Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 07 сарын 24 өдөр

Дугаар 210/МА2021/01155

 

2021 оны 07 сарын 24 өдөр

Дугаар 210/МА2021/01155

 

 

 

 

ММ- ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Даваадорж даргалж, шүүгч Д.Нямбазар, Н.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн 183/ШШ2021/01104 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч ММ- ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч ЧӨ ХХК-д холбогдох

Катерингийн үйлчилгээ үзүүлэх гэрээний дагуу ажлын хөлс болон алданги нийт 195 767 997 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Н.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмждэгдсэн төлөөлөгч С.Б, хариуцагчийн итгэмждэгдсэн төлөөлөгч Э.А, нарийн бичгийн дарга Ч.Халиун нар оролцов.

Нэхэмжлэгч ММ- ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлээ дэмжиж нэхэмжлэгчийн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ЧӨ ХХК нь 2020 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн 20/14 тоот катерингийн үйлчилгээ үзүүлэх гэрээг Монгол маркет ХХК-тай байгуулж, ажил үйлчилгээ авсныхаа төлбөрийг төлөөгүйн улмаас 2021.01.14-ний өдрийн байдлаар 192 302 355 төгрөгийн төлбөрийн үлдэгдэлтэй байна. Үйлчилгээний төлбөрийн асуудлаар өмнө нь удаа дараа тооцоо нийлж улмаар гэрээг цуцлан төлбөрийг төлж дуусгахаар тохиролцсон бөгөөд 2020 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр үйлчилгээний төлбөрийг бүрэн төлж дуусгахаар хариуцагч байгууллага 2020 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 01/20/07 дугаартай мэдэгдлийг нэхэмжлэгч байгууллагад хүргүүлсэн. Төлбөрөө барагдуулаагүй учир гэрээний дагуух үйлчилгээний төлбөрийн үлдэгдэл 192 302 355 төгрөг, алданги 3 465 642 төгрөг, нийт 195 767 997 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.А шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ЧӨ ХХК болон ММ- ХХК нь 2020 оны 3 дугаар сарын 23-ны өдөр катерингийн үйлчилгээ үзүүлэх гэрээ байгуулсан бөгөөд тус гэрээнд ЧӨ ХХК-ийн гүйцэтгэх захирал Ц.Оюунбилэг гарын үсэг зурж баталгаажуулсан байдаг. Гэрээний хэрэгжилттэй холбоотой асуудлаар компанийг төлөөлж гүйцэтгэх захирал эсхүл холбогдох журмын дагуу эрх олгогдсон этгээд харилцах ёстой. Ц.Оюунбилэг дээрх гэрээнд гарын үсэг зурж ЧӨ ХХК-ийг итгэмжлэлгүйгээр төлөөлж буй этгээдийн хувьд ММ- ХХК-д гэрээтэй холбоотой асуудлаар харилцдаг байсан. Хэрэгт авагдсан 2020 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн 02/20/15 албан бичгээс үүнийг харж болно. Гэтэл ММ- ХХК нь шүүхэд ЧӨ ХХК-ийн албан ёсны тамгагүй, гүйцэтгэх захирал Ц.