Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2023 оны 10 сарын 26 өдөр

Дугаар 001/ХТ2023/00199

 

“Х банк” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Н.Баярмаа даргалж, танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч П.Золзаяа, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 184/ШШ2023/02463 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 210/МА2023/01425 дугаар магадлалтай,

“Х банк” ХХК-ийн нэхэмжлэлтэй

Б.Б, Д.Ч, Д.Н нарт холбогдох

Зээлийн гэрээний үүрэгт 22,808,764 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг зохигчдын гаргасан хяналтын гомдлыг үндэслэн танхимын тэргүүн Г.Алтанчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Н, хариуцагч Д.Ч-гийн өмгөөлөгч Г.Ц, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Намсрай нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.”Х банк” ХХК нь анх хариуцагч Б.Б, Д.Ч нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 22,808,764 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэл гаргасан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Б.Б нас барсан үндэслэлээр түүнд холбогдох шаардлагаас, мөн барьцаа хөрөнгүүд бусдын өмчлөлд шилжсэн, байгаа газар нь тодорхойгүй үндэслэлээр үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай шаардлагаас тус тус татгалзаж, Д.Н-г хамтран хариуцагчаар татан оролцуулсан бөгөөд хариуцагч нар нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргажээ.

2.Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 184/ШШ2023/02463 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1, 206 дугаар зүйлийн 206.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Д.Ч, Д.Н нараас 22,808,764.11 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “Х банк” ХХК-нд олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар нэхэмжлэгч “Х банк” ХХК-ийн хариуцагч Б.Б-эд холбогдох шаардлага болон барьцаа хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч “Х банк” ХХК-ийн төлсөн 342,194 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Ч, Д.Н нараас 271,993 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “Х банк” ХХК-нд олгож шийдвэрлэжээ.

3.Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 210/МА2023/01425 дугаар магадлалаар: Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 184/ШШ2023/02463 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Д.Ч-гаас 4,459,872 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “Х банк” ХХК-д олгож, нэхэмжлэлээс үлдэх 18,348,892 төгрөгт холбогдох хэсэг болон хариуцагч Д.Н-д холбогдох шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгосугай гэж, 3 дахь заалтын ...56.1... гэснийг 56.2 гэж, ...хариуцагч Д.Ч, Д.Н нараас 271,993 төгрөг... гэснийг хариуцагч Д.Ч-гаас 86,308 төгрөг гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагч Д.Ч-гийн төлсөн 192,929 төгрөг, хариуцагч Д.Н-ийн төлсөн 271,994 төгрөгийг тус тус шүүгчийн захирамжаар буцаан олгож шийдвэрлэжээ.

