Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 09 сарын 16 өдөр

Дугаар 221/МА2022/0610

 

 

 

 

М ХХК-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч Ерөнхий шүүгч Б.Тунгалагсайхан

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Т.Энхмаа

Илтгэсэн шүүгч О.Оюунгэрэл

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б

Нэхэмжлэлийн шаардлага: “А ХХК-д гаалийн баталгаат агуулахын зөвшөөрөл олгосон Гаалийн ерөнхий газрын Мэргэжлийн зөвлөлийн хуралдааны 2019 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 03/05 дугаар тэмдэглэлийг, Гаалийн ерөнхий газрын даргын 2019 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн Гаалийн нээлттэй түр агуулахаар зарлах тухай А/140 дугаар тушаалыг тус тус хүчингүй болгуулах тухай”   

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 0484 дүгээр шийдвэр

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Т

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ж, түүний өмгөөлөгч Ж.Э

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Улаанмуна

Хэргийн индекс: 128/2019/0477/З

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч М ХХК нь Гаалийн ерөнхий газрын дарга, Гаалийн ерөнхий газрын Мэргэжлийн зөвлөлд холбогдуулан “А ” ХХК-д гаалийн баталгаат агуулахын зөвшөөрөл олгосон Гаалийн ерөнхий газрын Мэргэжлийн зөвлөлийн хуралдааны 2019 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 03/05 дугаар тэмдэглэлийг, Гаалийн ерөнхий газрын даргын 2019 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн Гаалийн нээлттэй түр агуулахаар зарлах тухай А/140 дугаар тушаалыг тус тус хүчингүй болгуулах”-аар маргасан байна.

2. Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 0484 дүгээр шийдвэрээр нэхэмжлэгч М ХХК-ийн гаргасан А ХХК-д гаалийн баталгаат агуулахын зөвшөөрөл олгосон Гаалийн Ерөнхий газрын Мэргэжлийн зөвлөлийн хуралдааны 2019 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 03/05 дугаар тэмдэглэлийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, Гаалийн ерөнхий газрын даргын 2019 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн Гаалийн нээлттэй түр агуулахаар зарлах тухай А/140 дугаар тушаалыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

3. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга: Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 0484 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч гомдол гаргаж байна.

3.1 Шүүхийн шийдвэрийн үндэслэл хэсэгт “...Нэхэмжлэгчийн хүчингүй болгуулахаар маргаж буй Гаалийн ерөнхий газрын Мэргэжлийн зөвлөлийн хуралдааны 2019 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 03/05 дугаар тэмдэглэл нь Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д заасан захиргааны актын шинжийг агуулаагүй. Харин Мэргэжлийн зөвлөлийн 2019 оны 03 дугаар сарын 19- ний өдрийн хуралдаанаар хэлэлцсэн “А ” ХХК-д 18800 мкв талбайд 1 жилийн хугацаатай гаалийн хяналтын бүсийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл олгох” асуудлыг Гаалийн ерөнхий газрын даргын тушаалаар шийдвэрлэсэн талаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд тайлбарласан бөгөөд нэхэмжлэгч уг шийдвэртэй маргаагүй болохыг дурьдаагүй болохыг дурьдах нь зүйтэй...” гэсэн байна. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1 дэх хэсэгт хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримт цуглуулах үүргийг шүүх хүлээсэн бөгөөд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарт үндэслэн маргаан бүхий Мэргэжлийн зөвлөлийн хуралдааны 2019 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 03/05 дугаар тэмдэглэлийг Гаалийн ерөнхий газрын даргын тушаалаар баталгаажуулсан тул уг тэмдэглэлийг захиргааны актын шинжийг агуулаагүй гэж үзсэн нь учир дутагдалтай байна.

3.2 Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгчийн зүгээс удаа дараа гуравдагч этгээдүүдэд ямар эрх олгосон захиргааны актыг гаргасан талаар Гаалийн ерөнхий газарт хандан гомдол, хүсэлтээ тавьдаг бөгөөд хариуцагчийн зүгээс Захиргааны ерөнхий хуулийн 43 дугаар зүйлд заасан мэдэгдэх үүргээ хэрэгжүүлж ажиллаж байгаагүй болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдоно.

