Шүүх | Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Б.Цолмон |
Хэргийн индекс | 182/2021/00054/и |
Дугаар | 182/ШШ2021/01073 |
Огноо | 2021-05-17 |
Маргааны төрөл | Хөдөлмөрийн хуулиар бусад, |
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2021 оны 05 сарын 17 өдөр
Дугаар 182/ШШ2021/01073
2021 05 17 182/ШШ2021/01073
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Б.Цолмон даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Баянзүрх дүүрэг, Б.Б -ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: НЗдБУхзид холбогдох
“Улаанбаатар хотын захирагчийн 2020 оны 12 сарын 07-ны өдрийн Б/226 дугаар ажлаас чөлөөлөх тухай захирамжийг хүчингүй болгож, ажилд эгүүлэн тогтоож ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор 9 529 753 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Дагвадорж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Мөнхдөл, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Хонгорзул нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь :
Нэхэмжлэгч Б.Б шүүхэд гаргасан нэхэмжлэл шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...би 2019 оны 04 дүгээр сард Улаанбаатар зам засвар, арчлалтын газар ОНӨААТҮГ-ын даргаар томилогдож, 2019-2020 онуудад хангалттай сайн ажилласан боловч 2020 онд Нийслэлийн өмчийн харилцааны газрын мэргэжилтний буруугаас болж хангалтгүй ажилласан гэдэг дүгнэлт гаргасан. Тухайн үеийн Нийслэлийн өмчийн харилцааны газар руу манай байгууллага 2020 онд хангалттай сайн ажилласан байхад танай байгууллагаас яагаад хангалтгүй ажилласан гэдэг дүгнэлтийг гаргасан юм бэ гэдэг албан бичиг явуулж, тухайн үеийн Нийслэлийн засаг дарга байсан Уртнасангийн өрөөнд Нийслэлийн өмчийн харилцааны газрын үүрэг гүйцэтгэгч Рэнчинбямбыг дуудаж уулзаж, ярилцахад Нийслэлийн өмчийн харилцааны газрын үүрэг гүйцэтгэгч Рэнчинбямба манай зүгээс алдаа гарсан байна, үүнийг бид нар залруулна гээд Нийслэлийн засаг даргын тамгын газар руу албан бичиг явуулж 2020 оны гэрээг сунгаж байсан.
2019 оны гэрээг Нийслэлийн өмчийн харилцааны газрын зүгээс хангалтгүй гэж үзсэн байсан боловч 2020 онд гэрээ байгуулсан. 2020 оны 12 дугаар сарын 07-ны өдөр намайг үндэслэлгүйгээр ажлаас чөлөөлсөн. Уг нь ажилд томилох гэж байсан заалтыг ажлаас чөлөөлөх гэж ажлаас халах тушаалын үндэслэл дээр бичсэн байсан. Иймд ажлаас үндэслэлгүй халсан захирамжийг хүчингүй болгож, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулж өгнө үү”гэв.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Дагвадорж шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Нийслэлийн өмчийн харилцааны газрууд дээр байгуулсан гэрээг нийтэд нь ажлын хэсэг гаргаж дүгнэсэн. Тус дүгнэлтэд кадастрын гэрээний биелэлтийг харьцуулахад ажлын үр дүнгийн талаарх мэдээлэл тусгагдаагүй байхад дүгнэсэн нь учир дутагдалтай байна. Нийслэлийн өмчийн харилцааны газрын мэргэжилтэн нэхэмжлэгчийн ажлыг дүгнэхдээ буруу дүгнэсэн нь үндэслэл муутай байна. Б.Б үнэхээр хангалтгүй ажиллаж байсан юм бол 2020 оны контрактын гэрээ байгуулах байх ёстой байсан. Гэтэл 2020 онд Б.Бтэй контрактын гэрээ байгуулсан бөгөөд тус гэрээний хугацаа 2020.12.31-ний өдрийн дотор дуусах ёстой байсан. Гэтэл 2020.12.07-ны өдөр Б.Бийг ажлаас үндэслэлгүйгээр чөлөөлсөн. Ажлаас чөлөөлөх захирамжид дандаа Нийслэлийн засаг даргын бүрэн эрхийн асуудлуудыг тусгасан бөгөөд ямар үндэслэлээр ажлаас чөлөөлж байгаа нь ойлгомжгүй байна. Б.Б 2020 онд бүтэн ажилласан” гэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Мөнхдөл шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Нийслэлийн засаг дарга 2020 оны А226 дугаар захирамжийг гаргахдаа хуульд заасан бүрэн эрхийнхээ хүрээнд уг арга хэмжээг авсан. Тухайн тушаал, захирамжийг гаргахдаа Монгол улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, 30 дугаар зүйлийн 30.1.11-т хууль тогтоомжид заасан бол орон нутгийн өмчит болон орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн удирдлагыг Хуралтай зөвшилцөн томилох, чөлөөлөх, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.2.2-т орон нутгийн өмчит хуулийн этгээдийн эрх баригчийг томилох заасны дагуу тухайн актыг гаргасан. Нийслэлийн засаг даргын 226 дугаар захирамж зорилгодоо нийцсэн захиргааны акт. Яагаад зорилгодоо нийцсэн гэж үзэж байгаа юм бэ гэвэл тухайн орон нутгийн өмчит аж ахуйн газрын дарга зөвхөн контрактын гэрээг Нийслэлийн өмчийн харилцааны газрын дарга хооронд байгуулж, Нийслэлийн засаг дарга баталдаг. Тухайн контрактын гэрээний дагуу хүлээсэн үүргээ хангалтгүй биелүүлсэн гэдэг үндэслэлээр нэхэмжлэгчийн ажлаас халсан. Контрактаар хүлээсэн Б.Бийн үүрэг бол ажил сайжруулах байсан бөгөөд Нийслэлийн засаг даргын контрактын гэрээг үндэслэн захирамжаар ажил сайжруулах шаардлагатай гэж үзсэн учир Б.Бийг чөлөөлсөн.
