрөгийг манай байгууллагаар төлүүлсэн. Зээлдэгч нар гэрээнд заасны дагуу зээл, хүүг хугацаанд нь төлж барагдуулаагүй, гэрээний үүргээ зөрчсөөр өнөөдрийг хүрсэн. Манайх зээлдэгч нарын фидуцийн зүйл болох тээврийн хэрэгслийг олж хураан үнэлгээ тогтоолгох гэтэл хаана байгаа нь тодорхойгүй, чанар байдал нь ямар болсон талаар мэдэх боломжгүй, олдоогүй.

Манай байгууллага Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд Б.Б, Б.Б нарт холбогдуулан нэхэмжлэл гаргасан боловч хариуцагчийн оршин суугаа хаяг тодорхойгүй гэсэн үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Иймд Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хариуцагч нарыг эрэн сурвалжлуулах хүсэлт гаргасны дагуу шүүхийн шийдвэрээр хариуцагч нарын оршин суугаа газрыг олж тогтоосон. Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1 зээлийн гэрээний 2.9, 3.1.6-т зээлдүүлэгчид учирсан хохирол, хууль зүйн туслалцааны хөлс өмгөөлөгчийн хөлс, нотариатын үйлчилгээний хөлс зэргийг бүрэн хариуцан төлөх үүрэгтэй гэж заасан. Б.Б, Б.Б нараас 2021 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн байдлаар зээл 7 000 000 төгрөг, хүү 3 240 000 төгрөг, алданги 4 000 000 төгрөг, даатгалын төлбөр 160 000 төгрөг, хууль зүйн туслалцааны хөлс 1 152 000 төгрөг, эрэн сурвалжлуулах ажиллагааны зардал 70 200 төгрөг нийт 15 622 200 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч тал шүүхэд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлээс хүү, алданги хохирол нэхэмжилснийг зөвшөөрөхгүй. НЗ ХХК-тай 2020 оны 1 дүгээр сарын 29-ний өдөр 0059 дугаартай зээлийн гэрээ, фидуцийн гэрээг байгуулсан. Иргэний хуулийн 286 дугаар зүйлийн 286.3-т Зээлдэгч зээлсэн мөнгө болон түүний хүүг хугацаанд нь буцаан төлөөгүй тохиолдолд барьцаалан зээлдэх газар барьцаалагдсан хөрөнгийг худалдан борлуулах замаар үүргийг хангуулах тухай зээлдэгчид нэн даруй бичгээр мэдэгдэнэ. Ийнхүү мэдэгдсэнээс хойш 10 хоногийн дотор зээлдэгч үүргээ гүйцэтгээгүй бол барьцааны зүйлийг комиссын буюу дуудлага худалдаагаар худалдах ажиллагаа явагдана гэж заасан. Нэхэмжлэгч хуулиар тодорхойлсон хийвэл зохих үйл ажиллагааг явуулаагүй, шаардах эрхээ алдангийн хэмжээгээр ихэсгэх, үйл ажиллагааныхаа үндсэн зорилгыг зөрчих нөхцөл болгосон.

Нэхэмжлэгч нь гэрээгээр сарын 3,5 хувь буюу жилийн 42 хувийн хүүтэй зээл олгосон шаардах эрхээ алдангийн хэмжээгээр ихэсгэх буюу хоногийн 0,5 хувь, сарын 15 хувь, жилийн 180 хувиар тооцогдохоор буюу үндсэн зээлийн хүүгээс 4,2 дахин их хэмжээгээр мөнгө хүүлж байгаа нь илт үндэслэлгүй. Үндсэн үйл ажиллагааны зорилгоо зөрчиж үйл ажиллагаа явуулсан нь нотлогдож байна. Иймд алданги 4 000 000 төгрөг, хүү 3 240 000 төгрөг, хууль зүйн туслалцааны хөлс 1 152 000 төгрөг, эрэн сурвалжилсан зардал 70 200 төгрөгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.7, 228 дугаар зүйлийн 228.1 дэх хэсгийг баримтлан хариуцагч Б.Б, Б.Б нараас зээлийн гэрээний үүрэгт нийт 13 855 000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч НЗ ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 1 767 200 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 236 070 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 227 225 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй: Хариуцагч Б.Б, Б.Б нар зээлийн гэрээний үүргээ биөлүүлээгүйн улмаас хариуцагч нарыг эрэн сурвалжлах болон маргааныг хуулийн байгууллагаар шийдвэрлэхэд өмгөөлөгчөөс хууль зүйн туслалдаа үзүүлэх авах шаардлага үүссэн. Хэрэв зээлдэгч нар зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биөлүүлж хугацаандаа төлбөрөө төлсөн бол манай байгууллага дээрх зардлуудыг гаргахгүй байсан. Гэтэл анхан шатны шүүх нэхэмжлэлээс 1 222 200 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосонд гомдолтой. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, 1 222 200 төгрөгт холбогдох хэсгийг хангаж өгнө үү гэжээ.

