Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 07 сарын 21 өдөр

Дугаар 225/МА2021/00017

 

 

 

 

 

2021 оны 07 сарын 21 өдөр

Дугаар 225/МА2021/00017

 

 

 

*******гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Сосорбарам даргалж, шүүгч Н.Баярхүү, Л.Эрдэнэбат нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн 155/ШШ2021/00579 дүгээр шийдвэртэй,

*******гийн нэхэмжлэлтэй,*******т холбогдох түрээсийн төлбөр 4,353,000 /дөрвөн сая гурван зуун тавин гурван мянга/ төгрөг гаргуулах тухай маргаантай иргэний хэргийг хариуцагчийн давж заалдах гомдлыг үндэслэн 2021 оны 7 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч, шүүгч Л.Эрдэнэбатын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нарийн бичгийн дарга Ө.Цэрэнпагма, нэхэмжлэгч ******* нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би өөрийн эцэг Д.Гэрэлчулууны итгэмжлэлээр түүний мэдлийн 4 замын Тамир төвийн нэг давхарт байрлах, Мөрөн телевизийн байранд 2 өрөөг 2020 оны 2 дугаар сарын 10-ны өдрөөс 2021 оны 2 дугаар сарын 10-ны өдөр хүртэл 1 жилийн хугацаанд, гэрэл зургийн студийн зориулалтаар иргэн*******т сарын 450,000 төгрөгөөр түрээсийн гэрээ хийж түрээслүүлсэн. Гэрээний нөхцөлд түрээсийн төлбөрийг сар бүрийн 02-ны өдрийн дотор төлөх, төлөөгүй хугацаа хэтэрсэн тохиолдолд нэг өдрийн 0.2 хувиар алданги тооцох, түрээслэгч тал гэрэл цахилгааны мөнгө төлөхөөр тус тус заасан. Гэтэл Жамсранжав нь орохдоо 900,000 төгрөг өгөөд /эхний сар, сүүлийн сарын мөнгө гэж тохиролцсон/ түүнээс хойш нийт 1,947,000 төгрөг өгсөн. Энэ хүн түрээсээ нэг ч удаа хугацаанд нь бүтэн өгч байгаагүй ба нэхэх үед ийм байдлаар цувуулж өгч байсан, орсон цагаасаа хойш гэрээний үүргээ биелүүлээгүй өнөөдрийг хүргэжээ. ... Анх шүүхэд 2020 оны 2 дугаар сараас 2021 оны 4 дүгээр сарын түрээсийн төлбөр, бүгд 4,353,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Гэвч одоо 2021 оны 3, 4 дүгээр сарын түрээсийн төлбөр 900,000 төгрөг, ковид ханиад гарсан тул түрээсийн төлбөрөөс 453,000 төгрөг буюу нийт 1,353,000 төгрөг гаргуулахаас татгалзаж, нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж байна.

Иймд*******аас түрээсийн төлбөр 3,000,000 /гурван сая/ төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Т.Жамсранжав шүүхэд гаргасан тайлбартаа: Иргэн Дэлгэрзаяагаас Мөрөн телевизийн жижиг 2 өрөөг 2020 оны 2 дугаар сарын 10-ны өдрөөс 2021 оны 2 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл түрээслэх гэрээ хийсэн. Уг байр нь өнгө үзэмжийн хувьд студи ажиллуулах боломжгүй байсан. Бид засвар хийж ажлаа эхэлсэн. Үүнд материал, ажлын хөлс 1,000,000 төгрөг болсон. Бид 2020 оны 2 дугаар сарын 10-ны өдөр түрээсийн урьдчилгаа 900,000 төгрөг өгч орсон. Мөн нийт 2,847,000 төгрөг төлсөн байна. ...Цар тахал ковидоос болоод ашиг орлого муу байна. Бүх нийтийн хорио цээр гээд түрээсээс чөлөөлөх, 50 хувиар хямдруулах санал тавьсан. 350,000 төгрөг болгох талаар ярьсан. Мөн бүх нийтийн хорио цээртэй үеийн түрээсийг 100 хувь чөлөөлүүлэх хүсэлтэй байна. ...Бид 2020 оны 2 дугаар сарын 10-ны өдрөөс 2020 оны 10 дугаар сарын 30-ны өдөр хүртэл түрээсийн төлбөр 350,000 төгрөгөөр тооцоод, 2020 оны 2 дугаар сарын 10-ны өдрөөс 2020 оны 10 дугаар сарын 31-ний өдөр хүртэлх 8 сарын хугацаанд буюу 8х350,000 төгрөг, нийт 2,800,000 төгрөг төлсөн байна. 2020 оны 11 дүгээр сарын 05-ны өдрөөс ажлын цоожны голыг сольж, ажил руу орох боломжгүй болсон тул 2020 оны 11 дүгээр сараас түрээс өгөх боломжгүй гэжээ.

