Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 05 сарын 31 өдөр

Дугаар 183/ШШ2021/01179

 

 

2021 оны 05 сарын 31 өдөр

Дугаар 183/ШШ2021/01179

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Н Л ХХК-ийн нэхэмжлэлтэй

 

Хариуцагч:М.У-д холбогдох

 

Зээлийн гэрээг цуцалж, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 14 608 109 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Т.О, хариуцагч М.У, хариуцагчийн өмгөөлөгч Б.Т, нарийн бичгийн дарга Т.Нарантүвшин нар оролцов.

 

Нэхэмжлэлийг 2020 оны 10 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авав.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийг дэмжиж нэхэмжлэгчийн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Зээлдэгч М.У нь 2018 оны 8 сарын 30-ны өдөр Toyota prius 20 /2008 онд үйлдвэрлэгдсэн, 2017 онд орж ирсэн/ маркийн автомашин, 00-00 УББ улсын дугаартай суудал, мөнгөлөг өнгөтэй автомашин барьцаалан 8 820 000 төгрөгийн зээлийг 36 сарын хугацаатай сарын 3.9 хувийн хүүтэйгээр, NL-405200950 тоот зээлийн гэрээ байгуулсан. Зээлдэгч нь 2018.12.24-ний өдрөөс хойш зээлийг эргэн төлөх хуваарийн дагуу төлөөгүй бөгөөд 2019 оны 01 сарын 18-ны өдрөөс хойш төлөлт хийгээгүй. Мөн Зээлийн гэрээний 6.2.1-д зааснаар зээлдэгч гэрээний үүргээ хугацаанд нь биелүүлээгүй үндсэн зээл, зээлийн хүүг төлбөрийн хуваарьт заасан хугацаанд төлөөгүй тул гэрээ дуусгавар болсон. Манай байгууллага хэдийгээр банк бусын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөлгүй боловч Иргэний хуулийн 189.1-д гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй гэж заасны дагуу талууд тохиролцож нэмэгдүүлсэн хүүний талаарх тохиролцоог гэрээнд тусгаж баталгаажуулсан, талуудын гэрээний тохиролцоо юм. Мөн Иргэний хуулийн 281-285 дугаар зүйлүүдийг баримтлан гэрээ байгуулсан ба түүнд төлөх хуваарийг зааж өгсөн боловч түүний дагуу төлөлт хийгээгүй манай байгууллага зээл төлүүлэх талаар удаа дараа утсаар ярьсан боловч зээл төлөх эрмэлзэлгүй байгаа болно. Зээлдэгч нь үндсэн зээл 8 155 719 төгрөг, үндсэн хүү 6 443 548.33 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1 134 077.21 төгрөг, тээврийн хэрэгслийн татвар 142 048 төгрөг, нийт 15 880 412.03 төгрөгийг төлөх ёстой байна. Иймд М.Уаас нийт 15 880 412.03 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагч болон хариуцагчийн өмгөөлөгч Б.Т нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Тус шүүхэд хандан гаргасан нэхэмжлэлдээ үндсэн зээлээс гадна үндсэн хүү 6 443 548 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1 134 077 төгрөг, 2018, 2019, 2020 оны автотээврийн хэрэгслийн татварт 147 048 төгрөг, нийт 7 714 673 төгрөг шаардсан байх ба уг үндэслэлээ Иргэний хуулийн 281-285 дахь хэсэгт заасан хуулийн зохицуулалтыг үндэслэлээ болгосон. Талуудын хооронд Иргэний хуулийн 281.1 дахь хэсэгт заасан зээлийн гэрээний эрх зүйн харилцаа үүсээгүй тул нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй юм. Талуудын байгуулсан гэрээнд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлд заасан үндэслэл тусгагдаагүй бөгөөд банк, санхүүгийн үйл ажиллагаа эрхлэдэг гэж хариуцагч М.У зээл авсан. Иймд уг гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасан хүчинтөгөлдөр бус хэлцэл юм. Машин авах зорилгоор анх 8 820 000 төгрөгийг зээлсэн асуудлаар маргаагүй. Гэхдээ тус байгууллага нь ямар ч ББСБ-ын үйл ажиллагаа явуулах эрхгүйгээр хүү, нэмэгдүүлсэн хүү шаардаж байгааг зөвшөөрөхгүй байгаа бөгөөд нийт төлөгдсөн 1 640 600 төгрөгийг үндсэн зээлээс хасаж, зээлийн үлдэгдэл 6 889 439 төгрөгийг зөвшөөрч байна. Уг машиныг авснаас хойш 3 сарын дараа осол гаргаж, сэлбэгэнд зарсан одоо уг машин байхгүй гэв.

 

Шүүх хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг нэг бүрчлэн шинжлэн судлав.

            ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Н Л ХХК хариуцагч М.У-д холбогдуулан зээлийн гэрээг цуцалж, зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 8 155 719 төгрөг, үндсэн хүү 6 443 548.33 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1 134 077.21 төгрөг, тээврийн хэрэгслийн татвар 142 048 төгрөг, нийт 15 880 412.03 төгрөгийг гаргуулахаар шаарджээ.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагаас 13 276 022 төгрөгийг хангаж, үлдэх 2 604 390 төгрөгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

 

  Хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаас болон зохигчдын тайлбар зэргээс дараах үйл баримт тогтоогдож байна.

 

Талуудын хооронд 2018 оны 8 дугаар сарын 30-ны өдөр 405200950 дугаар зээлийн гэрээ, 405200950 дугаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх фидуцын гэрээг тус тус байгуулагдаж, уг гэрээгээр Н Л ХХК  нь хариуцагч М.У-д 8 820 000 төгрөгийг, автомашины-өөдөө лизингийн зориулалтаар, сарын 2.90 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай зээлдүүлж, буцаан төлөх хуваарийг хавсралтаар тохирсон байна. /хх-ийн 7-9/

Дээрх зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах баталгаа болгон Тоёота Приус 20 маркийн 00-00 УББ улсын дугаартай автомашиныг барьцаалж, эд хөрөнгө өмчлөх эрхийг Н Л ХХК өөрийн нэр дээр шилжүүлэн авч, автомашиныг эзэмшиж, ашиглах эрхийг М.Уд үлдээж тохиролцжээ. /хх-ийн 10-11/

Нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ...тус Н Л ХХК нь банк, санхүүгийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөлгүй хэдийн хуульд заасан шаардлага хангасан гэрээ байгуулагдсан тул Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281-284 дүгээр зүйлд зааснаар шаардах эрхтэй... гэснийг хариуцагч тал ...талуудын байгуулсан гэрээнд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлд заасан үндэслэл тусгагдаагүй бөгөөд банк, санхүүгийн үйл ажиллагаа эрхэлдэг гэж хариуцагч М.У зээл авсан. Иймд уг гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасан хүчинтөгөлдөр бус хэлцэл юм... гэх тайлбарыг гаргаж маргажээ.

 

Хариуцагчийн тайлбар, татгалзал дараах үндэслэлгүй байна.

 

Хариуцагч М.У нь өөртөө автомашин авах зорилгоор Н Л ХХК-д хүсэлт гаргаж, улмаар уг зээлийг авч, Тоёота Приус 20 маркийн 00-00 УББ улсын дугаартай автомашиныг худалдан авсан, түүнчлэн уг зээлийн төлбөрт 1 640 600 төгрөгийг төлсөн болох нь тогтоогдож байх тул талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасан зээлийн гэрээ байгуулагдсан байна.

 

Иймд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.3-д заасан зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө ...шилжүүлэх, зээлдэгч нь ...мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг хүлээдэг, хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийнэ. гэсэнтэй дээрх гэрээнүүд нийцсэн байх тул нэхэмжлэгч Н Л ХХК нь үндсэн зээлийн үлдэгдэл болон хүүгийн төлбөрийг шаардах эрхтэй байна.

 

Талуудын байгуулсан зээлийн гэрээний хугацаа 2021 оны 8 дугаар сарын 30-ны өдөр дуусах ба хариуцагч М.У нь 2018.12.24-ний өдрөөс хойш зээлийн эргэн төлөлтийг хуваарийн дагуу төлөөгүй байх тул гэрээний үүргээ зөрчсөн үндэслэлээр гэрээг хугацаанаас нь өмнө цуцлахаар шаардсан Н Л ХХК-ийн нэхэмжлэл Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1-д заасантай нийцсэн байна.

 

Дээрхийг нэгтгээд нэхэмжлэлийн шаардлагаас зээлийн гэрээний үүрэгт 8 076 212 төгрөг, хүү 5 199 810 төгрөг, нийт 13 276 022 төгрөгийг хангаж, үлдэх 2 604 390 төгрөгийг, тээврийн хэрэгслийн татвар 142 048 төгрөгийг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн ба улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар хуваарилах нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.3, 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт заасныг баримтлан Н Л ХХК, М.У нарын хооронд байгуулагдсан зээл болон фидуцийн гэрээг цуцалж, хариуцагч М.Уаас 13 276 022 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Н Л ХХК-д олгож, нэхэмжлэгчийн илүү нэхэмжилсэн 2 604 390 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 237 352 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч М.У-аас улсын тэмдэгтийн хураамжинд 224 330 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Н Л ХХК-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг болон зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ Б.МӨНХЖАРГАЛ