Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 06 сарын 15 өдөр

Дугаар 155/ШШ2021/00655

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Отгонбямба даргалж, шүүх хуралдааны танхимд хаалттай явуулсан иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн Рашаант суманд 1991 онд төрсөн, 30 настай, эмэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, Хөвсгөл аймгийн Р........ сумын ........дугаар багт оршин суух, РЗ......... дугаар регистртэй, Х.....овогт Э.М.......,

Хариуцагч: Хөвсгөл аймгийн Р........сумын ........дугаар багт оршин суух, РЗ......... дугаар регистртэй, эрэгтэй, О.......... овогт Л..Э......холбогдох,

Гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгон, тэтгэлэг гаргуулах, хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөс ногдох хэсэг болох 24.982.500 /хорин дөрвөн сая есөн зуун наян хоёр мянга таван зуу/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2021 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр хүлээн авч, 155/2021/00459/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Уянга, нэхэмжлэгч Э.М., түүний өмгөөлөгч Б.М.., хариуцагчийн өмгөөлөгч Б.Б.......ар оролцлоо.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Э.М...шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие нь нөхөр болох Л.Эр... 2007 онд танилцан, үерхэн дотносож байгаад, 2009 онд албан ёсоор гэр бүл болон, нэг гэрт орсон. Бидний хамтын амьдралын явцад 2012 оны 7 дугаар сарын 06-ны өдөр хүү Э.Б....., 2015 оны 2 дугаар сарын 23-ны өдөр охин Э.Э........ нар мэндэлсэн. Нөхөр болох Л.Э...... айл гэр болон амьдран суусан цагаас хойш миний хувьд байнгын айдас дарамт, хүчирхийлэл бүхий нөхцөл байдалд амьдарч ирсэн. Тодруулбал, тэрээр гэр бүл болсны дараа хүүхэд төрүүлэхгүй удлаа гэж уурлаад зодож нүдэн, харааж загнан намайг маш ихээр гомдоож байсан. Тэр ч бүү хэл архи согтууруулах ундааны зүйлийг тогтмол хэрэглэх болж, согтуурсан үедээ агсам тавьж, эхнэр болох намайг болон 2 хүүхдээ айлгаж ичээн, гэр орныхоо бүхий л тавилга, эд хөрөнгийг устгаж, сүйтгэн, ундуй сундуй болгодог. Мөн өнгөрсөн 11 жилийн хугацаанд айл болж амьдраад, айл гэрийн эхнэрийн үүргээ биелүүлж, мал ахуй, эд хөрөнгөө өсгөн арвижуулах, үр хүүхдээ сайн хүн болгон өсгөн хүмүүжүүлэхийн төлөө өдөр, шөнөгүй ажиллаж, хөдөлмөрлөж байгааг минь үл тоож, ...чиний гэх юм энэ гэр оронд байхгүй... гэж доромжилж, басамжилдаг. Түүний энэ мэт болж бүтэхгүй бүхнийг тэвчиж, бусдаас нууж, хаацайлан, сайн хань ижил байж, эр нөхөртөө хайр энхрийллээ харамгүй өгсөөр байтал миний сайхан сэтгэлд ус цацаж, бузар муу үг, үйлдлээр цаг ямагт гутааж байдагт нь миний хувьд сүүлдээ тэвчээр алдаж, итгэл алдарсан. Л.Эр.......болчимгүй үйлдэл сүүлдээ хэрээс хэтэрч, гэр орондоо ирэхгүй 2-3 хоногоор өөр газар хоног төөрүүлж алга болдог болсон. Ингэж алга болсон хугацаандаа дан ганц архидаад зогсохгүй, өрөөл бусадтай гэр бүлээс гадуур харилцаа үүсгэн, улмаар тухайн бузар үйл явдлаас үүдэлтэй элдэв өвчин хүртэл тусч ирэх нь хүндрэлтэй байсан. Харин энэ болж бүтэхгүй худал хуурмаг бүхнээ тэрээр үгүйсгэж, намайг тэнэг балайгаар дуудаж, улмаар зоддог. Түүгээр ч зогсохгүй 2 хүүхдийн минь эрх ашигт ноцтой хохирол учруулахуйц, сөрөг үр дагавар бүхий хүмүүжилд муугаар нөлөөлөх зүй бус харилцаа үүсгэдэг. Тухайлбал, хүсээгүй байхад минь хүчээр барьж аван, улмаар ор луу хүчтэй авч шидээд, болиоч, хүүхдүүд унтаагүй байна шүү дээ гэж эсэргүүцэл үзүүлсээр байтал хүчээр бэлгийн харилцаанд ордог. Хамгийн ноцтой нь энэ үед 2 хүүхэд минь түүний энэхүү гаж үйлдлийг хараад байж байдаг. Хүч чадалгүй биднийг ингэж дарлаад олон жилийн нүүрийг үзэж байна.

Миний хувьд энэ мэт гэр бүлийн хүчирхийллийн шинжтэй үйлдлийг тухай бүрд нь сумын хэсгийн төлөөлөгч, цагдаа нарт мэдэгддэг байсан. Холбогдох асуудлыг Цагдаагийн байгууллагаас шалгаад түүнд сануулах арга хэмжээ аваад өнгөрөөдөг байсан. Гэвч тэр энэ бүхнийг үл ойшоон, гэр бүлийн хүчирхийллээ улам ихээр үйлдэх болсон бөгөөд цаашид Л.Э......... гэх харгис хэрцгий хүнтэй нэг гэрт амьдрахаас ч айж, жигшин зэвүүцэж байна. Одоогоор Л.Э.........гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн асуудалд нь Цагдаагийн байгууллагаас хэрэг бүртгэлтийн хэрэг нээн шалгаж, тодорхой арга хэмжээ авахаар ажиллаж байгаа болно. Миний хувьд цаашид өөрийнхөө болон үр хүүхдийнхээ сайн сайхан, гэрэл гэгээт ирээдүйн төлөө гэрлэлтээ яаралтай цуцлуулж, амар тайван байхыг хүсэж байна.

Ингээд тус шүүхэд нэхэмжлэл гаргахын өмнө эвлэрүүлэн зуучлагчид өргөдөл гаргахад ...салмааргүй байна, эвлэрмээр байна гэх мөртлөө надаас огтхон ч уучлал гуйгаагүйгээр барам өөрийн гэм буруутай үйлдлээ үгүйсгэж тайлбар гаргасан байсан. Тэр ч бүү хэл ....хэрвээ салах дээрээ хүрвэл хүүхдүүдээ чамаас авна гэх мөртлөө ...чиний хүүхдүүдэд эцэг тогтоолгох шинжилгээ хийлгэнэ" гэх мэт зүй бус авир гарган гэр оронд минь тайван байлгахын аргагүй байдалд оруулсаар байна. Л.Э...... гэх хүнтэй гэр бүл болон амьдарснаас хойш манай гэр бүлд дараахь эд хөрөнгө болон мал ахуй өсөж үржсэн байна. Үүнд:

 

Эд хөрөнгө, мал

Тоо ширхэг

Нэг бүрийн үнэ

Нийт үнэ

 

1

Хөвсгөл аймгийн Рашаант сумын 2 дугаар баг Өвөр бургаст гэх газар байх 5 ханатай гэр /бүрэн тавилгатай/

 

1

 

1.500.000 төгрөг

 

1.500.000 төгрөг

 

2

Хөвсгөл аймгийн Рашаант сумын 2 дугаар баг Өвөр бургаст гэх газар байрлах малын өвөлжөөний хашаа, пүнзний хамт

 

1

 

2.000.000 төгрөг

 

2.000.000 төгрөг

3

Үхэр

 

Нас хүйс

Тугалтай үнээ

3

750.000 төгрөг

2.250.000 төгрөг

Сувай үнээ

2

650.000 төгрөг

1.300.000 төгрөг

Бяруу

4

650.000 төгрөг

1.200.000 төгрөг

Шүдлэн

1

650.000 төгрөг

650.000 төгрөг

4

Хонь

Нас хүйс

Эм хонь

97

100.000 төгрөг

9.700.000 төгрөг

Төлөг

90

50.000 төгрөг

4.500.000 төгрөг

Хурга

66

30.000 төгрөг

1.980.000 төгрөг

5

Ямаа

Нас хүйс

Эр ямаа

20

90.000 төгрөг

1.800.000 төгрөг

Эм ямаа

76

70.000 төгрөг

5.320.000 төгрөг

Борлон

36

35.000 төгрөг

1.260.000 төгрөг

Нийт

 

 

 

33.310.000 төгрөг

 

Иймд Л.Э.., бид хоёрын гэрлэлтийг цуцалж, хүү Э.Б.., охин Э.Э.. нарыг миний асрамжид үлдээж, хуульд заасны дагуу эцгээс нь хүүхдийн тэтгэлэг гаргуулах хүсэлтэй байна.

Мөн хамтран өмчлөх 33.310.000 төгрөгийн үнэлгээ бүхий хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөс өөрт болон 2 хүүхдэдээ ногдох хэсэг болох нийт 24.982.500 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Л.Э.. шүүхэд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Э.М...нэхэмжлэлтэй танилцлаа. Би өөрөө бичиг үсэг мэддэггүй тул өөрийн төрсөн эгч А...болон Н...г, мөн өмгөөлөгч .Б нараар уншуулж ойлголоо. Бид хоёр айл орон болж, амьдарсаар 11 жилийн нүүр үзэж, энэ хугацаанд хоёр хүүхэдтэй болсон. Манай эхнэр Э.М.... уг нь гэртээ ажил төрлөө хийгээд үр хүүхдээ өсгөж хүмүүжүүлээд надад халамжтай байсан. 2020 оны хавар Улаанбаатар хот руу портер машинаа зарна гэж яваад намар ирсэн юм. Энэ үеэсээ зан ааш нь өөрчлөгдсөн, юм л бол сална гэдэг болсон нь үнэн. Би өөрийнхөө хэдэн малыг маллаж, өөрөө өдөр болгон хариулж, маллан өдий хүрч амьдралынхаа төлөө зүтгэдэг. Манай гэрт юу хэрэгтэй, юу авах ёстой гэдгийг зөвхөн манай эхнэр М........бүгдийг мэддэг. Би тоо, үсгээ мэддэггүй болохоор гэр орныхоо эдийн засгийн эрх мэдэлд оролцдоггүй. Миний дуугай, ноомой, бүрэг занг манай эхнэр сайн мэднэ, тийм болохоор миний энэ байдлыг далимдуулж, үг хэл сайтай хүмүүстэй амархан ойлголцдог, давуу байдлаа ашиглаж, маш ихээр гүтгэсэн байдалтай зүйлүүдийг зөндөө бичжээ. Би эхнэр М......... маргалдах санал зөрөх зүйл бол байдаг байсан. Тэгтлээ хоорондоо эвлэрэхгүй болох үе бол ерөөсөө байгаагүй. Харин манай эхнэр өөрөө дандаа намайг үг хэлээрээ дийлдэг шүү дээ. Сүүлийн үед надаас элдэв өө хайж байж суухийн аргагүй болгодог. Нэхэмжлэлд бичсэн шиг би тийм харгис хэрцгий хүн биш ээ. Би гэр орондоо хонохгүй 2-3 хоногоор хоног төөрүүлж, алга болдог гэдэг нь шал худлаа. Намайг гэр бүлээс гадуур явдалтай өвчин тусч ирсэн гэж дэндүү худлаа бичжээ. Би 2021 оны 2 дугаар сарын 23-ны өдөр өөрийн том эгч Ц..... очиж золгоод, Б.... эгчийнд очиж хоноод, маргааш нь гэртээ очиход манай эхнэр М.... гэртээ оруулахгүй хөөгөөд байхаар нь хониндоо явж байсан удаатай. Эхнэр М....... нь нэхэмжлэлдээ бичсэн зүйлийг би бүр маш ихээр гайхаж байна. Үнэндээ үнэн зүйл гэж байдаг бол гарч ирэх л ёстой. Надаас салахын тулд янз бүрийн арга зохиож байгааг, би учир нь олдоно гэж үзэж байна. Би гэрлэлтээ цуцлуулахыг хүсэхгүй байна гэжээ.

Нэхэмжлэгч Э.М......... шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна. Миний нөхөр Л.Э........ намайг зодож дарамтладаг нь үнэн. Бид 2021 оны 2 дугаар сарын сүүлээс эхлэн тусдаа амьдарч байгаа. Би 2 хүүхэдтэйгээ ээжийндээ амьдарч байна. Энэ хугацаанд нэг удаа согтуу ирээд, хүүг унтаж байхад нүцгэн авч явсан. Хааяа утсаар ярихдаа байнга хэл амаар доромжилдог. Бид цаашид эвлэрч хамт амьдрах ямар ч боломжгүй тул гэрлэлтээ цуцлуулна. Хүү Э.Б......, охин Э.Э.........нарыг өөрийн асрамжид авч, эцэг Л.Э.......... хүүхдийн тэтгэлэг гаргуулна. Би анх шүүхэд хамтран өмчлөх эд хөрөнгөөс өөрт болон хоёр хүүхдэдээ ногдох хэсгийг авахаар гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж байна. Л.Э.......... гэр бүл болохдоо 40 толгой бог мал, 10 үхэр, 3 адуутай ирж байсан. 2020 онд тоолуулсан 398 толгой малнаас Л.Э....... хуваарьт мал, зарж худалдсан, үхэж үрэгдсэн малаа хасаж тооцоод 213 толгой мал болно. 213 толгой малыг 4 хүндээ хувааж, өөрт болон хүүхдүүддээ ногдох хувь болох 159 толгой мал авна. Үүнд: 1. Эм хонь 60 толгой буюу нэг бүрийн үнэ 100.000 төгрөг, нийт 6.000.000 төгрөг, 2. Төлөг 60 толгой буюу нэг бүрийн үнэ 50.000 төгрөг, нийт 3.000.000 төгрөг, 3. Эм ямаа 25 толгой буюу нэг бүрийн үнэ 60.000 төгрөг, нийт 1.500.000 төгрөг, 4. Эр ямаа 10 толгой буюу нэг бүрийн үнэ 80.000 төгрөг, нийт 800.000 төгрөг, 5. Борлон 4 толгой буюу нэг бүрийн үнэ 40.000 төгрөг, нийт 160.000 төгрөг, бүгд 11.460.000 төгрөгийн малыг авна. Мөн 5 ханатай давхар бүрээстэй гэрээ 670.000 төгрөгөөр үнэлээд 502.500 төгрөг, Хөвсгөл аймгийн Р......... сумын........ дугаар багийн Өвөр.......гэх газар байрлах малын өвөлжөөний хашаа, пүнзний үнэ 2.000.000 төгрөгөөс 1.500.000 төгрөг авна. Л.Э..... 1.800.000 төгрөгөөр авсан мотоцикл байгаа. Анх шүүхэд 24.982.500 /хорин дөрвөн сая есөн зуун наян хоёр мянга таван зуу/ төгрөгийн эд хөрөнгө гаргуулахаар нэхэмжилсэн нэхэмжлэлийн шаардлагаас 11.520.000 /арван нэгэн сая таван зуун хорин мянга/ төгрөгөөр багасгаж байна.

Иймд Л.Э........ хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөс надад болон хүүхдүүдэд ногдох 159 толгой мал буюу 11.460.000 төгрөг, гэрийн үнээс 502.500 төгрөг, малын өвөлжөөний хашаа, пүнзний үнээс 1.500.000 төгрөг, бүгд 13.462.500 төгрөг гаргуулж өгнө үү гэв.

Зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Э.М....... нь хариуцагч Л.Э.......... холбогдуулан гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгон, тэтгэлэг гаргуулах, хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөс ногдох хэсэг болох 24.982.500 /хорин дөрвөн сая есөн зуун наян хоёр мянга таван зуу/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Э.М....... хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөс ногдох хэсэг болох 24.982.500 /хорин дөрвөн сая есөн зуун наян хоёр мянга таван зуу/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаас 11.520.000 /арван нэгэн сая таван зуун хорин мянга/ төгрөг гаргуулахгүй гэх тайлбар гарган багасгаж байна.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

Хариуцагч Л.Э........ архи ууж согтуугаар гэр бүлийн хүчирхийлэл үйлддэг, эхнэр Э.М...........2021 оны 4 дүгээр сарын 07-ны өдөр зодож, биед нь хөнгөн зэргийн гэмтэл учруулж, хэрэг бүртгэлтийн хэрэг нээн шалгагдаж байгаа болох нь Хөвсгөл аймгийн Р.........т сумын Засаг даргын албан бичиг, тус сумын хамтарсан багийн хурлын 2021 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн №01 дугаар тэмдэглэл, хүүхдийн эрсдлийн нөхцөл байдлын үнэлгээ, нууцын гэрээ, тус сумын хамтарсан багийн хурлын 2021 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн №03 дугаар тэмдэглэл, гэр бүлийн нөхцөл байдлын үнэлгээ, түр хамгаалах байрны үйлчилгээ дуусгах, бусад байгууллагад үйлчлүүлэгчийг хүлээлгэн өгөх маягт, аюулын зэргийн үнэлгээний маягт, Хөвсгөл аймаг дахь Цагдаагийн газрын дарга, цагдаагийн дэд хурандаа Д.Дашнямын 2021 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн Энэ оны 4 дүгээр сарын 12-нд Рашаант сумын 2 дугаар багт иргэн Э.М.......... нь 888...........утсаар мэдэгдэхдээ 2021 оны 4 дүгээр сарын 07-ны өдөр нөхөр Л.Э....... зодуулсан гэх гомдлыг хүлээн авч шалгаад...Эрүүгийн хуулийн 11.6.1 /хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах-хөнгөн/-д зааснаар хэрэг бүртгэлтийн 213800097 дугаартай хэрэг үүсгэн шалгаж байна гэх бичилттэй албан бичиг, нэхэмжлэгчийн тайлбар зэргээр тогтоогдож байна.

Хариуцагч Л.Э......... гэр бүлдээ хүндэтгэлтэй ханддаггүй байдал, эхнэр Э.М......... сэтгэл санааны болон бие махбодийн хүчирхийлэл үйлдэн, зодож биед нь гэмтэл учруулан эрүүгийн хэрэг үүсгэн шалгагдаж байгаа, Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх дэхь эвлэрүүлэн зуучлах ажиллагаанаас татгалзсан зэрэг бодит шалтгаан нь гэрлэгчдийг эвлэрүүлэх арга хэмжээ авахгүйгээр Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4-т Гэрлэгчдийн хэн нэгний байнгын хүчирхийлэл, дарамтаас болж гэр бүлийн гишүүдийн амь нас, эрүүл мэнд болон хүүхдийн хүмүүжилд ноцтой хохирол учирч болзошгүй, эсхүл учирсан нь тогтоогдсон бол шүүх эвлэрүүлэх арга хэмжээ авахгүйгээр гэрлэлтийг цуцална гэж зааснаар гэрлэлтийг цуцлах үндэслэлтэй.

Э.М........., Л.Э.......... нар 2009 оны 5 дугаар сарын 12-ны өдөр гэр бүл болж, 2009 оны 5 дугаар сарын 20-ны өдөр гэрлэлтээ бүртгүүлсэн нь №0043154 №10 дугаар гэрлэлтийн гэрчилгээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, хамтран амьдрах хугацаанд 2012 оны 7 дугаар сарын 06-ны өдөр хүү Э.Б............, 2015 оны 2 дугаар сарын 23-ны өдөр охин Э.Э............нар тус тус төрсөн нь Хөвсгөл аймгийн Рашаант сумын Засаг даргын тамгын газрын иргэний бүртгэлийн ажилтны олгосон №0000807142-№63, 6725000015 бүртгэлийн дугаартай төрсний гэрчилгээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбарууд, хүүхэд эрүүл бойжиж буй тухай Хөвсгөл аймгийн Рашаант сумын Эрүүл мэндийн төвийн тодорхойлолт, сургууль, цэцэрлэгт суралцаж байгаа тухай тус сумын сургуулийн сургалтын менежер, цэцэрлэгийн эрхлэгчийн тодорхойлолтууд, зохигчийн тайлбар зэрэг баримтуудаар тогтоогдлоо.

Хариуцагч Л.Э........... хүүхдийн асрамж тогтоолгож, тэтгэлэг гаргуулах, хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөс ногдох хэсгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн гэж үзлээ.

Учир нь Л.Э..........2021 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр нэхэмжлэлийн хувь гардуулсан ч шүүгчээс тогтоосон хугацаа болох 14 хоног буюу 2021 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн дотор шүүхэд хариу тайлбараа ирүүлэх үүргээ биелүүлээгүй байна. Өөрөөр хэлбэл 2021 оны 5 дугаар сарын 14-ний өдөр шүүхэд зөвхөн гэрлэлт цуцлуулах тухай нэхэмжлэлийн шаардлагад хариу тайлбараа ирүүлсэн. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2-д Хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор, эсхүл шүүгчээс тогтоосон хугацаанд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлэх үүрэгтэй, 72 дугаар зүйлийн 72.3-д Хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан боловч энэ хуулийн 72.2-т заасан үүргээ биелүүлээгүй, түүнчлэн энэ хуулийн 77 дугаар зүйлд заасан журмын дагуу шүүхэд ирж тайлбар өгөөгүй бол нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцно... гэж тус тус заасан байна. Хариуцагч Л.Э....... хуулинд заасан хугацаанд нэхэмжлэлийн шаардлагатай холбоотой хариу тайлбараа шүүхэд ирүүлээгүй, шүүх хуралдааны товыг мэдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр 2 дахь удаагаа хүрэлцэн ирээгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцов. Өөрөөр хэлбэл Л.Э......... нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй бол Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-д заасан шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүргээ биелүүлээгүй байна.

Хүүхдүүд бага насны, эхийн анхаарал, халамж зайлшгүй шаардлагатай байдал, хүүхдийн амьдрах орчин, одоо эх Э.М........н асрамжид байгаа зэргийг харгалзан эхийн асрамжид үлдээх шаардлагатай тул 2012 оны 7 дугаар сарын 06-ны өдөр төрсөн хүү Э.Б........., 2015 оны 2 дугаар сарын 23-ны өдөр төрсөн охин Э.Э........ нарыг эх Э.М........... асрамжид үлдээж, Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-д Эцэг, эх дараахь үүрэг хүлээнэ, 26.2.2-д Хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх гэж зааснаар эцэг, эх хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээх учир эцэг Л.Э.........сар бүр хүүхдийн тэтгэлэг гаргуулж, тэжээн тэтгүүлэх нь зүйтэй. Өөрөөр хэлбэл Л.Э....... үр хүүхдээ заавал тэжээн тэтгэх үүрэгтэй болохыг хуулиар зохицуулсан байдаг.

Хүү Э.Б........., охин Э.Э.............нар эх Э.М..........асрамжид үлдсэн нь эцэг Л.Э...........хувьд түүний эцэг байх эрхийг хязгаарлах үндэслэл болохгүй бөгөөд Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т заасан "хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх, хүүхдээ үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, түүнд суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах" үүргээ хэрэгжүүлэхэд эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ гүйцэтгэхэд саад учруулахыг хориглодог болохыг дурьдлаа. Өөрөөр хэлбэл хүү Э.Б........, охин Э.Э......... нартай эцэг Л.Э......... хэдийд ч уулзаж, дээрх хуулинд заасан үүргээ саадгүй биелүүлэх эрхтэй.

Гэрлэгчид хамтран амьдарч байхдаа 2020 онд 398 толгой мал тоолуулсан, Хөвсгөл аймгийн Р....сумын ........дугаар багын Өвөр.........гэх газар байрлах, өвөлжөө, хаваржааны эзэмшлийн газартай болох нь мал, тэжээвэр амьтад, хашаа, худгийн 2020 оны тооллого, иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх №06725-2021/0..... дугаар гэрээ, иргэний газар эзэмших эрхийн №00010........ дугаар гэрчилгээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбарууд, нэхэмжлэгчийн тайлбар зэрэг баримтаар тогтоогдлоо.

Хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөс: 1. Эм хонь 60 толгой*100.000 төгрөг= 6.000.000 төгрөг, 2. Төлөг 60 толгой*50.000 төгрөг=3.000.000 төгрөг, 3. Эм ямаа 25 толгой*60.000 төгрөг=1.500.000 төгрөг, 4. Эр ямаа 10 толгой*80.000 төгрөг=800.000 төгрөг, 5. Борлон 4 толгой*40.000 төгрөг=160.000 төгрөг, бүгд 159 толгой мал буюу 11.460.000 төгрөг, 6. 5 ханатай давхар бүрээстэй гэрийн үнэ 670.000 төгрөгөөс 502.500 төгрөг, 7. Хөвсгөл аймгийн ........ сумын 2.. дугаар багийн Өвөр......т гэх газар байрлах, малын өвөлжөөний хашаа, пүнзний үнэ 2.000.000 төгрөгөөс 1.500.000 төгрөг, бүгд 13.462.500 /арван гурван сая дөрвөн зуун жаран хоёр мянга таван зуу/ төгрөгийг хариуцагч Л.Эрдэнэбаяраас гаргуулж, нэхэмжлэгч Э.М........., хүү Э.Б........, охин Э.Э......... нарт олгох үндэслэлтэй байна.

Иймд Э.М........, Л.Э....... нарын гэрлэлтийг цуцалж, хүү Э.Б...н, охин Э.Э...нарыг эх Э.М....... асрамжид үлдээж, хариуцагч Л.Эр....... хүү Э.Б........., охин Э.Э........ нарт сар бүр хүүхдийн тэтгэлэг гаргуулан тэжээн тэтгүүлэх, хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөс Л.Эр.......... 13.462.500 /арван гурван сая дөрвөн зуун жаран хоёр мянга таван зуу/ төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Э.М........ хүү Э.Б..........охин Э.Э...........нарт олгож шийдвэрлэв.

Гэр бүлийн тухай хуулинд зааснаар хүүхдэд олгох тэтгэлгийг насны байдлыг нь харгалзан төлөхөөр тогтоосон ба 2012 оны 7 дугаар сарын 06-ны өдөр төрсөн хүү Э.Б....... 08 нас 11 сар, 2015 оны 2 дугаар сарын 23-ны өдөр төрсөн охин Э.Э........ 06 нас 03 сар хүрч байгаа тул Хөвсгөл аймгийн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээ 213.800 төгрөгийн 50 хувь болох 106.900 төгрөгийг хүү Э.Б......., охин Э.Э...........нарт тус тус сар бүр эцэг Л.Э.......... төлөх бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5-д зааснаар хүү Э.Б....., охин Э.Э..........нарт сар бүр төлөх нийт 213.800 төгрөгийн тэтгэлгийг нэг жилийн хугацаанд төлбөл зохих дүнгээр тооцоход 2.565.600 төгрөг болж байна.

Гэрлэлт цуцлуулах тухай нэхэмжлэлийн шаардлага нь эд хөрөнгийн бус үнэлэх боломжгүй нэхэмжлэл тул нэхэмжлэгчийн эд хөрөнгийн бус үнийн дүнд төлсөн улсын тэмдэгтийн хураамж 70.200 төгрөг, нэг жилийн хугацаанд авбал зохих хүүхдийн тэтгэлгийн дүнд төлсөн улсын тэмдэгтийн хураамж 70.674 төгрөг, хамтран өмчлөх дундын эд хөрөнгө гаргуулах тухай үнийн дүнд төлсөн улсын тэмдэгтийн хураамж 282.862 төгрөг, бүгд 423.736 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Л.Э..... гэрлэлт цуцлуулах тухай нэхэмжлэлийн шаардлагад төлөх улсын тэмдэгтийн хураамж 70.200 төгрөг, нэг жилийн хугацаанд хүүхдийн тэтгэлэг төлөх улсын тэмдэгтийн хураамж 70.674 төгрөг, хамтран өмчлөх дундын эд хөрөнгө 13.462.500 төгрөгийн дүнд төлөх улсын тэмдэгтийн хураамж 225.262 төгрөг, бүгд 366.136 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

Нэхэмжлэгчийн шүүхэд ирүүлсэн дараахь нотлох баримтуудыг үнэлээгүй болно. Үүнд: Хүүхдийн төрсний гэрчилгээ, ярилцлагын тэмдэглэл, гэр бүлийн харилцааны индекс, эцэг, эхийн хандлага харилцааны индекс, гэрлэлтийн сэтгэл ханамжийн судлах арга зүйн хуулбарууд, CD зэрэг баримтууд нотариатчаар гэрчлэгдээгүй бичгийн нотлох баримтын шаардлага хангахгүй, давхардсан, хэрэг шийдвэрлэхэд ач холбогдолгүй байна.

Хариуцагч Л.Э....... шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.3-д зааснаар түүний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйл, 132 дугаар зүйлийн 132.6-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4-д зааснаар Ханд овогт Э.М., Он..овогт Л.Э.... нарын гэрлэлтийг цуцалсугай.

 

2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар 2012 оны 7 дугаар сарын 06-ны өдөр төрсөн хүү Э.Б., 2015 оны 2 дугаар сарын 23-ны өдөр төрсөн охин Э.Э.нарыг эх Э.М. асрамжид үлдээсүгэй.

 

3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар 2012 оны 7 дугаар сарын 06-ны өдөр төрсөн хүү Э.Б. 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болтол тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр, Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар 2015 оны 2 дугаар сарын 23-ны өдөр төрсөн охин Э.Э.11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болтол тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр тус тус олгох тэтгэлгийг сар бүр эцэг Л.Э. гаргуулж, тэжээн тэтгүүлсүгэй.

 

4. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4, 26.6-д зааснаар гэрлэлтээ цуцлуулсан ч хуулинд заасан эцгийн үүргээ биелүүлэхийг эцэг Л.Э., энэ үүргээ биелүүлэхэд нь саад учруулахгүй байхыг эх Э.М.нарт тус тус даалгасугай.

 

5. Иргэний хуулийн 130 дугаар зүйлийн 130.2-д зааснаар хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөс: 1. Эм хонь 60 толгой*100.000 төгрөг=6.000.000 төгрөг, 2. Төлөг 60 толгой*50.000 төгрөг=3.000.000 төгрөг, 3. Эм ямаа 25 толгой*60.000 төгрөг= 1.500.000 төгрөг, 4. Эр ямаа 10 толгой*80.000 төгрөг=800.000 төгрөг, 5. Борлон 4 толгой*40.000 төгрөг=160.000 төгрөг, бүгд 159 толгой мал буюу 11.460.000 төгрөг, 6. 5 ханатай давхар бүрээстэй гэрийн үнээс 502.500 төгрөг, 7. Хөвсгөл аймгийн Рашаант сумын 2 дугаар багийн Өвөрбургаст гэх газар байрлах, малын өвөлжөөний хашаа, пүнзний үнээс 1.500.000 төгрөг, бүгд 13.462.500 /арван гурван сая дөрвөн зуун жаран хоёр мянга таван зуу/ төгрөгийг Л.Эрдэнэбаяраас гаргуулж, нэхэмжлэгч Э.М. хүү Э.Б., охин Э.Э. нарт олгосугай.

 

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-д зааснаар нэхэмжлэгч Э.М. улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 423.736 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Л.Э.улсын тэмдэгтийн хураамж 366.136 төгрөг гаргуулан, нэхэмжлэгч Э.М.д олгосугай.

 

7. Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 5 дугаар сарын 03-ны өдрийн 155/ШЗ2021/01436 дугаар шүүгчийн захирамжаар нэхэмжлэгч Э.М., хариуцагч Л.Эр.. нарыг 2021 оны 5 дугаар сарын 03-ны өдрөөс эхлэн тус хэргийг хянан шийдвэрлэх хүртэл хугацаанд тусдаа амьдрахыг, 2012 оны 7 дугаар сарын 06-ны өдөр төрсөн хүү Э.Б., 2015 оны 2 дугаар сарын 23-ны өдөр төрсөн охин Э.Э.. нарыг эх Э.М... асрамжид байлгахыг даалгаж, урьдчилсан арга хэмжээ авсан болохыг дурдсугай.

 

8. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9, 38 дугаар зүйлийн 38.4-д зааснаар шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын гурван өдрийн дотор гэрлэлтийг бүртгэсэн Улсын бүртгэлийн байгууллагад, Улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад тус тус хүргүүлэхийг шүүгчийн туслах Х.Золжаргалд даалгасугай.

 

9. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба энэ өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.ОТГОНБЯМБА