3.3 Шүүхээс нэхэмжлэгчийн маргаж буй үндэслэлтэй холбоотой бүхий л баримтуудыг шаардаж байсан ч “А ” ХХК-д 18800 мкв талбайд гаалийн хяналтын бүсийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл олгосонтой холбоотой захиргааны актыг гаргаж өгөөгүй нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийг ноцтой төөрөгдөлд оруулсан байна. 2022 оны 06 дугаар сарын 20-ны өдрийг хүртэлх хугацаанд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс 2019 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 03/05 дугаар тэмдэглэлийг Гаалийн ерөнхий газрын даргын 2019 оны А/140 дугаартай тушаалаар баталгаажуулсан гэх ойлголтыг төрүүлж, хэргийн оролцогчдыг болон шүүхийг төөрөгдүүлсэн бөгөөд хэргийг хянан шийдвэрлэсэн анхан шатны шүүх хуралдаанд Гаалийн ерөнхий газрын даргын 2019 оны А/140 дугаартай тушаалаас өөр тушаалаар Мэргэжлийн зөвлөлийн хуралдааны тэмдэглэлийг баталгаажуулсан болохыг миний бие олж мэдсэн болно.

3.4 Энэхүү нөхцөл байдалтай уялдуулан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс хариуцагчийн энэхүү үйлдэлд хариуцлага тооцож өгөхийг болон нотлох баримт цуглуулах үүргийнхээ хүрээнд тухайн баримтуудыг цуглуулж өгөхийг хүссэн шаардлагыг шүүх хуралдаанд тавьж байсан бөгөөд тухайн баримттай нэхэмжлэгчийн зүгээс маргаагүй гэж өрөөсгөл дүгнэж байгаад нь гомдолтой байна.

3.5 Мөн нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хэрхэн зөрчигдөж байгаа тал дээр анхан шатны шүүхээс анхаараагүй бөгөөд “А ” ХХК-д гаалийн хяналтын бүсийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл олгосон 18800 мкв талбай нь нэхэмжлэгчийн орц, гарцыг хааж байгаа эсэхийг, нэхэмжлэгчийн газартай давхцаж буй эсэх, хариуцагч 18800 мкв талбайг хэрхэн, ямар байдлаар тогтоосон эсэх зэрэг асуудлыг тодруулаагүй хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил болсон гэж нэхэмжлэгчийн зүгээс үзэж байна.

3.6 Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 0484 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү... гэжээ.

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс давж заалдах гомдлыг үгүйсгэж, бичгээр тайлбар гаргасан тайлбартаа

Үүнд: “Захиргааны хэрэг шүүхэд шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.5-д “Энэ хуулийн 52.2.4-т заасан нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлд дараахь зүйл хамаарна”, 52.5.1-т “захиргааны акт, ...хүчингүй болгуулах, ...нэхэмжлэлийн хувьд нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хэрхэн зөрчигдсөн” эсэхийг шаардаж шүүхээс мөн хуулийн 106 дугаар зүйлийн 106.4-т “Шүүхийн шийдвэр нь хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтад үндэслэсэн байна”, 106.5-д “Шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн болон хэргийн оролцогчдын маргаагүй асуудлаар дүгнэлт хийж, шийдвэр гаргаж болохгүй” гэж тус тус заажээ.

Үүнээс үзэхэд анхан шатны шүүх хуулийн энэхүү шаардлагын хүрээнд хэргийг шийдвэрлэх ач холбогдол бүхий нотлох баримтыг цуглуулан нотлох баримтыг тал бүрээс нь бодитоор харьцуулан үзсэний үндсэн дээр өөрийн дотоод итгэл үнэмшлээр үнэлэн шийдвэр гаргасан.

4.1 Шүүхийн шийдвэрт Гаалийн ерөнхий газрын Мэргэжлийн зөвлөлийн 2019 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 03/05 дугаар шийдвэр, Гаалийн ерөнхий газрын даргын 2019 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн “Гаалийн нээлттэй агуулахаар зарлах тухай” А/140 дүгээр тушаал, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 94 дүгээр шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 241 дүгээр магадлал зэрэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтууд болно.

4.2 Захиргааны актыг үзүүлж эрх зүйн нөлөөллөөр нь “эерэг” буюу ямар нэгэн эрх эсвэл эрх зүйн ач холбогдол бүхий ашигтай талыг иргэн, хуулийн этгээдэд үүсгэх эсвэл баталгаажуулж өгснийг, “сөрөг” буюу тухайн харилцаанд оролцож буй этгээдийн эрх, ашиг сонирхолд харшаар нөлөөлдөг байдлыг хэлэх бөгөөд Гаалийн ерөнхий газрын даргын 2019 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн “Гаалийн нээлттэй агуулахаар зарлах тухай” А/140 дүгээр тушаалын тухайд “А ” ХХК-д эерэг, “М ” ХХК-д эрх зүйн ямар ч нөлөөлөл үзүүлэхээргүй эрх зүйн акт тул Захиргааны ерөнхий хуулийн 43 дугаар зүйлд заасан ажиллагааг Гаалийн ерөнхий газрын зүгээс хийх шаардлага байхгүй.

