Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 07 сарын 02 өдөр

Дугаар 862

 

     2020            7             02                                        2020/ДШМ/862

 

            Б.Д-д холбогдох эрүүгийн

           хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч Д.Мягмаржав, Б.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор М.Сүхчулуун,

нарийн бичгийн дарга Д.Халиунгоо нарыг оролцуулан,

            Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Батаа даргалж, шүүгч Т.Алтантуяа, М.Мөнхбаатар нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2020 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн 20 дугаартай шүүхийн тогтоолыг эс зөвшөөрч прокурор М.Сүхчулууны бичсэн эсэргүүцлээр Б.Д-д холбогдох эрүүгийн 1908000001203/31/ дугаартай хэргийг 2020 оны 5 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч, шүүгч Б.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

            Бовогт Б-ийн Д, ..............-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 49 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, зураач мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, Хан-Уул дүүргийн 12 дугаар хороо, Үйлдвэрийн 1-7 тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй боловч одоогоор оршин суух тодорхой хаяггүй, /РД:............./,

          -Хан-Уул дүүргийн шүүхийн 1993 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн 291 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 2 жил хорих ялаар шийтгэж, уг ялыг тэнсэж хянан харгалзсан,

          -Хан-Уул дүүргийн шүүхийн 1996 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн 110 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 131 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар,

          -Сүхбаатар дүүргийн шүүхийн 1999 оны 9 дүгээр сарын 09-ний өдрийн 555 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар,

          -Хан-Уул дүүргийн шүүхийн 2003 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн 130 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 152 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 сарын хугацаагаар баривчлах ялаар,

          -Хан-Уул дүүргийн шүүхийн 2006 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн 4а дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.1 дэх хэсэгт зааснаар 5 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгүүлсэн,

          -Хан-Уул дүүргийн шүүхийн 2011 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 320 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4 дэх хэсэгт зааснаар 10 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, Төв аймаг дахь сум дундын шүүхийн 2017 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн 463 дугаартай шүүгчийн захирамжаар эдлээгүй үлдсэн 03 жил 04 сар 24 хоногийн хорих ялаас чөлөөлсөн;

          1. Б.Д нь Э.Ч, С.О нартай бүлэглэн 2017 оны 5 дугаар сарын 10-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 30 дугаар хороо, Чулуутын 5-58 тоотод оршин суух иргэн Ө.Нын эзэмшлийн монгол гэрийн хаалганы цоожийг эвдэж нэвтрэн ”Самсунг” маркийн 32 инчийн ЛСД зурагт, ДДШ-ийн станц, цэргийн дүрэмт хувцас, савхин хүрэм, утас цэнэглэгч, набор, компот, ундаа, чихэр, сүү печень зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 603,840 төгрөгийн хохирол учруулсан,

          2. Шүүгдэгч Б.Д нь С.Отэй бүлэглэн 2018 оны 6 дугаар сарын 19-ний өдөр Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороо, Яргайтын 7-02 тоотод оршин суух иргэн Э.Дгийн эзэмшлийн монгол гэрийн хаалганы цоожийг эвдэж нэвтрэн “ТСЛ” маркийн 32 инчийн ЛСД зурагт, хүүхдийн унадаг дугуй зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 570,000 төгрөгийн хохирол учруулсан,

          3. Шүүгдэгч Б.Д нь 2017 оны 10 дугаар сарын 01-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хороо, Хайрханы 7-45 тоотод оршин суух иргэн Н.Бийн эзэмшлийн өвлийн сууцны хаалганы цоожийг эвдэж нэвтрэн “Шарп” фирмийн 37 инчийн ЛСД зурагтыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 350,000 төгрөгийн хохирол учруулсан,

          4. Шүүгдэгч Б.Д нь 2017 оны 10 дугаар сарын 18-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр хороо, Малчны 2-28 тоотод оршин суух иргэн Т.Сийн эзэмшлийн өвлийн сууцны вакум цонхоор нэвтрэн “ТСЛ” фирмийн 46 инчийн зурагтыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 900,000 төгрөгийн хохирол учруулсан,

          5. Шүүгдэгч Б.Д нь 2017 оны 10 дугаар сарын 31-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 10 дугаар хороо, Зүүнбуян уулын 18-11 тоотод оршин суух иргэн Б.Сгийн эзэмшлийн монгол гэрийн хаалганы цоожийг эвдэж нэвтрэн “Хаер” маркийн 42 инчийн ЛСД зурагт, эрэгтэй хүний мөнгөн гинж, эрэгтэй хүний мөнгөн бөгж, монетон өрөөсөн ээмэг зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 781,175 төгрөгийн хохирол учруулсан,

