Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 06 сарын 30 өдөр

Дугаар 838

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч Г.Есөн-Эрдэнэ, Б.Ариунхишиг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Н.Гэрэлмаа,

шүүгдэгч Б.Мын өмгөөлөгч Р.Уранцэцэг,

нарийн бичгийн дарга Б.Пэрэнлэйдулам нарыг оролцуулан,  

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Алтанцэцэг даргалж, шүүгч С.Өсөхбаяр, Т.Шинэбаяр нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2020 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн 2020/ШЦТ/ дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Б.М, түүний өмгөөлөгч Р.Уранцэцэг нарын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн Б.М, Б.А холбогдох эрүүгийн 1906 02297 дугаартай хэргийг 2020 оны 6 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Ариунхишигийн илтгэснээр хянан хэлэлцэв.

1. 

 

2. 

Б.М нь 2019 оны 4 дүгээр сарын 13-наас 14-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэр "Чингис" зочид буудлын хашаан дотор байх нурсан барилгын хашаан дотор иргэн Л.Б согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн, биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж зодож алсан гэмт хэрэгт,

Б.Ань 2019 оны 4 дүгээр сарын 13-наас 14-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэр "Чингис" зочид буудлын хашаан дотор байх нурсан барилгын орчим иргэн Л.Б согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн, биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж нүүрэнд нь 2 удаа цохиж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Баянзүрх дүүргийн прокурорын газраас: Б.Мын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.7-д зааснаар, Б.Аын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Б.Мыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.7-д заасан хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй байдлыг мэдсээр байж хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, Б.Аыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.7-д зааснаар Б.Мыг 13 жилийн хугацаагаар хорих ял, Б.Аыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 720 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар Б.Мад оногдуулсан 13 жилийн хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар Б.Мын цагдан хоригдсон 181 хоногийг, Б.Аын цагдан хоригдсон 192 хоногийг эдлэх ялд нь тус тус оруулан тооцож, Б.Аыг ял эдэлсэнд тооцон суллаж, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, бусдад нотлох баримтаар төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдэж, Б.Ад авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг авч, Б.Мад авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг, Б.Ад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Б.М давж заалдах гомдолдоо “...Миний бие ийм гэмт хэрэг үйлдэж хохирогчийн ар гэрт хүнд гарз, хохирол учруулж хүний амь насыг хохироосондоо маш их харамсаж, гэмшиж байна. Шүүгч Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдэх үедээ согтууруулах ундаа хэрэглэсэн, бусдыг хайр найргүй зодож амийг нь хохироосон нөхцөл байдал, хувийн байдал зэргийг харгалзан үзэж, Б.Мад оногдуулсан хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн. 2017 оны шинэ Эрүүгийн хуульд согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гэмт хэрэг үйлдсэн бол гэж хүндрүүлэхээ больсон гэж сонссон. Мөн бусдыг хайр найргүй зодож амийг нь хохироосон гэж бодит байдал дээр би хайр найргүй зодож амь насыг нь хохироогоогүй, нэг удаа тохойгоор цохиж, гурван удаа өшиглөсөн. Үүнээс болж хохирогч амь насаа алдсан нь үнэн. Хувийн байдал гэдгээр шинэ Эрүүгийн хуулинд дахин давтан ял эдэлсэнд биш тухайн гэмт хэрэгт нь тохирсон ял оноох гэсэн хуулийн бодлогоосоо ухарч миний урьд өмнө 3 жилийн хорих ял авч, 15 жилийн өмнө суллагдаж, одоо хөөн хэлэлцэх хугацаа дууссан хэргийг хувийн байдлаар дүгнэж хүндрүүлэх шалтаг болгосон нь Эрүүгийн хуулийг зөрчсөн. Иймд хаалттай хорих байгууллагад ял эдлүүлэхээр шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Иймд миний гаргасан гомдлыг харгалзан үзэж, нээлттэй хорих байгууллагад ял эдлүүлж өгнө үү.” гэв.

