Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 07 сарын 28 өдөр

Дугаар 210/МА2021/01180

 

 

 

 

 

 

 

 

 

Д.Ж, Д.Д- нарын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Г.Даваадорж, шүүгч Д.Нямбазар нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 05 сарын 25-ны өдрийн 184/ШШ2021/01210 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Д.Ж, Д.Д- нарын нэхэмжлэлтэй, хариуцагч Д.З-од холбогдох, гэрээний үүрэгт 26 000 000 төгрөг гаргуулах үндсэн шаардлагатай, хэлцэл хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгож 25 800 000 төгрөг буцаан гаргуулах сөрөг шаардлагатай иргэний хэргийг хариуцагч талын гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Д.Нямбазар илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.Батжаргал, хариуцагч Д.З-, түүний өмгөөлөгч Б.Оюунбилэг, шүүх хуралдааны нарийн бигийн дарга Ч.Халиун нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч тал нэхэмжлэл, тайлбартаа: Нэхэмжлэгч Д.Ж, Д.Д- бид өөрсдийн өмчлөлийн Сонгинохайрхан дүүргийн 21 хороо, 361 дүгээр гарамд байршилтай Майханы 5-1 тоот хаяг дахь газар, хувийн сууц, дэлгүүрийг хамтад нь Д.З- гэдэг хүнд 50 000 000 төгрөгөөр үнэлж худалдсан бөгөөд тухайн 2013 оны 12 сарын 17-нд хэлцэл хийж 25 000 000 төгрөгийг бэлнээр авсан. Үлдэх 25 000 000 төгрөгийг сар бүр 2.5 хувийн хүү төлж 1 жилийн дотор барагдуулна гэсэн. Хариуцагч Д.З- нь 2016 оны 08 сарын 01-нд 5 000 000 төгрөг төлж, үлдэх 20 000 000 төгрөгийг 2017 оны 06 сарын 17-ны өдөр хүртэл хугацаанд сар бүр 2.5 хувийн хүүтэй төлөхөөр тохиролцсон боловч одоо хүртэл төлөөгүй. Иймд худалдах, худалдан авах гэрээний үлдэгдэл 20 000 000 төгрөгийг 2016 оны 09 сарын 28-ны өдрийн хэлцлийн 2.5 хувийн хүү болох 6 000 000 төгрөг, нийт 26 000 000 төгрөгийг хариуцагч Д.З-оос гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч тал хариу тайлбартаа: Бид Сонгинохайрхан дүүргийн 21-р хороо, 361 дүгээр гарам дээр байрлах Майханы 5-1 тоот хашаа, байшин, дэлгүүрийг 2013 оны 12 сарын 17-ны өдрийн төлбөр төлөх тухай хэлцлээр 50 000 000 төгрөгөөр худалдах, худалдан авахаар тохирч урьдчилгаа 25 000 000 төгрөгийг төлсөн. Үлдэх 25 000 000 төгрөгийг сар бүр 2.5 хувийн хүүтэйгээр 1 жилийн хугацаанд төлөхөөр хэлцэл хийж би сар бүрийн 650 000 төгрөгийг 2013 оны 12 сараас 2016 оны 08 сар хүртэл нийт 20 800 000 төгрөг төлсөн. 2015, 2016 онд хэлцлийг бичгээр сунгасан. 2016 оны 08 сард бэлнээр 5 000 000 төгрөг төлсөн. Нийт 20 800 000 төгрөгийн хүү төлсөн тул үлдэх төлбөрийг төлөх үндэслэлгүй гэжээ.

 

