Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 01 сарын 24 өдөр

Дугаар 221/МА2017/0080

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Тунгалагсайхан даргалж, шүүгч Э.Халиунбаяр, О.Номуулин нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Н.Батзориг, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Амарбаясгалан, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Энхтайван нарыг оролцуулан, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 888 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлоор, “Терра энержи” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Ашигт малтмал, Газрын тосны газрын Кадастрын хэлтэст холбогдох захиргааны хэргийг шүүгч О.Номуулингийн илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 888 дугаар шийдвэрээр: Ашигт малтмалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.5, 4.1.8, 4.1.5, 7 дугаар зүйлийн 7.3, 11 дүгээр зүйлийн 11.1.22, 21 дүгээр зүйлийн 21.1.1, 51 дүгээр зүйлийн 51.1, 56 дугаар зүйлийн 56.1, 56.1.2, 56.8, Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1, 10.1.4, 13 дугаар зүйлийн 13.2, Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.9, Иргэний хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 78 дугаар зүйлийн 78.1.7-д заасныг баримтлан нэхэмжлэгч “Терра энержи” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2015 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 1176 дугаар шийдвэрийг илт хууль бус болох, XV-012929 тоот тусгай зөвшөөрөл, түүнийг эзэмших эрхийг 2013 оны 10 дугаар сарын 03-ны өдрөөс 2015 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр хүртэл хугацаанд түдгэлзүүлсэн байсан, түдгэлзүүлсэн хугацаанд Ашигт малтмалын газар нь тусгай зөвшөөрлийн хугацааг тоолж ирсэн нь хууль бус болохыг тус тус тогтоож, XV-012929 тоот тусгай зөвшөөрлийг эзэмших эрхийг 8 дахь жилээс эхлэн сэргээхийг Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтэст даалгаж шийдвэрлэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо: “Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт Кадастрын хэлтсийн даргын 2015 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 1176 дугаар шийдвэрээр “төлбөр төлөөгүй” гэсэн үндэслэлээр цуцалж шийдвэрлэсэн нь илт хууль бус акт болжээ гэж дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлгүй бөгөөд хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн. Кадастрын хэлтэс нь Ашигт малтмалын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2 дахь хэсэгт заасан хуулиар олгогдсон эрхийнхээ хүрээнд тусгай зөвшөөрлийн эрхийг хязгаарлалтын бүртгэл хийхдээ бичгээр захиргааны акт буюу шийдвэр гаргадаггүй. Гагцхүү хууль, шүүхийн байгууллагын хүсэлт, шийдвэрийн дагуу тухайн тусгай зөвшөөрөл эзэмшигчийн тусгай зөвшөөрлийн шилжүүлэг болон барьцааны эрхийг хязгаарладаг. Ийнхүү хязгаарласан бүртгэл нь Ашигт малтмалын тухай хуулиар хүлээсэн тусгай зөвшөөрөл эзэмшигчийн бусад эрх, үүргийг хязгаарладаггүй бөгөөд тусгай зөвшөөрөл эзэмшигч нь тусгай зөвшөөрлийн талбай дээр жил бүр хийж гүйцэтгэх хайгуулын ажлын төлөвлөгөө гаргаж, хайгуулын ажил хийж тайлан гаргах, тусгай зөвшөөрлийн талбайд гүйцэтгэсэн хайгуулын ажлын зардлын доод хэмжээг баталгаажуулах, тусгай зөвшөөрлийн ээлжит төлбөр төлөх зэрэг хуулиар хүлээсэн үүргээ биелүүлэхэд хамааралгүй бөгөөд ялангуяа тусгай зөвшөөрлийн хугацааг түдгэлзүүлэлгүй үргэлжлүүлэн тооцсон нь хууль бус болохыг тогтоолгох ойлголт нь ямар ч хууль зүйн үндэслэлгүй бөгөөд энэ хугацаанд тухайн компани дээрх үүргүүдийг биелүүлж ирсэн нь тухайн хязгаарлалтыг хүлээн зөвшөөрч байсан хэлбэр бөгөөд энэ нь хэрэгт цугларсан нотлох баримтаар мөн нотлогдож байгаа юм. “Терра энержи” ХХК эзэмших, захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлсэн болохыг Ашигт малтмалын газрын Төрийн захиргаа удирдлагын хэлтсийн 2014 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн 3/3791 тоот албан бичгээс мэдсэн гэж тайлбарласан бөгөөд мөн тусгай зөвшөөрөл эзэмшигчийн эрх, үүргийг хязгаарлаж байна гэж үзэж байсан бол гомдлоо тухайн үед үйлчилж байсан Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэгт заасны дагуу дээд шатны албан тушаалтанд хуулийн хугацаанд гаргаж шийдвэрлүүлээгүй атал Нийслэл дэх Захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргахдаа хуульд заасан хугацаанд хэтрүүлэн гаргасан байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгож тус компанийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх үндэслэлтэй байсан. Ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2 “Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь дараа жилийн төлбөрийг тухайн тусгай зөвшөөрлийг олгосон өдрөөс эхлэн тооцож жил бүр урьдчилан төлнө” гэж зааснаар “Терра энержи” ХХК нь XV-012929 тоот ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн   ээлжит жилийн төлбөрийг 2015 оны 12 дугаар сарын 23-ны өдрөөс өмнө урьдчилан төлөх ёстой байсан байна. Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар тусгай зөвшөөрөл цуцлагдах үндэслэл бүрдсэн тухай Мэдэгдлийг 2015 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 6/9370 тоотоор хүргүүлсэн бөгөөд тусгай зөвшөөрөл эзэмшигч нь төлбөр төлсөн тухайгаа нотлох баримтыг төрийн захиргааны байгууллагад ирүүлээгүй байна. Иймээс “Терра Энержи” ХХК-ийн хайгуулын тусгай зөвшөөрлийг Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2 дахь хэсэгт заасныг үндэслэн цуцалсан Кадастрын хэлтсийн даргын 2015 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 1176 дугаар шийдвэр нь хууль зүйн үндэслэл бүхий захиргааны акт юм. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү. ” гэжээ.

ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгч “Терра Энержи” ХХК нь “Ашигт малтмалын газрын /хуучнаар/ Кадастрын хэлтсийн даргын 2015 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 1176 дугаар шийдвэрийг илт хууль бус болохыг тогтоолгох, XV-012929 тоот тусгай зөвшөөрлийг эзэмших эрхийг 8 дахь жилээс эхлэн сэргээхийг Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтэст даалгах”-ыг хүссэн нэхэмжлэл гаргасан байх ба шүүх хуралдаан дээр нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж “XV-012929 тоот тусгай зөвшөөрлийн эзэмших эрхийг 2013 оны 10 дугаар сарын 03-ны өдрөөс 2015 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр хүртэл хугацаанд түдгэлзүүлсэн байсныг тогтоолгох, XV-012929 тоот тусгай зөвшөөрлийн эзэмших эрхийг түдгэлзүүлсэн хугацаанд тусгай зөвшөөрлийн хугацааг тоолж ирсэн нь хууль бус болохыг тогтоолгох”-ыг хүсчээ.

Дээрх шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлага нь бие даасан нэхэмжлэлийн шаардлага бус, харин шүүхэд анх гаргасан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болохыг анхан шатны шүүх анхааралгүй бие даасан нэхэмжлэлийн шаардлагад тооцож хэргийг шийдвэрлэсэн, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, үг зүй, хэл найруулгын алдаа гаргасан байх тул шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж зөвтгөх нь зүйтэй байна.

“Терра энержи” ХХК нь Дундговь аймгийн Сайхан овоо, Дэлгэрхангай, Эрдэнэдалай сумын нутагт орших Цахиурт говь нэртэй газарт ашигт малтмалын хайгуулын үйл ажиллагаа явуулах XV-012929 тоот тусгай зөвшөөрлийг Ашигт малтмалын газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 2011 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 212 дугаар шийдвэрээр “Сод газар” ХХК-иас шилжүүлэн авсан байх бөгөөд уг тусгай зөвшөөрлийг Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2015 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 1176 дугаар шийдвэрээр “хуульд заасан хугацаанд тусгай зөвшөөрлийн ээлжит жилийн төлбөрийг төлөөгүй” гэх үндэслэлээр цуцалжээ.

Нэхэмжлэгч нь дээрх шийдвэрийг эс зөвшөөрч хүчингүй болгуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагаа үндэслэхдээ “хайгуулын тусгай зөвшөөрлийн эзэмших, захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлсэн хугацаанд тусгай зөвшөөрлийн хугацааг тоолж ирсэн нь хууль бус” гэж тайлбарласан бол хариуцагчаас “Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн 2013 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 06/7720 тоот албан бичгийн дагуу дээрх тусгай зөвшөөрлийг эзэмших, захиран зарцуулах эрхийг хязгаарлалтын бүртгэлд бүртгэсэн, ингэж бүртгэсэн нь зөвхөн тусгай зөвшөөрлийн шилжүүлэг болон барьцааг хязгаарладаг бөгөөд тусгай зөвшөөрөл эзэмшигчийн бусад эрх, үүргийг хязгаарлаагүй” гэж маргажээ.

