Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 09 сарын 12 өдөр

Дугаар 1208

 

 

                                   

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                    

         

             

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Батаа даргалж, шүүгч Г.Алтанцэцэг, М.Мөнхбаатар нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхжаргал, улсын яллагч М.Сүхчулуун, иргэдийн төлөөлөгч Ө.М, шүүгдэгч Б.Д, түүний өмгөөлөгч Ч.Отгонбаатар нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар мөн дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Б овгийн Б.Д-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1908 00000 1203/31/ дугаартай хэргийг 2020 оны 12 дугаар сарын 01-ний өдөр Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхээс хүлээн авсныг энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Б овгийн Б.Д, Монгол Улсын иргэн, *** оны ** дугаар сарын **-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 50 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, зураач мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл нэг, Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо, Үйлдвэрийн ** тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй, регистрийн дугаар: ***, урьд:

- Хан-Уул дүүргийн шүүхийн 1993 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 291 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар тэнсэн харгалзсан,

- Хан-Уул дүүргийн шүүхийн 1996 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 110 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 131 дүгээр зүйлийн 2 дахь зааснаар 1 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар,

- Сүхбаатар дүүргийн шүүхийн 1999 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 555 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар,

- Хан-Уул дүүргийн шүүхийн 2003 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 130 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 152 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 сарын хугацаагаар баривчлах ялаар,

- Хан-Уул дүүргийн шүүхийн 2006 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 4а дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.1 дэх хэсэгт зааснаар 5 жилийн хугацаагаар хорих ялаар,

- Хан-Уул дүүргийн шүүхийн 2011 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 320 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4 дэх хэсэгт зааснаар 10 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгүүлж, Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 463 дугаартай шүүгчийн захирамжаар эдлээгүй үлдсэн 03 жил 04 сар 24 хоногийн хорих ялаас чөлөөлөгдөж суллагдсан.

Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэд дурдсанаар:

1. Шүүгдэгч Б.Д нь Э.Ч, С.О нартай бүлэглэн 2018 оны 05 дугаар сарын 10-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 30 дугаар хороо, Чулуутын ** тоотод оршин суух иргэн Ө.Н-ын эзэмшлийн монгол гэрийн хаалганы цоожийг эвдэж нэвтрэн “Самсунг” фирмийн 32 инчийн ЛСД зурагт, ДДШ-ийн станц, цэргийн дүрэмт хувцас, савхин хүрэм, утас цэнэглэгч, набор, компот, ундаа, чихэр, сүү, печень зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, 603,840 төгрөгийн хохирол учруулсан;

2. Шүүгдэгч Б.Д нь С.О-тэй бүлэглэн 2018 оны 06 дугаар сарын 19-ний өдөр Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороо, Яргайтын *** тоотод оршин суух иргэн Э.Д-ийн эзэмшлийн монгол гэрийн хаалганы цоожийг эвдэж  нэвтрэн “ТСЛ” фирмийн 32 инчийн ЛСД зурагт, хүүхдийн унадаг дугуй зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, бусдад 570,000 төгрөгийн хохирол учруулсан;

3. Шүүгдэгч Б.Д нь 2017 оны 10 дугаар сарын 01-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хороо, Хайрханы ** тоотод оршин суух иргэн Н.Б-ийн эзэмшлийн өвлийн сууцны хаалганы цоожийг эвдэж  нэвтрэн “Шарп” фирмийн 37 инчийн ЛСД зурагтыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, 350,000 төгрөгийн хохирол учруулсан;

4. Шүүгдэгч Б.Д нь 2017 оны 10 дугаар сарын 18-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр хороо, Малчны ** тоотод оршин суух иргэн Т.С-ийн эзэмшлийн өвлийн сууцны вакум цонхоор нэвтрэн “ТСЛ” фирмийн 46 инчийн зурагтыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, бусдад 900,000 төгрөгийн хохирол учруулсан;

5. Шүүгдэгч Б.Д нь 2017 оны 10 дугаар сарын 31-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 10 дугаар хороо, Зүүнбаян уулын ** тоотод оршин суух иргэн Б.С-ийн эзэмшлийн монгол гэрийн хаалганы цоожийг эвдэж  нэвтрэн “Хаер” маркийн 42 инчийн ЛСД зурагт, эрэгтэй хүний мөнгөн гинж, эрэгтэй хүний мөнгөн бөгж, монет өрөөсөн ээмэг зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, 781,175 төгрөгийн хохирол учруулсан;

6. Шүүгдэгч Б.Д нь 2017 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 10 дугаар хороо, Зүүнбаян уулын ** тоотод оршин суух иргэн А.Б-ийн эзэмшлийн монгол гэрийн хаалганы цоожийг эвдэж нэвтрэн “Самсунг” фирмийн 42 инчийн зурагтыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, бусдад 550,000 төгрөгийн хохирол учруулсан;

7. Шүүгдэгч Б.Д нь 2018 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр хороо, Малчны ** тоотод оршин суух иргэн С.Б-ын эзэмшлийн өвлийн сууцны хаалганы цоожийг эвдэж  нэвтрэн “Тошиба” фирмийн 55 инчийн зурагт, “Асус” фирмийн зөөврийн компьютер, эрэгтэй хүний савхин куртик зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, бусдад 2,000,000 төгрөгийн хохирол учруулсан;

8. Шүүгдэгч Б.Д нь 2018 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 10 дугаар хороо, Зүүнбаян уулын *** тоотод оршин суух иргэн Я.Б-ийн эзэмшлийн монгол гэрийн хаалганы цоожийг эвдэж  нэвтрэн “Шарп” фирмийн 32 инчийн зурагт, зөөврийн компьютер, бэлэн 500,000 төгрөг зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, бусдад 880,000 төгрөгийн хохирол учруулсан;

9. Шүүгдэгч Б.Д нь 2018 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хороо, Хайрханы  ** тоотод үйл ажиллагаа явуулдаг иргэн Ж.Э-ы эзэмшлийн “**” хүнсний дэлгүүрийн вакум цонхоор нэвтрэн бэлэн 30,000 төгрөг, дунд гарын мөнгөн аяга, “Самсунг” маркийн гар утас зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, бусдад 450,000 төгрөгийн хохирол учруулсан;

10. Шүүгдэгч Б.Д нь 2018 оны 02 дугаар сарын 19-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хороо, Одонтын ** тоотод оршин суух иргэн С.Э-ын эзэмшлийн монгол гэрийн хаалганы цоожийг эвдэж нэвтрэн “Елко” фирмийн 50 инчийн зурагт, орны бүтээлэг зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, бусдад 1,370,000 төгрөгийн хохирол учруулсан;

11. Шүүгдэгч Б.Д нь 2018 оны 03 дугаар сарын 17-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 10 дугаар хороо, Зүүнбаян уулын ** тоотод оршин суух иргэн Г.Д-ийн эзэмшлийн өвлийн сууцны хаалганы цоожийг эвдэж  нэвтрэн хөлдөөгч, 2 ширхэг хонины гулууз мах, үхрийн мах, өвчүү зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, бусдад 740,000 төгрөгийн хохирол учруулсан;

12. Шүүгдэгч Б.Д нь 2018 оны 04 дүгээр сарын 08-аас 16-ны хооронд  Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хороо, Хайрханы ** тоотод оршин суух иргэн П.Б-ын эзэмшлийн өвлийн сууцны вакум цонхоор нэвтрэн DVD тоглуулагч, цонхны хөшиг, морин хуурын сувинер, гар чемодан, автомашины хөгжим, автомашины тоос сорогч зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, бусдад 720,000 төгрөгийн хохирол учруулсан;

13. Шүүгдэгч Б.Д нь 2018 оны 05 дугаар сарын 17-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хороо, Одонтын ** тоотод оршин суух иргэн Ц.С-ын эзэмшлийн монгол гэрийн хаалганы цоожийг эвдэж нэвтрэн “Филипс” маркийн 32 инчийн зурагт, эмэгтэй хүний савхин куртик, эрэгтэй хүний бомбор куртик зэрэг эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, бусдад 460,000 төгрөгийн хохирол учруулсан;

14. Шүүгдэгч Б.Д нь 2018 оны 06 дугаар сарын 11-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр хороо, Малчны уулын ** тоотод оршин суух иргэн С.Э-ын эзэмшлийн өвлийн сууцны хаалганы цоожийг эвдэж нэвтрэн “Самсунг” маркийн 32 инчийн зурагт, дунд гарын мөнгөн аяга, цахилгаан дрилл зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, бусдад 520,000 төгрөгийн хохирол учруулсан;

15. Шүүгдэгч Б.Д нь 2018 оны 06 дугаар сарын 30-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр хороо, Уулын ** тоотод оршин суух иргэн Ж.А-ийн эзэмшлийн монгол гэрийн хаалганы цоожийг эвдэж нэвтрэн “Сони” фирмийн 32 инчийн зурагтыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, бусдад 350,000 төгрөгийн хохирол учруулсан;

16. Шүүгдэгч Б.Д нь 2018 оны 10 дугаар сарын 23-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 10 дугаар хороо, Зүүнбаян уулын ** тоотод оршин суух иргэн П.А-ын эзэмшлийн өвлийн сууцны хаалганы цоожийг эвдэж нэвтрэн бэлэн 20.000 төгрөг, “Самсунг С-2” маркийн гар утас, эрэгтэй хүний савхин куртик, автомашины МР тоглуулагч зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, бусдад 200,000 төгрөгийн хохирол учруулсан;

17. Шүүгдэгч Б.Д нь 2017 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хороо, Хайрханы ** тоотод оршин суух иргэн Д.Д-ийн эзэмшлийн өвлийн сууцны хаалганы цоожийг эвдэж нэвтрэн шигтгээ хэлбэртэй ээмэг, гинжний хослол, сваровский ээмэг бөгжний хослол зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, бусдад 390,000 төгрөгийн хохирол учруулсан;

18. Шүүгдэгч Б.Д нь 2018 оны 03 дугаар сарын 15-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хороо, Хайрханы ** тоотод оршин суух иргэн Ч.Ж-ны эзэмшлийн монгол гэрийн хаалганы цоожийг эвдэж нэвтрэн “Шарп” фирмийн 43 инчийн ЛСД зурагтыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, бусдад 800.000 төгрөгийн хохирол учруулсан;

19. Шүүгдэгч Б.Д нь 2018 оны 06 дугаар сарын 07-ноос 08-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 10 дугаар хороо, Оёдлын ** тоотод оршин суух иргэн Я.Н-ийн эзэмшлийн монгол гэрийн хаалганы цоожийг эвдэж нэвтрэн MNBC антен хүлээн авагчийн төхөөрөмж, антен хүлээн авагч, DVD тоглуулагч, бэлэн 500,000 төгрөг зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, бусдад 795,000 төгрөгийн хохирол учруулсан /19 удаагийн үйлдлээр нийт 13,430,015 төгрөгийн хохирол/ буюу бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан, хулгайлах гэмт хэргийг бусадтай бүлэглэж, хүн амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, учрах саадыг арилгах зорилгоор зэвсгийн чанартай зүйл хэрэглэж, мөн байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон гэх гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч нараас гаргасан мэдүүлэг, талуудаас шинжлэн судалсан эд мөрийн болон бичгийн нотлох баримтад үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлд зааснаар ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүгдэгч Б овгийн Б.Д нь:

1. Э.Ч, С.О нартай бүлэглэн 2018 оны 05 дугаар сарын 10-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 30 дугаар хороо, Чулуутын ** тоотод оршин суух хохирогч Ө.Н-ын байнга оршин суудаг монгол гэрийн хаалганы цоожийг эвдлэн нэвтэрч, “Samsung” загварын 32 инчийн LCD зурагт, DDSH-ийн станц, цэргийн дүрэмт хувцас, савхин хүрэм, гар утас цэнэглэгч, чихрийн цуглуулга, компот, ундаа, чихэр, сүү, жигнэмгийг нууцаар, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч, бусдад 603,840.00 төгрөгийн хохирол учруулсан,

2. С.О-тэй бүлэглэн 2018 оны 06 дугаар сарын 19-ний өдөр Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороо, Яргайтын ** тоотод оршин суух хохирогч Э.Д-ийн байнга оршин монгол гэрийн хаалганы цоожийг эвдлэн нэвтэрч “TCL” загварын 32 инчийн LCD зурагт, хүүхдийн унадаг дугуйг нууцаар, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч, бусдад 570,000.00 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоолоо.

Энэхүү үйл баримт нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан дараах нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдов. Үүнд:

1. Шүүгдэгч Б.Д-гийн шүүх хуралдаанд өгсөн: “...2018 оны 01 сарын 07-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр хороо, Малчны **, мөн дүүргийн 10 дугаар хороо, Зүүн баян уулын ** тоот гэсэн 2 айлд зэрэг орсон байна. Цаг хугацааны хувьд хохирогч өглөө ажилдаа яваад орой ирсэн гэж байна. Хэргийн газарт хийсэн үзлэгийн тэмдэглэлд Д энэ хэргийг хийсэн гэсэн нотлох баримт, гар хурууны хээ байхгүй. Би энэ хэргийг хийсэн талаар нотлох баримт байгаа бол гаргаж өгөөч гэхэд хулгайн гэмт хэрэг далд үйлдэгддэг, цаг хугацааны улмаас мэдэгдэхгүй болдог гэж хэлдэг. Энэ мэт нотлох баримтгүй хэргүүдийг надад тохсон. Яллах дүгнэлтэд бичигдсэн хулгайн хэргүүдэд ганц хүн хийхээр хэрэг цөөн хэд л байгаа. Машин механизм хэрэглэж, бүлэглэсэн хэрэг харин олон байгаа. Би урьд нь олон удаа гэмт хэрэгт холбогдож ял эдэлж байсан. Энэ хэрэг ямар хэлбэрээр үйлдэгдсэн байна гэдгийг багцаалж мэднэ. Прокурор надтай уулзаад чиний эрүүл мэндийн хувьд даахгүй гэсэн хүнд эд зүйлстэй хэргүүдийг тусгаарлаад жижиг эд зүйлстэй хэргүүдийг чинь шүүх рүү явуулъя гэсэн санал гаргаж байсан. Нэг ёсондоо хоолны газрын эзэн “таны тавагтай хоолонд хоёр жоом, гурван ялаа орчихсон байна, бид жоомыг нь авчихъя, та хоолоо ялаатай нь идчих тэгэх үү” гэж байгаатай л адилхан зүйл болоод байна. Би Ч, О хоёртой бүлэглэн 2015 оны 05 сарын 10-ны өдөр Н-ын гэрээс 603,840 төгрөгийн эд зүйл хулгайлсан үйлдлийг хүлээн зөвшөөрч байна, би гадаа нь хүн хараад зогсож байсан юм. Мөн О-тэй хамтран хохирогч Д-гийн гэрээс эд зүйл хулгай хийсэн үйлдэлтэй маргах зүйлгүй. Харин бусад 17 хэргийг би хийгээгүй. Хийгээгүй хэргүүдийг өөр дээрээ авахаар мөрдөгчтэй тохирсон нь үнэн. Би тэр үйлдэлдээ хариуцлага хүлээхэд бэлэн. Тухайн үед эрүүгийн 3 төлөөлөгч гэрэл зураг үзүүлээд алдагдсан зүйл нь энэ сайн тогтоогоод аваарай гэж хэлсэн. Дараа нь Ц гэж байцаагч “мэдүүлэг авна” гэхэд нь “би наад хэргүүдийг чинь хийгээгүй юм чинь ямар мэдүүлэг өгөх юм бэ, надад хэлэх зүйл алга, та наад хэргээсээ харж байгаад биччих, би гарын үсэг зуръя” гэж хэлсэн. Учир нь тэр үед өмнөх 3 төлөөлөгчтэй ярьсан “тодорхой хэмжээний санхүүгийн тусламж үзүүлнэ” гэсэн яриа хүчин төгөлдөр байсан тул би гарын үсэг зурсан юм. Эрүүгийн тасагт ажиллаж байсан Ц, М гэсэн төлөөлөгч нар бүгд надаар гарын үсэг зуруулсан. Эрүүгийн тасгийн хажууд бичиг баримт хийдэг өрөөнд намайг хонуулж байсан. Хэрэв эдгээр хэргүүдийг намайг үйлдсэн гэж үзэж байгаа бол цонхны төмөр хаалт гөжиж онгойлгосон, идэш хөлдөөгчтэй нь авсан, айлын нохой хутгалсан талаар яагаад шалгахгүй байна вэ? 50 инчийн зурагтыг яагаад надаар өргүүлээд үзчихгүй байна вэ? Прокурор намайг чадахгүй гэдгийг мэдэж байгаа болохоор хийлгэхгүй байна гэж үзэж байна. Уг нь шүүхээс энэ ажиллагааг явуулахыг даалгасан...” гэсэн мэдүүлэг;

2. Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэлүүд, гэрэл зургийн үзүүлэлтүүд (5 дугаар хавтаст хэргийн 12-14, 80-85 дугаар хуудас);

3. Хохирогч Ө.Н-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 05 дугаар сарын 10-ны өдөр 11 цаг 40 минутад Сонгинохайрхан дүүргийн 30 дугаар хороо, Чулуутын ** тоотод байрлах гэрийнхээ үүдний амбаарыг ил цоожоор цоожлоод гарч явсан. Тэгээд 15 цагийн үед гэртээ иртэл үүдний амбаарын ил цоожийг эвдээд, үүдэнд тавьчихсан байсан. Гэртээ ороод эд зүйлсээ бүртгэж үзэхэд, 32 инчийн Samsung загварын зурагт, DDSH станц, цэргийн дүрэмт хувцасны урт савхин хүрэм, утас цэнэглэдэг цэнэглэгч, хөргөгчид байсан набор, шилтэй компот, ундаа чихэр, 2 хайрцагтай сүү, печень алдагдсан...” гэсэн мэдүүлэг (5 дугаар хавтаст хэргийн 18 дугаар хуудас);

4. Гэрч Д.Н-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2018 оны 05 сарын 10-ны өдөр 15 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 30 дугаар хороонд гэр хороолол дундах замаар өөрийн *** улсын дугаартай Тоёота Приус-20 загварын машинаа жолоодоод явж байхад 30-40 орчим насны 3 эрэгтэй хүн замын хажууд шар өнгийн хоёр тортой юм барьчихсан зогсож байгаад, нэг залуу нь гараа өргөсөн. Тэгээд би зогсоод “хаашаа явах уу” гэж асуухад “Модны 2 орно” гэж хэлсэн. Тэгээд гурвуулаа машинд суугаад засмал замын хажуу руу дээшээ өгссөн. Тэд “замаараа юм аваадахъя” гээд нэг гудамж руу ороод 100 алхам газар явж байтал “ингээд зогсчих” гэсэн. Зогсоход машины урд сууж байсан халзан толгойтой, шар царайтай, нүүрэндээ мэнгэтэй, бүдүүн ах, мөн хойно сууж байсан муруй хамартай хөгшин ах хоёр машинд үлдээд, хамт явж байсан туранхай бор ах машинаас буугаад, цэнхэр өнгийн хаалгатай хашаа руу ороод улаан хар цоохор өнгийн бүтээлэгт боосон зурагт аваад гарч ирсэн. Тэгээд шууд Модны 2 явцгаасан. Замдаа тэр гурван ах торноосоо хайрцагтай олон жимстэй ундаа гаргаж ирээд уусан, мөн дэлгүүрээс 0.33 литрийн хэмжээтэй “Хараа” нэрийн архи авч уусан...” гэсэн мэдүүлэг (5хх-ийн 28 дугаар хуудас);

