Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 05 сарын 27 өдөр

Дугаар 155/ШШ2021/00579

 

 

 

 

 

2021 оны 05 сарын 27 өдөр

Дугаар 155/ШШ2021/00579

Хөвсгөл аймаг

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Отгонбямба даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн Мөрөн суманд 1984 онд төрсөн, 37 настай, эмэгтэй, дээд боловсролтой, сэтгүүлч мэргэжилтэй, Мөрөн телевизийн захирал ажилтай, Хөвсгөл аймгийн Мөрөн сумын ..... дугаар багийн ........ дугаар байрны ............. тоотод оршин суух, РЮ.............. дугаар регистртэй, Гү..... овогт Г. Д.,

Хариуцагч: Хөвсгөл аймгийн Мөрөн сумын ....... дугаар багийн .......... дугаар байрны .........тоотод оршин суух, эрэгтэй, РХ............ дугаар регистртэй, ........ хариад овогт Т.Ж. холбогдох,

Түрээсийн төлбөр 4.353.000 /дөрвөн сая гурван зуун тавин гурван мянга/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2021 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр хүлээн авч, 155/2021/00411/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Уянга, нэхэмжлэгч Г.Д. нар оролцлоо.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Г.Д шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Би өөрийн эцэг Д.Г итгэмжлэлээр түүний мэдлийн 4 замын Тамир төвийн нэг давхарт байрлах, Мөрөн телевизийн байранд 2 өрөөг 2020 оны 2 дугаар сарын 10-ны өдрөөс 2021 оны 2 дугаар сарын 10-ны өдөр хүртэл 1 жилийн хугацаанд, гэрэл зургийн студийн зориулалтаар иргэн Т.Ж. сарын 450.000 төгрөгөөр түрээсийн гэрээ хийж түрээслүүлсэн. Гэтэл Ж. нь орохдоо 900.000 төгрөг өгөөд /эхний сар, сүүлийн сарын мөнгө гэж тохиролцсон/ түүнээс хойш 200.000 төгрөг, 40.000 төгрөг, 60.000 төгрөг, 50.000 төгрөг, 100.000 төгрөг, 200.000 төгрөг, 72.000 төгрөг, 65.000 төгрөг, 160.000 төгрөг, 100.000 төгрөг буюу нийт 1.947.000 төгрөг өгсөн. Энэ хүн түрээсээ нэг ч удаа хугацаанд нь бүтэн өгч байгаагүй ба нэхэх үед ийм байдлаар цувуулж өгч байсан, орсон цагаасаа хойш гэрээний үүргээ биелүүлээгүй өнөөдрийг хүргэжээ. Би таньдаг хүн, муудалцаад яахав гээд их хүлээсэн. Эвлэрүүлэн зуучлалд өгсөн боловч огт ирсэнгүй бас л үл тоолоо. Утсаар залгахад авахгүй, гэрт нь очиход байхгүй гэж хэлүүлдэг. Эхнэр Сувдаа руу нь хэлэхэд өөртэй нь ярь гэдэг. Иймд холбогдох аргагүй, цаашид түрээсийн төлбөрөө төлж, намайг хохиролгүй болгоно гэдэг итгэлгүй болсон тул 2020 оны 2 дугаар сарын 10-ны өдрөөс 2021 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийг хүртэл хугацааны түрээсийн төлбөр болох нийт 6.300.000 төгрөгөөс цувуулж өгсөн 1.974.000 төгрөгийг хасч, нийт 4.353.000 төгрөгийг Т.Ж.гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Т.Ж. шүүхэд гаргасан тайлбартаа: Би Мөрөн сумын... дугаар багийн .......... тоотод амьдардаг. Иргэн Д. Мөрөн телевизийн жижиг 2 өрөөг 2020 оны 2 дугаар сарын 10-ны өдрөөс 2021 оны 2 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл түрээслэх гэрээ хийсэн. Уг байр нь өнгө үзэмжийн хувьд студи ажиллуулах боломжгүй байсан. Бид засвар хийж ажлаа эхэлсэн. Үүнд материал, ажлын хөлс 1.000.000 төгрөг болсон. Бид 2020 оны 2 дугаар сарын 10-ны өдөр түрээсийн урьдчилгаа 900.000 төгрөг өгч орсон. Мөн нийт 2.847.000 төгрөг төлсөн байна. Бид 200.000 төгрөг, 40.000 төгрөг, 60.000 төгрөг, 50.000 төгрөг, 100.000 төгрөг, 200.000 төгрөг, 72.000 төгрөг, 65.000 төгрөг, 160.000 төгрөг, 100.000 төгрөг буюу нийт 1.947.000 төгрөг өгсөн. Цар тахал ковидоос болоод ашиг орлого муу байна. Бүх нийтийн хорио цээр гээд түрээсээс чөлөөлөх, 50 хувиар хямдруулах санал тавьсан. 350.000 төгрөг болгох талаар ярьсан. Мөн бүх нийтийн хорио цээртэй үеийн түрээсийг 100 хувь чөлөөлүүлэх хүсэлтэй байна. Бид 2020 оны 11 дүгээр сар гэхэд л ажлын байрандаа орж болохгүй болсон байсан. Ажлын цоожны голыг сольсон байсан. Дотроос нь хүмүүсийн захиалга, бараа материал түүхий эд авч өгөх гээд залгахаар ажил руу орохыг зөвшөөрдөггүй. Бидэнд маш их хохирол учруулсан. Өнөөдрийг хүртэл дотроос юмаа авч чадахгүй ажил үйлчилгээ эрхлэх боломжгүй хохиролтой байна. Бид 2020 оны 2 дугаар сарын 10-ны өдрөөс 2020 оны 10 дугаар сарын 30-ны өдөр хүртэл түрээсийн төлбөр 350.000 төгрөгөөр тооцоод, 2020 оны 2 дугаар сарын 10-ны өдрөөс 2020 оны 10 дугаар сарын 31-ний өдөр хүртэлх 8 сарын хугацаанд буюу 8х350.000 төгрөг, нийт 2.800.000 төгрөг төлсөн байна. 2020 оны 11 дүгээр сарын 05-ны өдрөөс ажлын цоожны голыг сольж, ажил руу орох боломжгүй болсон тул 2020 оны 11 дүгээр сараас түрээс өгөх боломжгүй гэжээ.

