Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 06 сарын 25 өдөр

Дугаар 835

 

   2020             6              25                                      2020/ДШМ/835

 

     Т.З-д холбогдох эрүүгийн

                                                                       хэргийн тухай                     

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч Ш.Бат-Эрдэнэ, Б.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Ц.Гантулгабат,

шүүгдэгч Т.З-ын өмгөөлөгч Ш.М,

нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,

              Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Шинэбаяр даргалж, шүүгч Ц.Амаргэрэл, С.Өсөхбаяр нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2020 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн 2020/ШЦТ/694 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Т.З, түүний өмгөөлөгч Ш.М, Ж.Б нарын хамтран гаргасан давж заалдах гомдлоор Т.Зод холбогдох эрүүгийн 1906020731775 дугаартай хэргийг 2020 оны 5 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

              У овгийн Т-ын З, ........... өдөр Орхон аймагт төрсөн, 36 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, цахилгаанчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт Хэнтий аймгийн Батноров сумын 7 дугаар баг, Бэрх 66 дугаар байрны 24 тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй боловч Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо, Жанжины 27-657/Б тоотод түр оршин суух, ял шийтгэлгүй, /РД: .............../;

              Т.З нь 2019 оны 3 дугаар сарын 27-ны өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Нарантуул” Олон улсын худалдааны төвийн өргөтгөлийн хэсэгт иргэн Т.Быг түлхсэний улмаас арагш контейнер мөргөж, улмаар гавал тархины гэмтэл, баруун чамархайн ясны шугаман хугарал, баруун тал бөмбөлгийн суурийн урд ба дунд хэсэг, баруун тал бөмбөлгийн духны урд хэсгийн няцрал, баруун, зүүн тал бөмбөлгийн чамархай хэсгийн аалзан хальсан доор голомтод цус харвалт, тархины хажуугийн ховдлын цус харвалт, уртавтар тархины няцрал, цэгчилсэн цус хальсан дээрх цусан хурааг авах мэс заслын дараах байдал бүхий гэмтлүүдийн улмаас эрүүл мэндэд нь хүнд хохирол учирч нас барсан гэмт хэрэгт холбогджээ.

              Баянзүрх дүүргийн прокурорын газраас: Т.Зын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.              

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Т.Зыг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийн улмаас хохирогч нас барсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар Т.Зыг 5 жилийн хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар Т.Зод оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг сидиг хэрэгт хавсаргаж, битүүмжлэгдсэн ирсэн хөрөнгөгүй, Т.З нь урьд цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирол төлбөрт 2.000.000 төгрөг нөхөн төлсөн болохыг дурдаж, түүнд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Т.З, түүний өмгөөлөгч Ш.М, Ж.Б нар хамтран гаргасан давж заалдах гомдолдоо: “...Т.З нь өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирол төлбөрийг төлж барагдуулсан, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй болсон байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад заасныг журамлан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад заасан ялын доод хэмжээний гуравны хоёроос багагүй ял оногдуулж өгнө үү. ...” гэжээ.  

Шүүгдэгч Т.Зын өмгөөлөгч Ш.М шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Хүсэлтийн чанартай давж заалдах гомдол гаргасан. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн 694 дугаартай шийтгэх тогтоолоор шүүгдэгч Т.Зод 5 жилийн хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдүүлэхээр шийдвэрлэсэн. Шүүгдэгч Т.З нь хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсны улмаас хохирогч нас барсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай үйлдлээ сайн дураараа хүлээсэн. Гэм буруугаа бүрэн хүлээн зөвшөөрсөн. Хохирогч талаас нэхэмжилсэн хохирол төлбөрийг бүрэн барагдуулсан, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөс нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй болохоо бичгээр илэрхийлсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад заасныг хэрэглэж, шүүгдэгч Т.Зод оногдуулсан ялыг багасгаж өгнө үү” гэв.

Прокурор Ц.Гантулгабат шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг заавал хэрэглэх хуулийн зохицуулалт байхгүй. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасны дагуу хэргийг хянан шийдвэрлэхдээ анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг давж заалдсан гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж, хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.

Хэргийг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн зөрчил тогтоогдсонгүй.