5. Хохирогч Э.Д-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 06 дугаар сарын 19-ний өдөр 08 цаг өнгөрч байхад би нөхөр Б-ийн хамт гэрээсээ гарсан. Манай нөхөр намайг ажил дээрээс аваад бид хоёр оройн 18 цаг өнгөрч байх үед гэртээ ирэхэд хашааны хаалга хэвийн, харин гэрийн хаалга хаалттай мөртөө цоожгүй байхаар нь гайхаад гэртээ ороход хойморт байсан зурагт алга болсон байсан. ...цагдаа ирэх хооронд цоожоо хайж байгаад үүдний гишгүүрийн модон доороос олсон. Мөн манай гэрээс цэнхэр өнгөтэй, хүүхдийн шинэхэн дугуй алга болсон байсан...” гэсэн мэдүүлэг (5 дугаар хавтаст хэргийн 92 дугаар хуудас),

- “...зурагтаа буцаагаад хүлээн авсан. Харин унадаг дугуйгаа аваагүй тул үнийг нь нэхэмжилнэ...” гэсэн дахин мэдүүлэг (5хх-ийн 93 дугаар хуудас);

6. Иргэний нэхэмжлэгч Ц.А-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2018 оны 06 сарын 19-ний өдөр өөрийн хариуцан ажиллуулдаг хүнсний 4-р дэлгүүрийн хажуугийн “**” нэртэй ломбардад ажлаа хийгээд сууж байхад үдээс хойш 40 орчим насны үл таних эрэгтэй орж ирсэн. Тэрээр манайд 32 инчийн TCL загварын LCD зурагтыг удирдлагын хамт 130,000 төгрөгийн барьцаанд тавьсан. Тэр хүн өөрийн иргэний бичиг баримтаар үйлчлүүлсэн бөгөөд С.О /РД:***/ нь утасны дугаар: ***, хаяг: СХД-ийн 25 дугаар хороо Хайрхан ** тоот гэж бичүүлсэн байна. Зурагтыг цагдаагийн байгууллагад хүлээлгэж өгсөн...” гэсэн мэдүүлэг (5 дугаар хавтаст хэргийн 96 дугаар хуудас);

7. Гэрч О.А-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Өдрийг нь санахгүй байна, би хувиараа такси үйлчилгээнд явж байсан бөгөөд 7 буудал орчхоод буцаж явахад автобусны буудал дээр нэг хүн гар өргөхөөр нь зогсоод “хаа хүрэх вэ” гэсэн чинь “гэрээсээ зурагт авчхаад гэмтэл орно” гэхээр нь би зөвшөөрсөн. Машинд гар өргөсөн хүн өөр нэг хүнийг дуудаад хамт суусан. Тэр хүн гэрээ зааж өгөөд нэг хашааны гадна нэг нь буугаад хашаанд байсан гэрээс зурагт бололтой юм, мөн хүүхдийн жижиг дугуй барьж гарч ирээд, хойд суудал дээр тавьсан. Тэгээд 4-р дэлгүүрийн уулзвараар буцаж эргээд, байран дунд зогсоод, гар өргөж суусан эрэгтэй нь зурагтыг авч “ломбард орчхоод ирье” гэж буугаад удалгүй зурагтгүй ирсэн. Тэгээд тэр хоёр тооцоогоо хийгээд буусан. Ямар ч байсан нэг эрэгтэй нь хүзүүндээ хутгалуулж байсан гээд надад сорвио харуулж байсан. Хүзүүг нь харахад гол хэсгээрээ хагалгаа хийсэн гэмээр сорвитой байсан...” гэсэн мэдүүлэг (5 дугаар хавтаст хэргийн 103 дугаар хуудас);

8. Таньж олуулах ажиллагаа явуулсан: “...Б.Д-гийн гэрэл зургийг 2 дугаарт байрлуулж, 1-4 хүртэл дугаарласан 4 хүний гэрэл зургийг гэрч О.А-д үзүүлэн “таны машинд суусан гэх хүн эдгээр хүмүүсийн дунд байна уу, хэрэв байвал та гэрэл зургийг нь заана уу, мөн ямар содон шинж тэмдгээр нь таньж байгаа талаараа ярина уу” гэхэд тэрээр “2 дугаартай гэрэл зурагт байгаа хүн мөн байна, би хараад шууд танилаа миний машины арын суудал дээр сууж байсан хүн мөн байна” гэж 2 дугаарт байрлуулсан Б.Д-гийн гэрэл зургийг заасан тул гэрэл зургаар бэхжүүлэв...” гэсэн тэмдэглэл (6хх-ийн 171 дүгээр хуудас);

9. “Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний: “...телевизор, хүнсний бүтээгдэхүүн, куртик нийт 603,840 төгрөг...” гэсэн тайлан (5 дугаар хавтаст хэргийн 42 дугаар хуудас), “Мастер үнэлгээ” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний: “...телевизор, унадаг дугуй нийт 570,000 төгрөг...” гэсэн тайлан (4 дүгээр хавтаст хэргийн 140 дүгээр хуудас);

10. Эрүүгийн 1808 01344 0686 дугаартай хэрэгт С.О-ийн яллагдагчаар өгсөн: “...2018 оны 06 дугаар сард хэдний өдөр гэдгийг нь санахгүй байна. Д бид хоёр гэр хорооллын гудамжаар явж байгаад дотроо монгол гэр болон нэг давхар улаан тоосгон байшинтай хаалга нь онгорхой хашаа руу орсон. Д хойд талын байшинд хүн байгаа эсэхийг шалгаж үзээд, эргэж ирээд “хүн байхгүй байна” гэж хэлсэн. Тэгээд Б.Д гадна хүн хараад, харин би гэрийн хаалганы цоожны цүүг хүчтэй татахад цоож, цүү нь хамтдаа мултарсан. Би дотогшоо орж гэрийн хойморт байсан 32 инчийн хар өнгийн зурагтыг аваад, гэр дотор угаалгын машины хажууд байсан хүүхдийн унадаг дугуйг аваад, төв зам дээрээс такси барьж, хүнсний 4 дүгээр дэлгүүр орж, төв зам дагуу байрлах ломбардад зурагтыг би өөрийн бичиг баримтаар 130,000 төгрөгийн барьцаанд тавьсан. Тэгээд бид хоёр хүүхдийн дугуйг зарах санаатай Нарантуул орохоор такси барьсан боловч хол явахаа болиод таксины жолоочид унадаг дугуйг 20,000 төгрөгөөр зарж тооцоогоо хийсэн. Тэгээд бид хоёр архи авч уугаад салцгаасан...” гэсэн мэдүүлэг (5 дугаар хавтаст хэргийн 129-130 дугаар хуудас);

11. Шүүгдэгч Б.Д-гийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...Би он сар өдрийг нь сайн санахгүй байна. 2018 оны 05 дугаар сарын хавьцаа Хархорин зах дээр О, Ч хоёртой тааралдсан. Бид гурав нэгдүгээр хорооллын арын дэнжийн гэр хороолол руу явж ороод гудамжинд байж байтал Ч “би ахынх руугаа орчхоод ирье, та хоёр байж бай” гэсэн. Тэгээд нэг хашаа руу орчхоод 10-аад минутын дараа Ч гарч ирээд “та хоёр наашаа ороод ир” гэхээр нь би хулгай хийх гэж байна гэж мэдээд “гэдэс өвдөөд байна, энд бие засчихъя” гэж хэлсэн. О, Ч тай нөгөө айл руу ороод, би гадаа нь хүлээгээд байж байтал О 1 том цагаан тортой юм бариад гараад ирсэн. Тэгээд “ах хүү май энийг барьчих” гэхээр нь би тэр тортой юмыг нь барьсан. Ч дараа нь гарч ирсэн. Бид 3 ойрхноос такси барьж хашааны гадаа ирээд О “Ч-аа чи ороод зурагтаа аваад, гараад ир, бид хоёр таксигаа эргүүлж байя” гэсэн. Таксины жолооч бид гурвыг хулгай хийж байна гэж мэдээгүй байх. Ч нөгөө айл руу ороод нэг том хавтгай зурагт аваад гараад ирсэн....Дараа нь 2018 оны 06 дугаар сард байсан яг хэдний өдөр байсныг санахгүй байна. Би Хархорин захын тэнд ТҮЦ-ээс О-тэй утсаар яриад 5 буудлын орчимд уулзсан. Бид хоёр 7-н буудал явж архи уухаар тохироод, гудамжаар явж байгаад доголтой гудамжны орчим модон түгжээтэй айлын хаалгыг О гараа хийж онгойлгосон. Тэр хашаанд нэг монгол гэр, хойд талд нь байшин байсан. Бид 2 тэр айл руу ороод нэг зурагт авсан. Би түрүүлж гэрээс гарсан. Тэгтэл О араас “ахаа энэ үнэ хүрэх болов уу” гээд нэг жижиг хүүхдийн дугуй заахаар нь би “зарвал хүн авах л байх” гэж хэлсэн. Тэгээд бид 2 хулгайлсан юм аа хашаан дотор үлдээгээд 7 буудлын эцэс дээрээс такси барьж ирээд юм аа ачаад 4 дүгээр дэлгүүрийн наагуур эргээд, 1 ломбардын үүдэнд зогсоод, О орж уулзаад зурагтыг ломбардад тавьсан. Дараа нь бид 2 багшийн дээдийн орчимд дугуйгаа түрээд явж байгаад дахин такси бариад нөгөө таксины жолоочид унадаг дугуйг зарчхаад, хоол унд идээд, пиво уугаад салсан...” гэсэн мэдүүлэг (6 дугаар хавтаст хэргийн 117-118 дугаар хуудас);

