Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2021 оны 01 сарын 19 өдөр

Дугаар   001/ХТ2021/00047

 

                                                         Б.М-ийн нэхэмжлэлтэй

           иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Б.Ундрах даргалж, шүүгч Г.Алтанчимэг, Г.Цагаанцоож, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 184/ШШ2019/01112 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2019 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 1403 дүгээр магадлалтай,

Б.М-ийн нэхэмжлэлтэй,

П.Г, “О” ХХК-д холбогдох,

Компаний хувьцаа худалдах-худалдан авах, эрх шилжүүлэх, хамтран ажиллах гэрээнээс тус тус татгалзаж, эрхээ буцаан авах, хохиролд 62.657.609 төгрөг  гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагч П.Г-ийн гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Г.Цагаанцоож илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Галцацрах, нарийн бичгийн дарга Х.Билгүүн нар оролцов.

Нэхэмжлэгч Б.М- шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Би хамт суралцаж байсан П.Г-тай 2014 оноос бизнес эрхлэх санал тавьж хамтран үхрийн фирмийн үйл ажиллагаа эрхлэн явуулахаар О ХХК-г үүсгэн байгуулан харилцаж эхэлсэн. 2015 онд компанийг байгуулан П.Г-ийн данснаас 6.500.000 төгрөгийг шилжүүлсэн байдаг. Уг компани нь анхнаасаа миний нэр дээр байсан. Учир нь П.Г- нь муу зээлдэгчийн бүртгэлд байсан. Ингээд 6.500.000 төгрөгөөр 3 ширхэг тугалтай үхэр авч үйл ажиллагаагаа эхлүүлсэн. Бид хоёрын аман тохиролцоо нь П.Г- нь өөрийн туршлага ур чадвараар үйл ажиллагааг удирдан зохион байгуулж Б.М- нь хөрөнгө оруулж ашгийг хувааж авахаар тохиролцсон. П.Г-ийн зүгээс 6.531.000 төгрөгийн хөрөнгө оруулалт хийснийг үгүйсгэхгүй. Би хариуцагчийн хүсэлтээр О ХХК-ийн үйл ажиллагаанд зориулан 2015 оны 5 дугаар сард Капитрон банкнаас 3 жилийн хугацаатай 2,3%-ийн хүүтэй зээл авахдаа өөрийн өмчлөлийн Сонгинохайрхан дүүргийн 17 дугаар хорооны 2 өрөө байрыг барьцаанд 40.000.000 төгрөгийн зээл авсан. Улмаар Капитрон банкны зээлийн төлөлтийн байдал хүндэрсэнтэй холбоотойгоор дээрх зээлийг төлөх зорилгоор Голомт банкнаас нэхэмжлэгчийн өмчлөлийн Сонгинохайрхан 17 дугаар хорооны 2 өрөө байрыг барьцаалан 44.000.000 төгрөгийн зээлийг авч хүндэрсэн зээлээ төлж, зээлээ хаасан. Дээрх байдлаар өөрийн өмч хөрөнгийг барьцаалан банкнаас болон ах дүү хамаатан садангуудаас нь зээлүүлэн нийт 71.500.000 төгрөгийн өр төлбөрт оруулсан. О ХХК нь анх 3 үхэртэй үйл ажиллагаа явуулж байгаад улмаар дээрх санхүүгийн эх үүсвэрүүдээс 17 үхэр, 1 автомашинтай болж үйл ажиллагаа нь өргөжин Сүү ХХК-нд өдрийн сүү саалиа тушаан ажиллаж байсан бөгөөд улмаар ХХААЯамны төсөлд хамрагдан 40 гаруй үхэртэй 2 саальчинтай үйл ажиллагаагаа өргөжүүлэн явуулж байна. П.Г- нь компанийн санхүүг барьж, орсон орлого хөрөнгийг өөрийн үзэмжээр захиран зарцуулж, харин нэхэмжлэгч нь үхрийн фермд хийгдэх хар бор ажлуудыг гүйцэтгэн/сүү тушаах, үхэр услах, бэлчээрт гаргах, хурааж авчрах, тугал татах, үхрийн баас арилгаж цэвэрлэх/ ажиллаж ирсэн. П.Г- нь О ХХК-ийг өөрийн болгохын тулд "компаний хувьцааг худалдах худалдан авах, компаний эрх шилжүүлэх гэрээ-нүүдийг нэхэмжлэгчтэй 2018 оны 07 дугаар сарын 17-ны өдөр тус тус байгуулсан. Дээрх гэрээнүүдийг байгуулахдаа хариуцагч нь... нэхэмжлэгч Б.М-ийн нэр дээрх бүх зээлүүдийг төлж барагдуулахаар, мөн компаний хувьцааны үнэ 6.531.000 төгрөгийг худалдагч талд төлөх... харин нэхэмжлэгч нь О ХХК-ийг хариуцагч П.Г-т шилжүүлэхээр амаар харилцан тохиролцсон. Гэвч хариуцагч П.Г- нь 2017 оны 9 дүгээр сараас хэлэлцэн тохиролцсоноосоо буцаж нэхэмжлэгчийн нэр дээрх Голомт болон Төрийн банкны зээлийн сар бүрийн төлбөрийг төлөхгүй байсаар өнөөдрийг хүрсэн байдаг. Компанийн хувьцаа худалдах худалдан авах гэрээ болон компанийн эрх шилжүүлэх гэрээнээс татгалзаж, эрхийг буцаан олгоно уу гэжээ. 