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: 1.Хариуцагч нар нь зээлийн эргэн төлөлтийг төлөх боломжгүй болсон тохиолдолд тээврийн хэрэгслээр үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилготой фидуцийн гэрээ байгуулсан. НЗ ХХК нь өөрийн компаний нэр дээр тээврийн хэрэгслийг шилжүүлэн авсан мөн захиран зарцуулах эрхээ гэрээнд тусгаснаар өөртөө бүрэн олгосон боловч фидуцийн зүйлээр үүргийн гүйцэтгэлээ хангуулах ажиллагаа хийхгүй байсаар зээлдэгчийг их хэмжээний хохиролд хүргэсэн. Иймд гүйцэтгэх ёстой үүргээ хууль болон гэрээнд зааснаар гүйцэтгээгүй хүүгийн өртгөө 42 хувиар алдангийн хэмжээгээ 52 хувиар өсгөж үүнээсээ ашиг олох зорилготойгоор ажиллаж үүргээ биөлүүлээгүй.

Иргэний хуулийн 286 дугаар зүйлийн 286.3 дах хэсэгт зааснаар зээлдэгч зээлсэн мөнгө болон түүний хүүг хугацаанд нь буцаан төлөөгүй тохиолдолд барьцаалан зээлдэх газар барьцаалагдсан хөрөнгийг худалдан борлуулах тухай зээлдэгчид нэн дариу бичгээр мэдэгдэнэ. Мэдэгдсэнээс хойш 10 хоногийн дотор зээлдэгч үүргээ гүйцэтгээгүй бол барьцааны зүйлийг комиссын буюу дуудлага худалдаагаар худалдаж борлуулсан үнийн дүнгээс үүргийг хангуулж үлдсэн мөнгийг буцаан олгоно. Иймд үүрэг гүйцэтгэх нөхцөлийг бүрдүүлэхийн тулд үүрэг гүйцэтгүүлэгч ямар нэгэн үйлдэл хийх ёстой байсан боловч түүнийг гүйцэтгээгүйгээс хугацаа хэтэрсэн бол үүрэг гүйцэтгүүлэгч хугацаа хэтрүүлсэн гэж үзэж мөнгөн төлбөрийн үүрэг ёсоор хүү анз авах эрхээ алдана. Иймд алданги 4 000 000, хүүд 2 695 000 төгрөгийг гаргуулан авах эрхгүй.

Зээлдэгч үүргээ биөлүүлээгүй барьцаа хөрөнгөөр үүргийг гүйцэтгэлд дан ганц зээлдэгчийг буруутгах боломжгүй гэсэн үндэслэлгүй байна. Фидуцийн зүйлээр үүргийн гүйцэтгэлийг хангуулах мөн захиран зарцуулах үүнийг хураан авах бүх эрх нь НЗ ХХК-д шилжсэн байдаг Мөн анзын хэмжээ илт их байна гэж үзэж хариу тайлбар гаргасан боловч шүүх үүнийг хэлэлцэлгүй орхидуулсанд гомдолтой. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт төлөхөөр тусгагдсан зээлийн хүү болох 2 695 000, алданги 4 000 000 төгрөг нийт 6 695 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

 

ХЯНАВАЛ

 

Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах үндэслэлтэй байна.

 

Нэхэмжлэгч НЗ ХХК нь хариуцагч Б.Б, Б.Б нарт холбогдуулан зээл 7 000 000 төгрөг, хүү 3 240 000 төгрөг, алданги 4 000 000 төгрөг, даатгалын төлбөр 160 000 төгрөг, хууль зүйн туслалцааны хөлс 1 152 000 төгрөг, эрэн сурвалжлуулах ажиллагааны зардал 70 200 төгрөг нийт 15 622 200 төгрөгийг гаргуулахаар шаардсаныг хариуцагч зээл 7 000 000 төгрөг, даатгалын төлбөр 160 000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч үлдэх хэсгийг эс зөвшөөрч маргажээ.