4.Нэхэмжлэгч “Х банк” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хяналтын журмаар гаргасан гомдолдоо: “Х банк” ХХК-ийн Ө салбарын нэхэмжлэлтэй, хариуцагч Д.Ч, Д.Н нарт холбогдох иргэний хэргийг давж заалдах шатны шүүх хянан шийдвэрлэхдээ нэхэмжлэлийн зарим хэсэг болох зээлийн хүүгийн төлбөр 18,348,892 төгрөгийг, мөн хариуцагч Д.Н-д холбогдох зээлийн гэрээний үүргийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн үндэслэлээр энэхүү хяналтын журмаар гомдол гаргаж байна. Давж заалдах шатны шүүх дүгнэхдээ “Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 184/ШШ2023/02463 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Д.Ч-гаас 4,459,872 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “Х банк” ХХК-нд олгож, нэхэмжлэлээс үлдэх 18,348,892 төгрөгт холбогдох хэсэг болон хариуцагч Д.Н-д холбогдох шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож, 3 дах заалтын “56.1” гэснийг “56.2” гэж, хариуцагч Д.Ч, Д.Н нараас 271,993 төгрөг” гэснийг “хариуцагч Д.Ч-гаас 86,308 төгрөг” гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн байгаа нь өөрөө үндэслэлгүй болно. Иргэний хуулийн 241 дүгээр зүйлийн 241.7-д “....Хамтран үүрэг гүйцэтгүүлэгчид өөрөөр тохиролцоогүй бол тэдгээрийн үүргийн гүйцэтгэлийг шаардах эрх тэнцүү байна” мөн хуулийн 242 дугаар зүйлийн 242.3-д “...Үүрэг гүйцэтгүүлэгч нь өөрийн үзэмжээр аль ч үүрэг гүйцэтгэгчээс үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн шаардаж болох бөгөөд үүргийг бүхэлд нь гүйцэтгэх хүртэл үүрэг гүйцэтгэгчдийн хүлээсэн үүрэг хүчин төгөлдөр хэвээр байна гэж тус тус заасныг давж заалдах шатны шүүх зөв тайлбарлаж хэрэглээгүй, дээрх хуулийн заалтыг үгүйсгэж няцаасан дүгнэлт хийж чадаагүй байна. Мөн Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д “....Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд /цаашид “зээлдүүлэгч” гэх/ нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ” гэж заасан хуулийн заалтыг буруу хэрэглэсэн. Хариуцагч Д.Ч, Д.Н нар нь Иргэний хуулийн 242 дугаар зүйлд заасан хамтран үүрэг гүйцэтгэгчид мөн бөгөөд мөн хуулийн 242 дугаар зүйлийн 242.3-т зааснаар нэхэмжлэгч “Х банк” ХХК нь хамтран үүрэг гүйцэтгэгч Д.Ч, Д.Н нараас хэн алинаас нь адил тэнцүү зээлийн үлдэгдэл төлбөрийг шаардах эрхтэй байна. Зээлийн гэрээнд заасны дагуу зээлийг ахуйн хэрэглээний зориулалтаар ашиглана, энэ нь банкны цалингийн зээл төрлийн бүтээгдэхүүн болох бөгөөд тухайн зээлийг өрхийн хэрэгцээнд зориулж автомашин авах зориулалтаар авсан тул хариуцагч буюу хамтран үүрэг гүйцэтгэгчид болох Д.Ч, Д.Н нар аль аль нь хариуцах үндэслэлтэй. Давж заалдах шатны шүүх хэргийн болсон үйл баримтад өрөөсгөл дүгнэлт хийж, Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2, 227 дугаар зүйлийн 227.1 дэх заалтыг тухайн харилцаанд буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж нэхэмжлэгчийн хувьд үзэж байна.

4.1.Давж заалдах шатны шүүх нь магадлалын тогтоох хэсгийн 1-д “Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2, 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсэгт заасныг баримтлан шийдвэрлэж байгаа нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн, хэт явцуу хуулийн заалтын хүрээнд хэргийг шийдвэрлэсэн гэж үзэхэд хүргэж байна. Учир нь Улсын дээд шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 01 дугаартай Зөвлөмжийн 2-ын г-д “Хэргийн нөхцөл байдлаас хамаарч зарим тохиолдлыг хугацаа хэтрээгүйд тооцдог. Үүнд, хугацаа хэтрэхэд хүргэсэн нөхцөл байдал нь зээлдэгчийн гэм буруугаас болоогүй нь тогтоогдвол түүнийг хугацаа хэтрүүлээгүй гэж үзнэ. Энэ нөхцөлд алданги шаардах эрх үүсэхгүй. Мөн хэрэв хугацаанд нь гүйцэтгэсэн үүргийн гүйцэтгэлийг зээлдүүлэгч хүлээн аваагүй бол түүнийг өөрийг нь хугацаа хэтрүүлсэн гэх ба энэ нөхцөлд анз авах эрхээ алдана. Иймд гэрээний хугацаа хэтэрсэн эсхүл хэтрээгүй гэж үзэхэд Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.1.1, 222.1.2, 222.2, 223 дугаар зүйлийн 223.1, 223.2, 224 дүгээр зүйлийн 224.2 дахь заалтуудыг сайтар судалж, нотлох баримтад үндэслэн дүгнэлтээ хийнэ” гэж зөвлөсөн. Мөн Иргэний хуулийн 242 дугаар зүйл, түүн дотроо 242.1.11 дэх заалтуудыг шүүх зайлшгүй хэрэглэх, үнэлж дүгнэх байсан гэж үзэж байна.

4.2.Давж заалдах шатны шүүх гомдлыг хүлээж авахаас татгалзах байтал гомдлыг хүлээж авч Иргэний хууль болон иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг ноцтой зөрчсөн. Учир нь хариуцагч Д.Н нь давж заалдах гомдолд гарын үсэг зураагүй, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжийг Ч дүүргийн Татварын хэлтэст бус С дүүргийн татварын хэлтэст төлсөн зэрэг нь буруу юм. Магадлалын хянавал хэсгийн төгсгөл хэсэгт “...нэхэмжлэгч нь хэтэрсэн хугацааны хүүтэй холбоотой шаардлага гаргаагүй байхад шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсгийг баримталсан нь буруу байхаас гадна үүрэг гүйцэтгэх зарчмыг тодорхойлсон 206 дугаар зүйлийн 206.1 дэх хэсгийг баримталсан нь оновчгүй болсныг залруулж, мөн талуудын маргаанд хамаарах 452 дугаар зүйлийн 452.2, 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсгийг нэмж тусгасан” нь өөрөө ойлгомжгүй, үндэслэлгүй байна. Учир нь нэхэмжлэгч талаас зээлийн гэрээний үүргийн хэтэрсэн хугацааны хүүтэй холбоотой нэхэмжлэлийн шаардлага гаргасан байхад шүүх ийнхүү дүгнэж байгаа нь буруу байна. Давж заалдах шатны шүүх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.2-т заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой байхад үүнийг алдагдуулсан гэж үзэж байна. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2 дах хэсэгт зааснаар хянаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

5.Хариуцагчийн өмгөөлөгч хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Давж заалдах шатны шүүх миний гомдлын зарим хэсгийг хангасан боловч Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсгийг баримтлан хариуцагч Д.Ч-гаас 4,459,872 төгрөгийг гаргуулж “Х банк” ХХК-нд олгохоор шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Учир нь давж заалдах шатны шүүх 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн зээлийн гэрээгээр өмнөх зээлийн үлдэгдэл 19,247,360,74 төгрөгийг зээлийн дүнд оруулж тусгасан байх ба энэ нөхцөлийн талаар хариуцагч Д.Ч-г хүсэл зоригоо илэрхийлсэн гэж үзэх дүгнэх боломжгүй байна. Учир нь түүний итгэмжлэлд “Б.Б-ийн “Х банк” ХХК-аас авах гэж буй цалингийн зээлийн хамтран зээлдэгчээр оролцох” гэснийг үгийн шууд утгаар тайлбарлах бөгөөд өөр зээлийн гэрээтэй холбоотой өр төлбөрийн үүргийг шилжүүлэн авч гүйцэтгэх агуулга илэрхийлэгдэхгүй байна. Нөгөө талаар бусдын өрийг шилжүүлэн авч гүйцэтгэхэд өрийн эзэмшигч “Х банк” ХХК-тай тохиролцохоор Иргэний хуулийн 124 дүгээр зүйлийн 124.1-д заасан ба хариуцагч Д.Ч-г ийнхүү тохиролцсон гэж үзэх баримт хэрэгт авагдаагүй гэсэн дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна. Харин 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн зээлийн гэрээний шинээр олгогдсон 3,000,000 төгрөгийн хэмжээнд зээлдүүлэгч “Х банк” ХХК, зээлдэгч Д.Ч нарын хооронд зээлийн гэрээ байгуулагдсан гэж дүгнэх үндэслэлтэй гэсэн дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхгүй гэж үзэж байна. Яагаад гэвэл 2019 оны 12 дугаар сарын 20-ны зээлийн гэрээнд зээлдэгч, хамтран үүрэг гүйцэтгэгчийн эрх үүргийг тодорхой заажээ. Тухайлбал Д.Ч бол энэ зээлийн гэрээний зээлдэгч биш, зээлдэгч нь Б.Б мөн. 2019 оны 12 дугаар сарын 20-ны зээлийн гэрээнд заахдаа 4.1.1 Зээлийн гэрээ хүчин төгөлдөр болсноор зээлийн гэрээнд заасан зээлээс авч ашиглах эрхтэй гэж заасан боловч Д.Ч энэ зээлээс нэг ч төгрөг аваагүй. 4.2.7 “Зээлийг бүхэлд нь хэсэгчлэн бусдад ашиглуулсан, дамжуулан зээлдүүлэх, шилжүүлсэн эсэхээс үл хамааран зээлийн гэрээний үүргээ зөвхөн зээлдэгч өөрөө төлж барагдуулах” гэж маш тодорхой заасныг үндэслэж өмгөөлөгч би анхан болон давж заалдах шүүхэд маш тодорхой тайлбарласан боловч үгүйсгэсэн дүгнэлт хийж чадаагүй атлаа энэ үндэслэлийг хүлээж аваагүйд харамсаж байна.

5.1.Хоёрдугаарт зээлдэгч өөрөө нас барсан. 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн зээлийн гэрээний 2.1.2-т зээлийг цалингийн зээлийн зориулалтаар ашиглана. Энэ нь банкны цалингийн зээл МNТ төрлийн бүтээгдэхүүн болно гэж заасан. Үүнээс үзвэл Б.Б-ийн гаргасан өргөдлийн дагуу түүний цалинг барьцаалж “Х банк” ХХК-аас олгосон зээл гэдгийг анхаарах ёстой. Зээлдэгч Б.Б өөрөө нас барсан учраас Иргэний хуулийн 240 дүгээр зүйлийн 240.1.2-т үүргийн гүйцэтгэл үүрэг гүйцэтгэгчийн хувийн байдалтай салшгүй холбоотой тохиолдолд ... нас барсан бол дуусгавар болохоор заасан байдаг. Иймд хэргийн нөхцөл байдал, миний гаргасан үндэслэлийг хянаж, давж заалдах шатны шүүхийн магадлалын 1 дэх заалтаас Д.Ч-гаас гаргуулах гэсэн 4,459,872 төгрөгийг хэрэгсэхгүй болгохоор шүүхийн магадлалд өөрчлөлт оруулж өгөхийг хүсч байна гэжээ.

6.Нэхэмжлэгч “Х банк” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн болон хариуцагч Д.Ч-ийн өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдол нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1-т заасан үндэслэлийг хангаж байх тул Иргэний хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2023.10.12-ны өдрийн 001/ШХТ2023/01163 дугаар тогтоолоор хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн байна.

ХЯНАВАЛ:

7.Нэхэмжлэгч “Х банк” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн болон хариуцагч Д.Ч-ийн өмгөөлөгчийн гомдлыг тус тус хангах үндэслэлгүй гэж үзлээ.

8.Нэхэмжлэгч “Х банк” ХХК нь анх хариуцагч Б.Б, Д.Ч нарт холбогдуулж 2019.12.20-ны өдрийн зээлийн гэрээний үүрэг шаардаж нэхэмжлэл гаргасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Б.Б нас барсан тул түүнд холбогдох нэхэмжлэлээс татгалзаж, хариуцагчаар нэмж Д.Н-г татаж, Д.Н, Д.Ч нараас зээлийн гэрээний үүрэгт 22,808,764 төгрөгийг шаардсан байна.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэлээ “...Б.Б, Д.Н нар Х банк ХХК-ийн Ө салбар, О тооцооны төвөөс 2018.09.19-ний өдөр зээлийн болон барьцааны гэрээ байгуулж 25,000,000 төгрөгийг жилийн 21,6 хувийн хүүтэй 48 сарын хугацаатай ахуйн хэрэглээний зориулалтаар  зээлж, зээлийн төлбөрийг хүүгийн хамт буцаан төлөх, хугацаа хэтрүүлсэн тохиолдолд нэмэгдүүлсэн хүү төлөхөөр тохиролцсон. Б.Б, Д.Ч нар 2019.12.20-ны өдөр зээлийн болон барьцааны гэрээ байгуулж, өмнөх зээлийн үлдэгдэл 19,247,360 төгрөг дээр нэмж 3,000,000 төгрөгийг жилийн 16,8 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатай зээлсэн. 2020.04.30-ны өдрөөс хойш 2 удаа зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулж, гэрээний хугацааг сунгаж, үндсэн төлбөр хойшлуулахаар болсон. Зээлдэгч нар үндсэн зээлд 8,402,488 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 19,655,729 төгрөг төлж, үүнээс хойш 2022.05.31-ний өдрийн байдлаар зээлийн үүргийг биелүүлэхгүй 363 хоног хэтрүүлсэн байна. Зээлдэгч Б.Б 2022.07.21-ний өдөр нас барсан тул түүнд холбогдох нэхэмжлэлээс татгалзаж, Д.Н, Д.Ч нараас үндсэн зээл 19,597,511.70 төгрөг, хүүгийн төлбөр 3,120,291.90 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 76,960.51 төгрөг, нотариатын зардал 14,000 төгрөгийн хамт гаргуулж өгнө үү” гэжээ.

Нэхэмжлэлийг эс зөвшөөрч хариуцагч Д.Ч “...зээлийн мөнгөнөөс авч ашиглаагүй, хүү Б.Б гуйсны дагуу 3,000,000 төгрөгийг зээл авахад итгэмжлэл олгосон” гэж, хариуцагч Д.Н“...зээлийн мөнгийг зээлдэгч Д.Б болон хариуцагч Д.Ч нар авсан, зээлийн гэрээний үүрэг хариуцагч Д.Ч-д гэрээгээр шилжсэн” гэж тус тус маргажээ.

9.Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж Д.Н, Д.Ч нараас мөнгийг гаргуулж шийдвэрлэхдээ “...Нэхэмжлэгч Х банк ХХК болон хариуцагч Б.Б, Д.Н нарын хооронд 2018.09.19-ний өдөр 25,000,000 төгрөгийн жилийн 21.6 хувийн хүүтэй, 48 сарын хугацаатай, зээлийн гэрээ, “Х банк” ХХК болон хариуцагч Б.Б, Д.Ч нарын хооронд 2019.12.20-ны өдөр байгуулагдсан зээлийн гэрээгээр хариуцагч нар өмнөх зээлийн үлдэгдэл дээр нэмж 3,000,000 төгрөгийн зээл авч, зээлийн хуваарийг шинээр байгуулсан нь тогтоогдсон, эдгээр гэрээ нь банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох харилцаа бөгөөд гэрээ хүчин төгөлдөр, банк зээлийн гэрээний үүргээ биелүүлж мөнгийг зээлдэгчийн дансанд шилжүүлсэн, хариуцагч нар нь хуульд зааснаар зээлийн мөнгөн хөрөнгийг гэрээнд заасан хүү, хэтэрсэн хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй. Нэхэмжлэгч нь анх зээлийн үүргийг Б.Б, Д.Ч нарт холбогдуулан шаардсан боловч Б.Б нас барсан тул түүнд холбогдох нэхэмжлэлээс татгалзаж, хамтран үүрэг гүйцэтгэгч нараас төлбөрийг шаардсан, Д.Н нь ахуйн хэрэгцээний зориулалтаар зээл авсан, Б.Б-тэй хамтын амьдралтай байсан тул зээл тэдний хамтын хэрэгцээнд зарцуулагдсан, түүний зээлийн мөнгөнөөс авч ашиглаагүй гэх тайлбар нотлогдоогүй, мөн Д.Ч, Б.Б нар 2019.12.20-ны өдөр зээлийн гэрээ байгуулахдаа өмнөх 2018.09.19-ний өдрийн гэрээний үлдэгдэл дээр нэмж 3,000,000 төгрөг зээлж зээлийн хэмжээ нийт 22,247,360 төгрөг болсон. Д.Ч гийн итгэмжлэлийг үндэслэн Б.Б зээлийн гэрээнд гарын үсэг зурсан, ...иймд Д.Ч-г зөвхөн 3,000,000 төгрөгийн хэмжээнд үүрэг хүлээсэн гэж үзэхгүй, Д.Н-гийн зээлийн гэрээний үүрэг Д.Ч-д шилжсэн гэж үндэслэлгүй, иймээс хариуцагч нар зээлийн үүргийг адил хэмжээгээр хариуцна, зээлийн гэрээний хугацаа дуусгавар болоогүй боловч хариуцагч нар үүргээ удаа дараа зөрчсөн иймээс нэхэмжлэгч гэрээг цуцалж зээлийн үүргийг шаардсаныг хангах үндэслэлтэй” гэж үзжээ.

Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг хянаж өөрчлөлт оруулж үндэслэлийг “...2019.12.20-ны өдрийн зээлийн гэрээгээр өмнөх зээлийн үлдэгдлийг шинээр нэмж олгох зээлтэй нэгтгэж зээлийн нийт дүнг тодорхойлж, улмаар зээлд тооцох хүүгийн хэмжээг багасгаж, хугацааг өөрчилснөөс үзвэл уг гэрээ байгуулагдсанаар өмнөх 2018.09.19-ний өдрийн гэрээний үүрэг Иргэний хуулийн 236 дугаар зүйлийн 236.1.3-т зааснаар дуусгавар болсон байна. Нэхэмжлэгч нь 2018.09.19-ний өдрийн гэрээг үндэслэн хариуцагч Д.Н-д холбогдуулан шаардлага гаргасан нь үндэслэлгүй тул энэ талаар гаргасан гомдлыг хангаж, түүнд холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй. Харин хариуцагч Д.Ч нь 2019.12.19-ний өдөр итгэмжлэл олгож, түүний өмнөөс төлөөлөгч Б.Б 2019.12.20-ны өдрийн зээлийн гэрээг байгуулсан ба ийнхүү хэлцлийг төлөөлөгчөөр дамжуулан хийсэн нь Иргэний хуулийн 62 дугаар зүйлийн 62.1-т заасныг зөрчөөгүй. Харин итгэмжлэлд өмнөх зээлийн гэрээний үлдэгдэл мөнгийг шинээр авах зээлийн дүнд оруулж тусгах энэ нөхцөлийн талаар Д.Ч-г хүсэл зоригоо илэрхийлсэн гэж дүгнэх боломжгүй байна, учир нь итгэмжлэлд Б.Б-ийн Х банкнаас авах цалингийн зээлийн хамтран зээлдэгчээр оролцох гэж заасныг үгийн шууд утгаар тайлбарлах бөгөөд өөр зээлийн гэрээтэй холбоотой өр төлбөрийн үүргийг шилжүүлэн авч гүйцэтгэх агуулгагүй иймээс Д.Ч-гаас 3,000,000 төгрөгт холбогдох хэсэгт тохирох үүргийг хариуцуулах үндэслэлтэй. Үндсэн зээл 3,000,000 төгрөг, зээлийн хүү 1,232,903 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 212,969 төгрөг нотариатын зардал 14,000 төгрөг нийт 4,459,872 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй” гэж дүгнэсэн байна.

            10.Дээрх байдлаар анхан болон давж заалдах шатны шүүх зөрүүтэй шийдвэр гаргасан үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон хариуцагч Д.Ч-гийн өмгөөлөгч тус тусын гомдлыг гаргасан ба давж заалдах шатны шүүхийн хийсэн дүгнэлт хуульд нийцсэн гэж үзлээ.

            11.Хариуцагч Д.Н, Д.Ч нарыг 2019.12.20-ны өдрийн зээлийн гэрээний үүргийг бүхэлд нь хариуцах хамтран үүрэг гүйцэтгэгч гэж үзэж тэднээс “Х банк” ХХК-ийн нэхэмжлэлээр шаардсан 22,247,360 төгрөгийг гаргуулах нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1, 242 дугаар зүйлийн 242.1-д заасантай нийцэхгүй байна.

            Зохигчийн тайлбар, хэргийн баримтаас үзэхэд 2018.09.19-ний өдрийн 25,000,000 төгрөгийн зээлийн гэрээний зээлдэгч тал буюу үүрэг гүйцэтгэгч нар нь Б.Б, Д.Н нар байсан боловч “Х банк” ХХК нь энэхүү гэрээний төлөгдөөгүй 19,247,360 төгрөгийн үүргийг хожим нь 2019.12.20-ны өдөр байгуулсан зээлийн гэрээний үүрэг болгож өөрчлөн, улмаар Д.Ч-гаас Б.Б-эд олгосон итгэмжлэлийг үндэслэн нэмж 3,000,000 төгрөгийн зээл  олгон нийт үүргийг 22,247,360 төгрөгөөр тогтоосон, уг гэрээнд зээлдэгч талаас Б.Б өөрийгөө болон Д.Ч-г төлөөлж гарын үсэг зуржээ. Энэхүү гэрээнд зээлийн эргэн төлөх хуваарь, хугацааны талаар 2 удаа өөрчлөлт оруулсан байх бөгөөд эдгээрт мөн Б.Б гарын үсэг зурсан байна.

Дээрх үйл баримтаас дүгнэхэд өмнөх буюу 2018.09.19-ний өдрийн зээлийн гэрээний үүргийг сольж шинээр гэрээ байгуулсан гэж үзэх Иргэний хуулийн 236 дугаар зүйлийн 236.1.3-т заасан хууль зүйн үр дагавар үүссэн, энэ гэрээний хувьд Д.Нүүрэг гүйцэтгэгч биш болсон байна. Энэ талаар давж заалдах шатны шүүх хуульд нийцсэн дүгнэлт хийж Д.Н-д холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосныг үгүйсгэх үндэслэл тогтоогдоогүй болно.

         12.Нэхэмжлэгч нь анх Б.Б, Д.Ч нарт холбогдуулан нэхэмжлэлийн шаардлага гаргасан боловч Б.Б нас барснаар түүнд холбогдох шаардлагаасаа татгалзсан ба энэ хэргийн хувьд Д.Ч зээлийн гэрээний үүргийг “Х банк” ХХК-ийн өмнө бүхэлд нь хүлээх үндэслэлгүй нөхцөл байдал тогтоогджээ.

             Иргэний хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1-д зааснаар иргэний эрх, үүргийг үүсгэх, өөрчлөх, дуусгавар болгох зорилгоор хүсэл зоригоо илэрхийлсэн иргэн, хуулийн этгээдийн үйлдэл /эс үйлдэхүй/-г хэлцэл гэж үздэг бөгөөд хүсэл зоригийн агуулга буюу хэлцэл хийх хүсэлтэй этгээдийн эрмэлзлийн мөн чанар, хүсэл зоригоо хэрхэн илэрхийлсэн гадаад илэрхийллийг үгийн шууд утгаар тайлбарлана.

            Хариуцагч Д.Ч нь өөрийн хүү Б.Бийг “Х банк” ХХК-аас цалингийн зээл авахад зориулж 2019.12.19-ний өдөр итгэмжлэл олгосон, түүний өмнөөс төлөөлөгч Б.Б тухайн зээлийн гэрээг байгуулсан боловч итгэмжлэлд өмнөх зээлийн гэрээний үлдэгдэл мөнгийг шинээр авах зээлд нэмж, улмаар нийт 22,247,360 төгрөг зээлэх, түүний хүү төлөх  нөхцөлийн талаар Д.Ч-г хүсэл зоригоо илэрхийлсэн гэж дүгнэх боломжгүйг давж заалдах шатны шүүх хэргийн баримтад үндэслэн тогтоосон байна. Иймд Д.Ч-гаас олгогдсон итгэмжлэлийн хүрээнд зээлийн гэрээний хариуцвал зохих үндсэн үүрэг 3,000,000 төгрөг, түүнд хамаарах зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн хамт гаргуулахаар шийдвэрлэсэн нь хуульд нийцжээ.

            13.”Х банк” ХХК зээлийн үйл ажиллагааг тогтмол эрхэлдэг мэргэжлийн байгууллагын хувьд өмнөх үүргийг солихоор тохиролцсоноор үүрэг солигдсон гэж үзэх нөхцөл байдал, үүнээс үүсэх хууль зүйн үр дагавар, хамтран үүрэг гүйцэтгэгчийн тухай ойлголт, тэдгээрийн эрх, үүрэг болон хэлцлийг төлөөлөгчөөр дамжуулан хийх хүсэл зоригийн илэрхийлэл, ийнхүү гэрээ байгуулахад итгэмжлэлээр олгосон эрхийн хүрээ хязгаарын талаар бүрэн мэдэж байх үүрэгтэй бөгөөд тус банкны гаргасан гомдлын дагуу давж заалдах шатны шүүхийн магадлалыг өөрчлөх, хүчингүй болгох  хуульд заасан үндэслэл тогтоогдсонгүй.

            14.Хариуцагч Д.Ч-гийн өмгөөлөгчийн гомдлын тухайд дээр дурдсанаар Б.Б нь Д.Ч-гаас олгосон итгэмжлэлийн үндсэн дээр өмнөх зээл дээр нэмж 3,000,000 төгрөг зээлсэн, энэ мөнгөн хөрөнгийн хэмжээнд Д.Ч зээл авахыг хүлээн зөвшөөрч хүсэл зоригоо илэрхийлсэн гэж үзэх бөгөөд банк мөнгийг аль ч зээлдэгчийн дансанд шилжүүлж өгөх боломжтой, зээлийн мөнгийг зээлдэгч нарын хэн нь ашигласан эсэх нь гэрээний үүргийг хариуцан төлөхөд саад болохгүй, нөгөө талаар хамтран зээлдэгч Б.Б нас барснаар түүний үүрэг дуусгавар болох боловч хамтран зээлдэгчийн хүлээх үүргийн хувьд Д.Ч өөрт хамаарагдах зээлийн үүргээс чөлөөлөгдөх учиргүй байна.

           15.Иймд “Х банк” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн болон хариуцагч Д.Ч-гийн өмгөөлөгчийн гомдлыг тус тус хангахгүй орхиж давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 210/МА2023/01425 дугаар магадлалыг хэвээр үлдээж, “Х банк” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн болон хариуцагч Д.Ч-гийн өмгөөлөгчийн гомдлыг тус тус хангахгүй орхисугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4 заасныг баримтлан хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн 2023.08.25-ны өдөр төлсөн 342,195 төгрөг, хариуцагч Д.Ч-гийн 2023.08.25-ны өдөр төлсөн 86,307 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Н.БАЯРМАА

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                 Г.АЛТАНЧИМЭГ                                   

ШҮҮГЧИД                                                        П.ЗОЛЗАЯА

                                                                             Д.ЦОЛМОН

                                                                              Х.ЭРДЭНЭСУВД