Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 07 сарын 24 өдөр

Дугаар 39

 

                Ховд аймгийн Булган сум дахь Сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Л.Түвшинжаргал даргалж,

                Нарийн бичгийн дарга Б.Цагаанцоож

                Улсын яллагч Б.Оюунцэцэг

                Иргэний нэхэмжлэгч П.Цэцэгсүрэн

                Шүүгдэгч нарын өмгөөлөгч Д.Эрдэнэчимэг /Үнэмлэхний дугаар-0770/,  Д.Хуягбаатар /шүүхэд төлөөлөх эрхийн үнэмлэхний дугаар 0771/, Б.Б  /шүүхэд төлөөлөх эрхийн үнэмлэхний дугаар 0297/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

                Ховд аймгийн Булган сум дахь сум дундын Прокурорын газраас /2002 оны/ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Э овогт Э-гийн У , Хан овогт Э ын Б  нарт холбогдох эрүүгийн 201621010080 тоот хэргийг 2017 оны 05 сарын 10-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

                Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1981 оны 12 сарын 22-нд Ховд аймгийн Үенч суманд төрсөн, 36 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрх-зүйч мэргэжилтэй, Ховд аймгийн Үенч сумын Засаг дарга ажилтай, ам бүл 4, эхнэр хүүхдүүдийн хамт Ховд аймгийн Үенч сумын Хөх-үзүүр багт оршин суух, 2016 онд Хөдөлмөрийн хүндэт медалаар шагнагдсан, урьд ял шийтгэлгүй, ухаан бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Э овогт Э-гийн У  /РД:ПК81122231/

                Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1981 оны 08 сарын 18-нд Ховд аймгийн Үенч суманд төрсөн, 36 настай, эрэгтэй, дээд боловсролтой, орос, англи хэлний багш мэргэжилтэй, Ховд аймгийн Үенч сумын Засаг даргын Тамгын газрын дарга ажилтай, ам бүл 6, эхнэр хүүхдүүдийн хамт Ховд аймгийн Үенч сумын Хөх-үзүүр багт оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, ухаан бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Хан овогт Э ын Б . /РД:ПК81081811/

                Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурьдсанаар/

                Шүүгдэгч Э.У  нь албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж өөрийн өмчлөлийн 2 давхар зочид буудлын зориулалттай объектыг тус сумын ХААН банкны зээлийн барьцаанаас чөлөөлж ахуй үйлчилгээний зориулалттай байр болгох зорилгоор Үенч сумын Иргэдийн төлөөлөгчдийн 2015 оны 03 сарын 18-ны өдрийн хурлаар орон нутгийн хөгжлийн сангийн мөнгөнөөс 100.000.000 төгрөг батлуулж үүнээс 2015 онд орон нутгийн хөгжлийн сангаас 62.933.000 төгрөг гаргаж, 2015 оны 04 сарын 29-ний өдөр 15.000.000 төгрөгийг ХААН банкруу шилжүүлж 47.933.000 төгрөгийг зочид буудлын засвар үйлчилгээнд зарцуулж мөн 2016 оны 12 дугаар сарын 22-ний өдөр 25.000.000 төгрөг ХААН банкруу шилжүүлж, 2016 оны 04 сарын 28-ны өдөр орон нутгийн хөгжлийн сангаас 6.000.000 төгрөгийг засаг даргын захирамжаар гаргаж ахуйн үйлчилгээний ордны засвар үйлчилгээнд зарцуулсан нь Монгол улсын сангийн сайдын 2010 оны 06 сарын 17-ны өдрийн 135 дугаар тушаалаар батлагдсан Улсын болон орон нутгийн төсөв тэдгээртэй адилтгах хөрөнгөөр хэрэгжүүлэх хөрөнгө оруулалтын төсөв барилга байгууламж, их засвар, худалдан авах тоног төхөөрөмжийн хөрөнгийг төлөвлөх, гүйцэтгэл гаргах, санхүүжүүлэх, хяналт тавих журмын 3.22 дахь заалтыг тус тус зөрчиж, орон нутагт 93.933.000 төгрөгний буюу онц их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн,

                Шүүгдэгч Э.Б  нь 2015 оны 03 сарын 10-ны өдөр 3/71 дугаартай албан тоотыг Ховд аймгийн Үенч сумын ХААН банкны тооцооны төвд хүргүүлж Үенч сумын ХААН банкны эрхлэгч Д.Дашцэрэнтэй үл хөдлөх хөрөнгө, эд хөрөнгө худалдах худалдан авах тухай гэрээ байгуулахдаа Төрийн болон орон нутгийн өмч хөрөнгөөр бараа ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.5, мөн хуулийн 45 дугаар зүйлийн 45.3 дахь хэсгийг зөрчиж албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулан ашигласан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

                Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах дараах нотлох баримтуудыг шинжлэн судаллаа. Үүнд:

                Шүүгдэгч Э.У гийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Би 2012 оны 12 сарын 03-ны өдрийн Ховд аймгийн Үенч сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 100%-ийн саналаар тус сумын Засаг даргаар томилогдон ажилласан. Үенч сумын ард түмний 68 хувийн сонголтоор аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хуралд төлөөлөгчөөр сонгогдон 2012 оноос 2016 оныг дуустал ажиллаж байсан. Ажиллаж байх хугацаандаа шудрага ёсны зарчмыг баримтлан ажилласан. Намайг буруутгаж байгаа асуудлын хувьд тухайн үед Булган сум дахь Сум дундын шүүхийн шүүгчийн захиармж гарчихсан байсан. Үүнийг шүүхийн шийдвэр гүйцэтгэгч хэрэгжүүлээд ХААН банкны эзэмшилд шилжүүлчихсэн байхад Э.У гийн өмч гэж үзэж байгаа нв үндэслэлгүй байна. Орон нутагт ахуйн үйлчилгээний төв байгуулах асуудлын хувьд сумын Засаг даргын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрийг сумын Иргэдийн хурлаас баталдаг. Монгол улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1-д зааснаар сумын Иргэдийн төлөөлөгчдийн хуралд засаг дарга нь ажлаа тайлагнадаг, мөрийн хөтөлбөрөө батлуулдаг, Иргэдийн төлөөлөгчдийн хурал нь засаг даргын үйл ажиллагаанд хяналт тавьдаг энэ журмын дагуу засаг даргын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрийн 5 бүлэг 163 зүйл заалттай бодлогын баримт бичиг батлагдсан. Үүний 5.2.7-д Үенч суманд Ахуйн үйлчилгээний төв байгуулна гэсэн заалтыг оруулсан. Үүнийг би 4 жилийн хугацаанд хэрэгжүүлэх үүргийг хүлээж ажилласан. 2015 оны Засаг даргын үйл ажиллагааны үндсэн чиглэл батлагдсан. Энэ үндсэн чиглэлийн 3.2.1-т Үенч суманд Ахуйн үйлчилгээний төв барих үндсэн чиглэлийг тусгаж, үүнийг хэрэгжүүлэхийг сумын иргэдийн хурлаас надад үүрэг болгосон. Үүний дагуу Төсвийн тухай хууль болон Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн дагуу сумын иргэдийн хурлаас төсвийг нь баталж өгсөн. Сумын иргэдийн хурлаас төсвийг нь баталж өгөхдөө ард иргэдийн саналаар сумын өнгө үзэмжийг гутааж байгаа хуучин эрүүл мэндийн барилга, дотуур байрны барилга, 2 давхар зочид буудлын барилгыг засаж засварлах гэсэн асуудлаар сумын ард иргэдийн дунд хэлэлцүүлэг зохион байгуулж сумын иргэдийн хурлаас үүрэг чиглэл өгч байсан. Үүнийг 2015 оны Хөх-үзүүр багийн иргэдийн нийтийн хурал болон бусад багуудын иргэдийн нийтийн хурлаар хэлэлцэж, эрэмблүүлж, 2 давхар зочид буудлын зориулалттай балгас болсон барилгыг Ахуйн үйлчилгээний төв болгон ашиглах асуудлыг иргэдээр эрэмблүүлж, сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлаар хэлэлцүүлж, үндсэн чиглэлдээ тусгаж төсөв батлагдсан байдаг.

                2015 оны төсвийг батлахдаа Иргэдийн төлөөлөгчдийн хурлаас 110 сая төгрөгийг Ахуйн үйлчилгээний төв байгуулахад зарцуул гэсэн чиглэл өгсөн. Үүрэг чиглэл өгөхдөө сумын өнгө үзэмжийг гутааж байгаа дээрх объектийг ХААН банкинд 60.750.000 төгрөг өгөөд засвар үйлчилгээг 50.000.000 төгрөгөөр хийж Ахуйн үйлчилгээний төв болго гэсэн үүрэг чиглэл өгсөн. Үүнийг засаг дарга нь нэгжийн тухай хууль болон төсвийн тухай хуульд зааснаар иргэдийн төлөөлөгчдийн хурлаас өгсөн үүрэг чиглэл, мөрийн хөтөлбөрийг биелүүлж иргэдийн хурлаас өгөгдсөн чиглэлийн дагуу гүйцэтгэлийг нь зохион байгуулаад явсан байгаа. Би ажиллах хугацаандаа Төсвийн тухай хууль болон Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хууль, төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулиуд болон үүнтэй уялдаж гарсан сангийн сайдын журмуудыг үйл ажиллагаандаа мөрдлөг болгон хэрэгжилтийг нь ханган ажиллаж байна.

                Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хуульд 80 сая төгрөг хүртэл бараа ажил үйлчилгээг харьцуулалтын аргаар зохион байгуулж орон нутгийн иргэдийн оролцоог хангаж болно гэсний дагуу ард иргэдийн ажлын байрыг нэмэгдүүлэх зорилгоор ажилласан. Уг объект нь сумын өнгө үзэмжийг гутаагаад зогсохгүй архичид цуглардаг, бие засдаг, гэмт хэргийн гаралт нөхцөлийг бүрдүүлж болзошгүй байдалд хүрсэн байсан. Энэ объектод их хэмжээний хөрөнгө оруулалт хийж орчин үеийн ахуйн үйлчилгээний төв болгох засварын ажлыг хийсэн. Шувуун дээвэр тавих, дотор засал чимэглэл хийх, цонх хаалга гэх мэтчилэн олон ажлуудыг хийсэн. Халаалтын асуудал хүндрэлтэй байсан. Эдгээр ажлуудыг ЗДТГ-ын холбогдох хүмүүстэй хуульд заасан журмын дагуу гэрээ хэлцэл байгуулж хуулийн дагуу хийж гүйцэтгэсэн.

                ...Одоо ХААН банкинд 20.750.000 төгрөгний үлдэгдэлтэй байгаа. Үүнийг төлж байж уг объект нь Үенч сумын ЗДТГ-ын өмчлөл, төрийн өмчид шилжих юм. Үенч сумын ЗДТГ-ын өмчлөлд бүрэн шилжээгүй байгаа тул бүрэн хэмжээгээр үйл ажиллагаа явуулах, ашиглах боложгүй байна. Энэ объектийг орон нутгийн өмчлөлд шилжүүлж байж үйл ажиллагаа эхэлнэ. Уг объект нь миний өмчлөлийн объект биш юм. Сумын онцгой бүрэн эрхийн хүрээнд шийдэгдэх асуудлыг яагаад аймгийн ЗДТГ-аас иргэний нэхэмжлэгч тогтоогоод яваад байгааг ойлгохгүй байна. Аймгийн орон нутаг хөгжүүлэх санд хохирол учирсан гэж яриад байгаа нь ойгомжгүй байна. 93 сая төгрөг нь хохирол биш суманд хийгдсэн бүтээн байгуулалтын ажил юм гэж ойлгож байна. Уг 2 давхар объект нь зах зээлийн жишиг үнээр 600м 2 объект нь 1 тэр бум  гаруй төгрөгөөр улсын төсөвт суугддаг юм байна лээ. Тэгэхээр уг объектийг дээрхи байдлаар засварлаж Ахуйн үйлчилгээний төв болгон ашиглах нь хямд төсөр зардал гарах төдийгүй, сумын ард иргэдийн ажлын байрыг нэмэгдүүлэх үр дүнтэй ажил болсон гэж ойлгож байна. Мөн Ховд аймгийн засаг даргаас мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх чиглэл өгсөн бөгөөд үүнд сум бүрт ахуйн үйлчилгээний болон бизнес инкубатор төв байгуулах талаар тусгасан байсан. Иймд аймгийн Засаг даргын мөрийг хөтөлбөрийг хэрэгжүүлж ажилласан. Тухайн үед Үенч сумын ард иргэд ...та Үенч сумыг улсын тэргүүний сум болгох зорилт тавьсан. Одоо энэ сумын төвд байрлА , сумын өнгө үзэмжийг гутааж байгаа энэ зочид буудлын зориулалттай барилгыг засаж сайжруулаач гэсэн саналыг баг бүрээс тавьж байсан...” гэх мэдүүлэг,                                                                                   

                Түүний мөрдөн байцаалтын шатанд сэжигтэн, яллагдагчаар өгсөн: “...Би 2008 онд Ховд аймгийн Үенч сумын ХААН банкнаас 50.000.000 төгрөгийн зээл авсан бөгөөд зээлийн барвцаанд сумын төвийн 2 давхар зочид буудлын зориулалттай барилгыг, үйлчилгээний зохиулалттай 1 давхар барилгын хамт барьцаалсан юм. Тухайн зээлийг хөрөнгө оруулалтаар ашиглахаар авсан бөгөөд зээл зээлийн хүүг 2010 оноос хойш төлж чадахаа больсон. Энэ үед ХААН банк намайг Булган сум дахь Сум дундын 2 дугаар шүүхэд өгсөн бөгөөд ХААН банкны шүүхэд өгсөн нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрч Үенч сум дахь барьцаанд байгаа зочид буудлын зориулалттай барилга, үйлчилгээний зориулалттай барилгын хамт зээлийн барьцаанд шилжүүлэхээр шүүхийн шийдвэр гарсан.

                Би ХААН банкны барьцаанд тавьсан үл хөдлөх хөрөнгүүдийг 2005 онд худалдан авч байсан. Үйл ажиллагаа явуулахаар хөрөнгө оруулалт оруулан 70.0-80.0 сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийж ашиглаж байсан юм. Энэ их хэмжээний хөрөнгөө танай банкнд 60,7 сая төгрөгөөр шилжүүлмээргүй байна. Тиймээс би зээл зээлийн хүүнээс төлөөд явж байя гэж ХААН банкны эрхлэгчтэй уулзаж амаар тохиролцсон юм. Тэгээд хэдэн төгрөг төлж байгаад сүүлдээ мөнгөө төлж чадахаа байгаад байж байтал 2011 онд аймгийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас хүмүүс ирж шүүхийн шийдвэрийн дагуу 2 давхар зочид буудлын зориулалттай барилга, 1 давхар үйлчилгээний зориулалттай барилгын хамт ХААН банкнд шилжүүлэн хүлээлгэн өгсөн юм. Энэ цаг хугацаанаас хойш тухайн барилга, объект миний мэдлээс гарч ХААН банкны хүмүүс хүлээн авсан юм.

                Би 2008 онд орон нутгийн сонгуулиар Ховд аймгийн Үенч сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын даргаар сонгогдон 2008-2012 онд ажиллахаар болсон байсан үе юм. 2012 онд орон нутгийн сонгуулиар сумын Засаг даргаар томилогдсон бөгөөд 2012-2016 онд ажиллахаар болсон юм. Миний бодлоор ХААН банкны мэдэлд шилжсэн барилга, объект нь одоо надад хамааралгүй гэж бодож явдаг. Тухайн үед уг объектыг ХААН банкны эзэмшилд шилжүүлэн өгөхдөө би өөрөөсөө шалтгаалах бүх бичиг баримтыг өгсөн. ХААН банкны нэр дээр гэрчилгээ гарсан байх гэж бодож байна.

                2014 онд манай Үенч сум Улсын тэргүүний сум болсон юм. Тэргүүний сумын мялаалгын баяр болох ажлыг зохион байгуулан ажиллаж байсан юм. Тухайн үед сумын ард иргэдээс ХААН банкны эзэмшилд байгаа сумын Засаг даргын Тамгын газрын өөдөөс харсан 2 давхар барилга, 1 давхар үйлчилгээний төвийг засварлан Ахйун үйлчилгээний төв болгож ашигламаар байна гэсэн санал гарч байсан. Баяр наадамд ирсэн зочид төлөөлөгч нараас мөн сумын төвд байгаа зочид буудлын зориулалттай объектоо засаж янзлаач гэсэн санал тавьж байсан. Тэгээд сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлаар 2015 оны төсөв хэлэлцэхэд орон нутгийн хөгжлийн сангийн мөнгөнөөс 15 сая төгрөг ХААН банкинд шимлжүүлье тэгээд энэ объектийг засаж сайжруулаад ахуй үйлчилгээний зориулалттайгаар ашиглая гэсэн санал тавьсан. Банкны эрхлэгч энэ саналыг зөвшөөрч 15 сая төгрөгийг шилжүүлсэн. Тэгээд 2 давхар зочид буудлын объектын засвар үйлчилгээнд 40 гаруй сая төгрөг зарцуулаад засаж сайжруулан ашиглахад бэлэн болгосон байсан. ХААН банкны зүгээс бид барьцаанд авсан энэ барилгыг ашиглаж, худалдан борлуулж чадахгүй байна гэж байсан. Өөрөөр хэлбэл 2015 онд 60 гаран сая төгрөгийг зарцуулсан бөгөөд үлдэх 50 орчим сая төгрөгийг орон нутгийн хөгжлийн сангийн мөнгө тасарсан тул зарцуулах боломжгүй болсон байсан. Тэгээд 2016 оны орон нутгийн хөгжлийн сангийн мөнгөн дээр дээрх 50 орчим сая төгрөгийг дахин суулгах шаардлага гарсан тул ИТХ-р хэлэлцүүлэн суулгасан байгаа. 2016 онд орон нутгийн хөгжлийн сангийн мөнгө бүрэн орж ирээгүй, тасалдаж орж ирж байсан тул ХААН банкинд 25 сая төгрөгийг шилүүлсэн. 2017 оны орон нутгийн хөгжлийн санд 20.0 сая төгрөгийг төсөвлөн суулгасан байсан. Одоо ХААН банкинд 20.0 төгрөг өгөөд өр ширний асуудал дууссаны дараа уг объектийг Үенч сумын ЗДТГ-ын өмч хөрөнгөд бүртгэж авна гэж байсан.

