Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 08 сарын 02 өдөр

Дугаар 210/МА2021/01184

 

2021 оны 08 сарын 02 өдөр

Дугаар 210/МА2021/01184

 

 

Б.Ц-гийн нэхэмжлэлтэй иргэний

хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч Э.Золзаяа, Н.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн 182/ШШ2021/01240 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч Б.Ц-гийн нэхэмжлэлтэй, хариуцагч НЗД бөгөөд УБ ХЗ-ид холбогдох,

Зорчигч тээвэр гурав ОНӨААТҮГ-ын даргын албан тушаалд эгүүлэн тогтоолгох ажилгүй байсан хугацааны цалин хөлс, нэмэгдэлтэй тэнцэх олговорыг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Н.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Буянхишиг нар оролцов.

Нэхэмжлэгч Б.Ц- шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ...Б.Ц- миний бие Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2018 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн 73 дугаар тогтоолын дагуу Зорчигч тээвэр гурав ОНӨААТҮГ шинээр байгууллагдаж тус газрын даргаар Нийслэлийн Засаг даргын 2018 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн Б/126 дугаар захирамжаар томилогдсон. Нийслэлийн Өмчийн ашиглалт, удирдлагын газартай жил бүр контракт гэрээ байгуулсан бөгөөд тус гэрээний үүргээ хангалттай хэрэгжүүлсэн. Гэвч Нийслэлийн Засаг даргын 2020 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн Б/212 дугаар ажлаас чөлөөлөх тухай гэсэн захирамж гарсан. Тус захирамжийн үндэслэл нь Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.1-т зааснаар ажилтан санаачилсан буюу өөрийнх нь хүсэлтээр ажлаа өгсөн гэжээ. Миний хувьд Зорчигч тээвэр гурав ОНӨААТҮГ-ын даргын ажлаа өгөх хүсэлтийг Нийслэлийн Засаг даргад огт өгөөгүй бөгөөд контрактын гэрээг өөрийн санаачилгаар цуцлуулах саналыг гаргаагүй болно. Иймд Нийслэлийн Засаг даргын 2020 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн Б/212 дугаар бүхий захирамжийг хүчингүй болгож, Зорчигч тээвэр гурав ОНӨААТҮГ-ын даргын албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлс, нэмэгдэлтэй тэнцэх олговорыг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.М шүүхэд гаргасан тайлбартаа:

Тухайн маргаан бүхий актыг Нийслэлийн Засаг дарга батлан гаргахдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.8, 38 дугаар зүйлийн 38.1.1, 39 дүгээр зүйлийн 39.2 дахь заалтуудыг тус тус үндэслэн ажил олгогч ажлаас чөлөөлсөн. Мөн нэхэмжлэгч нь тухайн албан тушаалд тавигдах хууль ёсны шаардлагыг хангаагүй, удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг хангалтгүй биелүүлсэн зэрэг үндэслэлээр ажлаас чөлөөлсөн тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар Б.Ц-г Улаанбаатар зам, засвар арчлалтын газар ОНӨААТҮГ-ын даргын ажилд эгүүлэн тогтоож, НЗД бөгөөд УБ ХЗ-аас 9 529 753 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.Ц-д олгож,

Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1 дэх хэсэгт үааснаар Б.Ц-гийн эрүүл мэнд болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичит хийлгэхийг хариуцагч Нийслэлийн засаг бөгөөд Улаанбаатар хотын захирагчид дуулгаж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч Б.Ц- нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч НЗД бөгөөд УБ ХЗ-аас улсын тэмдэгтийн хураамжид 191 019 төгрөг гаргуулж улсын орлогод оруулж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.М давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэргийн оролцогчийн шүүх хуралдаанд оролцох эрхийг хангаагүй, шүүх хуралдааны товыг хуульд зааснаар мэдэгдээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хүсэлт гаргах эрхээ эдлэх боломжийг хязгаарласан. Өөрөөр хэлбэл, шүүх хуралдааны товыг мэдэгдэх, хэргийн оролцогчийн мэтгэлцэх, талуудын тэгш эрхийн зарчмыг хангаагүй. Мөн шүүх хуралдааны өдөр утсаар холбогдож мэдэгдсэн, хариуцагчийн эзгүйд шийдвэрлүүлэх нэхэмжлэгчийн хүсэлтийг үндэслэн хэргийг шийдвэрлэсэн талаар дурдсан. Гэтэл нэхэмжлэгчээс хариуцагчийн эзгүйд хэргийг шийдвэрлүүлэх хүсэлт бичгээр гаргаагүй. Шүүгч захирамж гаргалгүйгээр шүүх хуралдааныг явуулсан. Шүүх хуралдаан хойшилсон захирамжийг танилцуулаагүй, захирамжийн хэрэгжилт биелэх боломж олгоогүй. Энэ маргаанд шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хийгдэх ёстой байсан ажиллагаануудын нэг болох үзлэг хийх нөхцөл байдал байгааг харгалзан үзээгүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт тус тус зааснаар үнэлж талуудын хооронд үүссэн маргаанд хамаарах хуулийн зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн боловч нэхэмжлэгчийг ажилд эгүүлэн тогтоохдоо ажил олгогч байгууллагын нэрийг буруу бичсэн байгааг зөвтгөж шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

