Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 05 сарын 25 өдөр

Дугаар 152/ШШ2021/00213

 

   

 

      Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Дэлгэрцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,

         Нэхэмжлэгч: ХХҮЕГ-ын,

         Хариуцагч: ЧЭН БГБХ Н,

         Хариуцагч: У овогт Д-ын А,

         Хариуцагч: У овогт А-ын Х нарт холбогдох,

    Гэрээний дагуу олгосон санхүүжилт 150.000.000 төгрөг, алданги 6.500.000 төгрөг, нийт 156.500.000 төгрөг гаргуулж, батлан даасан хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг 2020 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

    Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.М /цахимаар/, хариуцагч Л.Д, хариуцагч Д.А, А.Х нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Е.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Болорзаяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

    Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Д шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.М шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “ХХҮЕГ нь ЧЭН нөхөрлөл болон батлан даагч Д.А, А.Х нартай Орон нутаг, нийслэлийн онцлог, хэрэгцээнд нийцүүлсэн зорилтот төслийн ажил гүйцэтгэх гэрээг 2017 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр байгуулсан. Тус гэрээний дагуу эргэн төлөгдөх нөхцөлтэй 150.000.000 төгрөгийн санхүүжилтийг хариуцагч компанид олгосон. Гэтэл хариуцагч тал гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй зөрчиж, олгосон санхүүжилтийг Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих санд одоо болтол эргүүлэн төлөхгүй хохироож байна. Иймд ЧЭНнөхөрлөл болон батлан даагч Д.А, А.Х нараас дээрх гэрээний дагуу олгосон санхүүжилт 150.000.000 төгрөг, алданги төлбөр 6.500.000 төгрөг, нийт 156.500.000 төгрөгийг ХХҮЕГт эргэн нөхөн төлүүлэхээр шийдвэр гаргаж өгнө үү. Мөн төсөл хэрэгжүүлэгч тал төлбөр төлөх үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд батлан даагч нарын батлан даасан хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү” гэжээ.

       Хариуцагч Л.Д шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: “Улаангом сумын 1 дүгээр багийн өрхийн амжиргааны түвшин доогуур 20 өрх нийлж 2017 онд ЧЭНнөхөрлөл байгуулан 2017 оны 4 дүгээр сард хөдөлмөр нийгэм хамгааллын удирдах газраас зарлагдсан хүүгүй зээл олгох жимсний мод тариалах төслийг жилийн хугацаатай авахаар төслөө өгсөн. Бидний төсөл дэмжигдэж нөхөрлөлийн Голомт банкны 6205104056 тоот дансанд 150.000.000 төгрөг 2017 оны 9 дүгээр сард орсон. Гэрээ хийхээр очиход гэрээний хугацаа 2 жил байсан тул “жимс ургах хугацаа 5-6 жил байдаг хугацааны хувьд болохгүй байна” гэхэд ажлаа хийчихээд зээлийн хугацаа хойшлуулах хүсэлт гаргаж болно гэж хэлснээр би уг гэрээнд гарын үсэг зурсан. Ингээд бид авсан төслөө хэрэгжүүлж эхэлсэн, бүх мөнгөөрөө ажлаа хийж дуусаад төслийн зээлээ хойшлуулах хүсэлтээ 2 удаа өгсөн боловч ямар ч хариу ирүүлээгүй байсаар шүүхэд өгсөн байна. Бид төслөө хэрэгжүүлж ажлаа хийж байхдаа төр засаг иргэддээ анхаарч ядуурлаас гаргах маш зөв, зүйтэй ажил хийлээ гэж маш их баяртай байсан. Анх өгсөн төсөлдөө бид жимсээ ургуулж үр шимээр нь эргэн төлөлтөө хийх боломжийн хугацаагаа санал болгосоор байтал ажилтайгаа ямар ч уялдаа холбоогүй төслийн үр шимээр эргэн төлөх боломжгүй төсөл өгчихөөд хугацаа хойшлуулах боломж олгохгүй байгаад гомдолтой байна. Чацаргана, үхрийн нүдний мод нь 4-5 жилийн хугацаанд үр шимээ өгч эхэлдэг. Яг одоогоор бидэнд авсан санхүүжилтээ эргэн төлөх ямар ч боломж байхгүй. Иймд бидний энэ аргагүй байдлыг харгалзан үзэж зээлийг хөнгөлж өнөөдрөөс эхлэн 3-5 жилээр хойшлуулж өгөхийг хүсч байна. Бидний тарьсан үхрийн нүд чацарганы мод жимсээ өгсний дараа 2-3 жилд эргэн төлөлтөө хийхэд татгалзахгүй болно. Бид энэхүү зээл болох 156.500.000 төгрөгийг 2023-2026 оны хооронд төлж барагдуулах хүсэлтэй байна” гэжээ.

