Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 06 сарын 03 өдөр

Дугаар 184/ШШ2021/01300

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Хишигбаатар даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, 1 дүгээр хороо, Юнескогийн гудамж 31, 304 тоот хаягт байрлах, “Х.Ф” ХХК нэхэмжлэлтэй,

Хариуцагч: П.Б-д холбогдох,

            Зээлийн гэрээний үүрэгт 40,117,050 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан шийдвэрлэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Б, хариуцагч П.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Э.Намуундарь нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Х.Ф ББСБ ХХК-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Х.Ф ББСБ ХХК нь зээлдэгч П.Бтай 2018 оны 12 дугаар сарын 13-ны өдөр №01121300116 дугаартай зээлийн гэрээ болон 01121300116 дугаартай үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ /фидуци/-г байгуулж, сарын 3.2 хувийн хүү, нэмэгдүүлсэн хүү тооцохоор тохиролцож 36 сарын хугацаатай нийт 26.000.000 төгрөгийг зээлдүүлсэн. Талууд хэлэлцэн тохиролцсоны дагуу зээлдэгч П.Булгын 4976 УБН улсын дугаартай, GWS2040002563 арлын дугаартай, сувдан цагаан өнгөтэй, Toyota crown автомашинаар  үүргийн гүйцэтгэлийг хангахаар тохиролцсон. П.Б нь зээлийн гэрээ байгуулагдсанаас хойш нийт 6.190.372 төгрөгийн төлөлт хийсэн. Зээлдэгч П.Б нь зээлийн гэрээний хавсралт 1-д заасан “Зээл буцаан төлөх хуваарь”-ийн дагуу төлөлт хийгээгүй мөн зээлийн гэрээний 7.1.1-7.1.13-т заасан үүргээ биелүүлээгүй байгаа ба өнөөдрийг хүртэл ямар нэгэн төлөлт хийгдээгүй, цаашид төлөлт хийгдэх эсэх нь тодорхойгүй байгаа тул 2019 оны 7 дугаар сарын 24-ний өдөр гэрээг цуцалсан тухай мэдэгдэл албан ёсоор хүргүүлсэн. Эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх тухай гэрээгээр Х.Ф ББСБ ХХК-ийн эзэмшлийн 4976 УБН улсын дугаартай, GWS2040002563 арлын дугаартай, сувдан цагаан өнгөтэй, Toyota crown автомашиныг харилцан тохиролцсоны улмаас П.Б унаж байгаа болно. Иймд П.Бас үндсэн зээл 24.489.828 төгрөг, зээлийн хүү 12.904.228 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 2.722.994 төгрөг нийт 40.117.050 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

Хариуцагч П.Б шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Х.Ф ББСБ ХХК-ийн нэхэмжилж буй 40.117.050 төгрөгийг төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрөхгүй байна. 2018 оны 12 дугаар сарын 13-ны өдөр зээлийн гэрээ хийхдээ Toyota crown маркийн автомашиныг барьцаалан зээл авч уг автомашинаар үүргийн гүйцэтгэлийг хангахаар тохиролцсон. Гэвч илүү хүү алданги тооцсон, төлсөн төлбөрүүдийг бүрэн хасаж тооцоогүй, үндсэн зээлээс хасалт хийлгүй зөвхөн хүүнд тооцсон зэрэг нь дээрх дүнг хүлээн зөвшөөрөхгүй байх үндэслэл болж байна. Гэрээний дагуу машин барьцаалсан зээл учраас машинаа өгөөд, үндсэн зээлээс төлсөн мөнгөө хасуулаад, үлдэгдэл төлбөрөө жилийн хугацаанд төлмөөр байна гэв.

 

Зохигчдын тайлбар, хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад,

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Х.Ф ББСБ ХХК нь 2018 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн “Зээлийн гэрээ”-ний дагуу төлөх ёстой үндсэн зээлийн төлбөрт 24.489.828 төгрөг, хүүгийн төлбөрт 12.904.228 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 2.722.994 төгрөг, нийт 40.117.050 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргажээ.

Хариуцагч П.Б нь, талуудын хооронд 2018 оны 12 дугаар сарын 13-ны өдөр фидуцийн гэрээ байгуулагдсан тул зээлийн төлбөр энэ гэрээний үүргээр дуусгавар болох ёстой гэж үзэж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрснөөр талууд маргасан байна.

Нэхэмжлэгч нь 2018 оны 12 дугаар сарын 13-ны өдөр 26.000.000 төгрөгийг 1 сарын 3.2 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай хариуцагчид зээлдүүлэх, хариуцагч нь бичгээр тохирсон хуваарийн дагуу зээл болон зээлийн хүүг нэхэмжлэгчид төлж барагдуулах үүргийг харилцан хүлээжээ. Нэхэмжлэгч Х.Ф ББСБ ХХК нь Санхүүгийн зохицуулах хорооноос олгосон 2014 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 1/368 дугаартай тусгай зөвшөөрлийн үндсэн дээр зээлийн үйл ажиллагаа эрхэлдэг хуулийн этгээд байх тул талуудын хооронд байгуулагдсан дээрх зээлийн гэрээ нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д заасан зээлийн гэрээний эрх зүйн харилцаанд хамаарна. /хх 5-7, 12-13 дугаар тал/

Зээлдэгч буюу хариуцагч П.Б нь өнгөрсөн хугацаанд нийт 6.190.372 төгрөгийг төлсөн, мөн зээлийг буцаан төлөх хуваарийг удаа дараа зөрчсөн талаар маргаагүй. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.6-д зааснаар талуудын маргаагүй үйл баримтыг тогтоогдсон гэж үздэг. Иймд зээлдүүлэгч буюу нэхэмжлэгч Х.Ф ББСБ ХХК нь Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1-д зааснаар гэрээг хугацаанаас өмнө цуцалж, зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг шаардах эрхтэй юм.