Оюунбилэгийн гарын үсэггүй 187 633 355 төгрөгийн тооцоо нийлсэн актыг гаргаж өгсөн байна. Энэхүү тооцоо нийлсэн акт нь эрх бүхий албан тушаалтны гарын үсэггүй байх тул хүлээн зөвшөөрөхгүй байна. Мөн 2020 оны 5, 6, 7, 8 саруудын баримт хэрэгт авагдаагүй байгаа бөгөөд ямар баримтуудад үндэслэж энэ хугацааны төлбөрийг шаардсан нь үндэслэлгүй. Талуудын хооронд байгуулсан гэрээний гуравдугаар зүйлд гэрээний үнэ, төлбөрийн нөхцөлийг зохицуулсан байдаг ба гэрээний 3.1-д захиалгат ажлын төлбөрийг тооцохдоо тухайн сард хотхонд байрлаж, үйлчилгээ авсан ажилтны тооноос хамаарч, гүйцэтгэлээр буюу хүн өдрөөр тооцох ба хавсралт 3-т заасан үнийг баримтална гэж заасан байдаг. Түүнчлэн гэрээний 2.6.2-т гүйцэтгэгч нь өдөр, долоо хоног, сараар ажлаа захиалагчид тайлагнана гэж заасан байдаг бөгөөд энэхүү үүргийнхээ хүрээнд гүйцэтгэгч буюу ММ- ХХК нь ЧӨ ХХК-д 2020 оны 4 болон 5 саруудад тооцоо нийлсэн хүн өдрийн бүртгэлийг танилцуулж баталгаажуулсан. 2020 оны 4 сард хотхонд байрлаж, үйлчилгээ авсан ажилтны тоо 1869-тэй, харин 2021 оны 5 дугаар сард 1489-тэй тэнцэж байна. Өөрөөр хэлбэл, нийт 3358 ажилтан катерингийн үйлчилгээ авсан бөгөөд хавсралт 3-т заасны дагуу 29 000 төгрөг гэж тооцвол гэрээний дагуу ЧӨ ХХК нь 97 382 000 төгрөг төлөхөөр байна. Гэтэл ММ- ХХК нь үндэслэлгүйгээр хэт өндөр дүн нэхэмжилж хариуцагчийг санхүүгийн хүнд нөхцөл байдал бий болгож байна гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч ЧӨ ХХК-аас гэрээний үүрэгт 195 767 997 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч ММ- ХХК-д олгож Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч ММ- ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 1 136 790 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч ЧӨ ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжинд 1 136 790 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ММ- ХХК-д олгохоор шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.А давж заалдах гомдолдоо: 2020 оны 8 дугаар сарын 31-ний өдөр "ММ-" ХХК болон "Чандагана-Өгөөж" ХХК нарын хооронд байгуулсан №20/14 тоот катерингийн үйлчилгээ үзүүлэх гэрээг дуусгавар болгож тооцоо нийлсэн актыг үйлдсэн ба тус актын дагуу "Чандагана-Өгөөж" ХХК нь гэрээний үүргийн гүйцэтгэлд 187 633 355 төгрөг төлөх үүргийг хүлээсэн. Тус актаар энэхүү гэрээний үлдэгдэл төлбөрийг хэзээ төлж барагдуулах тухай хугацааг тогтоогоогүй байсан тул "ЧӨ" ХХК-ийн зүгээс 2020 оны 10 дугаар сарын 12-ний өдөр 01/20/07 тоот мэдэгдэл "ММ-" ХХК-д хүргүүлсэн ба "ММ-" ХХК нь бидний хүргүүлсэн хүсэлтийг эсэргүүцсэн аливаа санал, мэдэгдэл бидэнд хүргүүлээгүй учир тус саналыг хүлээн авсанд тооцох нь зүйтэй. Талуудын хооронд гэрээ байгуулах үед коронавируст халдвраас манай компанийн үйл ажиллагаа хүнд нөхцөл байдалтай тулгарсан. Энэ тухай "ММ-" ХХК-д хүргүүлсэн албан бичгүүдэд удаа дараа дурдаж мэдээлэл хүргүүлсэн боловч шүүгч энэхүү үйл баримтыг огт үнэлж дүгнээгүй болно. Иймд дээр дурдсан үйл явдлыг хянан үзэхэд гэрээний үлдэгдэл төлбөрийг 2021 оны 3 дугаар сарын 20-ны өдөр төлж дуусах байсан хэдий ч нэхэмжлэгч 2021 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр шүүхэд нэхэмжлэл гаргаж алданги төлөхийг шаардсан ба үүнийг анхан шатны шүүхээс хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байх тул шийдвэрт өөрчлөлт оруулан алданги 3 465 642 төгрөгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй байна.