 Маргаан бүхий Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2015 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 1176 дугаар шийдвэр нь Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн /2002 оны/ 9 дүгээр зүйлийн 9.1.7-д заасан “захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй” гэдэгт хамаарч байх тул  илт хууль бус захиргааны акт гэж үзэх үндэстэй. Тодруулбал,

 Ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2-т “Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь дараа жилийн төлбөрийг тухайн тусгай зөвшөөрлийг олгосон өдрөөс эхлэн тооцож жил бүр урьдчилан төлнө”, 34.6-д “Энэ хуулийн 34.2-т заасан хугацаанд төлбөрийг төлөөгүй бол хугацаа хэтэрсэн хоног тутамд тухайн жилд төлөх төлбөрийн үнийн дүнгийн 0.3 хувиар тооцон алданги ногдуулна”, 34.7-д “Энэ хуулийн 34.6-д заасан хугацаа хэтэрсэн хоног 30 хүртэл байх бөгөөд энэ хугацаанаас хэтэрвэл мөн хуулийн 56 дугаар зүйлд заасны дагуу тусгай зөвшөөрлийг цуцална”, 56 дугаар зүйлийн 56.1.2-т “тусгай зөвшөөрөл эзэмшигч тусгай зөвшөөрлийн төлбөрийг энэ хуулийн 34.7-д заасан хугацаанд нь бүрэн төлөөгүй” гэж тус тус зааснаас үзвэл нэхэмжлэгч “Терра энержи” ХХК нь тусгай зөвшөөрлийн ээлжит жилийн төлбөрөө 2015 оны 11 дүгээр сарын 13-ны өдрөөс өмнө төлөх үүрэгтэй бөгөөд хугацаа хэтрүүлэх эрх олгосон 30 хоногийг нэмж тооцвол 2015 оны 12 дугаар сарын 13-ны өдрөөс өмнө төлөх үүрэгтэй гэж үзнэ.    

 Хариуцагч нь дээрх хуулиар хүлээсэн үүргээ нэхэмжлэгч зөрчиж ээлжит жилийн төлбөрөө төлөөгүй гэх үндэслэлээр тусгай зөвшөөрлийг цуцлахдаа уг тусгай зөвшөөрлийн маргаантай байгаа нөхцөл байдал болон тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр байх хугацаа ердийн журмаар тоологдож байгаа эсэхийг анхаарах шаардлагатай байжээ.

Өөрөөр хэлбэл, Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн 2013 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 06/7720 тоот албан бичгээр “Терра энержи” ХХК-ийн тусгай зөвшөөрлийн эзэмших, захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлэхийг мэдэгдсэний дагуу Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтэс хязгаарлалтын бүртгэлд бүртгэсэн байх ба энэ тухайгаа 2014 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн 3-3791 тоот албан бичгээр нэхэмжлэгч талд мэдэгдсэн, мөн Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн 2015 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн 06/4820 тоот албан бичгээр тусгай зөвшөөрлийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарлаж байсан хоригийг цуцлахыг мэдэгдсэнээр Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2015 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 6/8616 тоот албан бичгээр тусгай зөвшөөрлүүдийн хоригийг цуцалсан тухайгаа, мөн цаашид хэрхэн ажиллах чиглэл хүссэн албан бичгийг Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэст хүргүүлж, нэхэмжлэгчид мэдэгдсэн зэрэгт дүгнэлт хийвэл ийнхүү тусгай зөвшөөрлийн хүчинтэй байх эсэх асуудал маргаантай байхад тусгай зөвшөөрөл эзэмшигчийг төлбөр төлөөгүй гэж буруутгаж байгаа нь Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д заасан төрийн албанд баримтлах “шударга ёс”-ны зарчимтай нийцэхгүй юм.

Ашигт малтмалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.15-д зааснаар ”хайгуулын тусгай зөвшөөрөл” гэж энэ хуулийн дагуу ашигт малтмал эрэх, хайх эрх олгосон баримт бичгийг ойлгохоор зохицуулсан бөгөөд уг тусгай зөвшөөрлийн эзэмших, захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлсэн цаг хугацаанд геологийн судалгааны ажил хийх, ашигт малтмал эрэх, хайх ажиллагаа ердийн журмаар хэрэгжих боломжтой гэж үзэх нь учир дутагдалтай болно.