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх 2021 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн 155/ШШ2021/00579 дүгээр шийдвэрээр Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1-д зааснаар хариуцагч Т.Жамсранжаваас түрээсийн төлбөр 3,000,000 /гурван сая/ төгрөг гаргуулж, нэхэмжлэгч *******д олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 84,598 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч*******аас улсын тэмдэгтийн хураамж 59,750 төгрөг гаргуулан нэхэмжлэгч *******д олгохоор шийдвэрлэжээ.

Хариуцагч******* давж заалдах гомдолдоо: Миний бие Тагарваагийн Жамсранжав би Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн 00579 дугаар бүхий шийдвэрийг эс зөвшөөрч дараах үндэслэлээр гомдол гаргаж байна

1. Би 2021 оны 5 дугаар сарын 24-ний өдөр өөрийн биеэр шүүгчийн туслах Золжаргалтай очиж уулзаад хэргийн материалтай танилцах, мөн хэргээс зайлшгүй шаардлагатай материалыг хуулбарлаж тэмдэглэж авах гэсэн юм гэхэд шүүгч хэрэг авсан байгаа, надад одоо хэрэг байхгүй байна та хүлээж байхгүй юу даа гэхээр нь хүлээлгийн танхимд 3 цаг хүлээгээд буцаад орход, мөн л хэрэг ирээгүй байна тань руу утасдая гэхээр нь би гайхаад явсан. Ингээд би шүүгчийн туслах Золжаргалыг ярихыг хүлээгээд ярихгүй болохоор нь 2021 оны 5 дугаар сарын 27-ны өдөр яваад очиход сая хурал орчихлоо гэхээр нь юу болоод байгааг ойлголгүй хэсэг хүлээтэл хурал ороод эхэлчихсэн гэхээр нь би явсан. Анхан шатны шүүх нь миний эрхийг зөрчиж, намайг шүүх хуралдаанд оролцуулахгүйгээр хэргийг хэлэлцэж, шийдвэр гаргасанд миний зүгээс гомдолтой байна. Шүүгчийн туслах Золжаргал нь би танд утсаар хурлын тов мэдэгдсэн гээд байгаа, би хурлын товын талаар мэдээгүй, энэ байдлаа баталж гарын үсэг зураагүй, шүүгчийн туслах надтай утсаар ярихдаа та өмгөөлөгч оролцуулна гээд байсан, тэр талаараа хүсэлтээ өгөөрэй гэж байсан.

2. Анхан шатны шүүх шийдвэр гаргахдаа Иргэний хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж миний зүгээс үзэж байна. Учир нь Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318 .3-д Хуульд өөрөөр заагаагүй бол түрээсийн гэрээг бичгээр байгуулах бөгөөд үл хөдлөх эд хөрөнгө түрээслэх гэрээг үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлнэ. Мөн хуулийн 318 .4-д Энэ хуулийн 318.3-т заасан шаардлагыг хангаагүй гэрээ хүчин төгөлдөр бус байна гэсэн хуулийн заалтыг хэрэгжүүлээгүйгээс нэхэмжлэгч талд ашигтай шийдвэр гарсан гэж үзэхээр байна. Нэхэмжлэгч ******* нь хууль бус гэрээ хийж, уг хууль бус гэрээнийхээ үндсэн дээр надаас мөнгө нэхэмжилж байна.

Иймд Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн 00579 дугаар бүхий шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэж гомдол гаргаж байна гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч ******* хариуцагч*******т холбогдуулан түрээсийн төлбөр 4,353,000 /дөрвөн сая гурван зуун тавин гурван мянга/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нийт 1,353,000 /нэг сая гурван зуун тавин гурван мянга/ төгрөгийг хариуцагчаар гаргуулахаас татгалзаж, 3,000,000 /гурван сая/ төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа багасгажээ.

Анхан шатны шүүх 2021 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн 155/ШШ2021/00579 дүгээр шийдвэрээр Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1-д зааснаар хариуцагч Т.Жамсранжаваас түрээсийн төлбөр 3,000,000 /гурван сая/ төгрөг гаргуулж, нэхэмжлэгч *******д олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 84,598 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч*******аас улсын тэмдэгтийн хураамж 59,750 төгрөг гаргуулан нэхэмжлэгч *******д олгохоор шийдвэрлэснийг хариуцагч******* нийт 2,800,000 төгрөг төлсөн, 2020 оны 11 дүгээр сарын 05-ны өдрөөс ажлын цоожны голыг сольж, ажил руу орох боломжгүй болсон тул 2020 оны 11 дүгээр сараас түрээс өгөх боломжгүй гэж маргажээ.

Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т зааснаар гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад анхан шатны шүүхийн шийдвэр нь шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан шаардлагыг хангасан гэж дүгнэв.

Хариуцагч*******ын би 2021 оны 5 дугаар сарын 24-ний өдөр өөрийн биеэр шүүгчийн туслах Золжаргалтай очиж уулзаад хэргийн материалтай танилцах, мөн хэргээс зайлшгүй шаардлагатай материалыг хуулбарлаж тэмдэглэж авах гэсэн юм гэхэд шүүгч хэрэг авсан байгаа, надад одоо хэрэг байхгүй байна та хүлээж байхгүй юу даа гэхээр нь хүлээлгийн танхимд 3 цаг хүлээгээд буцаад орход, мөн л хэрэг ирээгүй байна тань руу утасдая гэхээр нь би гайхаад явсан. Ингээд би шүүгчийн туслах Золжаргалыг ярихыг хүлээгээд ярихгүй болохоор нь 2021 оны 5 дугаар сарын 27-ны өдөр яваад очход сая хурал орчихлоо гэхээр нь юу болоод байгааг ойлголгүй хэсэг хүлээтэл хурал ороод эхэлчихсэн гэхээр нь би явсан. Анхан шатны шүүх нь миний эрхийг зөрчиж, намайг шүүх хуралдаанд оролцуулахгүйгээр хэргийг хэлэлцэж, шийдвэр гаргасанд миний зүгээс гомдолтой байна. Шүүгчийн туслах Золжаргал нь би танд утсаар хурлын тов мэдэгдсэн гээд байгаа, би хурлын товын талаар мэдээгүй, энэ байдлаа баталж гарын үсэг зураагүй , шүүгчийн туслах надтай утсаар ярихдаа та өмгөөлөгч оролцуулна гээд байсан, тэр талаараа хүсэлтээ өгөөрэй гэх гомдлын тухайд:

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.2-т зааснаар ...шаардлагатай тохиолдолд шүүхийн мэдэгдэх хуудсыг утас, факс, цахилгаан буюу олон нийтийн хэвлэл, мэдээллийн хэрэгслээр дамжуулан мэдэгдэж болно. Ийнхүү мэдэгдсэнээ баримтжуулсан байна гэж хуульд заажээ.

Үүний дагуу шүүх 2021 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн 14 цаг 30 минутын шүүх хуралдааны товыг хариуцагчийн 99701018 дугаарын утсанд мэдэгдсэн болох нь шүүх хуралдааны тов мэдэгдэх тухай баримтад тэмдэглэл үйлдсэн, мөн 2021 оны 5 дугаар сарын 27-ны өдөр мэссэж бичсэн болон өөртэй нь утсаар ярьсан тэмдэглэл үйлдэж баталгаажуулсан байна /ХХ-ийн 27, 29-30 дугаар тал/.

Хариуцагч нь 2021 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр хэргийн материалтай танилцаж гарын үсэг зурсан байна /ХХ-ийн 28 дугаар тал/.

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн шүүх хуралдааны тэмдэглэл, хариуцагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэх тухай шүүгчийн захирамж /ХХ-ийн 31, 40 дүгээр тал/, хэрэгт авагдсан, дээрх баримтаас хариуцагчийг шүүх хуралдаанд оролцох хуулиар олгогдсон эрхийг нь эдлүүлээгүй гэж үзэх үндэслэлгүй байна.

Түүнчлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 76 дугаар зүйлийн 76.2-т зохигч шүүх хуралдааны товыг шүүхээс лавлах үүрэг хүлээх-ээр заасан байх тул шүүх хуралдаанд оролцуулах эрхийг хязгаарласан гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.

Мөн Анхан шатны шүүх шийдвэр гаргахдаа Иргэний хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж миний зүгээс үзэж байна. Учир нь Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318 .3-д Хуульд өөрөөр заагаагүй бол түрээсийн гэрээг бичгээр байгуулах бөгөөд үл хөдлөх эд хөрөнгө түрээслэх гэрээг үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлнэ. Мөн хуулийн 318 .4-д Энэ хуулийн 318.3-т заасан шаардлагыг хангаагүй гэрээ хүчин төгөлдөр бус байна гэсэн хуулийн заалтыг хэрэгжүүлээгүйгээс нэхэмжлэгч талд ашигтай шийдвэр гарсан гэж үзэхээр байна гэх гомдлын тухайд:

Хэрэгт цугларсан нотлох баримтаас үзэхэд 2020 оны 2 дугаар сарын 10-ны өдөр түрээслүүлэгч тал *******, түрээслэгч тал******* нар Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 8 дугаар багийн ахуйн үйлчилгээний 1-р давхрын нийт 93 м2 талбайгаас 25 м2 талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгийг 1 жилийн хугацаатайгаар сард 450,000 төгрөгөөр түрээслэхээр тохирч талуудын хооронд түрээсийн гэрээ байгуулагдсан гэж үзсэн нь Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1-д заасантай нийцнэ.

