Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 05 сарын 25 өдөр

Дугаар 184/ШШ2021/01210

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Хишигбаатар даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Д.Ж,

Нэхэмжлэгч: Д.Д нарын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Д.З-д холбогдох,

Худалдах-худалдан авах гэрээний үүрэгт 26.000.000 төгрөг гаргуулах үндсэн нэхэмжлэлтэй, гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгож 25.800.000 төгрөгийг буцаан гаргуулах сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан шийдвэрлэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.Ж. Д.Д, тэдний өмгөөлөгч Л.Б, хариуцагч Д.З, түүний өмгөөлөгч Б.О, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Э.Намуундарь нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Д.Ж, Д.Д нар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Д.Ж, Д.Д бид өөрсдийн өмчлөлийн Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо, 361 дүгээр гарамд байршилтай Майханы ........... хаяг дахь газар, хувийн сууц, дэлгүүрийг хамтад нь Д.З гэдэг хүнд 50.000.000 төгрөгөөр үнэлж худалдсан бөгөөд тухайн 2013 оны 12 сарын 17-нд хэлцэл хийж 25.000.000 төгрөгийг бэлнээр авсан. Үлдэх 25.000.000 төгрөгийг сар бүр 2.5%-ийн хүү төлж 1 жилийн дотор барагдуулна гэсэн. Хариуцагч Д.З нь 2016 оны 8 дугаар сарын 1-нд 5.000.000 төгрөг төлж, үлдэх 20.000.000 төгрөгийг 2017 оны 6 сарын 17-ны өдөр хүртэл хугацаанд сар бүр 2.5%-ийн хүүтэй төлөхөөр тохиролцсон боловч одоо хүртэл төлөөгүй. Иймд худалдах худалдан авах гэрээний үлдэгдэл 20.000.000 төгрөгийг 2016 оны 9 сарын 28-ны өдрийн хэлцлийн 2.5%-ийн хүү болох 6.000.000 төгрөг, нийт 26.000.000 төгрөгийг хариуцагч Д.Зоос гаргуулж өгнө үү гэв.

Хариуцагч Д.З шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Бид Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо, 361 дүгээр гарам дээр байрлах Майханы ........... хашаа, байшин, дэлгүүрийг 2013 оны 12 сарын 17-ны өдрийн төлбөр төлөх тухай хэлцлээр 50.000.000 төгрөгөөр худалдах, худалдан авахаар тохирч урьдчилгаа 25.000.000 төгрөгийг төлсөн юм. Үлдэх 25.000.000 төгрөгийг сар бүр 2.5%-ийн хүүтэйгээр 1 жилийн хугацаанд төлөхөөр хэлцэл хийж би сар бүрийн 650.000 төгрөгийг 2013 оны 12 сараас 2016 оны 8 сар хүртэл нийт 20.800.000 төгрөг төлсөн билээ. 2015, 2016 онд хэлцлийг бичгээр сунгасан. 2016 оны 8 сард бэлнээр 5.000.000 төгрөг төлсөн юм. Нийт 20.800.000 төгрөгийн хүү төлсөн тул үлдэх төлбөрийг төлөх үндэслэлгүй гэв.

Хариуцагч Д.З шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: Нэхэмжлэгч Д.Ж болон Д.Д нар нь 26.000.000 төгрөг надаас нэхэмжилж шүүхэд хандсан. Иймд миний бие нь Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо, 361 дүгээр гарам, Майханы ........... хаягт байрлах хашаа, байшин, дэлгүүрийг худалдах худалдан авах хэлцэл нь хууль зөрчсөн хэлцэл, гэрээний хэлбэрийг зөрчсөн гэж үзэж байгаа ба Д.Ж нар шүүхэд хандсаныг харгалзан үзэж бидний хооронд хийгдсэн дээрх хэлцлүүдийг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулан хашаа, байшин, дэлгүүрийг буцаан өгч, хэлцлийн үр дагавар болох Д.Жд төлсөн нийт 50.800.000 төгрөгийг буцаан гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Д.З шүүх хуралдаанд гаргасан сөрөг нэхэмжлэлийн тайлбартаа: Улсын бүртгэлийн ерөнхий газраас ирүүлсэн баримтыг үндэслээд нэхэмжлэлийн шаардлага, болон үндэслэлийг өөрчилж байна. 2013 оны 12 сарын 17-ны өдрийн төлбөр барагдуулах хэлцэл хийхээс өмнө улсын бүртгэлд өөр хэлцэл бүртгүүлсэн байна. Цаг хугацааны хувьд хожим байгуулсан төлбөр барагдуулах хэлцэл нь хууль зөрчсөн, дүр үзүүлсэн, өөр хэлцлийг халхавчлах зорилгоор хийсэн хэлцэл юм. Мөн улсын бүртгэлд бүртгүүлсэн гэрээнүүдийн нийт үнэ 25.000.000 төгрөг байна. Иймд дээрх хэлцлүүдийг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.2, 56.1.3-т зааснаар хүчин төгөлдөр бус болохыг тогтоож, үндэслэлгүй илүү төлсөн 5.000.000 төгрөг болон хүүгийн төлбөрт төлсөн 20.800.000 төгрөг, нийт 25.800.000 төгрөгийг Д.Ж, Д.Д нараас буцаан гаргуулж өгнө үү гэв.

