Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 06 сарын 24 өдөр

Дугаар 184/ШШ2021/01456

 

 

 

 

 

         2021 оны өдөр

      06 сар      24  р                                               184/ШШ2021/01456

 

                                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Батсүх даргалж тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар

Нэхэмжлэгч: Е овогт Б.М /РД:/. Хаяг: Сонгинохайрхан дүүрэг,  дугаар хороо, өнөр хороолол, дугаар байр, тоот

Хариуцагч: С овогт П.Г /РД:/. Хаяг: Т аймаг, Б сум, замтын  дугаар баг Замтын адаг тоот 

Хариуцагч: “О” ХХК/РД: /. Хаяг: Т аймаг, Б сум, замтын 3 дугаар баг, Замтын адаг  тоот 

Компанийн хувьцаа худалдах, худалдан авах, эрх шилжүүлэх, хамтран ажиллах гэрээнээс тус тус татгалзаж, эрхээ буцаан авах, хохиролд 62,657,609 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Б.М, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ш.Г, хариуцагч, хариуцагчийн төлөөлөгч П.Г, түүний өмгөөлөгч А.Н, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Золжаргал нар оролцов.                                                                                                     

                                                                                                             ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б.М шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Б.М би хамт суралцаж байсан П.Г-тэй 2014 оноос бизнес эрхлэх санал тавьж хамтран үхрийн фермийн үйл ажиллагаа эрхлэн явуулахаар “Овоот инж” ХХК-г үүсгэн байгуулахаар ярилцаж тохирч 2015 онд компанийг байгуулан П.Г-ийн данснаас 6,500,000 төгрөгийг шилжүүлсэн байдаг. Уг компани нь анхнаасаа миний нэр дээр байсан. Учир нь П.Г нь муу зээлдэгчийн бүртгэлд байсан. Ингээд 6,500,000 төгрөгөөр 3 ширхэг тугалтай үхэр авч үйл ажиллагаагаа эхлүүлсэн. Бид хоёрын аман тохиролцоо нь П.Г нь өөрийн туршлага ур чадвараар үйл ажиллагааг удирдан зохион байгуулж Б.М нь хөрөнгө оруулж ашгийг хувааж авахаар тохиролцсон. Нэхэмжлэгч нь хариуцагчтай хамтран дээрх үйл ажиллагааг явуулахдаа өөрийн өмчлөлийн байраа барьцаалах болон төрөл төрөгсөд ах дүү нараасаа мөнгө зээлэн авч хөрөнгө оруулалт хийх, үйл ажиллагаагаа өргөтгөх зэргээр бүхий л сэтгэл зүрх, эд хөрөнгөө компанийн үйл ажиллагаанд зарцуулан ажилласан. Харин хариуцагч П.Г-ийн зүгээс 6,531,000 төгрөгийн хөрөнгө оруулалт хийснийг үгүйсгэхгүй. Нэхэмжлэгч нь хариуцагчийн хүсэлтээр “О” ХХК-ийн үйл ажиллагаанд зориулан 2015 оны 5 дугаар сард Капитрон банкны 4 дүгээр хороолол тооцооны төвөөс 3 жилийн хугацаатай 2,3 хувийн хүүтэй зээл авахдаа нэхэмжлэгч Б.М-ийн өмчлөлийн Сонгинохайрхан дүүргийн 17 дугаар хорооны 2 өрөө байрыг барьцаанд 40,000,000 /дөчин сая/ төгрөгийн зээл авсан. Улмаар үйл ажиллагааны орлогоор зээлээ төлж чадахгүй байгаа шалтгаанаар хариуцагч П.Г нь 2016 оны 9 дүгээр сард дээрх зээлийн хуваарьт өөрчлөлт оруулах хүсэлт тавьж, 2017 оны 6 дугаар сарын 08-ны өдөр хүртэл зөвхөн зээлийн хүү төлж явахаар Капитрон банктай тохиролцсон байна. Капитрон банкны зээлийн төлөлтийн байдал хүндэрсэнтэй холбоотойгоор дээрх зээлийг төлөх зорилгоор Голомт банкнаас нэхэмжлэгчийн өмчлөлийн Сонгинохайрхан 17 дугаар хорооны 2 өрөө байрыг барьцаалан 44,000,000 төгрөгийн зээлийг авч хүндэрсэн зээлээ төлж, зээлээ хаасан болно. П.Г нь нэхэмжлэгчийг “О” ХХК байгуулахдаа цаасан дээр миний нэр явна, үйл ажиллагааг нь би удирдан зохион байгуулж явна. Аливаа бизнесийн ажиллагааны зарчим бол гадна талд тодорхойгүй байх, нууцлаг байх, аливаа үйл ажиллагааны эхлэл нь хайгаад олдохгүй байх ёстой, ойр дотны хүмүүстээ үйл ажиллагааны талаар тодорхой зүйл хэлэхгүй, нууцлаж байхыг шаардах гэх зэргээр ухуулж байсан. “О” ХХК-ийн үйл ажиллагаанд мөнгө дутах үед хариуцагч П.