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж: Капитрон банкаас байраа тавьж зээлж авсан 40.000.000 төгрөг нь жилийн дараа гэхэд хүү нь өндөр болсон учраас өөр банк руу шилжүүлж төлбөрийг багасгах саналыг П.Г- нь гаргаж өөрөө хөөцөлдөж байгаад Голомт банк руу шилжүүлж өгсөн. Үүнээс П.Г- нь Голомт банк руу шилжүүлээгүй бол би 44.000.000 төгрөг гэж улам их өрөнд орохгүй байсан. 2016 оны өвлөөс П.Г- нь надад гар хүрчүхэр оройтох, хоёр үхэр мөргөлдөх зэрэг жижиг шалтгаанаас болж цаашид хамтран ажиллахад хүнд болсон. Иймд хамтран ажиллах гэрээнээс татгалзаж оруулсан хөрөнгө болох 49.500.000 төгрөг, хоёр зээлийн төлөгдөөгүй хүү 13.157.609 төгрөг  нийт 62.657.609 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.                                                  

Хариуцагч П.Г-, “О” ХХК шүүхэд гаргасан тайлбартаа: Би 7.000.000 төгрөгийг Б.Мөнсүхийн данс руу шилжүүлж уг мөнгөнөөс Б.Мөнсүх нь 6.000.000 гаран төгрөгийг нь компаний данс руу шилжүүлж бид компанийг байгуулсан. Ингээд 2015 онд уг гурван үхрийг би маллаж, компанийн дансанд мөнгө үлдсэн байсан. Гэтэл нэг өдөр Б.Мөнсүхийг үхрүүдээ эргэх гэж ирэхэд нь би дансанд мөнгө байгаа эсэхийг нь асуухад дансан дахь мөнгө дуусаж байгаа гэсэн. Яагаад ингэж байгаа талаар асуухад компаний дансыг интернэттэй холбож шууд утсаараа гүйлгээ хийж эхэлсэн байсан. Ингээд компаний мөнгө дуусчихсан. Б.Мөнсүх нь банкнаас зээл авч 1 бухтай, 11 ширхэг үхэр авсан. Б.Мөнсүх нь 17 ширхэг үхэр авсан гэдэг нь худлаа. Б.Мөнсүх нь би бүх ажлыг хийж байсан гэдэг боловч би бүх үхрийг нь явган маллаж байсан. Би компанийн дансыг хянах ямар ч боломж байхгүй. Б.Мөнсүх бид хоёр компанийг өгч авах дээрээ тулахад Б.Мөнсүх нь чи ав би маллаж чадахгүй гэж хэлсэн. Ингэж шилжүүлэхэд О ХХК-ийн өмч гэж 10 гаран үхэр л байсан. Би аргагүйн эрхэнд тухайн үхрүүдийг бодоод энэ компанийг авсан. Капитрон банкинд зээлийн төлбөрөө өгч чадахгүй болчихсон, үхрийн тэжээл авч чадахгүй, цалингаа тавьж чадахгүй болчихсон байсан. Одоо хэрэгт О ХХК-ийн дансны хуулга авагдсан байгаа. Үүнээс харахад Б.