Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 08 сарын 20 өдөр

Дугаар 22

 

Х, Х  ү е г-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай      

Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Д.Жамбалсүрэн даргалан, шүүгч Н.Мөнхжаргал, Л.Алтан нарын бүрэлдэхүүнтэй хийж,

Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 535 дугаар шийдвэртэй,

Х, Х  ү е г-ын нэхэмжлэлтэй, хариуцагч “Ч Э н”нөхөрлөл, Д.А, А.Х нарт холбогдох, гэрээний дагуу олгосон санхүүжилт 150.000.000 төгрөг, алданги 6.500.000 төгрөг, нийт 156.500.000 төгрөг нөхөн төлүүлэх тухай шаардлагатай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Л.Алтангийн илтгэснээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхтуяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Х, Х үйлчилгээний е г-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Д анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Ч Э н”нөхөрлөл болон батлан даагч Д.А, А.Х нартай “Орон нутаг, нийслэлийн онцлог, хэрэгцээнд нийцүүлсэн зорилтот төслийн ажил гүйцэтгэх гэрээ”-г 2017 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр байгуулсан. Тус гэрээний дагуу эргэн төлөгдөх нөхцөлтэй 150.000.000 төгрөгийн санхүүжилтийг хариуцагч компанид олгосон. Гэтэл хариуцагч тал гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй зөрчиж, олгосон санхүүжилтийг Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих санд одоо болтол эргүүлэн төлөөгүй хохироож байна.

Иймд “Ч Э н”нөхөрлөл болон батлан даагч Д.А, А.Х нараас дээрх гэрээний дагуу олгосон санхүүжилт 150.000.000 төгрөг, алданги төлбөр 6.500.000 төгрөг, нийт 156.500.000 төгрөгийг Х, Х  ү е гт нөхөн төлүүлэхээр шийдвэр гаргаж өгнө үү. Үүргийн гүйцэтгэлийг батлан даагч нарын батлан даасан хөрөнгөөр хангуулж өгнө үү” гэжээ.

Хариуцагч Д.А, А.Х нар анхан шатны шүүхэд гаргасан тайлбартаа: “Х, Х  үйлчилгээний ерөнхий газрын гэрээний дагуу олгогдсон санхүүжилт 156.500.000 төгрөгийг эргэн төлүүлэх шаардлага бүхий нэхэмжлэлтэй танилцлаа. Энэхүү нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь Орон нутаг, нийслэлийн онцлог, хэрэгцээнд нийцүүлсэн зорилтот төслийг эргэн төлөгдөх нөхцөлтэйгээр хэрэгжүүлэх хамтран ажиллах гэрээ нь нэг талаас Х, Х  ү е г, нөгөө талаас “Ч –э н ” нөхөрлөлийн хооронд байгуулагдсан байна. Хэдийгээр манай компанийг төлөөлж А.Х батлан даагч гэх хэсэгт гарын үсэг зурсан байх боловч тухайн гэрээ ёсоор батлан даагч гэгдэх манай компаний гүйцэтгэх үүрэг тодорхойгүй байна. Иргэний хуулийн 234 дүгээр зүйлийн 1-д “Үүрэг гүйцэтгэгчийн хүлээсэн үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар гуравдагч этгээд үүрэг гүйцэтгүүлэгчид баталгаа гаргаж болно”, мөн хуулийн 234 дүгээр зүйлийн 2-д “Хуульд өөрөөр заагаагүй бол баталгааны гэрээг бичгээр хийнэ” гэж заажээ. “Т-У” ХХК нь Х, Х  ү е гтай баталгааны гэрээ бичгээр байгуулаагүй болно. Иймээс гэрээнд заасан ямар нэгэн үүрэг хүлээсэн гэж үзэх үндэслэлгүй байна. Нэхэмжлэгч нь дээрх үндэслэлээр манай компаниас үүргийн гүйцэтгэлийг шаардах эрхгүй байна. Өөрөөр хэлбэл “Т-У” ХХК нь энэ хэргийн хариуцагч биш байна” гэжээ.