12. Шүүгдэгч Б.Д-гийн иргэний үнэмлэхийн лавлагаа (4хх-ийн 203 дугаар хуудас), эрүүгийн хариуцлага хүлээсэн эсэхийг шалгах хуудас (4хх-ийн 224 дүгээр хуудас), шийтгэх тогтоолын хуулбар (4хх-ийн 227-243 дугаар хуудас) зэрэг нотлох баримт болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан эргээр нотлох баримтыг мөрдөгч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, хэргийн бодит байдлыг бүх талаас нь бүрэн тогтооход хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал болох болж өнгөрсөн үйл явдлыг мөрдөн шалгах ажиллагаагаар сэргээн тогтоохдоо хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Анхан шатны шүүх бүрэлдэхүүн шүүгдэгчийн өмгөөлөгчөөс гэм буруугийн талаар гаргасан “...Миний үйлчлүүлэгч Ч, О нартай бүлэглэж үйлдсэн үйлдэл дээр маргахгүй. Харин бусад 17 үйлдлийг Д үйлдсэн гэдэг нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдоогүй гэж үзэж байна. Иймд Б.Д-д холбогдох хулгайн хэргээс ганцаараа үйлдсэн гэх 17 удаагийн үйлдлийг хэрэгсэхгүй болгож, нотлогдсон буюу зөвшөөрсөн хоёр үйлдэлд нь тохирох зүйл, хэсэг, заалтаар нь гэм буруутайд тооцож өгнө үү...” гэсэн дүгнэлтийг дараах үндэслэлээр хүлээн авах нь зүйтэй гэж үзлээ.

Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургаадугаар зүйлийн 14 дэх заалтад “...өөрийнхөө эсрэг мэдүүлэг өгөхгүй байх эрхтэй...” гэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн мэдүүлгийг нотлох баримтаар тооцох боловч уг мэдүүлэг дангаараа түүнийг яллах үндэслэл болохгүй.” гэж, мөн зүйлийн 8 дахь хэсгийн 8.3 дахь заалтад “яллагдагч...-ийн хэргээ хүлээсэн мэдүүлэг;” нь шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутайг нотлох шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүй:” гэж тус тус заажээ.

Түүнчлэн, Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2020 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 10 дугаар дүгнэлтээр “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь Монгол Улсын Үндсэн хуулиар баталгаажсан хүний эрхийг үндэслэлгүй хязгаарласан шинжгүй, хууль зүйн процессын суурь зарчмуудад нийцсэн байх ёстой. Энэ утгаараа хуульд гэмт хэрэгт сэрдэгдэж байгаа этгээдээс гэрчийн мэдүүлэг авч, түүний эрхийг хөндөх байдал гаргахаар байгааг хууль тогтоогч анхаарч, хуулийн зохицуулалтыг боловсронгуй болгох шаардлага байна.” хэмээн дүгнэсэн байна.

Иймд анхан шатны шүүх тухайн шүүгдэгчийн урьд гэрчээр, сэжигтнээр, яллагдагчаар өгсөн мэдүүлэг, мэдүүлгийг нь шалгах ажиллагаа болон шүүх хуралдаанд гаргасан мэдүүлэг аль алин нь дангаараа түүнийг яллах, гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж үзэх шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүй гэж үзлээ.

Гэтэл улсын яллагчаас шүүгдэгч Б.Д-гийн ганцаараа үйлдсэн гэх 17 удаагийн хулгайлах гэмт хэргийг түүний мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг болон, мэдүүлгийг газар дээр нь шалгах ажиллагааны тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтийг үндэслэн гэм буруутайд тооцуулах талаар дүгнэлт гаргасан нь хууль зүйн үндэслэлгүй юм.

Улсын яллагч шүүх хуралдаанд шүүгдэгч Б.Д-гийн ганцаараа үйлдсэн гэх 17 удаагийн хулгайн үйлдэлд өөрийнх нь мэдүүлгээс гадна дараах нотлох баримтыг шинжлэн судалсан болно.

1. Б.Д нь 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хороо, Хайрхан **  тоот хашаанд оршин суух Н.Б-ийн хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар 350,000 төгрөгийн эд хөрөнгийг хулгайлсан гэх хэргийн талаар:

- Хэргийн газар үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт “...2017 оны 10 дугаар сарын 01-ний өдөр, ...Үзлэг хийж буй газар нь Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хороо Хайрхан 7 дугаар гудамжны ** тоот хашаа байна., ...Байшингийн баруун талд модон шүүгээ бүхий шургуулга түүний дээр зурагт байсан гэж Б өгүүлэх ба шинжээч гэрэл зургаар бэхжүүлж авсан...” (1 дүгээр хавтас 13-16 дугаар хуудас);

- Хохирогч Н.Б-ийн 2018 оны 10 дугаар сарын 04-ний өдөр өгсөн: “...2017 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр би өглөө 09 цагийн орчимд гэрийнхээ амбаарын хаалгыг түгжээд гарсан. Маргааш нь гэртээ буцаад иртэл том өрөөнд байсан зурагт алдагдсан байсан. Намайг гэртээ ирэхэд гэрийн гадна талын амбаарын хаалганы цүүг хөшиж эвдэлсэн байдалтай байсан. Манай гэрээс “Шарп” маркийн 37 инчийн хар өнгийн ЛСД зурагт алдагдсан. Манай хүргэн Б шинээр нь бэлэглэж байсан юм, одоо 350 000 төгрөгөөр үнэлнэ...” гэсэн мэдүүлэг (1 дүгээр хавтас 23-24 дүгээр хуудас);

- “Мастер үнэлгээ” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан: “...350,000 төгрөгөөр телевизорыг үнэлсэн...” (1 дүгээр хавтас 40 дүгээр хуудас);

2. Б.Д нь 2017 оны 10 дугаар сарын 18-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр хороо, Малчины ** тоотод оршин суух Т.С-ийн хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар 900,000 төгрөгийн эд хөрөнгө хулгайлсан гэх хэргийн талаар:

- Хэрэг гарсан үзлэг хийсэн тэмдэглэл: “...СХД-ийн 9 дүгээр хороо Малчны ** тоот ертөнцийн зүгээр урд зүгт харсан байрлалтай төмөр хаалгатай модон хашаа байх ба,... өрөөний баруун талын вакум цонхны жижиг салхивч нь дотогш онгойсон байх ба зурагт байсан гэх газрыг “А” үсэг тавьж гэрэл зургаар бэхжүүлж авсан...” (1 дүгээр хавтас 67-69 дүгээр хуудас);

- Хохирогч Т.С-ийн 2018 оны 2 дугаар сарын 23-ны өдөр  өгсөн: “...2017 оны 10 дугаар сарын 18-ны өдөр би 14 цаг өнгөрөөд гэрээсээ гараад орой 20 цаг өнгөрч байхад манай байшингийн цонх онгорхой дотогш ороход хойморт байсан 46 инчийн ТСЛ загварын зурагт алга болчихсон байсан...” гэсэн мэдүүлэг (1 дүгээр хавтас 76 дугаар хуудас);

- “Мастер үнэлгээ” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан: “...900,000 төгрөгөөр телевизорыг үнэлсэн...” (1 дүгээр хавтас 98 дугаар хуудас);

3. Б.Д нь 2017 оны 10 дугаар сарын 31-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 10 дугаар хороо, 18 дугаар гудамж ** тоотод оршин суух Б.С-ийн хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар 781,175 төгрөгийн эд хөрөнгө хулгайлсан гэх хэргийн талаар:

- Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл: “...Хэрэг болсон гэх газар нь Сонгинохайрхан дүүрэг 10 дугаар хороо ** тоот ертөнцийн зүгээр урд зүг рүү харсан модон хашаатай улбар шар өнгийн хаалгатай хашаа байна. тухайн хашаагаар дотогшоо ороход гэр байх ба гэрийн хаалганы цоожны цүү мурийсан байдалтай,.. хоймор хэсэгт хүрэн ягаан өнгөтэй зурагтын тавиур 2 талаар нь өсгөгчтэй байх ба уг өсгөгчийн голд зурагт байсан гэх тул “А” гэж тэмдэглэн гэрэл зургаар бэхжүүлж авсан. Мөн түүний баруун талд компьютерын шаргал өнгийн ширээ байх ба түүний дээр байрлах тавиур дээр гинж, ээмэг хийдэг хайрцаг байсан гэх тул “б” гэж тэмдэглэн гэрэл зургаар бэхжүүлсэн...” (1 дүгээр хавтас 125-127 дугаар хуудас);