 Иймд Иргэний хуулийн 78 дугаар зүйлийн 78.1.7-д зааснаар хөөн хэлэлцэх хугацаа түр зогсох үр дагавартай талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлтийг буруутгах боломжгүй бөгөөд Татварын ерөнхий хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д “Монгол Улсын татвар нь албан татвар, хураамж, төлбөр /цаашид “татвар” гэх/-өөс бүрдэнэ”, 5.7-д “Төрийн өмчийн газар, түүнчлэн газрын хэвлий, эрдэс баялаг, ой, ургамал, рашаан, усны нөөц ашиглуулсны, агаар, ус, хөрс бохирдуулсны, ан амьтан агнуулсны төлөө хувь хүн, хуулийн этгээдээс авч улс, орон нутгийн төсөв, тусгай зориулалтын санд төвлөрүүлж байгаа мөнгөн хөрөнгийг төлбөр гэнэ” гэж зааснаас үзвэл хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь тухайн талбайдаа үйл ажиллагаа явуулаагүй, ашиглаагүй, энэ нөхцөл байдал өөрийнх нь буруугаас шалтгаалаагүй байхад төлбөр төлөөгүй гэж буруутган тусгай зөвшөөрлийг цуцласан нь үндэслэлгүй гэж шүүх үзлээ.

 Дээрхийг дүгнэвэл Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсээс ирүүлсэн албан бичгийн дагуу “Терра энержи” ХХК-ийн тусгай зөвшөөрлийг 2013 оны 10 дугаар сарын 28-ны өдрөөс 2015 оны 7 дугаар сарын 20-ний өдрийг хүртэл түдгэлзүүлсэн хугацаанд хөөн хэлэлцэх хугацаа зогсох бөгөөд 2013 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр 7 дахь жилийн төлбөр, 2014 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр 8 дахь жилийн төлбөрөө төлсөн байх тул тусгай зөвшөөрлий эрхийг 8 дахь жилээс эхлэн сэргээхийг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь хуульд нийцнэ.

Нэхэмжлэгч нь тусгай зөвшөөрлийг хязгаарлалтын бүртгэлд бүртгэсэнтэй холбоотой нэхэмжлэлийн шаардлага гаргаж маргаагүй тул хариуцагчийн “2014 онд гомдлоо гаргах байсан, нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа дууссан” гэх давж заалдах гомдлыг хангах үндэсгүй.

Харин Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.3-т “Газар, байгалийн баялгийг ашиглахтай холбогдож олгох зөвшөөрлийг Газрын тухай, Газрын хэвлийн тухай, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай, Байгалийн ургамлын тухай, Амьтны тухай, Ойн тухай, Усны тухай, Ховордсон амьтан, ургамал, тэдгээрийн гаралтай эд зүйлийн гадаад худалдааг зохицуулах тухай, Ашигт малтмалын тухай, Цөмийн энергийн тухай, Хувиргасан амьд организмын тухай хуулиар тус тус зохицуулна” гэж заасан тул шүүх уг хуулийг хэрэглэсэн нь хууль хэрэглээний алдаа байх бөгөөд Ашигт малтмалын тухай хуулийн хэрэглэх шаардлагагүй зохицуулалтыг баримталсанд өөрчлөлт оруулж шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

            1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн  888 дугаар шийдвэрийн 1 дэх заалтыг “Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн /2002 оны/ 9 дүгээр зүйлийн 9.1.7, Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2, 56.8, Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, Иргэний хуулийн 78 дугаар зүйлийн 78.1.7-д заасныг тус тус баримтлан “Терра энержи” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж Ашигт малтмалын газрын /хуучнаар/ Кадастрын хэлтсийн даргын 2015 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 1176 дугаар шийдвэрийг илт хууль бус болохыг тогтоон, “Терра энержи” ХХК-ийн XV-012929 тоот тусгай зөвшөөрлийн хугацааг 8 дахь жилээс үргэлжлүүлэн тооцохыг Ашигт малтмал, Газрын тосны газрын Кадастрын хэлтэст даалгасугай” гэж  өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн  41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч нь давж заалдах гомдол гаргахдаа төлөх улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурьдсугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

ШҮҮХ БҮРЭЛДЭХҮҮН:                         

                                     ШҮҮГЧ                                           Б.ТУНГАЛАГСАЙХАН 

                                     ШҮҮГЧ                                                   Э.ХАЛИУНБАЯР    

                                     ШҮҮГЧ                                                   О.НОМУУЛИН