Мөнсүх нь уг мөнгөнөөс 11.910.000 төгрөгийг кассаар авсан, би итгэмжлэлээр 2.204.000 төгрөг гаргасан байдаг. О ХХК-ийн үйл ажиллагаанд 17.000.000 төгрөг зарцуулагдсан. О ХХК-ийн данснаас Капитрон банк зээлэнд 10.343.510 төгрөг, Б.Мөнсүх нь чекээр 1.570.000 төгрөгийг зарлагадсан байгаа. Б.Мөнсүхийн зарлагадсан гэх 11.910.000 төгрөг дотор н.Одхүү, н.Батцэцэг, н.Мөнхзул гэдэг хүмүүс буюу найзууд руу нь мөнгө шилжсэн байдаг. Энэ нь үхэр худалдан авах, саалтуур худалдан авах нэрээр гарсан байдаг. Б.М-ийг Төрийн банкнаас эрэн сурвалжилж байсан. Би үндсэн зээлийг нь төлж байсан. Б.М-тэй ярилцаж, тохиролцсоны үндсэн дээр компанийн хувьцааг худалдах, худалдан авах гэрээ болон компанийн эрх шилжүүлэх гэрээнүүдийг 2018 оны 07 сарын 17-ны өдөр байгуулж, худалдагч талд шилжүүлэх үүрэгтэй байсан хувьцааны нийт үнэ болох 6.531.000 төгрөгийг бүрэн төлж барагдуулж, компанийн эрхийг шилжүүлж авсан. Талуудын хооронд байгуулагдсан 2017 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн Компанийн хувьцаа худалдах, худалдан авах гэрээ болон Эрх шилжүүлэх гэрээ нь дуусгавар болсон, талуудын хэн аль нь үүргээ биелүүлсэн, хариуцагч нь хувьцаагаа нэхэмжлэгчид шилжүүлэн өгсөн, нэхэмжлэгч нь хувьцааны төлбөрөө төлж дууссан байх тул үүрэг биелэгдэж дуусгавар болсон гэрээнээс татгалзах боломж байхгүй юм. Талуудын аль нэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй бол татгалзах эрхтэй. Хариуцагч нь хувьцаа худалдан авч байгаа төлбөрөө бүрэн төлсөн. Гэрээний үүрэг дуусгавар болсон байна. Гэрээнээс татгалзах журмыг баримтлаагүй, гэрээнээс татгалзах тухай мэдэгдэл хүргүүлээгүй тул гэрээнээс татгалзах эрхээ алдсан. Компанийн удирдлага эрх мэдлийг авахын тулд Компанийн тухай хуульд заасны дагуу хувьцаа эзэмшигчийн шийдвэрээр уг асуудлыг шийдвэрлэх ёстой бөгөөд шүүхэд нэхэмжлэл гаргаснаар шийдвэрлэгдэх асуудал биш юм. Мөн бусдаас их хэмжээний зээл авсан нь хувьцаа худалдах худалдан авах гэрээтэй хамааралгүй, энэ талаар гэрээнд тусгаагүй, хариуцагч яагаад хариуцах болсон нь тодорхойгүй тул нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй гэжээ.

