Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 04 сарын 16 өдөр

Дугаар 694

 

 

 

 

 

 

 

 

2020           04         16                                    2020/ШЦТ/694

 

 

 

 

                          МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

         Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Шинэбаяр даргалж, шүүгч Ц.Амаргэрэл, шүүгч С.Өсөхбаяр нарын бүрэлдэхүүнтэй,

нарийн бичгийн дарга М.Мөнхбадрал,                           

улсын яллагч Ц.Гантулгабат,

иргэдийн төлөөлөгч Ч.Ариунаа,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Т.Эрмек,

            шүүгдэгч Т.З, түүний өмгөөлөгч Ш.Мягмарцэрэн нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Нийслэлийн Баянзүрх дүүргийн прокурорын газраас Т. Зод Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1906020731775 дугаартай хэргийг 2020 оны 03 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.  

Шүүгдэгч Монгол улсын иргэн, Т.З, 1984 оны 02 дугаар сарын 03-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр суманд төрсөн, 36 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, цахилгаанчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, Хэнтий аймгийн Батноров сум, 7 дугаар баг, Бэрх, 66 дугаар байр, 24 тоотод оршин суух бүртгэлтэй боловч одоо Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 12 дугаар хороо, Жанжины 27-657Б тоотод түр оршин суудаг, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт амьдардаг, хэрэг хариуцах чадвартай, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, /

Шүүгдэгч Т.З нь 2019 оны 03 дугаар сарын 27-ны өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Нарантуул олон улсын худалдааны төвийн өргөтгөлийн хэсэгт иргэн Т.Болотхааныг түлхсэний улмаас арагш контейнер мөргөж, улмаар гавал тархины гэмтэл, баруун чамархайн ясны шугаман хугарал, баруун тал бөмбөлгийн суурийн урд ба дунд хэсэг, баруун тал бөмбөлгийн духны урд хэсгийн няцрал, баруун, зүүн тал бөмбөлгийн чамархай хэсгийн аалзан хальсан доор голомтлог цус харвалт, тархины хажуугийн ховдлын цус харвалт, уртавтар тархины няцрал цэгчилсэн цус хальсан дээрх цусан хурааг авах мэс заслын дараах байдал бүхий гэмтлүүдийн улмаас эрүүл мэндэд нь хүнд хохирол учирч нас барсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн яллах, цагаатгах нотлох баримтыг шинжлэн судалж ТОДОРХОЙЛБОЛ:

Шүүгдэгч Т.З шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Тухайн өдөр Нарантуул зах дээр орой ажил тарах явцад зүс таних хүнтэй юм яриад зогсож байхад хойноос нэг хүн ирээд намайг хараасан, орилсон том биетэй согтуу хүн хүрч ирээд хэл амаар доромжлоод хоёулаа үзэх үү, энэ тэр гээд байсан. Тэгээд “хөөш” гэж дуудахад нь би эргэж харсан чинь над руу “ална, зодолдъё” гээд хувцсаа тайлаад хүрээд ирсэн. Тухайн үед би согтуу хүн, чимээгүй байгаад байвал яваад өгөх байх гэж бодож байсан. Тэгтэл над руу хүрч ирээд хохирогч гараа далайгаад намайг цохих гээд байхаар нь би айсандаа түүнийг цааш нь түлхсэн. Ийм явдал болж хохирогч нас барсанд харамсаж байна. Би хохирогчийн төлөөлөгчид 2.000.000 төгрөгийг төлж барагдуулсан. Хөнгөн ял оногдуулж өгнө үү” гэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Т.Эрмек шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Би амь хохирогчийн үеэл ах нь юм. Түүний ар гэрийнхэн нь Казакстан улс руу явцгаасан. Шүүгдэгч Т.З нь хурлын өмнө 2.000.000 төгрөгийг нөхөн төлсөн, гомдол санал барагдуулсан. Нэхэмжлэх зүйл байхгүй” гэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Т.Эрмек мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: "...өнөөдөр эхнэр цагдаагаас Болотхааныг нас барсан гэж хэлж байна гэхээр нь ирсэн юм. Одоо би гэрээсээ ажил явдлыг нь хийж гаргана. Науризын баяраар согтуу ирээд хоноогүй явсан. Түүнээс хойш уулзаагүй байж байтал цагдаагаас гэмтлийн эмнэлэгт байна. Бие нь муу байна гэж ярьж байсан. Хүнд зодуулсан байх гэж бодож байна. Зодсон хүнийг олуулах хүсэлтэй байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 24-26/,