 

Нэхэмжлэгч Г.Д. шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна. Хариуцагч Т.Ж. Мөрөн телевизийн байрладаг талбайгаас 2 өрөөг 2020 оны 2 дугаар сарын 10-ны өдөр нэг жилийн хугацаатай, сарын 450.000 төгрөг төлөхөөр тохирч, түрээсийн гэрээ байгуулсан. Гэрээний нөхцөлд түрээсийн төлбөрийг сар бүрийн 02-ны өдрийн дотор төлөх, төлөөгүй хугацаа хэтэрсэн тохиолдолд нэг өдрийн 0.2 хувиар алданги тооцох, түрээслэгч тал гэрэл цахилгааны мөнгө төлөхөөр тус тус заасан. Эхний болон сүүлийн сарын түрээсийн мөнгийг түрээслэгч тал орсон өдөртөө төлнө гэж заасан тул Т.Ж. 900.000 төгрөг өгөөд үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн. Гэтэл Т.Ж....... түрээсийн төлбөрийг гэрээнд заасан хугацаанд огт бүтэн төлж байгаагүй, цөөн хэдэн төгрөг өгөөд дараа сард нөхөж бүтнээр нь төлнө, хийж байгаа ажлаа дуусгаад олсон орлогоосоо өгнө гэж хойшлуулдаг байсан. Сүүлдээ гар утсаа авахгүй, гэрт нь очиход байхгүй, эхнэр н.Су. асуухад мэдэхгүй гэдэг болсон. 2021 оны 1 дүгээр сард шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчид хандахад ирээгүй, 70 хоног хүлээсэн. Гэрээний хугацаа дууссан боловч өөрсдийн эд зүйлээ авч, 2 өрөөг чөлөөлж өгөхгүй, бидэнд хүндрэл болон хохирол учруулж байна. Дараагийн түрээслэгчээ оруулах боломжгүй болгосон. Манайх гадна хаалганы цоож сольсон, бид үйл ажиллагаагаа хэвийн явуулж байгаа болохоор Т.Ж. хэзээ ч ирж, өөрийн эд зүйлээ авах боломжтой тул хүндрэл учруулаагүй. Түрээслэсэн 2 өрөөнд 1.000.000 төгрөгийн засвар хийсэн талаар мэдэхгүй, энэ тухай гэрээнд тусгаагүй. 2020 оны 5 дугаар сард түрээсийн төлбөрөө бүтнээр нь өгвөл 100.000 төгрөгөөс чөлөөлье гэж хэлсэн. Түүнээс түрээсийн төлбөрийг 350.000 төгрөг болгож багасгана гэж ярилцаагүй. Хариуцагч Т.Ж. гэрээнд зааснаар нэг жилийн хугацаанд төлөх түрээсийн төлбөр 5.400.000 төгрөгөөс доорх байдлаар өгсөн. Үүнд:

1. 2020 оны 2 дугаар сарын 10-ны өдөр гэрээнд зааснаар түрээсийн эхний болон сүүлийн сарын төлбөр 900.000 төгрөг,

2. 2020 оны 3 дугаар сарын 26-ны өдөр 200.000 төгрөг,

3. 2020 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр 40.000 төгрөг,

4. 2020 оны 4 дүгээр сарын 09-ний өдөр 60.000 төгрөг,

5. 2020 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр 50.000 төгрөг,

6. 2020 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр 100.000 төгрөг,

7. 2020 оны 6 дугаар сарын 03-ны өдөр 160.000 төгрөг,

8. 2020 оны 6 дугаар сарын 16-ны өдөр 100.000 төгрөг,

9. 2020 оны 7 дугаар сарын 08-ны өдөр 200.000 төгрөг,

10. 2020 оны 7 дугаар сарын 23-ны өдөр 72.000 төгрөг,

11. 2020 оны 7 дугаар сарын 25-ны өдөр 65.000 төгрөг, нийт 1.947.000 төгрөг өгсөн. Хариуцагч Т.Ж. түрээсийн төлбөрт нийт 2.847.000 төгрөг төлсөн гэж тайлбар гаргасныг мэдэхгүй. Би гэрээнд зааснаар хугацаа хэтрүүлсэн өдөр тутам тооцох 0.2 хувийн алданги, гэрэл цахилгааны төлбөр нэхэмжлээгүй. Зөвхөн гэрээний хугацаанд төлөх ёстой байсан төлбөрөө гаргуулж авна. Анх шүүхэд 2020 оны 2 дугаар сараас 2021 оны 4 дүгээр сарын түрээсийн төлбөр, бүгд 4.353.000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Гэвч одоо 2021 оны 3, 4 дүгээр сарын түрээсийн төлбөр 900.000 төгрөг, ковид ханиад гарсан тул түрээсийн төлбөрөөс 453.000 төгрөг буюу нийт 1.353.000 төгрөг гаргуулахаас татгалзаж, нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж байна.

Иймд Т.Ж. түрээсийн төлбөр 3.000.000 /гурван сая/ төгрөг гаргуулж өгнө үү гэв.

Шүүх хуралдаанд зохигчийн тайлбар болон бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Г.Д. нь хариуцагч Т.Ж. холбогдуулан түрээсийн төлбөр 4.353.000 /дөрвөн сая гурван зуун тавин гурван мянга/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Г.Д. 2021 оны 3, 4 дүгээр сарын түрээсийн төлбөр 900.000 төгрөг, ковид ханиад гарсан тул түрээсийн төлбөрөөс 453.000 төгрөг буюу нийт 1.353.000 /нэг сая гурван зуун тавин гурван мянга/ төгрөгийг хариуцагч Т.Жамсранжаваас гаргуулахаас татгалзаж, гэрээний хугацаанд төлөх түрээсийн төлбөрийн үлдэгдэл 3.000.000 /гурван сая/ төгрөг гаргуулж авна гэх тайлбар гарган, нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж байна.

Хэргийн зохигч нь Хөвсгөл аймгийн Мөрөн телевизийн 2 /хоёр/ өрөөг 2020 оны 2 дугаар сарын 10-ны өдрөөс 2021 оны 2 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл 1 /нэг/ жилийн хугацаатай, сарын 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр түрээслүүлэхээр тохиролцон гэрээ байгуулсан тухай үйл баримтууд болсон талаар маргадаггүй.

