Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 03 сарын 29 өдөр

Дугаар 101/ШШ2021/00976

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Энэбиш даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Х.Х ХХК

 Хариуцагч: Б.Б

Орон сууцны дундын өмчлөлийн засвар, ашиглалт, үйлчилгээний зардалд 1,749,725.60 төгрөг гаргуулах нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: *******, *******, *******, нарийн бичгийн дарга Б.Ганчимэг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч ******* ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэл болон төлөөлөгч Ж.Дарьсүрэн, ******* нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай компани 2008 онд байгуулагдсан, Эрчим хүчний зохицуулах хороо, Хот суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт үйлчилгээг зохицуулах зөвлөлөөс олгогдсон тусгай зөвшөөрлийн дагуу Баянзүрх дүүргийн 5-р хорооны орон сууцууд, хариуцагчийн өмчлөлийн *******, ******* тоот орон сууцыг халаалт, халуун, хүйтэн усаар тасралтгүй хангаж, инженерийн гадна, дотор шугам сүлжээ, сантехник, цахилгааны засвар үйлчилгээг хариуцан үйл ажиллагаа явуулдаг. Хариуцагч нь 2016 оны 10-р сарын төлбөр 48436.96 төгрөг, 2016 оны 11 дүгээр сарын төлбөр 89851.96 төгрөг, 2016 оны 12-р сарын төлбөр 40717.16 төгрөг, 2017 оны 01-р сарын төлбөр 56431.76 төгрөг, 2017 оны 02-р сарын төлбөр 44450.56 төгрөг, 2017 оны 03-р сарын төлбөр - 46474.56 төгрөг, 2017 оны 04-р сарын төлбөр 48702.06 төгрөг, 2017 оны 05-р сарын төлбөр 39945.73 төгрөг, 2017 оны 06-р сарын төлбөр 18816.60 төгрөг, 2017 оны 07-р сарын төлбөр 38502.20 төгрөг, 2017 оны 08-р сарын төлбөр 21263.00 төгрөг, 2017 оны 09-р сарын төлбөр 36680.93 төгрөг, 2017 оны 10-р сарын төлбөр 51346.46 төгрөг, 2017 оны 11-р сарын төлбөр 51346.46 төгрөг, 2017 оны 12-р сарын төлбөр 42401.26 төгрөг, 2018 оны 01-р сарын төлбөр 43413.26 төгрөг, 2018 оны 02-р сарын төлбөр 60683.26 төгрөг, 2018 оны 03-р сарын төлбөр 45045.66 төгрөг, 2018 оны 04-р сарын төлбөр 62707.26 төгрөг, 2018 оны 05-р сарын төлбөр 38533.33 төгрөг, 2018 оны 06-р сарын төлбөр 2915.00 төгрөг, 2018 оны 07-р сарын төлбөр 25696.00 төгрөг, 2018 оны 08-р сарын төлбөр 22969.80 төгрөг, 2018 оны 09-р сарын төлбөр 87601.73 төгрөг, 2018 оны 10-р сарын төлбөр 53398.66 төгрөг, 2018 оны 11-р сарын төлбөр 35061.66 төгрөг, 2018 оны 12-р сарын төлбөр 82044.86 төгрөг, 2019 оны 01 -р сарын төлбөр 27251.66 төгрөг, 2019 оны 02-р сарын төлбөр 87707.66 төгрөг, 2019 оны 03-р сарын төлбөр 47403.66 төгрөг, 2019 оны 04-р сарын төлбөр 75948.66 төгрөг, 2019 оны 05-р сарын төлбөр 31444.53 төгрөг, 2019 оны 06-р сарын төлбөр 24518.60 төгрөг, 2019 оны 07-р сарын төлбөр 22494.60 төгрөг, 2019 оны 08-р сарын төлбөр 8595.00 төгрөг, 2019 оны 09-р сарын төлбөр 17113.76 төгрөг, 2019 оны 10-р сарын төлбөр 171809.33 төгрөг, нийт 1,749,725.60 төгрөгийн өр төлбөртэй байна. Иймд хариуцагчаас 2016 оны 10-р сараас 2019 оны 10-р саруудад хэрэглэсэн ус, дулааны төлбөр болох 1,749,725.60 төгрөг болсон.

Манай компани цахилгааны засвар, үйлчилгээг хариуцдаг, харин цахилгаанаар хангах үйлчилгээ үзүүлдэггүй. Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ компани цахилгааны хангалт хариуцаг. Нэхэмжлэгчийн хэлж байгаа төлбөрийг бид өөрсдөө биш ЭХЗХ, Зохицуулах зөвлөл тогтоож өгдөг учраас бид үндэслэлгүй үнэ нэмэх зүйл байдаггүй. Нэхэмжлэлээс хариуцагчийн хохирсон гэсэн угаалгын машин, хөргөгчийн үнэ 419,000 төгрөгийг хасч нэхэмжилж байна гэв.