                ...Үенч сумын Засаг даргаар миний өмнө Даваа гэж хүн ажиллаж байсан юм. Даваа засаг даргын үед буюу 2011 оны 10 сарын 16-ны өдөр Хөх үзүүр багийн иргэдийн нийтийн хуралд Засаг дарга Даваа оролцож, 2011 онд хийсэн ажил, 2012 оны зорилтын тухай асуудал хэлэлцсэн байдаг. Энэ хурал дээр иргэн Төрбат гэдэг хүн зочид буудлын зориулалттай 2 давхар объектийн чанар байдал нь муудаж цонх хаалга нь хагарч эвдэрсэн байна. Энэ объектод орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр засвар үйлчилгээ хийж ахуйн үйлчилгээний ордон байдлаар засаж болдоггүй юм уу? гэж асуусан байдаг. Тэгэхэд засаг дарга Даваа энэ 2 давхар зочид буудлын зориулалттай барилга ХААН банкны мэдэлд байгаа, банкинд хэлж ярьсан байгаа, сумын иргэдээс гаргаж байгаа Ахуйн үйлчилгээний ордон болгож ашиглая гэсэн саналыг дэмжиж байна гэж ярьж байсан юм байна лэ. /хурлын тэмдэглэлийг байцаалтад хавсаргуулъя/

                Мөн Ховд аймгийн Засаг дарга Цэвээнравдан 2012 оны 12 сарын 06-ны өдрийн албан тоотоор аймгийн сумууд Ахуйн үйлчилгээний болон бизнес инкубатор төвтэй болох чиглэл өгсөн байсан. Сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2015 онд сумын эдийн засаг нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлийг батлахад “Суманд ахуйн үйлчилгээний барилгыг ашиглалтанд оруулж үйл ажиллагааг нь жигдрүүлнэ” гэж заасан байдаг. Дээрх нөхцөл байдлаас үзэхэд засаг дарга Э.У  гэж хүн өөрөө санаачлан энэ объектод засвар үйлчилгээ хийе гээгүй, сумын ард иргэдийн гаргасан санал санаачлагыг сумын Иргэдийн төлөөлөгчдийн хуралд өргөн барьсан юм. Тухайн үед зочид буудлын зориулалттай объект ХААН банкны мэдэлд байсан атлаа Э.У  миний нэр дээр бүртгэлтэй байсан гэдгийг мэдсэн бол энэ асуудлыг Иргэдийн төлөөлөгчдийн хурлаар хэлэлцүүлэхгүй байсан...” гэх мэдүүлэг /хх-70-74х/

                Шүүгдэгч Э.Б гийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Үенч суманд 2014 онд бүтээн байгуулалтын ажил ид өрнөж байсан. Сургуулийн хичээлийн 2-р байрны өргөтгөл, соёлын төв, цэцрлэгийн байрны өргөтгөл, олон улсын чанартай авто замын ажил, гадаадын хөрөнгө оруулалттай эрүүл мэндийн төвийн барилгын ажил гэх мэт ажлууд хийгдэж байсан. Тухайн үед сумын уугуул, суугуул иргэдээс сумын төвийн өнгө үзэмжийг гутааж байгаа 2 давхар хуучин зочид буудлын зориулалттай объекийг засаж сайжруулах санал маш ихээр гарч байсан. Мөн 2015 оны орон нутаг хөгжүүлэх сангийн хөрөнгө оруулалтаар хийгдэх ажлыг ард иргэдээр хэлэлцүүлэхэд дээрх объектийг засаж сайжруулах, Ахуйн үйлчилгээний ордон болгон ашиглах санал дэмжигдэж байсан.

                Сумын Засаг даргын Тамгын газар нь хуульд заасан үүргийнхээ дагуу багуудаас гарсан ард иргэдийн саналыг эрэмбэлж, нэгтгэн мөн Засаг даргын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт тэргүүлэх ач холбогдолтой гэж эрэмбэлсэн эхний 10 ажлыг Иргэдийн төлөөлөгчдийн хуралд өргөн барьж байсан. Сумын Засаг даргын зөвлөл 14 хүний бүрэлдэхүүнтэй ажилладаг. Үүнд: бизнесийн холбооны тэргүүн, уяачдын болон бөхийн холбооны тэргүүн гэх мэт хүмүүс байдаг. Эдгээр төлөөлөл нь ард иргэдийн санал шаардлагыг Засаг даргад уламжилж хамтран ажилладаг юм. Энэ утгаараа ард иргэд арилжааны банкнаас бизнесийн зээл аваад нэг байшин бариад дуусахад цаашид үйл ажиллагаа явуулах, бизнес эрхэлхэд хүндрэлтэй байдаг. Иймээс нийт бизнес эрхлэгчидийг дэмжээд ард иргэд маань шууд машинаа аваад орж ирээд үйл ажиллагаагаа эхлэх боломжтой тийм байрыг бүрдүүлээд өгчих юм бол ард түмний нуруунаас их том ачааг авч хаях гээд байна, бидэнд их боломж гарч ирэх гээд байна асуудлыг шийдвэрлэж өгөөч гэсэн саналыг бизнесийн холбооны тэргүүлэгчид болон ард иргэд тавьж байсан. Энэ хүрээнд бид сумынхаа орон нутаг хөгжүүлэх санд хөрөнгө тусгаад хямд төсөр аргаар хийе, ард иргэдийнхээ мэргэжилтэй боловсон хүчин, олог жил мужаан хийсэн, сантехник, мужаан хийчихдэг, засвар хийчихдэг, гарын ур дүйтэй, хүмүүсийг боломжоороо ашиглаж иргэдийн оролцоог хангаж, дотооддоо зохион байгуулъя гэсэн шийдвэр гаргасан. Нийт 100 сая төгрөгийн төсөвтэй байсан. Үүнээс 60 сая төгрөгийг банкны барьцаанд өгөөд үлдэгдэл 40 сая төгрөгөөр бараа мартериал худалдан авах, ажлын хөлсийг тооцоод засварлах боломжтой байсан тул харьцуулалтын аргыг хэрэглэж гэрээ байгуулсан юм. ХААН банктай худалдах худалдан авах гэрээ байгуулаад ажиллаж байгаа боловч хууль зөрчсөн, ажил албан тушаалын байдлаа урвуулан ашигласан, олон нийтийн эрх ашгийг хохироосон зүйл байхгүй гэж ойлгож байна.

                Энд 100 сая төгрөг хүрээгүй, 80 сая төгрөгнөөс дээшээ гараагүй тул нээлттэй тендер зарлах хуулийн шаардлага байгаагүй.  Намайг ХААН банктай худалдах худалдан авах гэрээ байгуулснаар хууль зөрчсөн гэж буруутгаж байна. Энд хууль зөрчсөн үйлдэл байхгүй. Нэгэнт нийтийн эзэмшлийн хүрээнд Ахуйн үйлчилгээний ордонг бий болгох зорилгоор уг объектийг худалдан авч байгаа боловч орон нутгийн өмчид буюу сумын ЗДТГ-ын хөрөнгөд бүртгэж авах зорилготой байгаа. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хийгдэж уг объект нь 100% ХААН банкны мэдэлд шилжсэн байсан тул худалдах худалдан авах гэрээ хийсэн“ гэх мэдүүлэг,

                Иргэний нэхэмжлэгч Н.Цэцэгсүрэнгийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Би энэ хэрэгт шүүхийн шатнаас иргэний нэхэмжлэгчээр оролцож байна. Хэргийн материА  танилцсан. Шүүхийн хэлэлцүүлгийн явцад миний зүгээс нэхэмжлэх зүйл, гомдол санал байхгүй. Манай Ховд аймгийн ЗДТГ болон Ховд аймгийн орон нутгийн хөгжлийн санд хохирол учирсан гэж үзэх үндэслэлгүй байна. Сумын орон нутаг хөгжүүлэх сан мөнгөө яаж зарцуулах нь сумын эрх үүргийн асуудал гэж ойлгож байна” гэх мэдүүлэг, 