Шүүгдэгч Б.Мын өмгөөлөгч Р.Уранцэцэг давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Б.Мыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.7-д зааснаар хохирогчийг биеэ хамгаалж чадахгүй байдлыг мэдсээр байж хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 13 жилийн хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн бодит байдлаас эрс зөрүүтэй шийдвэр болсон гэж эс зөвшөөрч гомдол гаргаж байна. Тус хэрэгт өмгөөлөгчөөс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг дутуу хийсэн, Эрүүгийн хэргийн талаар нотолбол зохих дараах нөхцөл байдлуудыг дутуу шалгасан гэж үзэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6.15-д заасны дагуу мөрдөн шалгах ажиллагааг нэмж хийлгэх хүсэлтийг шүүхэд гаргаж байсан ч шүүхээс миний хүсэлтийг шийдвэрлээгүй. Тус хэрэгт авагдсан нотлох баримтаар хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй дараах нөхцөл байдал байгаа тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож хэргийг нэмэлт мөрдөн шалгах ажиллагаанд буцаах шаардлагатай гэж үзэж байна. Хэрэгт гэрч П.Лувсанцэрэнгийн “...алтан шүдтэй залуу гарч ирээд нас барсан залууг хүнээс муриад хэд хоног хаашаа явчихдаг юм гэж хэлээд шанаа руу нь гараараа хоёр удаа цохисон, тэр үед нас барсан залуу суугаа байдалтай хамраас нь цус гарсан. ...Тэгсэн алтан шүдтэй залуу нас барсан залуугийн мөр, дал хэсэг рүү нь 2 удаа өшиглөсөн.” гэх мэдүүлэг,

Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 5 дугаар сарын 06-ны өдрийн шинжээчийн дүгнэлтээр баруун чамархайн, зулайн дэлбэнгийн хатуу хальсан дорх цусан хураа, баруун дух, зулай, чамархайн дэлбэнгийн хатуу хальсан доорх цусан хураа, ... зэрэг дээрх гавал тархины гэмтлийн улмаас төвийн гаралтай амьсгал, зүрх судасны дутагдлаар нас баржээ гэх дүгнэлт,

Талийгаач нь тархины баруун дух, зулай, чамархай гэх мэт эд эрхтэнд гэмтэл авсан, Б.Адъяабатын шанаа руу нь гараараа хоёр удаа цохиход хамарнаас нь цус гарсан гэх мэдүүлэгтэй шалтгаант холбоотой байдал,

Б.Адъяабатад холбогдох баримтын талаар нэмэлтээр гарсан шинжээчийн дүгнэлтээр ...дээд, доод уруулын зөөлөн эдийн няцрал гэмтэл нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэх дүгнэлт болоод гэрчийн мэдүүлгийг харьцуулан дүгнэхэд шанаа руу цохиход уруулд гэмтэл авсан,

П.Лувсанцэрэн нь тухайн үед архи хамт ууж байсан, тухайн болсон зүйлийн талаар үнэн зөв мэдүүлэг өгөхөд үндэслэл бүхий дараах эргэлзээ төрж байгаа нь түүний Б.Мын гэрт ирээд “би чамайг чадна шүү, эхнэр дээрээ ирээд сайхан амьдрах гэж байна уу, тэгэхгүй гэж байвал надад архи авч өг” гэх мэтээр дарамталсан талаар Б.М нь хэлсэн байдаг. Гэрчийн мэдүүлгээр шанаан тус газар нь хоёр удаа цохисон гэж мэдүүлж байхад яллах дүгнэлтийн хэсэгт “А нь ...Л.Б ...нүүрэнд нь хоёр удаа цохиж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэж дүгнэсэн нь хавтаст хэрэгт авагдсан.