          6. Шүүгдэгч Б.Д нь 2017 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 10 дугаар хороо, Зүүнбуян уулын 21-57 тоотод оршин суух иргэн А.Бийн эзэмшлийн монгол гэрийн хаалганы цоожийг эвдэж нэвтрэн “Самсунг” маркийн 42 инчийн зурагтыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 550,000 төгрөгийн хохирол учруулсан,

          7. Шүүгдэгч Б.Д нь 2018 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр хороо, Малчны 2-89 тоотод оршин суух иргэн С.Бын эзэмшлийн өвлийн сууцны хаалганы цоожийг эвдэж нэвтрэн “Тошиба” маркийн 55 инчийн зурагт, “Асус” маркийн зөөврийн компьютер, эрэгтэй хүний савхин куртик зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 2,000,000 төгрөгийн хохирол учруулсан,

          8. Шүүгдэгч Б.Д нь 2018 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 10 дугаар хороо, Зүүнбаян уулын 12-36 тоотод оршин суух иргэн Я.Бгийн эзэмшлийн монгол гэрийн хаалганы цоожийг эвдэж нэвтрэн “Шарп” маркийн 32 инчийн зурагт, зөөврийн компьютер, бэлэн 500,000 төгрөг зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 880,000 төгрөгийн хохирол учруулсан,

          9. Шүүгдэгч Б.Д нь 2018 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хороо, Хайрханы 9-60 тоотод үйл ажиллагаа явуулдаг иргэн Ж.Э-ны эзэмшлийн “Мөнх тэнгэр” хүнсний дэлгүүрийн вакум цонхоор нэвтрэн бэлэн 30,000 төгрөг, дунд гарын мөнгөн аяга, “Самсунг” маркийн гар утас зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 450,000 төгрөгийн хохирол учруулсан,

          10. Шүүгдэгч Б.Д нь 2018 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хороо, Одонтын 9-02 тоотод оршин суух иргэн С.Э-ын эзэмшлийн монгол гэрийн хаалганы цоожийг эвдэж нэвтрэн “Елко” маркийн 50 инчийн зурагт, орны бүтээлэг зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 1,370,000 төгрөгийн хохирол учруулсан,

          11. Шүүгдэгч Б.Д нь 2018 оны 3 дугаар сарын 17-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 10 дугаар хороо, Зүүнбаян уулын 27-01 тоотод оршин суух иргэн Г.Д-ийн эзэмшлийн өвлийн сууцны хаалганы цоожийг эвдэж нэвтрэн хөлдөөгч, 2 ширхэг хонины гулууз мах, үхрийн мах, өвчүү зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 740,000 төгрөгийн хохирол учруулсан,

          12. Шүүгдэгч Б.Д нь 2018 оны 4 дүгээр сарын 08-наас 16-ны өдрийн хооронд Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хороо, Хайрханы 17-38 тоотод оршин суух иргэн П.Б-ын эзэмшлийн өвлийн сууцны вакум цонхоор нэвтрэн DVD тоглуулагч, цонхны хөшиг, морин хуурын сувинер, гар чемодан, автомашины хөгжим, автомашины тоос сорогч зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 720,000 төгрөгийн хохирол учруулсан,

          13. Шүүгдэгч Б.Д нь 2018 оны 5 дугаар сарын 17-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хороо, Одонтын 25-97 тоотод оршин суух иргэн Ц.С-ын эзэмшлийн монгол гэрийн хаалганы цоожийг эвдэж нэвтрэн “Филипс” маркийн 32 инчийн зурагт, эмэгтэй хүний савхин куртик, эрэгтэй хүний куртик зэрэг эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар , хууль бусаар авч 460,000 төгрөгийн хохирол учруулсан,

          14. Шүүгдэгч Б.Д нь 2018 оны 6 дугаар сарын 11-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр хороо, Малчны уулын 2-75 тоотод оршин суух иргэн С.Э-ын эзэмшлийн өвлийн сууцны хаалганы цоожийг эвдэж нэвтрэн “Самсунг” маркийн 32 инчийн зурагт, дунд гарын мөнгөн аяга, цахилгаан дрилл зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 520,000 төгрөгийн хохирол учруулсан,

