Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 08 сарын 13 өдөр

Дугаар 210/МА2021/01236

 

021 оны 08 сарын 13 өдөр

Дугаар 210/МА2021/01236

 

 

Г.Т-ийн нэхэмжлэлтэй иргэний

хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч А.Мөнхзул, Д.Байгалмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн 184/ШШ2021/01209 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Г.Т-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч ННШШГГ-т холбогдох үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ болон анхны албадан дуудлага худалдаа явуулах тогтоолыг хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Д.Байгалмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Золжаргал, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Мөнхцэцэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Буянхишиг нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 2781 тоот захирамжаар Эрчмийн-Улаач ХХК, М.Цэвэлнямаа нараас 241 279 163 төгрөг гаргуулж Хас банк ХХК-д төлөхөөр эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Дээрх захирамжийн дагуу Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас үүргийн гүйцэтгэлд барьцаалсан төлбөр төлөгч Эрчмийн-Улаач ХХК, М.Цэвэлнямаа нарын төлөх төлбөрт гуравдагч этгээд Г.Т-ийн өмчлөлийн /Ү-2205056137/ Баянгол дүүргийн 6 дугаар хороо, Энхтайваны өргөн чөлөө гудамж, 87/3 дугаар байр, 67 тоотод байрлах орон сууцыг шийдвэр гүйцэтгэх ажиллагаагаар битүүмжилж хураасан. Тухайн үед төлбөр төлөгч Эрчмийн-Улаач ХХК-ийн захирал Х.Хосбаяр Хас банк ХХК-д төлбөрийг төлж байгаа удахгүй дуусна гэж ярьснаас өөрөөр шийдвэр гүйцэтгэх байгууллагаас уулзаагүй. Гэтэл Х.Хосбаяр 2021 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр орон сууцыг 2021 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр бусдад зарсан талаар хэлсэн. Мөн өдөр шийдвэр гүйцэтгэгч Д.Мөнхцэцэгтэй уулзаж Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2021 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 4/130/1222 дугаар албан мэдэгдэл, ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2021 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн анхны албадан дуудлага худалдаа явуулах тухай 1-45 тогтоол, 2021 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 4/130/169 дугаар албан мэдэгдэл, ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2020 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн анхны албадан дуудлага худалдаа явуулах тухай 12/51 дугаар тогтоол, 2020 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 4/130/40884 дугаар албан мэдэгдлүүдийг гардан авсан. Уг мэдэгдлүүдийг гардан авч Баянгол дүүргийн 6 дугаар хороо, 87/3 дугаар байр, 67 тоот хаягт байрлах 2 өрөө орон сууцыг шинжээчээр 82 500 000 төгрөгөөр үнэлсэн болон анхны албадан дуудлага худалдаагаар 60 750 000 төгрөгөөр бусдад худалдан борлуулсан болохыг мэдсэн. ННШШГГ- нь шийдвэр гүйцэтгэх ажиллагааг талуудад мэдэгддэг атлаа гуравдагч этгээд, өмчлөгчид мэдэгдээгүй. Үл хөдлөх эд хөрөнгийн үнийн саналыг хуульд заасны дагуу аваагүй, өмчлөгч, үүрэг гүйцэтгэгч, үүрэг гүйцэтгүүлэгч нарыг харилцан тохиролцуулаагүй. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаатай холбогдуулан анхны албадан дуудлага худалдааг хүчингүй болгуулахаар Ерөнхий шийдвэр гүйцэтгэгчид 2021 оны 02 дугаар сарын 01-ний өдөр гомдол гаргасан. Гэвч Ерөнхий шийдвэр гүйцэтгэгч гомдлыг хүлээн аваагүй бөгөөд 2021 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 69 тоот хариуг 2021 оны 02 дугаар сарын 17-ны өдөр шуудангаар хүлээн авсан. Иймд орон сууцны үнэлгээ болон ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2021 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 1-45 дугаартай анхны албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоолыг тус тус хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 2781 дүгээр захирамжаар Эрчмийн-Улаач ХХК, М.Цэвэлнямаа нараас 241 279 163 төгрөгийг гаргуулж Хас банк ХХК-д олгохоор шийдвэрлэсэн. Төлбөр төлөгч шийдвэр гүйцэтгэгчийн тогтоосон хугацаанд төлбөрийг төлөөгүй тул үүргийн гүйцэтгэлд барьцаалсан гуравдагч этгээд Г.Т-ийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2205056137 дугаарт бүртгэлтэй Баянгол дүүргийн 6 дугаар хороо, 10 дугаар хороолол, 87/3 дугаар байр 67 тоотод байрлах 55 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг 2018 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 18271918/06 тоот тогтоолоор битүүмжилж, 2019 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 18271918/130 тоот тогтоолоор хураасан. Талууд, өмчлөгчид хөрөнгийн үнэлгээг Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт заасны дагуу харилцан тохиролцох талаар 2019 оны 3 дугаар сарын 06-ны өдрийн 4/6280 тоот албан бичгийг баталгаат шуудангаар хүргүүлэхэд өмчлөгч Г.Т-ийн орон сууцыг 160 000 000 төгрөгөөр үнэлэх саналыг төлбөр авагч Хас банк ХХК зөвшөөрөөгүй, шинжээч томилох хүсэлт гаргасан тул Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-ийг хөндлөнгийн шинжээчээр томилж, үнэлгээ тогтооход дээрх барьцаа хөрөнгийн үнийг 82 500 000 төгрөгөөр тогтоосон. Талуудад Ш/54 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайланг 2019 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн 4/7660 тоот үнэлэгдсэн үнэлгээний талаарх мэдэгдлээр танилцуулж, баталгаат шуудангаар хүргүүлэн 2019 оны 4 дүгээр сарын 04-ний өдөр Эрчмийн-Улаач ХХК-ийн захирал Б.Хосбаяр гуравдагч этгээд Г.Т-ьд дамжуулан өгөхөөр хүлээн авсан. Хөрөнгийн албадан дуудлага худалдаа зохион байгуулах тухай 4-130/40884 тоот мэдэгдэл, 12/51 тоот тогтоолыг баталгаат шуудангаар хүргүүлсэн. Засгийн газрын 2020 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 181 тоот тогтоолоор Ковид-19 цар тахалтай тэмцэх, гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн тул албадан дуудлага худалдааг тодорхойгүй хугацаагаар хойшлуулсан. Иймд 2020 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн товлогдсон анхны албадан дуудлага худалдаа хойшлогдож, 2021 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр анхны албадан дуудлага худалдаа зохион байгуулах тухай 4-130/169 тоот мэдэгдэл, 1-45 тоот тогтоолыг баталгаат шуудангаар хүргүүлж, гуравдагч этгээд Г.Т-ийн 80074559 дугаарын утсаар 2021 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр холбогдон танилцуулж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1 дэх хэсэгт заасны дагуу тэмдэглэлээр баталгаажуулсан. Тус газраас зохион байгуулсан 2021 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн анхны албадан дуудлага худалдаагаар үл хөдлөх эд хөрөнгө 60 750 000 төгрөгөөр худалдан борлогдсон болохыг 2021 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 4-130/1222 тоот мэдэгдлээр төлбөр төлөгч Эрчмийн-Улаач ХХК-ийн захирал Б.Хосбаярт мэдэгдэж, гуравдагч этгээд Г.Т-ьд мэдэгдлийг дамжуулан өгөхөөр хүлээн авсан. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан тул нэхэмжлэгч Г.Т-ийн гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7, 63 дугаар зүйлийн 63.1 дэх хэсэгт заасныг баримтлан эрхийн улсын бүртгэлийн Ү-2205056137 дугаарт бүртгэгдсэн, Баянгол дүүргийн 6 дугаар хороо, 10 дугаар хороолол, 87/3 дугаар байрны 67 тоот хаягт байрлах, 55 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцыг үнэлсэн Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2019 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн үнэ тогтоосон ажиллагаа, 2021 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 1-45 дугаартай тогтоолоор зохион байгуулсан анхны албадан дуудлага худалдааг тус тус хүчингүй болгуулах тухай Г.Т-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4-т зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 140 400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч байна. Шүүх маргааны үйл баримтыг үндэслэлтэй дүгнэж шийдвэрлээгүй, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Х.Оюунболд нь Д.Мөнхцэцэгт итгэмжлэл олгосон нь итгэмжлэл олгох эрхтэй субъект мөн эсэхийг шалгаагүй. 2019 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн шинжээч томилох тухай тогтоолын 3 дахь заалтад Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-ийг томилж, 4 дэх заалтад Ж.Уртнасанг тайлан ирүүлэхийг даалгасан нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.3 дахь хэсэгт заасан буюу шинжээчээр томилогдсон этгээд нь шинжилгээ хийлгэх эрх бүхий этгээдийн дуудсанаар ирж, тавьсан асуултын дагуу дүгнэлт гаргана гэснийг зөрчсөн. Учир нь Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-ийг шинжээчээр томилсон байхад Ж.Уртнасан дүгнэлт гаргасан байна. Энэ талаар анхан шатны шүүх дүгнэлт хийгээгүй. Шинжээчээр Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-ийг томилсон бөгөөд тус компанийг тухайн хэрэгт хувийн сонирхолгүй гэдгийг батлах болон хэрэгт хамааралгүй этгээд гэдэгт хуульд заасан ажиллагааг хийгээгүй. Энэ талаар баримт авагдаагүй. Шинжээчид хууль тайлбарласан баримтад Ж.Уртнасан гарын үсэг зурсан. Энэхүү баримт нь 2019 оны 3 дугаар сарын 19-ний өдөр шинжээч томилох тухай тогтоол гарсны дараагаар шинжээчийг хувийн сонирхолтой эсэх хэрэгт хамааралтай эсэхийг тогтоосон баримт болно. Тус тогтоолд Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-ийг шинжээчээр томилсон байхад Ж.Уртнасанд хууль тайлбарласан. Түүнчлэн, шүүх ... төлбөр авагч Хас банк ХХК нь 2019 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн 13/1686 дугаар албан бичиг бичгээр төлбөр төлөгч, барьцаалуулагч нараас ирүүлсэн үнийн санал нь зах зээлийн үнээс хэт өндөр, хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж үзэж, хөндлөнгийн шинжээч томилуулах хүсэлтийг хариуцагч байгууллагад ирүүлсэн байна. Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт зааснаар нэг талын хүсэл зоригийн илэрхийллийг хүлээн авснаар хүчин төгөлдөр болдог. Иймд Хас банк ХХК-аас үнийн санал аваагүй, талуудыг тохиролцуулаагүй гэх тайлбар үндэслэлгүй гэж дүгнэсэн нь маргааны үйл баримтыг үндэслэлтэй дүгнээгүй гэж үзэхээр байна. Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт дуудлага худалдаагаар худалдах үл хөдлөх эд хөрөнгийн санал болгох доод үнийг дуудлага худалдаа явуулахаас өмнө үүрэг гүйцэтгэгч, үүрэг гүйцэтгүүлэгч, өмчлөгч харилцан тохиролцож тогтоосон үнийн, хэрэв тохиролцоогүй бол үнэлгээчний тогтоосон зах зээлийн үнийн 70 хувиар тооцон тогтооно гэснээс үзэхэд үүрэг гүйцэтгэгч болон өмчлөгчийн хооронд тохиролцооны хэлбэр байх ёстой. Маргааны үйл баримтаас үзэхэд өмчлөгч хүсэл зоригоо илэрхийлсэн бөгөөд төлбөр авагч этгээд зөвшөөрөхгүйг төлбөр төлөгчид мэдэгдээгүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан байна.

