Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2023 оны 09 сарын 19 өдөр

Дугаар 001/ХТ2023/00163

 

Ж-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн шүүгч П.Золзаяа даргалж, танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч Н.Баярмаа, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2023 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 130/ШШ2023/00173 дугаар шийдвэр,

Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2023 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 212/МА2023/00056 дугаар магадлалтай,

Ж-ын нэхэмжлэлтэй

“А” хоршоо, З нарт холбогдох

2018.05.31-ний өдөр байгуулсан 88/2018/З-29 тоот зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, хариуцагч нараас нийтдээ зээлийн төлбөрт 179,891,477.74 төгрөг, нотариатын үйлчилгээний төлбөр 32,500 төгрөг, нийт 179,923,977.74 төгрөг гаргуулах, зээлийн төлбөрийг мөнгөн хэлбэрээр барагдуулаагүй тохиолдолд нэхэмжлэлийн шаардлагыг зээлийн барьцаа хөрөнгөөр болон бусад хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагчийн төлөөлөгч Е, хариуцагч З нарын хяналтын журмаар гаргасан гомдлоор

шүүгч Х.Эрдэнэсувдын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: хариуцагчийн өмгөөлөгч Х.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Амарбаясгалан нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Жаас хариуцагч “А” хоршоо, З нарт холбогдуулан 2018.05.31-ний өдөр байгуулсан 88/2018/З-29 тоот зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, хариуцагч нараас нийтдээ зээлийн төлбөрт 179,891,477.74 төгрөг, нотариатын үйлчилгээний төлбөр 32,500 төгрөг, нийт 179,923,977.74 төгрөг гаргуулах, зээлийн төлбөрийг мөнгөн хэлбэрээр барагдуулаагүй тохиолдолд нэхэмжлэлийн шаардлагыг зээлийн барьцаа хөрөнгөөр болон бусад хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч, маргажээ.

2. Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 130/ШШ2023/00173 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1, 451 дүгээр зүйлийн 451.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Ж-ар болон хариуцагч А хооронд 2018 оны 5 дугаар сарын 31-ний өдөр байгуулсан 88/2018/З-29 тоот зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, хариуцагч А (захирал Е)-ноос зээлийн төлбөрт 179,891,477.74 төгрөг, нотариатын үйлчилгээний төлбөр 32,500  төгрөг, нийтдээ 179,923,977.74 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Жарт олгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь зааснаар нэхэмжлэгч Жижиг дунд үйлдвэрийн газар нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д заасныг тус тус баримтлан хариуцагч Арал төбе хоршооноос улсын тэмдэгтийн хураамж 1,057,570 төгрөгийг гаргуулан улсын орлого болгож,

Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар хариуцагч А (захирал Е) нь зээлээ төлж чадаагүй тохиолдолд М-ы өмчлөх эрхийн .... газар, З, М нарын өмчлөх эрхийн ... үл хөдлөх хөрөнгө, М, Г нарын өмчлөх эрхийн ... үл хөдлөх хөрөнгө, З-ийн эзэмших эрхийн ... газрыг тус тус дуудлага худалдаанд оруулахыг Баян Өлгий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэжээ.

3. Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 212/МА2023/00056 дугаар магадлалаар: Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 130/ШШ2023/00173 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэг, 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэг, 282 дугаар зүйлийн 282.1 дэх хэсэг, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэг, 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээг цуцалж, хариуцагч “А” хоршоо (захирал Е) болон хариуцагч З нараас үндсэн зээлийн төлбөрт 126,859,926.58 төгрөг, хүүгийн төлбөрт 922,491,13 төгрөг, алдангид 52,109,060.03 төгрөг, хохирол буюу нотариатын зардалд 32,500 төгрөг, нийт 179,923,977.74 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ж-арт олгосугай” гэж,