Дээрх нөхцөл байдлуудаар Б.М нь бусдыг санаатай алах гэмт хэрэг үйлдсэн гэж үзэхэд эргэлзээтэй нөхцөл байдал үүссэн, Б.Адъяабат, Б.М хоёрын хэнийх нь цохилтоос болж хохирогч нас барсан талаар хангалттай нотлох баримт авагдаагүй, энэ талаар нарийвчлан шалган тогтоогоогүй. Зөвхөн ганц гэрчийн мэдүүлэгт тулгуурлан хэргийг шийдвэрлэсэн. Тус хэрэгт дахин шалгах, эргэлзээг арилгах нөхцөл байдал байсаар байтал хэргийг эцэслэн шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөхгүй. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг нэмэлт мөрдөн шалгах ажиллагаанд буцааж өгнө үү.” гэв.

Прокурор Н.Гэрэлмаа тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Б.М нь гэмт хэрэг үйлдэх үедээ согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. Хүнд зэргийн согтолттой байсан учир биеэ хамгаалж чадахгүй гэдгийг мэдсээр байж хүн алах гэмт хэргээр зүйлчилсэн. Түүнээс биш зодсон гэх үндэслэлгүй. Шүүгдэгчийн үйлдсэн үйлдэлд тохирсон ял шийтгэл оногдуулсан тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэлтэй гэж үзэж байх тул түүний гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэлгүй. Шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс хэргийг мөрдөн байцаалтын шатанд буцаах тухай хүсэлт гаргаж байна. Гэвч энэ хэргийн үйл баримтуудаас дүгнэж үзэхэд Б.Аанх удаа гэрчээр мэдүүлэг өгсний дагуу цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг авч, мөрдөн байцаалтын ажиллагаа явуулсан байдаг. Тухайн үед Б.А“алтан шүдтэй залуу” гэдэг боловч “өөрөө анх цохиж арагшаа бөгсөөрөө суусан” гэж мэдүүлсэн байдаг. Тэгэхэд араас нь хамт архи ууж байсан хүмүүс зодоод үлдсэн гэж мэдүүлдэг. Үүний дагуу мөрдөн шалгах ажиллагаа явуулахад Б.М, П.Лувсанцэрэн гэх хоёр хүнтэй хамт архи уусан нөхцөл байдал тогтоогдсон. П.Лувсанцэрэн гэх гэрч, Б.М нар үйлдсэн гэж тухайн нөхцөл байдлыг хүлээн зөвшөөрч мэдүүлэг өгсөн нь тухайн үед мэдүүлэг өгсөн Б.Адъяабатын мэдүүлэгтээ тохирдог. Иймд Б.Адъяабатын хохирогчийн нүүр рүү цохиж, хамраас нь цус гаргасан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчилж, Б.Мын хохирогчийн толгой дээрээс өшиглөж, дэвссэн гэх нөхцөл байдлын улмаас хүний амь нас хохирсон болох нь тогтоогдсон гэж үзээд мөн түүний хүнд зэргийн согтолттой гарсан байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.7 дахь заалтад зааснаар зүйлчилж, хэргийг шүүхэд шилжүүлсэн. Шүүх хэрэгт авагдсан үйл баримт, нотлох баримтуудыг дүгнэж үзээд үндэслэлтэй шийдвэр гаргасан. Шүүгдэгч нарт оногдуулсан ял нь тэдгээрийн үйлдэлд тохирсон гэж үзэж байх тул давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна.” гэв.

 ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.М, түүний өмгөөлөгч Р.Уранцэцэг нарын гаргасан давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.   

Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан зөрчил тогтоогдсонгүй.

