Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Пунцагийн Золзаяа |
Хэргийн индекс | 181/2023/00188/И |
Дугаар | 001/ХТ2023/00206 |
Огноо | 2023-10-26 |
Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эд хөрөнгийн хохирол, |
Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол
2023 оны 10 сарын 26 өдөр
Дугаар 001/ХТ2023/00206
“Б” ААТҮГ-ын нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Г.Алтанчимэг даргалж, шүүгч Н.Баярмаа, П.Золзаяа, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн
2023 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 181/ШШ2023/01771 дүгээр шийдвэр,
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн
2023 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн 210/МА2023/01523 дугаар магадлалтай,
“Б” ААТҮГ-ын нэхэмжлэлтэй
Д.М-д холбогдох
Гэм хорын хохиролд 10,994,873 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг
Хариуцагч Д.М-н гаргасан хяналтын гомдлоор
шүүгч П.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Д, хариуцагч Д.М, түүний өмгөөлөгч Д.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Намсрай нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.“Б” ААТҮГ нь Д.М-д холбогдуулан гэм хорын хохиролд 10,994,873 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг гаргажээ. Хариуцагч нэхэмжлэлийг эс зөвшөөрч маргажээ.
2.Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 181/ШШ2023/01771 дүгээр шийдвэрээр Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1, 514 дүгээр зүйлийн 514.1-д заасныг баримтлан Д.М-с 4.397.949 /дөрвөн сая гурван зуун ерэн долоон мянга есөн зуун дөчин есөн/ төгрөг гаргуулж “Б” ААТҮГ-т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 6.596.924 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.3, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжаас хуулиар чөлөөлөгдөх тул төлөөгүйг дурдаж, хариуцагчаас тэмдэгтийн хураамжид 85.317 төгрөг гаргуулж, улсын орлогод оруулж шийдвэрлэжээ.
3.Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн 210/МА2023/01523 дугаар магадлалаар Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 181/ШШ2023/01771 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн
1 дэх заалтын “497.1” гэсний дараа “498 дугаар зүйлийн 498.5” гэж нэмж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагч Д.М-н төлсөн 85,318 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.
4.Хариуцагч Д.М хяналтын гомдолдоо: ...Д.М намайг С дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ болгоомжгүй үйлдлээр дээрх гэмт хэргийг үйлдсэн гэж дүгнэсэн. Харин иргэний хариуцагч “Б” ОНӨААТҮГ-ыг Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1, мөн хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1 дэх хэсэгт заасныг үндэслэж өөрийн ажилтны албан үүргээ гүйцэтгэж явахдаа бусдад учруулсан гэм хорын хохирлыг хариуцан хохирогчид төлөх нь зүйтэй гэж тус тус дүгнэсэн. Гэтэл давж заалдах шатны шүүх эрүүгийн болон иргэний хэргийн анхан шатны шүүхээр хэлэлцэгдэж, мэтгэлцээгүй, хавтаст хэрэгт авагдаагүй зүйлд хийсвэрээр дүгнэлт хийж намайг өөрийн шууд санаатай буюу илтэд болгоомжгүй үйлдлээр гэм хор учруулсан гэж дүгнэн анхан шатны шүүхийн шийдвэрт Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.5 дахь хэсэгт заасан зохицуулалтыг нэмж шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулсан нь шүүх хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн гэж үзэж байна.
2.Анхан шатны шүүх нэхэмжлэгч “Б” ОНӨААТҮГ-ын гаргаж өгсөн, нэхэмжлэлийн шаардлагын гол үндэслэл болсон НШШГГт 8,994,873 төгрөг болон 2,000,000 төгрөг төлсөн гэх баримтууд нь хуульд заасан бичгийн нотлох баримтад тавигдах шаардлага хангаагүй байхад нотлох баримтаар үнэлсэн. Үүнийг эс зөвшөөрч гаргасан гомдлыг давж заалдах шатны шүүх хянаж үзээд нотлох баримтад тавигдах шаардлага хангаагүй боловч эдгээр баримтад тусгагдсан мэдээллийн агуулга дээрх шийтгэх тогтоолоор давхар нотлогджээ гэж дүгнэсэн нь шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзэж байна.
3.Энэ зам тээврийн осолтой холбоотой хэрэг, гэм хорын хохирлын асуудлыг шийдвэрлэсэн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэртэй. Иргэний хариуцагч “Б” ОНӨААТҮГ шүүхийн шийдвэрт гомдол гаргаагүй байх тул анхан шатны болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
5.Нэхэмжлэгч нь хариуцагч Д.М-н гаргасан гомдлыг хангахгүй орхих байр суурийг илэрхийлжээ.