Талууд дээр дурдсан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор 2018 оны 12 дугаар сарын 13-ны өдөр Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.1-д заасан үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх /фидуци/ гэрээг байгуулжээ. Энэ гэрээгээр хариуцагч П.Б нь өөрийн өмчлөлийн 49-76УБН улсын дугаартай, GWS2040002563 арлын дугаартай, Тоёота Кроун /Toyota Crown/ маркийн тээврийн хэрэгслийг нэхэмжлэгч Х.Ф ББСБ ХХК-ийн өмчлөлд шилжүүлсэн боловч гэрээгээр тохиролцсоны үндсэн дээр тухайн хөрөнгийг ашиглаж байгаа болох нь талуудын тайлбар, хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудаар тогтоогдож байна. /хх 8-9 дүгээр тал/

Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.1-д заасан фидуцийн гэрээ нь үүрэг гүйцэтгэгч үүргээ зохих ёсоор гүйцэтгэх баталгаа болгож, “хөдлөх эд хөрөнгө”-ийг үүрэг гүйцэтгүүлэгчийн “өмчлөлд” шилжүүлж өгснөөрөө талуудын хэн аль нь эрсдэлээ өөрөө хариуцах, бие биедээ хөрөнгөөрөө итгэл хүлээлгэх хууль зүйн үр дагаварт хүргэдэг болно.

Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.2, фидуцийн гэрээний 2.2-т зааснаар, нэхэмжлэгчийн өмчлөлд шилжүүлсэн эд хөрөнгийг хариуцагч тал ашиглаж байгаа боловч мөн хуулийн 235 дугаар зүйлийн 235.4-т зааснаар уг эд хөрөнгийг Х.Ф ББСБ ХХК бодитойгоор гаргуулан аваагүй байна. Иймд зээлийн гэрээ болон фидуцийн гэрээний үүрэг дуусгавар болоогүй гэж үзнэ.

Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.4 дэх хэсгийн зохицуулалт нь дээр дурдсан талуудын харилцан хүлээж буй эрсдэл болон итгэлцлийг хамгаалахад чиглэдэг. Ийнхүү фидуцийн гэрээний дагуу тээврийн хэрэгслийг “бодитойгоор” Х.Ф ББСБ ХХК-д хүлээлгэн өгөөгүй, эрсдэл болон итгэл баталгаажаагүй тул зээлийн гэрээ болон фидуцийн гэрээний үүргийг тус тусд нь, харилцан бие биеэсээ шаардах тэгш боломжийг талуудад Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.2, 235.3, 235.4 дэх хэсгүүдээр олгосон гэж үзэхээр байна.

Хуулиар олгосон дээрх эрхийнхээ дагуу Х.Ф ББСБ ХХК нь зөвхөн зээлийн гэрээний үүргийг шаардсан ба тээврийн хэрэгслийг “бодитойгоор” гаргуулж авах шаардлага гаргаагүй, тээврийн хэрэгсэл бодитоор нэхэмжлэгчийн мэдэлд ирээгүй байх тул Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.4-д зааснаар фидуци болон зээлийн гэрээний үүргүүд дуусгавар болоогүй байна.

Иймд фидуцийн зүйл болох тээврийн хэрэгслээр зээлийн төлбөрийг дуусгавар болгох ёстой гэх хариуцагчийн тайлбар хууль зүйн үндэслэлгүй юм.

Хариуцагч П.Б нь нэхэмжлэгчийн шаардсан үндсэн зээлийн төлбөр 24.489.828 төгрөг, хүүгийн төлбөр 12.904.228 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 2.722.994 төгрөг, нийт 40.117.050 төгрөгийг баримтаар няцаагаагүй. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар талууд өөрсдийн тайлбар татгалзлаа баримтаар нотлох үүрэгтэй ба маргаж буй тал энэ үүргээ биелүүлээгүй бол дурдсан үйл баримтыг тогтоогдсон гэж үзэх үндэслэл болдог. Мөн зээлдэгч үүргээ хугацаанд нь гүйцэтгээгүй бол нэмэгдүүлсэн хүү төлөхөөр гэрээний 3.1.7-д заасан байна.

   Талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзэх Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 202 дугаар зүйл болон өөр бусад хуульд заасан үндэслэл тогтоогдоогүй, гэрээний дагуу шаардлага гаргах хуулиар тогтоосон хөөн хэлэлцэх хугацаа өнгөрөөгүй тул хариуцагч П.Бас 40.117.050 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Х.Ф ББСБ ХХК-д олгох нь зүйтэй гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон,

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 452.2-д заасныг баримтлан П.Бас 40.117.050 төгрөгийг гаргуулж Х.Ф ББСБ ХХК-д олгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 358.536 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч П.Бас 358.536 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Х.Ф ББСБ ХХК-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд хандаж гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Б.ХИШИГБААТАР