Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 06 сарын 15 өдөр

Дугаар 152/ШШ2021/00242

 

         Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Дэлгэрцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,

         Нэхэмжлэгч:  Ж овогт Д-ын А-яагийн, 

         Хариуцагч: Увс аймгийн Улаангом сумын ДЦӨЭМТ,

         Хамтран хариуцагч: Увс аймгийн Улаангом сумын ЗД нарт холбогдох,

       Ажилд томилж, ажилласан хугацааны цалин 432.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2021 оны 1 дүгээр сарын 21-ний өдөр хүлээн авч, 2021 оны 1 дүгээр сарын 28-ны өдөр иргэний хэрэг үүсгэн, хянан хэлэлцэв. 

   Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.А, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Лхагважав, хариуцагч Д.О, хариуцагч Ц.П-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.О, хариуцагч Д.О-ийн өмгөөлөгч Б.Цагцалмаа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Болорзаяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

        Нэхэмжлэгч Д.А шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний бие Улаангом сумын ЗД-ын 2020 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн Б/17 тоот захирамжаар хугацаагүй ажилд томилогдож, ДЦӨЭМТ-ийн дарга болон 5 дугаар багийн эмчийн ажлыг хавсран гүйцэтгэж байсан. Тус ӨЭМТ-ийн эмч Д.О-тэй ажиллаж байх хугацаанд тавьсан шаардлагыг биелүүлэхгүй хэл ам гаргадаг байсан. Улмаар шүүхийн шийдвэрийн дагуу Улаангом сумын Засаг даргын 2020 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн Б/22 тоот захирамжаар Д.О нь ДЦӨЭМТ-ийн даргаар эргэн томилогдсон бөгөөд надад ажлын байрны дарамт үзүүлж, үзэл бодол таарахгүй гэдэг шалтгаанаар ажлын байраар хангаж чадахгүй ажлаа өг гэж удаа дараа шаардсан. Би 5-р багийн их эмчээр 2020 оны 9 дүгээр сарын 15-ны өдрөөс 2021 оны 1 дүгээр сарын 19-ний өдрийг хүртэл үргэлжлүүлэн ажиллах хугацаанд үүрэгт ажлаа сайн биелүүлж байсан. Д.О даргаар томилогдсон даруй миний хавсран ажиллаж байсан орон тоон дээр нийгмийн эрүүл мэндийн ажилтан хийж байсан Тг томилохдоо надтай зөвшилцөөгүй, мөн намайг эмчээр томилсон тушаалгүй болохоор чөлөөлсөн тушаал гаргахгүй гэж миний хөдөлмөрлөх эрхийг зөрчсөн тул шүүхэд хандах болсон. Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар шүүхийн шийдвэрээр ажилд нь эргүүлэн томилсон тохиолдолд түүний эрхэлж байсан ажил, албан тушаалд шинээр орсон ажилтны хөдөлмөрийн гэрээг цуцалж бололцооны дагуу өөр ажил олж өгнө гэж, мөн Монгол Улсын Дээд шүүхийн 2006 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 33-р тогтоолд Хөдөлмөрийн тухай хуулийн зарим зүйл, заалтыг тайлбарлахдаа Хөдөлмөрийн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т заасан бололцооны дагуу өөр ажил олж өгнө гэсэн заалт нь хөдөлмөрийн гэрээ нь цуцлагдаж байгаа шинээр томилогдсон ажилтны зөвшөөрлөөр, хуулийн этгээд, байгууллагын зохион байгуулалтын бүтцэд ажлын байр байгаа нөхцөлд хэрэгжих боломжтой гэж үзэхээр заажээ. Дээрх хуулийн заалтаар 3, 5-р багийн эмчийн орон тоо ДЦӨЭМТ-ийн бүтэц зохион байгуулалтад байгаа төдийгүй цалингийн сан ч хүрэлцээтэй байгаа тул хэрэгжих боломжтой. Түүнчлэн Д.О даргаар томилогдсоноос хойш ажил олгогчийн буруутай шалтгаанаас 5-р багийн эмчээр тасралтгүй ажиллаж байсан надтай хөдөлмөрийн гэрээг бичгээр байгуулахгүйгээр 2021 оны 1 дүгээр сард намайг ажиллаж байх хугацаатай давхацуулан тус төвд нийгмийн эрүүл мэндийн ажилтнаар ажиллаж байсан эмч Т их эмчийг 3, 5-р багийн их эмчээр томилсон. Ийнхүү ДЦөрхийн эрүүл мэндийн дарга Д.О надтай үзэл бодол таарахгүйн улмаас ажлын байрны дарамт үзүүлж, миний хөдөлмөрлөх эрхийг зөрчиж Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.8 дахь заалт, 40 дүгээр зүйлийн 40.2 дахь заалтыг зөрчиж тушаал танилцуулж гаргахгүйгээр миний ажиллах нөхцлийг хясан боогдуулж, хөдөлмөрлөх нөхцөлийг хангахгүй байгаа тул намайг ДЦӨЭМТ-ийн 3, 5-р багийн их эмчээр томилж, 2021 оны 1 дүгээр сарын 04-ний өдрөөс 2021 оны 1 дүгээр сарын 19-ний өдрийг хүртэлх ажилласан хугацааны цалин 432.000 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэжээ.

