Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 08 сарын 06 өдөр

Дугаар 210/МА2021/01211

 

 

 

 

 

2021 оны 08 сарын 06 өдөр

Дугаар 210/МА2021/01211

 

Ө ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч А.Отгонцэцэг даргалж, шүүгч Д.Байгалмаа, Ц.Ичинхорлоо нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн 184/ШШ2021/01300 дугаар шийдвэртэй

Ө ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч П.Бд холбогдох

Зээлийн гэрээний үүрэгт 40 117 050 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ц.Ичинхорлоогийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Хариуцагч П.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Халиун нар оролцов.

Нэхэмжлэгч Ө ББСБ ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Баяраа шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ө ББСБ ХХК нь зээлдэгч П.Бтай 2018 оны 12 дугаар сарын 13-ны өдөр №01121300116 дугаартай Зээлийн гэрээ болон 01121300116 дугаартай Эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ /фидуци/-г байгуулж, сарын 3.2 хувийн хүү, нэмэгдүүлсэн хүү тооцохоор тохиролцож 36 сарын хугацаатай нийт 26 000 000 төгрөгийг зээлүүлсэн. Талууд хэлэлцэн тохиролцсоны дагуу зээлдэгч П.Булгын 000 УБН улсын дугаартай, GWS2040002563 арлын дугаартай, сувдан цагаан өнгөтэй, Toyota crown автомашинаар үүргийн гүйцэтгэлийг хангахаар тохиролцсон. П.Б нь зээлийн гэрээ байгуулагдсанаас хойш нийт 6 190 372 төгрөгийн төлөлт хийсэн. Зээлдэгч П.Б нь зээлийн гэрээний хавсралт 1-д заасан Зээл буцаан төлөх хуваарь-ийн дагуу төлөлт хийгээгүй мөн зээлийн гэрээний 7.1.1-7.1.13-т заасан үүргээ биелүүлээгүй байгаа ба өнөөдрийг хүртэл ямар нэгэн төлөлт хийгдээгүй, цаашид төлөлт хийгдэх эсэх нь тодорхойгүй байгаа тул 2019 оны 7 дугаар сарын 24-ний өдөр гэрээг цуцалсан тухай мэдэгдэл албан ёсоор хүргүүлсэн. Эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх тухай гэрээгээр Ө ББСБ ХХК-ийн эзэмшлийн 000 УБН улсын дугаартай, GWS2040002563 арлын дугаартай, сувдан цагаан өнгөтэй, Toyota crown автомашиныг харилцан тохиролцсоны улмаас П.Б унаж байгаа болно. Иймд П.Бас үндсэн зээл 24 489 828 төгрөг, зээлийн хүү 12 904 228 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 2 722 994 төгрөг нийт 40 117 050 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч П.Б шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ө ББСБ ХХК-ийн нэхэмжилж буй 40 117 050 төгрөгийг төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрөхгүй байна. 2018 оны 12 дугаар сарын 13-ны өдөр зээлийн гэрээ хийхдээ Toyota crown маркийн автомашиныг барьцаалан зээл авч уг автомашинаар үүргийн гүйцэтгэлийг хангахаар тохиролцсон. Гэвч илүү хүү алданги тооцсон, төлсөн төлбөрүүдийг бүрэн хасаж тооцоогүй, үндсэн зээлээс хасалт хийлгүй зөвхөн хүүнд тооцсон зэрэг нь дээрх дүнг хүлээн зөвшөөрөхгүй байх үндэслэл болж байна. Гэрээний дагуу машин барьцаалсан зээл учраас машинаа өгөөд, үндсэн зээлээс төлсөн мөнгөө хасуулаад, үлдэгдэл төлбөрөө жилийн хугацаанд төлмөөр байна гэжээ.

ШҮҮХ: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 452.2-д заасныг баримтлан П.Бас 40 117 050 төгрөгийг гаргуулж Ө ББСБ ХХК-д олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 358 536 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч П.Бас 358 536 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ө ББСБ ХХК-д олгож шийдвэрлэсэн байна.