 

Зохигчид 2020 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр 0059 дугаартай зээлийн гэрээ байгуулж НЗ ХХК -иас хариуцагч нар 7 000 000 төгрөгийг 12 сарын хугацаатай, 3,5 хувийн хүүтэй зээлсэн. Мөн өдөр талууд зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар 0059 тоот фидуцийн гэрээ байгуулж, 2008 он үйлдвэрлэгдсэн Хонда хххх маркийн мөнгөлөг өнгөтэй хххххх улсын дугаартай микробус тээврийн хэрэгслийн эзэмших эрхийн бүртгэлийг нэхэмжлэгчийн нэр дээр шилжүүлсэн үйл баримт зохигчийн тайлбар, бичгийн гэрээ зэрэг нотлох баримтаар тогтоогдож байна. / хх 7-10/

 

Уг тээврийн хэрэгслийг хариуцагч тал ашиглах эрхтэй байсан бөгөөд гэрээ байгуулах үед ххххх маркийн, хххххх улсын дугаартай микробус тээврийн хэрэгслийн 1 жилийн жолоочийн хариуцлагын даатгалын төлбөр 160 000 төгрөгийг нэхэмжлэгч төлсөн үйл баримт талуудын тайлбараар маргаангүй тогтоогдсон. Нэхэмжлэгч нь зээлийн мөнгөн хөрөнгө 7000 000 төгрөгийг хариуцагч Б.Б-ын Хаан банк дах ххххххх тоот дансанд шилжүүлж гэрээгээр хүлээсэн үүргээ биөлүүлсэн нь Хаан банкны шилжүүлгийн баримтаар тогтоогджээ. /хх 12/

 

Зээлдэгч Б.ББ Б.Бнар нь зээлийн гэрээний 1 дүгээр хавсралтад заасан хуваарийн дагуу зээл, хүүг төлөх үүрэгтэй байсан ч үүргээ хугацаанд нь гүйцэтгээгүй, 2020 оны 02 дугаар сарын 28-ны өдөр хүүд 245 000 төгрөгийн төлбөр хийснээс өөр төлөлт хийгээгүй тухайд талууд маргаангүй.

Зохигчийн хооронд Иргэний хуулийн 286 дугаар зүйлд заасан барьцаалан зээлдэх журмаар зээл олгох гэрээ байгуулагдсан талаар анхан шатны шүүх зөв дүгнэжээ.

 

Талууд зээлийн гэрээний хугацаа хэтэрч үүрэг биелэгдээгүй байгаад хариуцагч нар гэм буруутай эсэх, нэхэмжлэгч буюу үүрэг гүйцэтгүүлэгч хугацаа хэтрүүлсэн эсэх, нэхэмжлэгч хүү, анз, хохирол шаардах эрхтэй эсэх асуудлаар маргаж байна.

 

Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.1.1 дэх хэсэгт зааснаар үүргээ хугацаанд нь биелүүлээгүй бол үүрэг гүйцэтгэгч хугацаа хэтрүүлсэн гэж үзэх юм. Үүрэг гүйцэтгэгч нар хугацаа хэтрүүлээгүй гэх шалтгаанаа нэхэмжлэгч нь барьцаалагдсан хөрөнгийг худалдан борлуулах тухай зээлдэгчид нэн дариу бичгээр мэдэгдээгүй, мэдэгдсэнээс хойш 10 хоногийн дотор зээлдэгч үүргээ гүйцэтгээгүй бол фидуцийн зүйлийг бодитойгоор эзэмшилдээ шилжүүлж авах үүргээ хэрэгжүүлээгүйтэй холбон тайлбарлажээ.

Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.2 дах хэсэгт зааснаар хугацаа хэтрэхэд хүргэсэн нөхцөл байдал нь үүрэг гүйцэтгэгчийн гэм буруугаас болоогүй бол үүрэг гүйцэтгэгчийг хугацаа хэтрүүлсэн гэж үзэхгүй.

Хэргийн баримтаас үзвэл гэрээний хугацаа дуусмагц нэхэмжлэгч тал шүүхэд нэхэмжлэл гаргасан байх бөгөөд хариуцагч нарын хаяг тодорхойгүй гэх үйл баримт хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр тогтоогджээ.

