| Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Сүхбаатарын Ганчимэг |
| Хэргийн индекс | 138/2021/00254/И |
| Дугаар | 138/ШШ2021/00447 |
| Огноо | 2021-06-14 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2021 оны 06 сарын 14 өдөр
Дугаар 138/ШШ2021/00447
Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч С.Ганчимэг даргалж тус шүүхийн хуралдааны Б танхимд онлайнаар нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Дорнод аймгийн ******* сумын 10 дугаар баг ******* тоотод оршин суух, ******* регистрийн дугаартай, ******* ******* овогт ******* ******* нэхэмжлэлтэй
Хариуцагч: Дорнод аймгийн ******* сумын 9 дүгээр баг ******* тоотод оршин суух, ЖЭ86030732 регистрийн дугаартай, овогт ,
Хариуцагч: Дорнод аймгийн ******* сумын 11 дүгээр баг -р байранд байрлах ы эрхлэгч ажилтай, регистрийн дугаартай, овогт нарт холбогдох
20 000 000 /хорин сая/ төгрөг гаргуулахыг хүссэн иргэний хэргийг 2021 оны 3 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч , түүний өмгөөлөгч Б.Хүрэлсүх, хариуцагч Т., хариуцагч Ж.ийн өмгөөлөгч Ө.Батболд, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Дөлгөөнмөрөн нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгчийн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие нэхэмжлэгч О.******* нөхөр бөгөөд түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож байна. ******* сумын 9 дүгээр баг 75-р байрны В1 давхарын 100 м.кв байрыг худалдаж авах саналыг анх манай эхнэрт иргэн Ж., Т. нар тавьсан байсан. Эхнэр О.Энхмэнд нь уг саналыг зөвшөөрч Ж., Т. нартай харилцан тохиролцож үйлдвэр, үйлчилгээний зориулалттай В1 давхарын байрыг 35 000 000 төгрөгөөр худалдаж авахаар болж үүнээс 20 000 000 төгрөгийг бэлнээр өгөөд, үлдэгдэл 15 000 000 төгрөгөө Ж., Т. нарын банкны зээлийн үлдэгдлийг үргэлжлүүлэн төлөхөөр тохиролцсон. Тэгээд эхнэр О.Энхмэнд нь Ж., Т. нартай аман хэлцэл хийж Ж.ийн нөхөр болох Т.д 20 000 000 төгрөгийг бэлнээр өгсөн. Гэтэл энэ байр Т.гийн нэр дээр биш, Ж.ийн нэр дээр байсан. Мөн Ж., Т. нарын банкны зээлийн үлдэгдэл нь анх тохиролцсон үнэ болох 15 000 000 төгрөгөөс илүү байсан учир уг байрыг худалдаж авахаа больсон. Ингээд энэ байрыг буцаах саналтай байгаагаа Ж., Т. нарт хэлж, урьдчилгаанд төлсөн 20 000 000 төгрөгөө буцааж авахыг удаа дараа шаардсан боловч ямар нэгэн шалтаг шалтгаан хэлсээр өдийг хүрсэн. Эхнэр О.******* хувьд хариуцагч Т.тай энэ асуудлаар хэл амаа ойлголцож чадахгүй, харилцахад хүндрэлтэй байна гэсэн учраас миний бие түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож байна. Ж.ийн хувьд хариу тайлбартаа энэ асуудалд өөрийгөө ямар ч хамааралгүй гэж хэлдэг боловч үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ нь Ж.ийн нэр дээр байсан, Ж. нь анх санал тавьж нөхөртэйгөө манай эхнэр Энхмэндийг уулзуулсан. Нөхөр нь 20 000 000 төгрөг авсныг мэдсэн. Тэгэхээр хамтран хариуцлага хүлээх ёстой гэж бодож байна. Иймд урьдчилгаанд өгсөн 20 000 000 төгрөгийг Ж., Т. нараас хоёцлангаас нь гаргуулах саналтай байна гэв.