4.3 Гомдлын тухайд чухам юу өгүүлэх гээд байгаа нь ойлгомжгүй бөгөөд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.2-т “Захиргааны хэргийн шүүх хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг байгууллага, албан тушаалтан, хүнээс гаргаж өгөхийг шаардах эрхтэй бөгөөд холбогдох этгээд шаардлагыг биелүүлэх үүрэгтэй”, 32.3-т “Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл, хариу тайлбарын үндэслэлийн талаар нотлох баримтаа шүүхэд гаргаж өгөх ба гаргаж өгөх боломжгүй, түүнчлэн шүүхэд мэдэгдээгүй нотлох баримтын эх сурвалжийг заах үүрэгтэй”, 32.6-д “Захиргааны хэргийн шүүх хэрэгт хамааралгүй, нотолгооны ач холбогдолгүй, хуулиар зөвшөөрөгдөөгүй баримтыг хэргийн нотлох баримтаас хасах бөгөөд уг баримтыг шаардан гаргуулж болохгүй” гэж тус тус заасан. Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явцад нэхэмжлэгчийн хуулиар олгогдсон эрхийг боогдуулсан үйл ажиллагаа, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй.

4.4 Түүнчлэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлага өөрчлөх болон бусад байдлаар хуульд заасан эрхээ эдлэх эрхтэй байтал энэхүү эрхээ өөрөө эдлээгүй, эдлэхийг хүсээгүй байж нэгэнт шийдвэр гарсны хойно буруутгаж буй нь хуульд нийцэхгүй.

4.5 Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд хэргийн оролцогчийн эрх зүйн чадамжийг 19 дүгээр зүйлийн 19.1-т “Шүүхэд захиргааны эрх зүйн хэм хэмжээгээр заагдсан эрхээ өөрөө хэрэгжүүлж, үүргээ биелүүлэх, хариуцлага хүлээх болон төлөөлөгчөөрөө гүйцэтгүүлэх чадварыг эрх зүйн бүрэн чадамжтай этгээд эдэлнэ” гэж заасан байдаг. Иймд анхан шатны шүүхийн шийдвэр хуульд нийцсэн байх тул хэвээр үлдээж өгнө үү... гэжээ.

 

ХЯНАВАЛ:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг давж заалдах гомдлын хүрээнд хянаад анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг дараах үндэслэлээр хангахгүй орхиж шийдвэрлэв.

2. Анхан шатны шүүх маргааны үйл баримтад хамаарах Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль болон Төрийн албаны тухай хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болжээ.

3. Нэхэмжлэгч “М ХХК нь “А ” ХХК-д гаалийн баталгаат агуулахын үйл ажиллагааны зөвшөөрлийг авснаас манай компанийн гадаад улсад мах экспортлох, төмөр замын тээврээр мах тээвэрлэх боломжгүй болсон, Гаалийн ерөнхий газрын даргын 2019 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн Гаалийн нээлттэй түр агуулахаар зарлах тухай А/140 дугаар тушаалыг мэдэгдээгүй” гэх үндэслэлээр маргажээ.

 

4. Хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд Гаалийн ерөнхий газрын Мэргэжлийн зөвлөлийн 2019 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн хуралдаанаар ... “А ” ХХК-ийн урт хугацааны менежментийн гэрээгээр эзэмшиж буй 18800 мкв талбайд 1 жилийн хугацаатай гаалийн хяналтын бүсийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл олгох, тухайн байршил дахь нийт 1200 м.кв бүхий 2 агуулахад гаалийн түр агуулахын үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл олгох асуудлыг хэлэлцсэн болох нь 03/05 дугаар тэмдэглэлд тусгагдсан байна.

5. Нэхэмжлэгчийн хүчингүй болгуулахаар маргаж буй Гаалийн ерөнхий газрын Мэргэжлийн зөвлөлийн хуралдааны 2019 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 03/05 дугаар тэмдэглэл нь Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д “Захиргааны акт гэж захиргааны байгууллагаас зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанаас бусад тодорхой нэг тохиолдлыг зохицуулахаар нийтийн эрх зүйн хүрээнд гадагш чиглэсэн, эрх зүйн шууд үр дагавар бий болгосон амаар, бичгээр гаргасан захирамжилсан шийдвэр болон үйл ажиллагааг ойлгоно” гэж заасан захиргааны актын шинжийг агуулаагүй байна гэж анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийсэн байна.