Нэхэмжлэгч Д.Ж, Д.Д нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан сөрөг нэхэмжлэлийн тайлбартаа: Д.Зын нэхэмжилсэн 25.800.000 төгрөгийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь бид үл хөдлөх хөрөнгийг Д.Зын нэр дээр шилжүүлээд өнөөдрийг хүртэл Д.З хөрөнгийг эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулж байгаа билээ. Гэтэл сөрөг нэхэмжлэлдээ хашаа, байшин, дэлгүүрийг буцааж өгнө, гэрээ хүчин төгөлдөр бус, хүү төлөхгүй гэж байгаа нь үндэслэлгүй юм. Д.З нь биднээс худалдаж авсан хөрөнгийн үлдэгдэл төлбөрийг төлөх боломжгүй байна гээд өөрийн санаачилгаар нотариат орж хэлцэл хийсэн байж одоо болохоор хэлцэл хүчин төгөлдөр бус гэж үзээд байгаа нь ямар ч үндэслэлгүй юм. Иймд Д.Зын сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Зохигчдын тайлбар, гэрчийн мэдүүлэг, хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад,

  ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Д.Ж, Д.Д нар нь гэрээний дагуу төлөх ёстой үлдэгдэл төлбөрт 20.000.000 төгрөг, 2016 оны 6 сараас 2017 оны 6 сар хүртэлх хугацааны хүүгийн төлбөрт 6.000.000 төгрөг, нийт 26.000.000 төгрөгийг хариуцагч Д.Зоос гаргуулах нэхэмжлэл гаргажээ. Хариуцагч Д.З хүүгийн төлбөрт 20.800.000 төлсөн тул үлдэх төлбөрийг төлөхгүй хэмээн нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, улмаар сүүлд төлсөн 5.000.000 төгрөг, хүүгийн төлбөрт төлсөн гэх 20.800.000 төгрөг, нийт 25.800.000 төгрөгийг буцаан шаардаж сөрөг нэхэмжлэл гаргаснаар талууд маргасан.

Нэхэмжлэгч Д.Ж, Д.Д нар нь өөрсдийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн ...........дугаарт бүртгэгдсэн, Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо, 361-р гарам, Майхан 5 гудамж 1а тоот хаягт байрлах 413 м.кв талбай бүхий газар, мөн хаягт байрлах, эрхийн улсын бүртгэлийн ................ дугаарт бүртгэгдсэн 105 м.кв талбай бүхий хувийн сууц, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгө, мөн хаягт байрлах, эрхийн улсын бүртгэлийн Ү-2201027004 дугаарт бүртгэгдсэн 75.6 м.кв талбай бүхий хувийн сууцыг 50.000.000 төгрөгөөр хариуцагч Д.Зод худалдахаар 2013 оны 12 дугаар сарын 17-ны өдөр харилцан тохиролцжээ. /хх 64, 81, 117 дугаар тал/

Дээрх хөрөнгийг худалдан авахдаа хариуцагч Д.З нь 25.000.000 төгрөгийн урьдчилгаа төлбөр төлөх, үлдэх 25.000.000 төгрөгөөс сар бүр 2.5%-ийн хүү тооцож 2014 оны 12 дугаар сарын 17-ны өдөр төлж барагдуулахаар хүсэл зоригоо илэрхийлж Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1-д заасан зээлээр худалдах-худалдан авах гэрээ байгуулжээ. Энэ гэрээг талууд харилцан тохиролцож 2017 оны 06 дугаар сарын 17-ны өдрийг хүртэл хугацаагаар бичгээр сунгасан байна. /хх 7-11 дүгээр тал/

Хариуцагч Д.З нь урьдчилгаа төлбөр 25.000.000 төгрөгийг 2013 оны 12 дугаар сарын 17-ны өдөр, 5.000.000 төгрөгийг 2016 оны 08 дугаар сарын 01-ний өдөр, нийт 30.000.000 төгрөгийг төлж барагдуулсан талаар талууд маргаагүй. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.6-д зааснаар талуудын маргаагүй үйл баримтыг тогтоогдсон гэж үздэг.

Харин хариуцагч Д.З 2013 оноос хойш 20.800.000 төгрөгийн хүүгийн төлбөр төлсөн гэх үндэслэлээр гэрээний үндсэн төлбөрийн үлдэгдэл болох 20.000.000 төгрөгийг төлөхөөс татгалзсан нь үндэслэлгүй байна.

Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1-д зааснаар талууд зээлээр худалдах-худалдан авах гэрээ байгуулсан бол худалдагч гэрээний үндсэн төлбөрөөс гадна гэрээгээр харилцан тохиролцсон хүүг шаардан авах эрхтэй юм. Талуудын хооронд байгуулагдсан зээлээр худалдах-худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзэх Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д заасан үндэслэл тогтоогдоогүй, гэрээний дагуу шаардлага гаргах мөн хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д заасан хөөн хэлэлцэх хугацаа өнгөрөөгүй байна.

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар талууд өөрсдийн тайлбар, татгалзлаа нотлох үүрэгтэй. Хариуцагч Д.З нь үндсэн төлбөрийг төлсөн гэх үйл баримтыг, мөн төлөхгүй гэх татгалзлын үндэслэлээ нотолж чадаагүй тул зээлээр худалдах-худалдан авах гэрээний үндсэн төлбөр болох 20.000.000 төгрөгийг хариуцагч Д.Зоос гаргуулна.

Хариуцагч Д.З нь 625.000 төгрөгөөр олон удаа хүү төлсөн, нийт 20.800.000 төгрөгийн хүүгийн төлбөр төлсөн гэх боловч энэ тайлбар нь нэхэмжлэгчийн шаардсан хүүгийн төлбөрөөс чөлөөлөх үндэслэл болохгүй байна. Учир нь, хариуцагч Д.З нь 2016 оны 8 дугаар сарын 1-ний өдөр үндсэн төлбөрөөс 5.000.000 төгрөг төлснөөр мөн хугацаанаас хойш бодогдох сар бүрийн хүүгийн хэмжээ 500.000 төгрөг /20.000.000х2.5%/ болжээ. Нэхэмжлэгч нар нь 2016 оны 6 дугаар сарын 04-ний өдрөөс 2017 оны 6 дугаар сарын 17-ны өдрийг хүртэлх хугацаанд 1 сарын 500.000 төгрөгөөр тооцож /20.000.000 төгрөгөөс/ 12 сарын хүүгийн төлбөр шаардсан байна. Өөрөөр хэлбэл хариуцагч Д.З нь 2016 оны 8 дугаар сарын 1-ний өдрөөс хойш 2017 оны 6 дугаар сарын 17-ны өдрийг хүртэл хугацаанд сар бүр 500.000 төгрөг төлж байсан болохоо нотлох үүрэгтэй боловч энэ тайлбараа баримтаар нотолж чадаагүй.

Шүүхэд гэрчээр дуудагдсан Х.Нансалмаа нь Д.З сар бүр хүү төлж байсан талаараа надад ярьдаг байсан гэх агуулгатай мэдүүлэг өгчээ. Гэрч Х.Нансалмаа нь хариуцагчийн хадам эгч байх ба Д.Зтой хамт амьдардаггүй, хэзээ, хэдэн төгрөг, хэнд төлсөн талаар тодорхой мэдүүлээгүй, энэ талаар мэдэхгүй байх тул түүний мэдүүлгийг эргэлзээтэй гэж үзнэ. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар эргэлзээтэй баримт /мэдүүлэг/-ыг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгох боломжгүй байдаг.

Харин нэхэмжлэгч нар 2017 онд 500.000 төгрөгөөр 2 удаа буюу нийт 1.000.000 төгрөгийг хариуцагчаас авснаа хүлээн зөвшөөрч байх тул нэхэмжилж буй 6.000.000 төгрөгийг хүүгийн төлбөрөөс 1.000.000 төгрөгийг хасаж тооцох нь зүйтэй юм.

