Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 05 сарын 05 өдөр

Дугаар 212/МА2023/00056

 

 

Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг

Жижиг, дунд үйлдвэрийн газрын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

            Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Д.Көбеш даргалж, Ерөнхий шүүгч С.Өмирбек, Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Туяа нарын бүрэлдэхүүнтэй хийж,   

 

тус аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мангилик даргалж шийдвэрлэсэн, 2023 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 130/ШШ2023/00173 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, Энхтайваны өргөн чөлөө 16а, Засгийн газрын IX байрт үйл ажиллагаа явуулдаг Жижиг, дунд үйлдвэрийн газар /дарга Я.Э, итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б/-ын нэхэмжлэлтэй, хариуцагч **** үйл ажиллагаа явуулдаг “А” хоршоо /захирал Д.Е/, тус аймгийн ***** оршин суух Х.З нарт холбогдох,

 

“2018 оны 5 дугаар сарын 31-ний өдөр байгуулсан 88/2018/З-29 тоот зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, хариуцагч нараас зээлийн төлбөрт 179,891,477.74 төгрөг, нотариатын үйлчилгээний төлбөр 32,500 төгрөг, нийт 179,923,977.74 төгрөг гаргуулах, зээлийн төлбөрийг мөнгөн хэлбэрээр барагдуулаагүй тохиолдолд нэхэмжлэлийн шаардлагыг зээлийн барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах” тухай иргэний хэргийг хариуцагч нарын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэж 2023 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр хүлээн авч Ерөнхий шүүгч С.Өмирбекийн илтгэснээр тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хянан хэлэлцэв.     

 

Шүүх хуралдаанд нарийн бичгийн даргаар Б.Арманбек, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б /цахим сүлжээгээр/, хамтран хариуцагч Х.З-, түүний өмгөөлөгч Х.Бакен нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэлийн үндэслэл:  

1.1. Монгол Улсын Засгийн газрын 2020 оны Агентлаг байгуулах тухай 49 дүгээр тогтоол, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын 2020 оны “Ажлын хэсэг байгуулах тухай” А-273 дугаар тушаалаар Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн ажлын албыг татан буулгаж, чиг үүргийг Жижиг, дунд үйлдвэрийн газарт шилжүүлсэн. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1, 30.2 дэх хэсэгт ... эрх залгамжлагчийн гаргасан хүсэлтээр эрх залгамжлан авбал зохих этгээдээр сольж болно. гэж зохицуулсан байдаг.

1.2. Иргэний хуулийн 24 дүгээр бүлгийн 281-285 дугаар зүйлүүд, Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн холбогдох зүйл, заалтууд, Жижиг, дунд үйлдвэрийн тухай хуулийн холбогдох зүйл заалтууд, Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас хөнгөлөлттэй зээл олгох, сонгон шалгаруулах, дамжуулан зээлдүүлэх, эргэн төлүүлэх, хяналт тавих журам, Жижиг, дунд үйлдвэрийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний тушаалаар баталсан зээл олгох салбар, чиглэл, хугацаа, хүү, эх үүсвэрийн хуваарилалт болон зээл олгоход шаардлагатай бусад нөхцөлийг тус тус үндэслэн зээлдэгч "А” хоршоог төлөөлөн гүйцэтгэх захирал Д.Е, хамтран үүрэг гүйцэтгэгч Х.З нар нь Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан (Цаашид Сан" гэх)-аас 2018 оны 5 дугаар сарын 31-ний өдөр 88/2018/3-29 тоот зээл болон 88/2018/Б-29 тоот барьцааны гэрээ байгуулан 200,000,000 /хоёр зуун сая/ төгрөгийг 60 сарын хугацаатай, жилийн 3 хувийн хүүтэй Мал нядалгааны газар байгуулах төслийн зориулалтаар зээлсэн бөгөөд зээлийн барьцаанд: Х.М-ны өмчлөх эрхийн Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 3 дугаар баг, Бөхөн уул хаягт байрлах улсын бүртгэлийн Г-********, ******** гэрчилгээний дугаартай ********нэгж талбарын дугаар бүхий гэр бүлийн хэрэгцээний зориулалттай 1659 м.кв газар, Х.З, Х.М нарын өмчлөх эрхийн Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 3 дугаар баг, Бөхөн уул, Шинэ зах 3 гудамж 318 тоот хаягт байрлах улсын бүртгэлийн Ү-********, ******** гэрчилгээний дугаар бүхий амины орон сууцны зориулалттай 171 м.кв үл хөдлөх хөрөнгө, Х.М, Х.Г нарын өмчлөх эрхийн Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 3 дугаар баг, Бөхөн уул А.Самбуу-19 гудамж 1907 тоот хаягт байрлах улсын бүртгэлийн Ү-********, ******** гэрчилгээний дугаар бүхий хувийн сууцны зориулалттай 247,18 м.кв үл хөдлөх хөрөнгө, Х.З-ийн эзэмших эрхийн Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 3 дугаар багт байрлах улсын бүртгэлийн ******** гэрчилгээний дугаартай ******** нэгж талбарын дугаар бүхий гэр бүлийн хэрэгцээний зориулалттай 450 м.кв газрыг тус тус барьцаалуулсан.

1.3. Монгол Улсын Засгийн Газрын тогтоолын дагуу дэлхий нийтийг хамаарсан Ковид-19 өвчний нөхцөл байдалтай холбоотой Засгийн газрын тогтоол, бусад шийдвэр, журмууд гарсан. 2020 оны 373 дугаартай тушаалаар Хөдөө аж ахуйн яамнаас чиглэл өгсний дагуу аж ахуйн нэгж байгууллагуудаас хүсэлт ирүүлсэн тохиолдолд зээлдэгчийн эргэн төлөлтийн хуваарийг 6 сарын хугацаагаар хойшлуулна гэж заасан. Харин “А” хоршоо нь зээл авсан цагаас хойш зөрчил үүсгэсэн ба зээл хойшлуулж өгөх тухай хүсэлт ирүүлээгүй тул зээлийн эргэн төлөлтийн хуваарь өөрчлөгдөөгүй болно.

1.4. Зээлдэгч нь зээл авснаас хойш зээлийн төлбөрийг төлөөгүй, зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн, зээлийн төлбөрөө төлөхийг удаа дараа сануулсан боловч зээлээ төлөхөөс зайлсхийж байгаа тул 2018 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн 88/2018/3-29 тоот зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцлах, 2022 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн байдлаар тасалбар болгон үндсэн зээлийн төлбөрт 126,859,926.58 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 922,491.13 төгрөг, зээлийн алдангийн төлбөрт 52,109,060.03 төгрөг, нотариатын зардал 32,500.00 төгрөг, нийт 179,923,977.74 төгрөгийг гаргуулах, зээлийн төлбөрийг мөнгөн дүнгээр барагдуулаагүй тохиолдолд зээлийн барьцаа хөрөнгөөр болон бусад хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах нэхэмжлэлийн шаардлагуудыг тус тус шүүхэд гаргаж байна. 

 

2. Хариуцагч “А” хоршооны захирал Д.Е-ны хариу тайлбар, татгалзал:

2.1. “А” хоршоо нь 2018 онд хамтран Жижиг, дунд үйлдвэрийн газарт мал нядалгааны газар, махны зоорь \хөлдөөгч\ байгуулах төсөл бичсэн. Улмаар уг төсөл дэмжигдэж 200,000,000 төгрөгийн зээл олгохоор шийдвэрлэгдсэн. “А” хоршоо төслийн зээлийг зориулалтын дагуу хэрэгжүүлж махны зоорь, энгийн нядалгааны газар байгуулж үйл ажиллагаа явуулж байгаа ба 244 м.кв талбайтай, үйлдвэрлэл, агуулахын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг 2021 оны 8 дугаар сарын 11-ний өдөр үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Ү-********-д бүртгүүлж гэрчилгээ авсан.

2.2. Зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу 2018 оны 6 дугаар сарын 12-ны өдрөөс 2019 оны 5 дугаар сарын 20-ны өдөр хүртэл сар тутам зөвхөн зээлийн хүүг, 2019 оны 6 дугаар сарын 20-ны өдөр хүртэл сар тутам үндсэн зээл, хүүгийн төлбөрт 4,426,900 төгрөг төлөх ёстой. Зээл авснаас хойш 2019 оны 5 дугаар сарын 16-ны өдөр 1,300,000 төгрөг, 2020 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр 15,000,000 төгрөг, 2021 оны 6 дугаар сарын 30-ны өдөр 30,000,000 төгрөг, 2022 оны 3 дугаар сарын 02-ны өдөр 40,000,000 төгрөг, бүгд 86,130,000 төгрөг төлсөн.

 

2.3. 2019 онд үүссэн КОВИД-19 цар тахлын улмаас үйл ажиллагаа зогсонги байдалд орж зээлийн үндсэн төлбөр, хүүгийн төлбөрийг хугацаанд нь төлж чадаагүй ба энэ тухай холбогдох байгууллагад утсаар болон албан тоотоор мэдэгдэж байсан ба талуудын хооронд байгуулсан гэрээний хугацаа 2023 оны 5 дугаар сарын 20-ны өдөр дуусах ёстой. Нэгэнт гэрээний хугацаа дуусаагүй учир нэг талын санаачилгаар гэрээг цуцлах боломжгүй.

2.4. Харин нэхэмжлэгч талтай эвлэрч, эвлэрлийн гэрээ байгуулж, гэрээний хугацааг сунгаж, эргэн төлөлтийн хуваарьт өөрчлөлт оруулах замаар үндсэн төлбөр, хүүгийн төлбөрийг төлж барагдуулах саналтай байна. Талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээний 4.2.9-д Зээлийн гэрээний нөхцөл өөрчлөх, зээлийн хугацаа сунгах, зээлийн эргэн төлөлтийн хуваарьт нэмэлт өөрчлөлт оруулах зэргээр 1/нэг/ удаа өөрчилж болох бөгөөд энэ тохиолдолд зээлдүүлэгч Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас бичгээр зөвшөөрөл авна... гэж тодорхой зааж өгсөн.

2.5. Иймд гэрээний дээрх зохицуулалтын хүрээнд хоорондоо эвлэрч, эвлэрлийн гэрээ байгуулж, гэрээний хугацаа сунгаж, эргэн төлөлтийн хуваарьт өөрчлөлт оруулах саналыг нэхэмжлэгч талд тавьж байна.

 

3. Хамтран хариуцагч Х.З-ийн хариу тайлбар, татгалзал:

3.1. Миний бие Цэнгэл сумын төвд үйл ажиллагаа явуулдаг “А” хоршооны гишүүн бөгөөд уг хоршооны гишүүд 2018 онд хамтран Жижиг, дунд үйлдвэрийн газарт мал нядалгааны газар, махны зоорь \хөлдөөгч\ байгуулах төсөл бичсэн. Улмаар уг төсөл дэмжигдэж 200,000,000 төгрөгийн зээл олгохоор шийдвэрлэгдсэн. Тухайн зээлийг авахад миний бие хамтран үүрэг гүйцэтгэгчээр оролцож гарын үсэг зурсан. Төслийн зээлийн барьцаанд хоршооны гишүүн Х.З-, Х.М нарын Өлгий сумын 3 дугаар багт байрлах амины орон сууцыг барьцаанд тавьсан нь үнэн.

3.2. “А” хоршоо төслийн зээлийг зориулалтын дагуу хэрэгжүүлж махны зоорь, энгийн нядалгааны газар байгуулж үйл ажиллагаа явуулж байгаа ба 244 м.кв талбайтай, үйлдвэрлэл, агуулахын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг 2021 оны 8 дугаар сарын 11-ний өдөр үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Ү-********-д бүртгүүлж гэрчилгээ авсан байдаг.

3.3. Зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу 2018 оны 6 дугаар сарын 12-ны өдрөөс 2019 оны 5 дугаар сарын 20-ны өдөр хүртэл сар тутам зөвхөн зээлийн хүүг, 2019 оны 6 дугаар сарын 20-ны өдөр хүртэл сар тутам үндсэн зээл, хүүгийн төлбөрт 4,426,900 төгрөг төлөх ёстой. Зээл авснаас хойш 2019 оны 5 дугаар сарын 16-ны өдөр 1,300,000 төгрөг, 2020 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр 15,000,000 төгрөг, 2021 оны 6 дугаар сарын 30-ны өдөр 30,000,000 төгрөг, 2022 оны 3 дугаар сарын 02-ны өдөр 40,000,000 төгрөг, бүгд 86,130,000 төгрөг төлсөн.

3.4. 2019 онд үүссэн ковид-19 цар тахлын улмаас үйл ажиллагаа зогсонги байдалд орж зээлийн үндсэн төлбөр, хүүгийн төлбөрийг хугацаанд төлж чадаагүй ба энэ тухай холбогдох байгууллагад утсаар болон албан тоотоор мэдэгдэж байсан ба талуудын хооронд байгуулсан гэрээний хугацаа 2023 оны 5 дугаар сарын 20-ны өдөр дуусах ёстой. Нэгэнт гэрээний хугацаа дуусаагүй учир нэг талын санаачилгаар гэрээг цуцлах боломжгүй.

3.5. Харин нэхэмжлэгч талтай эвлэрч, эвлэрлийн гэрээ байгуулж, гэрээний хугацаа сунгаж, эргэн төлөлтийн хуваарьт өөрчлөлт оруулах замаар үндсэн төлбөр, хүүгийн төлбөрийг төлж барагдуулах саналтай байна. Талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээний 4.2.9-д Зээлийн гэрээний нөхцөл өөрчлөх, зээлийн хугацаа сунгах, зээлийн эргэн төлөлтийн хуваарьт нэмэлт өөрчлөлт оруулах зэргээр 1/нэг/ удаа өөрчилж болох бөгөөд энэ тохиолдолд зээлдүүлэгч Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас бичгээр зөвшөөрөл авна... гэж тодорхой зааж өгсөн.

3.6. Иймд гэрээний дээрх зохицуулалтын хүрээнд хоорондоо эвлэрч, эвлэрлийн гэрээ байгуулж, гэрээний хугацаа сунгаж, эргэн төлөлтийн хуваарьт өөрчлөлт оруулах саналыг нэхэмжлэгч талд тавьж байна.

 

4. Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 130/ШШ2023/00173 дугаар шийдвэрээр:

4.1.Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1, 451 дүгээр зүйлийн 451.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Жижиг, дунд үйлдвэрийн газар болон хариуцагч “А” хоршооны хооронд 2018 оны 5 дугаар сарын 31-ний өдөр байгуулсан 88/2018/З-29 тоот зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, хариуцагч “А” хоршоо (захирал Д.Е)-ноос зээлийн төлбөрт 179,891,477.74 (нэг зуун далан есөн сая найман зуун ерэн нэгэн мянга дөрвөн зуун далан долоон төгрөг, далан дөрвөн мөнгө) төгрөг, нотариатын үйлчилгээний төлбөр 32,500 (гучин хоёр мянга таван зуун) төгрөг, нийтдээ 179,923,977.74 (нэг зуун далан есөн сая есөн зуун хорин гурван мянга есөн зуун далан долоон төгрөг, далан дөрвөн мөнгө) төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Жижиг, дунд үйлдвэрийн газарт олгож,

4.2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь зааснаар нэхэмжлэгч Жижиг дунд үйлдвэрийн газар нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д заасныг тус тус баримтлан хариуцагч “А” хоршооноос улсын тэмдэгтийн хураамж 1057570 (нэг сая тавин долоон мянга таван зуун далан) төгрөгийг гаргуулан улсын орлого болгож,

4.3. Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар хариуцагч “А” хоршоо (захирал Д.Е) нь зээлээ төлж чадаагүй тохиолдолд Х.М-ны өмчлөх эрхийн Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 3 дугаар баг, Бөхөн уул хаягт байрлах улсын бүртгэлийн Г-********, ******** гэрчилгээний дугаартай ********нэгж талбарын дугаар бүхий гэр бүлийн хэрэгцээний зориулалттай 1659 м.кв газар, Х.З-, Х.М нарын өмчлөх эрхийн Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 3 дугаар баг, Бөхөн уул, Шинэ зах 3 гудамж 318 тоот хаягт байрлах улсын бүртгэлийн Ү-********, ******** гэрчилгээний дугаар бүхий амины орон сууцны зориулалттай 171 м.кв үл хөдлөх хөрөнгө, Х.М, Х.Г нарын өмчлөх эрхийн Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 3 дугаар баг, Бөхөн уул А.Самбуу-19 гудамж 1907 тоот хаягт байрлах улсын бүртгэлийн Ү-********, ******** гэрчилгээний дугаар бүхий хувийн сууцны зориулалттай 247,18 м.кв үл хөдлөх хөрөнгө, Х.З-ийн эзэмших эрхийн Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 3 дугаар багт байрлах улсын бүртгэлийн ******** гэрчилгээний дугаартай ******** нэгж талбарын дугаар бүхий гэр бүлийн хэрэгцээний зориулалттай 450 м.кв газрыг тус тус дуудлага худалдаанд оруулахыг Баян Өлгий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэжээ. 

 

5. Хариуцагч нарын гаргасан давж заалдах гомдлын агуулга:

5.1. Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ 52,109,06003 төгрөгийн алданги нэхэмжилсэн боловч алдангийг хэрхэн тооцсон нь тодорхой бус байсан. Нэхэмжлэгч 2022 оны 11 дүгээр сарын 18-ны байдлаар нийт алдангийг 14,006,63859 төгрөгөөр тооцсон атлаа 2022 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн зээлийн хөшүүргийн тооцоо хүснэгтэд алдангийг тооцохдоо зөрчил үүссэн хоног-1376, тооцоолсон дүн-38,102,42144 гэж бичээд 11 дүгээр сарын 22-ны өдөр нэхэмжлэл гаргасан. Алдангийг хэрхэн тооцсон талаар нэхэмжлэлд болон шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан тайлбарт тодорхой дурдаагүй байхад шууд энэ асуудлыг тодруулахгүйгээр дээрх хоёр хүснэгтийн нийлбэрээр 52,109,06003 төгрөгийн алданги гаргуулж олгохоор шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.

5.2. Манай хоршооны зээл, түүний хүүг хугацаанд нь төлж чадаагүй нь тодорхой хүндэтгэн үзэх шалтгаантай байсан. Улс орон, дэлхий дахинд Ковид-19 өвчин гарч тархац нэмэгдсэнтэй холбоотойгоор Засгийн газрын 2020 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 62 дугаар тогтоолоор улс орны хэмжээнд өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлж, хуулийн этгээдийг ажлын тусгай горимд шилжүүлж, хөл хорио тогтоосон ба энэ ажиллагаа бараг 2 жил гаруйн хугацаанд үйлчилсэн. Үүнтэй холбоотойгоор хоршооны орлого тасалдаж үйл ажиллагаа явуулах боломжгүй болж, гэрээний үүргээ зөрчих нөхцөл байдал үүссэн. Энэ ажиллагааны хүрээнд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын 2020 оны “Зээл төлөх хуваарьт өөрчлөлт оруулах тухай” А-373 дугаар тушаал гарсан боловч манай хоршооны гаргасан хүсэлтийг хүлээж аваагүй, тухайн тушаалын үйлчлэлд хамруулаагүй.

Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.8-д анзын хэмжээ их байвал хэргийн нөхцөл байдлыг харгалзан шүүх түүнийг багасгаж болно гэж хуульчилсан. Хэргийг хянан шийдвэрлэсэн анхан шатны шүүх дээр дурдсан хүндэтгэн үзэх нөхцөл байдлуудыг харгалзан үзэж, өөрийн эрх хэмжээний хүрээнд алдангийн хэмжээг багасгах боломжтой байхад анхаарч үзээгүй.

 

5.3. Иргэн Х.М-ны өмчлөх эрхийн Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 3 дугаар баг, “Бөхөн-уул” хаягт байрлах улсын бүртгэлийн Г-********, ******** дугаарын гэрчилгээтэй, ********нэгж талбарын дугаартай 1659 м.кв газар, Х.М, Х.Г нарын өмчлөх эрхийн Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 3 дугаар баг, “Бөхөн-Уул” А.амбуу-19 гудамж, 1907 тоот хаягт байрлах улсын бүртгэлийн Ү-********, ******** гэрчилгээний дугаар бүхий хувийн сууцны зориулалттай 247,18 и.кв үл хөдлөх эд хөрөнгийг зээлийн барьцаанд тавьсан нь үнэн. Гэхдээ эдгээр эд хөрөнгүүд дээрх хоёр хүний хувийн өмч бөгөөд түүнийг зээлийг төлж чадаагүй тохиолдолд дуудлага худалдаанд оруулахыг Баян-Өлгий аймгийн Шүүхийн шийдвэрт газарт даалгаж шийдвэрлэсэн нь Х.М, Х.Г нарын өмчлөх эрхэд шууд халдсан ажиллагаа болно. Энэ тохиолдолд анхан шатны шүүх Х.М, Х.Г нарыг хамтран хариуцагчаар татаж оролцуулж, эрх ашгаа хамгаалах нөхцөл бололцоо олгосны үндсэн дээр дуудлага худалдаанд оруулах эсэхийг шийдвэрлэх ёстой. Гэтэл энэ ажиллагааг огт хийгээгүйгээр хэргийг хянан шийдвэрлэснээр Х.М, Х.Г нарын хууль ёсны эрх ашиг зөрчигдөж байна.

5.4. Иймд энэхүү гомдлыг зохих журмын дагуу хянан шийдвэрлэж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, алдангийн хэмжээг багасгаж, иргэн Х.М-ны өмчлөх эрхийн Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 3 дугаар баг, “Бөхөн-уул” хаягт байрлах улсын бүртгэлийн Г-********, ******** дугаарын гэрчилгээтэй, ********нэгж талбарын дугаартай 1659 м.кв газар, Х.М, Х.Г нарын өмчлөх эрхийн Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 3 дугаар баг, “Бөхөн-Уул” А.амбуу-19 гудамж, 1907 тоот хаягт байрлах улсын бүртгэлийн Ү-********, ******** гэрчилгээний дугаар бүхий хувийн сууцны зориулалттай 247,18 и.кв үл хөдлөх эд хөрөнгийг дуудлагын худалдаанд оруулахыг даалгасан хэсгийг хүчингүй болгож өгнө үү.

 

6. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбарт:

6.1. Барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай шүүхийн шийдвэрийн хэсэгтэй хариуцагч талаас маргаж байгаа. Зээлийн барьцааны гэрээний 2.3, 2.6, 4.2.10, 5.1 дахь заалтуудад барьцаа хөрөнгийн талаар тодорхой тусгагдсан ба гэрээний уг заалтуудыг тайлбарлан өгсөн. Х.М, Х.Г нар итгэмжлэл олгохдоо итгэмжлэлийн агуулгыг ойлгож өөрийн хүсэл зоригоороо итгэмжлэл олгосноо илэрхийлсэн учраас энэ талаар гаргаж байгаа хариуцагч талын гомдол үндэслэлгүй гэж үзэж байна.

6.2. Алдангийн хэмжээг тооцохдоо хариуцагчийн 2019 онд гэрээний үүргийн зөрчил гаргасан 194 хоногт 2,825,584 төгрөг, 2020 онд гэрээний үүргийн зөрчил гаргасан 366 хоногт 9,679,920.74 төгрөг, 2021 онд гэрээний үүргийн зөрчил гаргасан 365 хоногт 21,988,137.30 төгрөг тус тус алдангид тооцсон ба 2022 онд гэрээний үүргийн зөрчил гаргасан 240 хоногт алданги тооцсон. Нийлбэр дүнгээр 1276 хоногийн үүргийн зөрчилд 52,109,060.03 төгрөгийн алданги тооцсон.

6.3. Хариуцагч талаас Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25.2.2, 38.1-т зааснаар өөрийн татгалзлаа нотлох баримтыг өөрөө цуглуулж, бүрдүүлж шүүхэд гаргаж өгөх ёстой байсан боловч алдангийг зөвшөөрөхгүй байгаа үндэслэх нотлох нотлох баримт гаргаж өгч чадаагүй. Иргэний хуулийн 13.1-т иргэний эрх зүйн харилцаанд оролцогч хууль буюу гэрээнд заасан эрх, үүргээ үнэнч шударгаар хэрэгжүүлнэ гэж заасан. Гэтэл шүүх алдангийг хэмжээг багасгахад үндэслэл болох Ковид-19 цар тахлын нөхцөл байдал зээл төлөхөд нөлөөлсөн талаар нотлох баримтыг хариуцагч талаас гаргаж өгч чадаагүй. Тиймээс анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй байна гэж үзэж байна.

 

ХЯНАВАЛ:

 

            7. Давж заалдах шатны шүүх Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Жижиг, дунд үйлдвэрийн газар /цаашид “ЖДҮГ” гэх/-ын нэхэмжлэлтэй, хариуцагч “А”  хоршоо болон хариуцагч Х.З- нарт холбогдох “зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, зээлийн төлбөр, хохирол гаргуулах”, “барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах” тухай шаардлагатай иргэний хэргийг хариуцагч нарын гаргасан давж заалдах гомдлоор Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар бүхэлд нь хянаж үзэхэд, анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны байх зарчмыг хангаагүй тул дараах үндэслэлээр өөрчлөлт оруулж, хариуцагч нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.

 

            8. Нэхэмжлэгч ЖДҮГ нь хариуцагч “А”  хоршоо болон хариуцагч Х.З- нарт холбогдуулж зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, үндсэн зээлийн төлбөрт 126.859.926.58 төгрөг, хүүгийн төлбөрт 922.491.13 төгрөг, алдангид 52.109.060.03 төгрөг, хохирол буюу нотариатын зардалд 32.500 төгрөг, нийт 179.923.977.74 төгрөг гаргуулахаар шаардаж үндэслэлээ “зээлдэгч нь зээлээ эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөөгүй, зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн, зээлийн эргэн төлөлтийг удаа дараа сануулсан боловч зээлээ төлөхөөс зайлсхийсэн” гэж тайлбарласан бол хариуцагч нар нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч “зээлийн гэрээний хугацаа дуусаагүй, гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах үндэслэл үүсээгүй, хугацааг сунгах санал гаргасан” зэргээр эс зөвшөөрч маргажээ.

 

            9. Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан болон “А” хоршоо, иргэн Х.З- нарын хооронд 2018 оны 5 дугаар сарын 31-ний өдөр 88/2018/3-29 дугаартай зээлийн гэрээ байгуулагдаж зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд 200.000.000 төгрөгийг жилийн 3 хувийн хүүтэй, 60 сарын хугацаатай “мал нядалгааны газар байгуулах” зориулалтаар бэлэн бусаар шилжүүлж, зээлдэгч нь зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу, үндсэн зээлийн төлбөрөөс эхний 12 сар чөлөөлөгдөн зээл, зээлийн хүүг төлөхөөр тус тус харилцан тохиролцжээ.

 

            10. Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн 49 дүгээр тогтоолоор Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын эрхлэх асуудлын хүрээнд Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг ЖДҮГ-ыг байгуулсан бөгөөд уг газар байгуулагдсантай холбогдуулан өмнө нь үйл ажиллагаа явуулж байсан Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн зээлийн үйл ажиллагаатай холбоотой мэдээлэл, хуримтлагдсан эх үүсвэр, өглөг, авлага зэргийг шинээр байгуулагдсан ЖДҮГ-т шилжүүлэх асуудлыг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдад даалгасан ба тус сайдын 2020 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн А-273 дугаар тушаалаар Засгийн газрын дээрх тогтоолын биелэлтийг хангаж Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангийн эд хөрөнгө, өр авлага, үйл ажиллагааг ЖДҮГ-т шилжүүлсэн нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн үндэслэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбараар тогтоогдсон байна.

 

            11. Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн 49 дүгээр тогтоол, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн 000205796 дугаар гэрчилгээ, зохигчийн тайлбар, талуудын хооронд байгуулагдсан зээлийн болон барьцааны гэрээ зэргээс үзвэл, анхан шатны шүүх нэхэмжлэгч ЖДҮГ-ын эрх зүйн статусыг “зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд” гэж буруу тогтоосноос Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан болон “А” хоршоо, иргэн Х.З- нарын хооронд 2018 оны 5 дугаар сарын 31-ний өдөр байгуулсан 88/2018/3-29 дугаартай зээлийн гэрээг Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан “Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээ” гэж талуудын хооронд үүссэн иргэний эрх зүйн харилцааны төрлийг буруу тодорхойлж, хууль хэрэглээний алдаа гаргажээ.

 

            12. Хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг үндэслэвэл талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээ байгуулагдсан, гэрээ хүчин төгөлдөр эсэх талаар талууд маргаагүй ба гэрээг бичгээр байгуулсан тул зээлдүүлэгч нь мөн хуулийн 282 дугаар зүйлийн 282.1, 282.3 дахь хэсэгт зааснаар зээлийн хүү болон мөн хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт зааснаар алданги шаардах эрхтэй байна.

 

            13. Дээрх хүчин төгөлдөр зээлийн гэрээний дагуу зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд 200.000.000 төгрөгийг бэлэн бусаар шилжүүлсэн, зээлдэгчээс зээлийн гэрээний үүрэг буюу үндсэн төлбөрт 73.140.073.42 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 12.989.926.58 төгрөг, алданги 3.941.417.31 төгрөг төлсөн, 2022 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн байдлаар үндсэн зээлийн төлбөрт 126.859.926.58 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 922.491.13 төгрөг төлөгдөөгүй, нэхэмжлэгчээс алдангид 52.109.060.03 төгрөг тооцон шаардсан нь зээлийн гэрээ болон түүний эргэн төлөлтийн хуваарь, зээлийн эргэн төлөлтийн дэлгэрэнгүй хуулга зэрэг нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн шаардлагаа нотлохоор гаргаж өгсөн нотлох баримтуудаар тогтоогдсон бөгөөд харин хариуцагч нар өөрсдийн татгалзлыг нотлох баримтаа шүүхэд гаргаж өгөөгүй, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагад дурдсан үндсэн зээлийн төлбөрийн үлдэгдэл, хүү, алдангийн хэмжээний талаар анхан шатны шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад болон шүүх хуралдаанд нотлох баримт гаргаж өгөх замаар мэтгэлцээгүй байна.

Энэ талаар анхан шатны шүүх талуудын мэтгэлцээний үндсэн дээр хэрэгт цугларсан нотлох баримтуудад тулгуурлан үндэслэлтэй зөв дүгнэлт хийсэн бөгөөд нэхэмжлэлийн үнийн дүн буюу тооцооллын талаар гаргасан хариуцагч нарын давж заалдах гомдлыг хэрэгт авагдсан нотлох баримтад тулгуурлаагүй тул хүлээж авах үндэслэлгүй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

            14. Хариуцагч нар Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1 дэх хэсэгт заасан үүргийг тогтоосон хугацаанд нь, зохих ёсоор гүйцэтгэх, мөн хуулийн 208 дугаар зүйлийн 208.1 дэх хэсэгт гэрээнд заасан хугацаанд гүйцэтгэх талаар зээлийн гэрээний эргэн төлөлтийн хуваарийн дагуу сар бүр зээл, зээлийн хүүг төлөхөөр хүлээсэн үүргээ зөрчсөн, зохих ёсоор биелүүлээгүй нь зээлийн эргэн төлөлтийн хуваарь болон ЖДҮГ-ын 2021 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн 1/274 дүгээр, 2021 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 1/856 дугаартай “Шаардлага хүргүүлэх тухай” албан бичгүүдээр тогтоогдсон. Иймээс нэхэмжлэгчийн талуудын хооронд байгуулагдсан гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах тухай шаардлага Иргэний хуулийн 221 дүгээр зүйлийн 221.3 дахь хэсэгт нийцсэн гэж үзнэ. Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт зааснаар хууль буюу гэрээнд заасны дагуу зээлдүүлэгч тал гэрээнээс татгалзсан тул талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь харилцан буцааж өгөх үүрэгтэй байдаг.

 

            15. Талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний 9.1-д зээлдэгч хугацаа хэтрүүлсэн тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,1 хувийн алданги төлөхөөр тохирсон нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт нийцсэн бөгөөд нэхэмжлэгч нь хариуцагч нараас алданги шаардах эрхтэй.

 

            16. Түүнчлэн нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн үнийн дүнд зээлийн үндсэн төлбөр, хүү, алдангиас гадна нотариатын зардал 32.500 төгрөгийг нэмж шаардсан бөгөөд анхан шатны шүүх нэхэмжлэгчийн уг шаардлагыг зээлдэгч нар зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөнөөс зээлдүүлэгчид учирсан хохиролд тооцож, Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч нараас гаргаж шийдвэрлэснийг буруутгах үндэслэлгүй юм.

 

            17. ЖДҮГ нь хариуцагч “А”  хоршоо болон хариуцагч Х.З- нарт холбогдуулан зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, үндсэн зээлийн төлбөрт 126.859.926.58 төгрөг, хүүгийн төлбөрт 922.491.13 төгрөг, алдангид 52.109.060.03 төгрөг, хохирол буюу нотариатын зардалд 32.500 төгрөг, нийт 179.923.977.74 төгрөг гаргуулахаар шаардсан, анхан шатны шүүх хариуцагч “А”  хоршооны хууль ёсны төлөөлөгч Д.Е болон хариуцагч Х.З- нарт тус тус нэхэмжлэлийн хувь гардуулах, хариу тайлбар авах зэргээр хариуцагч нарыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулсан атлаа шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн эхний болон 3 дахь заалтаар нэхэмжлэлийн үнийн дүнг зөвхөн “А”  хоршооноос гаргуулахаар шийдвэрлэж, нэхэмжлэгчийн хариуцагч Х.З-т холбогдох нэхэмжлэлийг шийдвэрлээгүй орхигдуулсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3 дахь хэсэгт заасан нэхэмжлэгчийн эрхийг зөрчсөнөөс гадна шүүхийн шийдвэр мөн хуулийн 115 дугаар зүйлийн 115.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангаагүй байна.

 

Тиймээс анхан шатны шүүхийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны уг зөрчлийг залруулж, мөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1 дэх заалтаар шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэг, 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэг, 282 дугаар зүйлийн 282.1 дэх хэсэг, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэг, 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээг цуцалж, хариуцагч “А”  хоршоо болон хариуцагч Х.З- нараас үндсэн зээлийн төлбөрт 126.859.926.58 төгрөг, хүүгийн төлбөрт 922.491.13 төгрөг, алдангид 52.109.060.03 төгрөг, хохирол буюу нотариатын зардалд 32.500 төгрөг, нийт 179.923.977.074 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ЖДҮГ-т олгож шийдвэрлэв.

 

            18. Талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээнд хариуцагч Х.З- нь хамтран үүрэг гүйцэтгэгчээр зээлийн гэрээний нэг тал болж оролцсон нь зээлийн гэрээний 1.1 дэх заалт буюу нийтлэг үндэслэлд тодорхой тусгагдсан, зээлдүүлэгчээс зээлийн гэрээний зүйл болох 200.000.000 төгрөгийг бүхэлд нь зээлдэгч нарт хүлээлгэн өгсөн, хамтран үүрэг гүйцэтгэгч Х.З- нь зээлийн гэрээний үүргийг хэсэгчлэн хүлээсэн талаарх тусгайлсан зохицуулалт гэрээнд байхгүй тул Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.11 дэх хэсэгт зааснаар хариуцагч “А”  хоршоо болон хариуцагч Х.З- нарын зээлийн гэрээгээр хүлээсэн үүргийг тэнцүү байна гэж үзнэ. Иймээс Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1 дэх хэсэгт зааснаар зээлдүүлэгч ЖДҮГ нь зээлдэгч “А”  хоршоо болон Х.З- нараас үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь шаардах эрхтэй.

 

            19. Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан болон “А”  хоршоо, Х.З- нарын хооронд 2018 оны 5 дугаар сарын 31-ний өдөр 88/2018/Б-29 дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ байгуулагдсан бөгөөд уг гэрээгээр дээрх зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийн баталгаа болгож (1) Х.З-, Х.М нарын өмчлөлийн, Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 3 дугаар багт байршилтай, Ү-******** улсын бүртгэлийн  дугаартай 171 м.кв талбайтай амины орон сууцны зориулалттай 2 давхар байшин, (2) Х.М, Х.Г нарын өмчлөлийн, Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 3 дугаар багт байршилтай Ү-******** улсын бүртгэлийн дугаартай 247.18 м.кв талбайтай хувийн сууцны зориулалттай 2 давхар байшин, (3) Х.Мы өмчлөлийн Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 3 дугаар багт байршилтай нэгж талбарын ********дугаартай, ******** дугаар гэрчилгээтэй 1659 м.кв газар, (4) Х.З-ийн Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 3 дугаар багт байршилтай нэгж талбарын ******** дугаар бүхий ******** дугаар гэрчилгээтэй 450 м.кв газар эзэмших эрхийг тус тус барьцаалсан байна.

 

            20. Тус барьцааны гэрээг байгуулах үед 2018 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн итгэмжлэлээр иргэн Х.М нь өөрийн эзэмшлийн газрыг, түүнчлэн 2018 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн итгэмжлэлээр Х.М болон Х.Г нар өөрсдийн өмчлөлийн дээрх үл хөдлөх /амины сууц/ хөрөнгийг “А” хоршооны захирал Д.Е-нд Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас авах 200.000.000 төгрөгийн зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар барьцаанд тавих, барьцаалбар үйлдэх, зээлтэй холбоотой бүхий л үйлдэлд төлөөлөх, барьцааны гэрээ байгуулах, уг гэрээнд гарын үсэг зурах, улсын бүртгэлийн байгууллагад бүртгүүлэх, чөлөөлөх зэрэг тухайн үл хөдлөх хөрөнгийг ЖДҮГ-аас авах зээлийн гэрээний үүргийг хангуулахаар барьцаалахтай холбоотой бүхий л үйлдлийг хийх бүрэн эрхийг олгосон. Энэ хүрээнд “А” хоршооны захирал Д.Е нь тэдгээрээс шилжүүлж авсан бүрэн эрхийн дагуу тухайн үл хөдлөх хөрөнгүүдээр зээлийн гэрээний үүргийн биелэлтийг хангуулахаар Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1 дэх хэсэгт зааснаар барьцааны гэрээ байгуулсан нь хүчин төгөлдөр тул мөн хуулийн 158 дугаар зүйлийн 158.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч ЖДҮГ-аас зээлийн гэрээгээр хүлээсэн хариуцагч нарын үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар барьцааны зүйлийг худалдах, бусад хэлбэрээр борлуулах замаар барьцаалагчийн шаардлага гаргах эрхтэй.

 

21. Хэрэгт Х.М, Х.Г нарын “А” хоршооны захирал Д.Е-нд  өөрсдийн газар эзэмших эрх болон үл хөдлөх хөрөнгийг захиран зарцуулах буюу барьцаалах талаар олгосон итгэмжлэл авагдсан, тэдгээр нь хуулийн хүчин төгөлдөр байх шаардлагаа алдсан гэх нөхцөл байдал тогтоогдоогүй учраас Х.М, Х.Г нарын эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдсөн буюу тэдгээрийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гуравдагч этгээдээр татан оролцуулаагүй гэх хариуцагч нарын гаргасан давж заалдах гомдол хууль зүйн үндэслэлгүй тул хүлээж авахгүй.

 

            22. Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн барьцаат хөрөнгөөр үүргийн биелэлтийг хангуулах тухай шаардлагыг хангаж, барьцааны зүйл болох үл хөдлөх хөрөнгүүдийг хэрвээ хариуцагч нар зээлийн гэрээний үүрэг, түүнээс улбаатай хохирлыг сайн дураараа төлөөгүй тохиолдолд худалдан борлуулахыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасан нь үндэслэлтэй боловч нэхэмжлэгч ЖДҮГ-ын хариуцагч буюу хамтран үүрэг гүйцэтгэгч Х.З-т холбогдуулан гаргасан үүнтэй холбоотой шаардлагыг шийдвэрлээгүй орхигдуулсан алдааг залруулж, Иргэний хуулийн 158 дугаар зүйлийн 158.1 дэх хэсэг, 174 дүгээр зүйлийн 174.1, 174.2 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч “А”  хоршоо болон Х.З- нар шүүхийн шийдвэрээр тогтоогдсон зээлийн төлбөр, хүү, алданги, хохирлыг төлөөгүй тохиолдолд талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар Х.З, Х.М нарын өмчлөлийн 171 м.кв талбайтай амины орон сууцны зориулалттай 2 давхар байшин, Х.М, Х.Г нарын өмчлөлийн 247.18 м.кв талбайтай хувийн сууцны зориулалттай 2 давхар байшин,  Х.Мы өмчлөлийн 1659 м.кв газар, Х.З-ийн 450 м.кв газар эзэмших эрхийг тус тус худалдан борлуулах замаар үүргийн биелэлтийг хангуулахаар анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт орууллаа.

 

            23. Хариуцагч нар анхан шатны шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон давж заалдах гомдлын үндэслэлдээ гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй шалтгааныг ковид-19 буюу коронавирусын цар тахалтай холбож тайлбарласан боловч дэлхий нийтийг хамарсан уг цар тахал нь хариуцагч нарын үйл ажиллагаанд хэрхэн нөлөөлснийг тодорхойлсон баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй тул энэ талаарх гомдлыг хүлээж авах хууль зүйн үндэслэлгүй. Учир нь иргэний хэргийн шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг мэтгэлцэх үндсэн дээр хэрэгжүүлэх ба нэхэмжлэгч өөрийн шаардлага ба үндэслэлийг нотлох, хариуцагч тухайн шаардлагыг үгүйсгэх нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх талуудын үүргийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйл, 25 дугаар зүйлийн 25.2.2 дахь заалт, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт хуульчилсан байна. Талуудад анхан шатны шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хэрэгжүүлэх эрх, үүргийн талаар хангалттай тайлбарлаж, энэ талаар баримтаар баталгаажуулжээ.

 

            Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний болон бусад асуудлаар зохих өөрчлөлтийг оруулан анхан шатны шүүхийн гаргасан алдааг залруулж, хариуцагч “А”  хоршоо болон Х.З- нарын хамтран гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2 дахь заалтыг удирдлага болгож,

 

ТОГТООХ нь:

 

1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 130/ШШ2023/00173 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэг, 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэг, 282 дугаар зүйлийн 282.1 дэх хэсэг, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэг, 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээг цуцалж, хариуцагч “А”  хоршоо (захирал Д.Е) болон хариуцагч Х.З- нараас үндсэн зээлийн төлбөрт 126,859,926.58 төгрөг, хүүгийн төлбөрт 922,491,13 төгрөг, алдангид 52,109,060.03 төгрөг, хохирол буюу нотариатын зардалд 32,500.00 төгрөг, нийт 179,923,977.74 (нэг зуун далан есөн сая, есөн зуун хорин гурван мянга, есөн зуун далан долоон төгрөг, далан дөрвөн мөнгө) төгрөг гаргуулан нэхэмжлэгч Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Жижиг, дунд үйлдвэрийн газарт олгосугай” гэж, 3 дахь заалтыг “Иргэний хуулийн 158 дугаар зүйлийн 158.1 дэх хэсэг, 174 дүгээр зүйлийн 174.1, 174.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн барьцаат хөрөнгөөр үүргийн биелэлтийг хангуулах тухай шаардлагыг бүхэлд нь хангаж, хариуцагч “А”  хоршоо (захирал Д.Е) болон Х.З- нар шүүхийн энэ шийдвэрээр тогтоогдсон зээлийн төлбөр, хүү, алданги, хохирол төлөх үүргээ сайн дураараа биелүүлээгүй тохиолдолд Х.З-, Х.М нарын өмчлөлийн Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 3 дугаар багт байршилтай, Ү-******** улсын бүртгэлийн дугаартай 171 м.кв талбайтай амины орон сууцны зориулалттай 2 давхар байшинг, Х.М, Х.Г нарын өмчлөлийн Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 3 дугаар багт байршилтай Ү-******** улсын бүртгэлийн дугаартай 247.18 м.кв талбайтай хувийн сууцны зориулалттай 2 давхар байшинг, Х.Мы Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 3 дугаар багт байршилтай нэгж талбарын ********дугаартай, ******** дугаар гэрчилгээтэй 1659 м.кв газар өмчлөх эрхийг, Х.З-ийн Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 3 дугаар багт байршилтай нэгж талбарын ******** дугаар бүхий ******** дугаар гэрчилгээтэй 450 м.кв газар эзэмших эрхийг тус тус худалдан борлуулж үүргийн гүйцэтгэлийг хангахыг Баян-Өлгий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай” гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагч нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч “А”  хоршоо (захирал Д.Е) болон Х.З- нарын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 418.496 төгрөгийг мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар төрийн сангийн дансанд хэвээр нь үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5 дахь хэсэг, 172 дугаар зүйлийн 172.1, 172.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах шатны шүүхийн энэ магадлалд “анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн”, “хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн”, “шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн” зэрэг үндэслэлүүдээр, магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Д.КӨБЕШ

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                        Н.ТУЯА

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                        С.ӨМИРБЕК