Хариуцагч тал сөрөг нэхэмжлэл, тайлбартаа: Нэхэмжлэгч Д.Ж- болон Д.Д- нар нь 26 000 000 төгрөг надаас нэхэмжилж шүүхэд хандсан. Иймд миний бие нь Сонгинохайрхан дүүргийн 21-р хороо, 361 дүгээр гарам, Майханы 5-1 тоот хаягт байрлах хашаа, байшин, дэлгүүрийг худалдах, худалдан авах хэлцэл нь хууль зөрчсөн хэлцэл, гэрээний хэлбэрийг зөрчсөн, бидний хооронд хийгдсэн дээрх хэлцлүүдийг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулан хашаа, байшин, дэлгүүрийг буцаан өгч, хэлцлийн үр дагавар болох Д.Ж-д төлсөн нийт 50 800 000 төгрөгийг буцаан гаргуулж өгнө. Улсын бүртгэлийн ерөнхий газраас ирүүлсэн баримтыг үндэслээд нэхэмжлэлийн шаардлага, болон үндэслэлийг өөрчилж байна. 2013 оны 12 сарын 17-ны өдрийн төлбөр барагдуулах хэлцэл хийхээс өмнө улсын бүртгэлд өөр хэлцэл бүртгүүлсэн байна. Цаг хугацааны хувьд хожим байгуулсан төлбөр барагдуулах хэлцэл нь хууль зөрчсөн, дүр үзүүлсэн, өөр хэлцлийг халхавчлах зорилгоор хийсэн хэлцэл юм. Мөн улсын бүртгэлд бүртгүүлсэн гэрээнүүдийн нийт үнэ 25 000 000 төгрөг байна. Иймд дээрх хэлцлүүдийг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.2, 56.1.3-т зааснаар хүчин төгөлдөр бус болохыг тогтоож, үндэслэлгүй илүү төлсөн 5 000 000 төгрөг болон хүүгийн төлбөрт төлсөн 20 800 000 төгрөг, нийт 25 800 000 төгрөгийг Д.Ж, Д.Д- нараас буцаан гаргуулж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгч тал сөрөг нэхэмжлэлийн хариу тайлбартаа: Д.З-ын нэхэмжилсэн 25 800 000 төгрөгийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь бид үл хөдлөх хөрөнгийг Д.З-ын нэр дээр шилжүүлээд өнөөдрийг хүртэл Д.З- хөрөнгийг эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулж байгаа. Гэтэл сөрөг нэхэмжлэлдээ хашаа, байшин, дэлгүүрийг буцааж өгнө, гэрээ хүчин төгөлдөр бус, хүү төлөхгүй гэж байгаа нь үндэслэлгүй юм. Д.З- нь биднээс худалдаж авсан хөрөнгийн үлдэгдэл төлбөрийг төлөх боломжгүй байна гээд өөрийн санаачилгаар нотариат орж хэлцэл хийсэн бөгөөд одоо хэлцэл хүчин төгөлдөр бус гэж үзээд байгаа нь ямар ч үндэслэлгүй юм. Иймд Д.З-ын сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Анхан шатны шүүх: Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1-д заасныг баримтлан Д.З-оос 25 000 000 төгрөгийг гаргуулан Д.Ж, Д.Д- нарт олгож, нэхэмжлэлээс 1 000 000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.2, 56.1.3, 56.4, 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасан үндэслэлгүй тул 2013 оны 12 сарын 17-ны өдрийн төлбөр төлөх тухай хэлцэл гэрээ болон түүний сунгалт гэрээнүүдийг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгож, Д.Ж, Д.Д- нараас 25 800 000 төгрөгийг буцаан гаргуулах тухай Д.З-ын сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 287 950 төгрөг, хариуцагчаас тэмдэгтийн хураамжид төлсөн 412 000 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.З-оос 282 950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д.Ж, Д.Д- нарт олгож шийдвэрлэжээ.