Тухайн шийдвэрийг гаргахад Контрактад өөрчлөлт оруулах, цуцлах тухай заалтын 7 дугаар зүйлийн 7.4.7-д заасан бусад хуульд заасан үндэслэлээр Б.Бийг ажлаас чөлөөлсөн нь зорилгодоо нийцсэн захиргааны акт тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү”гэв.
Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б.Б хариуцагч Нийслэлийн Засаг даргад холбогдуулан Улаанбаатар хотын захирагчийн 2020 оны 12 сарын 07-ны өдрийн Б/226 дугаар ажлаас чөлөөлөх тухай захирамжийг хүчингүй болгож, ажилд эгүүлэн тогтоож ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор 9 529 753 төгрөг гаргуулах тухай шаардлага гаргажээ.
Хэрэгт дараах үйл баримт тогтоогдож байх бөгөөд нэхэмжлэлийг хангах үндэслэлтэй байна.
Нийслэлийн Засаг даргын 2019 оны 04 сарын 03-ны өдрийн Б/59 тоот захирамжаар Б.Бийг Улаанбаатар зам засвар, арчлалтын газар ОНӨААТҮГ-ын даргаар томилж, Нийслэлийн засаг дарга болон Б.Б нарын хооронд 2019/06 тоот контрактын гэрээ байгуулсан байна. /хх5,16-23/
Талуудын хооронд байгуулсан 2019/06 тоот гэрээг бичгээр байгуулсан байх ба контрактын хугацааг 2019 оны 12 сарын 31 хүртэл гэж тохиролцсон байна.
Хөдөлмөрийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.Өмчлөгч буюу түүнээс эрх олгогдсон этгээд нь өмчлөх эрхийнхээ тодорхой хэсгийг хэрэгжүүлэхдээ бусдын хөдөлмөрлөх үйл ажиллагааг, мөн ажил олгогч нь иргэний гоц буюу ховор авьяас, өндөр ур чадварыг хөлслөн авч ашиглах зорилгоор иргэнтэй контракт байгуулна гэж зааснаар Нийслэлийн засаг дарга нь Б.Бтэй контракт байгуулжээ.
Нийслэлийн иргэдийн төлөөлөгчийн хурлын тэргүүлэгчдийн 2014 оны 04 сарын 21-ний 54 тоот тогтоолоор...”нийслэлийн өмчит үйлдвэрийн газрын захиралтай контракт байгуулах, дүгнэх” журмыг баталсан бөгөөд уг журмаар Нийслэлийн засаг дарга нь контракт байгуулах, биелэлтийг дүгнэх, урамшуулал олгох, хариуцлага тооцох харилцааг зохицуулсан. /хх111-124/
Журмын 3 дугаар зүйлд контрактын биелэлтийг дүгнэх талаар зохицуулсан бөгөөд... тухайн хуулийн этгээдийн жилийн эцсийн санхүүгийн тайлан тэнцэл болон бусад албан ёсны мэдээлэлд үндэслэн... нийслэлийн өмчит үйлдвэрийн газрын захирал контрактын тайлан, шийдвэрийн хамт Өмчийн харилцааны газарт ирүүлэх...Өмчийн харилцааны газар тайлан хүлээн авснаас хойш контракт дүгнэх комиссоор хэлэлцүүлж, гарсан шийдвэрийг Нийслэлийн засаг даргын захирамжаар баталгаажуулна гэжээ.
Мөн контрактын гэрээг дүгнэж 90-100 оноо авсан бол “бүрэн хангалттай”, 80-89 оноо авсан бол “хангалттай” , 70-79 оноо авсан бол “ажил сайжруулах”, 69-өөс доош оноо авсан бол “хангалтгүй” гэж үнэлэхээр заажээ.
Нийслэлийн Засаг даргын 2020 оны 04 сарын 30-ны А/578 тоот захирамжаар Орон нутгийн өмчит үйлдвэрийн газруудын захиралтай байгуулсан контрактыг дүгнэх ажлын хэсгийг байгуулсан. /хх127/
Нийслэлийн өмчийн ашиглалт удирдлагын газар нь 2020 оны 06 сарын 02-нд Улаанбаатар зам, засвар арчлалтын газар ОНӨААТҮГ-ын 2019 оны контрактын гэрээ болон эдийн засгийн үр дүнг дээшлүүлэх зорилтот түвшний биелэлтийн тухай танилцуулгыг 63 оноо, “хангалтгүй” гэж, /хх136-141/
харин засаг даргын захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг 2020 оны 06 сарын 25-нд Контракт гэрээгээр хүлээсэн үүргийн биелэлтэд хийсэн хяналт шинжилгээний тухай танилцуулгаар Орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот 17 үйлдвэрийн газруудын захиралтай байгуулсан 2019 оны контракт гэрээ болон эдийн засгийн үр дүнг дээшлүүлэх зорилтот түвшний биелэлтийг дүгнэж, “Улаанбаатар зам, засвар арчлалтын газар” ОНӨААТҮГ-ыг 56 оноо “ажил сайжруулах” гэж тус тус дүгнэжээ. /хх129/
Нийслэлийн засаг даргын 2020 оны 06 сарын 26-ны А/900 дугаар захирамжаар ОНӨААТҮГ-ын захиралтай байгуулсан 2019 оны контрактыг дүгнэсэн дүнг баталгаажуулж 17 үйлдвэрийн газруудын захиралтай контрактыг шинэчлэн байгуулахаар заасан бөгөөд контракт шинэчлэн байгуулах үйлдвэрийн газрын захирлын нэрсийн 15 дугаарт Улаанбаатар зам, засвар арчлалтын газар ОНӨААТҮГ, захирал Б.Б,” хангалтгүй “ гэж тусгасан байна. /хх125-126/
Уг захирамжаар “Улаанбаатар зам, засвар арчлалтын газар” ОНӨААТҮГ-ын дарга Б.Б, Нийслэлийн засаг дарга нарын хооронд байгуулсан 2019/06 тоот контрактын гэрээг дүгнэж 2020 оны 08 сарын 27-нд контрактын гэрээг шинэчлэн байгуулжээ.
Талуудын хооронд 2020 оны 08 сарын 27-нд 15/2020 дугаар контрактын гэрээг 2020 оны 12 сарын 31 хүртэл хугацаагаар бичгээр байгуулсан бөгөөд гэрээний 7 дугаар зүйлд гэрээ дуусгавар болох, хугацаанаас өмнө цуцлах нөхцөлүүдийг тусгасан байна. /хх7-15/
Нийслэлийн засаг даргын 2020 оны 12 сарын 07-ны Б/226 дугаар захирамжаар Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, 30 дугаар зүйлийн 30.1.11, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.2.2 дахь заалтыг үндэслэн Б.Бийг “Улаанбаатар зам, засвар арчлалтын газар” ОНӨААТҮГ-ын даргын үүрэгт ажлаас чөлөөлсөн. /хх3/
Контрактын гэрээ хөдөлмөрийн гэрээний нэг төрөл болохын хувьд тухайн гэрээг ажил олгогч санаачлан цуцлах тохиолдолд Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д заасан үндэслэлээс гадна мөн хуулийн 41 дүгээр зүйлд заасан нөхцөл журам хамаарна.
Харин ажил олгогч нь Б.Бийг ажлаас чөлөөлөх тухай захирамжид Хөдөлмөрийн тухай хуульд заасан аль үндэслэлээр ажлаас чөлөөлж буйгаа тодорхой заагаагүй байна.
Хариуцагч тал Б.Бтэй байгуулсан контрактын гэрээг дүгнэсэн захирамж, танилцуулга зэрэг нь ажлаас чөлөөлсөн захирамжийн үндэслэл мөн засаг дарга нь гэрээний 7.2.2-д ... нийслэлийн засаг даргын захирамжаар томилолтыг цуцалснаар дуусгавар болно, 7.4.7-д...хуульд заасан бусад үндэслэлээр хугацаанаас өмнө цуцалж, захирлыг чөлөөлөх эрхтэй гэж зааснаар чөлөөлсөн гэж тайлбарладаг.