 

6. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо ...маргаан бүхий Мэргэжлийн зөвлөлийн хуралдааны 2019 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 03/05 дугаар тэмдэглэлийг Гаалийн ерөнхий газрын даргын тушаалаар баталгаажуулсан тул уг тэмдэглэлийг захиргааны актын шинжийг агуулаагүй гэж үзсэн нь учир дутагдалтай байна... гэжээ.

 

7. Гаалийн ерөнхий газрын Мэргэжлийн зөвлөлийн хуралдааны 2019 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн 03/05 дугаар тэмдэглэл нь захиргааны байгууллагаас гарсан захирамжилсан үйл ажиллагаа, нийтийн эрх зүйн хүрээнд гарсан, зохицуулалт хийсэн, тодорхой нэг тохиолдол шийдвэрлэж, гадагш чиглэсэн шинжүүдийг агуулаагүй бөгөөд шууд дангаараа  эрх зүйн үр дагавар үүсгэх боломжгүй юм.

 

8. Тус асуудлыг хэлэлцсэний дараа Гаалийн ерөнхий газрын даргын 2019 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн А/140 дүгээр тушаалаар “А ” ХХК-ийн тус бүр 600 мкв, нийт 1200 мкв 2 агуулахыг нэг жилийн хугацаатайгаар гаалийн түр агуулахын зориулалтаар үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл олгохоор шийдвэрлэсэн байна.

 

9. Гаалийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.17“гаалийн баталгаат бүс” гэж гаалийн баталгаат агуулах, үйлдвэрийн болон үзэсгэлэнгийн газар, барилгын талбай, гаалийн тусгай бүс, татваргүй барааны дэлгүүрийг, 3.1.18“гаалийн хяналтын бүс” гэж бараа, тээврийн хэрэгслийг гаалийн хяналт дор ачих, буулгах, шилжүүлэн ачих, хадгалах, тээвэрлэх, гаалийн хяналтыг хэрэгжүүлэх зорилгоор тусгайлан тогтоосон байр, агуулах, талбайг гэж, 40 дүгээр зүйлийн 40.1-д “Түр агуулах нь битүү агуулах байр, эсхүл задгай талбай байж болно”, 40.2-т “Түр агуулахыг гаалийн хяналтын бүсэд тооцно”, 49 дүгээр зүйлийн 49.1-д “Түр агуулах ажиллуулах зөвшөөрлийг гаалийн удирдах төв байгууллага Монгол Улсын хуулийн этгээдэд 1 жилийн хугацаагаар олгож, нийтэд мэдээлнэ” гэж заасан бөгөөд Гаалийн ерөнхий газрын даргын 2019 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн А/140 дүгээр тушаалаар гуравдагч этгээд “А ” ХХК-д гэрээгээр эзэмшиж буй тус бүр 600 м2 бүхий 2 битүү агуулахыг нэг жилийн хугацаатайгаар гаалийн нээлттэй түр агуулахаар ажиллуулах зөвшөөрлийг олгосон нь дээрх хуульд заасныг зөрчөөгүй байх ба “А ” ХХК-д гаалийн нээлттэй түр агуулах ажиллуулах зөвшөөрлийг олгосон шийдвэрийг тусгайлан “М ” ХХК-д мэдэгдэх үүрэг хүлээхгүй.

 

10. Дээрх нөхцөл байдлуудаас дүгнэн үзэхэд нэхэмжлэгч М ХХК-ийн итгэмжлэгдсөн төлөөлөгчийн гомдлыг хүлээн авах үндэслэлгүй байх тул А ХХК-д гаалийн баталгаат агуулахын зөвшөөрөл олгосон Гаалийн Ерөнхий газрын Мэргэжлийн зөвлөлийн хуралдааны 2019 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 03/05 дугаар тэмдэглэлийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, Гаалийн ерөнхий газрын даргын 2019 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн Гаалийн нээлттэй түр агуулахаар зарлах тухай А/140 дугаар тушаалыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 0484 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч М ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасны дагуу нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                 Б.ТУНГАЛАГСАЙХАН

ШҮҮГЧ                                                                       Т.ЭНХМАА

ШҮҮГЧ                                                                       О.ОЮУНГЭРЭЛ