Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 05 сарын 21 өдөр

Дугаар 183/ШШ2021/01115

 

 

      2021 оны 05 сарын 21 өдөр

Дугаар 183/ШШ2021/01115

              Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

          Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхбаяр даргалж тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүргийн ............. тоотод оршин суух Ч овогт О-ын З /РД:........../-ийн нэхэмжлэлтэй,

      Хариуцагч: Хан-Уулд үүргийн ...........тоотод оршин суух Х  овогт Б-ийн О /РД:........./-д холбогдох,

       орон сууц хөлслөх гэрээний үүрэгт 5.200.000 төгрөг гаргуулахыг хүссэн иргэний хэргийг 2021 оны 02 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авснаар хянан хэлэлцэв.

      Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч О.З, хариуцагчийн өмгөөлөгч П.Э/ШТЭҮД:..../, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Отгон-Эрдэнэ нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь :

 

Нэхэмжлэгч О.Зшүүхэд  гаргасан нэхэмжлэлээ дэмжиж шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2020 оны 10 дугаар сарын 30-ны өдөр хариуцагч Б.О-тай орон сууц хөлслөх гэрээ бичгээр байгуулж, нотариатаар гэрчлүүлсэн. Гэрээгээр өөрийн өмчлөлийн Сүхбаатар ........... тоот хаягт байрлах, 74.47 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцыг тавилгатай нь нэг жилийн хугацаанд сарын 1.300.000 төгрөгийн хөлстэй, ашиглалтын зардал, СӨХ-ны төлбөр, цахилгаан хэрэглэсний төлбөрийг тус тус хөлслөгч тал хариуцахаар тохиролцсон. Гэрээнд эхний 3 сарын төлбөр, 1 сарын барьцааг төлж орохоор  заасан боловч хариуцагч тал мөнгийг 7 хоногийн дараа өгнө гэж  амлан урьдчилгаа 200.000 төгрөгийг өгөөд 2020 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр түлхүүр хүлээж авсан.  Мөнгө өгөх боломжгүй байна гэсээр  2020 оны 12 дугаар сарын 28-нд түлхүүр буцааж өгсөн. Энэ хугацаанд өөрсдийн эд хогшлыг уг байранд байршуулсан.  Түлхүүр өгөхдөө ашигласан хугацааны түрээсийн төлбөрийг  удахгүй өгнө гэсэн боловч өнөөдөр хүртэл төлөөгүй, төлөх мөнгө байхгүй шүүх, цагдаагаар яв гэж хэлсэн. Иймд хариуцагчаас гэрээнд зааснаар 2020 оны 11 дүгээр сарын 03-ны өдрөөс 2020 оны 12 дугаар сарын 28-ны өдөр хүртэлх 54 хоногийн хугацаанд орон сууц хөлсөлсний төлбөр 2.339.982 төгрөгөөс урьдчилгаанд өгсөн 200.000 төгрөгийг хасаад үлдэгдэл 2.139.982 төгрөгийг  гаргуулж өгнө үү гэв.