6.Давж заалдах шатны шүүхийн магадлалыг эс зөвшөөрч хяналтын журмаар гаргасан хариуцагч Д.М-н гомдлыг Улсын дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын нийт шүүгчийн 2023.10.13-ны өдрийн 001/ШХТ2023/01209 дүгээр тогтоолоор Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1-т заасан үндэслэлээр хүлээн авч, хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн байна.
ХЯНАВАЛ:
7.Хариуцагчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангаж, шийдвэр, магадлалыг хүчингүй болгон, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох хуулийн үндэслэлтэй гэж үзэв.
8.Нэхэмжлэгч “Б” ААТҮГ нь хариуцагч Д.М-с гэм хорын хохирол 10,994,873 төгрөгийг гаргуулах нэхэмжлэл гаргасан ба Д.М нь тухайн байгууллагад ажиллаж байхдаа зам тээврийн осол гаргаж, бусдад учруулсан хохирлыг шүүхийн шийтгэх тогтоолын дагуу иргэний хариуцагчийн хувьд, түүний өмнөөс барагдуулсан тул хохирлыг гаргуулна гэж нэхэмжлэлийн үндэслэлээ тодорхойлжээ. Хариуцагч Д.М нэхэмжлэлийг татгалзаж, нэхэмжлэгч нь харуулаар ажиллаж байхад бүрэн бус тээврийн хэрэгслээр ажил үүрэг гүйцэтгүүлсэн нь осол гарахад нөлөөлсөн тул хохирлыг хариуцахгүй гэж маргажээ.
9.Анхан шатны шүүх Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1, 514 дүгээр зүйлийн 514.1 дэх хэсгийг баримтлан хариуцагч Д.М-с 4,397,949 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “Б” ААТҮГ-т олгож, үлдэх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгохдоо нэхэмжлэгч нь хариуцагчид бүрэн бус тээврийн хэрэгсэл шилжүүлж, хөдөлмөрийн гэрээнд зааснаас өөр үүрэг гүйцэтгүүлэн гэм хор учруулсанд зохих буруутай гэх дүгнэлтийг хийж, гэм хорыг багасгаж шийдвэрлэсэн.
Давж заалдах шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагад Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.5 дахь хэсгийг хэрэглэх үндэслэлтэй гэж үзэж, шийдвэрт хуулийн уг заалтыг нэмж, өөрчлөлт оруулжээ.
10.Улсын Дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаанаар хариуцагчийн гомдлыг хэлэлцээд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1-т заасан бүрэн эрхийн хүрээнд хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн байна.
11.С дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ... өдрийн ... дугаар шийтгэх тогтоолоор Д.М нь ...-ны өдөр С дүүргийн ... хорооны нутаг дэвсгэрт C маркийн ... улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Замын хөдөлгөөний дүрмийн 11.5-д заасан “...эсрэг урсгал сөрөхийг хориглоно”, 12.3-т “заасан жолооч хөдөлгөөнд аюул саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасч, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авах” дүрмийг зөрчсөний улмаас эсрэг урсгалд орж М.Б-н жолоодож явсан Т маркийн ... улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж, М.Б-н эрүүл мэндэд хүндэвтэр гэмтэл болон эд хөрөнгийн хохирол учруулсан гэм буруутайд тооцож, ял оногдуулсан ба Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1-д зааснаар шүүх ажил олгогч “Б” ААТҮГ-аас гэм хорын хохиролд 10,994,873 төгрөгийг гаргуулж хохирогч М.Бт олгохоор шийдвэрлэсэн, энэ шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон.
Дээрх шийтгэх тогтоолд “Б” ОНӨААТҮГ нь Д.М-г харуулаар томилсон, тээврийн хэрэгслийг хариуцсан жолооч ээлжийн амралт авсан гэсэн шалтгаанаар уг тээврийн хэрэгслийг Д.М-р жолоодуулан ажил гүйцэтгүүлсэн, ШШҮХ-н 2020.07.08-ны өдрийн ... дугаар шинжээчийн дүгнэлтээр “... улсын дугаартай тээврийн хэрэгслийн зүүн урд дугуйн тоормос ажиллаагүй, ...энэ гэмтэл тоормосны замыг уртасгаж, огцом тоормослох үед баруун дугуйн тоормос ажиллах үед урд тэнхлэгт харилцан адилгүй тоормослолт явагдаж жолоо баруун тийш булаах зэргээр зам тээврийн осолд нөлөөлж болох үндэслэлтэй...” гэж тогтоосон үйл баримтыг хоёр шатны шүүх үндэслэлтэй тогтоожээ.