Гэрч Г.Зүсрэх мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: "...Тэгээд бид 2 юм яриад зогсож байтал нэг согтуу хүн орилоод тэр хавиар “Ална шүү, зодолдох хүн байна уу? Үзэх үү?” гэж орилж явсаар бид 2 дээр ирээд “зодолдох уу? Үзэх үү? Ална шүү” гээд гадуур хувцсаа тайлах оролдлого хийхээр нь Зоригоо ах “цаашаа яв” гэж хэлсэн. Тэгтэл нөгөө ах дээгүүрх хувцасны цахилгаанаа тайлаад “үзэх үү?” гэхээр нь би “та зүгээр яв” гээд хэлсэн. Тэгтэл нөгөө согтуу “үзье”  гээд цээжээ түрээд цохих оролдлого маягтай гараа өргөж бариад, Зоригоо ахыг ухрахаар дөхөөд байсан. Тэгтэл Зоригоо ах тэр ахын цээж рүү “зүгээр яваач, ядаргаатай юм” гээд түлхтэл нөгөө согтуу ах хойшоо бөгсөөрөө унаад ардаа байсан цэнхэр контейнерыг толгойгоороо цохиод унасан. Тэгэхээр нь Зоригоо ах нөгөө хүнийг татаад бөгсөөр нь газар суулгаад контейнер түшүүлсэн. Тэгээд би Зоригоо ахын барааг хураалцаад дотогшоо хадам ээжийг авахаар орчихоод гараад иртэл нөгөө согтуу ах контейнераа налсан хэвээрээ нугдайгаад сууж байсан. Тэр хүн их согтуу байсан бөгөөд хойшоо түлхэж унагааснаас хойш ухаангүй байдалтай босч ирэхгүй суучихсан. Уг нь түлхэж унагахаас өмнө тэр хавийн хүмүүс рүү орилоод ална гээд дайраад байсан. Огт юм дуугарахгүй, хашаа налсан байдалтай хэвтсэн бөгөөд ямар ч хөдөлгөөн хийхгүй болохоор нь би ухаан алдчихлаа гэж бодсон. Хөдөлгөөнгүй байдалтай миний мэдэхээр 3-4 минут болсон байх. Харин би дотогшоо орчихоод буцаад гараад ирэхэд ёолсон байдалтай, ухаан орсон юм шиг сууж байсан..." гэх мэдүүлэг /х-ийн 30-31,82/,

Гэрч Г.Ганбат мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: "...23 цаг өнгөрч байхад өргөтгөлийн хэсгийн голд байрлах №3 дугаартай цайны газрын ертөнцийн зүгээр баруун талд, хаалга орчимд саарал өмд, цэнхэр бэлтгэлийн цамцтай хүн газар дээр хэвтэж байхаар нь хажууд нь очоод хартал шүлсээ гойжуулаад, хурхираад унтаж байсан. Би тухайн хүний зүүн мөрөн дээр гарыг нь тавиад “бос, зах тарсан” гэхэд миний үгийг сонсож байгаа ч юмгүй унтаад сэрэхгүй байхаар нь осгож магад гэж бодоод 102 дугаарт өөрийн утсаар дуудлага өгөхөд та 103-т дуудлага өг гэхээр нь мөн 103-т дуудлага өгөөд 10-15 минутад цагдаа, 103 хамт шахуу ирээд тухайн хүнийг насилкан дээр өргөөд 103 аваад явсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 32-34/,

Гэрч Г.Уранчимэг мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: "...надад манай хүргэн ярихдаа “би нэг түлхчихсэн чинь нөгөө хүнийх нь бие муу байна” гэж хэлж байсан. “Яагаад түлхчихсэн юм бэ? гэсэн чинь “Ална” гээд дайраад байсан юм гэж байсан. Өөр нарийн зүйл яриагүй бөгөөд одоо их сэтгэлээр уначихсан явж байна.” гэх мэдүүлэг /хх-ийн 42/,