  Шүүгдэгч Т.З нь 2019 оны 3 дугаар сарын 27-ны өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Н” Олон улсын худалдааны төвийн өргөтгөлийн хэсэгт амь хохирогч Т.Быг өөрөөсөө холдуулах зорилгоор түүний цээж рүү зүүн гараараа хүчтэй түлхсэний улмаас ардаа байсан ногоон өнгийн хашааны төмрийг ар нуруугаараа мөргөөд газар унахдаа баруун чамархай ясны шугаман хугарал, баруун тал бөмбөлгийн зулай, чамархай хэсгийн хатуу хальсан дээрх цусан хураа, баруун чамархайн дэлбэнгийн тархины эдийн няцрал, аалзан хальсан доорх цус харвалт, баруун чамархайн хуйханд зөөлөн эдийн няцрал, зүүн өвдөгт зулгаралт бүхий тархины хүнд гэмтлийн улмаас нас барсан буюу болгоомжгүй үйлдлийн улмаас хүний амь насыг хохироосон гэмт хэрэг үйлдсэн болох нь:

гэрч Г.З-ийн “...Зоригоо ах тэр согтуу ахын цээж рүү зүгээр яваач ядаргаатай юм гээд түлхтэл нөгөө согтуу ах хойшоо бөгсөөрөө унаад ардаа байсан цэнхэр контейнерыг толгойгоороо цохиод унасан. Тэгэхээр нь Зоригоо ах нөгөө хүнийг татаад бөгсөөр нь газар суулгаад контейнер түшүүлсэн. ...тэр хүн их согтуу байсан бөгөөд хойшоо түлхэж унагааснаас хойш ухаангүй байдалтай босч ирэхгүй суучихсан. Огт юм дугарахгүй, хашаа налсан байдалтай хэвтсэн бөгөөд ямар ч хөдөлгөөн хийхгүй байхаар нь би ухаан алдчихлаа гэж бодсон. Миний мэдэхээр 3-4 минут хөдөлгөөнгүй байдалтай байсан. Харин би дотогшоо орчихоод буцаад гараад ирэхэд ёолсон байдалтай, ухаан орсон юм шиг сууж байсан.” /хх 30-31, 82 /,

гэрч Г.Г-ын “...23 цаг өнгөрч байхад өргөтгөлийн хэсгийн голд байрлах 3 дугаартай цайны газрын ертөнцийн зүгээр баруун талд, хаалга орчимд саарал өмд, цэнхэр бэлтгэлийн цамцтай хүн газар дээр хэвтэж байхаар нь хажууд нь очоод хартал шүлсээ гойжуулаад, хурхираад унтаж байсан. Би тухайн хүний зүүн мөрөн дээр гарыг нь тавиад “бос, зах тарсан” гэхэд миний үгийг сонсож байгаа шинжгүй унтаад байхаар нь осгож магад гэж бодоод 102 болон 103 дугаарт дуудлага өгөөд 10-15 минутын дотор ирээд тухайн хүнийг өргөөд 103 аваад явсан” /хх 32-34 /,

гэрч Г.У-ийн “...надад манай хүргэн ярихдаа “би нэг түлхчихсэн чинь нөгөө хүнийх нь бие муу байна” гэж хэлж байсан. “Яагаад түлхчихсэн юм бэ гэсэн чинь ална гээд дайраад байсан юм гэж байсан” /хх 42 /,

гэрч А.Б-ийн “...эрчимт эмчилгээний тасагт анх орж ирэхэд биеийн байдал нь хүнд ухаангүй, комын байдалтай, яаралтай хагалгааны дараа тус тасагт орж ирсэн. Уг хүний амь насанд аюултай байсан ба анх орж ирсэн үеэсээ харьцангуй тогтвортой болсон. Анх гавал тархины хүнд гэмтэл, тархины баруун талт бөмбөлгийн хатуу хальсан доорх цусан хураа, тархины эдийн цус хуралт, няцралт, аалзавч доорх цус харвалт, тархины цусан хангамжийн дутмагшил, гавлын суурь болон оройн шугаман хугарал, хатуу хальсан дээрх цусан хурааг авч тархи дарагдалт, чөлөөлөх мэс заслын дараах байдал, элэгний хатуурал, архины хордлого, комын байдалд орсон” /хх 162-163/,