Г нь л хүмүүсээс бага хэмжээгээр олон хүнээс зээл ав, буцааж өгөх хугацаа битгий хэл, хүүтэй мөнгө хүнээс зээлж болохгүй гэдэг үгийг хэлж нэхэмжлэгчид байнга шахаанд оруулж, улмаар 21 хүнээс 20,000-6,500,000 хүртэлх мөнгөн дүнгээр нийт 18,000,000 орчим төгрөгийн зээлийг авахуулсан байдаг. Мөн “О” ХХК-ийн үйл ажиллагаанд нэмж Төрийн банк ХХК-аас 2017 оны 1 дүгээр сарын 31-ний 9,500,000 төгрөгийн зээлийг нэхэмжлэгч Б.М-ийн нэр дээр авсан, газар тариалан мал аж ахуйн зориулалттай зээлийн гэрээ байгуулж барьцаанд 2 автомашин, 17 үхэр зэргийг тавьсан. Дээрх байдлаар нэхэмжлэгч Б.М-г өөрийн өмч хөрөнгийг барьцаалан банкнаас болон ах дүү хамаатан садангуудаас нь зээлүүлэн нийт 71,500,000 төгрөгийн өр төлбөрт оруулсан. “О” ХХК нь анх 3 үхэртэй үйл ажиллагаа явуулж байгаад улмаар дээрх санхүүгийн эх үүсвэрүүдээс 17 үхэр, 1 автомашинтай болж үйл ажиллагаа нь өргөжин Сүү ХХК-нд өдрийн сүү саалиа тушаан ажиллаж байсан бөгөөд улмаар ХХААЯ-ны төсөлд хамрагдан 40 гаруй үхэртэй 2 саальчинтай үйл ажиллагаагаа өргөжүүлэн явуулж байна. Энэ бүгдэд нэхэмжлэгч Б.М-ийн оролцоо, хичээл зүтгэл, сэтгэл ихээр шингэсэн. Өнгөрсөн хугацаанд нэхэмжлэгч хариуцагч нар нь “О” ХХК-ийн үйл ажиллагаанд эрх тэгш бусаар оролцон хариуцагч П.Г нь компанийн санхүүг барьж, орсон орлого хөрөнгийг өөрийн үзэмжээр захиран зарцуулж, харин нэхэмжлэгч нь үхрийн фермд хийгдэх хар бор ажлуудыг гүйцэтгэн /сүү тушаах, үхэр услах, бэлчээрт гаргах, хурааж авчрах, тугал татах, үхрийн баас арилгаж цэвэрлэх/ ажиллаж ирсэн. Хариуцагч П.Г нь 2017 оны 7 дугаар сард нэхэмжлэгч Б.М-ээр компанийн нэр дээр ХХААЯ-ны Мал үржүүлгийн газраас хэрэгжүүлдэг төсөлд хамрагдах баримт материал бэлтгэх, төсөл бичих ажлыг даалган хийлгэж төсөлд хамрагдсан байна. Энэхүү төсөл хэрэгжих эхлэх цаг хугацаанд нэхэмжлэгч, хариуцагч нарын үл ойлголцол, тэгш бус байдал хурцдаж, цаашид хамтран ажиллах боломжгүй болсон байна. Иймээс хариуцагч П.Г нь “О” ХХК-ийг өөрийн болгохын тулд "компанийн хувьцааг худалдах худалдан авах, компанийн эрх шилжүүлэх гэрээнүүдийг нэхэмжлэгчтэй 2018 оны 7 дугаар сарын 17-ны өдөр тус тус байгуулсан. Дээрх гэрээнүүдийг байгуулахдаа хариуцагч нь... нэхэмжлэгч Б.М-ийн нэр дээрх бүх зээлүүдийг төлж барагдуулахаар, мөн компанийн хувьцааны үнэ 6,531,000 төгрөгийг худалдагч талд төлөх ... харин нэхэмжлэгч нь “О” ХХК-ийг хариуцагч П.Гт шилжүүлэхээр амаар харилцан тохиролцсон. Гэвч хариуцагч П.Г нь 2017 оны 9 дүгээр сараас хэлэлцэн тохиролцсоноосоо буцаж нэхэмжлэгчийн нэр дээрх Голомт банк болон Төрийн банк”-ны зээлийн сар бүрийн төлбөрийг төлөхгүй байсаар өнөөдрийг хүрсэн байдаг. Мөн хариуцагч П.Г нь худалдах, худалдан авах гэрээний дагуу компанийн эрхийг шилжүүлэн авсан боловч хувьцааны үнийг нэхэмжлэгч Б.М-д шилжүүлэх үүргээ биелүүлээгүй байгаа бөгөөд нэхэмжлэгч нь хариуцагч нараас өнөөдрийг хүртэл уг мөнгийг болон компанийн үйл ажиллагаанд зарцуулсан өр зээлийн талаар амаар өгсөн амлалтуудаа биелүүлэхийг шаардсан ч удаа дараа үүргээ биелүүлээгүй.

 Мөн П.Г-ийн өмнөх зээлийн төлбөрийг П.Г нь хувьдаа ашиглаж байсан нь П.Г-ийн дансны хуулгаар нотлогдож байгаа. Капитрон банкаас байраа тавьж зээлж авсан 40,000,000 төгрөг нь жилийн дараа гэхэд хүү нь өндөр болсон учраас өөр банк руу шилжүүлж төлбөрийг багасгах саналыг П.Г нь гаргаж өөрөө хөөцөлдөж байгаад Голомт банк руу шилжүүлж өгсөн байдаг. Үүнээс харахад П.Г нь Голомт банк руу шилжүүлээгүй бол би 44,000,000 төгрөгийн зээл авч улам их өрөнд орохгүй байсан. 2016 оны өвлөөс П.Г нь надад гар хүрч, үхэр оройтох, хоёр үхэр мөргөлдөх зэрэг жижиг шалтгаанаас болж цаашид хамтран ажиллах боломжгүй болсон.  

