Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 06 сарын 07 өдөр

Дугаар 182/ШШ2021/01240

 

2021        06          07                                           182/ШШ2021/01240

 

 

 

                                      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Б.Цолмон даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Сонгинохайрхан дүүрэг, Б.Ц -гийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: НЗдбУхз холбогдох

 

“Зорчигч тээвэр гурав” ОНӨААТҮГ-ын даргын албан тушаалд эгүүлэн тогтоолгох ажилгүй байсан хугацааны цалин хөлс, нэмэгдэлтэй тэнцэх олговорыг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай” нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч өмгөөлөгч Ц.Мөнхбат, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Золбоо нар оролцов.

                                                                                            ТОДОРХОЙЛОХ нь :

          

Нэхэмжлэгч Б.Ц шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ“...Б овогтой Ц миний бие Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2018 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн 73 дугаар тогтоолын дагуу “Зорчигч тээвэр гурав” Орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газар /ОНӨААТҮГ/ шинээр байгууллагдаж тус газрын даргаар Нийслэлийн Засаг даргын 2018 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн Б/126 дугаар захирамжаар томилогдсон билээ. Нийслэлийн Өмчийн ашиглалт, удирдлагын газартай жил бүр контракт гэрээ байгуулж ажиллаж ирсэн бөгөөд тус гэрээний үүргээ хангалттай сайн хэрэгжүүлж ирсэн.

Гэвч Нийслэлийн Засаг даргын 2020 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн Б/212 дугаар “Б.Цг ажлаас чөлөөлөх тухай” гэсэн захирамж гарсан байдаг. Тус захирамжийн хууль зүйн үндэслэл нь Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.1 дэх заалтаар “ажилтан санаачилсан” буюу намайг өөрийн хүсэлтээр ажлаа өгсөн гэжээ. Миний хувьд “Зорчигч тээвэр гурав” ОНӨААТҮГ-ын даргын ажлаа өгөх хүсэлтээ /өргөдөл/-ийг Нийслэлийн Засаг даргад огт өгөөгүй бөгөөд контрактын гэрээг өөрийн санаачилгаар цуцлуулах саналыг гаргаагүй болно.

Иймд Нийслэлийн Засаг даргын 2020 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн Б/212 дугаар бүхий захирамжийг хүчингүй болгож, “Зорчигч тээвэр гурав” ОНӨААТҮГ-ын даргын албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлс, нэмэгдэлтэй тэнцэх олговорыг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж өгнө үү”гэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Мөнхбат шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...нэхэмжлэгч Б.Ц нь Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн 2018 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн 73 тогтоолын дагуу Зорчигч тээвэр гурав ОНӨААТҮГ шинээр байгуулагдаж тус газрын даргаар Нийслэлийн Засаг даргын 2018 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн Б/126 захирамжаар томилогдсон. Нийслэлийн өмчийн ашиглалтын удирдлагын газартай жил бүр гэрээ байгуулан ажиллаж ирсэн. Тус гэрээний үүргээ хангалттай сайн хэрэгжүүлж байсан. Гэвч Нийслэлийн  Засаг даргын 2020 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн Б/212 дугаар Б.Цг “ажлаас халах тухай” гэсэн захирамж гарсан. Тус захирамжийн хууль зүйн үндэслэл нь Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, өөрийн хүсэлтээр ажлаа өгсөн гэж тусгасан байсан. Б.Цгийн хувьд Зорчигч тээвэр гурав ОНӨААТҮГ-ын газрын даргын ажлаас гарах тухай өргөдөл, хүсэлтээ бичгээр болон амаар гаргаж байгаагүй. Контрактын гэрээг өөрийн хүсэлтээр цуцлуулах тухай санал гаргаж байгаагүй болно. Иймд ажлаас үндэслэлгүй халагдсан гэж үзэж байна. Хөдөлмөрийн тухай 39 дүгээр зүйлийн 39.1, 39.2-т ажилтан өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдөх хүсэлтийг зохицуулсан байдаг.