                Хохирогч, иргэний нэхэмжлэгч Б.Мөнхбатын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Ховд аймгийн Үенч сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2015 оны сумын төсвийг батлахдаа орон нутгийн хөгжлийн сангийн 110.000.000 төгрөгийн хөрөнгө оруулалтаар Ахуйн үйлчилгээний ордон барих төсөв баталсан. ИТХ-ын тогтоолын дагуу сумын засаг дарга, ЗДТГ-аас төрийн болон орон нутгийн өмч хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн дагуу ямар нэгэн ажиллагаа явагдаагүй, Ахуйн үйлчилгээний ордоны зураг төсөв батлагдаагүй, тендер зарлагдаагүй, гүйцэтгэгчийг сонгон шалгаруулаагүй байхад Үенч сумын орон нутгийн хөгжлийн сангийн данснаас Ахуйн үйлчилгээний санхүүжилт гэсэн нэрээр 2015 оны 04 сарын 29-ний өдөр 15.000.000 төгрөг,

                2015 оны 05 сарын 15-ны өдөр 3.000.000 төгрөг, 08 сарын 03-ны өдөр 20.000.000 төгрөг, 08 сарын 25-ны өдөр 2.000.000 төгрөг, 10 сарын 01-ний өдөр 10.000.000 төгрөгийг тус тус ахуйн үйлчилгээний ордоны засварын зардалд гэж гаргасан байдаг. 2016 онд Ахуйн үйлчилгээний ордоны засварт 6.000.000 төгрөгийг зарцуулсан байсан мөн ахуйн үйлчилгээний санхүүжилт гэсэн нэрээр 2016 оны 12 сарын 22-ны өдөр 25.000.000 төгрөгийг ХААН банкруу шилжүүлсэн байсан. Өөрөөр хэлбэл засаг дарга Э.У , ЗДТГ-ын дарга Э.Б  нарын хууль бус үйлдлийн улмаас аймгийн орон нутгийн хөгжлийн санд нийт 93.933.000 төгрөгийн хохирол учраад байна. Энэ мөнгийг нэхэмжилж байна” гэх мэдүүлэг,

                Гэрч Т.Абайн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...Намайг сумын Иргэдийн төлөөлөгчийн хурлын төлөөлөгчөөр ажиллаж байхад 2015 оны орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгийг зарцуулах, төсөв батлах хурал 2014 оны жилийн эцэст болсон. Би энэ хуралд суусан. Тэр хурал дээр Үенч сумын төвд байх 2 давхар зочид буудлын зориулалттай объектод засвар хийх талаар яригдаж байсан. Ер нь энэ барилгыг сэргээн засаж сайжруулах талаар ард иргэд байнга ярьдаг, багийн иргэдийн нийтийн хурлаар ард иргэдээс засаж сайжруулаач гэсэн санал байнга гардаг байсан. Багийн иргэдийн нийтийн хурлын санал, ард иргэдийн гаргасан саналын дагуу сумын ИТХ-д сумын ЗДТГ-аас оруулж ирснийг хэлэлцээд ИТХ-аас энэ объектод орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөс мөнгө гаргаж засаж сайжруулаад орон нутгийн өмчлөлд авъя гэж төлөөлөгчид хурлаар хэлэлцээд 110.000.000 төгрөг төсөвлөсөн юм. Тухайн үед уг объектыг ХААН банкны барьцаанд байгаа, банкны төлбөрийг нь төлөөд засаж сайжруулъя гэж байсан. Харин Э.У гийн нэр дээр бүртгэлтэй байдаг гэж хэлээгүй. ХААН банкны эрхлэгч Дашцэрэн манай банкны барьцаанд бүртгэлтэй байгаа, манай банкны мэдэлд байдаг. Банкинд төлөгдөх мөнгийг төлөөд үлдсэн мөнгөөр нь засвар хийж болно. Банкны мөнгийг төлвөл банкны зүгээс орон нутгийн өмчлөлд шилжүүлэхэд татгалзах зүйлгүй гэж хэлж байсан. Тэгээд төлөөлөгчид хэлэлцээд шийдвэрлэсэн юм...” гэх мэдүүлэг,

                Гэрч М.Цэрэндоржийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...Намайг сумын Иргэдийн төлөөлөгчийн хурлын төлөөлөгчөөр ажиллаж байхад 2015 оны орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгийг зарцуулах, төсөв батлах хурал 2014 оны жилийн эцэст болсон. Би энэ хуралд суусан. Тэр хурал дээр Үенч сумын төвд байх 2 давхар зочид буудлын зориулалттай объектод засвар хийх талаар яригдаж байсан. Тэгэхэд энэ объект сумын засаг дарга Э.У гийн нэр дээр байдаг юм шиг яригдсан. Э.У  дарга энэ объектыг эзэмшиж байгаад сумын ХААН банкинд шүүхийн шийдвэрээр шилжүүлсэн. Надад одоо хамаагүй гэж ярьсан. Сумын ХААН банкны эрхлэгч Дашцэрэн манай банкны мэдэлд ирсэн объект байгаа юм гэж ярьж байсан. ХААН банк өөрийн мэдэлд имрсэн объектоо хамгаалах, хадгалах үүргээ хэрэгжүүлэхгүй байсаар цонх нь хагарсан, хаалга нь эвдэрсэн, доторхи тоног төхөөрөмж нь тоногдсон, дээвэр нь цөмөрсөн гэх мэтээр чанар байдал нь муудсан байсан. Тэгээд сумын ИТХ-аас энэ объектод орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөс мөнгө гаргаж засаж сайжруулаад орон нутгийн өмчлөлд авъя гэж төлөөлөгчид хурлаар хэлэлцээд 110.000.000 төгрөг төсөвлөсөн юм. Тухайн үед хурлын төлөөлөгчид энэ объектын эзэн нь, өмчлөгч нь хэн юм бэ гэж асуусан. Тэгэхэд ХААН банкны барьцаанд тавиад шүүхийн шийдвэрээр банкинд шилжсэн, банк хамгаалахгүй байсаар өнөөдөр ийм байдА  болгосон гэж яригдаж байсан. ХААН банкны эрхлэгч Дашцэрэн өөрөө энэ асуудлыг хүлэээн зөвшөөрч байсан. Тэгээд орон нутгийн хөгжлийн сангаас ХААН банкинд төлөгдөх мөнгийг гаргаж өгвөл банкнаас орон нутгийн өмчлөлд шилжүүлэхэд татгалзах зүйлгүй гэдгийг хэлж байсан...” гэх мэдүүлэг,

                Гэрч М.Цэнгэлмаагийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...Би 2014 оны 06 сараас өнөөдрийг хүртэл Ховд аймгийн Үенч сумын ЗДТГ-ын няраваар ажиллаж байна. Би сумын төвд байрлах 2 давхар зочид буудлын зориулалттай объектийг засаж тохижуулснаас нь хойш хариуцан ажиллуулж байгаа юм. 2015 онд засвар үйлчилгээ хийгдэж, 2016 оны 05 сараас хойш үйл ажиллагаа явуулж байна. Энэ объектийн 2 давхарын өрөөнүүдийг зочид буудлын зориулалтаар ашиглахаар зассан. 1 давхарын өрөөнүүдийг бүрэн тохижуулаагүй байгаа.

                1 давхарыг ашиглахгүй байна, харин 2 дугаар давхарт 2016 оны 05 дугаар сараас 08 сар хүртэл нийт 24 хүн амарч байрласан. Нийт 448.000 төгрөг цугларсан. Энэ мөнгийг уг байрны цэвэрлэгээний болон гал тогооны хэрэгсэл авахад зарцуулсан. Зочид буудлыг зуны урин дулааны улиралд ашиглаж байгаа. Өвлийн улиралд түлээ нүүрсний асуудлаас болоод ажиллуулахгүй байна. Нэгдүгээр давхарыг ашиглалтанд авахаар өвөл зунгүй ашиглахаар халаалты асуудлыг шийдсэн байгаа. Нэг давхарыг ашиглалтанд оруулан нутгийн ажилгүй иргэдийг үсчин, гоо сайхан, гуталчин, оёдолчин гэх мэт ажлын байраар хангахаар төлөвлөсөн байгаа гэсэн...” гэх мэдүүлэг,

                Гэрч Н.Б мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...Сумын төвд байрлА  2 давхар зочимд буудлын зориулалттай объектыг манай сумын ард иргэд Ахуйн үйлчилгээний ордон гэж нэрлэдэг юм. Энэ объект нь одоогоор сумын ХААН банкны барьцаанд бүртгэлтэй байдаг учир үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ нь банкинд байдаг. 2015 онд орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр 47.000.000 төгрөгөөр засвар үйлчилгээ хийгээд засаж тохижуулсан. Тэгээд сумын ЗДТГ-ын үндсэн хөрөнгийн бүртгэлд авъя гэсэн саналыг ХААН банкинд тавихад барьцаа хөрөнгийн төлбөр төлөгдөж дуусаагүй болохоор өгөх боломжгүй, төлбөр мөнгийг төлж дуусгасан тохиолдолд танай мэдэлд шилжүүлж өгье гэж хэлсэн.