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад “О” ХХК-ийн хувьцаа худалдах худалдан авах гэрээ болон компанийн эрх шилжүүлэх гэрээнээс татгалзаж, хувьцаа, эрхийг хариуцагчаас буцаан гаргуулах шаардлагаасаа татгалзсан.

Иймд хамтран ажиллах гэрээнээс татгалзаж оруулсан хөрөнгө болох 49,500,000 төгрөг, хоёр зээлийн төлөгдөөгүй хүү 13,157,609 төгрөг нийт 62,657,609 төгрөгийг гаргуулж өгнө үү.

Хариуцагч болон хариуцагчийн төлөөлөгч П.Г шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэгч Б.М-тэй ярилцаж, тохиролцсоны үндсэн дээр “О” ХХК-ийн хувьцааг худалдах, худалдан авах гэрээ болон компанийн эрх шилжүүлэх гэрээнүүдийг 2017 оны 7 дугаар сарын 17-ны өдөр байгуулж, худалдагч талд шилжүүлэх үүрэгтэй байсан хувьцааны нийт үнэ болох 6,531,000 төгрөгийг бүрэн төлж барагдуулж, компанийн эрхийг шилжүүлж авсан. Хариуцагчаар П.Г намайг болон компанийг татжээ. Хариуцагч нь ““О” ХХК”-тай холбоотой ямар нэгэн үйл баримт болон ямар үүрэг зөрчсөн талаар огт дурдаагүй тул хариуцагч нь “О” ХХКбиш байна. Талуудын хооронд байгуулагдсан 2017 оны 7 дугаар сарын 17-ны өдрийн Компанийн хувьцаа худалдах, худалдан авах гэрээ болон Эрх шилжүүлэх гэрээ нь дуусгавар болсон, талуудын хэн аль нь үүргээ биелүүлсэн, хариуцагч нь хувьцаагаа нэхэмжлэгчид шилжүүлэн өгсөн, нэхэмжлэгч нь хувьцааны төлбөрөө төлж дууссан байх тул үүрэг биелэгдэж дуусгавар болсон гэрээнээс татгалзах боломж байхгүй юм. Талуудын аль нэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй бол татгалзах эрхтэй. Татгалзах нь үүргийг бүрэн гүйцэтгээгүй байх үед хэрэгждэг эрх юм. Хариуцагч нь хувьцаа худалдан авч байгаа төлбөрөө бүрэн төлсөн. Гэрээний үүрэг дуусгавар болсон байна. Гэрээнээс татгалзах журмыг баримтлаагүй, гэрээнээс татгалзах тухай мэдэгдэл хүргүүлээгүй тул гэрээнээс татгалзах эрхээ алдсан. Мөн гэрээнээс татгалзаж байгаа бол үр дагавар нь талууд авсан зүйлээ харилцах буцаах тухай ойлголт байдаг бөгөөд шаардлагаас үзвэл компанийн удирдлага эрх мэдлийг авах сонирхолтой байна гэж үзэхээр байна. Компанийн удирдлага эрх мэдлийг авахын тулд Компанийн тухай хуульд заасны дагуу хувьцаа эзэмшигчийн шийдвэрээр уг асуудлыг шийдвэрлэх ёстой бөгөөд шүүхэд нэхэмжлэл гаргаснаар шийдвэрлэгдэх асуудал биш юм. Мөн бусдаас их хэмжээний зээл авсан нь хувьцаа худалдах худалдан авах гэрээтэй хамааралгүй, энэ талаар гэрээнд тусгаагүй, хариуцагч яагаад хариуцах болсон нь тодорхойгүй тул нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй байна. Б.М-тэй 2015 оны хавар хамтарч ажил хийхээр ярилцаж би өөрийн эгчийнхээ 1 өрөө байрыг хүний нэр дээр шилжүүлэн байж мөнгө авсан. Уг мөнгөнөөс би 7,000,000 төгрөгийг нэхэмжлэгч Б.М-ийн данс руу шилжүүлж уг мөнгөнөөс Б.М нь 6,000,000 гаран төгрөгийг нь компанийн данс руу шилжүүлж бид компанийг байгуулсан. Б.М нь өөрөө тэнд ажил хийж байсан гэдэг зүйлийг яриад байгаа. Анх гурван тугалтай үхэр авч би явган нүцгэн маллаж байсан. Ингээд 2015 онд уг гурван үхрийг би маллаж, компанийн дансанд мөнгө үлдсэн байсан. Гэтэл нэг өдөр Б.Мийг үхрүүдээ эргэх гэж ирэхэд нь би дансанд мөнгө байгаа эсэхийг нь асуухад дансан дахь мөнгө дуусаж байгаа гэсэн. Би яагаад дуусаж байгаа талаар асуухад би хувийн мөнгөтэйгээ холиод ийм болчихлоо гэж хэлж байсан. Яагаад ингэж байгаа талаар асуухад компанийн дансыг интернэттэй холбож шууд утсаараа гүйлгээ хийж эхэлсэн байсан. Ингээд компанийн мөнгө дуусчихсан. Мал нь хаана яаж өвөлжих нь тодорхойгүй болсон. Ингээд Б.М нь банкнаас зээл авч үйл ажиллагаагаа өргөжүүлэхээр зээл авсан. Ингээд 1 бухтай, 11 ширхэг үхэр авсан. Б.М нь 17 ширхэг үхэр авсан гэдэг нь худлаа юм. Б.М нь би бүх ажлыг хийж байсан гэдэг боловч би бүх үхрийг нь явган маллаж байсан. Б.М нь надад мотоцикл авч өгнө гэсэн боловч би авахгүй гэж хэлсэн. Б.М нь юу хийж байсан гэхээр миний сааж хөлдөөж бэлтгэсэн сүүг аваад “Мон сүү” ХХК-д нийлүүлдэг байсан. Уг сүүний мөнгө нь компанийн данс руу ордог байсан. Би компанийн дансыг хянах ямар ч боломж байхгүй. Ингээд нэг өдөр компанийн дансыг харахад үлдэгдэлгүй болсон байсан. Б.М нь зар тавьж нэг хүнтэй ярилцаж танай байранд өвөлжих санал гаргаж тэр хүн нь зөвшөөрсөн байдаг. Ингээд тэр хүн мөнгө зээлэхээр болж Б.