Хариуцагч Т. шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Миний бие нь ******* сумын 9 дүгээр баг 75 дугаар байрны В1 давхарын 100 м.кв байрыг худалдах зорилгоор О.Энхмэндээс 20 000 000 төгрөг авсан нь үнэн. Миний хувьд 20 000 000 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрч байгаа. Энэ тухайгаа цагдаагийн байгууллагад шалгагдаж байх үедээ ч, шүүхийн шатанд нь ч илэрхийлсэн. Би анх О.Энхмэндэд санал тавихдаа ...байрыг 35 000 000 төгрөгөөр зарна, банканд 15 000 000 төгрөгийн зээлийн үлдэгдлийн барьцаанд байгаа, хэрвээ 35 000 000 төгрөгийг төлнө гэвэл банкны зээлийн үлдэгдлээ хаагаад байрны ордероо суллаад өгье гэж хэлсэн. Тэгэхэд О.Энхмэнд нь надад 20 000 000 төгрөгөөс илүү зээл гарахгүй, 20 000 000 төгрөгийг бэлнээр төлөөд, банкны үлдэгдэл зээл 15 000 000 төгрөгийг би үргэлжлүүлээд төлье гэж хэлсэн. Тухайн үед банкны зээлийн үлдэгдэл 15 000 000 төгрөг л байсан, одоо ч гэсэн 15 000 000 төгрөгийн үлдэгдэлтэй хэвээрээ байгаа. Гэтэл нэхэмжлэгч тал банкны зээлийн үлдэгдэл анх тохиролцсон 15 000 000 төгрөгөөс өндөр байсан гэж худлаа яриад байна. Энэ байрыг буцаах болсон шалтгаан нь манай талаас огт болоогүй. Бүхэл бүтэн 1 жил 2 сарын хугацаа өнгөрсний дараа байр буцаах асуудал ярьж байгаад гомдолтой байна. Хэрвээ энэ хугацаанд бид байраа түрээслэж, өөр хүнд ашиглуулж байсан бол О.Энхмэндэд өгөх 20 000 000 төгрөгийг төлөх боломж байсан. Миний хувьд 20 000 000 төгрөгийг авч зарцуулсан нь үнэн учраас уг мөнгийг төлөхөд татгалзах зүйл байхгүй. Ж. бид хоёр гэр бүлийн маргаанаас болоод тусдаа амьдарч байгаа. Ж.ийн хувьд гоо сайханч мэргэжилтэй болохоор анх гоо сайханы нээмээр байна гэхэд нь би 2017 онд энэ байрыг 38 000 000 төгрөгөөр Ж.ийн нэр дээр авч өгч байсан. Тэгээд сүүлд Ж.тэй маргалдсан чинь уурандаа Энхчимэг гэх найздаа энэ байрыг 21 000 000 төгрөгөөр зарсан байсан. Би уг нь энэ байрыг шүүхэд маргаантай байгаа, худалдаж авч болохгүй байр гэж Энхчимэгт хэлсэн боловч миний үгийг тоогоогүй худалдан авсан байсан... гэв.