Хариуцагч Т.Ж. нь түрээсийн төлбөрийг 350.000 төгрөгөөр тооцож, 2020 оны 2 дугаар сарын 10-ны өдрөөс 2020 оны 10 дугаар сарын 31-ний өдөр хүртэл 8 сарын хугацаанд буюу нийт 2.800.000 төгрөг төлсөн. 2020 оны 11 дүгээр сарын 05-ны өдрөөс ажлын байрны цоожны голыг сольж, ажил руу орох боломжгүй болсон тул 2020 оны 11 дүгээр сараас түрээс өгөх боломжгүй,

Нэхэмжлэгч Г.Д. нь Т.Ж. ажлын өрөөний цоожны гол солиогүй, сарын түрээсийн төлбөрийг 350.000 төгрөг өгч авахаар тохиролцоогүй, түрээсийн төлбөрт бүгд 1.947.000 төгрөг төлсөн, одоо үлдэгдэл 3.000.000 /гурван сая/ төгрөг гаргуулж авна гэж маргаж байна.

Нэхэмжлэлийн шаардлагыг багасгасан хэмжээнд хангаж шийдвэрлэв.

Нэхэмжлэгч нь хариуцагчаас түрээсийн төлбөр 3.000.000 /гурван сая/ төгрөг гаргуулахаар Иргэний хуулийн 318 дугаар зүйлд зааснаар шаардах эрхтэй.

Зохигчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримт зэргээс дүгнэхэд нэхэмжлэгч Г.Д.., хариуцагч Т.Ж...в нар түрээсийн гэрээний гол нөхцөл болох түрээслүүлэх эд хөрөнгө, үнэ, төлөх хугацааны талаар тохиролцон, эд хөрөнгийг Т.Ж........ эзэмшилдээ шилжүүлэн авч, ашиглан төлбөрийг шилжүүлж байсан тул тэдний хооронд Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1-т Түрээсийн гэрээгээр түрээслүүлэгч нь түрээслэгчийн эзэмшил, ашиглалтад аж ахуйн үйл ажиллагаа явуулах болон дүрэмд заасан зорилгоо биелүүлэхэд нь зориулж тодорхой хөрөнгө шилжүүлэх, түрээслэгч нь гэрээгээр тохирсон түрээсийн төлбөрийг төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасны дагуу түрээсийн гэрээ бичгээр байгуулагджээ.

Нэхэмжлэгч Г.Д., хариуцагч Т.Ж. нарын хооронд байгуулсан 2020 оны 2 дугаар сарын 10-ны өдрийн 335 дугаар түрээсийн гэрээнд Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Мөрөн телевиз байрлах 93м2 талбайгаас 25м2 талбай бүхий 2 өрөөг үйлчилгээний зориулалтаар, 1 /нэг/ жилийн хугацаатай, сарын түрээсийн төлбөр 450.000 төгрөгийг сар бүрийн 02-ны өдөр төлөх, гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тохиолдолд хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.2 хувийн алданги тооцох, цахилгааны төлбөр хариуцах, үл хөдлөх эд хөрөнгийг бүтнээр нь түрээслэж байгаа тохиолдолд түрээсийн гэрээг үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлэх гэсэн гол болон бусад нөхцлийг харилцан тохирсон талаар тусгасан байна. /хавтаст хэргийн 2-4 дүгээр хуудас/

Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.3-д Хуульд өөрөөр заагаагүй бол түрээсийн гэрээг бичгээр байгуулах бөгөөд үл хөдлөх эд хөрөнгө түрээслэх гэрээг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлнэ гэж заасан боловч түрээсийн гэрээний 7 дугаар зүйлийн 7.8-д Үл хөдлөх эд хөрөнгийн бүтнээр нь түрээслэж байгаа тохиолдолд Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.3, 318.4 дэх хэсэгт зааснаар түрээсийн гэрээг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлснээр хүчин төгөлдөр болно гэсэн нөхцлөөр тохиролцон, үйлчилгээний зориулалттай 93м2 талбайгаас 25м2 талбай бүхий 2 өрөөг түрээслүүлэхдээ үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлээгүй байна. Г.Д., Т.Ж..в нарын хооронд байгуулсан түрээсийн гэрээний зүйл нь тусдаа улсын эрхийн бүртгэлд бүртгэгдсэн үл хөдлөх хөрөнгө биш бөгөөд үл хөдлөх хөрөнгийн зарим хэсгийг түрээслэхэд гэрээг улсын бүртгэлд бүртгүүлэх шаардлагагүй тул хэлцэл хүчин төгөлдөр гэж үзнэ.