М мөнгө шилжүүлсэн байдаг бөгөөд тэр нь өвс авах мөнгө байсан. 2017 онд Б.М нь энэ “О” ХХК нь ашиггүй юм байна гэж хот руу явахаар болчихсон байсан. Би тухайн үед нь энэ ажлаа өөрөө зохицуулаарай гэж хэлж байсан. Гэтэл хамтран амьдрагч гэдэг нэг хүүхэн ирээд бид хоёр хамт Солонгос улс руу явах гэж байгаа ийм хөдөөний ажил хийхгүй гэж хэлээд явсан. Гэтэл намайг зодсон учраас явсан гэж хэлж байна. Дараа нь би араас нь очиж уулзаад эдгээр үхрүүд чиний мал тийм учраас чи өөрөө маллаарай гэж хэлэхэд би маллаж чадахгүй чи оч гэдэг зүйлийг ярьсан учраас би тэр үхрүүдийг хаяад явж чадаагүй. Ингээд би буцаад үхрүүд дээр очсон. Ингээд  бид хоёр компанийг өгч авах дээрээ тулахад Б.М нь чи ав би маллаж чадахгүй гэж хэлсэн. Ингэж шилжүүлэхэд “О” ХХК-ийн өмч гэж 10 гаран үхэр л байсан. Бид айлын гэрт байрладаг байсан. Би аргагүйн эрхэнд тухайн үхрүүдийг бодоод энэ компанийг авсан. “Капитрон банк”-нд зээлийн төлбөрөө өгч чадахгүй болчихсон, үхрийн тэжээл авч чадахгүй, цалингаа тавьж чадахгүй болчихсон байсан. Одоо хэрэгт “О” ХХК-ийн дансны хуулга авагдсан байгаа. Үүнээс харахад Б.М нь уг мөнгөнөөс 11,910,000 төгрөгийг кассаар авсан байдаг. Би итгэмжлэлээр 2,204,000 төгрөг гаргасан байдаг. “О” ХХК-ийн үйл ажиллагаанд 17,000,000 төгрөг зарцуулагдсан байдаг. Мөн нийгмийн даатгалын шимтгэлд 234,000 төгрөг шилжүүлсэн гэх мэтчилэн “О” ХХК-ийн дансны хуулга дэлгэрэнгүй байгаа. “О” ХХК-ийн данснаас “Капитрон банк”-наас авсан зээлэнд 10,343,510 төгрөг, Б.М нь чекээр 1,570,000 төгрөгийг зарлагадсан. Б.М-ийн зарлагадсан гэх 11,910,000 төгрөг дотор н.Одхүү, н.Батцэцэг, н.Мөнхзул гэдэг хүмүүс буюу найзууд руу нь мөнгө шилжсэн байдаг. Энэ нь үхэр худалдан авах, саалтуур худалдан авах нэрээр гарсан байдаг. Би үүнийг мөнгө угаасан гэж үзэж байгаа. Энэ бүх үйл явдал нотлох баримтаар хэрэгт авагдсан байгаа. Би 2015 онд “О” ХХК-д хөрөнгө оруулахад Б.Мийн орон сууц нь ББСБ-д барьцаанд байсан миний мөнгөөр уг зээлийг нь хаасан байдаг. Үүнээс хараад хэлэхэд “Капитрон банк”-наас авсан 40,000,000 төгрөгийг Б.М нь бүхэлд нь зарцуулсан байдаг. П.Г миний бие 2,204,000 төгрөгийг итгэмжлэлээр авсан байдаг. Мөн гэрчээр нэг эмэгтэй хүн асуугдсан байсан. Тэр эмэгтэй хүн нь нэг удаа өвөл Шижиртэд ирж байсан. Би Б.М-ээс асуухад таньдаг хүн гэж хэлж байсан. Тухайн эмэгтэй “О” ХХК-ийн үйл ажиллагааг мэдэхгүй. 2017 оны хавар Б.М нь гадаад явна гээд ажлаа хаяад явчихсан. Дараа нь 2018 оны хавар гэнэт гарч ирсэн. Учир нь Б.Мийг “Төрийн банк”-наас эрэн сурвалжилж байсан. Би үндсэн зээлийг нь төлж байсан. Төрийн банкнаас хүн ирээд надаас асууж байсан. Би тухайн үед нь мэдэхгүй гэж хэлсэн. Гэтэл 2018 оны хавар гэнэт гарч ирсэн. Ингэж ирэхдээ ээж, хамтран амьдарч байгаа хүүхэнтэйгээ хамт ирээд чи миний бүх зээлийг хариуцна гэж бичиж өг тэгэхгүй бол компанийн үйл ажиллагаанд саад учруулна гэж намайг дарамтлаад явсан. Удалгүй намайг Сонгинохайрхан дүүргийн Иргэний шүүхээс дуудсан. 10,000,000 төгрөгийг манай эгчээс түр аваад өөрөө 30,000,000 төгрөгийг гаргаад Капитрон банкны зээлийг хаасан. Харин Голомт банкнаас авсан гэх мөнгийг хэрхэн яаж зарцуулсан талаар би мэдэхгүй. Б.М нь асуудал гарахаар зугатаад алга болчихдог. Төрийн банкнаас нэхэмжлэл гаргаж одоо шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж байгаа. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас хүн ирж Б.М-ийг асууж байсан. 2017 оны 7 дугаар сарын 17-ны өдөр би “О” ХХК гэрээ байгуулж худалдаж авсан. Түүнээс хойш Б.М нь эхнэр гэх эмэгтэй хүнтэй ирээд хөнжил гудсаа авч явсан. Түүнээс хойш нэг удаа ирээд чи миний зээлийн асуудлыг хариуц тэгэхгүй бол би чамайг болон компанийг зүгээр байлгахгүй гэж хэлж байсан. Тэр газрын асуудал гэдэг нь миний газар Төв аймгийн замтын адаг гэдэг газарт байдаг. Манай эгч Найрамдалд газартай байсан, эгч мөнгийг нь төлж чадвал ав гэж хэлж байсан. Би өөрийн цалингаар авах зорилгоор 500,000 төгрөгийг нь шилжүүлсэн боловч газрыг нь авч чадаагүй. Учир нь компаниас надад цалин гэж мөнгө өгдөггүй байсан. Тийм учраас тухайн газрыг нь би авч чадаагүй. Би өөрийн итгэмжлэлээр зарлагадаж авсан мөнгийг хүлээн зөвшөөрч байна. Бусад зардал, нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй.

Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

                                                                                                                      ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Б.М нь хариуцагч П.Г болон “О” ХХК-д холбогдуулан компанийн хувьцаа худалдах, худалдан авах, эрх шилжүүлэх, хамтран ажиллах гэрээнээс тус тус татгалзаж, эрхээ буцаан авах, хохиролд 62,657,609 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нь “О” ХХК-ийн хувьцаа худалдах, худалдан авах, эрх шилжүүлэх гэрээнээс татгалзаж, эрхээ буцаан авах шаардлагаасаа татгалзаж, хамтран ажиллаж хөрөнгө оруулсны улмаас учирсан хохирол 62,657,609 төгрөгийг хариуцагч Б.М, “О” ХХК-иас гаргуулахаар шаардсан.     

Нэхэмжлэгч нь шаардлагын үндэслэлээ хариуцагч П.Г-тэй хамтран сүү, махны чиглэлээр фермерийн үйл ажиллагаа эрхлэхээр харилцан тохиролцож “О” ХХК үүсгэн байгуулсан, компанийн үйл ажиллагаанд зориулж банкнаас зээл авсан, авсан зээлийг хариуцагч нь хамтран төлөх үүргээ биелүүлээгүйгээс зээлийг өөрийн хөрөнгөөр төлж хохирсон гэж, хариуцагч нь татгалзлын үндэслэлээ зээлийг компанийн үйл ажиллагаанд зарцуулсан, компанийн хувьцаа эзэмшигч, захирал нь нэхэмжлэгч Б.М байсан бөгөөд мөнгийг захиран зарцуулсан, ашиггүй болохоор нь компанийн хувьцаа болон эрхийг надад худалдсан гэж гэж маргаж байна.

Нэхэмжлэгч Б.М нь “О” ХХК 2015 оны 5 дугаар сарын 15-нд үүсгэн байгуулж, гүйцэтгэх удирдлагыг хэрэгжүүлж байгаад 2017 оны 7 дугаар сарын 17-ны өдөр компанийн хувьцаа болон эрхийг худалдах, худалдан авах болон эрх шилжүүлэх гэрээний үндсэн дээр хариуцагч П.Г-д шилжүүлснийг улсын бүртгэлийн байгууллага 2017 оны 7 дугаар сарын 21-ний өдөр бүртгэсэн болох нь талуудын тайлбар, гэрээ, улсыг бүртгэлийн лавлагаагаар тогтоогдоно.  /хх-ийн 5, 6, 30/

 Компанийн үйл ажиллагаанд зориулан нэхэмжлэгч Б.М өөрийн өмчлөлийн хөдлөх, үл хөдлөх хөрөнгүүдийг барьцаалан “Капитрон банк” ХХК, “Голомт банк” ХХК, “Төрийн банк” ХХК-иудас зээл авсан гэж тайлбарлах бөгөөд компанийн үйл ажиллагаанд зарцуулсан мөнгөн хөрөнгө, зээлийн хүүг өөрт учирсан хохирол хэмээн хариуцагчаас гаргуулахаар шаардсан болно.

Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт, зохигчийн тайлбараар хариуцагч “О” ХХК-ийн эд хөрөнгө хариуцагч П.Гийн авсан зээл, зээлийн зарцуулалтын талаар дараах үйл баримт тогтоогдлоо.