Хариуцагч “Ч Э н”нөхөрлөлийн дарга Л.Д шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Улаангом сумын 1 дүгээр багийн өрхийн амьжиргааны түвшин доогуур 20 өрх нийлж 2017 онд “Чандмань эрдэнийн нөхөд” нөхөрлөл байгуулан 2017 оны 4 дүгээр сард Хөдөлмөр нийгэм хамгааллын удирдах газраас зарлагдсан хүүгүй зээл олгох төсөлд жимсний мод тариалах төсөл бичиж, жилийн хугацаатай авахаар төслөө өгсөн. Бидний төсөл дэмжигдэж нөхөрлөлийн Голомт банкны 6205104056 тоот дансанд 150.000.000 төгрөг 9 дүгээр сард орсон. Гэрээ хийхээр очиход хугацаа 2 жил байсан тул би “Жимс ургах хугацаа 5-6 жил байдаг, хугацааны хувьд болохгүй байна” гэж хэлэхэд  “Ажлаа хийгээд зээлийн хугацаа хойшлуулах хүсэлт гаргаж болно” гэж хариулсан тул би уг гэрээнд гарын үсэг зурсан. Ингээд бид авсан төслөө хэрэгжүүлж эхэлсэн, бүх мөнгөөрөө ажлаа хийж дуусгаад зээлийн эргэн төлөлтөө хойшлуулах хүсэлтээ 2 удаа өгсөн боловч ямар ч хариу ирүүлээгүй байсаар шүүхэд өгсөн байна. Бид төслөө хэрэгжүүлж ажлаа хийж байхдаа төр засаг иргэддээ анхаарч ядуурлаас гаргах маш зөв зүйтэй ажил хийлээ гэж маш их баяртай, урамтай байсан. Анх өгсөн төсөлдөө бид жимсээ ургуулж, үр шимээр нь эргэн төлөлтөө хийх боломжийн хугацаагаа санал болгосоор байтал ажилтайгаа ямар ч уялдаа холбоогүй төслийн үр шимээр эргэн төлөх боломжгүй төсөл өгчихөөд хугацаа хойшлуулах боломж олгохгүй байгаад гомдолтой байна. Чацаргана, үхрийн нүдний мод нь 4-5 жилийн хугацаанд үр шимээ өгч эхэлдэг. Яг одоогоор бидэнд авсан санхүүжилтээ эргэн төлөх ямарч боломж байхгүй байна. Иймд бидний энэ аргагүй байдлыг харгалзан үзэж зээлийг хөнгөлж, өнөөдрөөс эхлэн 3-5 жилээр хойшлуулж өгөхийг хүсч байна. Бидний тарьсан үхрийн нүд, чацарганы мод жимсээ өгсний дараа 2-3 жилд эргэн төлөлтөө хийхэд татгалзахгүй болно. Бид энэхүү зээл болох 156.500.000 төгрөгийг 2023-2026 оны хооронд төлж барагдуулах хүсэлтэй байна” гэжээ.

Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 535 дугаар шийдвэрээр: “Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-т зааснаар “Ч Э н”БГБХН-өөс зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэгт 156.500.000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Х, Х  ү е гт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх батлан даагчийн барьцаа хөрөнгөөр хангуулах тухай хэсгийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгчийн хамтран хариуцагч Д.А, А.Х нарт холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч Хөдөлмөр халамжийн ү е г улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар хариуцагч “Ч Э н”БГБХН-өөс 940.450 төгрөг гаргуулан улсын орлогод оруулахаар тус тус шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч Х, Х  үйлчилгээний ерөнхий газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Д давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: ”Анхан шатны шүүхийн 2020 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 535 дугаар шийдвэрийн зарим хэсэгт нэхэмжлэгч Х, Х  үйлчилгээний ерөнхий газраас дараах үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байна. 1. Хамтран хариуцагч, батлан даагч нарт холбогдох иргэний хэргийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэнд гомдолтой байна.