          15. Шүүгдэгч Б.Д нь 2018 оны 6 дугаар сарын 30-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр хороо, Уулын 1-30б тоотод оршин суух иргэн Ж.А-ийн эзэмшлийн монгол гэрийн хаалганы цоожийг эвдэж нэвтрэн “Сони” маркийн 32 инчийн зурагтыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 350,000 төгрөгийн хохирол учруулсан,

          16. Шүүгдэгч Б.Д нь 2018 оны 10 дугаар сарын 23-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 10 дугаар хороо, Зүүнбаян уулын 18-61 тоотод оршин суух иргэн П.А-ын эзэмшлийн өвлийн сууцны хаалганы цоожийг эвдэж нэвтрэн бэлэн 20,000 төгрөг, “Самсунг С-2” маркийн гар утас, эрэгтэй хүний савхин куртик, автомашины MP тоглуулагч зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 200,000 төгрөгийн хохирол учруулсан,

          17. Шүүгдэгч Б.Д нь 2017 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хороо, Хайрханы 2-266 тоотод оршин суух иргэн Д.Д-ийн эзэмшлийн өвлийн сууцны хаалганы цоожийг эвдэж нэвтрэн шигтгээ хэлбэртэй ээмэг, гинжний хослол, сваровский ээмэг бөгжний хослол зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 390,000 төгрөгийн хохирол учруулсан,

          18. Шүүгдэгч Б.Д нь 2018 оны 3 дугаар сарын 15-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хороо, Хайрханы 7-98 тоотод оршин суух иргэн Ч.Ж-ны эзэмшлийн монгол гэрийн хаалганы цоожийг эвдэж нэвтрэн “Шарп” маркийн 43 инчийн ЛСД зурагтыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 800,000 төгрөгийн хохирол учруулсан,

          19. Шүүгдэгч Б.Д нь 2018 оны 6 дугаар сарын 07-ноос 08-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 10 дугаар хороо, Оёдлын 4-27 тоотод оршин суух иргэн Я.Н-ийн эзэмшлийн монгол гэрийн хаалганы цоожийг эвдэж нэвтрэн MNBC антен хүлээн авагчийн төхөөрөмж, антен хүлээн авагч, DVD тоглуулагч, бэлэн 500,000 төгрөг зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 795,000 төгрөгийн хохирол учруулсан, нийт 19 удаагийн үйлдлээр бусдын эд хөрөнгийг хулгайлж 13,430,015 төгрөгийн хохирол учруулахдаа бусадтай бүлэглэж, хүн амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, учрах саадыг арилгах зорилгоор зэвсгийн чанартай зүйл хэрэглэж, мөн хулгайлах гэмт хэргийг байнга үйлдэж, амьдралын эх үүсвэр болгон үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ.

             Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газраас: Б.Дгийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

            Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх:

            Шүүгдэгч Б.Дг 17 удаагийн үйлдлээр дээрх хулгайн гэмт хэргийг үйлдсэн байх боломжгүй, эргэлзээ бүхий байна. Өөрөөр хэлбэл, шүүгдэгч Б.Дг биеийн эрүүл мэндийн хувьд 55 инчийн “Тошиба” маркийн зурагт, “ASUS” маркийн зөөврийн компьютер, 50 инчийн “Elko” брэндийн зурагт, хөлдөөгч, хоёр ширхэг 20 кг жинтэй хонины гулууз мах, 17,5 кг жинтэй үхрийн өвчүү, байшингийн цонхны хаалт төмрийг хөших, монгол гэрийн тооноор орох боломжгүй нөхцөл байдалтай байна.

            Түүнчлэн, хохирогч Д.Д-, хохирогч С.Б, хохирогч Ж.Э, хохирогч С.Э нарын эзэмшлийн орон байранд хулгай орсон гэх хэргийн газрын үзлэгээр бэхжүүлсэн гэрэл зургийн үзүүлэлтэд авагдсан гутлын мөрүүд нь өөр хоорондоо ижил бус зөрүүтэй, энэ талаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулаагүй, ямар шалтгаанаар хэргийн газрын үзлэгээр гутлын мөрийг бэхжүүлсэн нь ойлгомжгүй байгаа нь эргэлзээ төрүүлэхээр байх тул шүүгдэгч Б.Дд холбогдох хэргийг тусгаарлах нь зүйтэй гэж үзсэн.