3 дахь заалтыг “Иргэний хуулийн 158 дугаар зүйлийн 158.1 дэх хэсэг, 174 дүгээр зүйлийн 174.1, 174.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн барьцаат хөрөнгөөр үүргийн биелэлтийг хангуулах тухай шаардлагыг бүхэлд нь хангаж, хариуцагч “А” хоршоо (захирал Е) болон З нар шүүхийн энэ шийдвэрээр тогтоогдсон зээлийн төлбөр, хүү, алданги, хохирол төлөх үүргээ сайн дураараа биелүүлээгүй тохиолдолд З, М нарын өмчлөлийн ... байшинг, М, Г нарын өмчлөлийн ... байшинг, М-ны ... газар өмчлөх эрхийг, З-ийн ... газар эзэмших эрхийг тус тус худалдан борлуулж үүргийн гүйцэтгэлийг хангахыг Баян-Өлгий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай” гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагч нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэжээ.

4. Хариуцагчийн төлөөлөгч Е, хариуцагч З нар хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Баян-Өлгий аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023.02.13-ны өдрийн 130/ШШ2023/00173 дугаартай шийдвэрээр хариуцагчаас алданги 52,109,060.03 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор, мөн Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар зээлээ төлж чадаагүй тохиолдолд М-ны өмчлөх эрхийн ... газар, М, Г нарын өмчлөх эрхийн ... үл хөдлөх эд хөрөнгийг дуудлага худалдаанд оруулахыг Баян-Өлгий аймгийн Шүүхийн шийдвэрт газарт даалгаж шийдвэрлэсэн хэсгийг, Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023.05.05-ны өдрийн 212/МА2023/00056 дугаартай магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэснийг эс зөвшөөрч, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.2 дахь хэсэгт заасан “Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн” үндэслэлээр энэхүү гомдлыг гаргаж байна.

4.1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.2 дахь хэсэгт заасан “Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн” үндэслэлийн талаар.

Иргэн М-ны өмчлөх эрхийн ... газар, ХМ, Г нарын өмчлөх эрхийн ... үл хөдлөх эд хөрөнгийг зээлийн барьцаанд тавьсан нь үнэн.

Эдгээр хөрөнгүүдийг анх зээлийн барьцаанд тавихдаа дээрх хүмүүсийн олгосон итгэмжлэлийг үндэслэл болгосон байдаг.Нэхэмжлэлийн олгосон 3 жилийн хугацаа хэрэг хянан шийдвэрлэх үед дууссан байсан.

Монгол Улсын Үндсэн хуулийн 5 дугаар зүйлийн 2-т Төр нь нийтийн болон хувийн өмчийн аливаа хэлбэрийг хүлээн зөвшөөрч, өмчлөгчийн эрхийг хуулиар хамгаална, 3-т Өмчлөгчийн эрхийг гагцхүү хуульд заасан үндэслэлээр хязгаарлаж болно гэж хуульчилсан.

Эдгээр эд хөрөнгүүд дээрх хоёр хүний хувийн өмч бөгөөд түүнийг зээлийг төлж чадаагүй тохиолдолд дуудлага худалдаанд оруулахыг Баян-Өлгий аймгийн Шүүхийн шийдвэрт газарт даалгаж шийдвэрлэсэн нь М, Г нарын өмчлөх эрхэд шууд халдсан, Монгол Улсын Үндсэн хууль, бусад хууль тогтоомжийг зөрчсөн ажиллагаа болно. Энэ тохиолдолд анхан шатны шүүх М, Г нарыг хамтран хариуцагчаар татаж оролцуулж, эрх ашгаа хамгаалах нөхцөл бололцоо олгосны үндсэн дээр дуудлага худалдаанд оруулах эсэхийг шийдвэрлэх ёстой.

Гэтэл энэ ажиллагааг огт хийгээгүйгээр хэргийг хянан шийдвэрлэснээр М, Г нарын хууль ёсны эрх ашиг зөрчигдөж байгаа бөгөөд энэ нь Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн гэж үзэх үндэслэл болж байгаа юм.

4.2. Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ 52,109,060.03 төгрөгийн алданги нэхэмжилсэн боловч алдангийг хэрхэн тооцсон нь тодорхой бус байсан.

Нэхэмжлэгч 2022.11.18-ны байдлаар нийт алдангийг 14,006,638.59 төгрөгөөр тооцсон мөртлөө 2022.11.18-ны өдрийн зээлийн хөшүүргийн тооцоо хүснэгтэд алдангийг тооцохдоо зөрчил үүссэн хоног-1376, тооцоолсон дүн-38,102,421.44 гэж бичээд 11 дүгээр сарын 22-ны өдөр нэхэмжлэл гаргасан.

Алдангийг хэрхэн тооцсон талаар нэхэмжлэлд болон шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан тайлбарт тодорхой дурдаагүй байхад шууд энэ асуудлыг тодруулахгүйгээр дээрх хоёр хүснэгтийн нийлбэрээр 52,109,060.03 төгрөгийн алданги гаргуулж олгохоор шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.

4.3. Манай хоршооны зээл, түүний хүүг хугацаанд төлж чадаагүй нь тодорхой хүндэтгэн үзэх шалтгаантай байсан.

Улс орон, дэлхий дахинд Ковид-19 өвчин гарч тархац нэмэгдсэнтэй холбоотойгоор Засгийн газрын 2020.02.12-ны өдрийн 62 дугаар тогтоолоор улс орны хэмжээнд өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлж, хуулийн этгээдийг ажлын тусгай горимд шилжүүлж, хөл хорио тогтоосон ба энэ ажиллагаа бараг 2 жил гаруйн хугацаанд үйлчилсэн.

Үүнтэй холбоотойгоор хоршооны орлого тасалдаж үйл ажиллагаа явуулах боломжгүй болж, гэрээний үүргээ зөрчих нөхцөл байдал үүссэн.

Энэ ажиллагааны хүрээнд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын 2020 оны “Зээл төлөх хуваарьт өөрчлөлт оруулах тухай” А-373 дугаар тушаал гарсан боловч манай хоршооны гаргасан хүсэлтийг хүлээж аваагүй, тухайн тушаалын үйлчлэлд хамруулаагүй.

Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.8-д анзын хэмжээ их байвал хэргийн нөхцөл байдлыг харгалзан шүүх түүнийг багасгаж болно гэж хуульчилсан.

Хэргийг хянан шийдвэрлэсэн анхан шатны шүүх дээр дурдсан хүндэтгэн үзэх нөхцөл байдлуудыг харгалзан үзэж, өөрийн эрх хэмжээний хүрээнд алдангийн хэмжээг багасгах боломжтой байхад анхаарч үзээгүй.

Иймд энэхүү гомдлыг зохих журмын дагуу хянан шийдвэрлэж шийдвэр, магадлалд зохих өөрчлөлт оруулж, алдангийн хэмжээг багасгаж, иргэн Мы өмчлөх эрхийн ... газар, М, Г нарын өмчлөх эрхийн ... үл хөдлөх эд хөрөнгийг дуудлагын худалдаанд оруулахыг даалгасан хэсгийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

5. Улсын дээд шүүхийн иргэний хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаанаар хариуцагчийн төлөөлөгч Е, хариуцагч З нарын гаргасан гомдлыг хэлэлцээд хоёр шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн гэх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1, 172.2.2-т заасан үндэслэлээр хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр 2023.07.04-ний өдрийн 001/ШХТ2023/00824 дүгээр тогтоолыг гаргажээ.

ХЯНАВАЛ:

6. Хяналтын журмаар гаргасан хариуцагч талын гомдлын заримыг хангаж, давж заалдах шатны шүүхийн магадлалд өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