12.Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагад Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 510 дугаар зүйлийн 510.1, 514 дүгээр зүйлийн 514.1 дэх хэсгийг хэрэглэх хэм хэмжээ гэж үзсэн бол давж заалдах шатны шүүх Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.5-д заасан “Энэ хуулийн 498.1, 498.2, 498.4-т заасан этгээд өөрийн шууд санаатай буюу илтэд болгоомжгүй үйлдлээр гэм хор учруулсан бол гэм хорыг арилгасан байгууллага өөрт учирсан хохирлыг тухайн гэм буруутай этгээдээс шаардаж гаргуулах эрхтэй” гэсэн зохицуулалтыг нэмж хэрэглэх үндэслэлтэй гэж үзжээ.
12.1.Иргэний хуулийн 499 дүгээр зүйлд зааснаар тээврийн хэрэгслийн өмчлөгч нь орчин тойрондоо аюултай эд зүйлийн өмчлөгчийн хувьд гэм буруутай эсэхээс үл хамаарч бусдад учруулсан хохирлыг хариуцах бөгөөд энэ үүргийн дагуу хариуцагч Д.М-н бусдад учруулсан гэм хорыг Б ААТҮГ төлсөн байна.
Иргэний хуулийн 443 дугаар зүйлийн 443.7, 498 дугаар зүйлийн 498.5, 513 дугаар зүйлийн 513.3-д бусдын өмнөөс гэм хорыг хариуцсан тохиолдолд гэм буруутай этгээдээс буцаан шаардах эрхийг хуульд шууд заасан байдаг бол зарим хэм хэмжээнд ийм шаардах эрхийг /регресс/ тусгаагүй байдаг.
Тээврийн хэрэгслийн өмчлөгч гэм хорыг хариуцсан тохиолдолд гэм буруутай этгээдээс нөхөн төлсөн хохирлоо шаардах эрхтэй эсэхийг Иргэний хуулийн 499 дүгээр зүйлд тухайлан заагаагүй ч Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д зааснаар шаардах эрхтэй. Учир нь хуулийн 497, 499 дүгээр зүйлд заасан зарчим, хуулийн агуулгаас үзвэл тээврийн хэрэгслийн өмчлөгч, тээврийн хэрэгслийг жолоодож явсан этгээд аль аль нь хариуцлага хүлээдэг, хамтран үүрэг гүйцэтгэгчийн шинжийг агуулдаг утгаар хамтран хариуцагч ч байж болдог бөгөөд Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.12-т зааснаар хамтран хүлээх үүргийг гүйцэтгэсэн үүрэг гүйцэтгэгч нь хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй бол бусад үүрэг гүйцэтгэгчээс үүргийн гүйцэтгэлийг шаардах эрх нь байдаг тул тухайлсан зохицуулалтад регресс шаардлагыг тусгадаггүй байна.
12.2.Анхан шатны шүүх Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсгийг сонгож хэрэглэсэн нь буруу биш боловч 497.2-т заасан урьдчилсан нөхцөлийн нэг болох ажилтны гэм буруу тогтоогдсон эсэхийг анхаараагүй нь хуулийг тайлбарлаж чадаагүй гэж үзнэ.
Давж заалдах шатны шүүх Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.5-д заасан хэм хэмжээг хэрэглэхдээ эрүүгийн хэргийн шийтгэх тогтоолоор тогтоосон гэм бурууг үндэслэл болгосон нь буруу болохоос гадна нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1-д заасан хариуцлагыг хүлээсэн учраас ажилтнаас нөхөн төлсөн хохирлыг буцаан шаардсан агуулга бүхий нэхэмжлэлийн үндэслэлд дүгнэлт өгөөгүй нь алдаатай болжээ. Нэхэмжлэгчийн хувьд шаардах эрхийн хэд хэдэн үндэслэл байж болох хэдий ч түүний сонгосон үндэслэл, энэ хүрээнд зохигч мэтгэлцсэн байдлыг давж заалдах шатны шүүх анхаараагүй байна.