        Хариуцагч Д.А, А.Х нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Е.Б шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: “ХХҮЕГ-ын гэрээний дагуу олгогдсон санхүүжилт 156.500.000 төгрөгийг эргэн төлүүлэх тухай нэхэмжлэлийг шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь энэ зээлээс манай компанийн данс руу нэг ч төгрөг ороогүй, бид зээл аваагүй. Орон нутаг, нийслэлийн онцлог, хэрэгцээнд нийцүүлсэн зорилтот төслийг эргэн төлөгдөх нөхцөлтэйгээр хэрэгжүүлэх хамтран ажиллах гэрээ нь нэг талаас Хөдөлмөр халамж үйлчилгээний ерөнхий газар нөгөө талаас ЧЭНХХК-ийн хооронд байгуулагдсан. Хэдийгээр манай компанийг төлөөлж А.Х батлан даагч гэх хэсэгт гарын үсэг зурсан байх боловч тухайн гэрээ ёсоор батлан даагч гэх манай компаний гүйцэтгэх үүрэг тодорхойгүй байна. Иргэний хуулийн 234 дүгээр зүйлийн 234.1-д “Үүрэг гүйцэтгэгчийн хүлээсэн үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар гуравдагч этгээд үүрэг гүйцэтгүүлэгчид баталгаа гаргаж болно” гэж, мөн зүйлийн 234.2-т “Хуульд өөрөөр заагаагүй бол баталгааны гэрээг бичгээр хийнэ” гэж заажээ. Тоосгон-Уул ХХК нь Хөдөлмөр халамж үйлчилгээний ерөнхий газартай баталгааны гэрээ бичгээр байгуулаагүй болно. Иймээс гэрээнд заасан ямар нэгэн үүрэг хүлээсэн гэж үзэх үндэслэлгүй байна. Иймд нэхэмжлэгч нь дээрх үндэслэлээр манай компаниас үүргийн гүйцэтгэлийг шаардах эрхгүй. Өөрөөр хэлбэл Тоосгон-Уул ХХК нь энэ хэргийн хариуцагч биш. Иймд Тоосгон Уул ХХК болон Д.А, А.Х нарыг хариуцагчаас чөлөөлж өгнө үү” гэжээ.

         Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

     Нэхэмжлэгч ХХҮЕГ нь хариуцагч ЧЭН БГБХ Н, Д.А, А.Х нарт холбогдуулан гэрээний дагуу олгосон санхүүжилт 150.000.000 төгрөг, алданги 6.500.000 төгрөг, нийт 156.500.000 төгрөг гаргуулж, батлан даасан хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

      Харицагч Л.Д “Гэрээний дагуу олгосон санхүүжилт 156.500.000 төгрөгийг 2023-2026 онд төлж барагдуулах хүсэлтэй” талаар тайлбар гаргасан бол хариуцагч Д.А, А.Х нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Е.БМанай компани зээлээс нэг ч төгрөг аваагүй. Зээлийн гэрээнд манай компанийг төлөөлж А.Х батлан даагч гэх хэсэгт гарын үсэг зурсан байх боловч тухайн гэрээ ёсоор батлан даагч гэх манай компаний гүйцэтгэх үүрэг тодорхойгүй байна. Тоосгон-Уул ХХК нь Хөдөлмөр халамж үйлчилгээний ерөнхий газартай баталгааны гэрээ бичгээр байгуулаагүй. Иймээс гэрээнд заасан ямар нэгэн үүрэг хүлээсэн гэж үзэх үндэслэлгүй тул Тоосгон Уул ХХК болон Д.А, А.Х нарыг хариуцагчаас чөлөөлж өгнө үү” гэж маргаж байна.