7. Нэхэмжлэгч Жар хариуцагч “А” хоршоо, З нарт холбогдуулан зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, зээлийн төлбөрт 179,923,977.74 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцааны хөрөнгөөр хангуулахаар нэхэмжлэл гаргасан бөгөөд нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ: “...зээлдэгч “А” хоршоо, хамтран үүрэг гүйцэтгэгч З нар нь Ж-аас 2018.05.31-ний өдөр 88/2018/3-29 тоот зээл болон 88/2018/Б-29 тоот барьцааны гэрээ байгуулан 200,000,000 төгрөгийг 60 сарын хугацаатай, жилийн 3%-ийн хүүтэй Мал нядалгааны газар байгуулах төслийн зориулалтаар зээлсэн, үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгийг барьцаалж, барьцааны гэрээ байгуулсан. Зээлдэгч нь зээл авснаас хойш зээлийн төлбөрийг төлөөгүй, гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн, зээлийн төлбөрөө төлөхийг удаа дараа сануулсан боловч зээлээ төлөхөөс зайлсхийж байгаа тул гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 126,859,926.58 төгрөг, зээлийн хүү 922,491.13 төгрөг, алданги 52,109,060.03 төгрөг, нотариатын зардал 32,500 төгрөг, нийт 179,923,977.74 төгрөг гаргуулах, зээлийн төлбөрийг мөнгөн дүнгээр барагдуулаагүй тохиолдолд барьцаа болон бусад хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлага гаргаж байна...” гэж тайлбарласан,

Хариуцагч “А” хоршоо: “...2019 онд үүссэн Ковид-19 цар тахлын улмаас манай компанийн үйл ажиллагаа зогсонги байдалд орж зээлийн үндсэн төлбөр, хүүгийн төлбөрийг хугацаанд нь төлж чадаагүй. Нэгэнт гэрээний хугацаа дуусаагүй учир нэг талын санаачилгаар гэрээг цуцлах боломжгүй тул зээлийн гэрээний зохицуулалтын хүрээнд талууд хоорондоо эвлэрч, эвлэрлийн гэрээ байгуулж, гэрээний хугацааг сунгаж, эргэн төлөлтийн хуваарьт өөрчлөлт оруулах саналтай байна...” гэж,

Хариуцагч З: “...гэрээний хугацаа дуусаагүй учир нэг талын санаачилгаар гэрээг цуцлах боломжгүй. Нэхэмжлэгч талтай эвлэрч, эвлэрлийн гэрээ байгуулж, гэрээний хугацааг сунгаж, эргэн төлөлтийн хуваарьт өөрчлөлт оруулах замаар үндсэн төлбөр, хүүгийн төлбөрийг төлж барагдуулах саналтай байна...” гэж тус тус маргажээ.

8. Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хангахдаа “...зохигчийн хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д заасан Банк зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээ байгуулагдсан, зээлдэгч нь зээлийн хөрөнгийг хүлээн авсан боловч эргэн төлөх хуваарийн дагуу зээл буцаан төлөх үүргээ зохих ёсоор биелүүлээгүй тул нэхэмжлэлийг хангана, ...зээлийн гэрээнд хамтран зээлдэгчийн үүрэг, хүлээх хариуцлага, журам нөхцөлийг тодорхой заагаагүй ба зээлийг “А” хоршооны дансанд шилжүүлсэн, зээлийн зориулалт, гэрээний гүйцэтгэлийг үндэслэн зээлийн төлбөрийг үндсэн зээлдэгчээс гаргуулах нь зүйтэй,  ...барьцааны гэрээ хуульд заасан шаардлага хангасан, зээлдэгч нь зээлээ төлж чадаагүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг барьцааны хөрөнгийг дуудлага худалдаанд оруулж төлбөрийг барагдуулах үндэслэлтэй...” гэж дүгнэсэн бол,

давж заалдах шатны шүүхээс хэргийг хянаад: “...зохигчийн хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн байхад анхан шатны шүүх эрх зүйн харилцааны төрлийг буруу тодорхойлсон, түүнчлэн нэхэмжлэгч нь Зт холбогдуулан нэхэмжлэлийн шаардлага гаргасан байхад түүнд холбогдох шаардлагыг шийдвэрлэлгүй орхигдуулсан нь нэхэмжлэгчийн эрхийг зөрчсөн байна...” гэсэн дүгнэлт хийж, шийдвэрт хууль хэрэглээний болон хариуцагч Зээр үүргийн гүйцэтгэлийг хамтран хариуцуулахаар өөрчлөлт оруулжээ.

