Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 10 сарын 20 өдөр

Дугаар 201/МА2021/0028

 

Дорнод аймгийн Прокурорын газрын нэхэмжлэлтэй, ******* ХХК-д  холбогдох хэргийн талаар

 

Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч З.Энхцэцэг даргалж, шүүгч Ж.Долгормаа, Я.Алтаннавч нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны "В" танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар:                                                                                       

Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 06 сарын 28-ны өдрийн 138/ШШ2021/00479 дугаар шийдвэртэй, Дорнод аймгийн прокурорын газрын нэхэмжлэлтэй, хариуцагч ******* ХХК-д холбогдох хуульд заасан хэмжээнээс илүү авч ажиллуулсан гадаад ажилтны ажлын байрны төлбөрт 237 943 968 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн төлөөлөгч *******, түүний өмгөөлөгч М.Энхтуяа нарын гаргасан давж заалдах гомдлоор 2021 оны 08 сарын 04ий өдөр хүлээн авч, ерөнхий шүүгч З.Энхцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч С.Алтай, хариуцагчийн төлөөлөгч *******, түүний өмгөөлөгч М.Энхтуяа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Чинзориг нар оролцов.

Нэхэмжлэгч Дорнод аймгийн Прокурорын газар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Дорнод аймаг дахь Төрийн аудитын газраас ...Шинь шинь ХХК-д ...хийсэн нийцлийн аудитаар тус компани нь 2020 онд хуульд заасан хувь хэмжээнээс илүү авч ажиллуулсан гадаад ажилтны ажлын байрны төлбөрийг төсөвт төлөөгүй зөрчил илэрсэн. Ажлын байрны төлбөрт төлөх нийт 237 943 968 төгрөгийг Дашбалбар сумын орон нутгийн төсөвт төвлөрүүлэх 02/79ДОА-2020/06-НА дугаартай төлбөрийн акт тогтоосон. ...Төлбөрийн актыг хугацаанд нь барагдуулах талаар тус компанид удаа дараа сануулсан боловч хэрэгжүүлэх хугацаа өнгөрсөн байна. Иймд дээрх нөхөн төлбөрийг хуулийн дагуу нэхэмжлэн шийдвэрлэх арга хэмжээг авч ажиллахыг хүсье... гэсэн хүсэлтийг гаргажээ. Тус хүсэлтийг хянахад Шинь шинь ХХК нь Ажиллах хүч гадаадад гаргах, гадаадаас ажиллах хүч, мэргэжилтэн авах тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.3, Ашигт малтмалын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1, 43.2 дахь заалтуудыг зөрчсөн болох нь Дорнод аймаг дахь Төрийн аудитын газрын 02/79ДОА-2020/06-НА дугаартай актаар тогтоогдож байна. ...Иймд Шинь шинь ХХК-иас 237 943 968 төгрөгийг гаргуулж, улсын төсөвт оруулж өгнө үү.” гэжээ.

Нэхэмжлэгчийн төлөөлөгч С.Алтай шүүх хуралдаанд тайлбар гаргахдаа: “Хэргийн материалтай танилцахад уг асуудлаар Шинь шинь ХХК-тай холбоотойгоор Мэргэжлийн хяналтын байцаагч Мөнхжаргалаас төлбөрийн акт тогтоож, 2020 оны 01 дүгээр сард хэтрүүлсэн ажилчдын тоо 87 360 000 төгрөгийн акт тогтоож уг төлбөрийг Шинь шинь ХХК төлсөн байдаг. Тэгэхээр 237 943 968 төгрөгөөс Шинь шинь ХХК-ийн төлсөн 87 360 000 төгрөгийг хасаж, үлдэх 150 583 968 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж байна. Төрийн аудитын газраас аймгийн Прокурорын газарт ирүүлсэн хүсэлтийг хянахад Шинь шинь ХХК нь Ажиллах хүч гадаадад гаргах, гадаадаас ажиллах хүч, мэргэжилтэн авах тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.3 дахь хэсэг, Ашигт малтмалын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1, 43.2 дахь хэсэгт заасан заалтуудыг зөрчсөн болох нь Төрийн аудитын газрын актаар тогтоогдсон. Ажлын байран дээр ирж ажиллаагүй хүмүүст цалин хөлс олгохгүй гэж үзнэ. Тухайн ажилтны хөлсийг хөдөлмөрийн үр дүнд нь тохируулан олгоно гэж заасан байгаа. Монгол улсын нутаг дэвсгэрт гадаад ажилчдыг оруулж ирж ажиллуулаад эхэлсэн л бол маргаашнаас нь Ашигт малтмалын тухай хуулиа дагаж мөрдөх ёстой шүү дээ. Ингэж цалинжуулахдаа нөгөө 90/10 хувийн харьцаагаа зөрчөөд, ажиллуулсан ч зөрчөөд, ажиллахгүй байсан ч 100 хувийн цалин олгож зөрчөөд, үнэхээр тэр хүмүүс ажиллах боломжгүй байсан юм бол Монгол ажилтнуудыг ажиллуулаад, хэнд ч төлбөр төлөхгүйгээр ажиллуулах боломжтой шүү дээ. Мөн ажлын байрыг хэвээр нь хадгалаад, цалинг нь олгоод явж байгаа нь тогтоогдож байгаа. Тэгээд хилийн цаана байгаа гадаад ажилтнуудад цалин олгосон, эсвэл оруулж ирж ажиллуулаад цалин олгож байгаа хоёроос үл хамаараад энэ 90/10 хувийнхаа харьцаагаа мөрдөж ажиллах ёстой байсан. Ийм учраас гадаад ажилтныг илүү авч ажиллуулсны ажлын байрны төлбөрт 150 583 968 төгрөгийг гаргуулж, улсын төсөвт оруулах тухай нэхэмжлэлийн шаардлагаа бүрэн дэмжиж байна.” гэжээ.