Нэхэмжлэгч Б.Ц- нь хариуцагч НЗД бөгөөд УБ ХЗ-ид холбогдуулан Зорчигч тээвэр гурав ОНӨААТҮГ-ын даргын албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Б.Ц- нь 2018 оны 7 дугаар сарын 05-ны өдрөөс Зорчигч тээвэр гурав ОНӨААТҮГ-ын даргаар ажиллаж байгаад НЗД бөгөөд УБ ХЗ-ийн 2020 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн Б/212 дугаар захирамжаар Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.8, 38 дугаар зүйлийн 38.1.1, 39 дүгээр зүйлийн 39.2 дахь хэсэгт тус тус заасныг үндэслэн түүнийг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн байна. /хх-5-6/

Нэхэмжлэгч Б.Ц- нь ажил олгогчийн дээрх захирамжийг эс зөвшөөрч 2020 оны 12 дугаар сарын 25-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2 дахь хэсэгт заасан хугацааг хэтрүүлээгүй талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй. Б.Ц- нь Нийслэлийн Засаг бөгөөд Улаанбаатар хотын захирагчтай 2020 оны 8 дугаар сарын 27-ны өдөр контрактын гэрээ байгуулсан болох нь талуудын тайлбараар тогтоогдсон, гэрээ байгуулагдсан талаар зохигч маргаагүй, гэрээний заалтыг тушаалын үндэслэл болгоогүй байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.1-т ажилтан санаачилсан бол хөдөлмөрийн гэрээг цуцлах талаар зохицуулсан. Гэвч ажилтан Б.Ц- нь ажил олгогч НЗД бөгөөд УБ ХЗ-тай байгуулсан контрактын гэрээг цуцлах талаар өөрөө санал гаргасан гэх байдал хэргийн баримтаар тогтоогдоогүй, хариуцагч нь тушаалын үндэслэл болон шүүхэд гаргасан тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нотлоогүй байна. Энэ талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт хууль зүйн үндэслэлтэй болжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь ...нэхэмжлэгч нь тухайн албан тушаалд тавигдах хууль ёсны шаардлагыг хангаагүй, удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг хангалтгүй биелүүлсэн гэж тайлбарласан боловч нэхэмжлэгч Б.Ц-г ажлаас чөлөөлсөн тушаалд эдгээр үндэслэлийг заагаагүй байх тул хариуцагчийн гаргасан энэ талаарх тайлбар, татгалзал үндэслэлгүй буюу анхан шатны шүүх ажил олгогчийн гаргасан тушаалын хүрээнд үндэслэл бүхий дүгнэлт хийсэн байна.

Иймд анхан шатны шүүх нэхэмжлэгч Б.Ц-г урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоож, хариуцагчаас ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор 9 529 753 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож, түүний эрүүл мэнд болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичит хийлгэхийг хариуцагчид шийдвэрлэсэн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1, 46 дугаар зүйлийн 46.2 дахь хэсэгт заасантай нийцсэн.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч 2021 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн шүүх хуралдаанд өмгөөлөгч авах хүсэлт гаргасны дагуу анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн 182/ШЗ2021/04440 дугаар захирамжаар шүүх хуралдааныг 2021 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн 15 цаг 00 минут хүртэл хугацаагаар хойшлуулсан байна. /хх-99-102/

Анхан шатны шүүхээс 2021 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн шүүх хуралдааны товыг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид түүний 99185162 дугаар утсаар мэдэгдсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.2 дахь хэсэгт нийцжээ.

Мөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 76 дугаар зүйлийн 76.2 дахь хэсэгт заасны дагуу хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүх хуралдааны товыг шүүхээс лавлах үүрэгтэй. Иймд анхан шатны шүүх нэхэмжлэгчийн хүсэлтийг үндэслэн хариуцагчийн эзгүйд хэргийг шийдвэрлэсэн мөн хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт нийцсэн тул шүүх хуралдааны товыг мэдэгдэх, ...хэргийн оролцогчийн мэтгэлцэх, талуудын тэгш эрхийн зарчмыг хангаагүй... гэсэн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдол үндэслэлгүй.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь давж заалдах шатны шүүх хуралдаанд ...контрактын гэрээ хэргийн баримтаас хассан... гэж тайлбарлаж байх боловч уг байдал хэргийн баримтаар тогтоогдоогүй, энэ талаар бичгээр гаргасан давж заалдах гомдолдоо заагаагүй, түүнчлэн хариуцагч талаас өөрийн татгалзлал тайлбартаа контрактын гэрээг нотлох баримтаар хавсаргаж өгөөгүй талууд контрактын гэрээ байгуулагдсан эсэх талаар маргаагүй болно.

Харин шүүх нэхэмжлэгчийг ажилд эгүүлэн тогтоохдоо ажил олгогч байгууллагын нэрийг буруу бичсэн байгааг залруулж шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн 182/ШШ2021/01240 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын ... Улаанбаатар зам, засвар арчлалтын газар ОНӨААТҮГ... гэснийг ... Зорчигч тээвэр гурав ОНӨААТҮГ ... гэж өөрчилж шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч НЗД бөгөөд УБ ХЗ- нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт тус тус зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.ИЧИНХОРЛОО

ШҮҮГЧИД Э.ЗОЛЗАЯА

Н.БАТЗОРИГ