9. Дээр дурдсанчлан хоёр шатны шүүх зохигчийн хооронд үүссэн эрх зүйн харилцаа, хамтран үүрэг гүйцэтгэгчийн талаар өөр өөр дүгнэлт хийсэн, зээлийн гэрээний хариуцлагыг зөрүүтэй хуваарилж, зээлийн тооцооллын талаарх нотлох баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлээгүй, зөрүүтэй шийдвэр гаргасан байх тул хариуцагч талын гаргасан гомдлын хүрээнд хэргийг хянаж, анхан шатны шүүхийн алдааг залруулсан давж заалдах шатны шүүхийн магадлалд зохих өөрчлөлт оруулав.

10. Монгол Улсын Засгийн газрын 2020 оны Агентлаг байгуулах тухай 49 дүгээр тогтоол, ХХААХҮ-ийн Сайдын 2020 оны Ажлын хэсэг байгуулах тухай А-273 дугаар тушаалаар Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн ажлын албыг татан буулгаж, чиг үүргийг Ж-арт шилжүүлсэн байна.

Иймд Жар нь Ж-аас зээлдэгч “А” хоршоотой байгуулсан 88/2018/3-29 дугаартай Зээлийн гэрээний Зээлдүүлэгчийн эрхийг эдэлж, үүргийг хүлээх бөгөөд энэ үндэслэлээр гэрээний үүргээ биелүүлэхийг зээлдэгчээс шаардах, шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй.

11. Хэрэгт цугларсан баримтаар хариуцагч “А” хоршоо Мал нядалгааны газар байгуулах төсөл хэрэгжүүлэх зорилгоор 2018.05.31-ний өдөр Ж-тай 88/2018/3-29 дугаартай Зээлийн гэрээ байгуулж, 200,000,000 төгрөгийг жилийн 3 хувийн хүүтэй, 60 сарын хугацаатай зээлэх, зээлийг зориулалтын дагуу зарцуулж, эргэн төлөх хуваарийн дагуу төлж барагдуулах үүрэг хүлээсэн ба гэрээнд хамтран үүрэг гүйцэтгэгчээр З гарын үсэг зурсан байна.

12. Түүнчлэн үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор З, М нарын өмчлөлийн ... үл хөдлөх эд хөрөнгө, М, Г нарын өмчлөлийн ... үл хөдлөх эд хөрөнгө, ... газар, З-ийн эзэмших эрхийн ... газрыг тус тус барьцаалж барьцааны гэрээ тус тус байгуулжээ.

13. Зээлийн гэрээний дагуу зээлдүүлэгч Ж зээлийн хөрөнгө 200,000,000 төгрөгийг зээлдэгчид шилжүүлсэн, зээлдэгч төслийн зээлийг зориулалтын дагуу хэрэгжүүлж махны зоорь /хөлдөөгч/, энгийн нядалгааны газар байгуулж, 2021.08.11-ний өдөр 244 м.кв талбайтай үйлдвэрлэл, агуулахын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг улсын бүртгэлд бүртгүүлж, өмчлөх эрхийн гэрчилгээ авсан, үйл ажиллагаа явуулж байгаа, гэрээний хугацаанд нийт 86,130,000 төгрөгийг төлсөн, зээлийн төлбөрийг эргэн төлөх хуваарийн дагуу төлөх гэрээний үүргээ зөрчсөн үйл баримт тогтоогджээ.

14. Анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д заасан банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээ байгуулагдсан гэж үзсэн нь буруу, нэхэмжлэгчийн эрх зүйн байдлыг зөв тодорхойлж чадаагүй, түүнчлэн хамтран хариуцагчийн талаар үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй, хамтран хариуцагч З-т холбогдох шаардлагыг шийдвэрлэлгүй орхигдуулсан, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй алдаа гаргасан байх тул шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан шаардлагад нийцээгүй байна.