Хариуцагч Шинь шинь ХХК шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “...Дорнод аймгийн Төрийн аудитын газар нь 2020 оны 09 дүгээр сард манай компанид 2020 онд ажилласан ажилчдын тоонд гадаад ажилчдын эзлэх хувь хэмжээ холбогдох хууль тогтоомжид нийцсэн эсэхийг шалгаж ...2020 оны /1-8 сард/ сар бүр хуульд заасан хувь хэмжээнээс илүү тооны ажлын байранд гадаад ажилтанд цалин олгосон байна... гэж дүгнээд, 237 943 968 төгрөгийг Дашбалбар сумын орон нутгийн төсвийн санд төвлөрүүлэхийг хариуцуулсан акт тогтоосон. Уг актыг зөвшөөрөөгүй бөгөөд тухайн үедээ зохих тайлбарыг хийж байсан ч тайлбар үндэслэлийг үл харгалзан дээрх төлбөрийг тавьсан. Ашигт малтмалын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1, 43.2 дахь заалтын дагуу манай компани төлбөл зохих ажлын байрны төлбөрийг төлсөөр ирсэн. Тус хуулийн ...43.2-т ...ажиллуулсан тохиолдолд... л төлөх тухай заасан байна. Тиймээс ажлын байран дээр ажиллаагүй учир бид ажиллуулсан гэж үзэхгүй байна. ...Ковид цар тахлын улмаас Монгол Улс хилээ хааснаар гадаад ажилтнууд 2020 оны 01 дүгээр сараас Монгол Улсад ирж ажиллахгүй байгаа ч Хөдөлмөрийн хуулиа мөрдөж цалинг олгох ёстой. Түүний дагуу нөхөн олговор олгосон явдлыг хууль зөрчсөн гэж үзэхгүй байна. Нийтийг хамарсан гамшгаас шалтгаалан ...хөдөлмөр эрхлэх зөвшөөрөлтэй иргэд орж ирж чадахгүй байгаа тохиолдолд хадгалагдаж буй ажлын байрны төлбөрийг яах вэ гэдэг асуудал тодорхойгүй байна. Ажиллах хүч гадаадад гаргах, гадаадаас ажиллах хүч, мэргэжилтэн авах тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2-т зааснаар хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 2 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх ажлын байрны төлбөр төлдөг. Мөн хуулийн 8.1-д ...заасны дагуу 91 ажилтны төлбөрийг урьдчилан төлсөн. Гэтэл дахиад 10 дахин нэмэгдүүлж ажлын байрны төлбөр тавьж байгаа нь үндэслэлгүй юм. Мөн манай компанид 2 жилийн хугацаатай зам барилгын ажил гүйцэтгэж байгаа туслан гүйцэтгэгч компанийн ажилчид болон баяжмал тээвэрлэж байгаа компанийн ажилчид нь бүгд манай компаниас ажлын байртай болж, ажлын хөлсөө манайхаас авч байгаа бөгөөд Ашигт малтмалын тухай хуулийн 43.1-д зааснаар дээрх компаниудын ажилчид нь манай компанид ажиллаж байгаад тооцогдох ёстой гэж үзэж байна. Үүнийг Төрийн аудитын газар бодитой тооцоогүй. Тиймээс нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй.” гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* шүүх хуралдаанд тайлбарлахдаа: “Манай үйлдвэрчний хорооны хамтын гэрээ нь Шинь шинь ХХК-ийн нийт ажилчдад үйлчлэх гэрээ юм. Тийм учраас тэр хамтын гэрээн дээр ийм нөхцөл байдал үүссэн тохиолдолд үндсэн цалин хөлсийг бүтэн олгоно гэж заасан байдаг. Тэгээд энэ олгож байсан зүйлийг цалин олгосон гэж яриад байгаа юм. Харин компанийн зүгээс нөхөн олговор олгосон гэж ойлгож байгаа. Тэгээд тухайн үед Төрийн аудитын газрын шаардлагыг хүлээн зөвшөөрч гарын үсэг зураагүй. Ингээд цаг хугацаа явсаар байгаад яг үнэндээ тухайн үед Төрийн аудит нь ажлын байран дээр төлбөр тавих эрх бүхий байгууллага мөн үү, биш үү гэдэг дээр ч эргэлзсэн тохиолдлууд байдаг. 2021 оны 1 сард Мэргэжлийн хяналтын газраас дахиад манай компани дээр акт тавьсан. Үүнийг бид ойлгохдоо Төрийн аудитын газар хандсаны улмаас дахиад акт тавьж байгаа юм байна гэж ойлгосон. Манай ажилчдын ихэнх нь 1 сарын 14, 15-ны өдрүүддээ багтаад цагаан сарын баярын өмнө нутаг буцчихсан байсан. Тийм учраас манай ажилчдыг 1 сарын 15 гээд нутаг буцсан ч гэлээ бүтэн ажилааснаар тооцоод хамгийн дээд хэмжээгээр акт тавьсан. Тэгэхээр нь энэ Төрийн аудитын асуудал Мэргэжлийн хяналтын асуудлаар дуусч байгаа юм байна гэсэн ойлголттой л байж байгаад өнөөдөр шүүх хурал болчихоод байж байна. Тийм учраас ажлын байран дээрээ ирж ажиллаагүй хүмүүст цалин хөлс олгох боломжгүй учраас энэ нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа.” гэжээ.

Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 06 сарын 28-ны өдрийн 138/ШШ2021/00479 дугаар шийдвэрээр: Ашигт малтмалын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2, Ажиллах хүч гадаадад гаргах, гадаадаас ажиллах хүч, мэргэжилтэн авах тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.3 дахь хэсэгт тус тус зааснаар хариуцагч Шинь шинь ХХК-иас хуульд заасан хэмжээнээс илүү авч ажиллуулсан гадаад ажилтны ажлын байрны төлбөрт 150 583 968 /нэг зуун тавин сая таван зуун наян гурван мянга есөн зуун жаран найм/ төгрөгийг гаргуулан улсын төсөвт оруулж, нэхэмжлэлийн шаардлагаас 87 360 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч байгууллага нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар хариуцагч Шинь шинь ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 910 870 төгрөгийг гаргуулан төсвийн орлогод оруулж, ... шийдвэрлэжээ.