 шүүгдэгч Т.З-ын гэрчээр өгсөн “...бид хоёрыг ярьж байхад хажууд хүрээд ирэхээр нь бид танихгүй учир тоогоогүй, тэгтэл хажууд “үзэх үү, зодолдох уу” гээд байхаар нь би “та яваа” гэсэн. Тэгтэл явахгүй хараалын үг хэлээд цамцны цахилгаанаа тайлаад намайг цохих гэж байгаа маягтай ойртоод хүрээд ирэхээр нь тэр хүний цээж рүү нилээн хүчтэй зүүн гараараа түлхтэл ардаа байсан ногоон өнгийн хашааны төмрийг ар нуруугаараа мөргөөд газар унахдаа толгойгоороо уначихсан. Тэгээд тэр хавиар явсан хүмүүс уг хүний дээгүүр алхаад байхаар нь тухайн ахыг татаад арагш төмөр саравчийг налуулаад суулгасан. Тэгээд хэсэг ажиглаад зогстол зүгээр хөдөлж байхаар нь босоод явчих байх гэж бодоод бараагаа хураачихаад явсан. Намайг авдраа контейнерт хийчихээд гараад ирэхэд босч байсан, дотогшоо ороод ногоо аваад гараад ирэхэд тухайн ах босоод явсан байсан” /хх 27-29/ гэх мэдүүлгүүд,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн 4497 дугаартай “1. Т.Бы биед чамархай ясны шугаман хугарал, баруун тал бөмбөлгийн зулай, чамархай хэсгийн хатуу хальсан дээрх цусан хураа, баруун чамархайн дэлбэнгийн тархины эдийн няцрал, аалзан хальсан доорх цус харвалт, баруун чамархайн хуйханд зөөлөн эдийн няцрал, зүүн өвдөгт зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохооо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх ба хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой юм.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2, 3.1.3-т заасаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ, эдгэрэлтээс хамаарна.” /хх 46/ гэсэн дүгнэлт зэрэг хэрэгт авагдсан, анхан шатны шүүхийн шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогджээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана.” гэж заасан тул Т.Зод холбогдох хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хянан шийдвэрлэх боломжтой байна.

Прокуророос Т.Зын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдсэн нь үндэслэлгүй болжээ.

Анхан шатны шүүх хавтас хэрэгт авагдсан нотлох баримтууд болон хэргийн нөхцөл байдал, шүүгдэгчийн гэм бурууд үндэслэл бүхий хууль зүйн дүгнэлт хийж чадаагүй, Т.Зыг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийн улмаас хохирогч нас барсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэсэн нь хэргийн бодит байдалтай нийцээгүй байна.

Хэрэгт авагдсан амь хохирогчийн нас барсан шалтгааныг тогтоосон шинжээчийн дүгнэлтүүдээр хохирогч нь гавал тархины хүнд гэмтлийн улмаас  нас барсан нь тогтоогддог бөгөөд Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн 961 дугаартай дүгнэлтээр /хх 96-98/ амь насыг нь аврах боломж багатай гэж дүгнэсэн, “...шаардлагатай эмчилгээг хийж байсан боловч хүнд гэмтлийн улмаас нас баржээ. ...эмч нар хийгдвэл зохих бүх эмчилгээг бүрэн хийсэн байна.” гэх, гэмтэл согог судлалын эмч гэрч А.Бадмаарагийн “...тархины гэмтэл тул аврагдах боломж багатай. ...” гэх мэдүүлэг /хх-162/ зэрэг нотлох баримтаар хохирогчийн амь насыг аврах боломжгүй байсан нь тогтоогдож байх ба шүүгдэгчийн гэм буруутай үйлдлийн улмаас амь хохирогчийн амь нас хохирсон нь нотлогдож байна гэж үзлээ.

Өөрөөр хэлбэл, амь хохирогч хэсэг хугацаанд эмчлүүлж байгаад эмнэлэгт нас барсан байдал нь Т.Зын бусдын амь насыг хохироосон үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар зүйлчлэн гэм буруутайд тооцож, ял шийтгэх үндэслэл болохгүй байна.

Хүнийг алах гэмт хэргийн субъектив тал нь санаатай гэм буруугийн хэлбэртэй, тухайн этгээд бусад этгээдийн амь насанд аюултай үйлдэл хийж байна гэдгээ ухамсарлаж, түүний үйлдлийн улмаас бусдын амь нас хохирох боломж, зайлшгүй байдал зэргийг урьдчилан харж, түүнийг хүсэж, эсхүл зориуд үйлдсэн байдаг. 

