Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 05 сарын 25 өдөр

Дугаар 184/ШШ2021/01209

 

 

 

                                   2021         05         25     

                 184/ШШ2021/01209

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

            Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Хишигбаатар даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Г.Т нэхэмжлэлтэй,

 

 Хариуцагч: НШШГГ-т холбогдох,

 

  Үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ болон анхны албадан дуудлага худалдаа явуулах тогтоолыг хүчингүй болгох тухай иргэний хэргийг хянан шийдвэрлэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Х, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ш.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.М, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Э.Намуундарь нар оролцов.

                                                                                                          ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Г.Т шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний төлөөлөгч М.Халиунжаргал шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 2781 тоот захирамжаар “Э.У” ХХК, М.Цэвэлням нараас 241.279.163 төгрөг гаргуулж “Хас” банкинд олгохоор эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож захирамжилжээ. Дээрх захирамжийн дагуу Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас үүргийн гүйцэтгэлд барьцаалсан төлбөр төлөгч Э.У ХХК, М.Цэвэлням нарын төлөх төлбөрт гуравдагч этгээд болох Г.Т миний өмчлөлийн /Ү-2205056137/ Баянгол дүүргийн 6 дугаар хороо, Энхтайваны өргөн чөлөө гудамж, 87/3 дугаар байр, .................. тоотод байрлах орон сууцыг шийдвэр гүйцэтгэх ажиллагаагаар битүүмжилж хураасан байна. Тухайн үедээ төлбөр төлөгч Э.У ХХК-ийн захирал Х.Хосбаяр надад хэлэхдээ Хас банкны төлбөрийг төлж байгаа удахгүй төлөөд дуусган гэж ярьснаас өөрөөр шийдвэр гүйцэтгэх байгууллага надтай уулзсан зүйл байхгүй. Гэтэл Х.Хосбаяр 2021 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр над руу утсаар яриад “Танай 2 өрөө орон сууцыг шийдвэр гүйцэтгэл 2021 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр бусдад зарчихсан байна шүү чи мэдсэн үү” гэж ярьсан. Тэгэхээр нь би “Юу болоод байгаа юм бэ гэхэд тэрээр шийдвэр гүйцэтгэгч Мөнхцэцэгтэй уулз” гэсэн. Тэр өдрөө би тус байгууллага дээр очиж шийдвэр гүйцэтгэгчтэй уулзахад НШШГГ-ын 2021 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 4/130/1222 дугаар албан мэдэгдэл, ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2021 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн анхны албадан дуудлага худалдаа явуулах тухай 1-45 тогтоол, НШШГГ-ын 2021 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 4/130/169 дугаар албан мэдэгдэл, ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2020 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн анхны албадан дуудлага худалдаа явуулах тухай 12/51 дугаар тогтоол, НШШГГ-ын 2020 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 4/130/40884 дугаар албан мэдэгдлүүдийг гардан авсан. Уг мэдэгдлүүдийг гардан авснаар  миний өмчлөлийн Баянгол дүүргийн 6 дугаар хороо, 87/3 дугаар байр, .................. тоот хаягт байрлах 2 өрөө орон сууцыг шинжээчээр 82.500.000 төгрөгөөр үнэлснийг, мөн анхны албадан дуудлага худалдаагаар 60.750.000 төгрөгөөр бусдад худалдан борлуулсан болохыг мэдсэн. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь шийдвэр гүйцэтгэх ажиллагааг талуудад мэдэгддэг атлаа гуравдагч этгээд, өмчлөгчид мэдэгдэж байгаагүй. Өмчлөгч надаас үл хөдлөх эд хөрөнгийн үнийн саналыг хуульд заасны дагуу аваагүй, өмчлөгч, үүрэг гүйцэтгэгч, үүрэг гүйцэтгүүлэгч нарыг харилцан тохиролцуулаагүй. Хууль бусаар шинжээч томилон үнэлүүлсэн үнэлгээ болон хөрөнгийг албадан дуудлага худалдаагаар 60.750.000 төгрөгөөр бусдад худалдан борлуулсныг тус тус хүлээн зөвшөөрөхгүй байна. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаатай холбогдуулан анхны албадан дуудлага худалдааг хүчингүй болгуулахаар Ерөнхий шийдвэр гүйцэтгэгчид 2021 оны 02 дугаар сарын 01-ний өдөр гомдол гаргасан. Гэвч Ерөнхий шийдвэр гүйцэтгэгч миний гаргасан гомдлыг хүлээн аваагүй бөгөөд 2021 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 69 тоот хариуг би гэрийн хаягаараа 2021 оны 02 дугаар сарын 17-ны өдөр шуудангаар хүлээн авсан. Иймд хариуцагч НШШГГ нь миний орон сууцыг үнэлсэн үнэлгээ болон ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2021 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 1-45 дугаартай анхны албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоолыг тус тус  хүчингүй болгож өгнө үү гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.М шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 2781 дүгээр захирамжаар Э.У ХХК, Цэвэлням нараас 241.279.163 төгрөгийг гаргуулж Хас банкинд олгохоор шийдвэрлэсэн. Төлбөр төлөгч шийдвэр гүйцэтгэгчийн тогтоосон хугацаанд төлбөрийг төлөөгүй тул үүргийн гүйцэтгэлд барьцаалсан гуравдагч этгээд Г.Тойруулийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн ..................дугаарт бүртгэлтэй Баянгол дүүргийн 6 дугаар хороо, 10 дугаар хороолол, 87/3 дугаар байр .................. тоотод байрлах 55 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг 2018 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 18271918/06 тоот тогтоолоор битүүмжилж, 2019 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 18271918/130 тоот тогтоолоор хураасан. Талууд, өмчлөгчид хөрөнгийн үнэлгээг Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д заасны дагуу харилцан тохиролцож тогтоох тухай 2019 оны 3 дугаар сарын 06-ны өдрийн 4/6280 тоот албан бичгийг баталгаат шуудангаар хүргүүлэхэд өмчлөгч Г.Тойруулийн эрхийн улсын бүртгэлийн ..................дугаарт бүртгэлтэй Баянгол дүүргийн 6 дугаар хороо, 10 дугаар хороолол, 87/3 дугаар байр .................. тоотод байрлах 55 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг 160.000.000 төгрөгөөр үнэлэх саналыг 2019 оны 3 дугаар сарын 15-ны өдөр шийдвэр гүйцэтгэгчид ирүүлж, төлбөр төлөгч үнийн саналыг ирүүлээгүй. Төлбөр авагч Хас банк хөндлөнгийн шинжээч томилох хүсэлт гаргасан тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2-д заасныг үндэслэн “Хөрөнгийн үнэлгээний төв” ХХК-ийг хөндлөнгийн шинжээчээр томилж, үнэлгээ тогтооход дээрх барьцаа хөрөнгийг 82.500.000 төгрөгөөр тогтоосон байна. Талуудад Ш/54 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайланг 2019 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн 4/7660 тоот үнэлэгдсэн үнэлгээний талаарх мэдэгдлээр танилцуулж, баталгаат шуудангаар хүргүүлэн 2019 оны 4 дүгээр сарын 04-ний өдөр Э.У ХХК-ийн захирал Б.Хосбаяр гуравдагч этгээд Г.Тд дамжуулан өгөхөөр хүлээн авсан. Хөрөнгийн албадан дуудлага худалдаа зохион байгуулах тухай 4-130/40884 тоот мэдэгдэл, 12/51 тоот тогтоолыг баталгаат шуудангаар хүргүүлсэн. Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 181 тоот тогтоолоор Ковид-19 цар тахалтай тэмцэх, гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн тул албадан дуудлага худалдааг тодорхойгүй хугацаагаар хойшлуулсан. Иймд 2020 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн товлогдсон анхны албадан дуудлага худалдаа хойшлогдож, 2021 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр анхны албадан дуудлага худалдаа зохион байгуулах тухай 4-130/169 тоот мэдэгдэл, 1-45 тоот тогтоолыг баталгаат шуудангаар хүргүүлж, гуравдагч этгээд Г.Тойруулийн 80074559 дугаарын утсаар 2021 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр холбогдон танилцуулж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1-д заасны дагуу тэмдэглэлээр баталгаажуулсан. Тус газраас зохион байгуулсан 2021 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн анхны албадан  дуудлага худалдаагаар үл хөдлөх эд хөрөнгө 60.750.000 төгрөгөөр худалдан борлогдсон болохыг 2021 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 4-130/1222 тоот мэдэгдлээр төлбөр төлөгч Э.У ХХК-ийн захирал Б.Хосбаярт мэдэгдэж, гуравдагч этгээд Г.Тд мэдэгдлийг дамжуулан өгөхөөр хүлээн авсан. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан тул нэхэмжлэгч Г.Тойруулийн гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Зохигчдын тайлбар, хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад,

                                                                                                                   ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Г.Т нь Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2019 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн үнэ тогтоосон ажиллагаа, 2021 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 1-45 дугаартай тогтоолоор зохион байгуулсан анхны албадан дуудлага худалдааг тус тус хүчингүй болгуулахаар гомдол гаргасныг хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар бүхэлд нь эс зөвшөөрч маргажээ.

Хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 184/ШШ2017/02781 дугаартай “Зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамж” болон 2018 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 322 дугаартай “Шүүхийн гүйцэтгэх хуудас”-ыг үндэслэн, 18271918 дугаартай тогтоолоор шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг эхлүүлжээ. /хх 39-44 дүгээр тал/

Хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь гүйцэтгэх баримт бичигт заасны дагуу барьцаа хөрөнгөөс төлбөр барагдуулах ажиллагааг хийж гүйцэтгэхээр 2018 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 18271918/06, 2019 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 18271918/130 дугаартай тогтоолуудаар, Г.Тойруулийн өмчлөлийн, эрхийн улсын бүртгэлийн ..................дугаарт бүртгэлтэй, Баянгол дүүргийн 6 дугаар хороо, 10 дугаар хороолол, 87/3 дугаар байрны .................. тоот хаягт байрлах, 55 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцыг хураан авч, төлбөрт хураагдсан эд хөрөнгийн үнэ тогтоох ажиллагааг хийж гүйцэтгэсэн байна.

Төлбөр төлөгч болон гуравдагч этгээд нарт шийдвэр гүйцэтгэх ажиллагаагаар битүүмжилж, хураасан үл хөдлөх эд хөрөнгүүдийн үнэлгээг Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д заасны дагуу үүрэг гүйцэтгэгч, үүрэг гүйцэтгүүлэгч нартай харилцан тохиролцож тогтоон үнийн саналаа ирүүлэхийг Нийслэлийн шүүхийн шийдвэрийн гүйцэтгэх газраас 2019 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 4/6280, 2019 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн 4/6654 дугаартай мэдэгдлээр тус тус мэдэгдсэн байна.

Үүний дагуу гуравдагч этгээд Г.Т-с өөрийн өмчлөлийн орон сууцыг 160.000.000 төгрөгөөр үнэлж, үнийн саналыг 2019 оны 3 дугаар сарын 15-ны өдөр Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт ирүүлжээ. /хх 57 дугаар тал/

Төлбөр авагч “Хас банк” ХХК нь 2019 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 13/1686 тоот албан бичгээр, төлбөр төлөгч, барьцаалуулагч нараас битүүмжилж, хураасан хөрөнгийн хувьд дуудлага худалдаанд оруулах үнийн саналаа ирүүлсэн нь зах зээлийн үнээс хэт өндөр, хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж үзэж, хөндлөнгийн шинжээч томилуулах хүсэлтийг хариуцагч байгууллагад ирүүлсэн байна. /хх 59 дүгээр тал/

Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д зааснаар нэг талын хүсэл зоригийн илэрхийллийг нөгөө тал хүлээн авснаар хүчин төгөлдөр болдог. Үл хөдлөх хөрөнгийн өмчлөгч Г.Т-н гаргасан үнийн саналыг зөвшөөрөхгүй байгаа талаар Хас банк ХХК бичгээр мэдэгдсэн байх тул талууд үнийн талаар тохиролцоонд хүрээгүй гэж үзнэ. Иймд Хас банк ХХК-иас үнийн санал аваагүй, талуудыг тохиролцуулаагүй гэх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар үндэслэлгүй байна.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2-т зааснаар хөрөнгийн үнэлгээг талууд, өмчлөгч харилцан тохиролцож чадаагүй бол шинжээчээр үнэлүүлэхээр заажээ. Хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас 2019 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 92 дугаар тогтоолоор шинжээч томилж, хөрөнгийн үнэлгээг тогтоосон нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2 дахь хэсэг болон Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсгийг зөрчөөгүй байна.

Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас 2019 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн 4/7660 тоот мэдэгдлээр гуравдагч этгээд Г.Т-н төлбөрт хураагдсан үл хөдлөх эд хөрөнгийг шинжээч 82.500.000 төгрөгөөр үнэлсэн болохыг төлбөр төлөгч, авагч, өмчлөгч нарт баталгаат шуудангаар хүргүүлсэн нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 14 дүгээр зүйлд заасантай нийцсэн байна. /хх 78-80 дугаар тал/

Түүнчлэн, төлбөр төлөгч Э.У ХХК /захирал Х.Хосбаяр/ нь төлбөрт хураагдсан үл хөдлөх эд хөрөнгүүдийг үнэлсэн шинжээчийн үнэлгээг эс зөвшөөрч гомдол гаргасны дагуу Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх гомдлыг хянаж, 2019 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн 184/ШШ2019/01342 дугаартай шийдвэрээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг давж заалдах болон хяналтын шатны шүүхүүд хянасан байна. /хх 82-95 дугаар тал/