Хариуцагчийн төлөөлөгч ******* түүний өмгөөлөгч М.Энхтуяа нар гаргасан давж заалдах гомдолдоо: “... Компаний зүгээс анхан шатны шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Цалин хөлс бол ажил хийсэн хөдөлмөрийн үр дүнд нь тохируулан олгосон ажлын хөлс бөгөөд цалин хөлс гэдэг ойлголтыг Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 47 дугаар зүйлд “Цалин хөлс нь үндсэн цалин, нэмэгдэл хөлс, шагнал урамшууллаас бүрдэнэ” гэж тусгайлан заасан байдаг.

Харин Хөдөлмөрийн тухай хуулий 35, 55, 56, 59 дүгээр зүйлд зааснаар болон ажил албан тушаал нь хэвээр хадгалагдсан үеийн олговор буюу Хөдөлмөрийн тухай хуулийн 64, 65, 66, 69 дүгээр зүйлд заасны дагуу олговор олгодог. Хөдөлмөрийн тухай хуулийн 35 дугаар зүйлд  “Ажил, үүргээ гүйцэтгээгүй үед ажил, албан тушаалыг нь хэвээр хадгалах” тохиолдлуудыг дурдсан. Эндээс цалин хөлс, олговор гэдэг ойлголт тодорхой харагдана. Олговор нь ажил үүргийг хийж гүйцэтгээгүй ч хуульд заасны дагуу ажилтныг хохироохгүйгээр өгч буй мөнгө юм.

Хөдөлмөрийн тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-д “Гамшиг болон аюул үүссэн, хүндэтгэн үзэх бусад шалтгаанаар ажилдаа ирж чадаагүй ажилтанд үндсэн цалингийн 50 хувьтай тэнцэх хэмжээний олговор олгоно.” гэж заасан хэдий ч ******* ХХК-ийн захиргаа, Үйлдвэрчний эвлэлийн хороотой Хөдөлмөрийн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1, 18.2 дахь заалт мөн Геологи, уул уурхай, хүнд үйлдвэрийн салбарын хөдөлмөр, нийгмийн зөвшлийн хамтын хэлэлцээрийн дагуу хуульд зааснаас илүү хэмжээний олговор, цалин хөлс олгохоор хамтын гэрээнд тусгасан болно.

******* ХХК-ний Хамтын гэрээ болон Хөдөлмөрийн тухай хуульд зааснаар гамшиг болон аюул үүссэн, хүндэтгэн үзэх бусад шалтгаанаар ажилдаа ирж чадаагүй монгол, гадаад ажилтанд ялгаварлахгүйгээр үндсэн цалинтай тэнцэх хэмжээний олговор олгож, нийгмийн даатгалын шимтгэл төлсөн. Энэ нь Монгол Улсын Нийгмийн даатгалын тухай хуулиар “Монгол Улсын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа гадаадын аж ахуй нэгж, байгууллагад ажиллаж байгаа гадаадын иргэн нь албан журмаар нийгмийн даатгалд даатгуулна” гэж хуульчлагдсаны дагуу нийгмийн даатгалын шимтгэл төлдөг. Мөн Монгол улс нь БНХАУ-тай Нийгмийн хамгааллын тухай хэлэлцээр байдаггүй тул гадаад ажилтны хувьд төлсөн татвар, шимтгэл суутгал нь зөвхөн Монгол улсад орлого болж үлдэж байгаа юм.