- Хохирогч Б.С-гийн 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдөр өгсөн: “...Би Сонгинохайрхан дүүргийн 10 дугаар хороо Зүүнбаян-Уулын ** тод нөхөр хүүхдийн хамт оршин суудаг. 2017 оны 10 дугаар сарын 31-ний өглөө 07 цагт гэрээсээ гарч яваад орой 21 цагт гэртээ ирэхэд манай гэрийн хаалганы цоожны цүүг эвдлэн хулгайч орж “Хайэр” зурагт болон манай нөхрийн мөнгөн гинж, бөгж зэргийг хулгайлсан байсан...” гэсэн мэдүүлэг (1 дүгээр хавтас 137 дугаар хуудас);

- “Тэнцвэр эстимейт” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан: “...781,175 төгрөгөөр телевизор, мөнгөн гинж, монет ээмгийг үнэлсэн...” (1 дүгээр хавтас 155 дугаар хуудас);

4. Б.Д нь 2017 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 10 дугаар хороо, Зүүнбаян-Уулын  ** тоотод оршин суух А.Б-хийн хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар 550,000 төгрөгийн эд хөрөнгө хулгайлсан гэх хэргийн талаар:

- Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл: “...Хэрэг болсон гэх газар нь Сонгинохайрхан дүүрэг 10 дугаар хороо Зүүнбаян-Уулын ** тоот цэнхэр өнгийн хаалгатай хүрэн бор өнгийн хашаатай ертөнцийн зүгээр зүүн зүг рүү харсан байрлалтай хашаа байна. Том өрөөнд бор өнгийн шилэн хаалгатай шүүгээ зурагтын тавиур байх ба тавиур дээр зурагт байсан гэх тул “А” гэж тэмдэглэн гэрэл зургаар бэхжүүлж авсан...” (1 дүгээр хавтас 187-189 дүгээр хуудас);

- Хохирогч А.Б-ийн 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдөр өгсөн: “...2017 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр ажилдаа яваад 18 цагт гэртээ ирдэг, манай охин 13 цагийн үед над руу яриад манай гэрт хулгай орсон байна зурагт байхгүй болсон байна гэж хэлсэн. Манай гэрийн хойморт 42 инчийн Самсунг зурагт алга болсон байсан...” гэсэн мэдүүлэг (1 дүгээр хавтас 196-198 дугаар хуудас);

- “Мастер үнэлгээ” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан: “...550,000 төгрөгөөр телевизор, мөнгөн гинж, монет ээмгийг үнэлсэн...” (1 дүгээр хавтас 215 дугаар хуудас);

5. Б.Д нь 2018 оны 01 дүгээр сарын 07-оос 08-ны шөнө Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр хороо, Малчны **  тоотод оршин суух С.Б-ын хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар 2 145,000 төгрөгийн эд хөрөнгө хулгайлсан гэх хэргийн талаар:

- Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл: “...Хэрэг болсон гэх газар нь Сонгинохайрхан дүүрэг 9 дүгээр хороо Малчны ** тоот ертөнцийн зүгээр урагш харсан байрлалтай хашаа байна. Үзлэгийг хашаанд урдаас хойш чиглэлд бүхэлд нь самнасан байдлаар явуулахад байшингийн баруун тийш харсан цонхнуудын баруун талын цонхны харалдаа хэсэгт буюу байшингаас 240 см зайд 1 ширхэг гутлын мөрийг гэрэл зургийн аргаар бэхжүүлэн авлаа. Үзлэгийг том өрөөнөөс эхлэн явуулахад өрөөнд ертөнцийн зүгээр баруун хана дагуу буйдан, вакум цонх хэвийн эвдрэл гэмтэлгүй, өрөөний хойд хана дагуу модон бор өнгийн стекен тавилга байх ба түүний дээр зурагт байсан гэх тул “А” гэж тэмдэглэн гэрэл зургаар бэхжүүлж авсан. Том өрөөнд өөр ямар нэгэн ул мөр илрээгүй тул унтлагын өрөөнд цагийн зүүний дагуу явуулахад уг өрөөний баруун хананд байрлах 150х90 хэмжээтэй цонхны 90х40 см хэмжээтэй салхивчийн гадна талаас шилийг нь хагалж эвдсэн байдалтай хагархай шилний үйрмэг дотогшоо чиглэлд нэлэнхийдээ цацагдсан, цонхны тавцан дээр байсан ваартай цэцэг газар шалан дээр унаж шороо нь асгарсан байдалтай байна...” (1 дүгээр хавтас 243-244 дүгээр хуудас);

- Хохирогч С.Б-ын 2018 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр өгсөн: “...2018 оны 01 дүгээр сарын 08-ны шөнө 04 цагийн үед гэртээ ирэхэд хашааны хаалга онгорхой хашааны ертөнцийн зүгээр баруун талд орших агуулахын хаалга онгорхой байдалтай байсан. Тэгээд гэр лүү ороход байшингийн баруун талын вакум жижиг цонхны салхивчны хэсэг хагарсан байдалтай байсан. Дотогш ороод том өрөөний гэрлээ асаахад том өрөөний хойд хэсэгт байрлах тавилгын дээр байсан зурагт алдагдсан байсан. Тошиба загварын 55 инчийн хар өнгийн лед зурагт байсан. Асус загварын хар саарал өнгийн зөөврийн компьютер, манай нөхрийн хавар намрын куртик зэрэг зүйл алдсан...” гэсэн мэдүүлэг (2 дугаар хавтас 4-6 дугаар хуудас);

- “Мастер үнэлгээ” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан: “...2,145,000 төгрөгөөр телевизор, цэцэг зэргийг үнэлсэн...” (2 дугаар хавтас 26 дугаар хуудас);

6. Б.Д нь 2018 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр 15-аас 21 цагийн хооронд  Сонгинохайрхан дүүргийн 10 дугаар хороо, Зүүнбаян-Уулын ** тоотод оршин суух Я.Б-ийн хүн байнга амьдрах зориулалттай гэрт нэвтэрч, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар 880,000 төгрөгийн эд хөрөнгө хулгайлсан гэх хэргийн талаар:

- Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл: “...Хэрэг болсон гэх газар нь Сонгинохайрхан дүүрэг 10 дугаар хороо Зүүнбаян-Уулын ** тоот гэх хашаа нь ертөнцийн зүгээр хойд зүгт харсан байрлалтай төмөр хаалгатай, модон  хашаа байна...” (2 дугаар хавтас 74-76 дугаар хуудас);

- Хохирогч Я.Б-ийн 2018 оны 02 дугаар сарын 28-ны өдөр өгсөн: “...2018 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр 21 цаг хүртэл хороон дээр бүжиглэж байгаад гэртээ хүрээд иртэл манай гэрийн хаалганы цоож эвдэрсэн байдалтай харагдсан. Тэгэхээр нь эд зүйлээ бүртгээд үзэхэд 2012 онд Номин их дэлгүүрээс 420 000 төгрөгөөр худалдаж авсан 32 инчийн Шарп зурагт, марк тодорхойгүй зөөврийн компьютер, бэлнээр 500 000 төгрөг зэрэг эд зүйл алдсан...” гэсэн мэдүүлэг (2 дугаар хавтас 87 дугаар хуудас);

- “Мастер үнэлгээ” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан: “...380,000 төгрөгөөр телевизор, зөөврийн компьютерыг үнэлсэн...” (2 дугаар хавтас 104 дүгээр хуудас);

7. Б.Д нь 2018 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр 22.30 минутаас 23 цагийн орчимд Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хороо, Хайрхан 9 дүгээр гудамжны ** тоотод байрлах Ж.Э-ы хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар 450,000 төгрөгийн эд хөрөнгө хулгайлсан гэх хэргийн талаар:

- Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл: “...Хэрэг болсон гэх газар нь Сонгинохайрхан дүүрэг 25 дугаар хороо Хайрханы ** дүгээр гудамжны ертөнцийн зүгээр баруун тийш харсан хөх өнгийн төмөр дааман хаалгатай гадна талдаа 60 гэсэн тоон хаягтай банзан хашаа байлаа.,.. Цааш дамжин зочны буюу гэрийн эздийн тасалгаанд ороход хойморт мөлхөө тавилга, зүүн хананд модон ор, модон ширээ, сандал, баруун хананд буйдан ор байлаа. Модон ширээн дээр алдагдсан мөнгөн аяга, гар утас байсан гэх тул уг хэсэгт “А” гэсэн тэмдэг байрлуулж гэрэл зураг авав...” (2 дугаар хавтас 130-133 дугаар хуудас);

- Хохирогч Ж.Э-ы 2018 оны 03 дугаар сарын 26-ны өдөр өгсөн: “...2018 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр 22 цаг 30 минутаас 23 цаг 20 минутын хооронд дэлгүүрээ хаагаад охины хамт хүнээс юм авахаар урд талын гудамжинд оччихоод буцаад ирэхэд манай байшингийн гал тогооны цонхоор хулгай орж эд зүйл алдагдсан байсан. Орчин цагийн дунд гарын мөнгөн аяга 1 ширхэг, самсунг загварын хар өнгийн ар талын таг нь цагаан өнгөтэй гар утас, тухайн өдрийн дэлгүүрийн орлого болох 300 000 төгрөг дэлгүүрийн лангууны доод талд хар цүнх дотор байсан. Өөр зүйл алдагдаагүй...” гэсэн мэдүүлэг (2 дугаар хавтас 140-142 дугаар хуудас);

- “Мастер үнэлгээ” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан: “...150,000 төгрөгөөр мөнгөн аяга гар утас зэргийг үнэлсэн...” (2 дугаар хавтас 156 дугаар хуудас);

