Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 05 сарын 29 өдөр

Дугаар 645

 

Дархан-Уул аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч З.Тунгалагмаа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: БНСУ-ын Кенгсанбугду мужийн Тэгү хотын Гунчдан 4 дүгээр гудамжны 20 дугаар байрны 8 тоотод оршин суух, Боржигон овогт Хундагаагийн Бямбагэрэл /регистрийн дугаар УТ88082612, утас 91647221/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Дархан-Уул аймаг, Дархан сум, 2 дугаар баг, Хушаат, 15 дугаар гудамжны 20Б тоотод оршин суух, Боржигон овогт Бямбадоржийн Энхжаргал /регистрийн дугаар ТЛ95102807, утас 99372074/-д холбогдох

"9,465,000 төгрөг гаргуулах тухай" иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.Ханд, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ч.Булган, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Өлзиймаа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга  Б.Тэмүүжин нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.Ханд нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа:

“...миний хүү Х.Бямбагэрэл нь Б.Энхжаргалтай 2014 оны 07 дугаар сард танилцаад 2015 оны 11 дүгээр сараас 2016 оны 11 дүгээр сарын 01-ий өдөр хүртэлх хугацаанд 8 удаагийн үйлдлээр 3,750,000 вон, 3,090,000 төгрөгийг  нийт 9,465,000 төгрөгийг хуурч мэхлэн авсан учир эдгээр мөнгийг иргэн Б.Энхжаргалаас гаргуулж өгөхийг хүсье. 2015 оны 11 сард Хаан банкны /5088030185/ 1,500,000 вон шилжүүлсэн, 2016 оны 08 сард Хаан банкны /5088030185/ 600,000 вон шилжүүлсэн, 2016 оны 09 сард Хаан банкны /5088030185/ 150,000 вон, 2016 оны 10 сарын 31-нд Хаан банкны /5088030185/ 1,000,000 вон, 2016 оны 11 сард Хаан банкны /5088030185/ 250,000 вон, 2016 оны 11 сарын 1-нд Худалдаа хөгжлийн банкны /403150717/ 250,000 вон, 2016 оны 11 сарын 5-ны өдөр Саруулболдын автомашиныг барьцаалан зээлдүүлэх газар тавьж 2,800,000 төгрөгийг авсан,  2014 оны цагаан сарын өмнө иргэн Б.Энхжаргал нь Х.Бямбагэрэлээс эгчийн хүүхдийн үсний найранд хэрэглэнэ , Дарханд очоод өгнө гэж 1 авдар вино, 1 авдар архи ний 290,000 төгрөгийн зүйл аваад өгөөгүй байгаа.

...хариуцагч Л.Энхжаргалаас дансаар шилжүүлсэн мөнгө 6,210,800 төгрөг, Саруулболдын авто машиныг барьцаалан зээлдүүлэх газарт барьцаанд тавьж авсан мөнгө 2,000,000 төгрөг, 1 авдар вино, архины үнэ 290,000 төгрөг, нийт 8,500,800 төгрөг гаргуулах”-аар шаардсан ба нэхэмжлэлийн шаардлагаа 964,200 төгрөгөөр багасгаж байна.” гэжээ. 

 

Хариуцагч Б.Энхжаргал нь шүүхэд гаргасан тайлбартаа болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“...миний бие Б.Энхжаргал нь Я.Ханд гэж хүний хүү Бямбагэрэлтэй үерхдэг байж байгаад  ар гэрийнх нь хэл амнаас болоод салсан. 2016 оны 07 сарын эхээр Бямбагэрэл Солонгосоос ирж байсан. Би Ханд эгчийг ямар данс эзэмшдэг болохыг мэдэхгүй. Бямбагэрэл бид хоёр үерхэж байхдаа хэн аль нь эцэг эх ах дүүсээсээ мөнгө авч байсан тохиолдол байгаа.  Гэхдээ яг Ханд эгчээс мөнгө гуйж авч байгаагүй. Бас Бямбагэрэлийг хуурч мөнгө авч байгаагүй. Бямбагэрэлийн ээж ах дүүгээсээ мөнгө их авдаг байсан. Тухайн үед мөнгөтэй болсон үедээ хоёулаа хамт хэрэглэж байсан. Тэднээсээ нууж хааж байгаа зүйл их байгаа бололтой. Тэр болгон нь надтай хамаатай биш. 

Би Саруултөгс гэдэг хүний машиныг барьцаалан зээлдүүлэх газар  тавьж 2,800,000 төгрөг авсан асуудал огт байхгүй.

Бямбагэрэл бид хоёрын хооронд 1 авдар вино, 1 авдар архины тооцоо байхгүй. Иймд 9,465,000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү.”гэжээ.

 

         Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудаас талуудын хүсэлтээр  шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Х.Бямбагэрэл нь хариуцагч Б.Энхжаргалд холбогдуулан 9,465,000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргасан боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч тал “ хариуцагч Л.Энхжаргалаас дансаар шилжүүлсэн мөнгө 6,210,800 төгрөг, Саруулболдын авто машиныг барьцаалан зээлдүүлэх газарт барьцаанд тавьж авсан мөнгө 2,000,000 төгрөг, 1 авдар вино, архины үнэ 290,000 төгрөг, нийт 8,500,800 төгрөг гаргуулах”-аар шаардсан ба нэхэмжлэлийн шаардлагаа 964,200 төгрөгөөр багасгаж нэхэмжилсэн болно.

Хариуцагч Б.Энхжаргал нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргажээ.