Прокуророос Б.Мыг 2019 оны 4 дүгээр сарын 13-наас 14-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэр "Чингис" зочид буудлын хашаан дотор байх нурсан барилгын орчим иргэн Л.Б согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн, биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж зодож алсан гэмт хэрэгт,

Б.Адъяабатыг 2019 оны 4 дүгээр сарын 13-наас 14-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэр "Чингис" зочид буудлын хашаан дотор байх нурсан барилгын орчим иргэн Л.Б согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн, биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж нүүрэнд нь 2 удаа цохиж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

             Хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн болон шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судлахад:

Б.Ань 2019 оны 4 дүгээр сарын 13-наас 14-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэр "Чингис" зочид буудлын хашаан дотор байх нурсан барилгын орчим иргэн Л.Б согтууруулах ундааны зүйл хэрэглэсний улмаас биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж нүүрэнд нь 2 удаа цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

гэрч П.Лувсанцэрэнгийн “...архи уугаад сууж байтал дутуу баригдсан барилга дотроос шуудай барьсан алтан шүдтэй залуу гарч ирээд нас барсан залууг хүнээс муриад хэд хоног хаашаа явчихдаг юм гэж хэлээд шанаа руу нь гараараа хоёр удаа цохисон. Тэр үед нас барсан залуу суугаа байдалтай хамраас нь цус гарсан байсан. Тэгсэн алтан шүдтэй залуу нас барсан залуугийн мөр, дал хэсэг рүү нь хоёр удаа өшиглөсөн. Тэгэхэд Мөнхбат алтан шүдтэй залуу руу адилхан нэгнийгээ дээрэлхлээ гээд дайрахаар нь би салгаад алтан шүдтэй залууг наашаа суу, 100 грамм татахгүй юм уу гэхэд үгүй үгүй явлаа гээд зэс шатаахаар байшин руу орсон. ...” /1хх 195-196/,

Б.Мын яллагдагчаар өгсөн "... Тэнд Лувсанцэрэн, тэр ах бид гурав хоол хийгээд миний цуглуулж олсон архийг хуваагаад ууж байтал дутуу баригдсан барилгын нэг давхрын цонхоор нэг залуу үсэрч гарч ирээд хамт байсан танихгүй ахыг мөнгө аваад орхиод явчихсан байна гээд томороод нүүр рүү нь нэг удаа алгадаж унагаасан. Тэгэхээр нь би сүүлд ирсэн залууг чи яагаад байгаа юм бэ гээд босоод хальт барьцалдаад авахад нас бардаг ах чамд хамаагүй чи яах гээд байгаа юм гэж намайг хэлэхээр нь би больсон. ...” /2хх 36-38/,

Б.Адъяабатын яллагдагчаар өгсөн “...Бадамхатан нь надтай хамт 2 хоног архи ууж, шил лааз түүж хоноод 3 дахь хоногийн өглөө үүрээр гараад явсан. Ахин тааралдаагүй байж байгаад бямба гаригт буюу өнөөдрийн 2 хоногийн өмнө Чингис зочид буудлын баруун талаас нь ордог хогон дээр 2 залуугийн хамт явж байгаад надтай тааралдсан. Тааралдахдаа архи уучихсан, нилээн согтсон байдалтай байсан. Хамт яваа 2 залуу нь ч гэсэн согтуурсан байдалтай байсан. Бадамхатан нь барьж явсан архиа харамлаад, та нарт өгөх алба юмуу, зайлцгаа энэ тэр гэхээр нь би Бадамхатанг барьж аваад 2-3 удаа нүүр рүү нь цохисон. Би наад архиар чинь яадаг юм, надад зэс байна. Би энэ зэсээ тушаагаад мөнгө олчихно гээд босоод явсан. ...” /1хх 51-52/ гэх мэдүүлгүүд,

Шүүхийн шинжилгээний ндэсний хүрээлэнгийн 2019 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 1280 дугаартай шүүх эмнэлгийн нэмэлт шинжээчийн:

1. Талийгаач Л.Бы биед учирсан өвчүү ясны хугарал гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт, баруун хавирганы 5 дугаар хугарал, орчны эдийн цус хуралт, баруун нүдний дээд, доод зовхины цус хуралт, зөөлөн эдийн няцрал, дээд, доод уруулын зөөлөн эдийн няцрал, дотор салстын язарсан шарх, цус хуралт гэмтэл нь тус тусдаа гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт, зүүн хөмсөг, хацар, дух, хамар, эрүүний зулгаралт гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй.

