Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 08 сарын 13 өдөр

Дугаар 210/МА2021/01237

 

 

2021 оны 08 сарын 13 өдөр

Дугаар 210/МА2021/01237

 

 

О.З-ийн нэхэмжлэлтэй иргэний

хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч А.Мөнхзул, Д.Байгалмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн 183/ШШ2021/01115 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч О.З-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Б.О-д холбогдох орон сууц хөлслөх гэрээний үүрэгт 2 139 982 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Д.Байгалмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч О.З-, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Буянхишиг нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Б.О-тай 2020 оны 10 дугаар сарын 30-ны өдөр орон сууц хөлслөх гэрээг бичгээр байгуулж Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хороо, 50 дугаар байрны 15 тоот хаягт байрлах, 74,47 м.кв талбай бүхий 3 өрөө, тавилгатай орон сууцыг 1 жилийн хугацаатай сарын 1 300 000 төгрөгөөр хөлслөх, ашиглалтын зардал болон СӨХ-ны төлбөрийг хөлслөгч тал хариуцахаар тохиролцсон. Гэрээнд эхний 3 сарын төлбөр, 1 сарын барьцааг төлж орон сууцанд орохоор заасан боловч Б.О- 7 хоногийн дараа төлбөрийг өгнө гэж урьдчилгаа 200 000 төгрөг төлж 2020 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр орон сууцны түлхүүрийг хүлээн авсан. Түүнээс хойш төлбөрийг төлөөгүй тул 2020 оны 11 дүгээр сарын 03-ны өдрөөс мөн оны 12 дугаар сарын 28-ны өдөр хүртэлх хугацааны төлбөр 2 33 982 төгрөгийн төлбөрөөс түүний төлсөн 200 000 төгрөгийг хасаж үлдэгдэл 2 139 982 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан тайлбартаа: Б.О- нь О.З-той 2020 оны 10 дугаар сарын 30-ны өдөр орон сууц хөлслөх гэрээг бичгээр байгуулж Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хороо, 50 дугаар байрны 15 тоот хаягт байрлах 74,47 м.кв талбай бүхий 3 өрөө, тавилгатай орон сууцыг хөлслөх гэрээг байгуулсан. О.З- 5 200 000 төгрөг гаргуулахаар шаардаж байгаа боловч ямар тооцооллоор нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй. Гэрээнд эхний 3 сарын төлбөр, 1 сарын барьцаа 1 300 000 төлөхөөр заасан. Гэтэл энэ гэрээг дуусгавар болсны дараа хөлслөгчид буцаан өгөх төлбөр учраас нэхэмжлэх үндэслэлгүй. 1 сарын төлбөр 1 300 000 төгрөг байсан. Б.О- 2020 оны 11 дүгээр сарын 03-ны өдрөөс 2020 оны 12 дугаар сарын 26-ны өдрийг хүртэл орон сууцыг хөлсөлсөн. Өөрөөр хэлбэл, 2 сар буюу 54 хоног хөлсөлсөн байхад 5 200 000 төгрөг нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй. Гэрээг байгуулахад урьдчилгаа 200 000 төгрөг төлснийг төлбөрөөс хасаж тооцоогүй. 2020 оны 10 дугаар сарын 30-ны өдөр түлхүүрийг хүлээн авсан гэж нэхэмжлэлд дурдсан боловч О.З- нь 2020 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр түлхүүрийг хүлээлгэн өгсөн. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 302 дугаар зүйлийн 302.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Б.О-гаас 2 096 649 /хоёр сая ерэн зургаан мянга зургаан зуун дөчин ес/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч О.З-т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 43 333 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56.2, 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 98 150 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.О-гаас улсын тэмдэгтийн хураамжид 48 496 төгрөг гаргуулж нэхэмжлэгч О.З-т олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагч Б.О- давж заалдах журмаар гаргасан гомдолдоо:

Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч байна. хөлслүүлэгчээс орон сууцны түлхүүрийг 2020 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр хүлээлгэн өгч нүүж орсон хэдий ч төлбөрөө төлөх боломжгүй байсан учир орон сууцад амьдарч чадаагүй. О.З-тод төлбөрөө төлж чадахгүй болсон, гэрээг цуцлах талаар удаа дараа мэдэгдсэн боловч өөр хөлслүүлэгч олох хүртэл хөлслөж бай гэсэн хариуг утсаар өгсөн. Гэтэл шүүх 2020 оны 11 дүгээр сарын 03-ны өдрөөс 2020 оны 12 дугаар сарын 26-ны өдөр хүртэл хугацааны төлбөрт 2 296 649 төгрөгөөс 2020 оны 10 дугаар сарын 30-ны өдөр төлсөн 200 000 төгрөгийг хасаж үлдэгдэл 2 096 649 төгрөгийг гаргуулж шийдвэрлэснийг зөвшөөрөхгүй байна. Учир нь талууд орон сууц хөлслөх гэрээний 3.6.5-д ...хөлслөгч түрээсийн төлбөрийг 14 хоногоос илүү хугацаагаар хожимдуулсан бол эсхүл ашиглалт хэрэглээний зардлыг 3 сараас илүү хугацаагаар хожимдуулсан бол... гэж заасны дагуу нэхэмжлэгч нь мэдэгдэл хүргүүлсний дараа гэрээг дангаар цуцлах эрхтэй байсан боловч гэрээг цуцлаагүй нь илүү төлбөр авах зорилготой байсан гэж харагдаж байна. Орон сууцад амьдраагүй тул төлбөрийг төлөх үндэслэлгүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт зааснаар үнэлж талуудын хооронд үүссэн маргаанд хамаарах Иргэний хуулийн холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