Хэрэгт хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр нотлох баримтаар авагдсан байх бөгөөд Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 101/ШШ2021/00568 тоот шийдвэрээр хариуцагч нарыг нэхэмжлэгчийн хүсэлтээр эрэн сурвалжилсан байна. /хх 16-17/

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт зааснаар шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй юм. Дээрх шийдвэрийн үндэслэх хэсэгт Б.Б Б.Б нарын оршин суугаа хаяг тодорхойгүй гэдэг нь Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 01 дүгээр сарын 20-ний өдрийн 00922 дугаар нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай захирамжаар тогтоогдсон тухай дүгнэжээ. /хх 16 дугаар хуудасны ар тал/

 

Фидуцийн зүйл, нэхэмжлэлийг хариуцвал зохих этгээдүүдийн байрлал, хаяг тодорхойгүйн улмаас шүүхийн шийдвэрээр эрэн сурвалжилсан хугацааг үүрэг гүйцэтгүүлэгчийн буруугаас хэтрүүлсэн хугацаа гэж үзэх, дүгнэх боломжгүй юм. Хэргийн баримтаар Иргэний хуулийн 223 дугаар зүйлийн 223.1 дэх хэсэгт заасан хугацаанд нь гүйцэтгэсэн үүргийн гүйцэтгэлийг үүрэг гүйцэтгүүлэгч хүлээж аваагүй гэх байдал тогтоогдоогүй.

 

Иргэний хуулийн 223 дугаар зүйлийн 223.2 дах хэсэгт заасан үүрэг гүйцэтгэх нөхцөлийг бүрдүүлэхийн тулд үүрэг гүйцэтгүүлэгч ямар нэгэн үйлдэл хийх ёстой байсан боловч түүнийг гүйцэтгээгүйгээс хугацаа хэтэрсэн бол үүрэг гүйцэтгүүлэгч хугацаа хэтрүүлсэн гэж үзнэ гэх байдал тогтоогдоогүй, энэ талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлтийг буруутгах боломжгүй.

 

Нэхэмжлэгчийн Фидуцийн зүйл болох тээврийн хэрэгслийг олж хураан үнэлгээ тогтоолгох гэтэл хаана байгаа нь тодорхойгүй чанар байдал нь ямар болсон талаар мэдэх боломжгүй, олдохгүй байна. Иймээс манайх зээлийн гэрээний үндсэн үүргийг шаардаж байна гэж тайлбарласныг хариуцагч тал үгүйсгэж чадаагүй. /хх 68 дугаар хуудасны ар тал, 69/ Нэхэмжлэгчийг мөнгөн төлбөрийн үүрэг ёсоор хүү, анз авах эрхээ алдаагүй гэж үзнэ.

Анхан шатны шүүхээс хийсэн зээлийн тооцоолол Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.2, 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт нийцсэн. /хх 69-70/

Хариуцагч тал хүү төлөхөөр үүрэг хүлээж бичгээр гэрээ байгуулсан тул гэрээгээр тохиролцсон хугацаанд хүү төлөх нь Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1 дэх хэсэгт нийцэх юм. Хугацаа хэтрүүлснээс үүсэх үр дагаврыг зохицуулсан хуулийн заалтаас үзэхэд хариуцагчийн гэрээний дагуу хүлээсэн үүрэг гүйцэтгэх хугацаа нь болсон, үүрэг гүйцэтгэх тогтоосон хугацаа тодорхой байх бөгөөд хариуцагч нарын хаяг тодорхойгүй байсан тул үүрэг гүйцэтгэх хугацаа болсныг сануулах боломж үүрэг гүйцэтгүүлэгчид байгаагүй. Хариуцагчийн хугацаа хэтрүүлж үүргээ гүйцэтгээгүй явдалд нэхэмжлэгч буруугүй тул дээрх мөнгөн төлбөрийн үүрэгт анз тооцсоныг буруутгах боломжгүй.

 

Хэргийн баримтаас үүрэг гүйцэтгүүлэгч хугацаа хэтрүүлснээс болж үүргийн гүйцэтгэл хангагдахгүй удааширсан гэх, гүйцэтгэсэн үүргийг тогтоосон газар, хугацаанд нь хүлээж аваагүйн улмаас зохих ёсоор хийгдсэн үүргийн гүйцэтгэлийг хугацаанд нь хүлээлгэн өгөхөд саад учруулсан гэх, үүрэг гүйцэтгэгч хийх бололцоогүй, харин үүрэг гүйцэтгүүлэгчийн оролцоо шаардлагатай байсан үйлдлийг хийгээгүйн улмаас хугацаа удааширсан эсхүл үүнээс болж үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгэх боломжгүй болсон нөхцөл байдал тогтоогдоогүй.