15. Зохигчийн хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасан зээлийн гэрээ байгуулагдсан, гэрээ хуулийн шаардлага хангасан, хүчин төгөлдөр хэлцэл болох талаарх давж заалдах шатны шүүхийн дүгнэлт нь үйл баримт, талуудын эрх зүйн байдал, гэрээний харилцаанд нийцжээ.

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасан зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ.

Зээлдүүлэгч Ж гэрээний үүргээ биелүүлж зээлийн хөрөнгийг зээлдэгч “А” хоршоонд шилжүүлсэн тул тэрээр гэрээний үүргийг шаардах эрхтэй, зээлдэгч гэрээгээр хүлээсэн үүргээ гүйцэтгэж, эргэн төлөх хуваарийн дагуу зээлийн хөрөнгийг хүүгийн хамт буцаан төлөх үүрэгтэй байна.

16. Иргэний хуулийн 208 дугаар зүйлийн 208.1-д үүргийг хууль буюу гэрээнд заасан хугацаанд гүйцэтгэнэ, 221 дүгээр зүйлийн 221.1-д хүндэтгэн үзэх үндэслэл байвал урт хугацаатай гэрээний талууд гэрээ дуусгавар болох хугацааг харгалзахгүйгээр гэрээнээс татгалзаж болно, 221.3-т гэрээний үүргийг зөрчсөн нь түүнийг цуцлах үндэслэл болж байвал зөвхөн энэ хуулийн 219.3, 225.2-т заасан зөрчлийг арилгах буюу урьдчилан сануулах хугацаанд гэрээг цуцалж болно гэж, зохигчийн хооронд байгуулсан Зээлийн гэрээний 9.3-т хэрэв зээлдэгч энэ гэрээг санаатай болон болгоомжгүйгээр зөрчвөл зээлдүүлэгч гэрээг дангаар цуцлах эрхтэй гэжээ.

Талуудын хооронд урт хугацаатай буюу 5 жил /гэрээнд бичигдснээр 60 сар/-ийн хугацаатай гэрээ байгуулагдсан боловч хариуцагч А хоршоо зээлийг эргэн төлөх хуваарийг зөрчсөн, зээлийг төлөх үүргээ биелүүлээгүй бөгөөд түүнд гэрээний үүргээ биелүүлэхийг удаа дараа мэдэгдэж, сануулж, шаардаж, байсан болох нь баримтаар нотлогдсон тул нэхэмжлэгч гэрээг цуцалж, гэрээний үүргийг шаардсан нь гэрээ болон хуулийн дээрх зохицуулалтыг зөрчөөгүй байна.

17. Үүрэг гүйцэтгэгчдийн хэн хэн нь үүргийн гүйцэтгэлийг үүрэг гүйцэтгүүлэгчид бүхэлд нь хэсэгчлэн хүлээлгэн өгөх, үүрэг гүйцэтгүүлэгч нь үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн үүрэг гүйцэтгэгч тус бүрээс шаардах эрх бүхий байвал хамтран үүрэг гүйцэтгэгчид гэнэ гэж Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1-д зохицуулсан бөгөөд нэхэмжлэгч нь зээлдэгч “А” хоршоо, хамтран үүрэг гүйцэтгэгч З нараас үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь шаардсан тул хариуцагч нараар хамтад нь үүргийг хариуцуулахаар шийдвэрлэж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулсан давж заалдах шатны шүүхийн дүгнэлт зөв, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлаж хэрэглэсэн байна.

18. Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.1-д зээлийн гэрээгээр талууд хэлэлцэн тохиролцож хүү тогтоож болно, 282.3-т ...хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийнэ. Энэ шаардлагыг хангаагүй бол хүү авах эрхээ алдана гэж, 232 дугаар зүйлийн 232.1-д хүлээсэн үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тал нь хууль болон гэрээнд зааснаар нөгөө талдаа төлөх ёстой мөнгөн төлбөрийг анз гэнэ, 232.3-т ...анзын гэрээг бичгээр хийнэ, 232.4-т анз нь торгууль, алданги гэсэн төрөлтэй, 232.6-д хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиас хэтрээгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ гэж тус тус зохицуулсан.