Хариуцагч П.Г нь 2015 оны 05 дугаар сарын 13-ны өдөр Төрийн банк дахь өөрийн эзэмшдэг 107000191594 тоот данснаас нэхэмжлэгч Б.Мийн Төрийн банк дахь 245102470600 тоот данс руу 7,746,000 төгрөгийг шилжүүлжээ.  /хх-ийн 204, 356/    

Шилжүүлсэн мөнгөний 6,531,000 төгрөгөөр ”О” ХХК-ийн дүрмийн санг бүрдүүлж, үүсгэн байгуулсан, мөн 3 ширхэг тугалтай үнээ авч үйл ажиллагаагаа эхлүүлсэн тухайд талууд маргахгүй байна.                                                                                                                                                                                                                                                                                                                        

“О” ХХК-ийн захирал Б.М 2015 оны 8 дугаар сарын 12-ны өдөр П.Г-д тус компанийн Төрийн банк ХХК-д эзэмшдэг 102800346557 тоот данснаас 100,000,000 төгрөгийн хэмжээнд зарлагын гүйлгээ хийх бэлэн мөнгө авах, холбогдох баримт бичигт гарын үсэг зурах, уг мөнгийг компанийн хэрэгцээнд захиран зарцуулах үйлдэл хийх эрхийг итгэмжлэлээр олгосон байна. /хх-ийн 362 дугаар хуудас/

“О” ХХК-ийн захирал Б.М-ийн 2016 оны 1 дүгээр сарын 01-ний өдрийн 001/16 дугаартай тушаалаар П.Гийг үндсэн ажилтнаар томилон, сарын үндсэн цалинг 200,000 төгрөг байхаар шийдвэрлэж, 2016 оны 05-09 сарыг хүртэлх хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг төлжээ.  /хх-ийн 363, 368 дугаар хуудас/

“О” ХХКнь 2016 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс 2018 оны 3 дугаар сар хүртэл нийгмийн даатгалын шимтгэл, 2015-2017 оныг хүртэлх хугацаанд аж ахуйн нэгжийн орлогын албан татвар төлсөн, 2015-2016, 2017 оны 2 дугаар улирал хүртэлх хугацааны санхүүгийн тайланг гаргасан байна. /хх-ийн 31-33, 51-52, 86-95, 100-123 дугаар хуудас/

            “О” ХХК нь 2017 оны байдлаар СХД-ийн Засаг даргын тамгын газрын архивын тасгийн мал тооллогын А данснаас үзэхэд 48 үхэр тоолуулж, хээлтүүлэгч 1, төл эр 7, эм 6, өнгөрсөн жилийн төл эр 4, эм 6, 2 настай эм 3, 3 настай эм үхэр 21 нийт 48 үхэр тоолуулсан. /хх-74, 239-244 дүгээр хуудас/

Шүүх 2018 оны 8 дугаар сарын 28-ны өдөр нэхэмжлэгчийн хүсэлтээр “О” ХХК-ийн эд хөрөнгө буюу үхэрт үзлэг хийх ажиллагаагаар нийт 47 тооны үхэр тоолуулсан. /хх-ийн 188-201 дүгээр хуудас/

“О” ХХК нь Хас банк ХХК-д 5001400761 тоот данс, Худалдаа хөгжлийн банк ХХК-д 475031527 тоот данс, Төрийн банк ХХК-д 102800346557 тоот дансыг эзэмшдэг, 2015 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн байдлаар 1,610,000 төгрөгийн эхний үлдэгдэлтэй, 2017 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн байдлаар Төрийн банк ХХК-д 10,821,68 төгрөгийн үлдэгдэлтэй байна ./хх-ийн 77-78, 180-181, 375, 376, 377, 403-406 дугаар хуудас/

Нэхэмжлэгч “О” ХХК-ийн үйл ажиллагаа болон хамтын үйл ажиллагааг дэмжих зорилгоор зээлүүд авсан гэж тайлбарлах ба 2016 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 3009-2016/23 дугаартай Зээлийн болон зээлийн барьцааны гэрээгээр зээлдэгч Б.М нь “Капитрон банк” ХХК-иас  40,000,000 төгрөгийг жилийн 27,6 хувийн хүүтэйгээр 36 сарын хугацаатайгаар зээлэн авч,  Сонгинохайрхан дүүргийн 17 дугаар хороо, 1 дүгээр хороолол, 33 дугаар байрны 46 тоотын 30 м.кв талбайтай, эрхийн Ү-2201003942 улсын бүртгэлийн дугаарт бүртгэлтэй, 2 өрөө орон сууцыг барьцаалжээ. /хх-ийн 329-332, 333-336, 422-425 дугаар хуудас/

“Капитрон банк” ХХК-ийн Б.М-ийн 3009009137 /93009003427/ тоот зээлийн дансны хуулгаас үзвэл 2016 оны 5 дугаар сарын 06-ны өдөр 26,700,000 төгрөгийн зээл, 2016 оны 7 дугаар сарын 05-ны өдөр 13,300,000 төгрөгийг олгосон, зээлийн гэрээний үүргийг 2017 оны 6 дугаар сарын 08-ны өдөр Б.М 30,904,626 төгрөгөөр, Т.Ж 9,095,326 төгрөгийг төлөн тус зээлийг хаасан байх бөгөөд Т.Ж-ээс 10,000,000 төгрөг зээлсэн, буцаан төлсөн тухайд талууд маргадаггүй. /хх-ийн 328, 426-590 дугаар хуудас/

 “Капитрон банк” ХХК-ийн шүүхэд ирүүлсэн баримтад “О” ХХК-ийн үйл ажиллагаанд зориулан авсан хөрөнгө оруулалтын 40,000,000 төгрөгийн зээлийг Б.М бүрэн төлсөн, зээл, зээлийн хүүгийн өр төлбөргүй талаар дурджээ. /хх-306, 631-632 дугаар хуудас/

