Улсын дээд шүүхийн Тогтоол

2017 оны 12 сарын 27 өдөр

Дугаар 01

 

Э.У, Э.Б нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Б.Батцэрэн даргалж, Танхимын тэргүүн Б.Цогт, шүүгч Д.Ганзориг, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын Ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор Ш.Эрдэнэбилэг, шүүгдэгч Э.У, Шүүгдэгч нарын өмгөөлөгч Д.Эрдэнэчимэг, Б.Батсүх, нарийн бичгийн дарга Б.Өлзийтүвшин нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн 2017 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн 39 дүгээр цагаатгах тогтоол, Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн 30 дугаар магадлалтай, Э.У, Э.Б нарт холбогдох эрүүгийн 201621010080 дугаартай хэргийг шүүгдэгч нарын өмгөөлөгч Б.Батсүхийн гаргасан гомдлыг үндэслэн, Танхимын тэргүүн Б.Цогтын танилцуулснаар хянан хэлэлцэв.

1. Монгол Улсын иргэн, 1981 онд төрсөн, 39 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, Х аймгийн Ү сумын засаг дарга ажилтай, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт Х аймгийн Ү сумын Ө багт оршин суух, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Э овогт Э-ийн У.

2. Монгол Улсын иргэн, 1981 онд төрсөн, 39 настай, эрэгтэй, дээд боловсролтой, Орос, Англи хэлний багш мэргэжилтэй, Х аймгийн Ү сумын засаг даргын Тамгын газрын дарга ажилтай, ам бүл 6, эхнэр, хүүхдүүдийн хамт Х аймгийн Ү сумын Ө багт оршин суух, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Х овогт Э-ын Б.

Э.У нь албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж өөрийн өмчлөлийн 2 давхар зочид буудлын зориулалтай объектыг тус сумын “Хаан” банкны зээлийн барьцаанаас чөлөөлж ахуй үйлчилгээний зориулалттай байр болгох зорилгоор Үенч сумын Иргэдийн төлөөлөгчдийн 2015 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн хурлаар орон нутгийн хөгжлийн сангийн мөнгөнөөс 100.000.000 төгрөг батлуулж, үүнээс 2015 онд орон нутгийн хөгжлийн сангаас 62.933.000 төгрөг гаргаж, 2015 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр 15.000.000 төгрөгийг “Хаан” банк руу шилжүүлж 47.933.000 төгрөгийг зочид буудлын засвар үйлчилгээнд зарцуулж, мөн 2016 оны 12 дугаар сарын 22-ний өдөр 25.000.000 төгрөг “Хаан” банк руу шилжүүлж, 2016 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр орон нутгийн хөгжлийн сангаас 6.000.000 төгрөгийг Засаг даргын захирамж гаргаж ахуйн үйлчилгээний ордны засвар үйлчилгээнд зарцуулсан нь Монгол улсын болон орон нутгийн төсөв тэдгээртэй адилтгах хэрэгжүүлэх хөрөнгө оруулалтын төсөв барилга байгууламж, их засвар, худалдан авах тоног төхөөрөмжийн хөрөнгийг төлөвлөх, гүйцэтгэл гаргах, санхүүжүүлэх, хяналт тавих журмын 3.22 дахь заалтыг зөрчиж, орон нутагт 93.933.000 төгрөгийн буюу онц их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг,

Э.Б нь 2015 оны 3 дугаар сарын 10-ны өдөр 3/71 дугаартай албан тоотыг Хо аймгийн Ү сумын “Хаан” банкны тооцооны төвд хүргүүлж Үенч сумын “Хаан” банкны эрхлэгч Д.Д-тэй үл хөдлөх хөрөнгө, эд хөрөнгө худалдах, худалдан авах тухай гэрээ байгуулахдаа Төрийн болон орон нутгийн өмч хөрөнгөөр бараа ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.5, мөн хуулийн 45 дугаар зүйлийн 45.3 дахь хэсгийг зөрчиж албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулан ашигласан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн 2017 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн 39 дүгээр цагаатгах тогтоолоор Ховд аймгийн Булган сум дахь сум дундын прокурорын газраас 2002 оны Эрүүгийн хуулийн 263 дугаар зүйлийн 263.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Э.У, Э.Б нарт холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч Э.У, Э.Б нарыг цагаатгаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 2.2-т зааснаар Ховд аймгийн Засаг даргын тамгын газрын нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхисныг дурдаж шийдвэрлэсэн байна.

Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн 30 дугаар магадлалаар прокурорын эсэргүүцлийг хүлээн авч, анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолыг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцааж шийдвэрлэжээ.

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгч нарын өмгөөлөгч Б.Батсүх гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа “... анхан шатны шүүхийн цагаатгах тогтоол нь хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх хуулийн шаардлагыг хангасан гэж үзэж байна. Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолыг хүчингүй болгож, хэргийг мөн шүүхэд дахин хэлэлцүүлэхээр буцаах үндэслэлээ тодорхой дурдаж өгөөгүй. Зөвхөн анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн гэж дүгнэснээс өөр дүгнэлт хийгээгүй. Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү” гэв.

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгч нарын өмгөөлөгч Д.Эрдэнэчимэг шүүх хуралдаанд хэлсэн саналдаа “... давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчиж анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолыг хүчингүй болгосон. Анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудад хууль зүйн үндэслэл бүхий дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэсэн. Цагаатгах тогтоол нь хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх хуулийн шаардлагыг хангасан байна. Давж заалдах шатны шүүх худалдан авах ажиллагааны журам зөрчсөн гэсэн дүгнэлт хийсэн боловч яг ямар журам зөрчигдсөн талаар магадлалдаа тодорхой дүгнэлт хийгээгүй. Харин анхан шатны шүүх худалдан авах ажиллагааны журмыг зөрчөөгүй талаар цагаатгах тогтоолдоо тодорхой дурдаж өгсөн. Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү” гэв.

Прокурор Ш.Эрдэнэбилэг хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ “... анхан шатны шүүх хэргийг хянан хэлэлцээд шүүгдэгч нарын албан тушаалын байдлаа буюу албаны эрх мэдлээ урвуулан ашигласан гэх үйлдэл нь тогтоогдоогүй гэдэг үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож, тэднийг цагаатгасан. Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн цагаатгах тогтоол нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлд заасан шаардлагыг хангаагүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлд хамаарч байгаа талаар дүгнэлт хийж анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байна. Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хяналтын журмаар шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянавал анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Э.У нь Ховд аймгийн Үенч сумын засаг даргаар ажиллаж байхдаа албан тушаалын байдлаа ашиглан өөрийн өмчлөлийн зочид буудлын зориулалттай барилгыг Хөдөө аж ахуйн банкны зээлийн барьцаанаас чөлөөлөх зорилгоор сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлаас тухайн барилгыг орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр худалдан авах шийдвэр гаргуулж Хөдөө аж ахуйн банк руу 40 сая төгрөг шилжүүлсэн барилгын засварт 53.933.000 төгрөг зарцуулж орон нутагт 93.933.000 төгрөгийн онц их хэмжээний хохирол учруулсан,

Э.Б нь сумын засаг даргын тамгын газрын даргаар ажиллаж байхдаа 2015 оны 3 дугаар сарын 10-ны өдөр сумын Хөдөө аж ахуйн банкны тооцооны төв рүү дээрх үл хөдлөх хөрөнгийг худалдан авах санал хүргүүлж, гэрээ байгуулахдаа Төрийн болон орон нутгийн өмч хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийг зөрчиж албаны эрх мэдлээ урвуулан ашигласан нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий нотлох баримтаар нотлогдоогүй гэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий болжээ.