                2015 оны орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгийг юу юунд хэрхэн зарцуулах тухай сумын ИТХ-ын 2014 оны тогтоол гарсан. Ингэж ИТХ болоход уг хурлаар ямар ямар асуудал хэлэлцэх, хэдэн төгрөгийг юу юунд хэрхэн зарцуулах саналыг багуудаас гаргаж ирүүлдэг. Сумын төвийн зочид буудлын зориулалттай 2 давхар объект байрлах Хөх үзүүр багийн иргэдийн нийтийн хурлаас дараах санал гаргасан. Өөрөөр хэлбэ Хөх үзүүр багийн 2014 оны 11 сарын 15-ны өдрийн 05 тоот хурлаар багт зайлшгүй хийх шаардлагатай ажлуудыг сумын ИТХ-д уламжилж байгаа бөгөөд уг саналын нэг нь Ахуйн үйлчилгээний зориулалттай объектод засвар үйлчилгээ хийж ашиглах, уг объектод засвар үйлчилгээ хийх хөрөнгийг орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөс гаргаж өгөхийг багийн иргэдийн нийтийн хурлаар хэлэлцэн 100%-ийн саналаар уламжилсан байсан.

                Хөх үзүүр багийн иргэдийн нийтийн хурлын уламжилсан саналыг сумын ИТХ-аар хэлэлцэн 2015 оны орон нутгийн хөгнжлийн сангийн хөрөнгөөс 110.000.000 төгрөгийг зарцуулахаар шийдвэрлэж тогтоол гаргаж, орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгийг зарцуулахыг сумын Засаг дарга Э.У д даалгасан байсан. Миний хувьд сумын ИТХ-аар баталсан тогтоолын дагуу санхүүжилтийн мөнгийг засаг даргаар гарын үсэг зуруулж гаргаж байсан.

                Ховд аймгийн засаг даргаас сумын төвд ажилгүй байгаа иргэдийг ажлын байраар хангах үүднээс сумын засаг дарга нарт ахуйн үйлчилгээний ордонтой байх, уг ордонд сумын төвд ажилгүй байгаа үсчин, гуталчин, гоо сайхан, оёдолчин гэх мэт иргэдийг ажлын байраар хангах гэсэн үүрэг чиглэл өгсөний дагуу объектын 1-р давхарыг нутгийн ард иргэдэд ашиглуулах гэж байгаа юм.

                ...Тухайн үед энэ объект Э.У гийн нэр дээр бүртгэлтэй гэж ямар нэгэн зүйл яригдаж байгаагүй. Тэгээд сумын ИТХ-аар энэ асуудлыг хэлэлцээд зарцуулах эрхийг сумын засаг даргад олгосон шүү дээ. ХААН банкны эрхлэгч Дашцэрэн манай байгууллагад нэхэмжлэл бичиж өгөхдөө энэ объект хувь хүний нэр дээр бүртгэлтэй шүү гэж хэлээгүй, бид энэ талаар мэдээгүй. Зөвхөн сумын ИТХ-аар хэлэлцээд баталсан учир барьцааны хөрөнгө мөнгийг шилжүүлээч гэсэн нэхэмжлэл ирүүлсэн байдаг...” гэх мэдүүлэг,

                Шүүгдэгч Э.Б гийн мөрдөн байцаалтын шатанд гэрчээр өгсөн: “...тухайн үед тендер сонгон шалгаруулалт зарлаагүй. Тендер зарлахаар орон нутгийн бус аж нэгж байгууллага ирээд засвар үйлчилгээг чанартай сайн хийхгүй байх гэж үзээд орон нутгийн мэргэжлийн хүмүүсийн нөөц бололцоог ашиглан засаж сайжруулахаар ярилцаад нутгийн ажилгүй ард иргэдийг түр хугацаагаар ч болов ажилтай байлгах үүднээс ард иргэдтэй тухайн ажил бүр дээр гэрээ байгуулан ажлыг хийж гүйцэтгүүлсэн” гэх мэдүүлэг,

                Гэрч Ш.Отгонбаярын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...Үенч сумын ИТХ-ын 7 дугаар ээлжит хуралдаанд оролцсон 21 гишүүний нэг нь ХААН банкны эрхлэгч Дашцэрэн гэж хүн өөрөө байгаа юм. Энэ объектод засвар үйлчилгээ хийж ахуйн үйлчилгээний ордон болгох саналыг ЗДТГ-аас оруулж ирсэн. Ингэж ИТХ-д оруулж ирэхийн өмнө орон нутгийн хөгжлийн сангийн мөнгийг зарцуулах журмын дагуу сумын багийн иргэдийн нийтийн хурлаар хэлэлцүүлэг хийгээд олонхийн санал авсан ажлуудаа ЗДТГ-аас эрэмбэлж иргэдийн хуралд оруулж ирдэг. Тэгэхэд смын иргэдээс хуучин зочид буудлын барилгыг ахуйн үйлчилгээний ордон болгож ашиглая гэсэн санал дэмжигдэж орж ирсэн юм. Энэ журмын дагуу энэ объектод орон нутгийн хөгжлийн мөнгөөр хөрөнгө оруулалт хийж засаж сайжруулья гэсэн асуудал хэлэлцсэн. Тэгэхэд энэ хөрөнгө хэний хөрөнгө юм бэ? Хувь хүний хөрөнгө юм бол төсвийн мөнгөөр засвар үйлчилгээ хийж болохгүй гэсэн санал гараад төлөөлөгчид саналаа өгсөн.Тэгэхэд ХААН банкны эрхлэгч Дашцэрэн /сумын ИТХ-ын төлөөлөгчөөр ажиллаж байсан/ тайлбарлахдаа “...ХААН банкны хугацаа хэтэрсэн 61 сая төгрөгийн өрөнд барьцаанд байгаа. Барьцааны мөнгийг төлөх юм бол манайхаас шилжүүлээд орон нутгийн өмч хөрөнгөд бүртгэж авах боломжтой” гэж тайлбарлаж байсан. Э.У  дарга тайлбарлахдаа “...энэ 2 давхар объектыг шүүхийн шийдвэрийн дагуу аймгаас шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанаас хүмүүс ирээд ХААН банкинд шилжүүлсэн хөрөнгө гэж тайлбарлаж байсан.Тэгээд орон нутгийн хөгжлийн сангийн хөарөнгөөс 110.000.000 төгрөг зарцуулан төлбөрийг төлөх үлдсэн мөнгөнөөс засвар үйлчилгээнд зарцуулъя тэгээд орон нутигийн өмч хөрөнгөд бүртгэж авъя гэсэн тогтоол гаргаж шийдвэрлэсэн юм” гэх мэдүүлэг,

                Гэрч Д.Бадамсэдийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “Намайг 2012 онд тооцооны төв хариуцсан менежерийн ажил хүлээж авахад Үенч сумын төвд байрлах 2 давхар зочид буудлын зориулалттай объектыг тухайн үед аймгийн төвийн банкны захиралаар ажиллаж байсан Б.Г  шийдвэр гүйцэтгэх байгууллагаас хүлээгээд авсан байсан. Үенч сумын ХААН банкны эрхлэгч Дашцэрэнгээс надад хандаж манай салбараас 50 сая төгрөгийн зээл авсан иргэн Э.У гийн зээлийн барьцаа хөрөнгийг шүүхийн шийдвэрийн дагуу 2011 онд хүлээж авсан боловч энэ байранд үйл ажиллагаа явуулах боломжгүй, хүүхдүүд цонх хаалгыг нь эвдээд гадна талаарх барьсан хашааны банзыг хүмүүс хулгайлаад энэ байр балгас боллоо энэ асуудлыг яах вэ гэсэн хүсэлт ирүүлсэн. Үүний дагуу тухайн үед орон нутгийн хэвлэл мэдээлэл, бусад аргаар сумын төвд байрлах зочид буудлын зориулалттай хоёр давхар барилгыг худалдан борлуулна гэсэн зарыг тавьсан боловч сонирхосон хүн байгаагүй.

                Тухайн үед хөдөөний сумдад бизнес, инкубатор төв гэсэн нэртэй ахуйн үйлчилгээний объектууд баригдаж эхэлсэн тул 2014 онд Үенч сумын ХААН банкны удирдлагад хандаж та нар нутгийн удирдлага, ард иргэдтэй уулзаад энэ объектыг бизнес инкубатор төв болгон ашиглах боломжтой гэдгийг хэлүүлсэн.