 

Иргэний хуулийн 286 дугаар зүйлийн 286.1 дэх хэсэгт зааснаар барьцаалан зээлдэх газар нь зээлийн гэрээний үүргийг хангуулахаар зээлдэгчээс хөдлөх эд хөрөнгийг барьцаанд бариулахыг шаардах эрхтэй бөгөөд мөн хуулийн 286.3 дах хэсэгт заасан зээлдэгч зээлсэн мөнгө болон түүний хүүг хугацаанд нь буцаан төлөөгүй тохиолдолд барьцаалан зээлдэх газар барьцаалагдсан хөрөнгийг худалдан борлуулах замаар үүргийг хангуулах тухай зээлдэгчид нэн даруй бичгээр мэдэгдэх, ийнхүү мэдэгдсэнээс хойш арав хоногийн дотор зээлдэгч үүргээ гүйцэтгээгүй бол барьцааны зүйлийг комиссийн буюу дуудлага худалдаагаар худалдаж, борлуулсан үнийн дүнгээс үүргийг хангуулж үлдсэн мөнгийг буцаан олгох заалт нь хөдлөх хөрөнгийн барьцаанд хамаарах заалт юм.

 

Талууд фидуцийн гэрээ байгуулсан, фидуцийн зүйлийн талаар нэхэмжлэлийн шаардлага гараагүй болно. Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.8 дах хэсэгт зааснаар анзын хэмжээ илт их гэх байдал хэргийн нөхцөл байдлаас тогтоогдоогүй байна.

Хариуцагч нар жолоочийн хариуцлагын даатгалын төлбөр 160 000 төгрөгийг төлөхийг зөвшөөрсөн боловч анхан шатны шүүх хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэнд нэхэмжлэгч давж заалдах журмаар гомдол гаргаагүй. Түүнчлэн зээлийн хүүд илүү тооцсон 545 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэнд нэхэмжлэгч гомдол гаргаагүй нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны диспозитив зарчимд нийцжээ.

Нэхэмжлэгчийн хууль зүйн туслалцааны хөлс болох 1 152 000 төгрөгт холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг зөв гэж үзнэ. Монгол улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 14-т зааснаар хууль зүйн туслалцаа авах нь хүний үндсэн эрх юм. Эрх нь боломж бөгөөд хэрэгжүүлэх эсэх нь субьектийн өөрийнх нь хүсэл зоригоос хамаарах юм. Иймд эрхээ эдэлсний төлөө гаргасан зардлыг хариуцагч нараар үүрэгжүүлэн зааж төлүүлэх нь үндэслэлгүй. Энэ талаар гаргасан нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангах боломжгүй.

 

Харин Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт зааснаар үүрэг гүйцэтгэгч хүлээсэн үүргээ зөрчсөн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч учирсан хохирлоо арилгуулахаар шаардах эрхтэй. Хариуцагч нарыг шүүхийн журмаар эрэн сурвалжилах хүсэлт гаргахад Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуульд зааснаар нэхэмжлэгч заавал хураамж төлөх үүрэгтэй. Улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч 70 200 төгрөг төлсөн нь хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр тогтоогдсон тул уг 70 200 төгрөгийг хариуцагч нараас гаргуулж нэхэмжлэгчид олгосон өөрчлөлтийг анхан шатны шүүхийн шийдвэрт оруулах нь зүйтэй.

 

Анхан шатны шүүх шийдвэрийнхээ тогтоох хэсэгт тухайн маргаанд хамааралгүй Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.7, 228 дугаар зүйлийн 228.1 дэх хэсэгт заасан заалтуудыг баримталсан байгааг хасч, Иргэний хуулийн 286 дугаар зүйлийн 286.1, 281 дүгээр зүйлийн 281.1, 282.1, 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч нараас 13 925 000 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгон, нэхэмжлэлээс үлдэх 1 697 200 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосон өөрчлөлтийг оруулах нь зүйтэй. Мөн холбогдох улсын тэмдэгтийн хураамжийн хувь хэмжээнд зохих өөрчлөлт орно.

 

Дээрх үндэслэлээр хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангах үндэслэлгүй, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хэсэгчлэн хангав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн 102/ШШ2021/01484 дугаар тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 286 дугаар зүйлийн 286.1, 281 дүгээр зүйлийн 281.1, 282.1, 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Б.Б, Б.Б нараас зээлийн гэрээний үүрэгт нийт 13 925 000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч НЗ ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 1 697 200 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай гэж өөрчлөн найруулж,

 

тогтоох хэсгийн 2 дах заалтын 227 225 төгрөгийг гэснийг 227 575 төгрөгийг гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дах хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 33 890 төгрөг, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 122 070 төгрөгийг тус тус шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.ОТГОНЦЭЦЭГ

 

ШҮҮГЧИД Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

 

Ш.ОЮУНХАНД