2. Өвчүү, баруун 5 дугаар хавирганы хугарал, орчны эдийн цус хуралт, зүүн хөмсөг, хацрын зулгаралт, дух, хамар, эрүүний зулгаралт, дээд, доод уруулын зөөлөн эдийн няцрал, дотор салстын язарсан шарх, цус хуралт гэмтлүүд нь шинэ, баруун нүдний дээд, доод зовхины цус хуралт, зөөлөн эдийн няцрал нь хуучин гэмтэл байна.

3. Л.Бы биед дээд, доод уруулын зөөлөн эдийн няцрал, дотор салстын язарсан шарх, цус хуралт бүхий шинэ гэмтлүүд нь үхэлд хүргэсэн гавал тархины гэмтэлтэй нэг цаг хугацаанд үүсгэгдсэн хамаарал бүхий гэмтэл болно.” /1хх 226-229/ гэх дүгнэлт зэрэг анхан шатны шүүхийн шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх ба уг нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч Б.Адъяабатыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцсэн байна.

Харин прокуророос Б.Мыг 2019 оны 4 дүгээр сарын 13-наас 14-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэр "Чингис" зочид буудлын хашаан дотор байх нурсан барилгын орчим иргэн Л.Б согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн, биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж зодож алсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.7 дахь заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд ирүүлсэн ба анхан шатны шүүх хэргийг хянан хэлэлцээд шүүгдэгч Б.Мад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.7-т заасан буюу хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй байдлыг мэдсээр байж зодож алсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцээгүй байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар шүүхийн шийдвэрийг өөрчлөх үндэслэл тогтоогдсон болно.

Учир нь, хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримт болох хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Л.Даариймаа /1хх 36-38, 166-167/, гэрч Х.Цэнгүүнжаргал /1хх 39-40/, гэрч Б.Эржан /1хх 175-176/, гэрч П.Лувсанцэрэн /1хх 195-196/ нарын мөрдөн байцаалтын болон шүүхийн хэлэлцүүлгийн явцад өгсөн мэдүүлэг, гэрч П.Лувсанцэрэнгийн мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл /1хх 197-202/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 5 дугаар сарын 06-ны өдрийн 935 /1хх 83-85/ дугаартай  дүгнэлт зэрэгт дүн шинжилгээ хийж, харьцуулан судлахад:

Б.М нь 2019 оны 4 дүгээр сарын 13-наас 14-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэр "Чингис" зочид буудлын хашаан дотор байх нурсан барилгын орчим иргэн Л.Б зодож алсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Л.Даариймаагийн “...талийгаач Л.Б ерөнхийдөө 2001 оноос хойш архинд орсон. Нэг уухаараа долоо хоног үргэлжлүүлэн уугаад явчихдаг байсан. Ямар нэгэн архаг хуучин өвчин байдаггүй байсан. Ерөнхийдөө их дуугай, гэхдээ архи уусан үедээ авиртай байж магадгүй. Сэтгэл санааны хувьд маш их гомдолтой байна. Гэмт хэрэг үйлдсэн хүнд хуулийн дагуу хариуцлагыг үнэн зөвөөр оногдуулахыг хүсч байна. ...” /1хх 36-38, 166-167/,

гэрч Х.Цэнгүүнжаргалын “...би бие засах гээд уг хашаа руу ороод баруун талын байшингийн дэргэд бие засах гээд хүмүүст харагдах гээд байхаар нь жаахан зүүн тийш яваад хоёр нурж байгаа барилгын голд ороход нэг эрэгтэй хүн дээш харсан байдалтай хөдөлгөөнгүй хэвтээд цээж нь хөдлөхгүй, амьгүй амьсгалахгүй байх шиг байсан. Тэгэхээр нь би харж байгаад цагдаад дуудлага өгсөн. ...” /1хх 39-40/,

гэрч Б.Эржаны “...буцаад Бадамхатан ах дээр ирэхэд Бадамхатан ах хоёр залуутай сууж байсан. Тэнд Бадамхатан ах тэр хоёр залуутай үлдсэн. Тэр хоёр залуу хоёулаа хог шил лааз түүдэг хүн байсан. Нэг нь Урнаагийн түүхий эд авах цэг дээр тушаадаг аав, хүү хоёрын хүү нь байсан. Нөгөө залууг нь танихгүй залуу байсан. Аав, хүү хоёрын хүүг нь харвал таньж магадгүй, аавыг нь бол сайн мэдэж байна. Нэг сохор ах байдаг юм. ...” /1хх 175-176/ ,

гэрч П.Лувсанцэрэнгийн “...Тэгээд би алтан шүдтэй залуу дээр очоод аавыг таарвал намайг энд явж байна гэж хэлчихээрэй гэж байхад нас барсан залууг Мөнхбат нүүрэнд нь хоёр удаа тохойлдоод унасан байхад нь цээж рүү нь өшиглөж харагдсан. Тэгэхэд нас барсан залуу өөөө гээд аймаар чанга орилсон. Тэр үед алтан шүдтэй залуу харж байсан. Би очоод Мөнхбатыг салгаж аваад явсан. Тэнд нас барсан залуу ганцаараа хажуу талаараа цагирагласан байдалтай хэвтээд үлдсэн. Тэндээс Мөнхбат бид хоёр унтдаг траншейндаа очиж унтсан. Намайг унтаж байхад Мөнхбат унтахгүй ойр ойрхон гарч ороод байсан. Тэгээд өглөө нар мандчихсан 9-10 цагийн хооронд намайг бос бос гэсээр байгаад босгоод өчигдрийн архи уусан газар архи үлдсэн байгаа, очиж шараа тайлъя гэсэн. Тэгээд архи уусан газраа очиход нас барсан залуу Мөнхбат бид хоёрыг явахад хэвтээд үлдсэн газраасаа хөдлөөгүй тэр чигтээ хэвтэж байсан. Ойртож харалгүй нас барсан байна гэдгийг нь мэдээд холдоод явсан. Тэр өдөр Мөнхбат бид хоёр 3-4 удаа эргэж холоос харсан. Сэргэчихгүй юм байх даа гэж бодоод ойр ойрхон эргэж тойроод хараад байсан. Мөнхбат ямар ч байсан шар өнгийн үдээстэй гуталтай байсан. ...” /1хх 195-196/,

Б.Мын яллагдагчаар өгсөн "... Тэр газар Лувсанцэрэн, нас барсан ах бид гурав үлдээд үлдсэн архиа хувааж ууж дуусгасан. Архи ууж дуусах үед чи өөртөө хамааралгүй асуудлаар намайг өмөөрлөө гэж хэлэхээр нь миний уур хүрээд өөрийг нь өмөөрч байхад над руу дайрлаа гэсэн шалтгаанаар тэр ахын нүүр рүү 1, 2 удаа цохисон. Тэгэхэд тэр хүн газар унасан. Газар унаад над руу чулуу аваад шидсэн. Тэгэхээр нь би очоод толгой руу нь хоёр удаа өшиглөсөн тэр үед тэр ах ёоё, ёоё гээд байсан. Тэр үед Лувсанцэрэн намайг боль гээд салгаад явъя гээд бид хоёр нөгөө траншейндаа очиж хоносон. Траншейндаа очиж хоночихоод өглөө нь сэрэхэд Лувсанцэрэн нөгөө ах чинь яасан бол гэж хэлэхээр нь би гэнэт санаад хоёулаа очиж үзье гээд "Чингис" зочид буудлын урд байрлах хоёр давхар дутуу баригдсан барилгын дунд архи уусан газраа очиж хашааны завсраар харахад нөгөө ах хэвтэж байсан газраа дээшээ хараад хэвтсэн байдалтай байсан. Тэгэхээр нь айгаад Лувсанцэрэн бид хоёр очоогүй. ...” /2хх 36-38/ гэсэн мэдүүлгүүд,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 5 дугаар сарын 06-ны өдрийн 935 дугаартай цогцост хийсэн шинжээчийн:

1. Талийгаач Л.Бы цогцост баруун чамархайн, зулайн дэлбэнгийн хатуу хальсан доорх цусан хураа, баруун дух, зулай, чамархайн дэлбэнгийн тархины эдийн дарагдал, баруун дух, дагзны дэлбэнгийн аалзан хальсан доорх цус харвалт, зүүн талын духны хуйхны дотор гадаргуу, баруун зүүн талын дагзны хуйхны дотор талын гадаргуун цус хуралт, өвчүү, баруун 5 дугаар хавирганы хугарал, орчны эдийн цус хуралт, баруун нүдний дээд, доод зовхины цус хуралт, зөөлөн эдийн няцралт, зүүн хөмсөг хацрын зулгаралт, дух, хамар, эрүүний зулгаралт дээд, доод уруулын зөөлөн эдийн няцрал, дотор салстын няцарсан шарх, цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

  1. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.3-т зааснаар амь насанд аюултай гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.
  2. Талийгаач дээрх гавал тархины гэмтлийн улмаас төвийн гаралтай амьсгал, зүрх судасны дутагдлаар нас баржээ.

5. Талийгаач нас барах үедээ хүнд зэргийн согтолттой байжээ.

  1. Талийгаачийн үхэлд хүрээгүй ходоодны архаг үрэвсэл, бөөрний дээд булчирхайн үрэвсэлт өвчтэй байжээ.
  2. Талийгаач АВО системээр В/lll/ бүлгийн цустай байна.” /1хх 83-85/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 1280 дугаартай шүүх эмнэлгийн нэмэлт шинжээчийн:

  1. Талийгаач Л.Бы биед учирсан өвчүү ясны хугарал гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт, баруун хавирганы 5 дугаар хугарал, орчны эдийн цус хуралт, баруун нүдний дээд, доод зовхины цус хуралт, зөөлөн эдийн няцрал, дээд, доод уруулын зөөлөн эдийн няцрал, дотор салстын язарсан шарх, цус хуралт гэмтэл нь тус тусдаа гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт, зүүн хөмсөг, хацар, дух, хамар, эрүүний зулгаралт гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй.
  2. Өвчүү, баруун 5 дугаар хавирганы хугарал, орчны эдийн цус хуралт, зүүн хөмсөг, хацрын зулгаралт, дух, хамар, эрүүний зулгаралт, дээд, доод уруулын зөөлөн эдийн няцрал, дотор салстын язарсан шарх, цус хуралт гэмтлүүд нь шинэ, баруун нүдний дээд, доод зовхины цус хуралт, зөөлөн эдийн няцрал нь хуучин гэмтэл байна.
  3. Л.Бы биед дээд, доод уруулын зөөлөн эдийн няцрал, дотор салстын язарсан шарх, цус хуралт бүхий шинэ гэмтлүүд нь үхэлд хүргэсэн гавал тархины гэмтэлтэй нэг цаг хугацаанд үүсгэгдсэн хамаарал бүхий гэмтэл болно.” /1хх 226-229/ гэсэн дүгнэлтүүд,

гэрч П.Лувсанцэрэнгийн мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл /1хх 197-202/, шинжээч эмч Н.Цолмонгоос авсан мэдүүлэг /1хх 239-241/ зэрэг анхан шатны шүүхийн шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Иймд шүүгдэгч Б.Мын хувьд хохирогч Л.Б “өөрийг нь өмөөрч байхад чи өөртөө хамааралгүй асуудлаар намайг өмөөрлөө” гэх шалтгаанаар хохирогч Л.Бы нүүр рүү 1, 2 удаа цохиж, толгой руу нь хоёр удаа өшиглөж түүний биед баруун чамархайн, зулайн дэлбэнгийн хатуу хальсан доорх цусан хураа, баруун дух, зулай, чамархайн дэлбэнгийн тархины эдийн дарагдал, баруун дух, дагзны дэлбэнгийн аалзан хальсан доорх цус харвалт, зүүн талын духны хуйхны дотор гадаргуу, баруун зүүн талын дагзны хуйхны дотор талын гадаргуун цус хуралт бүхий гэмтэл учруулж хүнийг алах гэмт хэрэг үйлдэхдээ хохирогчийг биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж үйлдсэн гэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Анхан шатны шүүх Б.Мыг хохирогчийг эсэргүүцэл үзүүлэх чадваргүй хүнд зэргийн согтолттой байхад гэж гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу “хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж” гэх шинжээр гэмт хэрэгт хүндрүүлэн зүйлчилсэн нь бусад гэрч нарын өгсөн мэдүүлгүүдийг харьцуулан дүн шинжилгээ хийлгүйгээр ганц шинжээчийн дүгнэлтээр “талийгаач нь нас барах үедээ хүнд зэргийн согтолттой байжээ” гэж үзсэнээр тогтоосон нь үндэслэлгүй юм.

Өөрөөр хэлбэл, хохирогч Л.Б нь нас барах үедээ хүнд зэргийн согтолттой байсан гэдэг нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдож байгаа боловч хэргийн үйл баримтаас харахад хохирогч Л.Б нь хэрэг болсон гэх хугацаанд шүүгдэгч Б.Адъяабат, Б.М нартай маргалдаж, харилцаж, тэдгээрийн үйлдэлд хариу үйлдэл хийж байсан болох нь хэрэгт авагдсан гэрч нарын мэдүүлгээр тогтоогдож байх тул хохирогчийг ямар нэгэн үйлдэл хийх боломжгүй, ухаангүй байсан, мөн шүүгдэгч Б.М хохирогчийг биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдэж байсан гэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна гэж үзэв.

Иймд прокуророос Б.Мыг 2019 оны 4 дүгээр сарын 13-наас 14-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэр "Чингис" зочид буудлын хашаан дотор байх нурсан барилгын орчим иргэн Л.Б зодож алсан хэмээн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.7 дахь заалтад зааснаар зүйлчилж яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг мөн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг болгон хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчлөх хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэв.

Түүнчлэн, шүүгдэгч Б.Мад эрүүгийн хариуцлага оногдуулахдаа гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал болон түүнд холбогдох хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн өөрчилж шийдвэрлэсэн зэргийг харгалзан түүнд 12 жилийн хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

Иймд дээр дурдсан үндэслэлээр шийтгэх тогтоолд зохих өөрчлөлтийг оруулж, шүүгдэгч Б.Мын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, хувийн байдал зэргийг харгалзан үзэж, тухайн зүйлд зааснаар оногдуулсан хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэх нь түүний гэм буруугийн хэлбэрт тохирсон байх тул “...дэглэмийг өөрчилж өгнө үү...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлыг, мөн хэрэгт хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн гэрч, шүүгдэгч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч Б.М нь амь хохирогч Л.Бийн нүүрэн тус газар цохиж унагасан, улмаар толгойн тус газар нь өшиглөж гавал тархины гэмтэл учруулсан үйлдлийн улмаас амьсгал, зүрх судасны дутагдалд оруулан амь насыг хохироосон байх тул шүүгдэгчийн өмгөөлөгч Р.Уранцэцэгийн гаргасан “...хэргийг нэмэлт мөрдөн шалгах ажиллагаанд буцааж өгнө үү.” гэсэн агуулга бүхий гомдлыг тус тус хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй байна.