Хэрэгт авагдсан баримтаар

Нэхэмжлэгч Х.Бямбагэрэл нь Солонгос улсад ажиллаж байх хугацаандаа өөрийн үеэрхдэг, найз охин Б.Энхжаргалд түүний эзэмшлийн ХААН банкны 5088030185 тоот данс руу 2015 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр 2,460,000 төгрөг, 2016 оны 08 дугаар сарын 21-ний өдөр 560,500 төгрөг, 2016 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр 194,000 төгрөг, 2016 оны 10 дугаар сарын 31-ний өдөр 2,000,000 төгрөг, 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр 495,000 төгрөг, Худалдаа хөгжлийн банкны 403150717 тоот данс руу 2016 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр 501,200 төгрөг, нийт 6,210,700 төгрөг өгсөн болох нь хэрэгт авагдсан ХААН банкны 5088030185 тоот, Худалдаа хөгжлийн банкны 403150717 тоот дансны дэлгэрэнгүй хуулга, гэрч Г.Хулан, Л.Ганболд нарын мэдүүлэг болон талуудын тайлбараар тогтоогдож байна.

Хариуцагч тал дээрх дансаар шилжүүлсэн мөнгийг Х.Бямбагэрэл өгөөгүй гэсэн тайлбар гаргаж байх боловч тэрээр дээрх мөнгийг ямар учиртай, хэнээс юунд зориулагдаж ирсэн талаарх тайлбарыг шүүхэд гаргаагүй, энэ талаар нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй ба нэхэмжлэгч талын гаргасан тайлбарыг үгүйсгэж чадаагүй болно.

Нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлага үндэслэлээ “...Х.Бямбагэрэл, Б.Энхжаргал нар нь гэр бүл болж хамт амьдарна, Б.Энхжаргал Солонгос улс ирж, Х.Бямбагэрэлийн хамт солонгос улсад ажиллаж амьдарч орон сууц авна гэх зэргээр хоорондоо ярилцаж, Х.Бямбагэрэл нь Солонгост ажиллаж байх хугацаандаа Б.Энхжаргалын сургалтын төлбөрт, Солонгос улс руу явахад нь зориулж дээрх мөнгийг мөнгөн шилжүүлгийн үйлчилгээ үзүүлдэг хүмүүсээр дамжуулан шилжүүлж байсан боловч Б.Энхжаргал нь сургуульд сураагүй байж сургалтын төлбөр гэж мөнгө авсан, амьдрахгүй байж Солонгос улсад ирнэ, хамт амьдрана гэж мөнгө өгсөн. Гэвч Б.Энхжаргал нь сургуульд сурдаггүй, бусадтай гэр бүл болсон учир Б.Энхжаргалаас Иргэний хуулийн 492 дугаар зүйлд заасан үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж үзэж 8,500,800 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэж тайлбарласан.

Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-т “хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй, эсхүл үүрэг нь хожим дуусгавар болсон буюу хүчин төгөлдөр бус болсон тохиолдолд хөрөнгө шилжүүлсэн этгээд уг зүйлийг олж авсан этгээдээс дээрх хөрөнгөө буцаан шаардах эрхтэй” гэж заасны дагуу хариуцагч Б.Энхжаргалаас 6,210,700 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Х.Бямбагэрэлд олгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Нэхэмжлэгч Х.Бямбагэрэл нь Саруулболдын автомашиныг барьцаанд тавьж Б.Энхжаргалын авсан гэх 2,000,000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан боловч нэхэмжлэгч Х.Бямбагэрэл нь уг нэхэмжлэлийн шаардлагыг гаргах эрхтэй болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байна.

Мөн нэхэмжлэгч тал хариуцагч Б.Энхжаргалаас авдар вино, архины мөн 290,000 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн боловч энэхүү нэхэмжлэлийн шаардлагатай холбоотой нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй болно.

Иймд хариуцагч Б.Энхжаргалаас 6,210,700 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Х.Бямбагэрэлд олгож, нэхэмжлэлийн үлдэх 2,290,100 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Хариуцагч тал шүүх хуралдаан дээр “...нэхэмжлэгч Х.Бямбагэрэлээс итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.Хандад олгосон итгэмжлэлд тухайн улсын гадаад харилцааны яамны тамга тэмдэг дарагдаж баталгаажигдах ёстой. Гэвч дээрх итгэмжлэл уг шаардлагыг хангаагүй байх тул итгэмжлэл хууль бус байна” гэсэн тайлбарыг гаргасан.

Нотариатын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2-т “Хилийн чанадад ажиллаж байгаа Монгол Улсын дипломат төлөөлөгчийн газар нь нотариатын үйлдэл, баримт бичгийг монгол хэлээр үйлдэх бөгөөд үйлчлүүлэгчийн хүсэлтээр холбогдох баримт бичгийг орчуулан өгч болно” 25.1.3-т “нотариат нь итгэмжлэл гэрчлэх үйлдэл хийнэ” гэж тус тус заасан байна.

Өөрөөр хэлбэл Хилийн чанадад ажиллаж байгаа Монгол Улсын дипломат төлөөлөгчийн газрын нотариатын үйлдлийг тухайн улсын гадаад харилцааны яам баталгаажуулж тамга дарах талаар зохицуулалт хуульд байхгүй, мөн дээрх нэхэмжлэгчийн олгосон итгэмжлэл хууль бус болох талаарх баримт хэрэгт байхгүй болохыг дурьдаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-т заасныг баримтлан хариуцагч Б.Энхжаргалаас 6,210,700 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Х.Бямбагэрэлд олгож, нэхэмжлэлийн үлдэх 2,290,100 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-т зааснаар нэхэмжлэгч тал “964,200 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан болохыг дурьдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 166,390 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 27,691 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор   Дархан-Уул аймгийн Иргэний  давж заалдах шатны шүүхэд  гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.

 

 

                           

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                         З.ТУНГАЛАГМАА