Хариуцагч Ж. шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэгч нарын гаргасан нэхэмжлэлийн шаардлага болох 20 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг огт хүлээн зөвшөөрөхгүй байна. Би ******* сумын 9 дүгээр баг 75 дугаар байрны В1 давхрын 100 м.кв өөрийн өмчлөлийн байрыг , О.Энхмэнд нарт огт худалдаагүй. Би эдгээр хүмүүсээс нэг төгрөг ч аваагүй. Надтай хамтран амьдарч байсан д 20 000 000 төгрөг өгснийг нь би цагдаагийн газарт шалгагдаж байхдаа мэдсэн. Би энэ 2 хүнтэй ямар нэгэн гэрээ хэлцэл байгуулаагүй учир энэ хэргийн хариуцагч байх үндэслэлгүй. , Энхмэнд нар ямар тохиролцоо хийсэн, хэзээ хэн нь хэндээ хэдэн төгрөг төлсөн зэргийг би огт мэдэхгүй. Энэ асуудлыг , О.Энхмэнд нар нь гэрээ хэлцэл хийсэн, мөнгө төгрөг авсан гэх Т.гаас нэхэмжилсэн нь зөв гэж бодож байна. Иймд намайг энэ хэргийн хариуцагч биш тул хариуцлагаас чөлөөлөх, эсвэл надтай холбоотой гэх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Шүүх нэхэмжлэгч, хариуцагч талуудын тайлбар, хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч О.Энхмэнд нь хариуцагч Т., Ж. нарт холбогдуулан 20 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргаж, шүүх хуралдаан дээр нэхэмжлэлээ дэмжсэн болно.
Хариуцагч Т.гийн хувьд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрдөг боловч хариуцагч Ж.ийн хувьд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй, энэ хэргийн хариуцагч биш гэж маргадаг.
Нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ...Ж., Т. нартай харилцан тохиролцож үйлдвэр, үйлчилгээний зориулалттай В1 давхарын байрыг 35 000 000 төгрөгөөр худалдаж авахаар болж үүнээс 20 000 000 төгрөгийг бэлнээр өгөөд, үлдэгдэл 15 000 000 төгрөгийг Ж., Т. нарын банкны зээлийн үлдэгдлийг үргэлжлүүлэн төлж дуусгахаар тохиролцсон, Ж., Т. нартай аман хэлцэл хийж Ж.ийн нөхөр болох Т.д 20 000 000 төгрөгийг бэлнээр өгсөн, тэдний банкны зээлийн үлдэгдэл нь анх тохиролцсон үнийн дүнгээс өндөр байсан учраас уг байрыг худалдаж авахаас татгалзан 20 000 000 төгрөгөө буцаан нэхэмжилсэн боловч одоог хүртэл өгөөгүй, Ж., Т. нараас 20 000 000 төгрөгөө нэхэмжилнэ... гэж тайлбарладаг.
Харин хариуцагч Т. нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрдөг боловч хариуцагч Ж. нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй татгалзаж буй үндэслэлээ ...Би ******* сумын 9 дүгээр баг 75 дугаар байрны В1 давхрын 100 м.кв бүхий өөрийн өмчлөлийн байрыг , О.Энхмэнд нарт огт худалдаагүй, ямар нэгэн гэрээ хэлцэл байгуулаагүй, эдгээр хүмүүсээс нэг төгрөг ч аваагүй учир энэ хэргийн хариуцагч биш... гэж маргадаг.
Талуудын тайлбар, хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд нэхэмжлэгч О.Энхмэнд нь хариуцагч Ж., Т. нартай харилцан ярилцаж ******* сумын 9 дүгээр баг 75 дугаар байрны В1 давхарын 100 м.кв бүхий үйлдвэр, үйлчилгээний зориулалттай байрыг 35 000 000 төгрөгөөр худалдан авахаар, 20 000 000 төгрөгийг бэлнээр төлж, үлдэгдэл 15 000 000 төгрөгийг Ж., Т. нарын банкны зээлийн үлдэгдлийг үргэлжлүүлэн төлж дуусгахаар тохиролцсон, О.Энхмэнд нь 2019 оны 1 дүгээр сарын 29-ний өдөр Т.д 20 000 000 төгрөгийг бэлнээр төлж тус байрны түлхүүрийг хүлээн авсан гэх үйл баримтууд тогтоогдож байна.
Хариуцагч Ж. нь нэхэмжлэгч О.Энхмэндтэй ямар нэгэн гэрээ хэлцэл хийгээгүй, мөнгийг хүлээн аваагүй учир уг хэргийн хариуцагч биш гэж маргаж байгаа боловч талуудын худалдах, худалдан авахаар тохиролцсон байр нь Ж.ийн өмчлөлд байсан, тухайн үед уг байр нь Ж., Т. нарын нэр дээрх банкны зээлийн барьцаанд байсан талаар талууд маргаагүй болно.
Түүнчлэн Ж. нь түүний нөхөр Т. 2019 оны 1 дүгээр сарын 29-ний өдөр нэхэмжлэгч О.Энхмэндээс 20 000 000 төгрөг бэлнээр авч уг байрны түлхүүрийг өгсөн гэх нөхцөл байдлын талаар ямар нэгэн маргаан гаргаж байгаагүй бөгөөд дээрх байрыг О.Энхмэндэд худалдахаар тохиролцсоноос хойш бусдад худалдсан болох нь Дорнод аймгийн Улсын бүртгэлээс ирүүлсэн лавлагаа, талуудын тайлбараар нотлогдож байна.
Нэхэмжлэгч О.Энхмэнд, хариуцагч Т. нарын тайлбар, цагдаагийн газарт өгсөн Ж.ийн мэдүүлэг /нэхэмжлэгч тал шүүхэд нотлох баримтаар ирүүлсэн/ зэргээс үзэхэд Ж.ийг талуудын хооронд байгуулсан гэрээний саналын талаар мэдээгүй байсан гэх үндэслэл тогтоогдохгүй байх тул түүнийг уг хэргийн хариуцагчаас чөлөөлөх боломжгүй юм.
Талууд гэрээг бичгээр байгуулаагүй байх бөгөөд байрны төлбөрийн зарим хэсгийг хэрхэн яаж төлөх, өмчлөлөө хэрхэн шилжүүлэх зэрэг гэрээний гол нөхцлийн талаар нарийвчлан тохиролцоогүйгээс маргаан үүсэж нэхэмжлэгч О.Энхмэнд үл хөдлөх хөрөнгийг худалдан авахаас татгалзсан байна.
Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ.
Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд талууд гэрээ байгуулах саналаа гаргаж харилцан тохиролцсон байх боловч үл хөдлөх хөрөнгө худалдах-худалдан авах гэрээг хуульд заасан журмын дагуу байгуулаагүй байх тул хүчин төгөлдөр гэрээ байгуулагдсан гэж үзэх үндэслэлгүй байна. Иймд хариуцагч нараас үндэслэлгүйгээр олж авсан хөрөнгө болох 20 000 000 төгрөгийг гаргуулах нь зүйтэй юм. Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.11-д зааснаар хариуцагч Т., Ж. нараас 20 000 000 төгрөгийг хувь тэнцүүлэн гаргуулж нэхэмжлэгч О.Энхмэндэд олгох нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 257 950 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээн, хариуцагч Т.гаас улсын тэмдэгтийн хураамжид 128 975 төгрөг, хариуцагч Ж.ээс улсын тэмдэгтийн хураамжид 128 975 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч О.Энхмэндэд олгохоор шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар хариуцагч Т.гаас 10 000 000 /арван сая/ төгрөг, хариуцагч Ж.ээс 10 000 000 /арван сая/ төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч О.Энхмэндэд олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 257 950 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээн, хариуцагч Т.гаас улсын тэмдэгтийн хураамжид 128 975 төгрөг, хариуцагч Ж.ээс улсын тэмдэгтийн хураамжид 128 975 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч О.Энхмэндэд олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.2 дахь хэсэгт зааснаар шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах арга хэмжээ нь энэ хуулийн 120.2-т заасан хугацаа өнгөртөл буюу давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргасан бол түүнийг шийдвэрлэх хүртэл хугацаанд хэвээр үйлчлэхийг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4 дэхь хэсэгт зааснаар энэхүү шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд талууд шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 14 хоногийн хугацаа өнгөрмөгц 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардаж авахыг мэдэгдсүгэй.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар нь 14 хоногийн хугацаанд шүүхэд ирж шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.ГАНЧИМЭГ