Талууд гэрээг бичгээр байгуулсан, гэрээний 1.3-т зээлийн хүүг, 9.1-д алдангийн талаар харилцан тохиролцсон тул нэхэмжлэгч нь хариуцагчаас гэрээний үүрэгт зээлийн хүү, алданги шаардах эрхтэй.

19. Нэхэмжлэгч үндсэн зээлийн үлдэгдэл 126,859,926.58 төгрөг, зээлийн хүүд 922,491.13 төгрөг, зээлийн алдангид 52,109,060.03 төгрөг, нийт 179,891,477.74 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилснийг хоёр шатны шүүх хангаж шийдвэрлэхдээ нотлох баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлээгүй байна.

Өөрөөр хэлбэл, хариуцагч нь үндсэн зээлийн үлдэгдэл төлбөр болон зээлийн хүүгийн тооцооллын талаар маргаагүй, харин “...алдангийн тооцоолол тодорхой бус, алдангийг тооцсон талаар тодорхой дурдаагүй...” гэж маргасан, нэхэмжлэгч нь алдангийн тооцооллын талаар үндэслэл бүхий тайлбар хэлж, мэтгэлцээгүй байхад шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн нь учир дутагдалтай болжээ.

19.1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т хэргийн оролцогч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй, 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т зааснаар шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ.

Хуулийн дээрх зохицуулалтаар нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага, үндэслэл тайлбараа нотлох  үүрэгтэй.

Нэхэмжлэгч нь алдангид 52,109,060.03 төгрөгийг нэхэмжлэхдээ Зээл төлөлтийн дэлгэрэнгүй хуулга, Зээлийн хөшүүргийн тооцоог үндэслэл болгосон байна.

Хэргийн 46-47 дугаар талд авагдсан Зээл төлөлтийн дэлгэрэнгүй хуулга баримтаар 2022.11.01-ний байдлаар алдангийн үлдэгдэл төлбөрийг 14,006,638.59 төгрөг гэж тооцоо нийлсэн, хэргийн 48 дугаар талд авагдсан Зээлийн хөшүүргийн тооцоо хүснэгтэд алдангийн зөрчил эхэлсэн хугацааг 2020.01.01, дууссан хугацааг 2022.11.18-ны өдрийг хүртэл гэж, зөрчил үүссэн хоногийг 1376 хоног, тооцоологдсон дүн 38,102,421.44 төгрөг гэсэн байх ба дээрх хоёр төлбөрийн дүнг нэгтгэн /14,006,638.59+38,102,421.44/ нийт 52,109,060.03 төгрөгийг нэхэмжилсэн байна.

Зээлийн хөшүүргийн тооцоо хүснэгтэд бичигдсэн алдангид зөрчил тооцсон хугацаа нь Зээл төлөлтийн дэлгэрэнгүй хуулгын баримтын хугацаатай давхацсан, түүнчлэн зөрчил үүсгэсэн 1376 хоног нь зөрчил тооцсон хоногоос зөрүүтэй байх ба нэхэмжлэгч алдангийн тооцооллын үндэслэлээ тайлбарлаагүй, хэрхэн тооцсон нь тодорхой бус байна.

Иймд Зээл төлөлтийн дэлгэрэнгүй хуулгаар тооцоологдсон 14,006,638.59 төгрөгийн хэмжээнд алдангийг тооцож, хариуцагч нараас үндсэн зээл 126,859,926.58 төгрөг, зээлийн хүүд 922,491.13 төгрөг, алдангид 14,006,638.59 төгрөг, зээлийн төлбөрт нийт 141,789,056.3 төгрөг, нотариатын зардал 32,500 төгрөгийн хамт нийт 141,821,556.3 төгрөгийг гаргуулан нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 38,102,424.44 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, энэ талаар гаргасан хариуцагч нарын хяналтын журмаар гаргасан гомдлын заримыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж хяналтын шатны шүүхээс дүгнэв.

20. Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1-д үүрэг гүйцэтгэгч хүлээсэн үүргээ зөрчсөн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч учирсан хохирлоо арилгуулахаар шаардах эрхтэй гэж зохицуулсан.

Нэхэмжлэгч нь хариуцагчийг гэрээний үүргээ зөрчсөн үндэслэлээр шүүхэд нэхэмжлэл гаргахдаа холбогдох бичиг баримтыг нотариатаар гэрчлүүлэхэд гаргасан зардалд 32,500 төгрөгийг нэхэмжилсэн нь хуулийн дээрх зохицуулалтад хамаарч байх тул нэхэмжлэлийн энэ шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь зөв.

21. Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1-д зааснаар үүрэг гүйцэтгэгч барьцаагаар хангагдсан үүргийг хууль буюу гэрээнд заасны дагуу гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй бол барьцаалагч буюу үүрэг гүйцэтгүүлэгч нь бусад үүрэг гүйцэтгүүлэгчдээс тэргүүн ээлжинд барьцааны зүйлийн үнээс шаардлагаа хангуулах эрхтэй, 156 дугаар зүйлийн 156.1, 156.2-т барьцааны гэрээг бичгээр байгуулна, үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээг улсын бүртгэлд бүртгүүлнэ гэж, 156.3-т ...энэ хуулийн 156.1, 156.2-т заасан шаардлагыг хангаагүй гэрээ хүчин төгөлдөр бус байна гэж тус тус зохицуулсан.

Зохигчийн хооронд байгуулсан Барьцааны гэрээ хуулийн дээрх зохицуулалтад нийцсэн, хүчин төгөлдөр хэлцэл болох талаарх хоёр шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй, улмаар хариуцагч нь зээлийн төлбөрийг төлөхгүй тохиолдолд барьцааны хөрөнгийн үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлага гаргасныг хангаж шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 174 дүгээр зүйлийн 174.1, 175 дугаар зүйлийн 175.1 дэх заалтад нийцжээ.

Иймд энэ талаар гаргасан хариуцагч нарын гомдлыг хангах үндэслэлгүй байна.

22. Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулсан давж заалдах шатны шүүхийн магадлалд өөрчлөлт оруулж, хяналтын журмаар гаргасан хариуцагч нарын гомдлын заримыг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 212/МА2023/00056 дугаар магадлалын Тогтоох хэсгийн 1 дэх заалтын “...Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэг, 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэг, 282 дугаар зүйлийн 282.1 дэх хэсэг, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэг, 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээг цуцалж, хариуцагч “А” хоршоо (захирал Е) болон хариуцагч З нараас үндсэн зээлийн төлбөрт 126,859,926.58 төгрөг, хүүгийн төлбөрт 922,491.13 төгрөг, алдангид 52,109,060.03 төгрөг, хохирол буюу нотариатын зардалд 32,500 төгрөг, нийт 179,923,977.74 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ж-арт олгосугай...” гэснийг “Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.6, 219 дүгээр зүйлийн 219.1-д зааснаар хариуцагч “А” хоршоо, З нараас 141,821,556.3 төгрөгийг гаргуулан Ж-арт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 38,102,421.44 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.” гэж, “...1,057,570 /нэг сая тавин долоон мянга таван зуун далан/ төгрөгийг...” гэснийг “...867,057.8 төгрөгийг...” гэж өөрчлөн, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээж, хяналтын журмаар гаргасан хариуцагчийн төлөөлөгч Е, хариуцагч З нарын гомдлын заримыг хангасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар хяналтын журмаар гомдол гаргахдаа хариуцагчийн төлөөлөгч Еаас 2023.06.06-ны өдөр улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 418,496 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

                            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     П.ЗОЛЗАЯА

                            ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                  Г.АЛТАНЧИМЭГ

                           ШҮҮГЧИД                                                      Н.БАЯРМАА

                                                                                                               Д.ЦОЛМОН

                                                                                         Х.ЭРДЭНЭСУВД