Хүндэтгэн үзэх шалтгааны улмаас Монгол улсад орж ирж ажил үүргээ гүйцэтгээгүй ажилтанд олгосон  олговор нь ******* ХХК-ний өмнөх жилүүдэд Монгол улсад гадаад иргэн болон Монгол иргэд ажиллуулж, ажил үйлчилгээ явуулсныхаа төлөө Монгол улсын байгалийн баялгийг ашиглах эрхийг эзэмшин хуулийн дагуу зохих тайлан тооцоогоо хийж татвар хураамжаа тухай бүрт нь төлөөд явсан ба түүний цаана үлдсэн ашиг орлого, хуримтлалаасаа ажиллаагүй Монгол болон гадаад ажилтнуудад өгөх ёстой олговрыг өгч яваа юм. Үндсэндээ компани өөрийн хөрөнгөнөөсөө олговрыг олгож нэг ёсондоо алдагдал эрсдэлд ороод явж байгаа юм.

Иймд компани нь ажилтныг хохироохгүйн тулд Ковид-19 цар тахлын улмаас ажлын байрандаа ирж ажиллаж чадаагүй монгол, хятад ажилчдад хуулийн дагуу ажил хийгээгүй ч олговор олгосон нь Монгол улсын хуулийн зөрчөөгүй гэж үзэж байна. Ямар ч улсын хуулинд дээрх тохиолдолд ажлаас халдаггүй, олговор олгодог.

Прокурорын зүгээс тухайн гадаад ажилчдын ажлын байрандаа ирж ажиллаж чадаагүй байх хугацаанд тус ажлын байранд монгол хүнийг ажилд авах байсан юм гэж хэлж байсан. Гадаад ажилчдад хөдөлмөр эрхлэх зөвшөөрөл олгохдоо зөвхөн монгол хүний хийх боломжгүй буюу нарийн мэргэжлийн ажилчдад зөвшөөрөл олгодог. Мөн ажиллахгүй байгаа хүний оронд заавал хүн авч ажиллуулна гэсэн заалт байхгүй. Компани нь үйл ажиллагаагаа явуулахдаа дотооддоо зохион байгуулалт хийж, ажиллаж байгаа хүмүүсээ сунган ажиллуулж, урамшуулал хөлсийг тухай бүрт олгож байсан. Мөн нарийн технологи ажиллагаан дээр нь монгол хүмүүс ажиллаж чадахгүй гэдгийн МХГ-ын улсын байцаагч тайлбарлаж байсан.

Ажлын байр нь хэвээр хадгалагдаж байгаа ч ажил үйлчилгээ явуулж, баялаг бүтээж, орлого олоогүй учир цалин өгөөгүй олговор олгосон. Ашигт малтмалын тухай хууль болон Ажиллах хүч гадаадад гаргах, гадаадаас ажиллах хүч мэргэжилтэн авах тухай хуульд ажиллуулсан тохиолдолд ажил үйлчилгээ эрхлүүлсний төлбөр төлнө гэж заасан байдаг. Мөн ажлын байрны төлбөрийн талаар Ажиллах хүч гадаадад гаргах, гадаадаас ажиллах хүч мэргэжилтэн авах тухай хуулийн 9.2-т заасан уг хуулийн дагуу Монгол улсад хөдөлмөр эрхлэх зөвшөөрөл авахдаа уг хуулийн 8.3-т заасны дагуу “Хөдөлмөрийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, түүний эрх олгосон байгууллагад ажлын байрны төлбөрийг урьдчилан төлнө.” гэж заасан. Энэ төлбөр нь уг хуулийн 9.2-т заасан хэмжээний төлбөр хөдөлмөр эрхлэлтийг дэмжих санд ордог тул гадаад иргэн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 2 дахин нэмэгдүүлсэн хэмжээгээр мөн хуулийн 8.1-д зааснаар урьдчилан төлж хөдөлмөр эрхлэх зөвшөөрлөө авдаг бөгөөд квотоос илүү гарсан ажилтандаа хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 10 дахин нэмэгдүүлэн төлөхөөр 12 дахин нэмэгдүүлсэн төлбөрийг тухайн ажилтанд төлж байна. Үүнийг МХЕГ-ын улсын ахлах байцаагч тооцохдоо 10 дахин нэмэгдүүлэн тооцсон төлбөрөөс  урьдчилан төлсөн төлбөрийг хасаж тооцож байсан.

