Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 05 сарын 21 өдөр

Дугаар 183/ШШ2021/01104

 

 

2021 оны 05 сарын 21 өдөр

Дугаар 183/ШШ2021/01104

Улаанбаатар хот

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: М М ХХК-ийн нэхэмжлэлтэй

 

Хариуцагч: Ч Ө ХХК-д холбогдох

 

Катерингийн үйлчилгээ үзүүлэх гэрээний үүрэгт 195 767 997 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч С.Б, хариуцагчийн төлөөлөгч Э.А, нарийн бичгийн дарга Т.Нарантүвшин оролцов.

 

Нэхэмжлэлийг 2021 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр хүлээн авав.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

  Нэхэмжлэгч М М ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлээ дэмжиж нэхэмжлэгчийн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ч Ө ХХК нь 2020.03.23-ны өдрийн 20/14 тоот Катерингийн үйлчилгээ үзүүлэх гэрээг М М ХХК-тай байгуулж, ажил үйлчилгээ авсныхаа төлбөрийг төлөөгүйн улмаас 2021.01.14-ний өдрийн байдлаар 192 302 355 төгрөгийн төлбөрийн үлдэгдэлтэй байна. Үйлчилгээний төлбөрийн асуудлаар өмнө нь удаа дараа тооцоо нийлж улмаар гэрээг цуцлан төлбөрийг төлж дуусгахаар тохиролцсон бөгөөд 2020.09.30-ны өдөр үйлчилгээний төлбөрийг бүрэн төлж дуусгахаар хариуцагч байгууллага 2020.10.22-ны өдрийн 01/20/07 дугаартай мэдэгдлийг нэхэмжлэгч байгууллагад хүргүүлсэн боловч тооцоон өнөөдрийг хүртэл хийж төлбөрөө барагдуулаагүй учир гэрээний дагуух үйлчилгээний төлбөрийн үлдэгдэл 192 302 355 төгрөг, алданги 3 465 642 төгрөг, нийт 195 767 997 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагчийн төлөөлөгч Э.Аззаяа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ч Ө ХХК болон М М ХХК нь 2020.03.23-ны өдөр Катерингийн үйлчилгээ үзүүлэх гэрээ байгуулсан бөгөөд тус гэрээнд Ч Ө ХХК-ин гүйцэтгэх захирал Ц.О гарын үсэг зурж баталгаажуулсан байдаг. Гэрээний хэрэгжилттэй холбоотой асуудлаар компанийг төлөөлж гүйцэтгэх захирал эсхүл холбогдох журмын дагуу эрх олгогдсон этгээд харилцах ёстой. Ц.О дээрх гэрээнд гарын үсэг зурж Ч Ө ХХК-ийг итгэмжлэлгүйгээр төлөөлж буй этгээдийн хувьд М М ХХК-д гэрээтэй холбоотой асуудлаар харилцдаг байсан. Хэрэгт авагдсан 2020.04.22-ны өдрийн 02/20/15 албан бичгээс үүнийг харж болно. Гэтэл М М ХХК нь шүүхэд Ч Ө ХХК-ийн албан ёсны тамгагүй, гүйцэтгэх захирал Ц.О-ийн гарын үсэггүй 187 633 355 төгрөгийн тооцоо нийлсэн актыг гаргаж өгсөн байна. Энэхүү тооцоо нийлсэн акт нь эрх бүхий албан тушаалтны гарын үсэггүй байх тул хүлээн зөвшөөрөхгүй байна. Мөн 2020 оны 5,6,7,8 саруудын баримт хэрэгт авагдаагүй байгаа бөгөөд ямар баримтуудад үндэслэж энэ хугацааны төлбөрийг шаардсан нь үндэслэлгүй. Талуудын хооронд байгуулсан гэрээний гуравдугаар зүйлд гэрээний үнэ, төлбөрийн нөхцлийг зохицуулсан байдаг ба гэрээний 3.1-д захиалгат ажлын төлбөрийг тооцохдоо тухайн сард хотхонд байрлаж, үйлчилгээ авсан ажилтны тооноос хамаарч, гүйцэтгэлээр буюу хүн/өдрөөр тооцох ба хавсралт 3-т заасан үнийг баримтална гэж заасан байдаг. Түүнчлэн гэрээний 2.6.2-т Гүйцэтгэгч нь өдөр, долоо, хоног, сараар ажлаа захиалагчид тайлагнана гэж заасан байдаг бөгөөд энэхүү үүргийнхээ хүрээнд гүйцэтгэгч буюу М М ХХК нь Ч Ө ХХК-д 2020.04 болон 05 саруудад тооцоо нийлсэн хүн өдрийн бүртгэлийг танилцуулж баталгаажуулсан. 2020.4 сард хотхонд байрлаж, үйлчилгээ авсан ажилтны тоо 1869-тэй, харин 2021.5 сард 1489-тэй тэнцэж байна. Өөрөөр хэлбэл нийт 3358 ажилтан катерингийн үйлчилгээ авсан бөгөөд хавсралт 3-т заасны дагуу 29 000 төгрөг гэж тооцвол гэрээний дагуу Ч Ө ХХК нь 97 382 000 төгрөг төлөхөөр байна. Гэтэл М М ХХК нь үндэслэлгүйгээр хэт өндөр дүн нэхэмжилж хариуцагчийг санхүүгийн хүнд нөхцөл байдал бий болгож байна гэв.