                Мөн нутгийн удирдлагуудад хандаж та нар бизнес инкубатор төв барьж хөрөнгө зарж байхаар банкны мэдэлд байгаа объектыг засаж сайжруулаад бизнес инкубатор төв болгон ашиглаач ээ, ингэхдээ манай банкинд төлөгдөх 60.670.999 төгрөгийг төлөөд наад объектоо аваач ээ гэсэн санал тавьсан. Энэ саналын дагуу тухайн үед удирдлагууд хуралдаад орон нутгийн төсвөөсөө манай банкинд төлөх төлбөрийг төлөх, засаж сайжруулахад хөрөнгө гаргая гэж шийдвэрлэсэн байсан. Тэгээд 2015 онд 15.000.000 төгрөг төлсөн байсан. Банкинд төлөгдөх төлбөрийг төлж барагдуулбал банкны зүгээс орон нутгийн өмчлөлд шилжүүлэн өгөхөд татгалзах зүйлгүй” гэх мэдүүлэг,

                Гэрч Д.Дашцэрэнгийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...Би 2012-2016 онд сумын Иргэдийн төлөөлөгчдийн хуралд төлөөлөгчөөр сонгогдон ажилласан. Одоо ч ажиллаж байна. 2015 онд орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгийг зарцуулах хурал болсон. Би энэ хуралд суусан. Хурлаар Үенч сумын төвд орших 600м/кв талбай бүхий 2 давхар хуучин тамгын газрын зочид буудалд орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр засвар үйлчилгээ хийх талаар яригдсан. Сумын багуудын хурлаас уг объектийг засвар хийж янзлаад ахуйн үйлчилгээний ордон болгохоор санал гарч ирснийг Иргэдийн хурлын төлөөлөгч нар дэмжсэн. Уг объектийг ахуйн үйлчилгээний ордон болгох санал бусад багуудын иргэдийн нийтийн хурлаас гарч ирсэн, мөн засаг даргын мөрийн хөтөлбөр дээр ахуйн үйлчилгээний ордонтой болохоор тусгагдсан байсан. Тухайн үед уг объект шүүхийн шийдвэр гүйцэтгэлээр манай ХААН банкны зээлийн барьцаанд хураагдаад манай байгууллагын эзэмшлийн объект болчихсон байсан. Хурал дээр ХААН банкны барьцаанд байгаа гэж танилцуулсан.

                Багуудаас гарсан санал дэмжигдэж Ахуйн үйлчилгээний ордон болгон ашиглахаар шийдвэрлсэн, мөн сумын ЗДТГ-аас манай байгууллагад энэ объектийг Ахуйн үйлчилгээний зориулалтаар ашиглах санал ирүүлсний дагуу уг объектийг Үенч сумын Тамгын газар авч байгаа. Анх 60.750.000 төгрөгний төлбөртэй байсан бол одоо Тамгын газар 40.000.000 төгрөгний төлбөр төлөөд одоо 20.750.000 төгрөгний үлдэгдэлтэй байгаа. 2011 онд аймгийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаар шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулж, уг объектийг манай ХААН банкны Ховд аймагт байдаг төв салбар ХААН банкны нэр дээр шилжүүлнэ гээд бичиг баримтыг нь авсан. Яагаад шилжүүлээгүйг нь мэдэхгүй байна. Банкны эзэмшилд шилжсэн объектод орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хөрөнгө оруулалт хийгдэж, засвар үйлчилгээ хийлгэж, төлбөр төлүүлж байгаа талаар аймгийн ХААН банкны төв  салбарт тухай бүр мэдэгдэуж байсан...” гэх мэдүүлэг,

                Үндэсний Аудитийн газрын харъяа Ховд аймгийн Аудитийн газрын Аудитын гэрчилгээнд: Үенч сумын орон нутгийн төсвийн нэгтгэсэн 2015 оны 12 сарын 31-ний өдрөөр дуусгавар болсон аккруэл сууриар бэлтгэгдсэн, жилийн эцсийн санхүүгийн тайланд Төрийн аудитын тухай хуулийн 15.1.1-д заасан бүрэн эрхийн дагуу Үндэсний аудитын газрын харъяа Ховд аймгийн аудитын газраас аудит хийв.

                Зөрчилгүй санал дүгнэлт:

                Үенч сумын орон нутгийн төсвийн 2015 оны 01 сарын 01-ний өдрөөс эхэлж, 2015 оны 12 сарын 31-ний өдрөөрх санхүүгийн байдал, санхүүгийн үр дүн, мөнгөн гүйлгээ, өмчийн өөрчлөлтийн болон төсвийн гүйцэтгэлийн нэгтгэсэн тайлан, илчлэл, тодруулагад тайлагнасан үлдэгдэл, ажил гүйлгээнүүд, холбогдох хууль, УСНББОУС, түүнд нийцүүлэн сангийн сайдын баталсан заавар, журмуудын дагуу материаллаг, алдаагүй, үнэн зөв, шудрага илэрхийлэгдсэн байна” гэх аудитын дүгнэлт,

-              Ховд аймаг дахь Сум дундын 2 дугаар шүүхийн шүүгчийн захирамж,

-              №000147560 дугаартай эмчлөх эрхийн гэрчилгээний хуулбар,

-              Үенч сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2014 оны 12 сарын 18-ны  өдрийн  “Сумын 2015 оны төсөв батлах тухай” хуралдааны тогтоол,

-              Орон нутгийн хөгжлийн сангийн төсвийн гүйцэтгэлийн тайлан,

-              Ховд аймгийн Үенч сумын Ахуйн үйлчилгээний ордоны дээвэр засварлах ажлын санхүүжилтийн гэрээ,

-              Ховд аймгийн Үенч сумын Ахуйн үйлчилгээний ордоны хаалга, цонх болон бусад засварлах ажлын санхүүжилтийн гэрээ,

-              22016 оны орон нутаг хөгжүүлэх сангийн баримтууд /хх-н 57-137-р хуудас/

-              Үенч сумын Хөх-үзүүр багийн Иргэдийн нийтийн хуралдааны 2014 оны 11 сарын 15-ны өдрийн тэмдэглэл,

-              Үенч сумын Иргэдийн төлөөлөгчдийн хуралдааны 2014 оны 12 сарын 18-ны өдрийн тэмдэглэл,

-              Үенч сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын хуралдааны 2014 оны 12 сарын 18-ны өдрийн тогтоол,

-              Орон нутаг хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар 2015 онд хийгдэх ажлын жагсаалт

-              Үенч сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2015 оны 02 сарын 14-ний өдрийн хуралдааны тэмдэглэл,

-              Үенч сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2015 оны 12 сарын 14-ний өдрийн хуралдааны тогтоол,

-              Авилгатай тэмцэх газарт гомдол мэдээллийг шилжүүлсэн 311 дугаартай албан тоот,

-              Мөрдөн байцаагчийн 2016 оны 11 сарын 15-ны өдрийн даалгавар,

-              Оюуны өмч, улсын бүртгэлийн Ерөнхий газраас Авилгатай тэмцэх газрын мөрдөн шалгах хэлтэст хариу хүргүүлсэн албан бичиг,

-              Барьцааны гэрээ,

-              Шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа дууссан тухай тогтоол,

-              Төлбөр төлөгчөөс хураан авсан эд хөрөнгийг төлбөр авагчид шилжүүлсэн тухай акт, Шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл,

-              2017 оны 02 сарын 04-ний өдрийн Мөрдөн байцаагчийн тэмдэглэл,

-              Ховд аймгийн Аудитийн газрын 2015 оны 03 сарын 04-ний өдрийн 1/16 тоот Аудитийн гэрчилгээ,

-              ХААН банкны мэдээлэл,

-              Үенч сумын ЗДТГ-н 2015 оны 03 сарын 10-ны өдрийн ХААН банкинд хүсэл гаргах тухай албан бичиг,

-              Ховд аймгийн Үенч сумын Хөх-үзүүр багийн Иргэдийн нийтийн хурлын тэмдэглэл,

-              Үл хөдлөх эд хөрөнгө худалдах худалдан авах гэрээ,

-              Үенч сумын Засаг даргын 2016 оны 12 сарын 28-ны өдрийн А/127 тоот захирамж,

-              Шүүгдэгч Э.Б г сэжигтнээр тооцох тогтоол, тэмдэглэл,

-              Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-н 88, 228-р хуудас/

-              Монгол улсын нэгдсэн төсвийн тухай хуулийг хүчингүй болсонд тооцох тухай 2011 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн Монгол улсын хууль,

-              Төсвийн байгууллагын удирдлага санхүүжилтийн тухай хуулийг хүчингүй болсонд тооцох тухай 2011 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн Монгол улсын хууль зэргийг шинжлэн судлав.

                Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан нотлох баримт нь энэ хэрэгт хамаарА , хуульд заасан журмаар цугларсан хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэв.

                Ховд аймгийн Булган сум дахь Сум дундын Прокурорын газраас 2002 оны Эрүүгийн хуулийн 263 дугаар зүйлийн 263.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.У г албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж өөрийн өмчлөлийн 2 давхар зочид буудлын зориулалттай объектыг тус сумын ХААН банкны зээлийн барьцаанаас чөлөөлж ахуй үйлчилгээний зориулалттай байр болгох зорилгоор Үенч сумын Иргэдийн төлөөлөгчдийн 2015 оны 03 сарын 18-ны өдрийн хурлаар орон нутгийн хөгжлийн сангийн мөнгөнөөс 100.000.000 төгрөг батлуулж үүнээс 2015 онд орон нутгийн хөгжлийн сангаас 62.933.000 төгрөг гаргаж, 2015 оны 04 сарын 29-ний өдөр 15.000.000 төгрөгийг ХААН банкруу шилжүүлж 47.933.000 төгрөгийг зочид буудлын засвар үйлчилгээнд зарцуулж мөн 2016 оны 12 дугаар сарын 22-ний өдөр 25.000.000 төгрөг ХААН банкруу шилжүүлж, 2016 оны 04 сарын 28-ны өдөр орон нутгийн хөгжлийн сангаас 6.000.000 төгрөгийг засаг даргын захирамжаар гаргаж ахуйн үйлчилгээний ордны засвар үйлчилгээнд зарцуулсан нь Монгол улсын сангийн сайдын 2010 оны 06 сарын 17-ны өдрийн 135 дугаар тушаалаар батлагдсан Улсын болон орон нутгийн төсөв тэдгээртэй адилтгах хөрөнгөөр хэрэгжүүлэх хөрөнгө оруулалтын төсөв барилга байгууламж, их засвар, худалдан авах тоног төхөөрөмжийн хөрөнгийг төлөвлөх, гүйцэтгэл гаргах, санхүүжүүлэх, хяналт тавих журмын 3.22 дахь заалтыг тус тус зөрчиж, орон нутагт 93.933.000 төгрөгний буюу онц их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн,

                Шүүгдэгч Э.Б г 2015 оны 03 сарын 10-ны өдөр 3/71 дугаартай албан тоотыг Ховд аймгийн Үенч сумын ХААН банкны тооцооны төвд хүргүүлж Үенч сумын ХААН банкны эрхлэгч Д.Дашцэрэнтэй үл хөдлөх хөрөнгө, эд хөрөнгө худалдах худалдан авах тухай гэрээ байгуулахдаа Төрийн болон орон нутгийн өмч хөрөнгөөр бараа ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.5, мөн хуулийн 45 дугаар зүйлийн 45.3 дахь хэсгийг зөрчиж албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулан ашигласан гэмт хэрэг үйлдсэн болох нь хохирогч, иргэний нэхэмжлэгч Б.Мөнхбатын мэдүүлэг, гэрч Н.Б , Д.Дашцэрэн нарын мэдүүлэг, ХААН банкруу 15.000.000 төгрөг шилжүүлсэн баримт, 17/08 тоот албан бичиг, авлигатай тэмцэх газраас лавлагаа хүсэх тухай 06/2598 тоот албан бичиг, Э.У , Э.Б  нарын сэжигтнээр өгсөн мэдүүлэг, улсын бүртгэлийн гэрчилгээ, ХААН банкны 15/07 дугаартай албан тоот зэрэг баримтаар тогтоогдсон гэж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн боловч хавтаст хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дараах нотлох баримтуудаар шүүгдэгч Э.У , Э.Б  нарын гэм буруутай нь үгүйсгэгдэж байна гэж шүүх үзлээ. Үүнд:

                Нэг: Шүүгдэгч Э.У  нь өөрийн өмчлөлийн 000147560, /Ү-1612001644/ дугаар улсын бүртгэлийн гэрчилгээтэй Ховд аймгийн Үенч сумын Хөх-үзүүр багт орших 600м 2 талбай бүхий 2 давхар зочид буудлын зориулалттай объектыг тус сумын ХААН банкинд барьцаалан 2008 оны 07 сарын 25-ны өдөр 50.000.000 төгрөгний зээлийг 5 жилийн хугацаатай авсан боловч зээл зээлийн хүүг гэрээнд заасан хугацаанд төлөөгүйн улмаас нэхэмжлэгч ХААН банкны Үенч сум дахь тооцооны төв Ховд аймаг дахь сум дундын 2 дугаар шүүхэд нэхэмжлэл гаргаснаар 2010 оны 06 сарын 10-ны өдрийн 99 дүгээр шүүгчийн захирамжаар хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэжээ.

                Нэхэмжлэгч ХААН банкны Үенч сум дахь тооцооны төвөөс Ховд аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хандсанаар тус албаны ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2011 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 28 дугаар тогтоолоор төлбөр төлөгч Э.У гийн өмчлөлийн 2 давхар зочид буудлын зориулалттай барилга, баарны зориулалттай 1 давхар барилга, хашаа, 2 автомашины граш, газар талбайн хамт Үенч сумын ХААН банкны тооцооны төвийн эрхлэгч Д.Дашцэрэнд 60.670.000 төгрөгний төлбөрт шилжүүлж Үенч сумын ХААН банкны тооцооны төв, иргэн Э.У  нарын хооронд үүссэн иргэний эрх зүйн харилцаа дуусгавар болсон болох нь хэрэгт авагдсан Ховд аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны Шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа дууссан тухай 2011 оны 08 сарын 20-ны өдрийн 26 дугаартай тогтоолын хуулбар, төлбөр төлөгчөөс хураан авсан эд хөрөнгийг төлбөр авагчид шилжүүлсэн тухай акт, 2011 оны 09 сарын 08-ны өдрийн шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл, гэрч Н.Ганболдын мөрдөн байцаалтын шатанд гэрчээр өгсөн: “...Ховд аймгийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанаас Үенч сумын төвд байрлах 2 давхар зочид буудлын зориулалттай объектийг тус банкинд 2011 оны 09 сарын 08-ны өдөр шилжүүлснээс хойш манай банк ямар нэгэн үйл ажиллагаа явуулж ашиглаагүй. Банкны зүгээс тухайн объектийг хамгаалах үүднээс гадна талаар нь хашаа барьсан боловч хүүхдүүд хашааг нь эвдээд объектийг ашиглахгүй байсаар 2015 он хүрсэн. Өөрөөр хэлбэл энэ объект ХААН банкны мэдэлд шилжин ирсэн боловч банкны зүгээс ашиглахгүй байсаар байгаад тухайн объект эзэнгүйдэж чанар байдал нь муудсан...” гэх мэдүүлэг,  гэрч Д.Бадамсэдийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Намайг 2012 онд тооцооны төв хариуцсан менежерийн ажил хүлээж авахад Үенч сумын төвд байрлах 2 давхар зочид буудлын зориулалттай объектыг тухайн үед аймгийн төвийн банкны захиралаар ажиллаж байсан Б.Г  шийдвэр гүйцэтгэх байгууллагаас хүлээгээд авсан байсан. Үенч сумын ХААН банкны эрхлэгч Дашцэрэнгээс надад хандаж манай салбараас 50 сая төгрөгийн зээл авсан иргэн Э.У гийн зээлийн барьцаа хөрөнгийг шүүхийн шийдвэрийн дагуу 2011 онд хүлээж авсан боловч энэ байранд үйл ажиллагаа явуулах боломжгүй, энэ байр балгас боллоо энэ асуудлыг яах вэ гэсэн хүсэлт ирүүлсэн. Тухайн үед орон нутгийн хэвлэл мэдээлэл, бусад аргаар сумын төвд байрлах зочид буудлын зориулалттай хоёр давхар барилгыг худалдан борлуулна гэсэн зарыг тавьсан боловч сонирхосон хүн байгаагүй” гэх мэдүүлэг, гэрч Д.Дашцэрэнгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...2011 онд аймгийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаар шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулж, уг объектийг манай ХААН банкны Ховд аймагт байдаг төв салбар ХААН банкны нэр дээр шилжүүлнэ гээд бичиг баримтыг нь авсан. Яагаад шилжүүлээгүйг нь мэдэхгүй байна” гэх мэдүүлэг зэргээр нотлогдож байна.

                Иргэний хуульд хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй бол өмчлөх эрх олж байгаа этгээдийн зохих журмын дагуу тавьсан шаардлагаар түүний эзэмшилд тухайн эд хөрөнгийг шилжүүлснээр эд хөрөнгө өмчлөх эрх үүсэж, өмнөх өмчлөгчийн өмчлөх эрх дуусгавар болохоор заасан байна. 