Энэ талаар аудитын байгууллага, МХГ зөрүүтэй ойлгож хэрэглэж байгааг дурдах нь зүйтэй. Түүнчлэн ХХҮЕГ нь 2020 онд тус компанид гадаадаас орж ирж ажиллана гэж төлсөн төлбөрийг ажиллаагүй учир 2021 оны орж ирэх ажилчдын урьдчилсан төлбөрт шилжүүлэн тооцож шийдсэн болно.

Тиймээс анхан шатны шүүхээс 2020 оны 01 дүгээр сард нутаг буцаад Ковид-19 цар тахлын улмаас хил хаагдсанаас болж Монгол улсад ирж хөдөлмөр эрхлээгүй учир Хөдөдмөрийн тухай хууль, хамтын гэрээний дагуу ажлын байр нь хэвээр хадгалагдсан болон олговор олгосон байдлыг нь ажил хийж цалин хөлс авсан гэж үзэж дүгнэснийг үндэслэлгүй гэж үзэж байна.

Мөн нийгмийн даатгалын хуулийн дагуу олговроос шимтгэлийг суутгаж төлсөн үйл явдлыг ажилласан гэж үзсэнийг зөвшөөрөхгүй. Мөн зарим туслан гүйцэтгэгч компаний ажилчдыг нийт ажилчдын тоонд оруулж тооцоод заримыг нь оруулж тооцохгүй байгаа нь ойлгомжгүй байна. Туслан гүйцэтгэгч компаний ажилчид нь бүгд манай компаниас ажлын байртай болж ажлын хөлсөө авч байгаа бөгөөд Ашигт малтмалын тухай хуулийн 43.1-д зааснаар дээрх компаниудын ажилчид нь манай компанид ажиллаж байгаад тооцогдох ёстой гэж үзэж байгаа болно. Энэ талаарх асуудлыг зохих газарт мэдэгдсэн бөгөөд одоогоор хариу ирээгүй байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.

ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгч Дорнод аймгийн Прокурорын газраас хариуцагч “Шинь шинь” ХХК-иас “Хуульд заасан хэмжээнээс илүү авч ажиллуулсан гадаад ажилтны ажлын байрны төлбөрт 237 943 968 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба нэхэмжлэгч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 87 360 000 төгрөгийг төлсөн гэж нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж, үлдэх 150 583 968 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч тал эс зөвшөөрч маргасан байна. / 1 дэх хх-ийн 1-10 дахь тал/

Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй байна.

Дорнод аймгийн Прокурорын газар нь Төрийн аудитын газрын хүсэлтээр нэхэмжлэл гаргасан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1, Прокурорын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1 дэх хэсэгт заасныг зөрчөөгүй байна.

Ашигт малтмалын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1-д “Ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч болон тэдгээрийн туслан гүйцэтгэгч нь Монгол Улсын иргэдийг ажлын байраар хангах үүрэг хүлээх бөгөөд тухайн хуулийн этгээдэд ажиллагсдын 10-аас дээшгүй хувь нь гадаадын иргэн байж болно.” гэж заажээ.

Хариуцагч “Шинь шинь” ХХК нь гадаадын хөрөнгө оруулалттай компани ба Ашигт малтмал, газрын тосны хэрэг эрхлэх газраас тус компанид 2007 оны 01 сарын 23-ны өдөр 247А дугаартай “Ашигт малтмал ашиглалтын тусгай зөвшөөрөл”-ийг 30 жилийн хугацаатай олгосон байна. / 2 дахь хх-ийн 56, 57-63 дахь тал/

Ажиллах хүч гадаадад гаргах, гадаадаас ажиллах хүч, мэргэжилтэн авах тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.3-т “Ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь Ашигт малтмалын тухай хуулийн 43.1-д заасан хувиас илүүгээр гадаадын иргэдийг авч ажиллуулсан тохиолдолд мөн хуулийн 43.2-т заасан хэмжээний төлбөрийг сар тутам төлнө.” гэж,

Ашигт малтмалын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2-т “ Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь гадаадын иргэдийг энэ хуулийн 43.1-д зааснаас илүү хэмжээгээр авч ажиллуулсан тохиолдолд ажлын байр тутамд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 10 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төлбөрийг сар бүр төлнө.” гэж тус тус заасан.