       ХХҮЕГ-ын дарга Б.Н, ЧЭНБГБХН-ийн дарга Л.Д нар 2017 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр Орон нутаг, нийслэлийн онцлог, хэрэгцээнд нийцүүлсэн зорилтот төслийг эргэн төлөгдөх нөхцөлтэйгээр хэрэгжүүлэх хамтран ажиллах гэрээ байгуулж, 2017 оны 9 дүгээр сарын 15-ны өдрөөс 2019 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийг хүртэл хоёр жилийн хугацаатай, санхүүжилтийн нийт хэмжээ 150.000.000 төгрөг, гэрээний нийт үнийн дүнг гэрээ байгуулсан өдрөөс хойш ажлын 10 хоногт багтаан А тал Б талын Голомт банкин дахь 6205104056 тоот харилцах дансанд шилжүүлэх, Б тал нийт олгогдох санхүүжилтийг гэрээнд заасан хугацаанд 100 хувь эргүүлэн төлөхөөр тохиролцжээ.

         Улмаар гэрээний дагуу 2017 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас ЧЭНБГБХН-ийн Голомт банкин дахь 6205104056 тоот дансанд 150.000.000 төгрөгийг шилжүүлсэн байна.

         Дээрх үйл баримтаас үзэхэд нэхэмжлэгч ХХҮЕГ болон хариуцагч ЧЭНБГБХН-ийн хооронд “Орон нутаг, нийслэлийн онцлог, хэрэгцээнд нийцүүлсэн зорилтот төслийг эргэн төлөгдөх нөхцөлтэйгээр хэрэгжүүлэх хамтран ажиллах” гэх нэртэй гэрээ байгуулагдсан байх боловч нэхэмжлэгч нь хариуцагчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, хариуцагч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээсэн байх тул талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн байна.  

      Талууд гэрээний 4.8-д “Аж ахуй нэгж, иргэний батлан даагч нь Даваажав овогтой Алдар /РД:ОЮ74121719/, итгэмжлэгдсэн төлөөлөгч охин Алдар овогтой Хулан /РД:ОЮ97010125/ нь Тоосгон Уул ХХК ашигт малтмал ашиглах, дулаан үйлдвэртэй 4001575 регистрийн дугаар үл хөдлөх хөрөнгөөр батлан даана” гэж тохиролцоод гэрээ байгуулсан талууд хэсэгт “батлан даагч А.Х” гэж гарын үсэг зуржээ.

         Хэрэгт авагдсан 2017 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн Тоосгон Уул ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.А-аас А.Х-д олгосон итгэмжлэлд төлөөлөгч А.Х гарын үсэг зураагүй байх боловч Иргэний хуулийн 64 дүгээр зүйлийн 64.2.1-д “Итгэмжлэлд төлөөлүүлэгч гарын үсэг зурсан байх, хуулийн этгээдийн итгэмжлэлд эрх баригч гарын үсэг зурж, тамга, тэмдэг дарсан байх” гэсэн шаардлагыг хангасан байх тул итгэмжлэл хүчин төгөлдөр гэж үзнэ.

         Дээрх итгэмжлэлээр Тоосгон Уул ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.А нь А.Х-д компанийн нэрийн өмнөөс төсөл авсан 20 хүнийг батлан даах, батлан даалтын гэрээ байгуулах, гэрээнд гарын үсэг зурах, тамга дарах үйл ажиллагаанд төлөөлөх бүрэн эрхийг олгосон байхад гэрээний 4.8-д “батлан даагч нь Д овогтой А” гэж Тоосгон Уул компани бус хувь хүн Д.А-ыг батлан даагчаар гэрээнд тусгасан байх тул Тоосгон Уул ХХК-аас А.Х-д олгосон итгэмжлэлээр Д.А гэрээний дагуу олгосон санхүүжилт, алданги 156.000.000 төгрөг болон батлан даагчийн барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай шаардлагыг хариуцах үндэслэлгүй байна.

         Хариуцагч А.Х-гийн тухайд Тоосгон Уул ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.А-аас олгосон итгэмжлэлийн хүрээнд зээлийн гэрээнд гарын үсэг зурсан төлөөлөгч байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хариуцах үндэслэлгүй гэж үзлээ.