Ховд аймаг дахь сум дундын 2 дугаар шүүхийн шүүгчийн 2010 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн 99 дүгээр захирамж /хэргийн 12 дугаар тал/-аар хариуцагч Э.У-гийн зөвшөөрлийг баталж тухайн үл хөдлөх хөрөнгийг Хөдөө аж ахуйн банкны 50 сая төгрөгийн зээлийн үлдэгдэл 47.093.107 төгрөгийн үүргийн гүйцэтгэлд тооцуулахаар шийдвэрлэсний дагуу тус аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны шийдвэр гүйцэтгэгчийн 2011 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн 26 дугаар тогтоол /хэргийн 2-4 дүгээр тал/-оор буудлын барилга, баарны зориулалттай байр, хашаа, 2 гражийг газрын хамт шилжүүлэн өгсөн актыг үндэслэн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг дууссанд тооцож тухайн үл хөдлөх хөрөнгийг банкны өмчлөлд шилжүүлснээр Э.У-гийн өмчлөх эрх дуусгавар болсон нь шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон байна.

Иймд орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хуучин үл хөдлөх хөрөнгийг худалдан авч, засан сайжруулж ахуйн үйлчилгээний ордон болгон ашиглах тухай сумын иргэдийн хурлаар шийдвэрлэсэн асуудлыг хэрэгжүүлсэн сумын засаг дарга, тамгын газрын дарга нарыг албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлгүй гэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалд нийцсэн бөгөөд хэрэглэвэл зохих хуулийг зөв ойлгож тайлбарласан гэж үзнэ.

Мөрдөн байцаалтаар шүүхийн тогтоол гаргахад ач холбогдолтой байж болох бүхий л нөхцөл байдлыг бүрэн шалгаж эргэлзээгүй байдлаар тогтоосон бөгөөд шүүгдэгч болон хэргийн бусад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасч буюу хязгаарлах замаар шүүхээс үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.

Гэтэл давж заалдах шатны шүүх “... хэргийн талаар ямар нөхцөл байдал тогтоогдсон, ямар нотлох баримтаар нотлогдсон, эсхүл ямар нотлох баримтаар гэмт хэргийн шинж үгүйсгэгдэж байгааг тодорхой бичээгүй, яллах нотлох баримтыг няцаан үгүйсгэсэн үндэслэлээ тусгаагүйгээс гадна Э.Угийн зээлийн гэрээний харилцаа дуусгавар болсон эсэх, дуусгавар болсон бол хэзээ, хэрхэн дуусгавар болсон, шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа хэрхэн дуусгавар болсон зэргийг тодруулаагүй, энэ талаар дүгнэлт хийгээгүй” гэсэн үндэслэлээр цагаатгах тогтоолыг хүчингүй болгохдоо Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.3-д заасныг баримталсан нь учир дутагдалтай болжээ.

Учир нь анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүйн дээр шүүхийн тогтоолд заасан дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцээгүй гэх давж заалдах шатны шүүхийн дүгнэлт нь хуулийн дээрх заалтад хамаарахгүй болно.

Мөн анхан шатны шүүхийн дүгнэлтэд онцгой ач холбогдолтой хэмээн тооцогдсон харилцан зөрүүгүй нотлох баримтыг зөрүүтэй мэтээр дүгнэж, хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр тогтоогдсон үйл баримтыг дахин шалгуулахаар заасан нь үндэслэлгүй тул магадлалыг хүчингүй болгож, энэ талаар гаргасан өмгөөлөгчийн гомдлыг хангах нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.3-д заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүхээс ТОГТООХ нь:

1. Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн 2017 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн 39 дүгээр цагаатгах тогтоолыг хэвээр үлдээж, мөн аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн 30 дугаар магадлалыг хүчингүй болгосугай.

ДАРГАЛАГЧ                                                          Б.БАТЦЭРЭН

ШҮҮГЧИД                                                               Д.ГАНЗОРИГ

                                                                                Ч.ХОСБАЯР

                                                                                Б.ЦОГТ 

                                                                                Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН