Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 06 сарын 20 өдөр

Дугаар 128/ШШ2022/0484

 

 

  

 

 

     2022           06           20                                        128/ШШ2022/0484

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

          Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Адъяасүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 5 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: М-Э ХХК

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.Б,

Хариуцагч: Гаалийн ерөнхий газрын дарга,

Хариуцагч: Гаалийн ерөнхий газрын Мэргэжлийн зөвлөл,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Ч.Т,

Гуравдагч этгээд: А Л ХХК

          Гуравдагч этгээдийн  итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ж,

          Гуравдагч этгээдийн өмгөөлөгч Ж.Энарын хооронд “А Л ХХК-д гаалийн баталгаат агуулахын зөвшөөрөл олгосон Гаалийн ерөнхий газрын Мэргэжлийн зөвлөлийн хуралдааны 2019 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн 03/05 дугаар шийдвэрийг, Гаалийн ерөнхий газрын даргын 2019 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн Гаалийн нээлттэй түр агуулахаар зарлах тухай А/140 дугаар тушаалыг тус тус хүчингүй болгуулах” шаардлага бүхий М-Э ХХК-ийн нэхэмжлэлтэй маргааныг хянан хэлэлцэв.

          Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Т, гуравдагч этгээдийн  итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ж, өмгөөлөгч Ж.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Цэвэлмаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

          1.Нэхэмжлэгч М-Э ХХК нь Гаалийн ерөнхий газрын дарга, Гаалийн ерөнхий газрын Мэргэжлийн зөвлөлд холбогдуулан А Л ХХК-д гаалийн баталгаат агуулахын зөвшөөрөл олгосон Гаалийн ерөнхий газрын Мэргэжлийн зөвлөлийн хуралдааны 2019 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн 03/05 дугаар шийдвэрийг, Гаалийн ерөнхий газрын даргын 2019 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн Гаалийн нээлттэй түр агуулахаар зарлах тухай А/140 дугаар тушаалыг тус тус хүчингүй болгуулахаар маргасан.

          2.Гаалийн ерөнхий газрын Мэргэжлийн зөвлөлийн хуралдааны 2019 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн 03/05 дугаар тэмдэглэлээр А Л ХХК-ийн нийт 1200 м.кв бүхий 2 агуулахад гаалийн түр агуулахын үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл олгох асуудлыг хэлэлцсэн.

          Үүний дагуу Гаалийн ерөнхий газрын даргын 2019 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн А/140 дүгээр тушаалаар А Л ХХК-ийн тус бүр 600 м.кв, нийт 1200 м.кв 2 агуулахыг нэг жилийн хугацаатайгаар гаалийн түр агуулахын зориулалтаар үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл олгожээ.

          3.Нэхэмжлэгч М-Э ХХК-иас Гаалийн ерөнхий газрын Мэргэжлийн зөвлөл холбогдуулан тус шүүхэд 2019 оны 6 дугаар сарын 07-ны өдөр гаргасан “А Л ХХК-д гаалийн баталгаат агуулахын зөвшөөрөл олгосон Гаалийн ерөнхий газрын Мэргэжлийн зөвлөлийн хуралдааны 2019 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн 03/05 дугаар шийдвэрийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлээр захиргааны хэрэг үүсгэж, 2019 оны 8 дугаар сарын 30-ны өдөр гаргасан “Гаалийн ерөнхий газрын даргын 2019 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн Гаалийн нээлттэй түр агуулахаар зарлах тухай А/140 дугаар тушаалыг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэмэгдүүлсэн шаардлагын хүрээнд 2019 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн шүүгчийн захирамжаар Гаалийн ерөнхий газрын даргыг хамтран хариуцагчаар татан оролцуулсан байна.

          4.Нэхэмжлэгч М-Э ХХК нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

          “М-Э ХХК нь Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Амгалан өртөөний урд байранд М-Эын чиглэлээр үйл ажиллагааг явуулдаг болно.

          Манай компанийн зэргэлдээ орших Б ХХК нь манай эзэмшилд байсан газрыг хууль бусаар булааж авсан болон орц, гарцын хэсгийг хаасан асуудлаар Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд захиргааны хэрэг үүсгэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байгаа бөгөөд Б ХХК болон А Л ХХК-иуд нь хамтран маргаан бүхий газарт гаалийн баталгаат агуулахын зөвшөөрөл хүссэний дагуу Гаалийн ерөнхий газрын Мэргэжлийн зөвлөлийн хуралдааны 2019 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн № 03/05 тоот шийдвэрээр гаалийн баталгаат агуулахын зөвшөөрөл олгохоор шийдвэрлэснийг Гаалийн ерөнхий газрын Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хүргүүлсэн 2019 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн № 01-3/1380 тоот албан бичгээс олж мэдлээ.

          М-Э ХХК нь тус гаалийн баталгаат агуулахын зөвшөөрөл олгохтой холбогдсон харилцаанд гуравдагч этгээдээр оролцох, гаалийн баталгаат агуулахын зөвшөөрөл олгох эсэхийг түр хугацаагаар түдгэлзүүлэх, гаалийн баталгаат агуулахын зөвшөөрөл хүссэн талбай нь шүүхийн маргаантай байгаа асуудлаар тус тус Гаалийн ерөнхий газарт удаа дараа хандаж албан бичиг, гомдол, хүсэлт, мэдэгдлүүдийг гаргасан.

          Дээрх хүсэлт, гомдлуудыг хүлээн авалгүйгээр манай эрх, хууль ёсны ашиг сонирхлыг ноцтой зөрчиж Б ХХК, А Л ХХК-иудад гаалийн баталгаат агуулахын зөвшөөрөл олгосонд нь харамсаж байна.

          Мөн манай компанийн 2019 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн А/36 дугаар албан бичгээр Гаалийн ерөнхий газрын даргад хандан Гаалийн ерөнхий газрын Мэргэжлийн зөвлөлийн 2019 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн шийдвэрийн А Л ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгож өгөхийг хүссэн гомдлыг гаргасан боловч бидний хүсэлтэд татгалзсан хариуг Гаалийн ерөнхий газрын 2019 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн 01-1/1565 тоот албан бичгээр өгсөн байна.

          Бидний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгийн ихээр зөрчиж байгаа зүйл бол бараа, бүтээгдэхүүнээ зөөвөрлөдөг хэсэг буюу бидний орц, гарцын хэсгийг хаасан талбайд гаалийн баталгаат агуулахын зөвшөөрөл олгосон нь өдөр тутмын үйл ажиллагааг маань догодлуулах сөрөг үр дагаварт хүргээд байна.

          ...Манай компани нь А Л ХХК-д гаалийн баталгаат агуулахын зөвшөөрөл олгох гэж буй газар нь шүүхэд маргаантай байгаа асуудлаар Гаалийн ерөнхий газарт удаа дараа хандсан боловч тодорхой хариу өгөөгүй билээ.

          Мөн гаалийн баталгаат агуулахын зөвшөөрөл олгосонтой холбоотойгоор шүүхэд маргаантай байхад дахин шинэ шийдвэр гаргаж, хэргийг түргэн, шуурхай шийдвэрлэхэд саад учруулж байгаа нь манай хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг ноцтой зөрчихөд хүргээд байна.

          Нөгөөтэйгүүр Гаалийн ерөнхий газрын даргын 2019 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн “Гаалийн нээлттэй түр агуулахаар зарлах тухай” А/140 тоот тушаал гарсантай холбоотойгоор А Л ХХК нь маргаан бүхий талбайд олон тооны контейнер, тоног төхөөрөмж байрлуулсан нь манай компанийн өдөр тутмын хэвийн үйл ажиллагаа алдагдуулах нөхцөл байдалд хүргээд байна. гэв.