2. Батлан даагч нар итгэмжлэлээ нотариатчаар гэрчлүүлсэн нотариатын үйлдэл хүчинтэй байх бөгөөд шүүхэд батлан даагч Д.А намайг төлөөлж миний охин А.Х зээлийн гэрээнд гарын үсгээ зурсан гэж тайлбар гаргасан байна.

3. Шүүхэд хариуцагчаар “Тоосгон-Уул” ХХК-ийг татаж шаардлагаа гаргасан атал Д.Аыг хариуцагчаар татаж хэргийг хэрэгсэхгүй болгосон.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг дээрх үндэслэлээр хүчингүй болгож хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү” гэжээ.

Нэхэмжлэгч Х, Х  үйлчилгээний ерөнхий газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Анхан шатны шүүх нь хэргийн нотлох баримтыг дутуу бүрдүүлж шийдвэрлэсэн гэж үзэж байна. Хэрэгт авагдсан зээлийн гэрээний 4.8 дахь хэсэг болон “Т  У”ХХК-аас А.Хд батлан даалтын гэрээнд гарын үсэг зурах эрх олгосон итгэмжлэл гэсэн 2 баримтаас харахад хариуцагч нь “Т  У”ХХК болох нь тодорхой байгаа. “Т  У”ХХК-ийн итгэмжлэл дээр нотариатын үйлдэл хийгдсэн нь хүчинтэй байдаг. Итгэмжлэл дээр хүсэл зорилго нь тодорхой  илэрхийлэгдсэн байгаа. Зээлийн гэрээний 4.8 дахь хэсэгт зааснаар “Т  У”ХХК нь өөрийн үл хөдлөх эд хөрөнгөөр батлан дааж байгаа. Нотариатын үйлдэл хүчинтэй байгаа тохиолдолд батлан даалтын үүргээс хариуцагч болон “Т  У”ХХК чөлөөлөгдөхгүй гэж үзэж байна.

“Т  У”ХХК-ийн итгэмжлэл дээр хийгдсэн нотариатын үйлдэл хүчинтэй байгаа эсэх, мөн итгэмжлэл олгогдсон А.Х нь нотариатын бүртгэлийн дэвтэрт гарын үсэг зурсан эсэхийг тодруулаагүй. Мөн нотариатын үйлдэл дээр “Т  У”ХХК болон А.Х нар ямар байдлаар оролцох талаар эсвэл А.Х итгэмжлэл дээр яагаад гарын үсэг зураагүй байгаа талаар тус бүр тодруулж байж анхан шатны шүүх шийдвэр гаргах ёстой байсан. Гэтэл итгэмжлэлийг нотариатаас дахин гаргуулаад А.Х нь батлан даах үүргээс чөлөөлөгдөж байна гэж шийдвэрлэсэн. Нотариатын үйлдлийг харгалзан үзээгүй, мөн нотлох баримтыг дутуу бүрдүүлсэн гэж үзэж давж заалдах журмаар гомдол гаргасан.