         Зохигчдын хооронд байгуулагдсан гэрээний 4.4-т “Эргэн төлөлтийн 50 хувийг гэрээ байгуулсан өдрөөс хойш 22 дахь сард, үлдэгдэл 50 хувийг 24 дэх сард Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн 100900037010 дансанд төвлөрүүлж, мөнгө тушаасан баримтыг Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих газрын ахлах мэргэжилтэнд ирүүлж тооцооны дэвтэрт тэмдэглүүлнэ” гэж талууд тохиролцсон боловч хариуцагч ЧЭНБГБХН гэрээнд заасан үүргээ зөрчиж үндсэн зээлийн төлбөрийг төлөхгүй хугацаа хэтрүүлсэн болох нь зохигчдын тайлбараар тогтоогдож байна.

         Иймд нэхэмжлэгч нь хариуцагч ЧЭНБГБХН-өөс зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг 150.000.000 төгрөгийг шаардах эрхтэй гэж үзнэ.

     Зохигчид гэрээний 4.5-д “Энэхүү гэрээний 4.4. дэх заалтыг биелүүлээгүй бол хугацаа хэтэрсэн хоног тутам 0,5 хувийн алданги тооцож А талд төлнө” гэж тохиролцсон нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д “Хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ” гэж, мөн зүйлийн 232.4-т “...Анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй” гэж заасантай нийцэж байх тул алданги 5.600.000 төгрөгийг хариуцагч ЧЭНБГБХН-өөс  гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

      ЧЭНБГБХН-д холбогдох батлан даасан хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай шаардлагын тухайд батлан даагч Тоосгон Уул ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.А нь А.Х-д олгосон итгэмжлэлээр гэрээний дагуу олгосон санхүүжилт, алданги 156.000.000 төгрөг болон батлан даагчийн барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай шаардлагыг хариуцах үндэслэлгүй гэж үзсэн тул хариуцагч ЧЭНБГБХН-д холбогдох хэсгийг мөн хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

      Анхан шатны шүүхээс нэхэмжлэлийн шаардлагыг хангах, эсхүл нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгох, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох гэсэн 3-н төрлийн шийдвэрийн аль нэгийг гаргадаг, зээлийн төлбөрийг хэзээ төлөхийг шийдвэрт тусгах боломжгүй, түүнчлэн нэхэмжлэгч болон хариуцагч ЧЭНБГБХН нь нэхэмжлэлийн шаардлагыг хэзээ төлөх талаар харилцан тохиролцоонд хүрч чадаагүй тул хариуцагч Л.Д-гийн “Бидний энэ аргагүй байдлыг харгалзан үзэж зээлийг хөнгөлж 3-5 жилээр хойшлуулж өгөхийг хүсч байна. Бид зээл 156.500.000 төгрөгийг 2023-2026 оны хооронд төлж барагдуулах хүсэлтэй байна” гэх тайлбарыг хүлээн авах боломжгүйг дурдав.

      Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, хариуцагч ЧЭНБГБХН-өөс зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэгт 150.000.000 төгрөг, алданги 6.500.000 төгрөг, нийт 156.500.000 төгрөг гаргуулж ХХҮЕГ-т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх батлан даасан хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай болон хамтран хариуцагч Д.А, А.Х нарт холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

       Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч ХХҮЕГ улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдснийг дурдаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хариуцагч ЧЭНБГБХН-өөс 940.450 төгрөг гаргуулан улсын орлогод оруулах нь зүйтэй байна.

        Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А-т шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй ба нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, хариуцагч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар “Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Аын эзгүйд хэргийг хянан шийдвэрлэх боломжтой” талаар тайлбар гаргасан тул түүний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

       Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон  

                                                          ТОГТООХ нь:

            1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсгүүдэд зааснаар хариуцагч ЧЭНБГБХН-өөс зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэгт 150.000.000 төгрөг, алданги 6.500.000 төгрөг, нийт 156.500.000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч ХХҮЕГ-т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх батлан даасан хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай болон хамтран хариуцагч Д.А, А.Х нарт холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

            2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч ХХҮЕГ улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдснийг дурдаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хариуцагч ЧЭНБГБХН-өөс 940.450 /есөн зуун дөчин мянга дөрвөн зуун тавь/ төгрөг гаргуулан улсын орлогод оруулсугай.

         Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.  

 

 

                    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Л.ДЭЛГЭРЦЭЦЭГ