 

Шүүх хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг нэг бүрчлэн шинжлэн судлаад,

       ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч М М ХХК хариуцагч Ч Ө ХХК-д холбогдуулан катерингийн үйлчилгээ үзүүлэх гэрээний үүрэгт 192 302 355 төгрөг, алданги 3 465 642 төгрөг, нийт 195 767 997 төгрөгийг гаргуулахаар шаарджээ.

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй гэж үзлээ.

 

Талуудын хооронд 2020 оны 3 сарын 23-ны өдөр Катерингийн үйлчилгээ үзүүлэх гэрээ бичгийн хэлбэрээр байгуулагдаж, уг гэрээгээр М М ХХК нь Өмнөговь аймаг, Цогтцэций сумын нутаг, Т Т уурхайд байрлах захиалагчийн ажиллагсдын хоол, угаалга, цэвэрлэгээг хариуцах, хотхонд амьдрах орчин нөхцлийг бүрдүүлэх менежментийн үйлчилгээг Ч Ө ХХК-д үзүүлэхээр, Ч Ө ХХК нь үйлчилгээний хөлсийг төлөхөөр тус тус тохиролцсон байх ба гэрээг 2020 оны 3 сарын 27-ны өдрөөс 12 сарын хугацаатайгаар, хугацаа хэтэрсэн хоног тутам гүйцэтгээгүй үүргийн дүнгийн 0.01 хувийн алданги тооцохоор харилцан тохиролцжээ./хх-ийн 10-17/

 

Талуудын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлд заасан ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан байх ба уг гэрээгээр ...ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ... гэж заажээ.

Нэхэмжлэгчийн төлөөлөгч нь ...удаа дараа тооцоо нийлж улмаар гэрээг цуцлан төлбөрийг төлж дуусгахаар тохиролцсон бөгөөд 2020.09.30-ны өдөр үйлчилгээний төлбөрийг бүрэн төлж дуусгахаар хариуцагч байгууллага 2020.10.22-ны өдрийн 01/20/07 дугаартай мэдэгдлийг нэхэмжлэгч байгууллагад хүргүүлсэн боловч тооцоог өнөөдрийг хүртэл хийж төлбөрөө барагдуулаагүй... гэснийг,

Хариуцагч Ч Ө ХХК нь ...М М ХХК нь шүүхэд Ч Ө ХХК-ийн албан ёсны тамгагүй, гүйцэтгэх захирал Ц.Оийн гарын үсэггүй 187 633 355 төгрөгийн тооцоо нийлсэн актыг гаргаж өгсөн байна. Энэхүү тооцоо нийлсэн акт нь эрх бүхий албан тушаалтны гарын үсэггүй байх тул хүлээн зөвшөөрөхгүй байна. . 2020.4 сард хотхонд байрлаж, үйлчилгээ авсан ажилтны тоо 1869-тэй, харин 2021.5 сард 1489-тэй тэнцэж байна. Өөрөөр хэлбэл нийт 3358 ажилтан катерингийн үйлчилгээ авсан бөгөөд хавсралт 3-т заасны дагуу 29 000 төгрөг гэж тооцвол гэрээний дагуу Ч Ө ХХК нь 97 382 000 төгрөг төлөхөөр байна... гэж тайлбар гаргаж маргажээ.

Хавтаст хэргийн 23 дугаар талд 2020 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн тооцоо нийлсэн акт гэх баримт авагдсан байх ба уг актаар 2020.03.27-ны өдрөөс 2020.08.31-ний өдрийг дуусталх хугацааны төлбөр тооцоог НББ-ын /нягтлан бопох бүртгэлийн/ баримтаар нэг бүрчлэн нийлж, үлдэгдэл дүнг 187 633 355 төгрөгөөр тогтоож, талуудын эрх бүхий албан тушаалтнууд гарын үсгээ зурж, тамга тэмдэгээр баталгаажуулсан актыг үйлджээ.

Түүнчлэн хариуцагч Ч Ө ХХК нь 2020 оны 4 сарын 22-ны өдрийн 02/20/15 тоотоор 2020 оны 3 сарын төлбөрийг хугацаандаа төлж чадахгүй байгаа талаараа нэхэмжлэгчид албан тоот хүргүүлж байсан байх ба нэхэмжлэгч М М ХХК-иас өр төлбөрийг барагдуулах талаар хариуцагч байгууллагад 2020 оны 9 сарын 25-ны өдөр 1/194 тоот албан шаардлагыг тус тус хүргүүлж байжээ. /хх-ийн 24-25/

Дээрхээс дүгнэхэд нэхэмжлэгч М М ХХК нь хариуцагч Ч Ө ХХК-ийг төлбөр төлөх гэрээний үүргээ хугацаандаа биелүүлээгүй гэх үндэслэлээр гэрээнээс татгалзаж, улмаар талууд гэрээгээ дүгнэж, үлдэгдэл төлбөрөө тооцоо нийлсэн актаар баталгаажуулсан байх тул дээрх үлдэгдэл төлбөрийг шаардах эрхтэй байна.

 

Харин хариуцагч Ч Ө ХХК нь тооцоо нийлсэн акт нь эрх бүхий албан тушаалтны гарын үсэггүй байх тул хүлээн зөвшөөрөхгүй, мөн 2020 оны 5,6,7,8 саруудын баримт хэрэгт авагдаагүй байх тул үндэслэлгүй гэж тайлбар гаргаж маргасан хэдий дээрх тайлбар үндэслэлгүй байна.

 

Өөрөөр хэлбэл хариуцагч нь татгалзлын үндэслэлээ хавтаст хэрэгт баримтаар нотлоогүй байна.

 

Нөгөөтэйгүүр, хариуцагч нь гүйцэтгэсэн ажлын хөлсийг гэрээгээр тохирсон хугацаанд төлөөгүй үндэслэл тогтоогдож байх тул талуудын гэрээний 8.3-т заасны дагуу алдангийг хугацаа хэтэрсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,01%-иар тооцож, алдангид 3 465 642 төгрөгийг гаргуулахаар шаардсан нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-т заасныг зөрчөөгүй байна.

 

Дээрхийг нэгтгээд хариуцагч Ч Ө ХХК-иас гэрээний үүрэгт 195 767 997 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч М М ХХК-д олгож шийдвэрлэсэн ба улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар хуваарилах нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

                                                 ТОГТООХ нь: 

 

 1. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Ч Ө ХХК-иас гэрээний үүрэгт 195 767 997 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч М М ХХК-д олгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч М М ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 1 136 790 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч Ч Ө ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжинд 1 136 790 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч М М ХХК-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ Б.МӨНХЖАРГАЛ