13.Эрүүгийн хэрэгт тогтоосон гэм бурууг Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.5-д заасан “шууд санаатай буюу илтэд болгоомжгүй үйлдлээр гэм хор учруулсан ажилтны гэм буруу”-тай адилтгаж үзэх үндэслэлгүй бөгөөд ажилтны гэм буруу нь түүний ажиллаж байсан байгууллага, ажилтан хоёрын хооронд үүссэн эрх, үүрэг, харилцааны хүрээнд тогтоогдож, шууд санаатай эсхүл илтэд болгоомжгүй гэх субьектив шинжээр тодорхойлогдоно. Өөрөөр хэлбэл, хариуцагч Д.М нь эрүүгийн гэмт хэрэгт гэм буруутай боловч ажил олгогчийн өмнө гэм буруугүй байж болно.
Иргэний хуульд зааснаар ажиллагсад хөдөлмөрийн гэрээ буюу албан тушаалын дагуу хүлээсэн үүргээ гүйцэтгэх явцад гэм буруутай үйлдлээрээ бусдад учруулсан гэм хорыг түүнийг ажиллуулж байгаа ажил олгогч хүлээнэ. Харин ажилтан өөрийн шууд санаатай буюу илтэд болгоомжгүй үйлдлээр гэм хор учруулсан бол гэм хорыг арилгасан байгууллага өөрт учирсан хохирлыг тухайн гэм буруутай этгээдээс шаардаж гаргуулах эрхтэй байна.
Хэрэгт байгаа баримтаас үзэхэд “Б” ОНӨААТҮГ-ын захирлын 2020.03.21-ний өдрийн Б/... тоот тушаалаар Д.М-г тус байгууллагад харуулаар томилсон ба үүний дараа жолоочоор ажилд авч хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй бөгөөд шийтгэх тогтоолд “эрх бүхий албан тушаалтан нь тухайн үед харуулын албан тушаалд томилогдон ажиллаж байсан Д.М-г тээврийн хэрэгслийн хариуцсан жолооч ээлжийн амралт авсан гэсэн шалтгаанаар уг тээврийн хэрэгслийг жолоодуулан ажил гүйцэтгүүлсэн, ажилд гарахыг даалгасан гэж, шинжээчийн дүгнэлтээр “...тээврийн хэрэгслийн зүүн урд дугуйн тоормос ажиллахгүй..., энэ гэмтэл нь тоормосны замыг уртасгаж, огцом тоормослох үед баруун дугуйн тоормос ажиллах үед урд тэнхлэгт харилцан адилгүй тоормослолт явагдаж жолоо баруун тийш булаах зэрэг зам тээврийн осолд нөлөөлж болох үндэслэлтэй” гэж тогтоосон баримтаас үзвэл хариуцагч Д.М-г гэм хор учруулсанд гэм буруутай гэж үзэх боломжгүй байна. Зам тээврийн осол гарахад тээврийн хэрэгслийн тоормозны эвдрэл шууд нөлөөлсөн, жолоо алдагдсан нь Замын хөдөлгөөний дүрэм зөрчихөд хүргэсэн, үүнд ажилтан бус бүрэн бус тээврийн хэрэгслийг шилжүүлсэн ажил олгогч буруутай болох нь тогтоогджээ.
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.2-т “гэм хор учруулсан этгээд ийнхүү гэм хор учруулсан нь түүний буруугаас болоогүй гэдгийг нотолбол хуульд зааснаас бусад тохиолдолд гэм хор учруулсны хариуцлагаас чөлөөлөгдөнө” гэж заасан.
Иймд хариуцагч Д.М-н гэм буруу тогтоогдоогүй учир Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.2-т зааснаар түүнийг хариуцлагаас бүрэн чөлөөлөх бөгөөд энэ үндэслэлээр шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн 210/МА2023/01523 дугаар магадлал, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 181/ШШ2023/01771 дугаар шийдвэрийг тус тус хүчингүй болгож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 497.2, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсгийг баримтлан хариуцагч Д.М-с гэм хорын хохирол 10,994,873 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэгч “Б” ОНӨААТҮГ-ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хариуцагчийн гомдлыг хангасугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар хариуцагч Д.М-с хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2023 оны 08 дугаар сарын 30-ны өдөр төлсөн 86,000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
ТАНХИМЫН ТЭРГҮҮН Г.АЛТАНЧИМЭГ
ШҮҮГЧИД Н.БАЯРМАА
П.ЗОЛЗАЯА
Д.ЦОЛМОН
Х.ЭРДЭНЭСУВД