         Хариуцагч Д.О шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Д.А нэхэмжлэлдээ ДЦӨЭМТ-ийн дарга Д.О надтай үзэл бодол таарахгүйгээс намайг ажлаас чөлөөлж 5-р багийн эмчээр Т.Т-г томилсон тушаал танилцуулсан, надад тухайн тушаалаа танилцуулаагүй гэсэн нэхэмжлэлийн шаардлага гаргажээ. Д.А нь ДЦ өрхийн эрүүл мэндийн даргын ажилд орохдоо Улаангом сумын Засаг даргын 2020 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн Б/17 тоот захирамжаар томилогдсон. Тухайн үед миний бие нь Засаг даргын 2020 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн Б/06 тоот захирамжаар ажлаас чөлөөлөгдсөн байсан. Д.А-г анх ажилд ороход би тушаал гаргаж ажилд аваагүй, мөн ажлаас чөлөөлөхөд би чөлөөлөөгүй. Д.А нь Улаангом сумын Засаг даргын захирамжаар ажлаас чөлөөлөгдсөн байсан ба 5-р багийн эмч байхгүйгээс их эмчээр Т.Т-г томилсон. Миний бие ажлаас үндэслэлгүй чөлөөлөгдсөн учир ажилдаа эргэж ороход Д.А-г Улаангом сумын Засаг дарга Ц.П 2020 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн Б/22 тоот захирамжаар ажлаас чөлөөлсөн. Иймээс би хариуцагч биш юм. Хариуцагч нь Улаангом сумын Засаг дарга Ц.П байх ёстой. Иймд Д.А нэхэмжлэлдээ намайг хариуцагчаар татаж оруулж буйг хүлээн зөвшөөрөхгүй байна. Д.А 2021 оны 1 дүгээр сараас хойш огт ажил хийгээгүй болох нь цагийн бүртгэл, цалингийн цэсээс харагдаж байна. Иймээс Д.А-гийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