Хариуцагчийг шүүхэд “Т  У”ХХК гэж тодорхойлсон. Гэтэл анхан шатны шүүхийн шийдвэрт А.Х, Д.А нар батлан даах үүргээс чөлөөлөгдөж байна гэж шийдвэр гарсан тул хариуцагчийг буруу тодорхойлж, мөн нэхэмжлэлийн шаардлагыг сайн тодруулаагүйгээс болж А.Х, Д.А нарыг хувь хүнээр нь хариуцагчаар татаж нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон болов уу гэж үзэж байна. Анхан шатны шүүх буруу шийдвэр гаргасан гэх үндэслэлээр давж заалдах журмаар гомдол гаргасан. А.Х нь “Т  У”ХХК-ийн батлан даалтын гэрээн дээр гарын үсэг зурсан байтлаа яагаад батлан даалтын үүргээс чөлөөлөгдөж байгаа нь тодорхойгүй, хууль зүйн үндэслэлгүй шийдвэр гаргасан гэж үзэж байгаа тул хэргийг анхан шатны шүүхэд буцааж өгнө үү” гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Анхан шатны шүүх нэхэмжлэгч Х, Х  үйлчилгээний ерөнхий газрын нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан шийдвэрлэхдээ хуульд заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн байх тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах үндэслэлтэй гэж давж заалдах шатны шүүх хуралдаанаас дүгнэлээ. Үүнд :

1. Нэхэмжлэгч Х, Х  ү е г анхан шатны шүүхэд 2020 оны 3 дугаар сарын 31-ний өдөр гаргасан нэхэмжлэлдээ “Ч Э н”нөхөрлөл /хуулийн этгээд/, иргэн Даваажав овогтой Алдар, Алдар овогтой Хулан нарыг тус тус хариуцагчаар нэрлэн зааж, нэхэмжлэлийн шаардлагаа “гэрээний дагуу олгосон санхүүжилт 150.000.000 төгрөг, алданги 6.500.000 төгрөг, нийт 156.500.000 төгрөгийг хариуцагч “Ч Э н”нөхөрлөл болон Д.А, А.Х нараас гаргуулж өгнө үү” гэж тодорхойлжээ.  

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад “Ч Э н”нөхөрлөлийг төлөөлж Л.Д нэхэмжлэлийн хувийг гардан авч, шүүхэд хариу тайлбар ирүүлж, шүүх хуралдаанд оролцсон байх боловч түүнийг уг нөхөрлөлийг шууд төлөөлөх эрхтэй этгээд болохыг тодорхойлсон баримт нотолгоо, тухайлбал “Ч Э н”нөхөрлөл /хуулийн этгээд/-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ, эсхүл төлөөлөх эрх олгосон итгэмжлэл зэрэг баримт хэрэгт авагдаагүй байхад шүүх хариуцагчаар татаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1, 35.2 дахь хэсгүүдэд: “Хуулийн этгээд төлөөлөгчөөрөө дамжуулан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцоно. Хуулийн этгээдийг төлөөлж байгаа этгээд өөрийн албан тушаал, эсхүл төлөөлөх эрх олгогдсоныг гэрчилсэн баримт бичгийг шүүхэд үзүүлнэ” гэж тус тус заасныг зөрчсөн байна.

2. Нэхэмжлэгч тал хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа тодруулсан тайлбарыг 2020 оны 6 дугаар сарын 8-ны өдөр шүүхэд ирүүлснийг хариуцагч нарт танилцуулаагүй нь хэргийн оролцогчийн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.1-т заасан “хэргийн оролцогч нь эсрэг талын шаардлага, тайлбар, татгалзал, түүнийг нотлох баримттай танилцах, тэдгээрт тайлбар өгөх” эрхийг зөрчсөн, өөрөөр хэлбэл нэхэмжлэгч нь анх нэхэмжлэлийн шаардлагаа хариуцагч нараас “156.500.000 төгрөг гаргуулах” гэж тодорхойлсон бол 2020 оны 6 дугаар сарын 8-ны өдөр шүүхэд ирүүлсэн, “нэхэмжлэлийн шаардлагаа тодруулах нь” гэх тайлбартаа “Ч Э н”нөхөрлөлөөс зээл, зээлийн алданги нийт 156.500.000 төгрөгийг гаргуулж өгнө үү. Төсөл хэрэгжүүлэгч тал төлбөр төлөх үүргээ гүйцэтгээгүй, шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг батлан даагч болон батлан даагч нарын батлан даасан хөрөнгөөр хариуцуулахаар шийдвэр гаргаж өгнө үү” гэж шаардлагаа нэмэгдүүлсэн байхад энэхүү шаардлагыг хариуцагч нарт танилцуулаагүй атлаа шүүх нэхэмжлэлийн шаардлагад тооцож, шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.