Монгол Улсын дээд шүүхийн 2006 оны 33 дугаар тогтоол дээр өргөдлийг заавал бичгээр гаргасан байхыг шаардаж байгаа, өнгөрсөн шүүх хуралдаан дээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбараар Б.Ц нь Нийслэлийн Засаг даргад ажлаа өгөх талаар амаар болон бичгээр мэдэгдэж байгаагүй гэдэг тайлбараа үгүйсгээгүй, хүлээн зөвшөөрсөн байдаг. Б.Ц нь ямар нэгэн байдлаар бичгээр өргөдөл өгөөгүй гэдгийг хүлээн зөвшөөрсөн байдаг. Ийм учраас ажлаас үндэслэлгүй халагдсан гэж үзэж байна. Иймд Зорчигч тээвэр гурав ОНӨААТҮГ-ын даргын албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлс нэмэгдэлтэй тэнцэх олговрыг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Нэхэмжлэлийг шаардлагыг бүхэлд хангаж өгнө үү”гэв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Мөнхдөл шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “...маргаан бүхий актыг Нийслэлийн Засаг дарга батлан гаргахдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.8, 38.1.1, 39.2 дахь заалтуудыг тус тус үндэслэн ажил олгогч Нийслэлийн Засаг даргаас ажлаас чөлөөлсөн шийдвэрийг баталсан. Мөн тухайн нэхэмжлэгч нь тухайн албан тушаалд тавигдах хууль, ёсны шаардлагыг хангаагүй, удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг хангалтгүй биелүүлсэн зэрэг үндэслэлээр ажлаас чөлөөлсөн тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

 

           Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад

                                                                                                      ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Б.Ц хариуцагч НЗд холбогдуулан Зорчигч тээвэр гурав ОНӨААТҮГ-ын даргын албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлс нэмэгдэлтэй тэнцэх олговрыг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай  шаардлага гаргажээ.

 

НЗд 2018 оны 04 сарын 05-ны өдрийн Б/126 тоот захирамжаар Б.Цг Нийслэлийн Зорчигч тээвэр гурав ОНӨААТҮГ-ын даргаар томилсон, ажил олгогч болон ажилтан нарын хооронд 2020 оны 08 сарын 27-ны өдрийн 13/2020 дугаартай контракт байгуулсан байна.

 

Контрактын гэрээний 7 дугаар зүйлд контракт цуцлах үндэслэлийн 7.2.3-д захирлын өөрийн хүсэлтээр дуусгавар болно гэж заажээ.

 

НЗд 2020 оны 11 сарын 27-ны өдрийн Б/212 тоот захирамжаар Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.8, 38 дугаар зүйлийн 38.1.1, 39 дүгээр зүйлийн 39.2-д зааснаар Б.Цг Нийслэлийн Зорчигч тээвэр гурав ОНӨААТҮГ-ын даргын үүрэгт ажлаас чөлөөлжээ.

Контрактын гэрээ хөдөлмөрийн гэрээний нэг төрөл болохын хувьд гэрээ цуцлах тохиолдолд Хөдөлмөрийн тухай хуульд заасан үндэслэлийг баримтлах бөгөөд дээрх Б/212 дугаар захирамжид Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.8, 38 дугаар зүйлийн 38.1.1, 39 дүгээр зүйлийн 39.2-д заасныг баримталсан нь ажилтаны санаачлагаар цуцалсан гэж үзэхээр байна.

Мөн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь ажилтантай байгуулсан контрактын гэрээг ажилтаны хүсэлтээр цуцалсан гэх тайлбараар тогтоогдож байна.  /шүүх хуралдааны тэмдэглэл хх85-88/  

Ажилтан өөрийн хүсэлтээр хөдөлмөрийн гэрээ цуцлах үндэслэл нь  ажил олгогчийн шахалт шаардлага, зүй бус нөлөөлөл зэрэг хөндлөнгийн оролцоогүйгээр хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай зөвхөн өөрийн хүсэл зоригийн дагуу, сайн дурын үндсэн дээр бичгээр гаргасан хүсэлтийг ажил олгогчид гаргаснаар тэдгээрийн хооронд байгуулагдсан гэрээ цуцлагдана.

