Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 09 сарын 10 өдөр

Дугаар 93

 

Х.Б-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Хэргийн индекс: 135/2017/01077/и

          Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч О.Н- даргалж , шүүгч С.Э-, С.Оюунцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

           Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 645 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч Х.Б-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч Б.Э-д холбогдох

“9.465.000 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагч Б.Э-ын давж заалдсан гомдлыг үндэслэн

           2018 оны 07 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Оюунцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

           Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ч.Булган, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Өлзиймаа, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Мандуул нар оролцов.

           Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.Х- нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа:

“...Миний хүү Х.Б- нь Б.Э-тай 2014 оны 07 дугаар сард танилцаад 2015 оны 11 дүгээр сараас 2016 оны 11 дүгээр сарын 01-ий өдөр хүртэлх хугацаанд 8 удаагийн үйлдлээр 3.750.000 вон, 3.090.000 төгрөгийг нийт 9.465.000 төгрөгийг хуурч мэхлэн авсан учир эдгээр мөнгийг иргэн Б.Э-аас гаргуулж өгөхийг хүсье.

2015 оны 11 сард Хаан банкны 5088030185 тоот дансанд 1.500.000 вон шилжүүлсэн, 2016 оны 08 сард Хаан банкны 5088030185 тоот дансанд 600.000 вон шилжүүлсэн, 2016 оны 09 сард Хаан банкны 5088030185 тоот дансанд 150.000 вон, 2016 оны 10 сарын 31-ний өдөр Хаан банкны 5088030185 тоот дансанд 1.000.000 вон, 2016 оны 11 сард Хаан банкны 5088030185 тоот дансанд 250.000 вон, 2016 оны 11 сарын 1-ний өдөр Худалдаа хөгжлийн банкны 403150717 тоот дансанд  250.000 вон, 2016 оны 11 сарын 5-ны өдөр С-ын автомашиныг барьцаалан зээлдүүлэх газар тавьж 2.800.000 төгрөгийг авсан, 2014 оны цагаан сарын өмнө иргэн Б.Э- нь Х.Б-ээс эгчийн хүүхдийн үсний найранд хэрэглэнэ. Дарханд очоод өгнө гэж 1 авдар вино, 1 авдар архи нийт 290.000 төгрөгийн зүйл аваад өгөөгүй байгаа. Хариуцагч Л.Э-аас дансаар шилжүүлсэн мөнгө 6.210.800 төгрөг, С-ын авто машиныг барьцаалан зээлдүүлэх газарт барьцаанд тавьж авсан мөнгө 2.000.000 төгрөг, 1 авдар вино, архины үнэ 290.000 төгрөг, нийт 8.500.800 төгрөг гаргуулахаар шаардсан гэж тодруулсан ба нэхэмжлэлийн шаардлагаа 964.200 төгрөгөөр багасгаж байна  гэжээ.

Хариуцагч Б.Э- нь шүүхэд гаргасан тайлбартаа болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

            ...Миний бие Б.Э- нь Я.Х- гэж хүний хүү Х.Б-тэй үерхдэг байж  байгаад ар гэрийнх нь хэл амнаас болоод салсан. 2016 оны 07 дугаар сарын эхээр Х.Б- Солонгосоос ирж байсан. Би Я.Х- эгчийг ямар данс эзэмшдэг болохыг мэдэхгүй. Х.Б- бид хоёр үерхэж байхдаа хэн аль нь эцэг, эх, ах дүүсээсээ мөнгө авч байсан тохиолдол байгаа. Гэхдээ яг Я.Х- эгчээс мөнгө гуйж авч байгаагүй. Х.Б-ийг хуурч мөнгө авч байгаагүй. Х.Б-ийн ээж, ах, дүүгээсээ мөнгө их авдаг байсан. Тухайн үед мөнгөтэй болсон үедээ хоёулаа хамт хэрэглэж байсан. Тэднээсээ нууж хааж байгаа зүйл их байгаа бололтой. Тэр болгон нь надтай хамаатай биш. Би С- гэдэг хүний машиныг барьцаалан зээлдүүлэх газар тавьж 2.800.000  төгрөг авсан асуудал огт байхгүй. Х.Б- бид хоёрын хооронд 1 авдар вино, 1 авдар архины тооцоо байхгүй. Иймд 9.465.000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 645 дугаар шийдвэрээр:

Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-т заасныг баримтлан хариуцагч Б.Э-аас 6.210.700 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Х.Б-д олгож, нэхэмжлэлийн үлдэх 2.290.100 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5- т зааснаар нэхэмжлэгч тал 964.200 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан болохыг дурдаж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 166.390 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 27.691 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

Хариуцагч Б.Э- давж заалдсан гомдолдоо:

            Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна. Нэхэмжлэгч Х.Б- нь надад холбогдуулж 9.465.000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргаснаас 6.210.700 төгрөгийг иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-т заасныг баримтлан нэхэмжлэгч Х.Б-д олгуулах шийдвэрийг үндэслэлгүй гэж үзэж байна. Учир нь Х.Б- бид хоёр үерхэж нөхөрлөдөг байсан. Х.Б- Солонгос улсад хэсэг хугацаанд ажиллахаар яваад одоо хүртэл Монголд ирээгүй байгаа. Би Х.Б-ээс үндэслэлгүйгээр хөрөнгөжих зорилгоор мөнгө  аваагүй. Х.Б-ийн бус өөр хүмүүсийн дансаар надад орж ирсэн банкны гүйлгээ орлогыг надаас Х.Б-д гаргуулахаар төлбөр гаргуулж байгаа нь хуульд нийцэхгүй би хэн нэгэнд өөрийн дансны мөнгийг буцааж өгөх үүргийг хэний ч өмнө хүлээгээгүй. Ямар учраас бусдаар мөнгө гуйвуулсан гэж надаас мөнгө шаардаж гаргуулж байгаа нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг ойлгохгүй байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгч Х.Б-, хариуцагч Б.Э-д холбогдуулан түүний Хаан банкны дансанд 2015 оны 1.500.000 вон шилжүүлсэн, 2016 оны 08 сард 600.000 вон шилжүүлсэн, 2016 оны 09 сард 150.000 вон, 2016 оны 10 сарын 31-ний өдөр 1.000.000 вон, 2016 оны 11 сард 250.000 вон, 2016 оны 11 сарын 1-ний өдөр Худалдаа хөгжлийн банкны 403150717 тоот дансанд  250.000 вон, нийт 9.465.000 төгрөг авсан гэж нэхэмжилжээ.

Хэргийн үйл баримтаас үзэхэд зохигчид нь гэр бүлийн харилцаатай байсан, мөн хариуцагч Б.Э- нь....Х.Б-ийг хуурч мөнгө авч байгаагүй. Х.Б-ийн ээж, ах, дүүгээсээ мөнгө их авдаг байсан. Тухайн үед мөнгөтэй болсон үедээ хоёулаа хамт хэрэглэж байсан... гэж нэхэмжлэгчээс мөнгө аваагүй гэж хэлээгүй, харин нэхэмжлэгч Х.Б-ийн данснаас мөнгө орж ирээгүй нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж тайлбарлажээ.

Хариуцагч Б.Э-ын дээрх дансанд орсон мөнгө нь нэхэмжлэгч Х.Б-ээс түүнд Х-ивласан, бэлэглэсэн, зээлдүүлсэн, эсхүл хамтын амьдралын хугацаандаа хэрэгцээндээ зориулсан эсэх нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй байгаагаас зохигчдын хооронд иргэний эрх зүйн ямар харилцаа үүссэн эсэх нь тодорхой бус байхад хариуцагч Б.Э-ыг үндэслэлгүйгээр хөрөнгөжсэн гэж хийсвэрээр дүгнэх боломжгүй, эдгээрийн хоорон ямар эрхийн харилцаа үүссэнийг тогтоосны эцэст хэргийг шийдвэрлэх нь зүйтэй байна.