Хариуцагч тал давж заалдах гомдолдоо: Талуудын анхны хүсэл зориг Сонгинохайрхан дүүргийн 21-р хороо, 361-ийн гарам дээр байрлах Майханы 6-1 тоот хашаа, байшин, дэлгүүрийг нэг тал нь худалдах, нөгөө тал нь төлбөр төлөхөөр тохиролцож, худалдах, худалдан авахаар хэлцэл хийж, 2013 оны 11 сарын 15-ны өдөр 3 гэрээ хийсэн. Гэрээний зүйл нь 75.6 м.кв, 105.6 м.кв талбай бүхий 2 байшин, хашааг байгаа. 75 м.кв амины орон сууц худалдах, худалдан авах гэрээг Д.Жамбал, Д.З- нарын хооронд байгуулсан. 105 м.кв амины орон сууц худалдах, худалдан авах гэрээ Д.Жамбал, Д.Д- нартай Д.З- байгуулсан. 413 м.кв талбайтай хашаатай газрыг авахаар Д.З-, Д.Д- нарын хооронд гэрээ байгуулсан. 75 м.кв амины орон сууцыг 15 000 000 төгрөгөөр, 105 м.кв амины орон сууцыг 25 000 000 төгрөгөөр, газрыг 10 000 000 төгрөгөөр үнэлсэн. Уг 3 гэрээнд төлбөр төлөх хугацааг 2013 оны 12 сарын 13-ны өдрийн дотор төлөхөөр тохиролцсон. Нийт 50 000 000 төгрөгийн төлбөрөөс 25 000 000 төгрөгийг гэрээ хийсэн өдрөө өгсөн. Гэтэл Д.Жамбал нь бие дааж 2013 оны 12 сарын 17-ны өдөр Д.З-той бичгээр хэлцэл хийсэн. Уг хэлцлээр төлбөрийн үлдэгдэл 25 000 000 төгрөгийг сарын 2.5 хувийн хүүтэй, 2014 оны 12 сарын 17-ны өдөр төлөх, хугацаандаа төлж барагдуулахгүй бол алданги тооцохоор тохиролцсон. Энэ нь хууль зөрчсөн. Уг хэлцлийг 2015 оны 02 сарын 04, 2016 оны 02 сарын 04, 2016 оны 06 сарын 04, 2016 оны 09 сарын 28-ны өдөр тус тус сунгасан. Талуудын анх Иргэний хуулийн худалдах, худалдан авах гэрээ хийсэн. Уг гэрээгээр хугацаа болон үнийг тохирсон. Гэтэл дахин хэлцэл хийж, хүү болон алданги тооцохоор Д.Жамбал дангаар гэрээ хийсэн. Д.З- нь Д.Жамбалтай байгуулсан хэлцлийг үндэслэж 2016 оны 09 сар хүртэлх хугацаанд сар бүр 650 000 төгрөг төлж байсан. Сар бүр төлж байсан мөнгөн дүн нь нийт 20 800 000 төгрөг болж байгаа. Д.Жамбал, Д.Д- нар шүүхэд нэхэмжлэл гаргахдаа 25 000 000 төгрөгийг нэхэмжлэхдээ сар бүрийн төлсөн мөнгө болох 20 800 000 төгрөгийг хасаагүй. Мөн Д.З- нь 2016 онд 5 000 000 төгрөгийг төлсөн. Нийт үнийн дүнгээс 30 000 000 төгрөгийг төлсөн. Д.З- нь үндсэндээ 50 000 000 төгрөгийг төлсөн. Гэтэл нэхэмжлэгч нар нь уг мөнгийг авснаа хүлээн зөвшөөрдөггүй. Гэтэл 650 000 төгрөгийг төлөхөө зогсоосон хугацааны мөнгө болох 25 000 000 төгрөгийн нэхэмжлэлийг шүүхэд гаргасан. Д.З- нь нэхэмжлэлийг эс зөвшөөрч, сөрөг нэхэмжлэл гаргасан. Д.Жамбалтай байгуулсан хэлцэл нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлд заасан хууль зөрчсөн, дүр үзүүлж хийсэн хэлцэл учраас Д.Жамбалтай дангаар хийсэн хэлцлүүдийг бүгдийг нь хүчин төгөлдөр бусд тооцож өгнө үү. Тиймээс төлбөр төлөх үндэслэлгүй юм. Хүү гэж төлсөн 20 800 000 төгрөгийг буцаан гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гаргасан. Гэтэл шүүх хэлцлүүдийг хооронд нь ялгаж, салгахгүйгээр нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй. Шүүх хариуцагчийн хүлээн зөвшөөрсөн 1 000 000 төгрөгийг хасч шийдвэрлэсэн. Шүүх хуралдааны тэмдэглэлд ...4 удаа төлсөн... гэж хэлсэн нь тусгагдсан. Шүүх хүлээн зөвшөөрөгдсөн 1 000 000 төгрөгийг хасч, бусад нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөхгүй. Талууд Иргэний хуулийн 262 дугаар зүйлд зааснаар зээлээр худалдах, худалдан авах гэрээ хийсэн байхад шүүх үүнийг анхаарч үзэлгүй нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй. Иймд анхан шатны шүүх шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Нэхэмжлэгч тал хариуцагчийн сар бүр төлсөн төлбөрт баримт үйлдээгүйг далимдуулж, үлдсэн 25 000 000 төгрөгийг нэхэмжилсэн. Нэхэмжлэгч 2016 оны 08 сарын 01-ний өдрөөс 2017 оны 06 сарын 17-ны өдрийг хүртэлх хугацааны төлбөрийг гаргуулахаар нэхэмжилсэн. Үүнийг харахаар Д.З-ын сар бүр 650 000 төгрөг төлөхийг зогсоосон хугацаа байгаа. Үүнийг шүүх анхаарч үзээгүй гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах үндэслэлтэй.