Шүүх хуралдаанаар хэлэлцсэн баримт болон зохигч талуудын гаргасан тайлбараар нэхэмжлэгч Б.Ц нь контрактын гэрээг өөрийн хүсэлтээр цуцлах тухай хүсэлтээ ажил олгогчид бичгээр гаргаагүй болох нь тогтоогдож байна.

Иймд ажилтаны санаачлагаар контрактын гэрээг цуцалсан Нийслэлийн засаг даргын захирамж үндэслэлгүй байх тул нэхэмжлэгч Б.Цг урд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрыг шүүхийн шийдвэр гарах хүртэл хугацаанд олгох нь зүйтэй байна.

Нэхэмжлэгч нь 2020 оны 11 сарын 27-ны өдрийн захирамжид гаргасан гомдлыг 2020 оны 12  сарын 25-ны өдөр шууданд хийсэн болох нь шуудангийн тэмдэгээр тогтоогдож байх тул гомдол гаргах хугацаа хэтрүүлээгүй байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн  69.1.Энэ хуулийн 36.1.2-т заасны дагуу ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор, хэрэв бага цалинтай ажил хийж байсан бол зөрүүтэй тэнцэх олговрыг олгоно гэж заажээ.

Ажилтаны дундаж цалин хөлсийг тодорхойлохдоо Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 55 дугаар тушаалын хавсралтад зааснаар тооцох бөгөөд Б.Цгийн 1418983 тоот нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар, хур системээс гаргасан лавлагааг үндэслэн дундаж цалин хөлсийг тооцож, ажлаас чөлөөлсөн өдрөөс шүүхийн шийдвэр гарах өдөр хүртэл хугацаанд буюу ажилгүй байсан 128 хоногийн цалин хөлсний олговор 11 004 288 төгрөгийг гаргуулж, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-т “Ажил олгогч хөдөлмөрийн гэрээ байгуулсан өдрөөс эхлэн ажилтанд нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэр нээж, түүнд зохих журмын дагуу сар тутам шимтгэл, хураамж төлсөн тухай бичилт хийх үүрэгтэй” гэж зааснаар Б.Цгийн эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг хариуцагч Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчид даалгах нь зүйтэй байна.

 

           Шүүх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Мөнхдөлд 2021 оны 6 дугаар сарын 07-ны өдөр товлон зарлагдсан шүүх хуралдааны товыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.2-д заасан журмын дагуу мэдэгдсэн ба нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан хүсэлтийн дагуу мөн хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар хариуцагчийг эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болохыг дурьдаж байна.  

 

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар гомдлоор авч хэлэлцэх хэргийн нэхэмжлэл болон түүнд холбогдох бусад шаардлага нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх бөгөөд нэхэмжлэгч Б.Цгийн нэхэмжлэлийг шүүх хангаж шийдвэрлэж байгаа тул хариуцагч Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчаас улсын тэмдэгтийн хураамжийг нэхэмжлэлийн шаардлага тус бүрээр Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т заасантай нийцүүлэн 191 019 төгрөгийг гаргуулж, Төрийн сангийн орлогод оруулах нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон           

         ТОГТООХ нь:

 

  1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар Б.Цг “Улаанбаатар зам, засвар арчлалтын газар” ОНӨААТҮГ-ын даргын ажилд эгүүлэн тогтоож, Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчаас 11 004 288 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.Цд олгосугай.
  2. Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1-д зааснаар Б.Цгийн эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг хариуцагч Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчид даалгасугай. 
  3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч Б.Ц нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурьдаж, хариуцагч Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчаас улсын тэмдэгтийн хураамжид 191 019 төгрөг гаргуулж, улсын орлогод оруулсугай
  4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

                               

                       ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                              Б.Ц