Нэхэмжлэгч Г.Т-ь нь хариуцагч ННШШГГ-т холбогдуулан Баянгол дүүрэг, 6 дугаар хороо, 10 дугаар хороолол, 87/3 дугаар байрны 67 тоот хаягт байрлах, 55 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг 82 500 000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээ, 2021 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн анхны албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоолыг тус тус хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргасныг хариуцагч ...шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан... гэж эс зөвшөөрчээ.

Сонгинохайрхан 2017 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 184/ШШ2017/02781 дугаар захирамжаар хариуцагч Эрчмийн-Улаач ХХК болон М.Цэвэлнямаа нар Хас банкинд 311 165 163 төгрөгийг хуваарийн дагуу төлж барагдуулах, тогтоосон хуваарийг 2 удаа зөрчсөн тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг Г.Т-ийн өмчлөлийн 2 өрөө орон сууц болон бусад 3 ширхэг барьцаа хөрөнгөөр хангуулахаар эвлэрлэснийг баталсан байна. /хх-41-42/

Төлбөр төлөгч Эрчмийн-Улаач ХХК болон М.Цэвэлнямаа нар дээрх захирамжийн дагуу төлбөрийг төлөөгүй тул төлбөр авагч Хас банк ХХК-ийн хүсэлтийг үндэслэн Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн 184/ШЗ2018/02816 дугаар шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх тухай захирамж, мөн өдрийн 322 дугаар гүйцэтгэх хуудасыг дагуу ННШШГГ- шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэжээ. /хх-40,43-44/

Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2018 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 18271918/06 дугаар эд хөрөнгийг битүүмжлэх тогтоол, 2019 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 18271918/130 дугаар эд хөрөнгө хураах тухай тогтоолоор Баянгол дүүрэг, 6 дугаар хороо, 10 дугаар хороолол, 87/3 дугаар байрны 67 тоот хаягт байрлах, 55 м.кв талбайтай 2 өрөө Г.Т-ийн өмчлөлийн орон сууцыг битүүмжилж, хураах ажиллагааг явуулсан нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 49, 54 дүгээр зүйлд заасантай нийцсэн. /хх-48-51/

Төлбөрт хураагдсан үл хөдлөх эд хөрөнгийг дуудлага худалдаагаар худалдахад санал болгох доод үнийг ирүүлэх талаар Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас 2019 оны 3 дугаар сарын 06-ны өдрийн мэдэгдлийг төлбөр төлөгч Эрчмийн-Улаач ХХК, төлбөр авагч Хас банк ХХК, өмчлөгч Г.Т-ь нарт хүргүүлсэн, орон сууцны өмчлөгч Г.Т-ь нь тухайн үл хөдлөх эд хөрөнгийн санал болгох үнийг 160 000 000 төгрөгөөр үнэлэх үнийн санал ирүүлснийг төлбөр авагч Хас банк ХХК үнэлгээг зах зээлийн үнээс хэт өндөр гэж хүлээн зөвшөөрөхгүй, хөндлөнгийн үнэлгээчнээр зах зээлийн үнэлгээг тогтоолгох хүсэлт гаргасан болох нь баримтаар тогтоогджээ. /хх-53- 59/

Дуудлага худалдаагаар худалдах үл хөдлөх эд хөрөнгийн санал болгох үнийг төлбөр төлөгч, төлбөр авагч, өмчлөгч нар харилцан тохиролцож тогтоож болох боловч ийнхүү талууд тохиролцож чадаагүйгээс ННШШГГ- Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-ийг шинжээчээр томилж, үл хөдлөх хөрөнгийн үнэлгээг тогтоосон нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2, Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт заасантай нийцсэн байна. /хх-60/

Мөн хөрөнгийн үнэлгээ хийх тусгай зөвшөөрөлтэй шинжээч Ж.Уртнасанд эрх, үүргийг тайлбарлан өгч, хуульд заасан хариуцлага хүлээлгэх талаар сануулсан нь Эрүүгийн хуулийн 21.4 зүйл, Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 9,13,14 дүгээр зүйл, Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 13, 14 дүгээр зүйлд заасныг зөрчөөгүй байна. /хх-61, 73-74 , 76/

Нэхэмжлэгч нь өөрийн өмчлөлийн орон сууцны зах зээлийн үнийг 82 500 000 төгрөгөөр үнэлсэн шинжээчийн үнэлгээг зах зээлийн үнээс хэт доогуур үнэлсэн гэх боловч энэ талаарх баримтыг шүүхэд гаргаагүй буюу нэхэмжлэлийн үндэслэлээ баримтаар нотолж чадаагүй тул үнэлгээ тогтоосон ажиллагаа хууль зөрчөөгүй гэж үзнэ.