Нэхэмжлэгч Б.М нь 2017 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн ЗГ1825110381 дугаартай зээлийн гэрээгээр зээлдүүлэгч “Голомт банк” ХХК-иас эргэлтийн хөрөнгийн зориулалтаар 44,00,000 төгрөгийг жилийн 30 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатайгаар зээлдэн, дээр дурдсан үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалсан байх бөгөөд энэхүү зээлээр Капитрон банкнаас авсан 40,000,000 төгрөгийг зээлийг төлөхөд зарцуулсан гэж талууд тайлбарласан болно. /хх-303-305, 307-309 дугаар хуудас/

 “Голомт банк” ХХК нь зээлийн болон барьцааны гэрээний үүргийг хариуцагч Б.М-ээс шаардан нэхэмжлэл гаргасныг Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 184/ШШ2018/02676 дугаартай шийдвэрээр Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Б.М-ээс 56,810,702 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч “Голомт банк” ХХК-д олгож, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар хариуцагч Б.М нь төлбөрийг сайн дураар эс төлбөл барьцаа хөрөнгө болох Сонгинохайрхан дүүргийн 17 дугаар хороо, 1 дүгээр хороолол, 33 дугаар байрны 46 тоотын 30 м.кв талбайтай, Ү-2201003942 улсын бүртгэлийн дугаартай 2 өрөө орон сууцны үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасан байна./хх-ийн 325-327 дугаар хуудас/

Шүүхийн энэхүү шийдвэрийг нэхэмжлэгч Б.М биелүүлсэн нь НШШГГ-ын ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2021 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн 130 дугаартай “Хөрөнгийн эрх сэргээх тухай” тогтоол, Голомт банкны зээлийн дансны хуулгаар тогтоогдсон. 

Түүнчлэн зээлдэгч Б.М, хамтран зээлдэгч Ч.Б нар 2017 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 17/31 тоот Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч “Төрийн банк”  ХХК-иас  9,500,000 төгрөгийг сарын 2,4 хувийн, жилийн 28,8 хувийн хүүтэйгээр 24 сарын хугацаатайгаар зээлж, мөн огноо дугаартай барьцааны гэрээгээр Төв аймгийн Баянчандмань сумын Эрдэнэ багийн Замтын адгийн 3 дугаар гудамжны 3 тоот хаягт байршилтай Г-1426003215, өмчлөх эрхийн гэрчилгээний 000427029 дугаартай үл хөдлөх хөрөнгө болох газар, 17 ширхэг /алатау үхэр/, 27-39 ДАХ улсын дугаартай Тоёота марк Х маркийн автомашин, УНЧ улсын дугаартай Тоёота аллион маркийн автомашин зэргийг барьцаалуулж, барьцаалуулагчийг төлөөлөн Б.М, Ч.Б, П.Г нар гарын үсгээ зурж баталгаажуулсан байна. /хх-ийн 292-294, 295-296 дугаар хуудас/

            “Төрийн банк” ХХК зээлийн гэрээний үүргийг шаардан Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасныг  тус шүүх  2018 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн 184/ШШ2018/02183 дугаартай шийдвэрээр хариуцагч Б.М-ээс 6,945,252 төгрөг гаргуулж шийдвэрлэжээ.  /хх-ийн 297-301 дүгээр хуудас/

            Дээр дурдсан зээлүүдийг хариуцагч “О” ХХК-ийн үйл ажиллагаанд бүрэн зарцуулсан гэх нэхэмжлэгч Б.М тайлбарлах бөгөөд зээлийг компанийн гүйцэтгэх захирал, мөн компанийн хувьцааг 100 эзэмшиж байхдаа авсан, өөрөө захиран зарцуулсан байна.

            “О” ХХКнь 2016 оны 5 дугаар сарын 13-ны өдөр н.Одхүүгээс 4,200,000 төгрөгөөр үхэр, 2016 оны 05 дугаар сарын 29-ний өдөр н.Батцэцэгээс 999,000 төгрөгөөр үхэр, 2016 оны 05 дугаар сарын 13-ны өдөр М.А-аас 3,000.000 төгрөгөөр саалийн үнээ, Т.П-ээс 3,050,000 төгрөгөөр үхэр тус тус худалдан авчээ. /хх-ийн 202, 203, 635, 676, 677/

Мөн компанийн Төрийн банк дахь 102800346557 тоот дансны хуулгаас үзэхэд 2017 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн байдлаар 199,621 төгрөгийн үлдэгдэлтэй, тус дансны гүйлгээнээс хариуцагч П.Г 28 удаагийн гүйлгээгээр 3,830,000 төгрөгийн орлого оруулж, кассаар буюу итгэмжлэлээр 2,204,000 төгрөг зарлагадсан байна.

Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1, 476.2 дахь хэсэгт хамтран ажиллах гэрээгээр хоёр буюу түүнээс дээш этгээд хуулийн этгээд байгуулахгүйгээр, ашиг олох болон бусад тодорхой зорилгыг хэрэгжүүлэхийн тулд хамтран ажиллах үүрэг хүлээх, хуульд өөрөөр заагаагүй бол хамтран ажиллах гэрээг бичгээр буюу амаар байгуулж болохоор зохицуулжээ.