Шүүх нэхэмжлэгч Х.Б-ийн  нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийг тодруулахгүйгээр хэргийг шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.4-т заасныг зөрчсөн гэж үзнэ.

Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч Х.Б- дээрх мөнгийг ямар ямар зорилгоор юунд зориулж хариуцагч Б.Э-д эргэн төлөх, төлөхгүй нөхцөлтэйгээр өгсөнийг тодруулах шаардлагатай байна.

Түүнчлэн 2015 оны 12 сарын 01-ний өдрөөс 2016 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр хүртэлх хугацаанд хариуцагчийн Хаан банк болон Худалдаа хөгжлийн банкны эзэмшлийн дансаар нэр бүхий хүмүүсээс удаа дараа /6 удаа/ Монгол төгрөгөөр тооцоход нийт 8.500.800 төгрөг орсон гэж байгаа хэдий ч нэхэмжлэлийн шаардлагад вон шилжүүлсэн гэж нэхэмжилсэн байхад тухайн үеийн воны ханшийн лавлагааг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 6.2-т зааснаар Монгол банкнаас зарласан албан ёсны ханшийг авсан нь тодорхойгүй, өөрөөр хэлбэл хэрэгт авагдсан ханшны цахим лавлагаа нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т заасан хуулийн шаардлага хангаагүй баримтаар шүүх воны ханшийг тооцсон байна.

Гэрч Б.С-оос Б.О-ийн машинаа барьцаалж зээлсэн 2.000.000 төгрөгийг Б.Э- гардан авсан гэж гэрчилсэн ба Б.О-ээс энэ талаар тодруулахгүйгээр нэхэмжлэлийн энэ хэсгийг хэрэгсэхгүй болгосон нь учир дутагдалтай болжээ.

            Хавтаст хэргийн 119-120 дугаар хуудсанд авагдсан хариуцагч Б.Э-ын дансанд Бумбодоос бэлэн мөнгө шилжүүлсэн тухай зарлагын баримтыг шүүх үнэлсэн эсэх нь тодорхойгүй, энэ баримт нь нэхэмжлэлийн шаардлагад хамааралтай эсэх талаар шүүхийн шийдвэрт дурдаагүй байна.

            Шүүхийн шийдвэрийн дагуу бусад нэр бүхий шүүхээс даалгавраар гэрч асуулгах ажиллагааг хийсэн ба тухайн гэрчүүд /Б.Н-, Ж.З-/-ийг бүртгэлтэй хаягтаа оршин суудаггүй гэсэн үндэслэлээр даалгаврыг гүйцэтгэх боломжгүй хариу ирүүлсэн ба энэ талаар хүсэлт гаргасан нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ч.Булганд мэдэгдсэн эсэх нь тодорхойгүй хэргийг шийдвэрлэжээ.

Иймд нэхэмэжлэлийн шаардлага болод үндэслэлийг тодруулах шаардлагатай байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Хэргийг эцэслэн шийдвэрлээгүй тул хариуцагчийн давж заалдсан гомдлын үндэслэлд дүгнэлт хийгээгүйг дурдах нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

           1. Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 645 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэжрлүүлэхээр мөн шүүхэд нь буцаасугай.

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар хариуцагч Б.Э-ын давж заалдах гомдол гаргахдаа тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 114.321 төгрөгийг Төрийн сангийн орлогоос шүүгчийн захирамжаар буцаан гаргуулж, хариуцагч Б.Э-д олгосугай.

            3. Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар Давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч  магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

4. Иргэний хэрэг  шүүхэд хянан  шийдвэрлэх тухай  хуулийн  119 дүгээр  зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар  талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах  үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай. 

        

 

    

                               ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                    О.НАРАНГЭРЭЛ

                                                                   ШҮҮГЧИД                                    С.ЭНХЖАРГАЛ

                                                                                                                       С.ОЮУНЦЭЦЭГ