            Мөн мөрдөгч мөрдөн шалгах ажиллагааны үед шүүгдэгч Б.Дгаас гэрчийн мэдүүлэг авахдаа Л.Б-г өмгөөлөгчөөр оролцууслнаар тэмдэглэлд тусгасан байх боловч шүүгдэгч Б.Д шүүх хуралдаанд “би гэрчээр мэдүүлэг өгөхдөө өмгөөлөгч сонгон аваагүй байсан. Л.Бямбасүрэн гэх өмгөөлөгч оролцоогүй.” гэж мэдүүлж байгаагаас үзвэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.2 дугаар зүйлд заасан “өмгөөлөгчийг сонгох” журам зөрчигдсөн байж болохоор байна гэж үзээд шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагааг хийлгэхээр шүүгдэгч Б.Дд холбогдох эрүүгийн хэргийг Сонгинохайрхан дүүргийн прокурорын газарт буцааж шийдвэрлэжээ.  

            Прокурор М.Сүхчулуун бичсэн эсэргүүцэлдээ: “...Шүүгдэгч Б.Дд холбогдох зарим хэргийг нотлох баримтаар бүрэн нотолж тогтоогдоогүй байна гэж шүүх үзвэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.18 дугаар зүйлийн 1.1-т заасан “яллах дүгнэлтэнд заасан шүүгдэгчийн холбогдох зарим хэргийг тухайн шүүгдэгч үйлдсэн нь нотлогдоогүй бол тусгаарлаж, хэргийг эцэслэн шийдвэрлэнэ” гэх заалтын дагуу хуулиар олгогдсон эрх мэдлийн хэмжээнд хэргийг шийдвэрлэх боломжтой байна. Шүүгдэгч Б.Дгаас дээрх 19 удаагийн хулгайн үйлдэлд холбогдуулан гэрчээр мэдүүлэг авахдаа Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг “өөрийн болон гэр бүлийн гишүүд, эцэг эх, үр хүүхдийнхээ эсрэг мэдүүлэг өгөхгүй байх, өмгөөлөгч авах, өөрийгөө өмгөөлөх”, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.6 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “өөрийн болон гэр бүлийн гишүүд, эцэг, эх үр хүүхдийнхээ эсрэг мэдүүлэг өгөхгүй байх эрхтэй” гэж заасан эрхийг сануулсны эцэст мэдүүлэг авч хулгайн гэмт хэргийн талаар мэдээлэл цуглуулсан байна. Гэхдээ гэрчээр авсан мэдүүлгийг яллах талын нотлох баримт болгоогүй, яллах дүгнэлтэнд дурдаагүй болно. Яллагдагч Б.Дд холбогдох хэрэг нь дан ганц түүний яллагдагчаар өгсөн мэдүүлгээр нотлогдохоос гадна, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэлүүд, гэрэл зургийн үзүүлэлтүүд, хохирогч нарын өгсөн мэдүүлэг, мэдүүлгийг газар дээр нь шалгах ажиллагааны тэмдэглэлүүд, гэрэл зургийн үзүүлэлтүүд зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байгаа. Дээрх хулгайн гэмт хэргүүд нь бүгд нөхөн илрүүлсэн үйлдлүүд байгаа бөгөөд 2 үйлдэл нь яллагдагч Б.Дтай хамтран бүлэглэн гүйцэтгэсэн этгээдүүдийн мэдүүлэг болон хэргийн газраас бэхжүүлж авсан гар хурууны хээний мөрөнд хийсэн шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон бол, бусад хэргийн хувьд гэмт хэргийг үйлдсэн этгээдийг нотлох, шууд тогтооход дэмжлэг үзүүлэх, ул мөр хэргийн газарт үлдээгүй гэмт хэргүүд байсан. Хулгайн гэмт хэрэг нь гэмт хэргийн бүрэлдэхүүний онцлог шинж чанарын хувьд нууц далд аргаар үйлдэгддэг, цаг хугацаа өнгөрсний улмаас нотлогдох байдал нь алдагддаг, хулгайн гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйлс нь бусдад хямд төсөр үнээр борлуулагдаж, устаж үгүй болдог зэргээс хамаарч нотлох баримт цуглуулж бэхжүүлэх боломжгүй нөхцөлд хүрдэг. Шүүхээс Б.Дд холбогдох хэргийг 17 үйлдлийн хувьд хулгайлах гэмт хэргийг үйлдсэн эсэхийг нотолсон мөрдөн шалгах нэмэлт ажиллагааны үр дүн хэрэгт харагдахгүй, түүний мэдүүлгийг нотлох, батлах өөр баримт хэрэгт нэмж цуглараагүй байна гэж үзвэл дээрх үйлдлүүдийг дахин шалгуулж нотлох шаардлага тавьж хэргийг прокурорт буцаахгүйгээр шүүгдэгчид ашигтай, хуульд заасан үндэслэлээр хэргийг шийдвэрлэх боломжтой байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлд шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хэмжээ хязгаарыг заасан бөгөөд прокуророос шүүхэд шилжүүлсэн шүүгдэгчийн зарим үйлдэл холбогдол нотлогдохгүй байна гэх үндэслэлээр дахин мөрдөн шалгах ажиллагаа явуулахаар буцаасан нь шүүгдэгч болон хохирогч нарын эрх зүйн байдлыг дордуулсан шийдвэр болжээ. Иймд Эрүүгийн хэрэг шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.3 дахь заалтад заасныг зөрчсөн байх тул эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 20 дугаартай шүүхийн тогтоолыг хүчингүй болгуулж, хэргийг анхан шатны шүүхээр хэлэлцүүлэхээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон улсын яллагчийн эсэргүүцэл бичив. ...” гэжээ.