Хариуцагч П.Б давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: ... Анхан шатны шүүх зээлийн гэрээний үүрэгт 40 117 050 төгрөгийг надаас гаргуулахаар тогтсонтой би санал нийлэхгүй байна. Учир нь би өнөөдрийн байдлаар авсан зээлээсээ 6 190 372 төгрөгийг төлж байсан тухай анхан шатны шүүх хуралдаанд илэрхийлсэн. Нэхэмжлэгчийн зүгээс мөн дээрх үнийн дүнтэй төлбөрийг төлсөн талаар илэрхийлсэн боловч энэ тухай баримтаа гаргаж өгөөгүй гэсэн шалтгаанаар миний төлж байсан төлбөрийг төлөөгүй мэт үзэж 40 117 050 төгрөг биш нийт 46 317 0 422 төгрөг надаас гарах болж буй мэт нөхцөл байдал үүсэж үндсэн хууль холбогдох хуулиудад байх гол зарчмууд алдагдаж байгаад гомдолтой байна. Гэвч гол зарчмын асуудал хамгаас чухал гэж үзэж байгаа тул төлөх ёсгүй төлбөрөөрөө давхардуулж төлмөөргүй байна. Иймд нэхэмжилж буй үнийн дүнгээс миний төлөх төлбөрийг хасаж 34 000 000 төгрөгөөр тогтоож шийдвэрлэж өгнө үү.Би үлдэгдэл төлбөрөө цаг тухай бүр төлж нэхзмжпзгчийг хохиролгүй болгохоо илэрхийлж байна гэжээ.

ХЯНАВАЛ:

Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан боловч зохигчдын хооронд үүссэн маргааны үйл баримтад зөв дүгнэлт хийгээгүй байгааг залруулах боломжтой байна.

Нэхэмжлэгч Ө ББСБ ХХК нь хариуцагч П.Бд холбогдуулан зээлийн үндсэн зээл 24 489 828 төгрөг, зээлийн хүү 12 904 228 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 2 722 994 төгрөг нийт 40 117 050 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ. /хх.1-2,34/

Зохигчид 2018 оны 12 дугаар сарын 13-ны өдөр зээлийн гэрээ байгуулж, зээлдэгч П.Б нь 26 000 000 төгрөгийг сарын 3,2 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай зээлсэн байна. /хх.5-9/

Талууд Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.1-т зааснаар хүсэл зоригоо илэрхийлсэн бичгийн хэлцэл хийж, гарын үсэг зурж хүчин төгөлдөр гэрээ байгуулсан, анхан шатны шүүх талуудын хооронд банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс олгох зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж үзсэн нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх заалттай нийцжээ.

Мөн талууд 2018 оны 12 дүгээр сарын 13-ны өдөр эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ байгуулж, уг гэрээгээр 000 УБН улсын дугаартай, GWS2040002563 арлын дугаартай, Тоёота Кроун /Toyota Crown/ маркийн тээврийн хэрэгслийг Ө ББСБ ХХК-ийн өмчлөлд зээлийн гэрээний үүрэг бүрэн биелэгдэж дуусах хүртэл хугацаанд шилжүүлэх, зээлдэгч нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн гүйцэтгэсэн тохиолдолд тус ББСБ хөрөнгийн өмчлөх эрхийг буцаан шилжүүлэхээр тохиролцсон байна. /хх.8-10/

Зохигчид зээлийн гэрээний дагуу мөнгөн хөрөнгийг шилжүүлсэн эсэх асуудлаар маргаагүй. Зээлдэгч П.Б зээлийн гэрээний үндсэн үүрэгт нийт 6 190 372 төгрөг төлсөн болох нь зохигчдын тайлбараар тогтоогдсон байна. /хх.1, 34/

Зээлдүүлэгч байгууллага нь зээлдэгчийг гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тохиолдолд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт зааснаар зээлийн гэрээний үүргээ биелүүлэхийг шаардах эрхтэй.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ...зээлдэгч П.Б нь зээлийн гэрээний хавсралт 1-т заасан Зээл буцаан төлөх хуваарь-ийн дагуу төлөлт хийгээгүй мөн зээлийн гэрээний 7.1.1-7.1.13-т заасан үүргээ биелүүлээгүй байгаа ба өнөөдрийг хүртэл ямар нэгэн төлөлт хийгдээгүй, цаашид төлөлт хийгдэх эсэх нь тодорхойгүй байгаа тул 2019 оны 7 дугаар сарын 24-ний өдөр гэрээг цуцалсан тухай мэдэгдэл албан ёсоор хүргүүлсэн /хх.1-2/ гэж, хариуцагч ...илүү хүү, алданги тооцсон, төлсөн төлбөрүүдийг бүрэн хасаж тооцоогүй тул хүлээн зөвшөөрөхгүй /хх.34/ гэж тус тус тайлбар гаргажээ.

Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт Талуудын аль нэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй бол нөгөө тал гэрээнээс татгалзах эрхтэй гэж заасан бөгөөд нэхэмжлэгч байгууллагын нэхэмжлэлийн шаардлагаас үзэхэд хариуцагч П.Бтай байгуулсан гэрээг 2019 оны 7 дугаар сарын 24-ний өдөр цуцалж, мэдэгдлийг албан ёсоор хүргүүлсэн үйл баримт тогтоогджээ.

Хариуцагч П.Б зээлийн эргэн төлөлтийн хуваарийг зөрчиж байсан, мөн зээлийн төлөлт хийгээгүй болохоо үгүйсгээгүй болно.

Нэхэмжлэгч байгууллага нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ...зээлийн гэрээг 2019 оны 7 дугаар сарын 24-ний өдөр цуцалсан, энэ талаар хариуцагчид мэдэгдсэн гэж тайлбарласан байхад анхан шатны шүүх уг үйл баримтыг анхаарахгүйгээр зээлийн гэрээний тооцооллыг хийж хариуцагч П.Бас үндсэн зээл 24 489 828 төгрөг, хүү 12 904 228 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 2 722 994 төгрөг, нийт 40 117 050 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн нь учир дутагдалтай болжээ.

Иймд хариуцагч П.Бас үндсэн зээл 26 000 000 төгрөгөөс зээлийн гэрээ байгуулагдсан 2018 оны 12 дугаар сарын 13-ны өдрөөс нэхэмжлэгчийн гэрээгээ цуцалсан талаарх мэдэгдэл хүргүүлсэн 2019 оны 7 дугаар сарын 24-ний өдөр хүртэл тооцоход үндсэн зээл 26 000 000 төгрөг, зээлийн хүү 7 424 350 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1 233 891 төгрөг нийт 34 658 241 төгрөг байна. Үүнээс хариуцагчийн төлсөн 6 190 372 төгрөгийг хасч 28 467 869 төгрөг гаргуулах нь зүйтэй байна.

Хариуцагчийн миний төлсөн төлбөрийг хасаж тооцоогүй гэсэн үндэслэлээр гаргасан давж заалдах гомдлыг хангах боломжтой байна.

Иймд дээрх үндэслэлээр шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангах нь зүйтэй байна гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн 184/ШШ2021/01300 дугаар шийдвэрийн

тогтоох хэсгийн 1 дэх заалтын ...40 117 050 төгрөг гэснийг ...28 467 869 төгрөг гэж, ...олгосугай гэснийг олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 11 649 181 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай гэж,

тогтоох хэсгийн 2 дахь заалтын ...358 536 төгрөг гэснийг ...300 289 төгрөг гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагчийн төлсөн 110 950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.ОТГОНЦЭЦЭГ

 

ШҮҮГЧИД Д.БАЙГАЛМАА

 

Ц.ИЧИНХОРЛОО