Түүнчлэн, Улсын Дээд шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 001/хт2020/00546 дугаар тогтоолоор төлбөр төлөгч Эрчмийн-Улаач ХХК-ийн гаргасан дээрх үл хөдлөх хөрөнгийн үнэлгээ болон бусад үл хөдлөх хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн 184/ШШ2019/01342 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 1405 дугаар магадлалыг хэвээр үлдээсэн байна. Иймд нэхэмжлэлд дурдсан үйл баримтын талаарх шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон байна. /хх-20-32/

Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас 2019 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн 4/7660 дугаар мэдэгдлээр Г.Т-ийн оршин суух хаягаар шинжээчийн тогтоосон үнэлгээний талаар мэдэгдсэн нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3 дахь хэсэгт заасантай нийцжээ. Тиймээс нэхэмжлэгч нь өмчлөлийн хөрөнгөдөө шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж байгаа талаар мэдээгүй гэж үзэх үндэслэлгүй.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.5 дахь хэсэгт Энэ хуулийн 62.2-т заасан хугацаанд төлбөр төлөгч хөрөнгөө худалдан борлуулаагүй бол хөрөнгийг хуульд заасан журмын дагуу албадан худалдан борлуулна гэж заасан тул Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2021 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 1-45 дугаар тогтоолоор төлбөр төлөгч Эрчмийн-Улаач ХХК-ийн төлбөрт хураагдсан 55 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг 2021 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 10 цаг 00 минутад анхны албадан дуудлага худалдаанд оруулахаар шийдвэрлэжээ. /хх-124/

Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газраас 2021 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 10 цаг 00 минутад анхны албадан дуудлага худалдааны тогтоол, мэдэгдлийг Г.Т-ийн оршин суух хаягт шуудангаар хүргүүлсэн, мөн 2021 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр шийдвэр гүйцэтгэгч нь түүнд утсаар мэдэгдсэн үйл баримт тогтоогдсон байна. /хх-122-126/

Иймээс анхан шатны шүүх Баянгол дүүргийн 6 дугаар хороо, 10 дугаар хороолол, 87/3 дугаар байрны 67 тоот хаягт байрлах, 55 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцыг үнэлсэн Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2019 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн үнэ тогтоосон ажиллагаа, 2021 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 1-45 дугаартай тогтоолоор зохион байгуулсан анхны албадан дуудлага худалдааг тус тус хүчингүй болгуулах тухай Г.Т-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7, 63 дугаар зүйлийн 63.1 дэх хэсэгт нийцсэн гэж дүгнэв.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Х.Оюунболд нь Д.Мөнхцэцэгт итгэмжлэл олгосон нь хариуцагч байгууллагыг төлөөлөх төлөөлөх эрхгүй гэжээ. Хариуцагч байгууллага хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр Д.Мөнхцэцэгийг томилж ирүүлсэн нь Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1 дэх хэсэгт заасантай нийцсэн. Хариуцагч нь өөрийн төлөөлж буй этгээдийн талаар маргаагүй, төлөөлөгчөөрөө дамжуулан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож байгаа нь нэхэмжлэгчийн эрхийг зөрчсөн гэж үзэхгүй.

Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн 184/ШШ2021/01209 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч мөн зүйлийн 172.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр энэ хуулийн 167 дугаар зүйлд заасан магадлалд гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.ИЧИНХОРЛОО

ШҮҮГЧИД А.МӨНХЗУЛ

Д.БАЙГАЛМАА