 

Нэхэмжлэгч Д.Ж, Д.Д- нар хариуцагч Д.З-од холбогдуулан гэрээний үүрэгт нийт 26 000 000 төгрөг гаргуулах шаардлага гаргасныг хариуцагч бүхэлд нь эс зөвшөөрч, хэлцэл хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгож, 25 800 000 төгрөг буцаан гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гарган маргажээ. /хх 1-2, 20, 32, 40, 136/

 

Хэрэгт авагдсан 2013 оны 11 сарын 15-ны өдрийн Орон сууц худалдах, худалдан авах гэрээ-нүүд /хх 64, 81, 117/, 2013 оны 12 сарын 17-ны өдрийн Төлбөр төлөх тухай хэлцэл /хх 11/, Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ-нүүд /хх 77, 83, 118/ болон зохигчдын тайлбараар Д.Д- нь өөрийн өмчлөлд бүртгэлтэй Сонгинохайрхан дүүрэг, 21-р хороо, 361-р гарам, Майхан 5 гудамж, 1а тоот хаягт байршилтай 413 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний газрыг 10 000 000 төгрөгөөр, 105 м.кв талбайтай хувийн сууцыг 25 000 000 төгрөгөөр, Д.Ж- нь өөрийн өмчлөлд бүртгэлтэй дээрх хаягт байршилтай 75.6 м.кв талбайтай хувийн сууцыг 15 000 000 төгрөгөөр тус тус Д.З-од худалдахаар харилцан тохиролцсон, улмаар Д.З- нь 25 000 000 төгрөгийг төлсөн, үлдэх 25 000 000 төгрөгийг нэг сарын 2.5%-ийн хүүтэйгээр нэг жилийн хугацаанд төлж барагдуулах нөхцөлийг харилцан тохиролцсон үйл баримт тус тус тогтоогдож байна.

 

Өөрөөр хэлбэл, талууд улсын бүртгэлд талуудын харилцан тохиролцсон хүүгийн хэмжээг тусгах боломжгүй учир үл хөдлөх эд хөрөнгүүдийн үндсэн үнээр буюу нийт 50 000 000 төгрөгийн үнийн дүн бүхий хэлцлийг бүртгүүлж, төлбөл зохих хүү, хугацааг тусдаа хэлцлээр харилцан тохиролцжээ.

 

Анхан шатны шүүх талуудын хооронд үүссэн дээрх харилцааг Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1 дэх хэсэгт заасан зээлээр худалдах, худалдан авах гэрээний үүргийн харилцаа гэж зөв дүгнэн, гэрээний хүчин төгөлдөр байдлын тухай үндэслэл бүхий дүгнэлт хийж, худалдан авагч Д.З-оос нийт 50 000 000 төгрөгийн 50 хувь болох 25 000 000 төгрөгийг худалдагч Д.Д-, Д.Ж- нарт төлсөн үйл баримтыг зөв тогтоосон боловч зээлээр худалдах, худалдан авах гэрээний онцлог зохицуулалт буюу Иргэний хуулийн 263 дугаар зүйлийн 263.2, 263 дугаар зүйлийн 263.4 дэх хэсгийн зохицуулалтыг анхааралгүй хариуцагчаас нийт 25 000 000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч нарт олгож шийдвэрлэсэн нь учир дутагдалтай болжээ.

 

Тодруулбал Д.Д-, Д.Ж-, Д.З- нар Иргэний хуулийн 263 дугаар зүйлийн 263.2.1-263.2.3-т заасан нөхцөлийг буюу бэлэн мөнгөөр хийх төлбөрийн хэмжээг 25 000 000 төгрөг гэж, хэсэгчлэн хийх төлбөрийн хэмжээг 25 000 000 төгрөг, төлбөл зохих хүүгийн хэмжээг нэг сарын 2.5 хувиар 1 жил гэж тус тус харилцан тохиролцсон болох нь хэргийн 9 дэх талд авагдсан баримтаар тогтоогдсон. Иймд гэрээний үнийг эд хөрөнгийн үнэ 50 000 000 төгрөг, хүү 7 500 000 төгрөг буюу нийт 57 500 000 төгрөг гэж үзэх үндэслэлтэй.

 