Гэрч С.Энхбат мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: "...тухайн үйл явдал болох үед дотогшоо орчихсон байсан. Сүүлд хүнээс сонсоход согтуу хүн ирээд Зоригоод агсам тавиад байсан гэж байсан. Тэгээд уг хүнийг түлхсэн гэж сонссон. Сүүлд уг хүнийг эмнэлэгт хэвтсэн, Зоригоо сахиж байгаа гэж ярьж байсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 89-90/,

Гэрч А.Бадмаараг мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: "...эрчимт эмчилгээний тасагт анх орж ирэхэд биеийн байдал нь хүнд, ухаангүй, комын байдалтай, яаралтай хагалгааны дараа тус тасагт орж ирсэн. Уг хүний амь насанд аюултай байсан ба анх орж ирсэн үеэсээ харьцангүй тогтвортой болсон. Анх гавал тархины хүнд гэмтэл, тархины баруун талт бөмбөлгийн хатуу хальсан доорх цусан хураа, тархины эдийн цус хуралт, няцралт, аалзавч доорх цус харвалт, тархины цусан хангамжийн дутмагшил, гавлын суурь болон оройн шугаман хугарал, хатуу хальсан дээрх цусан хурааг авч тархи дарагдалт, чөлөөлөх мэс заслын дараахь байдал, элэгний хатуурал, архины хордлого, комын байдалд орсон.” гэх мэдүүлэг /хх-ийн 162-163/,

Яллагдагч Т.З мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Би прокурорын тогтоолыг танилцаж ойлголоо. Ямар хэрэгт татагдаж байгаагаа мэдлээ. Би эмчилгээ болон асаргаа сувилгаа зөв хийгдсэн эсэх, надтай маргалдсанаас хойш эмнэлэгт хүргэгдэх хүртлээ хаана юу хийж байсан талаар нь шалгуулах хүсэлтэй байна. Тухайн үед би уг хүнийг 2 өдөр сахисан ба хагалгаанд орсны дараа эмчээс биеийн байдлыг асуухад амь наснаас хол гэж хэлж байсан. Надад өөр санал хүсэлт байхгүй. Уг хүн хоёр гараа зангидаад энгэрээ задгайлчихсан, согтуугаар над руу дайрсан. Тэгээд цохих гээд баруун гараа далайхад нь би өөрөөсөө холдуулах гээд урьдаад зүүн гараараа цээж рүү нь түлхсэн. Тус хүн намайг түлхэхэд бөгсөөрөө суугаад нуруугаараа газар унасан юм. Тухайн үед толгойн хэсгээрээ унаагүй ба бөгсөөрөө суугаад нуруугаараа унасан. Толгойн хэсгээрээ унаагүй. Би уг хүнийг 5-7 минутын дараа харахад унасан гэх газраа шүлсээ хаяад сууж байсан. Тэгээд би хүнсний тасаг руу орж хүнс авчихаад 5 минутын дараа гарч ирэхэд байхгүй байсан...” гэх мэдүүлэг /1хх-ийн 146-147, 171/

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн №4467 дугаартай шинжээч эмч Ш.Цэцэгмаагийн дүгнэлтэнд:

1. Т.Болотханы биед чамархай ясны шугаман хугарал, баруун тал бөмбөлгийн зулай, чамархай хэсгийн хатуу хальсан дээрх цусан хураа, баруун чамархайн дэлбэнгийн тархины эдийн няцрал, аалзан хальсан доорх цус харвалт, баруу чамархайн хуйханд зөөлөн эдийн няцрал, зүүн өвдөгт зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хэд, хэдэн удаагийн  үйлчлэлээр үүсгэгдэх ба хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой байна.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2, 3.1.3-т зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ, эдгэрэлтээс хамаарна..." гэх дүгнэлт /1хх-ийн 46/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн №1102 дугаартай шинжээч эмч Ц.Оюун-Эрдэнийн дүгнэлтэнд:

1. Талийгаачийн цогцост гавал тархины гэмтэл, баруун чамархайн ясны шугаман хугарал, баруун тал бөмбөлгийн суурийн урд ба дунд хэсэг, баруун тал бөмбөлгийн духны урд хэсгийн няцрал, баруун зүүн тал бөмбөлгийн чамархай хэсгийн аалзан хальс доор голомтлог цус харвалт, тархины хажуугийн ховдлын цус харвалт, уртавтар тархины няцрал, цэгчилсэн цус харвалт, тархины баруун тал бөмбөлгийн зулайн, чамархайн хэсгийн хатуу хальсан дээрхи цусан хурааг авах мэс заслын дараах байдал бүхий гэмтлүүд тогтоогдлоо.

2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Талийгаач ГССҮТ-д 42 хоног эмчлэгдсэн тэл цусанд спиртийн агууламж үзэх боломжгүй.

4. Талийгаачид амьсгал бүтэлтийн шинж илрээгүй.

5. Талийгаач ГССҮТ-н №03673 тоот өвчний түүхэнд 2019.05.08-ны өдөр 13 цаг 05 мин нас барсан байна.

6. Талийгаачийн цус нь АВ IV бүлгийн харъяалалтай байна.

7, Талийгаач нь гавал тархины гэмтлийн улмаас нас баржээ.” гэх дүгнэлт /1хх-ийн 54-59/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн №961 дугаартай шинжээч эмч Ц.Оюун-Эрдэний дүгнэлтэнд:

1. Талийгаачийн цогцост гавал тархины гэмтэл, баруун чамархайн ясны шугаман хугаралл, баруун тал бөмбөлгийн суурийн урд ба дунд хэсэг, баруун тал бөмбөлгийн духны урд хэсгийн няцрал, баруун, зүүн, тал бөмбөлгийн чамархай хэсгийн аалзан хальс доор голомтлог цус харвалт, тархины хажуугийн ховдлын цус харвалт, уртавтар тархины няцрал, цэгчилсэн цус харвалт, тархины баруун тал бөмбөлгийн зулайн, чамархайн хэсгийн хатуу хальсан дээрхи цусан хурааг авах мэс заслын дараахь байдал бүхий гэмтлүүд тогтоогдсон нь амь насанд аюултай тул гэмтлийн “хүнд” зэрэгт хамаарна.

2. Талийгаачийн цогцост тогтоогдсон дээрх гэмтлүүд нь тухайн хэргийн хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой гэмтлүүд байна.

3.   Дээрх гавал тархины гэмтлийн улмаас нас барсан ба амь насыг аврах боломж багатай байжээ.” гэх дүгнэлт /1хх-ийн 96-98/,

Шинжээч эмч Ш.Цэцэгмаа мөрдөн шалгах ажилллагаанд мэдүүлэхдээ: “...Дээрх тархины гэмтлүүд нь мохоо зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр үүсэх боломжтой, зүүн өвдөгний зулгаралт гэмтэл нь тусдаа мохоо зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр үүсэх боломжтой. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн 2 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Баруун чамархай ясны шугаман хугарал, баруун тал бөмбөлгийн зулай, чамархай хэсгийн хатуу хальсан дээрх цусан хураа, баруун чамархайн дэлбэнгийн тархины эдийн няцрал, аалзан хальсан доорх цус харвалт, баруун чамархайн хуйханд зөөлөн эдийн няцрал гэмтэл нь 1 удаагийн үйлчлэлээр үүсэх боломжтой гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Зүүн өвдөгний зулгаралт гэмтэл нь дангаараа гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Дээрх гэмтэл авсны дараа тархи цусан хураанд дарагдаж, ухаан алдах хүртэлх хугацаанд үйлдэл хөдөлгөөн хийх боломжтой. Хэр хугацаанд үйлдэл хөдөлгөөн хийх нь тархины судасны гэмтсэн тоо, том жижиг судасны гэмтсэн эсэх, мөн тухайн хүний биеийн онцлогоос хамаарч янз бүр байж болно. Дээрх гэмтэл нь баруун чамархай хэсэгт цохиход үүсэх магадлал 80 хувь. Доргих үед баруун тал бөмбөлгийн зулай, чамархайн хэсгийн хатуу хальсан дээрх цусан хураа, аалзан хальсан доорх цус хуралт гэмтлүүд үүснэ. /судас гэмтсэний улмаас/. Унах болон цохих үед судас гэмтэж, дээрх цусан хураа, цус харвалт гэмтлүүд аль аль нь үүсэх боломжтой. Тархины няцрал гэмтэл нь хугарлын харалдаа байгаа учир дээрх гэмтлүүд баруун чамархай хэсэгт цохих үед үүсэх магадлал өндөртэй.” гэх мэдүүлэг /1хх-ийн 47-50/,   