Харин шүүгдэгч Т.Зын үйлдлийн хувьд “...бид хоёрыг ярьж байхад хажууд хүрээд ирэхээр нь бид танихгүй учир тоогоогүй, тэгтэл хажууд “үзэх үү, зодолдох уу” гээд байхаар нь би “та яваа” гэсэн. Тэгтэл явахгүй хараалын үг хэлээд цамцны цахилгаанаа тайлаад намайг цохих гэж байгаа маягтай ойртоод хүрээд ирэхээр нь тэр хүний цээж рүү нилээн хүчтэй зүүн гараараа түлхтэл ардаа байсан ногоон өнгийн хашааны төмрийг ар нуруугаараа мөргөөд газар унахдаа толгойгоороо уначихсан.” /хх 27-29/, гэрч Г.Зүсрэхийн “...Зоригоо ах тэр согтуу ахын цээж рүү зүгээр яваач ядаргаатай юм гээд түлхтэл нөгөө согтуу ах хойшоо бөгсөөрөө унаад ардаа байсан цэнхэр контейнерыг толгойгоороо цохиод унасан. Тэгэхээр нь Зоригоо ах нөгөө хүнийг татаад бөгсөөр нь газар суулгаад контейнер түшүүлсэн” /хх 30-31/ гэх мэдүүлгүүдээс харахад шүүгдэгч Т.З нь Т.Бы амь насыг хохироох зорилготойгоор санаатай хийсэн үйлдэл тогтоогдохгүй байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүнийг алах гэмт хэргийн шинжийг агуулахгүй байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүний улмаас хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэж, түүнийг гаргахгүй байж чадна гэж тооцсон боловч хохирол, хор уршиг учирсан, эсхүл хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой, мэдэх боломжтой байсан боловч мэдэлгүй үйлдсэний улмаас хохирол, хор уршиг учирсан бол болгоомжгүй гэмт хэрэгт тооцно” гэж гэм буруугийн болгоомжгүй хэлбэрийн нөхцөлийг тодорхойлжээ.

Аливаа үйлдэл, эс үйлдэхүй нь эхлээд оюун ухаандаа төсөөлсний үр дүнд үйл ажиллагааны илрэл болж, улмаар өөрийн хүсэл зоригийн чиглэлтэй буюу тодорхой зорилго, сэдэлттэй байдаг.

Шүүгдэгч Т.Зын зүгээс хохирогчийн амь насыг хохироохыг хүсч, түлхэж унагаасан үйлдлийн улмаас хохирогч газарт унаж, үхэлд хүргэсэн гэмтлийг авах болно гэдгийг урьдаас сайтар мэдэж, тэрхүү үр дүнд ухамсартайгаар зориуд хүргэсэн гэж буруутган дүгнэх ямар нэгэн нотлох баримт хэрэгт авагдаагүй байна.

Энэ үйлдэл нь гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр буюу хохирол, хор уршиг учирч болзошгүйг мэдэх боломжтой байсан ч мэдэлгүй үйлдсэн гэх хууль зүйн ойлголтод хамаарахаар байх тул шүүгдэгчийг зориуд хохирол, хор уршигт хүргэх зорилгоор хүсэж хийсэн санаатай үйлдэл гэж дүгнэх боломжгүйн зэрэгцээ, түүний үйлдэл нь бусдын амь насыг болгоомжгүйгээр хохироох гэмт хэргийн шинжтэй гэж дүгнэлээ.

Иймээс прокуророос шүүгдэгч Т.Зын үйлдлийг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийн улмаас хохирогч нас барсан гэж үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн өөрчлөв.

Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн этгээдэд оногдуулах эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээний дотор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлд тодорхойлсон эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас хүний амь нас хохирсон хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг нь харгалзан 4 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах нь зүйтэй гэж үзэв.

Иймд шүүгдэгч, түүний өмгөөлөгчийн гаргасан “...анхан шатны шүүхээс оногдуулсан 5 жилийн хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.4-т заасныг баримтлан хөнгөрүүлж, ялын доод хэмжээний гуравны хоёроос багагүй ял оногдуулах” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолд дээр дурдсан үндэслэлээр зохих өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн  1.4 дэх заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

  1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн 2020/ШЦТ/694 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн:

              1 дэх заалтыг “Увогт Т-ын Зыг болгоомжгүй үйлдлийн улмаас хүний амь насыг хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай” гэж,

2 дахь заалтыг “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Т.Зыг 4 жилийн хорих ялаар шийтгэсүгэй.” гэж тус тус өөрчилсүгэй.

 

  1. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээж, шүүгдэгч Т.З, түүний өмгөөлөгч Ш.М, Ж.Б нарын хамтран гаргасан давж заалдах гомдлыг тус тус хэрэгсэхгүй болгосугай

 

  1. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

  

 

                          ДАРГАЛАГЧ,

                          ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                            Т.ӨСӨХБАЯР

                          ШҮҮГЧ                                                               Ш.БАТ-ЭРДЭНЭ

                          ШҮҮГЧ                                                               Б.БАТЗОРИГ