        Хоёр: Үенч сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2014 оны 12 сарын 18-ны өдрийн хуралдаанаар сумын төвийн 2 давхар зочид буудлын зориулалттай объектийг засаж сайжруулах, ХААН банкинд төлөгдөх төлбөр зэрэгт 110 сая төгрөг зарцуулахыг засаг дарга Э.У д 7/12 тоот тогтоолоор эрх олгосон,  мөн Ховд аймгийн Засаг дарга Д.Цэвээнравдан сумдын засаг дарга, төрийн сангийн төлөөлөгч нарт “Ахуйн үйлчилгээний болон бизнес инкубатор төвтэй болох, аймгийн засаг даргын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх чиглэл өгсөн болох нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд болон гэрчүүдийн мэдүүлгээр хангалттай нотлогдон тогтоогдсон байна.

                Монгол улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1-д зааснаар сумын Иргэдийн төлөөлөгчдийн хуралд засаг дарга нь ажлаа тайлагнадаг, мөрийн хөтөлбөрөө батлуулдаг, Иргэдийн төлөөлөгчдийн хурал нь засаг даргын үйл ажиллагаанд хяналт тавьдаг энэ журмын дагуу засаг дарга Э.У  тус сумын багийн иргэдийн нийтийн хурлаас гарсан орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хуучин 2 давхар зочид буудлын барилгыг засаж сайжруулж, Ахуйн үйлчилгээний ордон болгон ашиглах тухай саналыг ИТХ-д уламжилж, хэлэлцүүлснийг ажил албан тушаалын байдлаа урвуулан ашигласан гэж үзэх нь учир дутагдА  байна.

        Гурав: Шүүгдэгч Э.У г Монгол улсын сангийн сайдын 2010 оны 06 сарын 17-ны өдрийн 135 дугаар тушаалаар батлагдсан Улсын болон орон нутгийн төсөв тэдгээртэй адилтгах хөрөнгөөр хэрэгжүүлэх хөрөнгө оруулалтын төсөв барилга байгууламж, их засвар, худалдан авах тоног төхөөрөмжийн хөрөнгийг төлөвлөх, гүйцэтгэл гаргах, санхүүжүүлэх, хяналт тавих журмын 3.22 дахь заалтыг тус тус зөрчиж, орон нутагт 93.933.000 төгрөгний буюу онц их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэжээ.

                Гэтэл Монгол улсын Сангийн сайдын 2010 оны 06 сарын 17-ны өдрийн 135 дугаар тушаалын үндэслэл болсон Төсвийн байгууллагын удирдлага, санхүүжилтийн тухай хууль, Монгол улсын нэгдсэн төсвийн тухай хуулиуд нь 2011 оны 12 сарын 23-ны өдөр тус тус хүчингүй болсонд тооцогдсон болох нь шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Эрдэнэчимэгийн шүүх хуралдаанд шинээр гаргаж өгсөн 2011 оны 12 сарын 23-ны өдрийн “Төсвийн байгууллагын удирдлага санхүүжилтийн тухай хуулийг хүчингүй болсонд тооцох тухай”, “Монгол улсын нэгдсэн төсвийн тухай хуулийг хүчингүй болсонд тооцох тухай” Монгол улсын хууль, Сангийн сайдын 135 дугаар тушаалын хуулбар зэрэг баримтуудаар нотлогдож байна гэж шүүх үзлээ.

                Сангийн сайдын 2010 оны 06 сарын 17-ны өдрийн 135 дугаар тушаалын үндэслэл болсон Төсвийн байгууллагын удирдлага, санхүүжилтийн тухай хууль, Монгол улсын нэгдсэн төсвийн тухай хуулиуд нь 2011 оны 12 сарын 23-ны өдөр тус тус хүчингүй болж, эрх зүйн үйлчлэлгүй болсон байхад уг тушаалаар батлагдсан журам зөрчсөн гэж шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлгүй байна.

                Дөрөв: Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.5-д “Энэ хуулийн 8.1 дэх хэсэгт заасан босго үнэд багтаах, эсхүл нээлттэй тендер шалгаруулалтын журмыг хэрэглэхээс зайлсхийх зорилгоор нийт төсөвт өртгийг хувааж хэд хэдэн тендер шалгаруулалт явуулахыг хориглоно” гэж заасан байна.

                Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлд анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн Эрүүгийн хэргийн хүрээнд явагдана гэжээ.

                Шүүгдэгч Э.Б г 2015 оны 03 сарын 10-ны өдөр 3/71 дугаартай албан тоотыг Ховд аймгийн Үенч сумын ХААН банкны тооцооны төвд хүргүүлж Үенч ХААН банкны эрхлэгч Дашцэрэнтэй үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах тухай гэрээ байгуулахдаа төрийн болон орон нутгийн өмч хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.5, мөн хуулийн 45 дугаар зүйлийн 45.3 дахь хэсгийг зөрчиж албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулан ашигласан гэмт хэрэг үйлдсэнд холбогдуулан яллах дүгнэлт үйлдсэн атлаа Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.5 дахь хэсгийг зөрчиж гэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна.

                Мөн хуулийн 45 дугаар зүйлийн 45.3-д “Орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтын эх үүсвэрээр санхүүжүүлэх бараа, ажил үйлчилгээний хувьд тухайн шатны Засаг даргын Тамгын газар захиалагч байна” гэж заасан нь хориглосон буюу хязгаарласан заалт биш байна. Шүүгдэгч Э.Б  нь 2015 оны 03 сарын 10-ны өдөр 3/71 дугаартай албан тоотыг Ховд аймгийн Үенч сумын ХААН банкны тооцооны төвд хүргүүлснээр “төрийн болон орон нутгийн өмч хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай” хуулийн 45 дугаар зүйлийн 45.3 дахь хэсэгт заасан хуулийн шаардлагыг хэрэгжүүлсэн гэж үзэхээр байна.

                 Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хууль нь Монгол улсын Үндсэн хууль, Иргэний хууль, энэ хууль болон тэдгээртэй нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэхээр заажээ. Иргэний хуульд худалдах худалдан авах гэрээгээр худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг хүлээхээр заасан байна.

                Ховд аймгийн Үенч сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2014 оны 12 сарын 18-ны өдрийн хуралдаанаар сумын төвийн 2 давхар зочид буудлын зориулалттай объектийг засаж сайжруулах, ХААН банкинд төлөгдөх төлбөр зэрэгт 110.000.000 төгрөг зарцуулахыг засаг дарга Э.У д 7/12 тогтоолоор эрх олгосон байна. Өөрөөр хэлбэл сумын багийн иргэдийн нийтийн хурлаас орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр дээрхи объектийг засаж сайжруулах санал гаргаж, улмаар сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгчдөд уламжилсан нь засаг дарга Э.У гийн албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулсан ашиглаж орон нутгийн төсөвт онц их хэмжээний хохирол учруулсан гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй байна.

          Авлигын эсрэг хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3-т “Албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашиглах" гэж албан тушаалын эрх мэдлийг албаны эрх ашгийн эсрэг буюу хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх зорилгод ашиглаж хийх ёстой үйлдлийг хийхгүй байх, хийх ёсгүй үйлдэл хийхийг” заажээ. Гэтэл шүүгдэгч нар нь ямар санаа зорилго, үйлдлээр албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулан ашиг хонжоо олсон, орон нутгийн төсөвт хичнээн хэмжээний хохирол учирсан, төр засгийн байгууллагын хэвийн үйл ажиллагааг алдагдуулсан болох нь тогтоогдохгүй байна.

Иймд шүүгдэгч Э.У , Э.Б  нарт холбогдох /2002 оны/ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.2 дах хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 34.19-н 1 дэх хэсгийн 1.1-д заасан гэмт хэргийн шинжгүй гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч Э.У , Э.Б  нарыг цагаатгаж байгаа тул иргэний нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг авч хэлэлцэхгүй орхиж шийдвэрлэв.

Шүүгдэгч нар нь хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн буюу битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгч нарын бичиг баримт шүүхэд ирээгүйг болохыг тус тус дурьдах нь зүйтэй байна.

                Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 34.19-н 1.1, 36.2 дугаар зүйлийн 36.2-н 1, 36.2-н 2, 36.2-н 3, 36.2-н 5, 36.9, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

                1. Ховд аймгийн Булган сум дахь Сум дундын прокурорын газраас /2002 оны/ Эрүүгийн хуулийн 263 дугаар зүйлийн 263.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Э.У , Э.Б  нарт холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч Э.У , Э.Б  нарыг цагаатгасугай.

                2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхисныг дурьдсугай.

                3. Шүүгдэгч нар нь хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нарын бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурьдсугай.

                4. Цагаатгах тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд цагаатгагдсан этгээд, улсын яллагч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авсан өдрөөс хойш эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

                5. Давж заалдах гомдол гарсан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчинтэй болтол шүүгдэгч Э.У , Э.Б  нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэсүгэй.