Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 08 сарын 20 өдөр

Дугаар 210/МА2021/01275

 

2021 оны 08 сарын 20 өдөр

Дугаар 210/МА2021/01275

 

 

НКЛ- ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч А.Мөнхзул, Д.Байгалмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн 183/ШШ2021/01179 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч НКЛ- ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч М.У-д холбогдох зээлийн гэрээг цуцалж, зээлийн гэрээний үүрэгт 15 880 412 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн өмгөөлөгч Б.Түвшинтөгсийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Д.Байгалмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Одгэрэл, хариуцагчийн өмгөөлөгч Б.Түвшинтөгс, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Цолмон нар оролцов.

Нэхэмжлэгчийн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: М.У- нь 2018 оны 8 сарын 30-ны өдөр Тоёота приус-20 маркийн 2008 онд үйлдвэрлэгдсэн, 13-71 УББ улсын дугаартай суудал, мөнгөлөг өнгөтэй автомашин барьцаалан 8 820 000 төгрөгийн зээлийг 36 сарын хугацаатай сарын 3,9 хувийн хүүтэйгээр, 405200950 дугаар зээлийн гэрээг байгуулсан. Зээлдэгч нь 2018 оны 12 дугаар сарын 24-ний өдрөөс хойш зээлийг эргэн төлөх хуваарийн дагуу төлөөгүй бөгөөд 2019 оны 01 дүгээр сарын 18-ны өдрөөс хойш төлөлт хийгээгүй. Мөн зээлийн гэрээний 6.2.1-д зааснаар зээлдэгч гэрээний үүргээ хугацаанд нь биелүүлээгүй үндсэн зээл, зээлийн хүүг төлбөрийн хуваарьт заасан хугацаанд төлөөгүй тул гэрээ дуусгавар болсон. Манай байгууллага хэдийгээр банк бусын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөлгүй боловч Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй гэж заасны дагуу нэмэгдүүлсэн хүүний талаарх тохиролцоог гэрээнд тусгаж баталгаажуулсан. Мөн зээлийн гэрээнд төлбөр төлөх хуваарийг тусгасан боловч түүний дагуу төлөлт хийгээгүй. Зээлдэгч нь үндсэн зээл 8 155 719 төгрөг, үндсэн хүү 6 443 548.33 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1 134 077.21 төгрөг, тээврийн хэрэгслийн татвар 142 048 төгрөг, нийт 15 880 412 төгрөгийг төлөх үүрэгтэй. Иймд М.У-аас нийт 15 880 412 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний эрх зүйн харилцаа үүсээгүй тул нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй юм. Талуудын байгуулсан гэрээнд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлд заасан үндэслэл тусгагдаагүй бөгөөд банк, санхүүгийн үйл ажиллагаа эрхлэдэг гэж М.У-д зээл олгосон. Иймд уг гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасан хүчин төгөлдөр бус хэлцэл юм. Автомашин авах зорилгоор 8 820 000 төгрөг зээлсэн талаар маргаагүй. Гэхдээ тус байгууллага нь ББСБ-ын үйл ажиллагаа явуулах эрхгүй. Нийт төлөгдсөн 1 640 600 төгрөгийг үндсэн зээлээс хасаж, зээлийн үлдэгдэл 6 889 439 төгрөгийг зөвшөөрч байна. Уг автомашиныг авснаас хойш 3 сарын дараа осол гаргаж, сэлбэгэнд зарсан гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.3, 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт заасныг баримтлан НКЛ- ХХК, М.У- нарын хооронд байгуулагдсан зээл болон фидуцийн гэрээг цуцалж, хариуцагч М.У-аас 13 276 022 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч НКЛ- ХХК-д олгож, нэхэмжлэгчийн илүү нэхэмжилсэн 2 604 390 төгрөгийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 237 352 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч М.У-аас улсын тэмдэгтийн хураамжинд 224 330 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч НКЛ- ХХК-д олгож шийдвэрлэжээ.

Хариуцагчийн өмгөөлөгч Б.Түвшинтөгс давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч байна. Нэхэмжлэгч нь анх Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт зааснаар зээл болон зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүд нийт 14 000 000 төгрөг гаргуулахаар шаардсан. 2020 онп тус хэргийн шүүх хуралдаанаар шүүх нэхэмжлэгч байгууллагын зээлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг шаардаж шүүх хуралдааныг хойшлуулсан. Гэвч уг баримтыг гаргаж өгөөгүй тул хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Гэтэл нэхэмжлэгч нь 2021 онд тус шүүхэд гаргасан нэхэмжлэлийн үндэслэлээ Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээ байгууллагдсан тодорхойлсон. Хариуцагчийн зүгээс дээрх нөхцөл байдлыг тайлбарлаж өмнөх хэргийн материалаас холбогдох баримтыг гаргуулах хүсэлттэй байгаагаа илэрхийлсэн боловч нэхэмжлэгч энэ үйл баримттай маргахгүй өмнө нь Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт зааснаар шаардаж талаар маргаагүй тул нотлох баримт гаргуулах хүсэлтээсээ татгалзсан.

Анхан шатны шүүх талуудын хооронд үүссэн эрх зүйн харилцаа нь Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэг, эсхүл мөн хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан харилцаа үүссэн эсэх талаар үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй. Учир нэхэмжлэгч ББСБ-ын тусгай зөвшөөрлийг шаардаж хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн даруй нэхэмжлэлийн үндэслэлээ Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан харилцаа үүссэн гэж өөрчлөн гаргасан. Иймд зээлийн гэрээ хүчин төгөлдөр бус тул зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү шаардах эрхгүй тул анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж 6 386 583 төгрөгийг хасаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх шүүхийн шийдвэрт зохих өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

Нэхэмжлэгч НКЛ- ХХК нь хариуцагч М.У-д холбогдуулан үндсэн зээл 8 155 719 төгрөг, зээлийн хүү 6 443 548,33 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1 134 077,21 төгрөг, 2018, 2019, 2020 оны автомашины татвар 147 048 төгрөг, нийт 15 880 412,03 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргасан.

НКЛ- ХХК, М.У- нар 2018 оны 8 дугаар сарын 30-ны өдөр зээлийн болон фидуцын гэрээ байгуулж, зээлдүүлэгч НКЛ- ХХК нь 8 820 000 төгрөгийг автомашиныөөдөө лизингийн зориулалтаар 36 сарын хугацаатай, сарын 2,9 хувийн хүүтэй зээлдүүлэх, зээлдэгч М.У- үндсэн зээл, зээлийн хүүгийн төлбөрийг хугацаанд нь бүрэн төлөхөөр тохиролцжээ. Иймээс талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж анхан шатны шүүх дүгнэсэн нь зөв болжээ. /хх-4-6/

Нэхэмжлэгч зээлийн гэрээний дагуу НКЛ- ХХК 8 820 000 төгрөгийг М.У-д шилжүүлсэн талаар талууд маргаагүй. Харин хариуцагч нь нэхэмжлэгчийг зээлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөлгүй гэсэн үндэслэлийг зааж, зээлийн гэрээ хүчин төгөлдөр бус тул хүү шаардах эрхгүй гэж маргасан.

НКЛ- ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээнд тээврийн хэрэгслийн түрээсийн үйл ажиллагаа гэж тодорхойлсон боловч талуудын хооронд байгуулагдсан гэрээ нь хуульд заасан шаардлага хангасан байх тул шаардах эрхтэй гэж дүгнэнэ. Өөрөөр хэлбэл, талууд зээлийн гэрээг бичгээр байгуулсан, гэрээнд 30 хоногийн хугацаанд 2,9 хувийн хүү төлөх талаар тохиролцсон нь Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.1 дэх хэсэгт Зээлийн гэрээгээр талууд хэлэлцэн тохиролцож хүү тогтоож болно гэж, мөн хуулийн 282 дугаар зүйлийн 282.3 дахь хэсэгт хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийнэ гэж заасантай тус тус нийцсэн тул нэхэмжлэгч нь хариуцагчаас зээлийн хүүд 5 199 810 төгрөгийг шаардах эрхтэй талаар анхан шатны шүүх дүгнэсэн нь зөв. /хх 4-6/

Дээрх зээлийн гэрээний хугацаа 2021 оны 8 дугаар сарын 30-ны өдөр дуусах ба М.У- нь 2018 оны 12 дугаар сарын 24-ний өдрөөс хойш зээлийн төлбөр төлөөгүй тул нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт зааснаар зээлийн гэрээг цуцлахаар шаардах эрхтэй.

Иймээс анхан шатны шүүх хариуцагч М.У-аас үндсэн зээл 8 076 212 төгрөг, зээлийн хүү 5 199 810 төгрөг, нийт 13 276 022 төгрөг гаргуулж нэхэмжлэгч НКЛ- ХХК-д олгож шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.3 дахь хэсэгт заасантай нийцсэн байна.

Талууд 2018 оны 8 дугаар сарын 30-ны өдөр зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх фидуцийн гэрээг байгуулж Тоёота приус маркийн 13-71 УББ улсын дугаартай автомашиныг барьцаалж, НКЛ- ХХК эд хөрөнгө өмчлөх эрхийг өөрийн нэр дээр шилжүүлэн авсан ба нэхэмжлэгч нь фидуцийн гэрээний талаар шаардлага гаргаагүй тул энэ үндэслэлээр шүүхийн шийдвэрт энэ талаар өөрчлөлт оруулна. /хх 7-8/

Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн 183/ШШ2021/01179 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

1 дэх заалтаас ... фидуцийн ... гэснийг хасаж шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагчийн төлсөн 117 000 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч мөн зүйлийн 172.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр энэ хуулийн 167 дугаар зүйлд заасан магадлалд гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.ИЧИНХОРЛОО

ШҮҮГЧИД А.МӨНХЗУЛ

Д.БАЙГАЛМАА