Хариуцагчийн төлөөлөгч Б.Б-ийн шүүхэд урьд гаргасан хариу тайлбарыг дэмжиж, хариуцагчийн өмгөөлөгчөөс шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Хариуцагч Б.О нь 2020 оны 10 дугаар сарын 30-ны өдөр ........... дугаартай орон сууц хөлслөх гэрээг О.Зоригтой байгуулан Сүхбаатар ........... тоот хаягт байрлах , Ү-.............. дугаартай, 3 өрөө, 74.47 м.кв талбайтай орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийг хөлслөхөөр гэрээ байгуулсан. Нэхэмжлэлийн шаардлагад гэрээний үүрэгт 5.200.000 төгрөг гаргуулахаар дурдсан байгаа боловч ямар үндэслэлээр, ямар тооцооллоор нэхэмжилж байгаа нь тодорхойгүй байна. Нэхэмжлэлд гэрээнд эхний 3 сарын төлбөр, 1 сарын барьцааг төлж орохоор заасан гэж дурдсаны дагуу 1 сарын барьцааны 1.300.000 төгрөгийг шаардаж байх шиг байна. Гэтэл энэ нь гэрээг дуусгавар болсны дараа хөлслөгчид буцаан өгөх төлбөр учраас нэхэмжлэх үндэслэлгүй. Мөн талуудын хооронд байгуулсан гэрээний дагуу 1 сарын төлбөр 1.300.000 төгрөг байсан. Хариуцагч нь 2020 оны 11 дүгээр сарын 03-ны өдрөөс 2020 оны 12 дугаар сарын 26-ны өдрийг хүртэл орон сууцыг хөлсөлсөн байдаг. Өөрөөр хэлбэл ойролцоогоор 2 сар буюу 54 хоног хөлсөлсөн байхад 5.200.000 төгрөг нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй байна. Гэрээг байгуулах үед О.З-т урьдчилгаа болгож 200.000 төгрөг шилжүүлсэн. Гэтэл энэ талаар нэхэмжлэлд дурдаагүй, төлбөрөөс хасаж тооцоогүй байна. Мөн  нэхэмжлэлд энэ хугацаанд өөрсдийн эд хогшлыг уг байранд байршуулж байсан гэж байгаа боловч уг байр нь бүрэн тавилгатай байсан учраас хариуцагч нь нэмж тавилга оруулаагүй байдаг. Мөн нэхэмжлэлд 2020 оны 10 дугаар сарын 30-нд түлхүүр хүлээн авсан гэсэн байгаа боловч О.З нь ажилтай, завгүй байна гэсээр 2020 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр байрныхаа түлхүүрийг хүлээлгэн өгсөн байдаг. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх үндэслэлгүй байна гэв.

          Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг нэг  бүрчлэн шинжлэн судлаад            

ҮНДЭСЛЭХ нь:

Тус шүүх хуралдааны товыг хариуцагчийн төлөөлөгч Б.Б-т мэдэгдсэн боловч тэрээр хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй тул нэхэмжлэгч болон хариуцагчийн өмгөөлөгчийн хүсэлтийг үндэслэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар хариуцагчийн төлөөлөгчийн эзгүйд хэргийг шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгч О.З  нь шүүхэд анх гаргасан нэхэмжлэлдээ хариуцагч Б.О-д холбогдуулан орон сууц хөлслөх гэрээний үүрэгт 5.200.000 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа  багасган орон сууц хөлслөх гэрээний үүрэгт 2.139.982 төгрөг гаргуулахаар шаардаж байх ба шүүх уг нэхэмжлэлийн шаардлагаас 2.096.649 төгрөгийн шаардлагыг хангаж, үлдэх 43.333 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

           Зохигчдын хооронд 2020 оны 10 дугаар сарын 30-ны өдөр орон сууц хөлслөх гэрээ байгуулагдаж, хариуцагч Б.Отгонтуяа нь нэхэмжлэгч О.Зоригийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-..........дугаарт бүртгэлтэй, Сүхбаатар дүүргийн ........... хаягт байршилтай, 74.47м.кв талбай бүхий тавилгатай 3 өрөө орон сууцыг  сарын 1.300.000 төгрөгөөр 1 жилийн хугацаанд хөлслөхөөр харилцан тохиролцсон болох нь зохигчдын тайлбар, орон сууц хөлслөх гэрээ зэргээр тогтоогдож байна.  

            Дээрх орон сууц хөлслөх гэрээ нь талуудын хүсэл зоригийг илэрхийлсэн, хэн аль нь хүлээн зөвшөөрч гарын үсэг зурж баталгаажуулсан, нотариатаар гэрчлэгдсэн, хуульд заасан хэлбэрийн шаардлагыг хангасан хүчин төгөлдөр гэрээ байна.

            Хариуцагч Б.О нь орон сууц хөлслөх гэрээний үүргээ зөрчиж, орон сууцны хөлс төлөх үүргээ биелүүлээгүй гэсэн үндэслэлээр нэхэмжлэгч О.З-оос  түлхүүр хүлээж авсан 2020 оны 11 дүгээр сарын 03-ны өдрөөс түлхүүр хүлээлгэж өгсөн 2020 оны 12 дугаар сарын 28-ны өдөр хүртэлх хугацааны хөлс 2.339.982 төгрөгөөс урьдчилгаанд өгсөн 200.000 төгрөгийг хасаж, үлдэгдэл 2.139.982 төгрөгийг гаргуулахаар шаардсан бол хариуцагч Б.Отгонтуяа нь орон сууцыг 2020 оны 11 дүгээр сарын 03-ны өдрөөс 2020 оны 12 дугаар сарын 26-ны өдөр хүртэл хөлсөлсөн байхад ямар үндэслэлээр 5.200.000 төгрөг нэхэмжилж байгаа нь тодорхойгүй, урьдчилгаанд өгсөн 200.000 төгрөгийг төлбөрөөс хасаж тооцоогүй гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагаас татгалзаж байна.