Тус шүүхийн шүүгчийн 2017 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 184/ШШ2017/02781 дугаар захирамжийн дагуу барьцаа хөрөнгө болох үл хөдлөх эд хөрөнгүүдийг шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад үнэлсэн үнэлгээтэй холбоотой маргааныг 3 шатны шүүхээр эцэслэн шийдвэрлэсэн байхаас гадна нэхэмжлэгч Г.Т нь өөрийн өмчлөлийн орон сууцыг 160.000.000 төгрөгөөр үнэлж, үнийн саналыг хариуцагч байгууллагад бичгээр ирүүлсэн атлаа үнэлгээ тогтоосныг мэдээгүй хэмээн тайлбарлаж байгаа нь эргэлзээтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар хэргийн оролцогч нь өөрийн тайлбар, татгалзлаа нотлох үүрэгтэй байдаг. Нэхэмжлэгч Г.Т нь 2021 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийг хүртэл хугацаанд хөрөнгө үнэлсэн ажиллагааг мэдээгүй гэх тайлбараа баримтаар нотлоогүй. Иймд нэхэмжлэгч Г.Т нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д заасан хугацааг хэтрүүлж шүүхэд гомдол гаргасан гэж үзэх үндэслэл болно.

Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь 2020 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 12/51 дугаартай тогтоолоор 2020 оны 11 дугаар сарын 25-ны өдөр анхны албадан дуудлага худалдааг зохион байгуулахаар товлосон боловч Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 181 тоот тогтоолоор Ковид-19 цар тахалтай тэмцэх, гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн тул албадан дуудлага худалдааг тодорхойгүй хугацаагаар хойшлуулж, шийдвэр гүйцэтгэгчийн 2021 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 1-45 дугаартай тогтоолоор анхны албадан дуудлага худалдааг 2021 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн зохион байгуулахаар шийдвэрлэжээ.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.2-т заасан хугацаанд төлбөр төлөгч, гуравдагч этгээд нар нь хөрөнгөө худалдан борлуулаагүй тул хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь 2021 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 1-45 дугаартай тогтоолоор 2021 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр анхны албадан дуудлага худалдааг зохион байгуулсан нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.5-д нийцсэн байх ба мөн хуулийн 63 дугаар зүйлийн 63.1-д заасныг зөрчөөгүй байна.

Анхны албадан дуудлага худалдааг зохион байгуулах талаарх 2021 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 4-130/169 дугаартай мэдэгдэх хуудаснуудыг төлбөр төлөгч, өмчлөгч нарт баталгаат шуудангаар хүргүүлж, барьцаа хөрөнгийн өмчлөгч болох Г.Тойруулийн 80074559 дугаар утсанд 2021 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр мэдэгдсэн болох нь шийдвэр гүйцэтгэгч Д.Мийн утсаар ярьсан тэмдэглэлээр тогтоогдож байна. /хх 122, 125 дугаар тал/

Дээрх албадан дуудлага худалдаагаар нэхэмжлэгч Г.Т-н өмчлөлийн орон сууц нь 60.750.000 төгрөгөөр худалдан борлогдсон бөгөөд хариуцагч байгууллагаас 2021 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 4-130/1222 тоот албан бичгээр Г.Тд мэдэгджээ. /хх 129 дүгээр тал/

Ийнхүү хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь төлбөрт хураагдсан үл хөдлөх эд хөрөнгийг үнэлэх болон худалдан борлуулах ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан, төлбөр төлөгч, өмчлөгчийн эрхийг зөрчсөн гэж үзэх үндэслэл баримтаар тогтоогдохгүй байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118, 156 дугаар зүйлийн 156.1.1-д заасныг тус тус удирдлага болгон,

                                                                                                                    ТОГТООХ нь:

1.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7, 63 дугаар зүйлийн 63.1-д заасныг баримтлан эрхийн улсын бүртгэлийн ..................дугаарт бүртгэгдсэн, Баянгол дүүргийн 6 дугаар хороо, 10 дугаар хороолол, 87/3 дугаар байрны .................. тоот хаягт байрлах, 55 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцыг үнэлсэн Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2019 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн үнэ тогтоосон ажиллагаа, 2021 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 1-45 дугаартай тогтоолоор зохион байгуулсан анхны албадан дуудлага худалдааг тус тус хүчингүй болгуулах тухай Г.Т-н нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4-т зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 140.400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд хандаж гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

                           ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Б.ХИШИГБААТАР