Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 09 сарын 20 өдөр

Дугаар 225/МА2021/00020

 

 

 

 

 

2021 оны 09 сарын 20 өдөр

Дугаар 225/МА2021/00020

 

 

 

*******ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Л.Эрдэнэбат даргалж, шүүгч Н.Баярхүү, Ерөнхий шүүгч Б.Сосорбарам нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн 155/2021/00655 дугаар шийдвэртэй,

*******ын нэхэмжлэлтэй,*******т холбогдох гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгон тэтгэлэг гаргуулах, хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөс ногдох хэсэг болох 24,982,500 /хорин дөрвөн сая есөн зуун наян хоёр мянга таван зуу/ төгрөг гаргуулах тухай маргаантай иргэний хэргийг хариуцагч, хариуцагчийн өмгөөлөгч нарын давж заалдах гомдлыг үндэслэн 2021 оны 7 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Б.Сосорбарамын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч *******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Манлайбаяр, хариуцагч*******, хариуцагчийн өмгөөлөгч Б.Батдорж, нарийн бичгийн дарга Ө.Цэрэнпагма нар оролцов.

Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие*******тай 2007 онд танилцан үерхэн дотносож байгаад 2009 онд албан ёсоор гэр бүл болж нэг гэрт орсон. Бидний хамтын амьдралын явцад 2012 оны 7 дугаар сарын 06-ны өдөр хүү Э.Билгүүн, 2015 оны 2 дугаар сарын 23-ны өдөр охин Э.Энхжин нар мэндэлсэн. Нөхөр болох*******тай айл гэр болон амьдран суусан цагаас хойш миний хувьд байнгын айдас дарамт, хүчирхийлэл бүхий нөхцөл байдалд амьдарч ирсэн. 

... Миний хувьд энэ мэт гэр бүлийн хүчирхийллийн шинжтэй үйлдлийг тухай бүрд нь сумын хэсгийн төлөөлөгч, цагдаа нарт мэдэгддэг байсан. Холбогдох асуудлыг Цагдаагийн байгууллагаас шалгаад түүнд сануулах арга хэмжээ аваад өнгөрөөдөг байсан. Одоогоор*******ын гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн асуудалд нь Цагдаагийн байгууллагаас хэрэг бүртгэлтийн хэрэг нээн шалгаж, тодорхой арга хэмжээ авахаар ажиллаж байгаа болно. Миний хувьд цаашид өөрийнхөө болон үр хүүхдийнхээ сайн сайхан, гэрэл гэгээт ирээдүйн төлөө гэрлэлтээ яаралтай цуцлуулж, амар тайван байхыг хүсэж байна.

... Иймд******* бид хоёрын гэрлэлтийг цуцалж, хүү Э.Билгүүн, охин Э.Энхжин нарыг миний асрамжид үлдээж, хуульд заасны дагуу эцгээс нь хүүхдийн тэтгэлэг гаргуулах хүсэлтэй байна.

Мөн 33,310,000 төгрөгийн үнэлгээ бүхий хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөс өөрт болон 2 хүүхдэд ногдох хэсэг болох нийт 24,982,500 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна. Миний нөхөр******* намайг зодож дарамталдаг нь үнэн. Бид 2021 оны 2 дугаар сарын сүүлээс эхлэн тусдаа амьдарч байгаа. Би 2 хүүхэдтэйгээ ээжийндээ амьдарч байна. Бид цаашид эвлэрч хамт амьдрах ямар ч боломжгүй тул гэрлэлтээ цуцлуулна. Хүү Э.Билгүүн, охин Э.Энхжин нарыг өөрийн асрамжид авч, эцэг*******аас хүүхдийн тэтгэлэг гаргуулна. Би анх шүүхэд хамтран өмчлөх эд хөрөнгөөс өөрт болон хоёр хүүхдэдээ ногдох хэсгийг авахаар гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж байна.

... Анх шүүхэд 24,982,500 /хорин дөрвөн сая есөн зуун наян хоёр мянга таван зуу/ төгрөгийн эд хөрөнгө гаргуулахаар нэхэмжилсэн нэхэмжлэлийн шаардлагаа 11,520,000 /арван нэгэн сая таван зуун хорин мянга/ төгрөгөөр багасгаж байна.

