| Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Гэрэлхүүгийн Жаргалтуяа |
| Хэргийн индекс | 138/2021/00271/И |
| Дугаар | 138/ШШ2021/00479 |
| Огноо | 2021-06-28 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2021 оны 06 сарын 28 өдөр
Дугаар 138/ШШ2021/00479
Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Жаргалтуяа даргалж, шүүгч Т.Байгалмаа, Г.Уртнасан нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн хуралдааны Б танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Дорнод аймгийн Хэрлэн сумын 4 дүгээр баг өөрийн байранд байрлах, 9030786 регистрийн дугаартай, Дорнод аймгийн Прокурорын газрын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Дорнод аймгийн Хэрлэн сумын 7 дугаар баг 29 дүгээр байранд байрлах, 2830213 регистрийн дугаартай, Шинь шинь гадаадын хөрөнгө оруулалттай хязгаарлагдмал хариуцлагатай компани /цаашид Шинь шинь ХХК гэх/-д холбогдох,
Хуульд заасан хэмжээнээс илүү авч ажиллуулсан гадаад ажилтны ажлын байрны төлбөрт 237 943 968 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг хүлээн авч, иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нарийн бичгийн дарга Б.Мөнгөнбулга, иргэдийн төлөөлөгч Б.Батцэцэг /онлайнаар/, нэхэмжлэгч байгууллагын төлөөлөгч С.Алтай /онлайнаар/, хариуцагч байгууллагын төлөөлөгч С.Ариунжаргал /онлайнаар/, хариуцагчийн өмгөөлөгч М.Энхтуяа /ү-0738, онлайнаар/ нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Дорнод аймгийн Прокурорын газар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Дорнод аймаг дахь Төрийн аудитын газраас ...Шинь шинь ХХК-д ...хийсэн нийцлийн аудитаар тус компани нь 2020 онд хуульд заасан хувь хэмжээнээс илүү авч ажиллуулсан гадаад ажилтны ажлын байрны төлбөрийг төсөвт төлөөгүй зөрчил илэрсэн. Ажлын байрны төлбөрт төлөх нийт 237 943 968 төгрөгийг Дашбалбар сумын орон нутгийн төсөвт төвлөрүүлэх 02/79ДОА-2020/06-НА дугаартай төлбөрийн акт тогтоосон. ...Төлбөрийн актыг хугацаанд нь барагдуулах талаар тус компанид удаа дараа сануулсан боловч хэрэгжүүлэх хугацаа өнгөрсөн байна. Иймд дээрх нөхөн төлбөрийг хуулийн дагуу нэхэмжлэн шийдвэрлэх арга хэмжээг авч ажиллахыг хүсье... гэсэн хүсэлтийг гаргажээ. Тус хүсэлтийг хянахад Шинь шинь ХХК нь Ажиллах хүч гадаадад гаргах, гадаадаас ажиллах хүч, мэргэжилтэн авах тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.3, Ашигт малтмалын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1, 43.2 дахь заалтуудыг зөрчсөн болох нь Дорнод аймаг дахь Төрийн аудитын газрын 02/79ДОА-2020/06-НА дугаартай актаар тогтоогдож байна. ...Иймд Шинь шинь ХХК-аас 237 943 968 төгрөгийг гаргуулж, улсын төсөвт оруулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн төлөөлөгч С.Алтай шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Хэргийн материалтай танилцахад яг уг асуудлаар Шинь шинь ХХК-тай холбоотойгоор Мэргэжлийн хяналтын байцаагч Мөнхжаргалаас төлбөрийн акт тогтоогоод 2020 оны 01 дүгээр сард хэтрүүлсэн ажилчдын тоо 87 360 000 төгрөгийн акт тогтоож уг төлбөрийг Шинь шинь ХХК төлсөн байдаг. Тэгэхээр 237 943 968 төгрөгөөс Шинь шинь ХХК-ийн төлсөн 87 360 000 төгрөгийг хасаад 150 583 968 төгрөг болж нэхэмжлэлийн шаардлага хасагдаж тооцож байна. Төрийн аудитын газраас аймгийн Прокурорын газарт ирүүлсэн хүсэлтийг хянахад Шинь шинь ХХК нь Ажиллах хүч гадаадад гаргах, гадаадаас ажиллах хүч, мэргэжилтэн авах тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.3 дахь хэсэг, Ашигт малтмалын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1, 43.2 дахь хэсэгт заасан заалтуудыг зөрчсөн болох нь Төрийн аудитын газрын актаар тогтоогдсон. Ажлын байран дээр ирж ажиллаагүй хүмүүст цалин хөлс олгохгүй гэж үзнэ. Тухайн ажилтны хөлсийг хөдөлмөрийн үр дүнд нь тохируулан олгоно гэж заасан байгаа. Монгол улсын нутаг дэвсгэрт гадаад ажилчдыг оруулж ирж ажиллуулаад эхэлсэн л бол маргаашнаас нь Ашигт малтмалын тухай хуулиа дагаж мөрдөх ёстой шүү дээ. Ингэж цалинжуулахдаа нөгөө 90/10 хувийн харьцаагаа зөрчөөд, ажиллуулсан ч зөрчөөд, ажиллахгүй байсан ч 100 хувийн цалин олгож зөрчөөд, үнэхээр тэр хүмүүс ажиллах боломжгүй байсан юм бол Монгол ажилтнуудыг ажиллуулаад, хэнд ч төлбөр төлөхгүйгээр ажиллуулах боломжтой шүү дээ. Мөн ажлын байрыг хэвээр нь хадгалаад, цалингийг нь олгоод явж байгаа нь тогтоогдож байгаа. Тэгээд хилийн цаана байгаа гадаад ажилтнуудад цалин олгосон, эсвэл оруулж ирж ажиллуулаад цалин олгож байгаа хоёроос үл хамаараад энэ 90/10 хувийнхаа харьцаагаа мөрдөж ажиллах ёстой байсан. Ийм учраас гадаад ажилтныг илүү авч ажиллуулсны ажлын байрны төлбөрт 150 583 968 төгрөгийг гаргуулж, улсын төсөвт оруулах энэ нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн дэмжиж байна гэв.
Хариуцагч Шинь шинь ХХК шүүхэд гаргасан хариу тайлбартаа: ...Дорнод аймгийн Төрийн аудитын газар нь 2020 оны 09 дүгээр сард манай компанид 2020 онд ажилласан ажилчдын тоонд гадаад ажилчдын эзлэх хувь хэмжээ холбогдох хууль тогтоомжид нийцсэн эсэхийг шалгаж ...2020 оны /1-8 сард/ сар бүр хуульд заасан хувь хэмжээнээс илүү тооны ажлын байранд гадаад ажилтанд цалин олгосон байна... гэж дүгнээд, 237 943 968 төгрөгийг Дашбалбар сумын орон нутгийн төсвийн санд төвлөрүүлэхийг хариуцуулсан акт тогтоосон. Уг актыг зөвшөөрөөгүй бөгөөд тухайн үедээ зохих тайлбарыг хийж байсан ч тайлбар үндэслэлийг үл харгалзан дээрх төлбөрийг тавьсан. Ашигт малтмалын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1, 43.2 дахь заалтын дагуу манай компани төлбөл зохих ажлын байрны төлбөрийг төлсөөр ирсэн. Тус хуулийн ...43.2-т ...ажиллуулсан тохиолдолд... л төлөх тухай заасан байна. Тиймээс ажлын байран дээр ажиллаагүй учир бид ажиллуулсан гэж үзэхгүй байна. ...Ковид цар тахлын улмаас Монгол Улс хилээ хааснаар гадаад ажилтнууд 2020 оны 01 дүгээр сараас Монгол Улсад ирж ажиллахгүй байгаа ч Хөдөлмөрийн хуулиа мөрдөж цалинг олгох ёстой. Түүний дагуу нөхөн олговор олгосон явдлыг хууль зөрчсөн гэж үзэхгүй байна. Нийтийг хамарсан гамшгаас шалтгаалан ...хөдөлмөр эрхлэх зөвшөөрөлтэй иргэд орж ирж чадахгүй байгаа тохиолдолд хадгалагдаж буй ажлын байрны төлбөрийг яах вэ гэдэг асуудал тодорхойгүй байна. Ажиллах хүч гадаадад гаргах, гадаадаас ажиллах хүч, мэргэжилтэн авах тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2-т зааснаар хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 2 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх ажлын байрны төлбөр төлдөг. Мөн хуулийн 8.1-д ...заасны дагуу 91 ажилтны төлбөрийг урьдчилан төлсөн. Гэтэл дахиад 10 дахин нэмэгдүүлж ажлын байрны төлбөр тавьж байгаа нь үндэслэлгүй юм. Мөн манай компанид 2 жилийн хугацаатай зам барилгын ажил гүйцэтгэж байгаа туслан гүйцэтгэгч компанийн ажилчид болон баяжмал тээвэрлэж байгаа компанийн ажилчид нь бүгд манай компаниас ажлын байртай болж, ажлын хөлсөө манайхаас авч байгаа бөгөөд Ашигт малтмалын тухай хуулийн 43.1-д зааснаар дээрх компаниудын ажилчид нь манай компанид ажиллаж байгаад тооцогдох ёстой гэж үзэж байна. Үүнийг Төрийн аудитын газар бодитой тооцоогүй. Тиймээс нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Ариунжаргал шүүх хуралдаанд тайлбарлахдаа: манай үйлдвэрчний хорооны хамтын гэрээ нь Шинь шинь ХХК-ийн нийт ажилчдад үйлчлэх гэрээ юм. Тийм учраас тэр хамтын гэрээн дээр ийм нөхцөл байдал үүссэн тохиолдолд үндсэн цалин хөлсийг бүтэн олгоно гэж заасан байдаг. Тэгээд энэ олгож байсан зүйлийг цалин олгосон гэж яриад байгаа юм. Харин компанийн зүгээс нөхөн олговор олгосон гэж ойлгож байгаа. Тэгээд тухайн үед Төрийн аудитын газрын шаардлагыг хүлээн зөвшөөрч гарын үсэг зураагүй. Ингээд цаг хугацаа явсаар байгаад яг үнэндээ тухайн үед Төрийн аудит нь ажлын байран дээр төлбөр тавих эрх бүхий байгууллага мөн үү, биш үү гэдэг дээр ч эргэлзсэн тохиолдлууд байдаг. 2021 оны 1 сард Мэргэжлийн хяналтын газраас дахиад манай компани дээр акт тавьсан. Үүнийг бид ойлгохдоо Төрийн аудитын газар хандсаны улмаас дахиад акт тавьж байгаа юм байна гэж ойлгосон. Манай ажилчдын ихэнх нь 1 сарын 14, 15-ны өдрүүддээ багтаад цагаан сарын баярын өмнө нутаг буцчихсан байсан. Тийм учраас манай ажилчдыг 1 сарын 15 гээд нутаг буцсан ч гэлээ бүтэн ажилааснаар тооцоод хамгийн дээд хэмжээгээр акт тавьсан. Тэгэхээр нь энэ Төрийн аудитын асуудал Мэргэжлийн хяналтын асуудлаар дуусч байгаа юм байна гэсэн ойлголттой л байж байгаад өнөөдөр шүүх хурал болчихоод байж байна. Тийм учраас ажлын байран дээрээ ирж ажиллаагүй хүмүүст цалин хөлс олгох боломжгүй учраас энэ нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа гэв.
Иргэдийн төлөөлөгч Б.Батцэцэг шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Би Шинь шинь ХХК-д ногдуулсан актыг зөв гэж бодож байна. Яагаад гэвэл Шинь шинь ХХК Ашигт малтмалын тухай хуулийг мөрдөх ёстой. Тиймээс нөхөн төлбөр болох мөнгөн дүнг барагдуулах нь зүйтэй гэж үзэж байна гэв.
Шүүх хуралдаанаар талуудын тайлбар болон хавтаст хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Дорнод аймгийн Прокурорын газар нь Дорнод аймаг дахь Төрийн аудитын газрын хүсэлтээр хариуцагч Шинь шинь ХХК-д холбогдуулан Хуульд заасан хэмжээнээс илүү авч ажиллуулсан гадаад ажилтны ажлын байрны төлбөрт 237 943 968 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг тус шүүхэд гаргажээ. (1 дэх хавтас 1-2, 4 тал)
Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн төлөөлөгч нь Шинь Шинь ХХК нь 2020 оны 01 сарын төлбөр 87 360 000 төгрөгийг төлсөн тул нэхэмжлэлийн шаардлагаа энэ дүнгээр багасгаж, үлдэх 150 583 968 төгрөгийг нэхэмжилсэн болно.
Дорнод аймаг дахь Төрийн аудитын газар нь төрийн байгууллага байх бөгөөд тус газрын хүсэлтээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1, Прокурорын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1 дэх хэсэгт тус тус заасны дагуу Прокурорын газар нь нэхэмжлэл гаргах эрхтэй гэж үзнэ.
Нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ...Шинь Шинь компани нь хуульд заасан хэмжээнээс илүү гадаад ажилчдыг ажлын байраар хангаж ажиллуулсан. Хуульд ажлын байр тутамд төлбөр төлөхөөр заасан. Гадаад ажилчдын ажлын байрыг хэвээр хадгалан цалинг бүтэн ажилласнаар тооцон Монгол Улсад үйл ажиллагаа явуулж олсон орлогоос олгосон байдаг. Олговор гэдэг өөр ойлголт. Хариуцагч нь хуульд зааснаар ажлын байрны төлбөрийг төлөх үүрэгтэй... гэж тайлбарладаг.
Хариуцагчийн төлөөлөгч, өмгөөлөгч нар нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, татгалзаж буй үндэслэлээ ...2020 оны 2-8 сард Хятад ажилчид ажиллаагүй, хуульд ажиллуулсан тохиолдолд ажлын байрны төлбөрийг төлөхөөр заасан тул энэ хугацааны төлбөрийг төлөх үндэслэлгүй. Төрийн аудитын газар акт тогтоохдоо бодитой тооцоогүй. Манай компани Үйлдвэрчний эвлэлийн хороотой байгуулсан хамтын гэрээнд заасны дагуу ажилдаа ирж чадаагүй гадаад ажилчдад үндсэн цалингийн хэмжээгээр нөхөн олговор олгосон. Энэ нь цалин биш олговор. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй... гэж маргадаг.
Шүүх талуудын гаргаж өгсөн нотлох баримт, тайлбарын хэмжээнд нэхэмжлэлийн шаардлагын талаар дүгнэлт өгч, дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Хариуцагч Шинь Шинь гадаадын хөрөнгө оруулалттай хязгаарлагдмал хариуцлагатай компани нь 2004 оны 05 дугаар сарын 17-ны өдөр үүсгэн байгуулагдаж, 2005 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр улсын бүртгэлд бүртгүүлж гэрчилгээ авч, дахин 2017 оны 10 дугаар сарын 16-ны өдөр 000148991 дугаар бүхий Улсын бүртгэлийн гэрчилгээ авсан байх ба Ашигт малтмал ашиглах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг болох нь хариуцагч талын тайлбар болон тус компанийн Улсын бүртгэлийн гэрчилгээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбараар тогтоогдож байна. (2 дахь хавтас 56 тал)
Түүнчлэн Ашигт малтмал, газрын тосны хэрэг эрхлэх газраас хариуцагч Шинь шинь ХХК-д Дорнод аймгийн Баяндун сумын нутаг Улаан гэх газарт орших 101 гектор талбай бүхий уурхайн талбайд хуульд заасан нөхцөл шаардлагын дагуу ашигт малтмал ашиглахыг зөвшөөрч, 2007 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр 247А дугаартай Ашигт малтмал ашиглалтын тусгай зөвшөөрөл-ийг 30 жилийн хугацаатайгаар олгосон байна. (2 дахь хавтас 57-63 тал)
Дорнод аймаг дахь Төрийн аудитын газар нь Төрийн аудитын тухай хуулиар олгогдсон бүрэн эрхийн хүрээнд Монгол Улсын Ерөнхий аудиторын 2019 оны А/100 дугаар тушаалаар батлагдсан Аудитын төлөвлөгөө шинэчлэн батлах тухай тушаалыг үндэслэн Аудитын төлөвлөгөө гарган баталж үүний дагуу гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжүүдийг гадаадаас ажиллах хүч авч ажиллуулахтай холбоотой хууль, тогтоомжийг мөрдөн ажиллаж байгаа эсэх, эрх бүхий байгууллагууд хяналтаа бүрэн хэрэгжүүлж байгаа эсэхэд Нийцлийн аудит-ыг 2020 оны 05 дугаар сарын 25-ны өдрөөс эхлэн 2020 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн хооронд хийж гүйцэтгэн дуусгажээ. (2 дахь хавтас 73-99 тал)
Нийцлийн аудит гэж шалгагдагч этгээдийн үйл ажиллагаанд мөрдөж байгаа төрийн санхүү, төсөв, нийтийн өмчтэй холбоотой хууль тогтоомж, захиргааны хэм хэмжээний болон бусад эрх зүйн актын хэрэгжилт, тэдгээрийн нийцэлд аудит хийхийг ойлгох тухай Төрийн аудитын тухай хуульд заасан байна.
Ийнхүү гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжүүдэд Нийцлийн аудит хийхэд хариуцагч Шинь шинь ХХК нь Ашигт малтмалын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1-д Ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч болон тэдгээрийн туслан гүйцэтгэгч нь ...тухайн хуулийн этгээдэд ажиллагсдын 10-аас дээшгүй хувь нь гадаадын иргэн байж болно гэж заасан хэмжээнээс хэтрүүлэн гадаад иргэдийг ажлын байраар ханган ажиллуулсан гэж үзэж 2020 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 02/79ДОА-2020/06-НА дугаар актаар илүү ажиллуулсан гадаад ажилтны ажлын байрны төлбөрт 237 943 968 төгрөгийг орон нутгийн төсөвт төвлөрүүлэх талаар шийдвэрлэсэн байна. (1 дэх хавтас 6-8 тал, 2 дахь хавтас 82-83 тал)
Тодруулбал, 2020 оны 01 дүгээр сард 25, 2020 оны 02 дугаар сард 22, 2020 оны 03 дугаар сард 21, 2020 оны 04 дүгээр сард 20, 2020 оны 05 дугаар сард 13, 2020 оны 06 дугаар сард 13, 2020 оны 07 дугаар сард 11, 2020 оны 08 дугаар сард 12 гадаад иргэн тус тус, нийт сар бүрийн өссөн дүнгээр 137 гадаад иргэнийг илүү авч ажиллуулсан гэж үзэж, Ашигт малтмалын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2-т зааснаар ажлын байрны төлбөрийг тооцон нийт 438 400 000 /137х3 200 000/ төгрөгийг төлөхөөр байгаагаас хариуцагч Шинь шинь ХХК-ийн зүгээс Дашбалбар сумын орон нутгийн төсөвт урьдчилан төлсөн байсан 200 456 032 төгрөгийг хасч тооцон үлдэх 237 943 968 төгрөгийг төлүүлэхээр акт тогтоосон байх ба нэхэмжлэгч аймгийн Прокурорын газар нь энэхүү актыг нэхэмжлэлийн үндэслэлээ болгожээ.
Түүнээс гадна Мэргэжлийн хяналтын газар нь Дашбалбар сумын Засаг даргын 2021 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 1/91 тоот албан бичгээр ирүүлсэн хүсэлтийн дагуу хариуцагч Шинь шинь ХХК-д Ажиллах хүч гадаадад гаргах, гадаадаас ажиллах хүч, мэргэжилтэн авах тухай хуулийн хэрэгжилтэд шалгалт хийсэн байх бөгөөд тус шалгалтаар Шинь шинь ХХК-ийг 2020 оны 01 дүгээр сард ажиллуулбал зохих гадаадын иргэдийн тоог 26 хүнээр илүү ажиллуулсан зөрчил гаргасан гэж үзэж, тус зөрчилд Улсын ахлах байцаагчийн 2021 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 12-01-001/02 дугаар Ажлын байрны төлбөр нөхөн төлүүлэх тухай акт тогтоож, актаар 87 630 000 төгрөгийг /актад 87 630 000 гэж, харин актын хавсралтад 87 360 000 гэж зөрүүтэй бичсэн байна/ нөхөн төлүүлэхээр шийдвэрлэсэн байна. (2 дахь хавтас 140-141 тал)
Хэрэгт авагдсан Дорнод аймаг дахь Төрийн аудитын газрын Нийцлийн аудит-ад хариуцагч компанийг 2020 оны 01 дүгээр сард 25 гадаад ажилтан илүү ажиллуулсан гэж үзэж, 1 ажлын байрны төлбөрийг 3 200 000 төгрөгөөр тооцож, нийт 80 000 000 /25 х 3 200 000/ төгрөг төлүүлэхээр,
Мэргэжлийн хяналтын газрын Улсын ахлах байцаагчийн Ажлын байрны төлбөр нөхөн төлүүлэх тухай актад 26 гадаад ажилтан илүү ажиллуулсан гэж, 1 ажлын байрны төлбөрийг 3 360 000 төгрөгөөр тооцож, нийт 87 360 000 /26 х 3 360 000/ төгрөгийг нөхөн төлүүлэхээр тус тус тооцож акт тогтоосон байх боловч хариуцагч энэ талаар үгүйсгэж маргаагүй.
Харин хариуцагч Шинь шинь ХХК нь дээрх Мэргэжлийн хяналтын газрын Улсын ахлах байцаагчийн 2021 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 12-01-001/02 дугаар актаар тогтоосон 87 360 000 төгрөгийг хүлээн зөвшөөрч, улмаар дээрх төлбөрийг орон нутгийн төсөвт нөхөн төлсөн болох нь талуудын тайлбараар тогтоогдож байх бөгөөд нэхэмжлэгч тал хариуцагчийн төлсөн 87 360 000 төгрөгийг нэхэмжлэлийн шаардлагаас хасч, нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж байна. (1 дэх хавтас 19-20 тал)
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар бусдын ...эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй.
Өөрөөр хэлбэл гэм хор учруулагчийн хууль бус үйлдэл, учирсан хохирол, үйлдэл ба учирсан хохирлын шалтгаант холбоо, гэм хор учруулагчийн гэм буруу тогтоогдсон бол гэм хорын хариуцлага хүлээлгэх үндэслэл үүснэ.
Гэвч хариуцагчийн хуульд заасан хэмжээнээс илүү авч ажиллуулсан гадаад ажилтны ажлын байрны төлбөрийг төлөөгүй үйлдлийг хууль бус гэж үзэх, уг үйлдлийн улмаас төрд хохирол учирсан гэх, уг хохирол ба үйлдлийн хооронд шалтгаант холбоотой гэж үзэх үндэслэл тус тус тогтоогдохгүй байна.
Иймд хариуцагчид Иргэний хуулийн 497 дугаар зүйлд зааснаар гэм хорын хохирол нөхөн төлөх үүрэг үүсэхгүй бөгөөд харин хуульд заасан үүргээ зохих ёсоор биелүүлээгүй зөрчил үүссэн гэж үзнэ.
Ажиллах хүч гадаадад гаргах, гадаадаас ажиллах хүч, мэргэжилтэн авах тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.3-т Ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь Ашигт малтмалын тухай хуулийн 43.1-д заасан хувиас илүү хэмжээгээр гадаадын иргэдийг авч ажиллуулсан тохиолдолд мөн хуулийн 43.2-т заасан хэмжээний төлбөрийг сар тутам төлнө гэж,
Ашигт малтмалын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1-д Ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч болон тэдгээрийн туслан гүйцэтгэгч нь Монгол Улсын иргэдийг ажлын байраар хангах үүрэг хүлээх бөгөөд тухайн хуулийн этгээдэд ажиллагсдын 10-аас дээшгүй хувь нь гадаадын иргэн байж болно, 43.2-т Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь гадаадын иргэдийг энэ хуулийн 43.1-д зааснаас илүү хэмжээгээр авч ажиллуулсан тохиолдолд ажлын байр тутамд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 10 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төлбөрийг сар бүр төлнө гэж тус тус заасан байна.
Хуульд ийнхүү зааснаас үзэхэд зөвшөөрсөн хэмжээнээс илүү хэмжээгээр гадаад ажилчдыг ажлын байраар хангаж, ажиллуулсан тохиолдолд тухайн аж ахуйн нэгж, байгууллага нь ажлын байр тутамд сар бүр төлбөр төлөх үүргийг хүлээнэ.
Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 473 дугаар тогтоолоор хариуцагч Шинь шинь ХХК-ийн 91 гадаад ажилтны 2020 онд Монгол Улсад хөдөлмөр эрхлэх зөвшөөрлийн хугацааг сунгасан үйл баримт, (2 дахь хавтас 82, 156-164 тал)
мөн, дээрх 91 гадаад ажилтны зарим нь буюу 37 ажилтан (2 дахь хавтас 238 тал) нь амрахаар өөрийн улс болох БНХАУ руу явсан, Covid-19 цар тахал өвчнөөс шалтгаалан Монгол Улс болон БНХАУ хилээ хаасантай холбоотойгоор эдгээр ажилчид эргэн Монгол Улсад ирэх боломжгүй болсон, мөн 2020 оны 02 дугаар сараас 09 дүгээр сарыг дуусталх хугацаанд ажлын байрандаа ирж ажил хөдөлмөр эрхлээгүй зэрэг үйл баримтууд талуудын тайлбар болон хэрэгт цугларсан бичгийн баримтуудаар тогтоогдож байна. Эдгээр үйл баримтуудын талаар талууд маргаан үүсгээгүй болно.
Хариуцагч тал тухайн ажилтнууд нь ажлын байрандаа ирж ажиллаагүй, бид ажиллуулсан тохиолдолд ажлын байрны төлбөрийг төлөх үүрэгтэй. Харин тэдэнд Шинь шинь ХХК-ийн захиргаа, Үйлдвэрчний эвлэлийн хорооны хооронд байгуулагдсан Хамтын гэрээ-нд заасны дагуу тухайн ажилтнуудад үндсэн цалингийн хэмжээгээр сар бүр олговор олгож байсан. Энэ нь цалин хөлс биш гэж маргадаг.
Гэвч, хариуцагч талаас нотлох баримтаар ирүүлсэн 2020 оны 01 дүгээр сараас 08 дугаар сарыг дуусталх хугацааны Ажилчдын цалин хөлсний тооцоо-ны баримт болон Шинь шинь ХХК-ийн захиргаа, Үйлдвэрчний эвлэлийн хорооны хооронд 2019 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр байгуулагдсан 02 дугаартай Хамтын гэрээ-ний 4.3-т Ажилтан байгалийн гамшиг болон өөрөөс шалтгаалахгүй хүчин зүйлийн нөлөөгөөр ажилдаа ирж чадаагүй нөхцөлд тухайн хоногийг ажилласнаар тооцож үндсэн цалинг олгоно гэж заасан байгаа зэргээс харахад тус компани нь:
- тус гадаад иргэдийн ажлын байрыг хэвээр хадгалсан,
- улмаар тэднийг ажилласанд тооцож, үндсэн цалинг сар бүр олгож байсан (2 дахь хавтас 166-191 тал),
- үүнээс нийгмийн даатгалын шимтгэл төлж байсан болох нь тус тус тогтоогдож байх бөгөөд энэ нөхцөл байдлуудаас хариуцагч Шинь шинь ХХК-ийг тус гадаад иргэдийг ажиллуулсан байна гэж үзэх үндэслэлтэй байна.
Иймд Ашигт малтмалын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2, Ажиллах хүч гадаадад гаргах, гадаадаас ажиллах хүч, мэргэжилтэн авах тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.3 дахь хэсэгт тус тус зааснаар хариуцагч Шинь шинь ХХК нь илүү авч ажиллуулсан гадаад ажилтны ажлын байрны төлбөрийг төлөх үүрэгтэй байх тул хариуцагчаас хуульд заасан хэмжээнээс илүү авч ажиллуулсан гадаад ажилтны ажлын байрны төлбөрт 150 583 968 төгрөгийг гаргуулан улсын төсөвт оруулж, нэхэмжлэлийн шаардлагаас 87 360 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэсэн ба энэ талаарх иргэдийн төлөөлөгч Б.Батцэцэгийн шүүх хуралдаанд гаргасан дүгнэлт үндэслэлтэй гэж үзлээ.
Нэхэмжлэгч нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т заасан төсвийн байгууллага гэх үндэслэлээр улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн бөгөөд хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 910 870 /150 583 968 төгрөгт ногдох/ төгрөгийг гаргуулан төсвийн орлогод оруулах нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Ашигт малтмалын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2, Ажиллах хүч гадаадад гаргах, гадаадаас ажиллах хүч, мэргэжилтэн авах тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.3 дахь хэсэгт тус тус зааснаар хариуцагч Шинь шинь ХХК-иас хуульд заасан хэмжээнээс илүү авч ажиллуулсан гадаад ажилтны ажлын байрны төлбөрт 150 583 968 /нэг зуун тавин сая таван зуун наян гурван мянга есөн зуун жаран найм/ төгрөгийг гаргуулан улсын төсөвт оруулж, нэхэмжлэлийн шаардлагаас 87 360 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч байгууллага нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар хариуцагч Шинь шинь ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 910 870 төгрөгийг гаргуулан төсвийн орлогод оруулсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4 дэх хэсэгт зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч нь мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3 дахь хэсэгт заасан 14 хоногийн хугацаа өнгөрмөгц 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг мэдэгдсүгэй.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл энэхүү шийдвэрийг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч нь мөн хуулийн 119.4 дэх хэсэгт заасан хугацаанд шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ЖАРГАЛТУЯА
ШҮҮГЧИД Т.БАЙГАЛМАА
Г.УРТНАСАН