Шүүх сэтгэц, эмгэг судлалын 2019 оны 05 дугаар сарын 20-ны №763 дугаартай дүгнэлтэд: 

1. Т.З нь хэрэг үйлдэх үедээ сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байсан байна.

2. Т.З нь хэрэг үйлдэх үедээ сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байсан байна. Үйлдсэн хэргийнхээ үйлдлийг зөв тайлбарлан, мэдүүлэх чадвартай байсан байна.

3. Т.З нь өөрийн үйлдлийн улмаас үүсэх үр дагаварыг ухамсарлах чадвартай байна.

4. Т.З нь хэрэг хариуцах чадвартай байна.” гэх мэдүүлэг /1хх-ийн 61-62/, 

Гэмтэл согог судлалын мэргэжлийн салбар зөвлөлийн 2019 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 028 дугаартай албан бичиг болон дүгнэлтэд:

            1. Талийгаач Т.Болотхаан нь гавал тархины хүнд хэлбэрийн гэмтэл, баруун тал бөмбөлгийн тархины эдийн хүнд хэлбэрийн няцрал, зүүн тал бөмбөлгийн чамархайн хэсгийн аалзан хальсан доорх голомтод цус харвалт, тархины хажуугийн ховдлын цус харвалт, гавлын ясны баруун талын суурийн болон орой хэсгийн хугарал, баруун тал бөмбөлгийн зулай, чамархайн хатуу хальсан дээрх цусан хурааг авах мэс заслын дараах байдал оноштойгоор ГССҮТ-д 42 хоногийн хугацаанд эмчлэгдэж байгаад нас баржээ. Анх ирэхдээ өвчтөний биеийн байдал маш хүнд, ухаангүй, гүн комын байдалтай байсан ба эмч нар амь насны заалтаар цусан хурааг авах мэс засал болон шаардлагатай эмчилгээнүүдийг хийж байсан боловч хүнд гэмтлийн улмаас нас баржээ. ГССҮТ-ийн эмч нар хийгдвэл зохих бүх эмчилгээг бүрэн хийсэн байна.

            2. Т.Болотхаан амь хохирсон нь эмч, эмнэлгийн ажилчдын буруутай үйлдэл, эс үйлдэл тогтоогдохгүй байна.

            3. Дээрх гэмтлүүд нь тухайн хэргийн хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.” гэх дүгнэлт /хх-ийн 175/, талийгаач Т.Болотхааны өвчний түүх /хх-ийн 101-137/,  эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 74/,  иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 149/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 151/, хохирол төлбөр төлсөн баримт зэрэг бичгийн нотлох баримтуудыг тус тус шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болно.

            Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалд зааснаар хэргийн оролцогч талууд шүүх хуралдаанд гэрч, хохирогч, шинжээч зэргийг шүүх хуралдаанд оролцуулах талаар хэн аль нь хүсэлт гаргаагүй тул анхан шатны шүүх өөрийн санаачилгаар оролцуулах нь хуульд заасан хөндлөнгийн байр сууринд харшилна гэж үзэж оролцуулалгүй хэргийг хянан шийдвэрлэсэн болохыг дурьдав.

            Шүүхийн хэлэлцүүлэгт өмгөөлөгч Ш.Мягмарцэрэн нь шүүгдэгч Т.Зын талийгаач Т.Болотхааныг түлхэж унагаасны улмаас нас барсан нь болгоомжгүй үйлдэл бөгөөд шүүгдэгч Т.Зын амь хохирогчийг түлхсэн үйлдэл нь санаатай боловч учирч болох хор уршигт зориуд хүргэсэн нөхцөл байдал хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдоогүй тул хайхрамжгүй хандсан гэж үзэх үндэслэлтэй байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлд зааснаар хэргийг зүйлчлэх нь зүйтэй гэж мэтгэлцсэн болно.