Хариуцагч “Шинь шинь” ХХК нь Ашигт малтмалын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2, Ажиллах хүч гадаадад гаргах, гадаадаас ажиллах хүч, мэргэжилтэн авах тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.3 дахь заалтуудыг тус тус зөрчиж, 2020 онд сар бүр хуульд заасан хувь хэмжээнээс илүү тооны ажлын байранд гадаадын ажилтанд цалин олгосон ба эдгээр ажлын байрны төлбөрт төлөх нийт 237 943 968 төгрөгийг холбогдох төсөвт төвлөрүүлээгүй болох нь Дорнод аймаг дахь Төрийн аудитын газраас “Шинь шинь” ХХК-д 2018-2020 онуудад ажилласан ажилчдын тоонд гадаад ажилчдын эзлэх хувь хэмжээ холбогдох хууль тогтоомжид нийцсэн эсэхийг шалгасан шалгалтаар тогтоогдсон байна.  Иймд  Төрийн аудитын газраас “ажлын байрны нөхөн төлбөр”-ийн 237 943 968 төгрөгийг Дашбалбар сумын орон нутгийн төсвийн 1000 7050 0910 тоот дансанд төвлөрүүлэхээр 2020 оны 09 сарын 29-ний өдрийн 02/79 ДОА-2020/06-НА дугаар акт гаргасан байна.

Тухайлбал: Хариуцагч компани нь 2020 оны 01 сард 25, 02 сард 22, 03 сард 21, 04 сард 20, 05 сард 13, 06 сард 13, 07 сард 11, 08 сард 12, нийт 137 гадаад иргэдийг илүү авч ажиллуулсан ба ажлын байрны төлбөрт нийт 438 400 000 төгрөг төлөхөөс Дашбалбар сумын орон нутгийн төсөвт урьдчилан төлсөн 200 456 032 төгрөгийг хасч, үлдэх 237 943 968 төгрөгийг тухайн орон нутгийн төсөвт төвлөрүүлэхээр акт гарсан байна. /1 дэх хх-ийн 6-8, 2 дахь хх-ийн 166-191, 3 дахь хх-ийн 1-36 дахь тал/

Энэхүү актанд хариуцагч тал гомдол гаргаагүй байна.

Иймд актанд дурдсан үндэслэлүүд хэргийн үйл баримтаар тогтоогдсон тул хариуцагчийн давж заалдсан гомдлыг хүлээн авах боломжгүй гэж үзнэ.

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзэж, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, нэхэмжлэгч Прокурорын газраас хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа багасгасан хэмжээгээр буюу 150 583 968 төгрөгийг хариуцагч “*******” ХХК-иар төлүүлэхээр шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасантай нийцсэн байна.

Иймд хариуцагч “Шинь шинь” ХХК-ийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзнэ.

Хариуцагч “Шинь шинь” ХХК-иас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 910 870 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хариуцагч “Шинь шинь” ХХК-ийн давж заалдсан гомдлыг хангахгүй орхиж, Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 06 сарын 28-ны өдрийн 138/ШШ2021/00479 дугаар шийдвэрийг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч “Шинь шинь” ХХК-иас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 910 870 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн; хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн; шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэсэн үндэслэлээр зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Монгол Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

                ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        З.ЭНХЦЭЦЭГ

                              ШҮҮГЧИД                                                          Ж.ДОЛГОРМАА

                                                                                                         Я.АЛТАННАВЧ