3. Нэхэмжлэгч Х, Х  үйлчилгээний ерөнхий газрын нэхэмжлэлд хариуцагчаар нэрлэн заасан Д.А, А.Х нар иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд өөрсдийгөө төлөөлүүлэхээр Е.Баяраад 2020 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр итгэмжлэл олгосон байх ба мөн өдөр шүүхээс итгэмжлэгдсэн төлөөлөгчид нэхэмжлэлийн хувийг гардуулсан байх боловч тэрээр шүүхээс тогтоосон хугацаанд нэхэмжлэлийн шаардлагын талаар тайлбар ирүүлээгүй, мөн анхан шатны шүүх хуралдааны товыг хүлээн авсан боловч хүрэлцэн ирээгүй байна.  

Харин шүүхээс Д.А, А.Х нарт нэхэмжлэлийн хувь гардуулаагүй, тэдэнд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох эрх, үүрэг танилцуулаагүй атлаа тэдний 2020 оны 5 дугаар сарын 8-ны өдөр шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын талаархи тайлбар /хх-ийн 37-р хуудас/-ыг үнэлж, шүүхийн шийдвэрт тусгасан нь үндэслэлгүй байна.

Хэдийгээр хэргийн оролцогч буюу зохигчийн тайлбар нь нотолгооны хэрэгсэлд тооцогдох боловч энэхүү тайлбар нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цугларсан байхыг шаардана.  

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.5-т “Өмгөөлөгчөөс өөр этгээдээр төлөөлүүлж байгаа иргэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд биечлэн оролцохгүй. Биечлэн оролцох тохиолдолд өөрийг нь төлөөлж байгаа этгээдээс татгалзсан тухайгаа шүүхэд бичгээр мэдэгдэнэ” гэж заасан ба Д.А, А.Х нар итгэмжлэгдсэн төлөөлөгчөөсөө татгалзсан талаараа шүүхэд бичгээр мэдэгдээгүй, энэ талаархи баримт нотолгоо хэрэгт авагдаагүй байх тул тэднийг хуульд заасан журмын дагуу нэхэмжлэлд тайлбар гаргасан гэж үзэх боломжгүй юм.   

            Дээрх үндэслэлүүдээр анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөнийг давж заалдах шатны шүүхээс залруулах боломжгүй байх тул Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 535 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэв.

            Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн үндэслэлээр хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасан тул хэргийн үйл баримт, хууль хэрэглээний талаар давж заалдах шатны шүүхээс дүгнэлт хийгээгүй болохыг дурдах нь зүйтэй гэж үзэв.

            Нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа төлсөн улсын тэмдэгтийн хураамж  954.450 / есөн зуун тавин дөрвөн мянга дөрвөн зуун тавь / төгрөгийг төрийн сангаас шүүгчийн захирамжаар буцаан гаргуулж, нэхэмжлэгч Х, Х  ү е гт олгох үндэслэлтэй байна .   

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 535 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч  Х, Х  үйлчилгээний ерөнхий газрын давж заалдах журмаар гомдол гаргахдаа төлсөн улсын тэмдэгтийн хураамж  954.450 /есөн зуун тавин дөрвөн мянга дөрвөн зуун тавь/ төгрөгийг төрийн сангаас шүүгчийн захирамжаар гаргуулж буцаан олгосугай.  

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2 дахь хэсэгт зааснаар  давж заалдах шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн үндэслэлүүдээр зохигч, гуравдагч этгээд тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд Шүүхийн иргэний хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Д.ЖАМБАЛСҮРЭН

ШҮҮГЧИД                                                     Н.МӨНХЖАРГАЛ

                                                                        Л.АЛТАН