       Хариуцагч Ц.П шүүхэд гаргасан тайлбартаа: Д.О нь ДЦӨЭМТ-ийн даргаар 2015 оны 8 дугаар сарын 13-ны өдрөөс 2020 оны 6 дугаар сарын 30-ны өдөр хүртэл ажиллаж байсан. Д.О харилцаа хандлага муутай, ёс зүйн алдаа дутагдалтай, хамт олноо манлайлан удирдан зохион байгуулах чадваргүй гэж хамт олны зүгээс удаа дараа гомдол ирсний дагуу ажилтан, албан хаагчид, нөхөрлөлийн хурлын гишүүдийн шийдвэрээр 2020 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн Б/06 дугаар захирамжаар Д.О-ийг ажлаас чөлөөлсөн. Үүний дараа 2020 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн нөхөрлөлийн хурлын шийдвэрээр Э.Э-дыг томилсон боловч Э.Э Улаанбаатар хотод мэргэжил дээшлүүлэхээр суралцах болсонтой холбогдуулан 2020 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн Б/17 тоот захирамжаар Д.А-г ДЦӨЭМТ-ийн даргаар томилсон. Улаангом сумын ДЦӨЭМТ-ийн даргаар ажиллаж байсан Д.О 2020 оны 7 дугаар сарын 01-ний өдөр ажилд эгүүлэн тогтоолгох нэхэмжлэлийг шүүхэд гаргаж, 2020 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 690 дугаар шийдвэрээр ажилд нь эгүүлэн тогтоосон. Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар ажлаас буруу халагдсан ажилтныг шүүхийн шийдвэрээр ажилд нь эгүүлэн тогтоосон тохиолдолд түүний эрхэлж байсан ажил, албан тушаалд шинээр орсон ажилтны хөдөлмөрийн гэрээг цуцалж, бололцооны дагуу өөр ажил олж өгнө гэж заасан боловч ДЦӨЭМТ-ийн дарга Д.О 5 дугаар багийн эмчийн сул орон тоонд нийгмийн эрүүл мэндийн ажилтнаар ажиллаж байсан хүнийг томилон ажиллуулж, ЭМТ-ийн даргаар ажиллаж байсан Д.А-г 2020 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн Б/22 тоот захирамжийг үндэслэн ажлаас чөлөөлсөн тул ӨЭМТ-ийн ажилд саад болохгүй байхыг мэдэгдсэн байна. Эрүүл мэндийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1.2 дахь заалтад иргэн эмчлүүлэгч өрхийн эмчээ өөрөө сонгон бүртгүүлэх эрхтэй байдаг ба сумын Засаг дарга надад хандан 5 дугаар багийн иргэдийн зүгээс эмч Д.А-гаар эмчлүүлэх хүсэлтэй байгаагаа удаа дараа илэрхийлсэн өргөдөл хүсэлтийг ирүүлж байна. Д.О эргэн ажилдаа томилогдохдоо Засаг дарга надад хандан өөрийн гараар "Ажилтан албан хаагчдаа дур мэдэн халж солихгүй, нөхөрлөлийнхөө хурлаар шийдэж байна" гэсэн амлалт бичгийг бичиж өгч байсан боловч 5-р багийн эмчээр ажиллаж байсан Д.Аг тухайн орон тоонд авахгүйгээр шууд хувийн өш хонзонгийн сэдэлтэйгээр ажлаас чөлөөлсөн байна. 2021 он гарснаар ДЦӨЭМТ-ийн дарга Д.О ёс зүйн алдаа дутагдал байнга гаргаж, тухайн албан тушаалд тохирохгүй гэх ажилтан албан хаагчдын гомдол удаа дараа ирсээр байна. Миний бие Д.О-ийг шүүхийн шийдвэрийн дагуу эгүүлэн ажилд томилохдоо Д.А-г 5 дугаар багийн эмчээр авч ажиллуулан ажлын байраар хангах үүрэг чиглэл өгсөн боловч хэрэгжүүлж ажиллаагүй гэжээ.

        Хариуцагч Ц.П-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.О шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:Нэхэмжлэгч Д.А-г ажилд томилсон Увс аймгийн Улаангом сумын Засаг даргын захирамжид түүнийг ДЦӨЭМТ-ийн даргын ажилд томилсон болохоос биш 3, 5 дугаар багийн эмчийн ажилд томилсон зүйл байхгүй. Д.А 2020 оны 12 дугаар сарын цалинг бүтнээр нь авсан байгаа. Д.А-тай холбоотой хөдөлмөрийн харилцаа нь өмнөх дарга Д.О-тэй шүүхийн шийдвэрээр ажилдаа эгүүлэн томилогдсонтой холбоотойгоор дуусгавар болсон. Нэхэмжлэгч 3, 5 дугаар багийн эмчийн ажлыг хавсран гүйцэтгэж байсан гэж байгаа боловч Увс аймгийн Улаангом сумын Засаг дарга нь Д.А-г 3, 5 дугаар багийн эмчийн ажилд томилох эрх бүхий албан тушаалтан биш. Иймд Увс аймгийн Улаангом сумын Засаг дарга хариуцагч биш гэж үзэж байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасныг хэрэгжүүлэхийн тулд Улаангом сумын Засаг дарга нь ДЦӨЭМТ-ийн дарга руу “Д.А-г 5 дугаар багийн эмчээр авч ажиллуул” гэсэн агуулга бүхий албан бичгийг явуулсан боловч ДЦӨЭМТ нь 3, 5 дугаар багийн эмчийн ажилд Т.Т гэх хүнийг томилсон байгаа. Иймд манай байгууллага бол хариуцагч биш” гэжээ.

      Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

       Нэхэмжлэгч Д.А нь хариуцагч Увс аймгийн Улаангом сумын ДЦӨЭМТ-д холбогдуулан ажилд томилж, ажилласан хугацааны цалин 432.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Лхагважавын хүсэлтээр Увс аймгийн Улаангом сумын Засаг даргыг хамтран хариуцагчаар татан оролцуулсан байна.

     Хариуцагч Д.О Д.А нь Улаангом сумын Засаг даргын захирамжаар ажлаас чөлөөлөгдсөн ба 5-р багийн эмч байхгүйгээс би их эмчээр Т.Тг томилсон. Миний бие ажлаас үндэслэлгүй чөлөөлөгдсөн учир ажилдаа эргэж ороход Д.А-г Улаангом сумын Засаг дарга Ц.П 2020 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн Б/22 тоот захирамжаар ажлаас чөлөөлсөн. Иймээс би хариуцагч биш. Хариуцагч нь Улаангом сумын Засаг дарга Ц.П байх ёстойгэж, хариуцагч Ц.П “Миний бие Д.О-ийг шүүхийн шийдвэрийн дагуу ажилд эгүүлэн томилохдоо Д.А-г 5 дугаар багийн эмчээр авч ажиллуулан ажлын байраар хангах үүрэг чиглэл өгсөн боловч хэрэгжүүлж ажиллаагүй” гэх нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн агуулгатай тайлбар ирүүлсэн боловч хариуцагч Ц.П-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.О “Д.А-тай холбоотой хөдөлмөрийн харилцаа нь өмнөх дарга Д.О-тэй шүүхийн шийдвэрээр ажилдаа эгүүлэн томилогдсонтой холбоотойгоор дуусгавар болсон. Нэхэмжлэгч нь 3, 5 дугаар багийн эмчийн ажлыг хавсран гүйцэтгэж байсан гэж байгаа боловч Увс аймгийн Улаангом сумын Засаг дарга нь Д.А-г 3, 5 дугаар багийн эмчийн ажилд томилох эрх бүхий албан тушаалтан биш. Иймд Увс аймгийн Улаангом сумын ЗД хариуцагч биш гэж үзэж байна” гэж маргажээ.

       Увс аймгийн Улаангом сумын Засаг даргын 2020 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн Б/22 дугаар “Д.А-г ажлаас чөлөөлөх тухай” тушаалаар Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.4, 37.1.5, 38 дугаар зүйлийн 38.1.2, 40 дүгээр зүйлийн 40.2, Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 690 дүгээр шийдвэрийг баримтлан “Улаангом сумын ДЦӨЭМТ-ийн даргаар ажиллаж байсан Д.О шүүхийн шийдвэрээр эргэн ажилдаа орох болсон” гэх үндэслэлээр тус ӨЭМТ-ийн даргаар ажиллаж байсан Д.А-г 2020 оны 12 дугаар сарын 21-ний өдрөөр тасалбар болгон ажлаас нь чөлөөлсөн байна.

        Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1.2-т зааснаар ажил олгогч нь ажлаас үндэслэлгүй халагдсан ажилтныг өмнө нь эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоох тухай шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон бол ажилтныг урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд нь эгүүлэн авах үүрэгтэй ба талууд “Улаангом сумын ДЦӨЭМТ-ийн даргаар ажиллаж байсан Д.О шүүхийн шийдвэрээр эргэн ажилдаа орох болсон тул тус ӨЭМТ-ийн даргаар ажиллаж байсан Д.А-г ажлаас чөлөөлсөн” гэх үйл баримтын талаар маргаагүй, нэхэмжлэгч Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар ажлын байраар хангах боломжтой байхад ажлын байраар хангаагүй, хариуцагч, хариуцагч Ц.П-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч нар “нэхэмжлэлийг хариуцах хариуцагч биш” гэж маргажээ.

       Увс аймгийн Улаангом сумын Засаг даргын 2020 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн Б/22 дугаар “Д.А-г ажлаас чөлөөлөх тухай” тушаалаар Д.А-г ажлаас чөлөөлсний дараа Увс аймгийн Улаангом сумын Засаг дарга “Улаангом сумын 5-р багийн иргэдээс ирсэн хүсэлтийн дагуу ДЦӨЭМТ-ийн 5-р багийн эмч Д.А-г цаашид үргэлжлүүлэн ажиллуулах талаар удаа дараа санал хүсэлт Засаг дарга надад хандан ирүүлж байна. Иймд Эрүүл мэндийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1.2 дахь заалтад иргэн эмчлүүлэх өрхийн эмчээ сонгон бүртгүүлэх эрхийг, мөн коронавируст халдвар /Ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т цар тахлын үед иргэдийн эрүүл мэнд, орлогыг хамгаалах, ажлын байрыг хадгалах, эдийн засгийг идэвхжүүлэх, эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэх, хорио цээрийн болон хязгаарлалтын дэглэмд шаардлагатай санхүүжилтийг шийдвэрлэх, хямралын эсрэг холбогдох санг арвижуулах зорилгоор жилийн батлагдсан төсвийн нийт зардлын хэмжээг нэмэгдүүлэхгүйгээр төсвийн ерөнхийлөн захирагч хооронд хөрөнгийн болон урсгал зардал хооронд төсвийн зарцуулалт хийх, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг үзүүлэх гэсэн заалтуудыг мөрдөж ажиллахыг зөвлөж байна” гэх агуулгатай албан бичгийг Улаангом сумын ДЦӨЭМТ-д хүргүүлсэн байна.

         Гэвч Улаангом сумын ДЦӨЭМТ-ийн дарга нь тус төвд нийгмийн ажилтнаар ажиллаж байсан Т.Т-г 2021 оны 1 дүгээр сарын 04-ний өдрөөс 3, 5-р баг хариуцсан их эмчийн ажилд томилжээ.

        Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т “Ажлаас буруу халагдсан ажилтныг шүүхийн шийдвэрээр ажилд нь эгүүлэн тогтоосон тохиолдолд түүний эрхэлж байсан ажил, албан тушаалд шинээр орсон ажилтны хөдөлмөрийн гэрээг цуцалж, бололцооны дагуу өөр ажил олж өгнө” гэж заасан байх ба “бололцооны дагуу өөр ажил олж өгнө” гэсэн нь хөдөлмөрийн гэрээ нь цуцлагдаж байгаа шинээр томилогдсон ажилтны зөвшөөрлөөр, хуулийн этгээд, байгууллагын зохион байгуулалтын бүтцэд ажлын байр байгаа нөхцөлд хэрэгжих боломжтой гэж үзнэ.

      Дээрх хуульд зааснаар Д.А-г ажлын байраар хангах боломжтой байхад ДЦ өрхийн эрүүл мэндийн 3, 5-р багийн эмчээр өөр ажилтан томилсон байх тул нэхэмжлэгч нь хариуцагч Увс аймгийн Улаангом сумын ДЦӨЭМТ, тус сумын Засаг дарга нараас Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар 3, 5-р багийн эмчийн ажилд томилохыг шаардах эрхтэй.

       Нэхэмжлэгчийн 2021 оны 1 дүгээр сарын 04-ний өдрөөс 2021 оны 1 дүгээр сарын 19-ний өдрийг хүртэлх ажилласан хугацааны цалин 432.000 төгрөг гаргуулах тухай шаардлагын тухайд Увс аймгийн Улаангом сумын Засаг даргын 2020 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн Б/22 дугаар “Д.Аг ажлаас чөлөөлөх тухай” тушаалаар Д.А-г 2020 оны 12 дугаар сарын 21-ний өдрөөр тасалбар болгон ажлаас нь чөлөөлсөн байх ба энэ хугацаанаас хойш ажилтан, ажил олгогч нарын хоорондох хөдөлмөрийн харилцаа дуусгавар болсон байх тул нэхэмжлэгч нь 2021 оны 1 дүгээр сарын 04-ний өдрөөс 2021 оны 1 дүгээр сарын 19-ний өдрийг хүртэлх ажилласан хугацааны цалин 432.000 төгрөг гаргуулахыг шаардах эрхгүй байна.                                                                                                                                                                                                                                                                                                                                                            Хариуцагч Д.О, хариуцагч Ц.П-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч нар харилцан хариуцагч биш гэж маргаж байх боловч нэхэмжлэгч Д.Аг ажлаас чөлөөлсөн тушаал гаргасан эрх бүхий этгээд нь Увс аймгийн Улаангом сумын Засаг дарга, эмчийн ажилд томилох эрх бүхий этгээд нь Увс аймгийн Улаангом сумын ДЦӨЭМТийн дарга нар байх тул тэднийг хамтран хариуцагчид гэж үзэж, дээрх тайлбарыг хүлээн авах боломжгүйг дурдах нь зүйтэй. 

          Иймд Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Д.А-г Увс аймгийн Улаангом сумын ДЦӨЭМТ-ийн 3, 5-р багийн эмчийн ажилд томилохыг хариуцагч Увс аймгийн Улаангом сумын ДЦӨЭМТ, тус сумын Засаг дарга нарт даалгаж, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 2021 оны 1 дүгээр сарын 04-ний өдрөөс 2021 оны 1 дүгээр сарын 19-ний өдрийг хүртэлх ажилласан хугацааны цалин 432.000 төгрөг гаргуулах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

         Нэхэмжлэгч Д.А-гийн Увс аймгийн Улаангом сумын ДЦӨЭМТ-ийн 3, 5-р багийн эмчийн ажилд томилохыг хариуцагч Увс аймгийн Улаангом сумын ДЦӨЭМТ, тус сумын Засаг дарга нарт даалгах тухай нэхэмжлэл нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдснийг дурдаж, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тул хариуцагч Увс аймгийн Улаангом сумын ДЦӨЭМТ, тус сумын Засаг дарга нараас уг шаардлагад ногдох улсын тэмдэгтийн хураамж 70.200 төгрөг гаргуулж улсын орлогод оруулж, 2021 оны 1 дүгээр сарын 04-ний өдрөөс 2021 оны 1 дүгээр сарын 19-ний өдрийг хүртэлх ажилласан хугацааны цалин 432.000 төгрөг гаргуулах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчийн энэ шаардлагад төлсөн улсын тэмдэгтийн хураамж 13.610 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.

        Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

            1. Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Д.А-г Увс аймгийн Улаангом сумын ДЦӨЭМТ-ийн 3, 5-р багийн эмчийн ажилд томилохыг хариуцагч Увс аймгийн Улаангом сумын ДЦӨЭМТ, тус сумын Засаг дарга нарт даалгаж, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 2021 оны 1 дүгээр сарын 04-ний өдрөөс 2021 оны 1 дүгээр сарын 19-ний өдрийг хүртэлх ажилласан хугацааны цалин 432.000 /дөрвөн зуун гучин хоёр/ төгрөг гаргуулах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

          2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, 41 дүгээр зүйлийн 41.1.5, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгч Д.А улсын тэмдэгтийн хураамж 70.200 төгрөг төлөхөөс чөлөөлөгдснийг дурдаж, хариуцагч Увс аймгийн Улаангом сумын ДЦӨЭМТ, тус сумын Засаг дарга нараас 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөг гаргуулж улсын орлогод оруулж, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 13.610 /арван гурван мянга зургаан зуун арав/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

           Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.  

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Л.ДЭЛГЭРЦЭЦЭГ