Прокурор М.Сүхчулуун шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүх шүүгдэгч Б.Дд холбогдох 19 үйлдлээс зарим үйлдэл нь нотлох баримтаар нотлогдож тогтоогдохгүй байна, уг үйлдлүүдийг дахин шалгуулахаар үндсэн хэргээс нь тусгаарлаж нэмэлт ажиллагаа хийлгэхээр прокурорт буцаасан байхад ажиллагаа хийгдээгүй байна гэж үзэн хэргийг дахин прокурорт буцааж шийдвэрлэсэн. Өмнө нь энэ хэрэг нэмэлт ажиллагаа хийгдэхээр буцсаны дараа мөрдөн байцаалтын шатанд боломжит ажиллагааг бүгдийг нь хийж гүйцэтгэсэн гэж үзэж байна. Энэ хэргийн хувьд ихэнх үйлдэл нь нөхөн илрүүлсэн хулгайн үйлдэл байдаг. Хулгайн гэмт хэрэг нь нууц далд аргаар үйлдэгддэг, нотлох баримт нь тэр болгон үлдээд байдаггүй, цаг хугацаа алдсаны улмаас үлдсэн нотлох баримт нь устаж үгүй болдог, түүнийг дахин сэргээх боломжгүй байдаг. Хэрэв анхан шатны шүүх яллах дүгнэлтэд дурдагдсан 19 удаагийн үйлдлийн тодорхой хэдэн үйлдэл нь нотлох баримтаар тогтоогдохгүй байна гэж үзвэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.18 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг баримтлан нотлогдож тогтоогдохгүй байна гэж үзсэн үйлдлүүдээ нотлогдож байгаа үйлдлүүдээс тусгаарлаж нэмэлт ажиллагаа хийлгэхээр буцаах, нотлогдож байгаа үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангид зааснаар зүйлчилж ял шийтгэл оногдуулах боломжтой байсан гэж үзэж байна. Мөн шүүгдэгч Б.Дгаас мөрдөн шалгах ажиллагааны явцад үйлдэл тус бүрд нь гэрчээр тооцож мэдүүлэг авсан. Мөн хэргийн газрын нөхөн үзлэг, мэдүүлэг шалгах ажиллагаанд шүүгдэгчийг оролцуулж хийсэн. Хэргийг прокурорт буцаасан шүүгчийн захирамжийн нэг үндэслэл нь “зөвхөн яллагдагчийн өгсөн мэдүүлгээр түүний гэм буруутай эсэхийг тогтоож байна” гэсэн байсан. Прокурорын зүгээс яллагдагч өөрийнхөө эсрэг мэдүүлэг өгөхгүй байх эрхтэй, хэрэв мэдүүлэг өгөхийг зөвшөөрч байвал худал мэдүүлэг өгөх эрхгүй, гарсан хэргийн талаар мэдээлэл, мэдүүлэг өгөх үүрэгтэй гэж ойлгож байна. Гэхдээ зөвхөн яллагдагч Б.Дгийн өгсөн мэдүүлгээр түүнийг гэм буруутай гэж нотолж, тогтоогоогүй. Б.Дтай бүлэглэж гэмт хэрэг үйлдсэн хүмүүсийн хэрэг шүүхээр ороод шийдвэрлэгдсэн бөгөөд холбогдох ял шийтгэлээ эдэлж байгаа. Тэдгээр хүмүүс Б.Дтай хамтран үйлдсэн 2 үйлдлээ хүлээн зөвшөөрч мэдүүлсэн. Б.Д ч мөн тухайн 2 үйлдэлд хамтран оролцсон болохоо хүлээн зөвшөөрч мэдүүлсэн. Бусад 17 үйлдлийг Б.Д нь эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татаад мэдүүлэг шалгах явцад хүлээн зөвшөөрч байсан. Гэтэл мөрдөн шалгах ажиллагааны явцад тухайн хүлээн зөвшөөрч байсан мэдүүлгээсээ татгалзаж “би эдгээр үйлдлүүдэд хамаагүй” гэж мэдүүлж эхэлсэн. Иймд хавтас хэрэгт авагдсан баримтын хүрээнд Б.Дгийн гэм бурууг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэж байна. Анхан шатны шүүх Б.Дгийн “энэ гэмт хэргийг би үйлдээгүй, мөрдөгч, эрүүгийн төлөөлөгч нарын хууль бус үйлдэлд автаж энэ хэргийг хүчээр хүлээсэн юм” гэж мэдүүлгээсээ буцаж байгаа шүүгдэгчийн мэдүүлгийг үнэлж, хавтас хэрэгт авагдсан бусад нотлох баримтыг үнэлэлгүй шийдвэр гаргаж байгаа нь гэж үзээд эсэргүүцэл бичсэн. Иймд шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт тус тус зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ анхан шатны шүүхийн тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг прокурорын эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж, хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.