Хариуцагч Д.З нь улсын бүртгэлд бүртгэгдсэн худалдах-худалдан авах гэрээнүүд нь цаг хугацааны хувьд 2013 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн “Төлбөр төлөх тухай хэлцэл”–ээс өмнө байгуулагдсан тул эдгээр гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.2, 56.1.3-т заасан хууль зөрчсөн, дүр үзүүлсэн, өөр хэлцлийг халхавчлах зорилгоор хийсэн хэлцэл гэж үзэж, 2013 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн “Төлбөр төлөх тухай хэлцэл” болон уг гэрээний сунгалтуудыг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох шаардлага гаргасан. Мөн улсын бүртгэлд бүртгэгдсэн гэрээнүүдийн нийт үнэ 25.000.000 төгрөг байхад 5.000.000 төгрөгийн илүү төлбөр авсан, улсын бүртгэлд бүртгэгдсэн гэрээнд хүүгийн тохиролцоо бичигдээгүй байхад 20.800.000 төгрөгийн хүү авч үндэслэлгүй хөрөнгөжсөн /Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх хэсэг/ гэх үндэслэлээр нийт 25.800.000 төгрөгийг сөрөг нэхэмжлэл гарган нэхэмжлэгч нараас шаардсан.

Улсын бүртгэлд бүртгэгдсэн худалдах-худалдан авах гэрээнүүдийн нийт үнийн дүн 50.000.000 төгрөг байгаа нь тус байгууллагаас шүүхэд ирүүлсэн лавлагаа баримтаар тогтоогдож байна. /хх 60-92, 108-118 дугаар тал/   

Түүнчлэн, улсын бүртгэлд бүртгүүлсэн гэрээнүүд нь үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийг шилжүүлэх зорилго бүхий хэлцэл байна. Харин талуудын хооронд байгуулагдсан 2013 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн “Төлбөр барагдуулах тухай хэлцэл” нь талуудын хооронд үүргийн эрх зүйн харилцаа үүсгэх зорилго бүхий хэлцэл байх ба үүргийн хэлцлийг бичгээр хийхдээ цаг хугацааны хувьд өмчийн хэлцлээс хожим хийсэн явдал нь тухайн хэлцлийг хууль зөрчсөн гэж үзэх үндэслэл болохгүй юм.

Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т заасан дүр үзүүлж хийсэн хэлцэл нь талууд тухайн гэрээгээр аливаа эрх зүйн үр дагавар бий болгох зорилго агуулаагүй байдаг. Гэтэл хариуцагч Д.З нь үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийг шилжүүлэн авсан, зарим төлбөрийг төлсөн байна. Энэ тохиолдолд талууд эрх зүйн үр дагавар бий болгох зорилгогүй байсан буюу дүр үзүүлж хэлцэл хийсэн гэж үзэх боломжгүй.

            Иргэний хуулийн 198 дугаар зүйлийн 198.2-т зааснаар гэрээг тайлбарлахдаа талуудын хүсэл зориг болон гэрээ байгуулах болсон бусад нөхцөл байдалтай харьцуулан үзэх ёстой. Талууд гэрээг улсын бүртгэлд бүртгүүлэхдээ хүү тогтоосон тохиролцоог халхавчлах буюу нуух шаардлагатай байсан, ийм хүсэл зоригтой байсан гэж үзэх үндэслэл хэрэгт авагдсан баримтын хэмжээнд тогтоогдоогүй. Иймд хариуцагчийн сөрөг нэхэмжлэл үндэслэлгүй байна.  

Дээр дурдсан үндэслэлээр хариуцагч Д.Зоос 25.000.000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч нарт олгож, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон,

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1-д заасныг баримтлан Д.Зоос 25.000.000 төгрөгийг гаргуулан Д.Ж, Д.Д нарт олгож, нэхэмжлэлээс 1.000.000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.2, 56.1.3, 56.4, 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасан үндэслэлгүй тул 2013 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн “Төлбөр төлөх тухай хэлцэл” гэрээ болон түүний сунгалт гэрээнүүдийг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгож, Д.Ж, Д.Д нараас 25.800.000 төгрөгийг буцаан гаргуулах тухай Д.Зын сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 287.950 төгрөг, хариуцагчаас тэмдэгтийн хураамжид төлсөн 412.000 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Зоос 282.950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д.Ж, Д.Д нарт олгосугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд хандаж гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Б.ХИШИГБААТАР