            Шүүх бүрэлдэхүүн гэм буруугийн шүүх хуралдаанаар шүүгдэгч Т.Зод холбогдох хэргийг хянан хэлэлцээд хавтаст хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг хуульд заасны дагуу үнэлж дүгнээд шүүгдэгч Т.Зын амь хохирогч Т.Болотхааны зүй бус үйлдлийг таслан зогсоохоор түүнийг түлхсэн үйлдэл нь санаатай байх тул хэргийн зүйлчлэлийг хуульд заасны дагуу хөнгөрүүлэн өөрчлөх үндэслэлгүй, прокуророос хэргийг зүйлчилж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон гэж дүгнэж, түүнийг гэм буруутайд тооцож шийдвэрлэсэн болно.            

Шүүгдэгч Т.З нь 2019 оны 03 дугаар сарын 27-ны өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Нарантуул олон улсын худалдааны төвийн өргөтгөлийн хэсэгт иргэн Т.Болотхааныг түлхсэний улмаас арагш контейнер мөргөж, улмаар гавал тархины гэмтэл, баруун чамархайн ясны шугаман хугарал, баруун тал бөмбөлгийн суурийн урд ба дунд хэсэг, баруун тал бөмбөлгийн духны урд хэсгийн няцрал, баруун, зүүн тал бөмбөлгийн чамархай хэсгийн аалзан хальсан доор голомтлог цус харвалт, тархины хажуугийн ховдлын цус харвалт, уртавтар тархины няцрал, цэгчилсэн цус, хальсан дээрх цусан хурааг авах мэс заслын дараах байдал бүхий гэмтлүүдийн улмаас эрүүл мэндэд нь хүнд хохирол учирч нас барсан болох нь

Гэрч Г.Зүсрэхийн: "...Тэгээд бид 2 юм яриад зогсож байтал нэг согтуу хүн орилоод тэр хавиар “Ална шүү, зодолдох хүн байна уу? Үзэх үү?” гэж орилж явсаар бид 2 дээр ирээд “зодолдох уу? Үзэх үү? Ална шүү” гээд гадуур хувцасаа тайлах оролдлого хийхээр нь Зоригоо ах “цаашаа яв” гэж хэлсэн. Тэгтэл нөгөө ах дээгүүрх хувцасны цахилгаанаа тайлаад “үзэх үү?” гэхээр нь би “та зүгээр яв” гээд хэлсэн. Тэгтэл нөгөө согтуу “үзье”  гээд цээжээ түрээд цохих оролдлого маягтай гараа өргөж бариад Зоригоо ах ухрахаар дөхөөд байсан. Тэгтэл Зоригоо ах тэр ахын цээж рүү “зүгээр яваач, ядаргаатай юм” гээд түлхтэл нөгөө согтуу ах хойшоо бөгсөөрөө унаад ардаа байсан цэнхэр контейнер толгойгоороо цохиод унасан. ...Уг нь түлхэж унагахаас өмнө тэр хавийн хүмүүс рүү орилоод ална гээд дайраад байсан. Огт юм дугарахгүй, хашаа налсан байдалтай хэвтсэн бөгөөд ямар ч хөдөлгөөн хийхгүй болохоор нь би ухаан алдчихлаа гэж бодсон..." гэсэн мэдүүлэг,

Гэрч Г.Ганбатын: "...23 цаг өнгөрч байхад өргөтгөлийн хэсгийн голд байрлах №3 дугаартай цайны газрын ертөнцийн зүгээр баруун талд, хаалга орчимд саарал өмд, цэнхэр бэлтгэлийн цамцтай хүн газар дээр хэвтэж байхаар нь хажууд нь очоод хартал шүлсээ гойжуулаад, хурхираад унтаж байсан. Би тухайн хүний зүүн мөрөн дээр гарыг нь тавиад “бос, зах тарсан” гэхэд миний үгийг сонсож байгаа ч юмгүй унтаад сэрэхгүй байхаар нь осгож магад гэж бодоод 120 дугаарт өөрийн утсаар дуудлага өгөхөд та 103-т дуудлага өг гэхээр нь мөн 103-т дуудлага өгөөд 10-15 минутад цагдаа, 103 хамт шахуу ирээд тухайн хүнийг насилкан дээр өргөөд 103 аваад явсан...” гэсэн мэдүүлэг,

Гэрч Г.Уранчимэгийн: "...надад манай хүргэн ярихдаа “би нэг түлхчихсэн чинь нөгөө хүнийх нь бие муу байна” гэж хэлж байсан. “Яагаад түлхчихсэн юм бэ? гэсэн чинь “Ална” гээд дайраад байсан юм гэж байсан. Өөр нарийн зүйл яриагүй бөгөөд одоо их сэтгэлээр уначихсан явж байна...” гэсэн мэдүүлэг,

Гэрч А.Бадмаарагийн: "...эрчимт эмчилгээний тасагт анх орж ирэхэд биеийн байдал нь хүнд, ухаангүй, комын байдалтай, яаралтай хагалгааны дараа тус тасагт орж ирсэн. Уг хүний амь насанд аюултай байсан ба анх орж ирсэн үеэсээ харьцангүй тогтвортой болсон. Анх гавал тархины хүнд гэмтэл, тархины баруун талт бөмбөлгийн хатуу хальсан доорх цусан хураа, тархины удийн цус хуралт, няцралт, аалзавч доорх цус харвалт, тархины цусан хангамжийн дутмагшил, гавлын суурь болон оройн шугаман хугарал, хатуу хальсан дээрх цусан хурааг авч тархи дарагдалт, чөлөөлөх мэс заслын дараахь байдал, элэгний хатуурал, архины хордлого, комын байдалд орсон.” гэсэн мэдүүлэг, шүүгдэгчийн мэдүүлсэн мэдүүлэг, гэрчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлтүүд болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу бэхжүүлж авсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдож байна.

Эдгээр нотлох баримт нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэв.

Прокуророос шүүгдэгч Т.Зод Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирч байна.

Иймд шүүгдэгч Т.З нь хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийн улмаас хохирогч нас барсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

Шүүгдэгч Т.З нь гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирол, төлбөрт өөрийн сайн дураар хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Т.Эрмект 2.000.000 төгрөгийг нөхөн төлсөн бөгөөд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь шүүхийн хэлэлцүүлэгт гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэж мэдүүлсэн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Шүүгдэгч Т.З нь хохирол төлбөрийг сайн дураар нөхөн төлсөн нь хуульд заасан ял хөнгөрүүлэх нөхцөл байдал бөгөөд түүнд хуульд заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ш.Мягмарцэрэн нь эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд шүүгдэгч Т.Зод Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг журамлан хуульд заасан хорих ялаас доогуур хорих ял оногдуулж өгнө үү гэж мэтгэлцсэн ба шүүх бүрэлдэхүүн  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд заасан хохирол, хор уршиг арилсан гэж үзээгүй болно.

Шүүх бүрэлдэхүүн шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн шалтгаан нөхцөл, анх удаагаа гэмт хэрэг үйлдсэн зэрэг нөхцөл байдлыг харгалзан үзэж хуульд заасан доод хэмжээгээр хорих ял оногдуулж, уг хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Т.Зыг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийн улмаас хохирогч нас барсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

  1. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар Т.Зод 5 /тав/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар Т.Зод оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

  1. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг сидиг хэрэгт хавсаргаж, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, Т.З нь урьд цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирол төлбөрт 2.000.000 төгрөг нөхөн төлсөн болохыг тус тус дурдсугай.

 

  1. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.

 

  1. Шийтгэх тогтоолд давж зааллдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл Т.Зод цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

 

 

            ДАРГАЛАГЧ ШҮҮГЧТ.ШИНЭБАЯР

 

  •                                  С.ӨСӨХБАЯР

           

  •                                                            Ц.АМАРГЭРЭЛ