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 184/ШШ2019/01112 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 479 дүгээр зүйлийн 479.1, 479.4, 478 дугаар зүйлийн 478.11, 227 дугаар зүйлийн 227.1-д зааснаар хамтран ажиллах гэрээний үүрэгт хариуцагч П.Г-, О ХХК нараас 15.452.313,1 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх компаний эрх шилжүүлэх гэрээнээс татгалзаж, эрхээ буцаан авах тухай болон 47.205.295,9 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 547.438 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч П.Г-, О ХХК нараас 235.211,5 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.М-эд олгож шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 1403 дүгээр магадлалаар: Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 184/ШШ2019/01112 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хянан шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцааж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 235211 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож шийдвэрлэжээ.

Хариуцагч П.Г- хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалыг эс зөвшөөрч хяналтын журмаар гомдол гаргаж байна.  Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 сарын 29-ний өдрийн 184/ШШ2019/01112 дугаар шийдвэрийн үндэслэх хэсэгт нэхэмжлэлийн шаардлага тус бүрт шүүх хэрэгт цугларсан нотлох баримт талуудын гаргасан тайлбарт үндэслэн дүгнэлт хийсэн ба давж заалдах шатны шүүхийн шийдвэрлээгүй гэж үзсэн асуудлаар “...Нэхэмжлэгч Б.М-ийн компанийн хувьцаа худалдах, худалдан авах гэрээ болон компанийн эрх шилжүүлэх гэрээнээс татгалзаж, эрхээ буцаан авах тухай нэхэмжлэлийн шаардлагын тухайд шүүх Б.М-ийг 2017 оны 07 дугаар сарын 17-ны өдөр хамтран ажиллах гэрээнээс гарсан тул Иргэний хуулийн 480 дугаар зүйлийн 480.2.1-д зааснаар гэрээ цуцлагдсан гэж үзсэн”, “Гэрээ цуцлагдсантай холбоотойгоор “О” ХХК-ийн эрхийн хариуцагч П.Г-т нэхэмжлэгч Б.М- шилжүүлсэн үйл баримт тогтоогддог” гэж дүгнэсэн ба Иргэний хуулийн 204-р зүйлийн 204.1-д заасан гэрээ цуцлах, татгалзах талаар мэдэгдэл хүргүүлээгүй, үүрэг гүйцэтгэх талаар шаардаж байсан эсэх талаар нотлох баримт хэрэгт авагдаагүй байна гэж тодорхойлсон нь хууль зүйн үндэслэлтэй байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар 25.2.2-т зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэлээ нотлоогүй нь хэргийг дахин хэлэлцүүлэх үндэслэл болохгүй. Давж заалдах шатны шүүх дээрх хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1-д заасныг буруу тайлбарлан хэрэглэсэн. Шүүх хуралдааны тэмдэглэлд хурал эхэлсэн цаг, дууссан цагийг тодорхой тусгасан ба тухайн өдрийн шүүх хуралдаанаар талууд хангалттай мэтгэлцэж хэргийг шийдвэрлэсэн, улмаар нэгэн процессын алдаа гарсан зүйлгүй, анхан шатны шүүх шийдвэрийн үндэслэх хэсэгт тодорхой тусгасан байдаг. Гэтэл давж заалдах шатны шүүхээс үндэслэлгүйгээр талуудыг мэтгэлцүүлээгүй, нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг шийдвэрлээгүй орхигдуулсан гэж үзэж байгаа нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх зарчмыг алдагдуулж байна. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.3-т заасныг үндэслэн Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 07 сарын 26-ны өдрийн 1403 дугаар магадлалыг хүчингүй болгож, Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 сарын 29-ны өдрийн 184/ШШ2019/01112 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү  гэжээ.