 

Нэхэмжлэгч ММ- ХХК хариуцагч ЧӨ ХХК-д холбогдуулан катерингийн үйлчилгээ үзүүлэх гэрээний үүрэгт 192 302 355 төгрөг, алданги 3 465 642 төгрөг, нийт 195 767 997 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

 Зохигчдын хооронд 2020 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн 20/14 тоот катерингийн үйлчилгээ үзүүлэх гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр нэхэмжлэгч компани нь Өмнөговь аймаг, Цогтцэций сумын нутаг, Таван толгой уурхайд байрлах захиалагчийн ажиллагсдын хоол, угаалга, цэвэрлэгээг хариуцах, хотхонд амьдрах орчин нөхцлийг бүрдүүлэх менежментийн үйлчилгээг гүйцэтгэх, захиалгат ажлын төлбөрийг тооцохдоо тухайн сард хотхонд байрлаж, үйлчилгээ авсан ажилтны тооноос хамаарч, гүйцэтгэлээр хавсралт 3-т заасан төсвөөр хийж гүйцэтгэн захиалагчид хүлээлгэн өгөх, захиалагч ЧӨ ХХК нь гэрээгээр тохиролцсон хуваарийн дагуу ажлын хөлсийг төлөхөөр тус тус харилцан тохиролцсон байна. / хх-ийн 9-20 /

 

Талууд 2020 оны 8 дугаар сарын 31-ний өдөр тооцоо нийлсэн акт үйлдэж, нэхэмжлэгч ММ- ХХК нь 2020 оны 3 дугаар сарын 27-ны өдрөөс 2020 оны 8 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацаанд ажил үйлчилгээ үзүүлж, хариуцагч ЧӨ ХХК нь 187 633 355 төгрөгийг төлөх үлдэгдэлтэй болохыг баталгаажуулсан байхаас гадна тооцоо нийлсэн акт үйлдсэнээс хойш 2020 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн үйлчилгээний төлбөр 3 625 000 төгрөгийг төлөх талаар хариуцагч ЧӨ ХХК 2020 рны 10 сарын 12-ны өдрийн албан бичгээр мэдэгдсэн болох нь хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтууд, зохигчдын тайлбараар тогтоогджээ. / хх-ийн 23-25, 40-44, 46-51, 53-58, 61-64 /

 

Нэхэмжлэгч нь гэрээний зүйлийг хариуцагчид шилжүүлэн өгсөн, хариуцагч хүлээн авсан талаар маргаагүй, гэрээний 3.4-т төлбөр төлөх хугацааг тохиролцсон боловч хариуцагч үүргээ биелүүлээгүй байх тул Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэгч нь захиалгат ажлын төлбөр 192 302 355 төгрөгийг хариуцагчаас шаардах эрхтэй гэж үзсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй. Хариуцагч шүүхийн шийдвэрийн энэ хэсэгт давж заалдах гомдол гаргаагүй болно.

 

Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт Хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ. гэж заасан ба талууд гэрээний алдангийг хамгийн бага хэмжээгээр буюу 0.01 хувиар тооцохоор тохиролцсон байх тул алдангийг мөн хуулийн 232.8 дахь хэсэгт зааснаар багасгах үндэслэлгүй байна.

Түүнчлэн коронавируст халдварын нөхцөл байдал хариуцагч компанийн үйл ажиллагаанд нөлөөлсөн гэх байдлыг нотолсон баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт тус тус зааснаар нотлох үүргээ хэрэгжүүлээгүй байна.

 

Анхан шатны шүүх гэрээний 8.3-т заасан алдангийн тохиролцоо, Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь заалтыг үндэслэн алдангийн хэмжээг 3 465 642 төгрөгөөр тодорхойлсныг буруутгах үндэслэлгүй байна.

 

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн 183/ШШ2021/01104 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагчийн төлсөн 70 500 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба магадлалыг гардуулснаар хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ. ШҮҮГЧ Г.ДАВААДОРЖ

ШҮҮГЧИД Д.НЯМБАЗАР

Н.БАТЗОРИГ