Иймд*******аас хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөс надад болон хүүхдүүдэд ногдох 159 толгой мал буюу 11,460,000 төгрөг, гэрийн үнээс 502,500 төгрөг, малын өвөлжөөний хашаа, пүнзний үнээс 1,500,000 төгрөг, бүгд 13,462,500 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч******* шүүхэд гаргасан тайлбартаа: Бид хоёр айл орон болж амьдарсаар 11 жилийн нүүр үзэж, энэ хугацаанд хоёр хүүхэдтэй болсон.

Манай эхнэр ******* уг нь бол гэртээ ажил төрлөө хийгээд үр хүүхдээ өсгөж хүмүүжүүлээд надад халамжтай байсан. 2020 онд хавар УБ хот руу портер машинаа зарна гэж яваад, намар ирсэн юм. Энэ үеэсээ зан ааш нь өөрчлөгдсөн, юм л болбол сална гэдэг болсон нь үнэн.

...Би эхнэр Мөнхцацралтайгаа маргалдах санал зөрөх зүйл бол байдаг байсан.Тэгтлээ хоорондоо эвлэрэхгүй болох үе бол ерөөсөө байгаагүй.

... Надаас салахын тулд янз бүрийн арга зохиож байгааг, би учир нь олдоно гэж үзэж байна. Би гэрлэлтээ цуцлуулахыг хүсэхгүй байна гэжээ.

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх 2021 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн 155/2021/00655 дугаар шийдвэрээр Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4-д зааснаар Ханд овогт Энхбатын Мөнхцацрал, Онход овогт Лхагвасүрэнгийн Эрдэнэбаяр нарын гэрлэлтийг цуцалж, Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар 2012 оны 7 дугаар сарын 06-ны өдөр төрсөн хүү Э.Билгүүн, 2015 оны 2 дугаар сарын 23-ны өдөр төрсөн охин Э.Энхжин нарыг эх *******ын асрамжид үлдээж, Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар 2012 оны 7 дугаар сарын 06-ны өдөр төрсөн хүү Э.Билгүүнийг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болтол тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр, Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар 2015 оны 2 дугаар сарын 23-ны өдөр төрсөн охин Э.Энхжинг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болтол тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр тус тус олгох тэтгэлгийг сар бүр эцэг*******аас гаргуулж, тэжээн тэтгүүлж, Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4, 26.6-д зааснаар гэрлэлтээ цуцлуулсан ч хуулинд заасан эцгийн үүргээ биелүүлэхийг эцэг Л.Эрдэнэбаяр, энэ үүргээ биелүүлэхэд нь саад учруулахгүй байхыг эх ******* нарт тус тус даалгаж, Иргэний хуулийн 130 дугаар зүйлийн 130.2-д зааснаар хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөс: 1. Эм хонь 60 толгой*100.000 төгрөг=6.000.000 төгрөг, 2. Төлөг 60 толгой*50.000 төгрөг=3.000.000 төгрөг, 3. Эм ямаа 25 толгой*60.000 төгрөг= 1.500.000 төгрөг, 4. Эр ямаа 10 толгой*80.000 төгрөг=800.000 төгрөг, 5. Борлон 4 толгой*40.000 төгрөг=160.000 төгрөг, бүгд 159 толгой мал буюу 11.460.000 төгрөг, 6. 5 ханатай давхар бүрээстэй гэрийн үнээс 502.500 төгрөг, 7. Хөвсгөл аймгийн Рашаант сумын 2 дугаар багийн Өвөрбургаст гэх газар байрлах, малын өвөлжөөний хашаа, пүнзний үнээс 1.500.000 төгрөг, бүгд 13.462.500 /арван гурван сая дөрвөн зуун жаран хоёр мянга таван зуу/ төгрөгийг*******аас гаргуулж, нэхэмжлэгч *******, хүү Э.Билгүүн, охин Э.Энхжин нарт олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-д зааснаар нэхэмжлэгч *******аас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 423.736 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч*******аас улсын тэмдэгтийн хураамж 366.136 төгрөг гаргуулан, нэхэмжлэгч *******д олгож, Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 5 дугаар сарын 03-ны өдрийн 155/ШЗ2021/01436 дугаар шүүгчийн захирамжаар нэхэмжлэгч *******, хариуцагч******* нарыг 2021 оны 5 дугаар сарын 03-ны өдрөөс эхлэн тус хэргийг хянан шийдвэрлэх хүртэл хугацаанд тусдаа амьдрахыг, 2012 оны 7 дугаар сарын 06-ны өдөр төрсөн хүү Э.Билгүүн, 2015 оны 2 дугаар сарын 23-ны өдөр төрсөн охин Э.Энхжин нарыг эх *******ын асрамжид байлгахыг даалгаж, урьдчилсан арга хэмжээ авсан болохыг дурдаж, Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9, 38 дугаар зүйлийн 38.4-д зааснаар шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын гурван өдрийн дотор гэрлэлтийг бүртгэсэн Улсын бүртгэлийн байгууллагад, Улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад тус тус хүргүүлэхийг шүүгчийн туслах Х.Золжаргалд даалгаж шийдвэрлэжээ.

Хариуцагч*******, түүний өмгөөлөгч Б.Батдорж нар давж заалдах гомдолдоо: ... 155/ШШ204/00655 дугаартай шийдвэрээр ... Гэрлэлт цуцалсныг эс зөвшөөрч, хариуцагч******* түүний өмгөөлөгч дараах үндэслэлээр гомдол гаргаж байна. Үүнд:

1.Л.Эрдэнэбаяр намайг оролцуулахгүйгээр шүүх хурал явуулж зөвхөн *******ын үгээр түүний санал санаачилгаар 11 жил амьдарсан амьдралыг дуусгавар болгон гэрлэлт цуцалсанд гомдолтой байна.

2.******* нь нөхөр намайг голж шилэн мал ахуйд явуулахгүй, элдэв арга заль зохиож ... зөрчил гаргасан болгох гэж хэсгийн төлөөлөгч Хуншагайтай үгсэн тохиролцож 30 хоног баривчлуулах гэж оролдсон.

3.Бичиг үсэг мэддэггүй байдлыг ашиглаж энд тэнд очиж ... намайг хүчирхийлэгч мэтээр ярьж ойлгуулан, орон нутгийн байгууллагаас худлаа дүгнэлт хийлгүүлэн авч ... гэрлэлт цуцлуулах үндэслэлээ болгосонд би маш ихээр гомдож, бас харамсаж байна.

4.Бас ...Л.Эрдэнэбаяр намайг хүчирхийлэгч, дарангуйлагч болгохыг оролдож байгаа нь үндэслэлгүй.

5.Л.Эрдэнэбаяр нь ... гэрлэлт цуцлуулах дээрээ хүрвэл, хоёр хүүхдийн эцэг нь мөн эсэхээ шинжлүүлэн, эцэг тогтоолгох шинжилгээ хийлгэнэ гэснийг, нэхэмжлэгч ******* нь шүүх хурал дээр хэлсэн байхад шүүх анзаарсангүй.

6.2012.07.06-нд төрсөн хүү Э.Билгүүн, 2015.02.23-нд төрсөн охин Э.Энхжин нарын эцэг нь******* мөн эсэхийг тогтоолгох хүсэлтэй.

Иймд Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т зааснаар гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад анхан шатны шүүхийн шийдвэр нь шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан шаардлагыг хангасан гэж дүгнэв.

Нэхэмжлэгч ******* нь*******т холбогдуулан гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгон тэтгэлэг гаргуулах, хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөс ногдох хэсэг гаргуулахыг хүссэн шаардлага гаргасан байх ба анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий болжээ.

Анхан шатны шүүх гэр бүлийн харилцаанаас үүссэн эрх зүйн маргааныг хэрэгт авагдсан нотлох баримтад үндэслэн Гэр бүлийн тухай хуулийн холбогдох зохицуулалтын дагуу хянан шийдвэрлэсэн байх тул хариуцагч, түүний өмгөөлөгч нарын хамтран гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэлгүй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ. Учир нь:

1.Зохигч нь гэр бүлийн таарамжгүй харилцаатай, аюулын зэргийн эрсдэл өндөр болохыг эрх бүхий байгууллага үнэлж, нэхэмжлэгчийг түр хамгаалах байранд байрлуулж байсан нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон байх ба үгүйсгэх баримтыг хариуцагч шүүхэд ирүүлээгүй байна.