 

Нэхэмжлэгч О.З- нь хариуцагч Б.О-д холбогдуулан анх орон сууц хөлслөх гэрээний үүрэгт 5 200 000 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 2 139 982 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа багасгажээ.

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч орон сууц хөлслөх гэрээг цуцлах талаар О.З-т мэдэгдэж байсан тул төлбөрийг төлөх үндэслэлгүй гэж маргасан байна.

 

Талуудын хооронд 2020 оны 10 дугаар сарын 30-ны өдөр орон сууц хөлслөх гэрээний байгуулагдаж, энэхүү гэрээгээр хөлслүүлэгч О.З- нь өөрийн өмчлөлийн Сүхбаатар дүүрэг, 4 дүгээр хороо, 1 дүгээр 40 мянгат, 50 дугаар байрны 15 тоот хаягт байрлах 3 өрөө 74,47 м.кв талбайтай орон сууцыг хөлслөгч Б.О-д 1 сарын 1 300 000 төгрөг төлөхөөр тохиролцсноос дүгнэвэл тэдгээрийн хооронд Иргэний хуулийн 302 дугаар зүйлийн 302.1 дэх хэсэгт орон сууц хөлслөх гэрээний харилцаа үүссэн талаар анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй.

 

Хөлслүүлэгч О.З- нь дээрх орон сууцны түлхүүрийг хөлслөгч Б.О-д 2020 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр хүлээлгэн өгсөн болон хөлслөгч нь 2020 оны 10 дугаар сарын 30-ны өдөр 200 000 төгрөг төлсөн талаар зохигч маргаагүй байна.

 

Талууд орон сууцны 1 сарын төлбөрийг 1 300 000 төгрөг байхаар тохиролцсон, хариуцагч Б.О- нь 2020 оны 11 дүгээр сарын 03-ны өдрөөс мөн 12 дугаар сарын 26-ны өдөр хүртэл нийт 53 хоног нэхэмжлэгч О.З-ийн өмчлөлийн орон сууцыг хөлсөлсөн үйл баримт тогтоогджээ.

 

Хөлслөгч нь хэлэлцэн тохирсны дагуу орон сууцны хөлс төлөх үүргээ биелүүлэхгүй орон сууц хөлслөх гэрээний 4 дүгээр зүйлийн 4.2.3-т заасныг зөрчсөн болох нь зохигчийн тайлбараар тогтоогдсон тул нэхэмжлэгч О.З- нь хариуцагч Б.О-гаас 2020 оны 11 дүгээр сарын 03-ны өдрөөс мөн 12 дугаар сарын 26-ны өдөр хүртэл хугацаанд орон сууц хөлсөлсний төлбөрийг Иргэний хуулийн 302 дугаар зүйлийн 302.1, 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт зааснаар шаардах эрхтэй.

 

Хариуцагчийн төлөх үүргийг тооцвол 1 300 000 : 30 хоног = 43 333 төгрөг /1 өдрийн төлбөр/ х 53 хоног, нийт 2 296 649 төгрөг төлөхөөс түүний төлсөн 200 000 төгрөгийг хасахад 2 096 649 төгрөг төлөх үүрэгтэй талаар анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй.

 

Хариуцагч Б.О- орон сууцны хөлс төлөх гэрээний үүргээ зөрчсөн тул гэрээг цуцлаагүйгээс хөлслөгчийн төлөх төлбөрийн хэмжээ нэмэгдсэн гэж хөлслүүлэгчийг буруутгах үндэслэлгүй.

 

Мөн хариуцагч нь орон сууц хөлслөх гэрээг цуцлах талаар нэхэмжлэгчид мэдэгдсэн гэх тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нотлоогүй байна.

 

Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж хариуцагчийн гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн 183/ШШ2021/01115 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагчийн төлсөн 48 500 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч мөн зүйлийн 172.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр энэ хуулийн 167 дугаар зүйлд заасан магадлалд гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.ИЧИНХОРЛОО

 

ШҮҮГЧИД А.МӨНХЗУЛ

 

Д.БАЙГАЛМАА