8. Б.Д нь 2018 оны 02 дугаар сарын 19-ний өдөр 13-17 цагийн хооронд Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хороо, Одонтын ** тоотод оршин суух С.Э-ын хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар 1,370,000 төгрөгийн эд хөрөнгө хулгайлсан гэх хэргийн талаар:

- Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл: “...Хэрэг болсон гэх газар нь Сонгинохайрхан дүүрэг 25 дугаар хорооны нутаг дэвсгэр Одонтын ** тоотод ертөнцийн зүгээр урд зүгт харсан саарал өнгийн төмөр хаалгатай, модон  хашаа байна,..баруун талын монгол гэрийн хаалга нь ямар нэгэн эвдрэлгүй гэрийн хаалганы дөрвөлжин төмөр цоожийг газарт унагаасан байдалтай байх бөгөөд цоож эвдэрч гацсан байна, ...уг шилэн хаалгатай шүүгээний зүүн талд байх модон тавиур дээр алдагдсан зурагт байсан гэх газрыг шинжээч 5 гэж дугаарлан гэрэл зургийн аргаар бэхжүүлж авав...” (2 дугаар хавтас 182-186 дугаар хуудас);

- Хохирогч С.Э-ын 2018 оны 03 дугаар сарын 09-ний өдөр өгсөн: “...2018 оны 02 дугаар сарын 19-ний өдөр би Өвөрхангай аймаг руу золголтоор явчихсан байсан ба эхнэр хүүхэд өдөр 13 цагийн орчим гараад 17 цагийн орчим ирэхэд гэрийн хаалганы цоожийг эвдээд хулгай орж 50 инчийн элко загварын зурагт алдагдсан байсан. Мөн баруун талын ор бүтээдэг Корейн айр гэсэн бичигтэй саарал өнгийн бүтээлэг алдагдсан...” гэсэн мэдүүлэг (2 дугаар хавтас 191 дүгээр хуудас);

- “Мастер үнэлгээ” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан: “...1,370,000 төгрөгөөр телевизор,бүтээлэг зэргийг үнэлсэн...” (2 дугаар хавтас 209 дүгээр хуудас);

9. Б.Д нь 2018 оны 04 дүгээр сарын 08-аас 16-ны хооронд Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хороо, Хайрханы *** тоотод оршин суух П.Б-ын хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар 720,000 төгрөгийн эд хөрөнгө хулгайлсан гэх хэргийн талаар:

- Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл: “...Хэрэг болсон гэх газар нь Сонгинохайрхан дүүрэг 25 дугаар хороо Хайрханы *** тоотод болсон байх ба тус хашаа нь ертөнцийн зүгээр зүүн тийш харсан байрлалтай цэнхэр өнгийн төмөр  хаалга байх ба тус хашааны урд хэсэгт банзан дээр 38 гэсэн тоо байрлуулж тавьсан байна. ...Уг байшингийн ертөнцийн зүгээр урагшаа харсан вакум цонх байх ба тус цонхны баруун талын жижиг цонх хагарсан байдалтай байсныг шинжээч гэрэл зургаар бэхжүүлэв...” (2 дугаар хавтас 228-234 дүгээр хуудас);

- Хохирогч П.Б-ын 2018 оны 05 дугаар сарын 15-ны өдөр өгсөн: “...2018 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр ирж шалгатал байшингийн урд талын вакум цонхыг хагалж гэрээс эд зүйл алдагдсан байсан. Зурагтын тавиур дээр байсан хар өнгийн БНХАУ-д үйлдвэрлэгдсэн ДВД тоглуулагч 1 ширхэг, гэрийн хөшиг хүрэн өнгийн бөөрөнхий дүрстэй хээтэй урт өргөнийг нь сайн хэлж мэдэхгүй, гэрийн хойд хананд байсан жаазанд хийсэн морин хуурын сувинер, мөн том өрөөнд байсан Солонгос улсаас авсан бага оврын гар чемодан, мөн Солонгос улсаас худалдаж авч байсан дэлгэцэн дээрээ мэдрэгчтэй автоматт флаш мемори оролт ордог хар өнгийн хөгжим, том өрөөнд байсан жижиг хайрцагтай тоос сорогч алдагдсан...” гэсэн мэдүүлэг (2 дугаар хавтас 239-240 дүгээр хуудас);

- “Мастер үнэлгээ” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан: “...380,000 төгрөгөөр телевизор, нөүтбуук зэргийг үнэлсэн...” (2 дугаар хавтас 104, 3 дугаар хавтас 1 дүгээр хуудас);

10. Б.Д нь 2018 оны 05 дугаар сарын 17-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хороо, Одонтын ** тоотод оршин суух Ц.С-ын хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар 460,000 төгрөгийн эд хөрөнгө хулгайлсан гэх хэргийн талаар:

- Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл: “...Хэрэг болсон гэх газар нь Сонгинохайрхан дүүрэг 25 дугаар хороо Одонтын ** тоот гэх хашаа нь ертөнцийн зүгээр урд зүг рүү харсан хаалгагүй, сараалжин хашаа байна...” (3 дугаар хавтас 15-17 дугаар хуудас);

- Хохирогч Ц.С-ын 2018 оны 07 дугаар сарын 21-ний өдөр өгсөн: “...2018 оны 05 дугаар сарын 17-ны өдөр 17 цагийн орчим хүүхдийн хамт гарсан ба 22 цаг өнгөрч байхад гэртээ иртэл гэрийн хаалганы цоож эвдэрсэн байдалтай байхаар нь гэртээ яваад ортол, гэрийн хоймор хэсэгт байсан зурагт, манай эхнэрийн савхин куртик, эрэгтэй хүний гадуураа өмсдөг куртик зэрэг эд зүйлс алдагдсан...” гэсэн мэдүүлэг (3 дугаар хавтас 32-33 дугаар хуудас);

- “Тэнцвэр эстимэйт” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан: “...460,000 төгрөгөөр телевизор, эмэгтэй, эрэгтэй куртик зэргийг үнэлсэн...” (3 дугаар хавтас 52 дугаар хуудас);

11. Б.Д нь 2018 оны 06 дугаар сарын 11-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр хороо Малчины 2 дугаар гудамжны ** тоотод оршин суух С.Э-ын хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар 520,000 төгрөгийн эд хөрөнгө хулгайлсан гэх хэргийн талаар:

- Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл: “...Хэрэг болсон гэх газар нь Сонгинохайрхан дүүрэг 9 дүгээр хороо Малчины ** тоот гэх ертөнцийн зүгээр урд зүгт харсан ногоон өнгийн төмөр хаалгатай, саарал өнгийн  модон  хашаа байна,.. уг хашааны баруун хойд талд улаан өнгийн тоосгон 2 давхар өвлийн сууцны орчим үзлэг хийхэд уг байшингийн баруун зүгт харсан цонхны хаалтыг хөшсөн мөр байх ба уг цонх нь онгорхой байдалтай байшинд үзлэгийг явуулав...” (3 дугаар хавтас 66-73 дугаар хуудас);

- Хохирогч С.Э-ын 2018 оны 08 дугаар сарын 01-ний өдөр өгсөн: “...2018 оны 06 дугаар сарын 11-ний өдөр 21 цаг өнгөрч байхад гэртээ ирэхэд байшингийн цонхны төмөр хаалт хөшигдчихсөн, цонх нь онгорхой болчихсон байсан. Тэгээд гэртээ ороод иртэл зурагт, мөнгөн аяга, гар дрилл зэрэг эд зүйлүүд алга болчихсон байсан...” гэсэн мэдүүлэг (3 дугаар хавтас 78-79 дүгээр хуудас);

- “Мастер үнэлгээ” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан: “...520,000 төгрөгөөр телевизор, мөнгөн аяга, гар дрилл  зэргийг үнэлсэн...” (3 дугаар хавтас 87 дугаар хуудас);

12. Б.Д нь 2018 оны 06 дугаар сарын 30-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр хороо, Уулын 1 дүгээр гудамжны ** тоотод оршин суух Ж.А-ийн хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар 350,000 төгрөгийн эд хөрөнгө хулгайлсан гэх хэргийн талаар:

- Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл: “...Хэрэг болсон гэх газар нь Сонгинохайрхан дүүрэг 9 дүгээр хороо Уулын **  тоотод байх хашааны хаалга нь ертөнцийн зүгээр баруун тийш харсан улаан өнгийн төмөр хаалгатай байх ба хашааны зүүн талд урагшаа харсан монгол гэр байна....гэрийн зүүн талд шилэн тавиур байх ба уг тавиур дээр байсан зурагт байхгүй болсон байна гэх ба 8 гэсэн тэмдэглэгээ тавьж гэрэл зургийн аргаар бэхжүүлэв... гэрийн хаалганы цоож нь хаалганд цүүтэйгээ хамт дүүжлээстэй байх ба хаалга рам модонд 60 см дээд ирмэгээс доош 60 см зайд 4х4,5 см хэмжээтэй эвдэгч багажийн мөр байлаа...” (3 дугаар хавтас 102-106 дугаар хуудас);

- Хохирогч Ж.А-ийн 2018 оны 08 дугаар сарын 24-ний өдөр өгсөн: “...2018 оны 06 дугаар сарын 30-ны өдөр 23 цаг өнгөрч байхад гэртээ ирсэн чинь гэрийн хаалга онгорхой, гэрийн хаалганы цүүг сугалчихсан, гэрийн хойморт байсан зурагт алга болчихсон байсан. Сони 32 инчийн хар зурагт байсан 2016 онд 560,000 төгрөгөөр худалдан авсан...” гэсэн мэдүүлэг (3 дугаар хавтас 113 дугаар хуудас);

- “Мастер үнэлгээ” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан: “...350,000 төгрөгөөр телевизорыг үнэлсэн...” (3 дугаар хавтас 121 дүгээр хуудас);

13. Б.Д нь 2018 оны 10 дугаар сарын 23-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 10 дугаар хороо, Зүүнбаян-Уулын *** тоотод оршин суух П.А-ын хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар 200,000 төгрөгийн эд хөрөнгө хулгайлсан гэх хэргийн талаар:

- Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл: “...Хэрэг болсон гэх газар нь Сонгинохайрхан дүүрэг 10 дугаар хороо Зүүнбаян-Уулын ** тоот хашаа нь ертөнцийн зүгээр урагшаа харсан байрлалтай цэнхэр өнгийн төмөр хаалга байна...” (3 дугаар хавтас 142-150 дугаар хуудас);

- Хохирогч П.А-ын 2018 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр өгсөн: “...Сонгинохайрхан дүүргийн 10 дугаар хороо, Зүүнбаян уулын ** тоотод амьдардаг гэрээсээ 2018 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 13 цагийн үед гараад орой 18 цагийн орчимд гэртээ ирэхэд манай байшинд хулгай орж, эд зүйл алдагдсан байсан. Манай гэрээс “Самсунг С-2” маркийн гар утас болон эрэгтэй хүний савхин куртик, автомашины МР тоглуулагч зэрэг эд зүйл алдагдсан байсан. Манай гэрийн хажуу талд гадаа мөнгөн аяга болон ханын цаг зэргийг хаячихсан байсныг олж авсан...” гэсэн мэдүүлэг,

... Би өмнөх мэдүүлэг дээрээ нэмж ярих зүйл гэвэл тухайн үед манай гэрээс бурхны урд талд байсан бэлнээр 20.000 төгрөг, бас Самсунг-С-2 маркийн гар утас, эрэгтэй хүний савхин куртик, автомашины MP тоглуулагч алга болсон байсан. Би өмнө өгсөн мэдүүлэг дээрээ алдсан юмаа сайн бүртгээгүй мэдүүлэг өгсөн байсан. Манай эхнэрийн мөнгөн ээмэг, бөгжний хослол, мөнгөн эдлэлүүд нь унтлагын өрөөнд байсан зурагтын тавиур доор байсныг дараа нь олж авсан. Харин ханын цаг, мөнгөн аягаа цагдаа нар явсны дараа олж авсан. Хаалга бусад зүйлд эвдрэл гэмтэл байхгүй. Алдагдсан эд зүйлсийнхээ хохирлыг нэхэмжилж байна...” гэсэн мэдүүлэг (3 дугаар хавтас 15 дугаар хуудас);

- “Мастер үнэлгээ” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан: “...180,000 төгрөгөөр гар утас  зэргийг үнэлсэн...” (3 дугаар хавтас 176 дугаар хуудас);

14. Б.Д нь 2017 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хороо, Хайрханы *** тоотод оршин суух Д.Д-ийн хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар 390,000 төгрөгийн эд хөрөнгө хулгайлсан гэх хэргийн талаар:

- Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл: “...Хэрэг болсон гэх газар нь Сонгинохайрхан дүүрэг 25 дугаар хороо Хайрхан ** тоот хашаа нь ертөнцийн зүгээр зүүн зүг рүү харсан цэнхэр өнгийн төмөр хаалгатай...” (3 дугаар хавтас 203-205 дугаар хуудас);

- Хохирогч Д.Д-ийн 2018 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр өгсөн: “...тухайн өдөр буюу 2017 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр 08 цагийн орчим нөхөр Б-ийн хамт гэрээсээ гарсан ба орой ажлаа тараад 20 цагийн орчимд гэртээ ирсэн чинь гэрийн тооноор хулгай ороод гэрээс миний өөрийн хэрэглэж байсан цагаан өнгийн шигтгээ хэлбэртэй хатгадаг ээмэг 2 хос мөн эдгээрийн ээмэгний сувдан гинж, мөн ногоон цэнхэр өнгийн сваровский ээмэг бөгж зэрэг эд зүйлс алдагдсан...” гэсэн мэдүүлэг (3 дугаар хавтас 212 дугаар хуудас);

- “Мастер үнэлгээ” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан: “...390,000 төгрөгөөр сувдан ээмэг, ээмэг бөгжний хослолыг үнэлсэн...” (3 дугаар хавтас 221 дүгээр хуудас);

15. Б.Д нь 2018 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 17-18 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хороо, Хайрханы *** тоотод оршин суух Ч.Ж-ы хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар 800,000 төгрөгийн эд зүйл хулгайлсан гэх хэргийн талаар:

- Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл: “...Хэрэг болсон гэх газар нь Сонгинохайрхан дүүрэг 25 дугаар хороо Хайрхан ** задгай тоот хашааны дааман төмөр хаалга ногоон өнгийн түүний баруун талд жижиг хүн ордог хаалганы дээд талд 82 гэсэн тоо бүхий хаягтай байв. Хулгайч орж эд зүйл алдагдсан гэх баруун талын гэрт ороход хаалга цоож эвдрэл гэмтэлгүй байв. Зурагт байсан гэх авдрыг 2 гэсэн дугаараар тавьж гэрэл зургийн аргаар бэхжүүлэв...” (4 дүгээр хавтас 8-11 дүгээр хуудас);

- Хохирогч Ч.Ж-ы 2018 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр өгсөн: “...Би 2018 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 17 цаг орчимд ажлаа тарж ирээд хүүхдээ өрхийн эмнэлэгт үзүүлэхээр хороо руу явсан. Орой гэртээ 18 цаг өнгөрч байхад ирсэн чинь гэрийн хаалга онгорхой, хойморт байсан 43 инчийн ЛСД зурагт алдагдсан байсан. Эвдэрсэн гэмтсэн зүйл байхгүй. Зурагтаас өөр зүйл үнэлэхгүй...” гэсэн мэдүүлэг (4 дүгээр хавтас 19 дүгээр хуудас);

- “Мастер үнэлгээ” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан: “...800,000 төгрөгөөр телевизорыг үнэлсэн...” (4 дүгээр хавтас 38 дугаар хуудас);

16. Б.Д нь 2018 оны 06 дугаар сарын 07-ны өдөр 22-24 цагийн хооронд Сонгинохайрхан дүүргийн 10 дугаар хороо, Оёдлын ** тоотод оршин суух Я.Н-ийн хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар 795,000 төгрөгийн эд хөрөнгө хулгайлсан гэх хэргийн талаар:

- Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл: “...Хэрэг болсон гэх газар нь Сонгинохайрхан дүүрэг 10 дугаар хороо Оёдлын ** тоот ертөнцийн зүгээр урагш харсан жалганы хажууд байрлах хашааны хаалгагүй айл байв...” (4 дүгээр хавтас 57-63 дугаар хуудас);

- Хохирогч Я.Н-ийн 2018 оны 08 дугаар сарын 01-ний өдөр өгсөн: “...2018 оны 06 дугаар сарын 07-ны шөнийн 22 цагаас 2018 оны 06 дугаар сарын 08-ны 01 цагийн хооронд гэрээсээ гараад гадуур явж байгаад гэртээ ирэхэд манай гэрийн дотор байсан эд зүйлүүдийг бүгдийг нь ундуй сундуй болгож хулгай орсон байсан. Манай гэрээс MNBC хүлээн авагч антен,  DVD тоглуулагч, дүүгийн түрийвч болон цүнх, машин авахаар цуглуулж байсан биет 500.000 төгрөгийг хулгайлсан байсан...” гэсэн,  мөн 2019 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр өгсөн: “...мөнгөн хослол (гинж, кулон, 1 хос ээмгийг) 130 000 төгрөгөөр үнэлнэ, иргэний үнэмлэх байсан шинээр авахад 20 000 төгрөг, хаан банкны виза карт байсан 5000 төгрөгөөр захиална...” гэсэн мэдүүлгүүд  (4 дүгээр хавтас 71, 73 дугаар хуудас);

- “Мастер үнэлгээ” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан: “...295,000 төгрөгөөр телевизорыг үнэлсэн...” (4 дүгээр хавтас 82 дугаар хуудас);

17. Б.Д нь 2018 оны 03 дугаар сарын 17-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 10 дугаар хороо, Зүүнбаян-Уулын ** тоотод оршин суух Г.Д-ийн хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар 740,000 төгрөгийн эд хөрөнгө хулгайлсан гэх хэргийн талаар:

- Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл: “...Хэрэг болсон гэх газар нь Сонгинохайрхан дүүрэг 10 дугаар хороо, Зүүнбаян-Уулын 27 дугаар гудамж гудамжны өнцөгт халуун ус гэсэн бичигтэй ** гэсэн хашаа нь ертөнцийн зүгээр хойш харсан цэнхэр өнгийн төмөр хашаа хаалттай явган хүний хаалга байхгүй хаалга нь томоороо гүйдэг хаалттай байлаа. ,...монгол гэр бариатай гэрийн хаалган дээр тулж ирэхэд хаалга нь онгорхой хаалганы цоожны цүүг хөшиж онгойлгосон байдалтай хаалганы цүүг хөшсөн байдлыг харахад цоож нь түгжээтэй газар унасан...” (4 дүгээр хавтас 112-113 дугаар хуудас);