Хариуцагч Т.Ж.. түрээсийн төлбөрийг гэрээнд заасан тогтоосон хугацаанд тогтмол төлөх үүргээ биелүүлээгүй, үлдэгдэл төлбөрийг одоо болтол төлөөгүй тул зохигчийн хооронд маргаан гарсан байна.

Нэхэмжлэгч Г.Д. түрээсийн төлбөрт нийт 1.947.000 төгрөг авсан тухай түүний шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан ...түрээсийн төлбөр 5.400.000 төгрөгөөс доорх байдлаар өгсөн. Үүнд: 1. 2020 оны 2 дугаар сарын 10-ны өдөр гэрээнд зааснаар түрээсийн эхний болон сүүлийн сарын төлбөр 900.000 төгрөг, 2. 2020 оны 3 дугаар сарын 26-ны өдөр 200.000 төгрөг, 3. 2020 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр 40.000 төгрөг, 4. 2020 оны 4 дүгээр сарын 09-ний өдөр 60.000 төгрөг, 5. 2020 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр 50.000 төгрөг, 6. 2020 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр 100.000 төгрөг, 7. 2020 оны 6 дугаар сарын 03-ны өдөр 160.000 төгрөг, 8. 2020 оны 6 дугаар сарын 16-ны өдөр 100.000 төгрөг, 9. 2020 оны 7 дугаар сарын 08-ны өдөр 200.000 төгрөг, 10. 2020 оны 7 дугаар сарын 23-ны өдөр 72.000 төгрөг, 11. 2020 оны 7 дугаар сарын 25-ны өдөр 65.000 төгрөг, нийт 1.947.000 төгрөг өгсөн... гэх тайлбар,

Хариуцагч Т.Ж. шүүхэд гаргасан ...Бид 2020 оны 2 дугаар сарын 10-ны өдөр түрээсийн урьдчилгаа 900.000 төгрөг өгч орсон...200.000 төгрөг, 40.000 төгрөг, 60.000 төгрөг, 50.000 төгрөг, 100.000 төгрөг, 200.000 төгрөг, 72.000 төгрөг, 65.000 төгрөг, 160.000 төгрөг, 100.000 төгрөг өгсөн... гэх тайлбараар зохигч хоорондоо өгч авсан мөнгөн дүн зөрүүгүй тогтоогдож байна.

Харин хариуцагч Т.Ж. тус байранд 1.000.000 төгрөгийн засвар хийсэн. Нийт 2.847.000 төгрөг төлсөн, 350.000 төгрөг болгох талаар ярьсан. Түрээсийн төлбөр 350.000 төгрөгөөр тооцоод 2020 оны 2 дугаар сарын 10-ны өдрөөс 2020 оны 10 дугаар сарын 31-ний өдөр хүртэлх 8 сарын хугацаанд нийт 2.800.000 төгрөг төлсөн. Ажлын цоожны голыг сольж, ажил руу орох боломжгүй болсон тул 2020 оны 11 дүгээр сараас түрээс өгөх боломжгүй гэх тайлбар гаргасан боловч энэ талаарх нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-д заасан шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүргээ биелүүлээгүй болно. Өөрөөр хэлбэл хариуцагч Т.Ж. нэхэмжлэлийн шаардлагыг няцааж, өөрийн гаргасан хариу тайлбарыг нотлох баримтаа өөрөө шүүхэд бүрдүүлж, цуглуулж гаргаж өгөх үүрэгтэй байдаг.

Иймд хариуцагч Т.Ж. түрээсийн төлбөр 3.000.000 /гурван сая/ төгрөг гаргуулан, нэхэмжлэгч Г.Д.олгохоор шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 84.598 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Т.Ж. 3.000.000 /гурван сая/ төгрөгийн үнийн дүнд төлөх улсын тэмдэгтийн хураамж 59.750 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

Хариуцагч Т.Ж.шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй тул нэхэмжлэгчийн хүсэлтээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар түүний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1-д зааснаар хариуцагч Т.Ж. түрээсийн төлбөр 3.000.000 /гурван сая/ төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Г.Дэлгэрзаяад олгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 84.598 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Т.Ж. улсын тэмдэгтийн хураамж 59.750 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Г.Д...олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба энэ өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.ОТГОНБЯМБА