          5.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд  гаргасан тайлбартаа:

          “Гаалийн ерөнхий газрын Мэргэжлийн зөвлөл 2019 оны 3 дугаар сарын 19-ний өдөр хуралдан А Л ХХК-ийн хүсэлтийг хэлэлцэн ярилцсан. Тус компани гаалийн түр агуулахын зөвшөөрөл хүссэн өргөдөл, хүсэлтийг Гаалийн ерөнхий газарт гарган өгсөн бөгөөд тус өргөдөл хүсэлт, хавсаргасан материал нь Гаалийн тухай хуульд нийцэж буй эсэхийг Гаалийн ерөнхий газрын Мэргэжлийн зөвлөл хянаж, тус компаний хүсэлт, өргөдөл, хавсаргасан материал нь Гаалийн тухай хуульд нийцэж байна гэсэн шийдэлд хүрсэн. Гэвч тус шийдэл нь Гаалийн байгууллага болон Гаалийн ерөнхий газрын даргын тушаалаар баталгаажсан шийдвэр юм. Өөрөөр хэлбэл Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.4 дэх хэсэгт заасны дагуу аливаа шийдвэр нь Гаалийн ерөнхий газрын даргын тушаалаар баталгаажиж гардаг.

           А Л ХХК нь Гаалийн нээлттэй түр агуулахын үйл ажиллагаа эрхлэхээр Гаалийн ерөнхий газарт хандсан бөгөөд Монгол Улсад бүртгэлтэй ямар ч аж ахуй нэгж байгууллага энэ эрхийг эдлэн гаалийн байгууллагад хандах эрхтэй байдаг. Тухайн аж ахуй нэгжийн Гаалийн байгууллагад хандан гаргасан хүсэлт болон түүнд дагалдуулан өгсөн бичиг баримт нь Гаалийн тухай хуулийн дагуу тавигдах шаардлагыг хангаж, аливаа хууль тогтоомж зөрчөөгүй байсан учир Гаалийн ерөнхий газрын даргын 2019 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн А/140 дугаар Гаалийн нээлттэй түр агуулахаар зарлах тухай тушаал батлагдан гарсан.

          Нэхэмжлэгч талын нэхэмжлэлд дурдсан газар эзэмших эрхийн маргаантай асуудал нь Гаалийн байгууллагын үйл ажиллагаанд хамааралгүй бөгөөд Гаалийн байгууллагад бүрдүүлэн өгсөн А Л ХХК-ийн газар эзэмших эрхийн гэрчилгээ болон газар эзэмших гэрээний субъект нь А Л ХХК мөн байсан тул дээрх тушаал гарсан.” гэв.

          6.Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан тайлбартаа:

          “А Л ХХК нь Баянзүрх дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Б ХХК-ийн өмчлөлийн газарт гаалийн түр агуулахын үйл ажиллагаа явуулахаар холбогдох хууль, журам, дүрэмд заасны дагуу материалыг бүрдүүлж Гаалийн ерөнхий газарт хандаж хүсэлт гаргасныг хүлээн авч 2019 оны 3 дугаар сарын 19-ний өдөр Гаалийн ерөнхий газрын мэргэжлийн зөвлөл хуралдаж шийдвэр гаргасан.” гэв.

          7.Гуравдагч этгээдийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь нэхэмжлэлдээ нэхэмжлэгчийн хууль ёсны эрх, ашиг сонирхол хэрхэн яаж зөрчигдөж, яаж хохирч буй асуудлаар ямарч үндэслэл, нотлох баримтыг гаргаж нотолж чадаагүй байна. Маргаан бүхий захиргааны актын талаар хэдийд олж мэдсэн, хууль зүйн ямар үндэслэлээр хүчингүй болгуулах шаардлага тавьж буй нь ойлгомжгүй, тодорхой биш байна.” гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

1.М-Э ХХК-ийн гаргасан А Л ХХК-д гаалийн баталгаат агуулахын зөвшөөрөл олгосон Гаалийн ерөнхий газрын Мэргэжлийн зөвлөлийн хуралдааны 2019 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн 03/05 дугаар шийдвэрийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, Гаалийн ерөнхий газрын даргын 2019 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн Гаалийн нээлттэй түр агуулахаар зарлах тухай А/140 дугаар тушаалыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

2.Нэхэмжлэгч нь А Л ХХК-д гаалийн баталгаат агуулахын үйл ажиллагааны зөвшөөрлийг авснаас манай компанийн гадаад улсад М-Элох, төмөр замын тээврээр мах тээвэрлэх боломжгүй болсон, Гаалийн ерөнхий газрын даргын 2019 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн Гаалийн нээлттэй түр агуулахаар зарлах тухай А/140 дугаар тушаалыг мэдэгдээгүй  гэх үндэслэлээр маргасан.

          3.Хэрэгт авагдсан нотлох баримтаар нэхэмжлэлийг хангах үндэслэл тогтоогдсонгүй.

Нэг. Гаалийн ерөнхий газрын Мэргэжлийн зөвлөлийн хуралдааны 2019 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн 03/05 дугаар тэмдэглэлийг хүчингүй болгуулах шаардлагын тухайд:

4. Гаалийн ерөнхий газрын Мэргэжлийн зөвлөлийн 2019 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн хуралдаанаар “...А Л ХХК-ийн урт хугацааны менежментийн гэрээгээр эзэмшиж буй 18800 мкв талбайд 1 жилийн хугацаатай гаалийн хяналтын бүсийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл олгох, тухайн байршил дахь нийт 1200 м.кв бүхий 2 агуулахад гаалийн түр агуулахын үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл олгох” асуудлыг хэлэлцсэн нь 03/05 дугаар тэмдэглэлд тусгагджээ.

5.Нэхэмжлэгчийн гаргасан Гаалийн ерөнхий газрын Мэргэжлийн зөвлөлийн хуралдааны 2019 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн 03/05 дугаар тэмдэглэлийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд дүгнэлт хийхэд нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэл тогтоогдож байна.

6.Учир нь: Нэхэмжлэгчийн хүчингүй болгуулахаар маргаж буй Гаалийн ерөнхий газрын Мэргэжлийн зөвлөлийн хуралдааны 2019 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн 03/05 дугаар тэмдэглэл нь Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д “Захиргааны акт гэж захиргааны байгууллагаас зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанаас бусад тодорхой нэг тохиолдлыг зохицуулахаар нийтийн эрх зүйн хүрээнд гадагш чиглэсэн, эрх зүйн шууд үр дагавар бий болгосон амаар, бичгээр гаргасан захирамжилсан шийдвэр болон үйл ажиллагааг ойлгоно” гэж заасан захиргааны актын шинжийг агуулаагүй.

7.Тодруулбал, Гаалийн ерөнхий газрын Мэргэжлийн зөвлөлийн хуралдааны 2019 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн 03/05 дугаар тэмдэглэл нь шууд дангаараа эрх зүйн үр дагавар үүсгэх боломжгүй. Уг хэлэлцсэн асуудлыг Гаалийн ерөнхий газрын даргын 2019 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн А/140 дүгээр тушаалаар А Л ХХК-ийн тус бүр 600 мкв, нийт 1200 мкв 2 агуулахыг нэг жилийн хугацаатайгаар гаалийн түр агуулахын зориулалтаар үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл олгохоор шийдвэрлэсэн. /нэхэмжлэгчээс хүчингүй болгуулахаар маргаж байгаа./

8.Харин Мэргэжлийн зөвлөлийн 2019 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн хуралдаанаар хэлэлцсэн “А Л ХХК-д 18800 мкв талбайд 1 жилийн хугацаатай гаалийн хяналтын бүсийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл олгох” асуудлыг Гаалийн ерөнхий газрын даргын тушаалаар шийдвэрлэсэн талаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд тайлбарласан бөгөөд нэхэмжлэгч уг шийдвэртэй маргаагүй болохыг дурдах нь зүйтэй.

9.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1-д “Шүүгч дараахь тохиолдолд нэхэмжлэл хүлээн авахаас татгалзана” 54 дүгээр зүйлийн 54.1.1-т ”Захиргааны хэргийн шүүхийн харьяаллын бус”, 109 дүгээр зүйлийн 109.2-т “Энэ хуулийн 54.1-д заасан үндэслэл хэргийг хянан шийдвэрлэх явцад, эсхүл шүүх хуралдааны үед тогтоогдвол шүүгч, шүүх бүрэлдэхүүн хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзана” гэж заасан.