Харин хэргийн 7-10 дугаар талд авагдсан 2015 оны 02 сарын 04, 2016 оны 02 сарын 04, 2016 оны 09 сарын 28-ны өдрүүдийн Төлбөр төлөх тухай хэлцэл, 2016 оны 06 сарын 04-ний өдрийн Гэрээгээ сунгах тухай хэлцэл зэрэг хэлцлүүд нь нэхэмжлэгч нарт хүү шаардах эрхийг олгохгүй юм. Учир нь Иргэний хуулийн 263 дугаар зүйлийн 263.2, 263.4 дэх хэсэгт тус тус заасан зохицуулалтын агуулгаас үзвэл талууд гэрээний гол нөхцөл болох бэлэн мөнгөөр хийх төлбөрийн хэмжээ, хэсэгчлэн хийх төлбөрийн хэмжээ, хугацаа, төлбөл зохих хүүгийн хэмжээ зэрэг нөхцөлүүдийг тодорхойлох буюу гэрээний нийт үнийг харилцан тохиролцож тогтоох агуулгатай, харин гэрээний хүү төлөх хугацааг зээлийн гэрээ болгон сунгах байдлаар гэрээний нийт үнийг ихэсгэх эрхийг эдлэхгүй агуулгатай гэж ойлгогдохоор байна. Өөрөөр хэлбэл талууд мөнгөн хөрөнгө зээлдүүлэх, зээлдэх харилцаанд ороогүй, нэг бүрийн шинжээр тодорхойлогдох эд хөрөнгийн үнэд нэмж хүү төлөхөөр тохиролцсон. Иймд зээлийн гэрээний сунгалт гэх баримтыг үндэслэн үргэлжлүүлэн хүү тооцох боломжгүй юм.

 

Зохигчид мөнгө өгч, авалцахдаа бичгээр баримт үйлдээгүй ба хариуцагч Д.З-оос хүүгийн төлбөрт төлсөн үнийн дүнгийн талаар харилцан адилгүй тайлбар гаргаж байх боловч өмнө дурдсан 2015 оны 02 сарын 04, 2016 оны 02 сарын 04, 2016 оны 09 сарын 28-ны өдрүүдийн Төлбөр төлөх тухай хэлцэл, 2016 оны 06 сарын 04-ний өдрийн Гэрээгээ сунгах тухай хэлцэл-үүдийг үндэслэн хариуцагчаас хүүгийн төлбөрт төлсөн төлбөрийн хэмжээг тодорхойлох боломжтой гэж үзлээ.

 

Дээрх бичгээр хийсэн хэлцлүүдэд худалдан авагч нь тохиролцсон хүүг тогтсон хугацаанд төлж ирсэн гэх агуулгыг дурьдаж гарын үсэг зурсан байх тул хариуцагч Д.З-ыг 2014 оны 01 сараас 2016 оны 09 сар хүртэлх нийт 30 сарын хугацаанд 25 000 000 төгрөгийн 2.5 хувь болох /625 000 төгрөг х 30 сар/ нийт 18 750 000 төгрөгийг төлсөн гэж үзэх үндэслэлтэй.

 

Иймд гэрээний нийт үнийн дүн болох 57 500 000 төгрөгөөс хариуцагчийн үндсэн төлбөрт төлсөн 25 000 000 төгрөг, нэхэмжлэгч авснаа хүлээн зөвшөөрч тайлбарласан 5 000 000 төгрөг, нийт 30 000 000 төгрөгийг хасч, мөн хүүгийн төлбөрт төлсөн 18 750 000 төгрөгийг хасахад 8 750 000 төгрөгийн үлдэгдэл байна. Үүнээс нэхэмжлэгч талын хүлээн зөвшөөрсөн хариуцагч талаас 2016 оны 09 сараас хойш төлсөн гэх 1 000 000 төгрөгийг хасахад хариуцагч Д.З- нь зээлээр худалдах, худалдан авах гэрээний дагуу 7 750 000 төгрөгийн үүрэг хүлээх тооцоолол гарч байна.

 

Талуудын хооронд байгуулагдсан гэрээ, хэлцлийг хүчин төгөлдөр буст тооцох үндэслэл тогтоогдоогүй тул нэхэмжлэгч Д.Ж, Д.Д- нарт холбогдуулан гаргасан хариуцагч Д.З-ын сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон анхан шатны шүүхийн шийдвэр нь хууль зүйн үндэслэлтэй.

 

Дээр дурьдсан үндэслэлээр хариуцагч Д.З-оос зээлээр худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 7 750 000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д.Ж, Д.Д- нарт олгож, үлдэх 18 250 000 төгрөгт холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгосон өөрчлөлтийг анхан шатны шүүхийн шийдвэрт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.   Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 05 сарын 25-ны өдрийн 184/ШШ2021/01210 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад ...25.000.000 төгрөгийг... гэснийг ...7 750 000 төгрөгийг гэж, ... 1.000.000 төгрөгийн... гэснийг ...18 250 000 төгрөгийн гэж,

Тогтоох хэсгийн 3 дахь заалтад ...282.950 төгрөгийг... гэснийг ...138 950 төгрөгийг... гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, хариуцагч Д.З-, түүний өмгөөлөгч Б.Оюунбилэг нарын гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангасугай.

 

2.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч талаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 283 000 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

ШҮҮГЧИД Г.ДАВААДОРЖ

 

Д.НЯМБАЗАР