- Хохирогч Г.Д-ийн 2018 оны 06 дугаар сарын 25-ны өдөр өгсөн: “...2018 оны 03 дугаар сарын 16-ны орой 20 цагийн үед Сэлэнгэ аймгийн Орхон сум руу ажлын шугамаар тэмцээнд явахдаа эхнэр хүүхдүүдээ аваад явсан. Тэгээд хоночхоод өглөөгүүр 10 цагийн үед манай гэрийн ойролцоо байдаг хамт ажилладаг залуу Хүрэлбаатар над руу утсаар яриад танай гэрийн хаалга онгорхой, жорлон чинь эвдэрчихсэн, хулгай орсон юм шиг байна гэхээр нь би хөдөө явж байна, цагдаад үзүүлээд үүд хаахыг бодоорой, би очиж амжихгүй юм шиг байна гэж хэлсэн. Тэр өдрөө тэндээ хоночхоод тэмцээнээ дуусгачхаад 18-ны орой 21 цагийн үед гэртээ ирэхэд гэрийн хамаг эд зүйл онгичсон байдалтай хөлдөөгч алга болсон байсан...” гэсэн,

“...Цагаан өнгийн хөлдөөгчид үхрийн өвчүү, хонины гулууз мах зэргийг жижиглээд хийсэн байсан. Би хөлдөөгчөө 2017 оны 11 сард 500.000 төгрөгөөр худалдан авсан. 1 кг-ийг нь 5000 төгрөгөөр бодож, 20 кг-тай хонины гулууз мах 2 ширхэг, үхрийн өвчүүг 1 кг-ийг 8000 төгрөгөөр бодоод 17.5 кг үхрийн өвчүү махыг 140.000 төгрөгөөр авч байсан юм аа...” гэсэн мэдүүлгүүд (4 дүгээр хавтас 124, 126 дугаар хуудас);

- “Мастер үнэлгээ” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан: “...740,000 төгрөгөөр хөлдөөгч, хонь, үхрийн махыг үнэлсэн...” (4 дүгээр хавтас 140 дүгээр хуудас) зэрэг болно.

Эдгээр нотлох баримт нь хэзээ, хаана, ямар гэмт хэрэг үйлдэгдсэн, гэмт хэргийн улмаас хэнд хэчнээн хэмжээний хохирол учирсан болохыг нотлох боловч шүүгдэгч Б.Д энэ хэргүүдийг үйлдсэн болохыг нотлохгүй байна.

Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт гэрч Г.Л, Д.Б нарын мэдүүлгийг шинжлэн судалсан бөгөөд тэд “шүүгдэгч Б.Д-гийн мэдүүлгийг газар дээр нь шалгах үед хөндлөнгийн гэрчээр оролцсон талаар болон мөрдөгч Б.Д-тай хэрхэн харьцсан” талаар мэдүүлэг өгсөн байгаа нь шүүгдэгч Б.Д-г гэмт хэрэг үйлдсэн болохыг нотлох баримт болохгүй юм.

Иймд Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Д-д холбогдох эрүүгийн 1908 00000 1203/31/ дугаартай хэргээс түүний ганцаараа үйлдсэн гэх 17 (арван долоо) удаагийн хулгайн хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Харин нэр бүхий 17 хохирогч хулгайлах гэмт хэргийн улмаас хохирсон нөхцөл байдлыг үргэлжлүүлэн хэрэг бүртгэлтийн журмаар шалгах шаардлагатай байх тул холбогдох эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах прокурорын тогтоолуудыг хүчингүй болгож, 2017 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 170801730 дугаар (1хх-2 дугаар хуудас), 2017 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 170802052 дугаар (1хх-ийн 53 дугаар хуудас), 2017 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 170802322 дугаар (1хх-ийн 111 дүгээр хуудас), 2017 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 170802520 дугаар (1хх-ийн 169 дүгээр хуудас), 2018 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 180800308 дугаар (1хх-ийн 233 дугаар хуудас), 2018 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 180800353 дугаар (2хх-ийн 63 дугаар хуудас), 2018 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 180800434 дугаар (2хх-ийн 122 дугаар хуудас), 2018 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 180801033 дугаар (2хх-ийн 174 дүгээр хуудас), 2018 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 180801988 дугаар (2-хх-ийн 226 дугаар хуудас), 2018 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 180802539 дугаар (3хх-12 дугаар хуудас), 2018 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 180802956 дугаар (3хх-ийн 63 дугаар хуудас), 2018 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн 180803276 дугаар (3хх-ийн 99 дүгээр хуудас), 2018 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 180805005 дугаар (3хх-ийн 140 дүгээр хуудас), 2017 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 170802508 дугаар (3хх-ийн 196 дугаар хуудас), 2018 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 180801381 дугаар (3хх-ийн 250 дугаар хуудас), 2018 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 180802867 дугаар (4хх-ийн 51 дүгээр хуудас), 2018 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 180801434 дугаар (4хх-ийн 99 дүгээр хуудас) хэрэг бүртгэлтийн хэргүүдийг тусгаарлаж, Сонгинохайрхан дүүргийн прокурорын газарт буцааж шийдвэрлэлээ.

Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдалд үндэслэн хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлж, шүүгдэгч Б.Д-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх заалтад зааснаар “хулгайлах” гэмт хэргийг бүлэглэж, хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй хэмээн анхан шатны шүүх дүгнэв.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Д-гаас 321,280 төгрөгийг гаргуулан хохирогч Ө.Н-т 201,280 төгрөг, хохирогч Э.Д-д 120,000 төгрөг тус тус олгох нь зүйтэй.

Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан нотлох баримтаар шүүгдэгч Б.Д-д эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Улсын яллагч эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтдээ: “...Шүүхээс Б.Д-г гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 6 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналтай байна. Шүүгдэгчийн цагдан хоригдсон хоногийг эдлэх ялд оруулан тооцох нь зүйтэй. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй...” гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтдээ: “...Улсын яллагч 6 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах санал гаргаж байна. Энэ нь шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг, гэм буруугийн хэлбэрт тохироогүй гэж үзэж байна. Учир нь шүүгдэгч Д нь шүүхээс гэм буруутайд тооцсон хэргийн тухайд гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байсан, мөн хохирол төлөхөө илэрхийлсэн. Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан доод хэмжээгээр буюу 2 жилийн хорих ял оногдуулж, уг хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж өгнө үү...” гэв.

Анхан шатны шүүхээс шүүгдэгч Б.Д-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх заалтад зааснаар гурван жил зургаан сарын хугацаагаар хорих ял шийтгэх нь үйлдэгдсэн гэмт хэргийн шинж, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирлын хэр хэмжээ, түүний гэм буруу, хувийн байдалд тохирсон бөгөөд түүнийг цээрлүүлэх болон цаашид гэмт хэргээс урьдчилан сэргийлэх үр нөлөөтэй гэж үзлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Д-д оногдуулсан гурван жил зургаан сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтлоо.

Шүүгдэгч Б.Д нь 2018 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 03-ны өдрийг хүртэл шүүхийн зөвшөөрөлгүй баривчлагдаж, 2018 оны 12 дугаар сарын 05-ны өдрөөс хойш цагдан хоригдсон байх тул түүний цагдан хоригдсон нийт 737 (долоон зуун гучин долоо) хоногийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар түүний эдлэх хорих ялын хугацаанд оруулан тооцож, “цагдан хорих” таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэв.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Б.Д-гийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдлаа.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2, 34.19 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйл, 38.1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Б.Д-д холбогдох эрүүгийн хэргээс ганцаараа үйлдсэн гэх  арван долоон удаагийн хулгайн үйлдлийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Хэрэгсэхгүй болгосон 17 (арван долоо) үйлдэл бүхий хулгайн хэргийн эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан прокурорын тогтоолуудыг хүчингүй болгож, хэрэг бүртгэлтийн 170801730, 170802052, 170802322, 170802520, 180800308, 180800353, 180800434, 180801033, 180801988, 180802539, 180802956, 180803276, 180805005, 170802508, 180801381, 180802867, 180801434 дугаартай хэргүүдийг тусгаарлан Сонгинохайрхан дүүргийн прокурорын газарт буцаасугай.

3.Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Б.Дг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг мөн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх заалтаар хөнгөрүүлэн өөрчилсүгэй.

4.Б овгийн Б.Д-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх заалтад зааснаар “хулгайлах” гэмт хэргийг бүлэглэж, хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Б.Д-д гурван жил зургаан сарын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

6.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Д-д оногдуулсан гурван жил зургаан сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

7.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Д-гийн цагдан хоригдсон 737 (долоон зуун гучин долоо) хоногийг түүний эдлэх хорих ялын хугацаанд оруулан тооцсугай.

8.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Д-гаас 321,280.00 төгрөгийг гаргуулан хохирогч Ө.Н-т 201,280.00 төгрөг, хохирогч Э.Д-д 120,000.00 төгрөг тус тус олгосугай.

9.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Б.Д-гийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай.

10.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох тул шүүгдэгч Б.Д-д урьд авсан “цагдан хорих” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж, түүний эдлэх хорих ялын хугацааг 2020 оны 12 дугаар сарын 09-ний өдрөөс эхлэн тоолсугай.

11.Шийтгэх тогтоолыг гардаж авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

12.Оролцогч давж заалдах гомдол гаргасан, эсхүл улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч Б.Д-д авсан “цагдан хорих” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ                                                Б.БАТАА

 

            ШҮҮГЧИД                                                    Г.АЛТАНЦЭЦЭГ

 

                                                                                    М.МӨНХБААТАР