Шүүгдэгч Б.Дд холбогдох хэргийг хянан хэлэлцээд прокурорт буцаасан шүүхийн тогтоол нь хууль ёсны, үндэслэлтэй байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасан зохицуулалтын хүрээнд шийдвэрлэх боломжтой гэж үзэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно” гэж заасан бөгөөд прокурор хуульд заасан чиг үүргийнхээ хүрээнд шүүх хуралдаанд гэрч, хохирогч зэрэг оролцогч нарыг оролцуулах талаар хүсэлт гарган шийдвэрлүүлж, шүүх хуралдаанд хэргийн бодит байдлыг тогтоох чиг үүргийг хэрэгжүүлэх боломжтой байна.

Түүнчлэн шүүгдэгч, түүний өмгөөлөгч нараас шүүх хуралдаанд гэрч, хохирогч, шинжээч зэрэг оролцогч нарыг оролцуулах талаар хүсэлт гарган шийдвэрлүүлж, цагаатгах, ял хөнгөрүүлэх нөхцөл байдлыг тогтоох ажиллагааг хэрэгжүүлэх нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсэн зарчимд нийцнэ.

Анхан шатны шүүх шүүгдэгчид холбогдох хэргийг хянан шийдвэрлэхдээ дээр дурдсан нөхцөл байдлуудыг харгалзан үзэхийн зэрэгцээ шүүхийн хэлэлцүүлэг, шүүх хуралдаанаар шинжлэн судалсан, хэрэгт хууль ёсны дагуу цугларсан, нотлох баримтын шаардлага хангасан нотлох баримтуудыг үнэлэн хэргийг шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд, нотлогдсон хэмжээнд шүүгдэгч Б.Дгийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж шийдвэрлэвэл зохино.

Ийнхүү шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт заасны дагуу хууль бус арга, хэрэгслээр цуглуулж,бэхжүүлж авсан нотлох баримтыг үнэлэлгүй, мөн зүйлийн 7 дахь хэсэгт заасны дагуу хуульд заасан үндэслэл журмыг зөрчиж авсан баримт мэдээллийг нотлох баримтаар тооцолгүйгээр  нотлох баримт, баримт мэдээллийг өөрийн дотоод итгэлээр үнэлж, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хууль ёсны байх зарчмыг удирдлага болгон хэргийг хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Иймд “...шүүхийн тогтоолыг хүчингүй болгож, хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх...”-ээр бичсэн прокурорын эсэргүүцлийг хүлээн авч, шүүгдэгч Б.Дд холбогдох хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

           1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн 20 дугаартай шүүхийн тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч Б.-д холбогдох хэргийг анхан шатны шүүх хуралдаанаар дахин хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцаасугай.

2. Хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцтэл шүүгдэгч Б.Дд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

                                    ДАРГАЛАГЧ,

                                    ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                            Т.ӨСӨХБАЯР

                                    ШҮҮГЧ                                                               Д.МЯГМАРЖАВ

                                    ШҮҮГЧ                                                               Б.БАТЗОРИГ