Гэтэл хэрэгт авагдсан дээрх баримт болон талуудын тайлбараас үзэхэд “Улаанбаатар зам, засвар арчлалтын газар” ОНӨААТҮГ-ын 2019 оны үйл ажиллагаа, талуудын хооронд байгуулсан 2019/06 тоот контрактын гэрээг дүгнэжээ.
Харин шинэчлэн байгуулсан 2020 оны 08 сарын 27-ны 15/2020 тоот контрактын гэрээг Нийслэлийн иргэдийн төлөөлөгчийн хурлын тэргүүлэгчдийн 2014 оны 04 сарын 21-ний 54 тоот тогтоолд заасан журмын дагуу дүгнээгүй болох нь талуудын тайлбараар тогтоогдож байгаа бөгөөд энэ талаарх баримт авагдаагүй байна.
Мөн ажил олгогчийн санаачлагаар контрактын гэрээг цуцлахдаа хуульд заасан бусад үндэслэл гэсэн нь ямар үндэслэл хамаарахыг уг гэрээнд тухайлан заагаагүй, гэрээ дуусгавар болох нэг үндэслэл буюу томилолтыг цуцалсан гэх үндэслэл нь хууль зүйн хувьд үндэслэлтэй тохиолдолд хэрэгжих зохицуулалт гэж үзэхээр байна.
Иймд ажил олгогч нь Б.Бтай байгуулсан 2020 оны 08 сарын 27-ны 15/2020 дугаар контрактын гэрээг цуцалсан нь үндэслэлгүй байх тул урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоох нь зүйтэй.
Б.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ Улаанбаатар хотын захирагчийн 2020 оны 12 сарын 07-ны өдрийн Б/226 дугаар ажлаас чөлөөлөх тухай захирамжийг хүчингүй болгох гэсэн боловч энэ нь ажилд эгүүлэн тогтоолгох шаардлагын үндэслэл гэж үзэхээр байна.
Нэхэмжлэгч нь Улаанбаатар зам, засвар арчлалтын газар” ОНӨААТҮГ-ын дарга Б.Галхүүгийн 2020 оны 12 сарын 17-ны 603 тоот албан бичигт дурдсанаар Б.Б 1 890 000 төгрөгийн цалинтай гэж тодорхойлолтыг үндэслэн ажилгүй байсан 5 сар 3 хоногийн цалин хөлс, ажлын 85 хоног, нэг өдрийн цалин хөлс 112 114 төгрөгөөр тооцож 9 529 753 төгрөгийг нэхэмжилсэн. /хх/
Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1.Энэ хуулийн 36.1.2-т заасны дагуу ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор, хэрэв бага цалинтай ажил хийж байсан бол зөрүүтэй тэнцэх олговрыг олгоно гэж заажээ.
Ажилтаны дундаж цалин хөлсийг тодорхойлохдоо Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 55 дугаар тушаалын хавсралтад зааснаар тооцох бөгөөд Б.Бийн 0045060 тоот нийгмийн даатгалын дэвтрийн хуулбараас үзэхэд дундаж цалин хөлс 3 155 906 төгрөг, ажлаас чөлөөлсөн өдрөөс нэхэмжлэл гарсан өдөр хүртэл 110 хоногийн цалин хөлс нь 2021 оны 05 сарын 10-ны өдөр гаргасан нэхэмжлэлийн шаардлагын үнийн дүнгээс хэтэрсэн байна.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд шийдвэрлэх тул нэхэмжлэгчээс шаардсан хэмжээгээр шаардлагын хангах нь зүйтэй байна.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д тухайн нэхэмжлэлийг тэмдэгтийн хураамжаас чөлөөлөхөөр заасан тул нэхэмжлэгчийн тэмдэгтийн хураамжид төлсөн 240200 төгрөгийн буцаан олгож, хариуцагчаас 167 426 тэмдэгтийн хураамж гаргуулж улсын төсөвт олгоно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар Б.Бийг “Улаанбаатар зам, засвар арчлалтын газар” ОНӨААТҮГ-ын даргын ажилд эгүүлэн тогтоож, НЗдБУхзаас 9 529 753 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.Бөд олгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар улсын төсвөөс 240 200 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Б.Бөд олгож, хариуцагч НЗдБУхзаас улсын тэмдэгтийн хураамж 167 426 төгрөг гаргуулан улсын төсөвт олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ЦОЛМОН