Хэдийгээр нэхэмжлэгч тал хамтран ажиллах гэрээг амаар байгуулсан, гэрээнээс татгалзаж, хохирлоо гаргуулна гэж тайлбарласан ч хэрэгт авагдсан баримт, зохигчийн тайлбараас дүгнэхэд талууд хуулийн этгээд байгуулан бизнесийн үйл ажиллагаа явуулах, хариуцагч П.Г нь компанийн ажилтан байх, тодорхой цалин урамшуулал авах болон  үйл ажиллагаанаас олсон ашгаас хувь хүртэхээр тохирсон байх үндэслэлтэй байна.

Компанийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1, 83 дугаар зүйлийн 83.3, 83.8 дахь  дэх хэсгүүдэд  “хувьцаа эзэмшигчийн оруулсан хөрөнгө нь тодорхой тооны хувьцаанд хуваагддаг, өөрийн тусгайлсан эд хөрөнгөтэй, үндсэн зорилго нь ашгийн төлөө хуулийн этгээдийг компани гэнэ”, “хувь хүн гүйцэтгэх удирдлагыг хэрэгжүүлж байгаа тохиолдолд уг этгээд компанийн гүйцэтгэх захирал байна”, “гүйцэтгэх захирал эрх хэмжээний хүрээнд хэлцэл хийх, гэрээ байгуулах, компанийг төлөөлөх зэргээр компанийн нэрийн өмнөөс итгэмжлэлгүйгээр үйл ажиллагаа явуулна” гэж тус тус заасан байх бөгөөд “О” ХХК-ийн тухайд 1 гишүүнтэйгээр байгуулагдсан болно.

Нэхэмжлэгч Б.М нь өөрийн авсан зээлийг бүхэлд нь компанийн үйл ажиллагаанд зарцуулсан болохоо баримтаар нотлоогүйгээс гадна “О” ХХКнь  компанийн хувьцаа, эрхийг  хариуцагч П.Г-д шилжүүлэн өгсөн 2017 оны 7 дугаар сарын 17-ны өдрийг хүртэл хугацаанд ашигтай ажиллаж чадаагүй нь талуудын тайлбараар тогтоогддог.

Тодруулбал  компани ашигтай ажилласан тохиолдолд ногдол ашиг хэлбэрээр хувьцаа эзэмшигч хувь хүртэх бөгөөд ашиггүй ажилласан тохиолдолд компанид оруулсан хөрөнгөө компаниас болон компанийн дараагийн хувьцаа эзэмшигчээс шаардах нь хуульд нийцэхгүй юм.

Компанийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2 дахь хэсэгт компани нь хувьцаа эзэмшигчийн хүлээх үүргийг хариуцахгүй байхаар  заасан ба нэхэмжлэгч нь “О” ХХКямар хохирол учруулсан талаар нэхэмжлэлдээ дурдаагүй болно.

Нэхэмжлэгчийн Капитрон банкнаас авсан 40,000,000 төгрөгийн, Голомт банкнаас авсан 44,000,000 төгрөгийн зээлүүд бүрэн төлөгдсөн байх бөгөөд хариуцагч П.Г компанийг худалдан авахдаа түүний авсан зээлүүдийг төлөхөөр тохиролцсон гэх, шүүхийн шийдвэрээр хүлээсэн Б.М-ийн зээлийн гэрээний үүргийг хариуцагч хариуцах үндэслэл хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байна.

Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсэгт зааснаар гэрээний үүрэг зөрчсөнөөс учирсан хохирлыг нэхэмжлэгч шаардах эрхтэй ч талуудын хооронд байгуулсан хувьцаа худалдах, худалдан авах гэрээний улмаас нэхэмжлэгчид хохирол учирсан гэж үзэх, Голомт банк, Төрийн банкны өмнө нэхэмжлэгч Б.М-ийн хүлээх зээлийн гэрээний үүргийг хариуцагчаас гаргуулах үндэслэлгүй юм.

            Иймд нэхэмжлэлийн шаардлагаас хариуцагч П.Г-ийн хүлээн зөвшөөрсөн, итгэмжлэлийн дагуу зарцуулсан гэх 2,204,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлээс хариуцагч П.Г болон “О” ХХК-иас 60,453,609 төгрөг гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

            Мөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь хариуцагч П.Г-д холбогдуулан гаргасан “О” ХХК-ийн хувьцаа худалдах, худалдан авах гэрээ болон компанийн эрх шилжүүлэх гэрээнээс татгалзаж, хувьцаа, эрхийг хариуцагчаас буцаан гаргуулах шаардлагаасаа татгалзсан болохыг батлаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.

Нэхэмжлэгч нь “О” ХХК-ийн хувьцааны үнэ болох 6,531,000 төгрөгийг хариуцагч төлөөгүй гэж, хариуцагч бүрэн төлсөн гэж маргасан боловч хариуцагчаас гаргуулахаар шаардаагүй тул нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийг хянан шийдвэрлэсэн болохыг дурдав. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116 дугаар зүйлийн 116.1, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

                                               ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1, Компанийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч П.Г-ээс 2,204,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.М-д олгож, нэхэмжлэлээс хариуцагч П.Г болон “О” ХХК-иас 60,453,609 төгрөг гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч нь хариуцагч П.Г-д холбогдуулан гаргасан “О” ХХК-ийн хувьцаа худалдах, худалдан авах гэрээ болон компанийн эрх шилжүүлэх гэрээнээс татгалзаж, хувьцаа, эрхийг хариуцагчаас буцаан гаргуулах шаардлагаасаа татгалзсан болохыг батлаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 547,438 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч П.Г-ээс 50,214 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.М-д олгосугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

                      ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                          Т.БАТСҮХ