ХЯНАВАЛ

Нэхэмжлэгч Б.М- нь хариуцагч П.Г- болон “О” ХХК-д холбогдуулан  “...компанийн хувьцаа худалдах, худалдан авах гэрээ, эрх шилжүүлэх гэрээнээс татгалзаж, эрхээ буцаан авах, ...хамтран ажиллах гэрээнээс татгалзаж,  62.657.609 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэл гаргажээ /хэргийн 1-2, 311-312 дугаар тал/. Хариуцагч нэхэмжлэлийг эс зөвшөөрч маргасан байна.

Анхан  шатны  шүүх  хариуцагч П.Г-, “О” ХХК нараас  15.452.313 төгрөг гаргуулахаар шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүх хянаад шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаажээ.   

Хариуцагч хяналтын журмаар гаргасан гомдолдоо “...нэхэмжлэлийн шаардлага тодорхой байхад шийдвэрийг хүчингүй болгосон нь хууль зөрчсөн...” гэх агуулга дурджээ.

Давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.   

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.4.-т зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага, үндэслэл түүнийг нотлох баримтыг  нэхэмжлэлдээ тусгах ба энэ нь нэхэмжлэлийн бүрдүүлбэрт хамаардаг. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэлийн шаардлага, үндэслэл тодорхой тохиолдолд нэхэмжлэгч шаардлагаа, хариуцагч татгалзлаа нотлох, үүнтэй холбоотой нотлох баримтыг гаргаж өгөх  үүргээ биелүүлэх ба шүүх зохигчийн гаргасан баримтад үндэслэн нэхэмжлэлийн шаардлагын  талаар  дүгнэлт хийнэ.

Нэхэмжлэлийн ямар шаардлагаа иргэнд эсхүл хуулийн этгээдэд холбогдуулан гаргаснаа нэхэмжлэгч нэхэмжлэлд тодорхой заагаагүйгээс гадна шаардлагын үндэслэл тодорхой бус байхад анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэсэн  нь  Иргэний  хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.1, 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1, 40 дүгээр зүйлд нийцээгүй байна.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ “...П.Г-тай хамтран ажиллахаар тохирсон, ...хамтран ажиллах гэрээнээс татгалзаж, хөрөнгө оруулсан 49.500.000 төгрөг, хохиролд 13.157.609 төгрөг нийт 62.657.609 төгрөг гаргуулна” гэжээ.

Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1-д зааснаар хоёр буюу түүнээс дээш этгээд хуулийн этгээд байгуулахгүйгээр, ашиг олох болон бусад тодорхой зорилгыг хэрэгжүүлэхийн тулд хамтран ажиллах үүрэг хүлээхээр байгуулсан гэрээг хамтран ажиллах гэрээ гэнэ.

Хамтран ажиллах гэрээ нь оролцогчдын хураамж, хамтын үйл  ажиллагаанаас бүрдэх ба хураамж нь талуудаас хамтын үйл ажиллагаанд зориулж байгаа хөрөнгө бөгөөд нэхэмжлэгч хураамж, хохирол, эсхүл өөрт ногдох хувийг шаардаж буй нь тодорхой бус байна.

Давж  заалдах  шатны  шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу явуулж, өөрийн эрх хэмжээний хүрээнд дүгнэлт хийж шийдвэрийг хүчингүй болгосон нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1.-г зөрчөөгүй тул  магадлалыг  хэвээр үлдээж, гомдлыг хангахгүй орхив.

Шүүх нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийг  тодруулж, хэрэгт авагдсан нотлох  баримтыг хуульд заасан журмын  дагуу үнэлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2-т заасан шийдвэрийн аль нэгийг гаргавал зохино.    

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 1403 дүгээр магадлалыг хэвээр үлдээж, хариуцагч П.Г-ийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Хариуцагч хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2019 оны 08 дугаар сарын 26-ны өдөр төлсөн 235.212 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

                 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                 Б.УНДРАХ

                               ШҮҮГЧ                                                            Г.ЦАГААНЦООЖ