10.Иймд Гаалийн ерөнхий газрын Мэргэжлийн зөвлөлийн хуралдааны 2019 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн 03/05 дугаар тэмдэглэлийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Хоёр.Гаалийн ерөнхий газрын даргын 2019 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн Гаалийн нээлттэй түр агуулахаар зарлах тухай А/140 дугаар тушаалыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагын тухайд.

11.Гуравдагч этгээд А Л ХХК нь Б ХХК-ийн эзэмшлийн газрыг /нийслэлийн Засаг даргын 1997 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 03, 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн А/923, 2018 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн А/954 дүгээр захирамжаар/  Эд хөрөнгийг онцгой эрхтэйгээр эзэмшүүлэх, ашиглуулах гэрээний дагуу ашигладаг байна.

12.Дээрх газрыг Б ХХК-д эзэмшүүлсэн шийдвэрийг хүчингүй болгуулахаар М-Э ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийг тус шүүхийн 2021 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 0094 дүгээр шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн 241 дүгээр магадлалаар хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн нь хүчин төгөлдөр болжээ.

13.Гаалийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д “Түр агуулах нь битүү агуулах байр, эсхүл задгай талбай байж болно.”, 40.2-т ”Түр агуулахыг гаалийн хяналтын бүсэд тооцно.”, 49 дүгээр зүйлийн 49.1-д “Түр агуулах ажиллуулах зөвшөөрлийг гаалийн удирдах төв байгууллага Монгол Улсын хуулийн этгээдэд 1 жилийн хугацаагаар олгож, нийтэд мэдээлнэ.” гэж заасан.

            14.Гаалийн ерөнхий газрын даргын 2019 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн А/140 дүгээр тушаалаар гуравдагч этгээд А Л ХХК-д тус бүр 600 мкв бүхий 2 битүү агуулахыг нэг жилийн хугацаатайгаар гаалийн нээлттэй түр агуулахаар ажиллуулах зөвшөөрлийг олгосон нь дээрх хуульд заасныг зөрчөөгүй, нэхэмжлэгч М-Э ХХК-ийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй байна.

            15.Энэхүү зөвшөөрлийг нэг жилийн хугацаагаар олгосон бөгөөд уг зөвшөөрлийг сунгасан шийдвэртэй нэхэмжлэгч маргаагүй болно.

            Түүнчлэн М-Э ХХК нь Гаалийн ерөнхий газарт аливаа тусгай зөвшөөрөл авах хүсэлт гаргаж байгаагүй, Гаалийн ерөнхий газартай эрх зүйн харилцаанд ороогүй тул А Л ХХК-д гаалийн нээлттэй түр агуулах ажиллуулах зөвшөөрлийг олгосон шийдвэрийг М-Э ХХК-д мэдэгдэх үүрэг хүлээхгүй.

           16.Эдгээр нөхцөл байдлуудыг дүгнээд нэхэмжлэгч М-Э ХХК-ийн гаргасан А Л ХХК-д гаалийн баталгаат агуулахын зөвшөөрөл олгосон Гаалийн ерөнхий газрын Мэргэжлийн зөвлөлийн хуралдааны 2019 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн 03/05 дугаар шийдвэрийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, Гаалийн ерөнхий газрын даргын 2019 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн Гаалийн нээлттэй түр агуулахаар зарлах тухай А/140 дугаар тушаалыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 109 дүгээр зүйлийн 109.2, 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Гаалийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2, 49 дүгээр зүйлийн 49.1, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1, 54.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч М-Э ХХК-ийн гаргасан А Л ХХК-д гаалийн баталгаат агуулахын зөвшөөрөл олгосон Гаалийн ерөнхий газрын Мэргэжлийн зөвлөлийн хуралдааны 2019 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн 03/05 дугаар шийдвэрийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, Гаалийн ерөнхий газрын даргын 2019 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн Гаалийн нээлттэй түр агуулахаар зарлах тухай А/140 дугаар тушаалыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр 114.1-т зааснаар хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Б.АДЪЯАСҮРЭН