            Хариуцагчийн татгалзал үндэсгүй гэж шүүх дүгнэв.

            Учир нь зохигчид 2020 оны 10 дугаар сарын 30-ны өдөр орон сууц хөлслөх гэрээг байгуулсан боловч 2020 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр орон сууцны түлхүүрийг хүлээлцсэн байх бөгөөд талууд энэ талаар маргахгүй байна.

            Хариуцагч Б.О нь 2020 оны 10 дугаар сарын 30-ны өдөр урьдчилгаанд 200.000 төгрөг төлснөөс өөр төлбөр төлөөгүй байх тул нэхэмжлэгч О.Зориг нь  гэрээг цуцалж, орон сууцыг хүлээлгэн өгөх хүртэл хугацааны хөлс нэхэмжилсэн нь үндэслэлтэй байна.

            Гэвч нэхэмжлэгчээс хариуцагч нь орон сууцыг 2020 оны 12 дугаар сарын 28-ны өдөр хүлээлгэн өгсөн гэх тайлбараа нотолж чадаагүй тул хариуцагчийн 2020 оны 12 дугаар сарын 26-ны өдөр орон сууцыг хөлсөлж, түлхүүрийг хүлээлгэж өгсөн гэх тайлбарыг үнэн зөвд тооцох үндэстэй.

            Нэхэмжлэгч хариуцагчийн орон сууц хөлслөх гэрээг хугацаанаас өмнө цуцлах саналыг хүлээн зөвшөөрч, орон сууцыг хүлээн авсан тул 2020 оны 12 дугаар сарын 26-ны өдөр хүртэлх хугацааны хөлсийг шаардах эрхтэй.

            Хариуцагчийн орон сууцыг хүлээж авсан 2020 оны 11 дүгээр сарын 03-ны өдрөөс гэрээг цуцалж, орон сууцыг хүлээлгэн өгсөн 2020 оны 12 дугаар сарын 26-ны өдөр хүртэлх 53  хоногийн төлбөрийг тооцоход 2.296.649 / 1 сарын төлбөр 1.300.000:30=43.333 төгрөг х 53 хоног=2.296.649/ төгрөг болж байна.

            Иймд Иргэний хуулийн 302 дугаар зүйлийн 302.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Б.Отгонтуяагаас 2020 оны 11 дүгээр сарын 03-ны өдрөөс 2020 оны 12 дугаар сарын 26-ны өдөр хүртэлх хугацааны орон сууцыг хөлсөлсөн төлбөр 2.296.649 төгрөгөөс 2020 оны 10 дугаар сарын 30-ны өдөр урьдчилгаанд төлсөн 200.000 төгрөгийг хасаж, үлдэгдэл 2.096.649 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч О.Зоригт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 43.333 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн бөгөөд нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 98.150 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэл хангаж буй үнийн дүнд ноогдох улсын тэмдэгтийн хураамж 48.496 төгрөгийг хариуцагч Б.Отгонтуяагаас гаргуулж нэхэмжлэгч О.З-т олгох нь зүйтэй байна.

 

           Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон           

ТОГТООХ нь:

 

            1. Иргэний хуулийн 302 дугаар зүйлийн 302.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Б.О-гаас  2.096.649 /хоёр сая ерэн зургаан мянга зургаан зуун дөчин ес/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч О.З-т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 43.333 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

       2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56.2, 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 98.150 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.О-гаас улсын тэмдэгтийн хураамжид 48.496 төгрөг гаргуулж нэхэмжлэгч  О.З-т олгосугай.

 

      3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг мэдэгдсүгэй.

                4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар энэ шийдвэрийг нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.  

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Б.МӨНХБАЯР