Иймд анхан шатны шүүх Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4-т Гэрлэгчдийн хэн нэгний байнгын хүчирхийлэл, дарамтаас болж гэр бүлийн гишүүдийн амь нас, эрүүл мэнд болон хүүхдийн хүмүүжилд ноцтой хохирол учирч болзошгүй, эсхүл учирсан нь тогтоогдсон бол шүүх энэ хуулийн 14.2-т заасан эвлэрүүлэх арга хэмжээ авахгүйгээр гэрлэлтийг цуцална. гэж заасныг үндэслэн гэрлэгчдийн гэрлэлтийг цуцалсныг буруутгах үндэслэлгүй.

2.Гэрлэгчид нь 2009 оны 5 дугаар сарын 12-ны өдөр гэр бүл болсноо батлуулсан гэрлэлтийн гэрчилгээтэй, 2012 оны 7 дугаар сарын 6-ны өдөр Э.Билгүүн, 2015 оны 2 дугаар сарын 23-ны өдөр Э.Энхжин нарыг эцэг*******аар овоглон олгосон иргэний бүртгэл хүчин төгөлдөр байх ба үгүйсгэх баримт хэрэгт авагдаагүй.

Түүнчлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 6.3-т зааснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа мэтгэлцэх үндсэн дээр хэрэгжих бөгөөд зохигч хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй. Харин Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6-д заасан ...нотлох баримт ...зохигч өөрөө олж авах боломжгүй, ... тохиолдолд нотлох баримтыг хэргийн оролцогчийн хүсэлтээр шүүх бүрдүүлэх бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч гомдолд дурдсан ...Э.Билгүүн Э.Энхжин нарын эцэг нь******* мөн эсэхийг тогтоолгох асуудалтай холбогдуулан ямар нэгэн хүсэлт гаргаагүй байна.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.2-т зааснаар ...шаардлагатай тохиолдолд шүүхийн мэдэгдэх хуудсыг утас, факс, цахилгаан буюу олон нийтийн хэвлэл, мэдээллийн хэрэгслээр дамжуулан мэдэгдэж болно. Ийнхүү мэдэгдсэнээ баримтжуулсан байна гэж хуульд заасан.

Үүний дагуу шүүх хуралдааны товыг 98380156 дугаарын утсанд болон хариуцагчийн өмгөөлөгчид мэдэгдэж шүүх хуралдааны тов мэдэгдэх тухай баримтад тэмдэглэл үйлдэж баталгаажуулсан байна /ХХ-ийн 72, 86 дугаар тал/.

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдаан хойшлуулах тухай шүүгчийн захирамж /хх-ийн 82-85 дугаар тал/, 2021 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн шүүх хуралдааны тэмдэглэл, хариуцагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэх тухай шүүгчийн захирамж /ХХ-ийн 97-118, 119-121 дүгээр тал/ хэрэгт авагдсан байх ба хариуцагчийн шүүх хуралдаанд оролцох хуулиар олгогдсон эрхийг эдлүүлээгүй гэж үзэх үндэслэл тогтоогдсонгүй.

Түүнчлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 76 дугаар зүйлийн 76.2-т зохигч шүүх хуралдааны товыг шүүхээс лавлах үүрэг хүлээх-ээр заасны дээр хариуцагчийн шүүх хуралдаанд оролцох эрхийг хязгаарласан гэж үзэх үндэслэлгүй байна.

Иймд дээрх үндэслэлээр хариуцагч*******, түүний өмгөөлөгч Б.Батдорж нарын хамтран гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Хариуцагч*******, хариуцагчийн өмгөөлөгч Б.Батдорж нарын хамтран гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн 155/2021/00655 дугаар шийдвэрийг хэвээр үлдээсүгэй.

2.Хариуцагч*******ын давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 366,136/ гурван зуун жаран зургаан мянга нэг зуун гучин зургаа/ төгрөгийг Улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн  167.5-д зааснаар Давж заалдах шатны шүүхийн магадлалд энэ хуулийн 172.2-т заасан анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн үндэслэлээр  зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Л.ЭРДЭНЭБАТ

ШҮҮГЧИД                                Н.БАЯРХҮҮ

Б.СОСОРБАРАМ

 

 

 

 

.