Иргэний хуулийн хуулийн 318 дугаар зүйлийн 318.1-д Түрээсийн гэрээгээр түрээслүүлэгч нь түрээслэгчийн эзэмшил, ашиглалтад аж ахуйн үйл ажиллагаа явуулах болон дүрэмд заасан зорилгоо биелүүлэхэд нь зориулж тодорхой хөрөнгө шилжүүлэх, түрээслэгч нь гэрээгээр тохирсон түрээсийн төлбөрийг төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасан.

Хариуцагч нь түрээсийн төлбөрт 1,974,000 төгрөг төлсөн талаар зохигчид маргаагүй, харин түрээсийн үлдэгдэл төлбөр болох 4,353,000 төгрөг, түрээсийн гэрээний хүчин төгөлдөр байх эсэх дээр маргаан үүсгэж гомдол гаргасан байна.

Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.3-т түрээсийн гэрээг бичгээр байгуулах, үл хөдлөх эд хөрөнгө түрээслэх гэрээг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлэхийг шаардсан, энэ шаардлагыг хангаагүй бол гэрээ хүчин төгөлдөр бус болдог байхаар хуульд заасан байх хэдий ч талууд гэрээг бичгээр байгуулсан, түрээсийн зүйл нь тусдаа бие даасан үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээтэй хөрөнгө бус хөрөнгийн хэсэг /өрөө/ болох нь гэрээний 2.1-д тодорхой заасан байх тул улсын бүртгэлд бүртгүүлэхийг шаардахгүйн дээр зохигч түрээсийн гэрээний 7.8-д үл хөдлөх эд хөрөнгийг бүтнээр нь түрээсэлж байгаа тохиолдолд Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.3, 318.4 дэх хэсэгт зааснаар түрээсийн гэрээг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлснээр хүчин төгөлдөр болно гэж гэрээндээ тодорхой заасан, гэрээнд талууд гарын үсэг зурж нотариатаар гэрчлүүлсэн.

Хариуцагч нь цар тахал ковидоос болоод ашиг орлого муу байна. Бүх нийтийн хорио цээр гээд түрээсийн төлбөрөөс чөлөөлөх, 50 хувиар хямдруулах санал тавьсан. 350,000 төгрөг болгох талаар ярьсан. Мөн бүх нийтийн хорио цээртэй үеийн түрээсийг 100 хувь чөлөөлүүлэх хүсэлтэй байна гэж анхан шатны шүүхэд ирүүлсэн хариу тайлбар гаргасан байх боловч Иргэний хуулийн 319 дүгээр зүйлийн 319.2-т гэнэтийн буюу давагдашгүй хүчний шинжтэй онцгой нөхцөл байдлын улмаас...талууд харилцан тохиролцож түрээсийн төлбөрийн хэмжээг өөрчилж болно гэх, мөн түрээсийн гэрээний 7.10-д заасан үндэслэлийг баримтаар нотлоогүй байна.

Өөрөөр хэлбэл хариуцагч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т зааснаар шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргах өгөх гэсэн хуульд заасан үүргээ биелүүлээгүй, түрээсийн төлбөр төлөхгүй гэдгээ нотолж чадахгүй байна.

Харин нэхэмжлэгч нь түрээсийн төлбөр 4,353,000 төгрөг гаргуулах хэсгээсээ шүүх хуралдаанд түрээсийн төлбөрөө багасгаж 3,000,000 сая төгрөг гаргуулахаар нэхэмжлэлээ дэмжиж оролцож байгааг буруутгах боломжгүй байна.

Харин гомдолд дурдсан шүүгчийн туслахтай холбоотой асуудлаа холбогдох газарт нь хандаж шийдвэрлүүлэх эрх нь нээлттэй болно.

Иймд түрээсийн гэрээг хүчин төгөлдөр гэж үзэхэд хууль зөрчихгүй, хүчин төгөлдөр гэрээний үүргийн гүйцэтгэлийг талууд харилцан шаардах эрхтэй байх тул дээрх үндэслэлээр хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 62,950 /жаран хоёр мянга есөн зуун тавь/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгох ТОГТООХ нь:

1. Хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн 155/ШШ2021/00579 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар хариуцагчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 62,950 /жаран хоёр мянга есөн зуун тавь/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн  167.5-д зааснаар Давж заалдах шатны шүүхийн магадлалд энэ хуулийн 172.2-т заасан анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн үндэслэлээр  зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                          Б.СОСОРБАРАМ

ШҮҮГЧИД                            Н.БАЯРХҮҮ

Л.ЭРДЭНЭБАТ