Хариуцагч Б.Байгалмаа шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.Байгалмаа би Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, *******ы 53а байрны 48 тоотод амьдардаг. 2016 оны 8 сард манай *******ы 53а, 53б байрны оршин суугчдын цахилгааны хүчдэл онцгой хүчтэй ирж, манай гэрийн телевизор, угаалгын машин ажиллагаагүй болж бусад оршин суугчдын цахилгаан хэрэгслүүд олноор шатаж хохирсон. Оршин суугчид Баянзүрх дүүргийн цахилгаан шугам сүлжээ компанид өргөдлөө өгсөн ч тус компани манайх хариуцахгүй, ******* компани хариуцна, орон сууцны ******* компанидаа ханд гэсэн. Бид ******* компани дээр очиж асуухад манайх хариуцахгүй гэсэн. Эргээд цахилгаан сүлжээ компани дээрээ очиход манайх хариуцахгүй, орон сууцны компанидаа ханд гэх зэргээр оршин суугчдыг маш олон удаа нааш, цааш нь явуулж хохироосон, миний хохирлыг барагдуулаагүй.

******* компани цахилгаан шугам сүлжээ компанитайгаа яриад хэн нь хариуцахаа тодорхой болгож өг гэхэд манайд хамаагүй гэсэн. Манай нөхөр 2016 оны 11 сард тал цус харваж, би нөхрөө асарч сувилж, ядарч зүдрэхийн хажуугаар маш их зовсон бөгөөд хохиролтой учир гомдолтой. Эдгээр 2 байгууллага өдий хүртэл миний хохирлыг барагдуулаагүй бие бие рүүгээ түлхэж, улмаар үе үе тог таслах, ******* компанийн Амаржаргал гэгч нь 2 хөгжлийн бэрхшээлтэй хүн нэг нь хэвтэрт, миний бие нэгнээ асарч сувилж ядарсаар эрүүл хөлөө хугалж, 2 суга таягтай бараг явж чадахгүй байгааг харснаа хаалга тогшиж тоолуурын заалт авах гэхээр нь хаалга нээхэд гаднаас тогны бусгатал буулгаж, тог таслан харанхуйд дайрч орж ирээд слесарь залууг дуудаж намайг түлхэж ороод тоолуурыг нь салгаж ав гэж тушаал өгч авхуулаад намайг түлхэж хаяад гарч зугтаасан. Энэ хоёр байгууллагад миний хохирлыг барагдуулахгүй бол мөнгийг нь өгөхгүй гэдгээ би анхнаас нь хатуу хэлсэн байсан.

Нөхөр маань 2020 оны 3 дугаар сарын 22-нд нас барсан бөгөөд эдгээр 2 байгууллагын буруугаас болж угаалгын машингүй учир гараар юм аа угаа,ч хөргөгчгүй учир хүнсээ хадгалах газаргүй байсан зэрэг маш их хүнд дарамтад байлаа. *******ын гаргасан хуурамч мөнгөн дүнг эсэргүүцэж байна. Манай байрны оршин суугчид уд дулааны төлбөр нь дулаан зогсоход зун 5000-8000 төгрөг, өвөл 10,000-25,000 төгрөг л байдаг. Өөрсдийн буруугаас болж өвчтэй зовлонтой хүмүүсийг хохироосон бөгөөд ******* компани далимдуулан маш их мөнгө гаргасныг би эсэргүүцэж байна. Би төлбөрийн чадваргүй, байрнаасаа 2020 оны 04 дүгээр сарын 08-нд чөлөөлөгдсөн. Цахилгааны гэмтлээс болж хөргөгчөө 90,000 төгрөгөөр засуулсан, угаалгын машиныг 329,000 төгрөгөөр худалдаж авсан учраас хохирлыг барагдуулаагүй учир нэхэмжлэлийг эсэргүйцэж байна гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч ******* ХХК, *******д холбогдуулан орон сууцны дундын өмчлөлийн засвар, ашиглалт, үйлчилгээний зардалд 1,749,725.60 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасныг хариуцагч бүхэлд нь эс зөвшөөрч, нэхэмжлэгч цахилгааны хүчдэлийг тохируулж нийлүүлээгүйгээс эд зүйлээр хохирсон гэх тайлбарыг гаргажээ.

Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.

******* ХХК 2008 оны 06 дугаар сарын 06-ны өдөр үүсгэн байгуулагдсан, Эрчим хүчний зохицуулах хорооны 2017 оны 34/2017, 35/2017 тоот тусгай зөвшөөрлөөр дулаан түгээх, дулаанаар зохицуулалттай хангах, Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах зөвлөлийн 2019 оны 00369 тоот тусгай зөвшөөрлөөр цэвэр ус түгээх шугам сүлжээний ашиглалт, засвар, үйлчилгээ, орон сууцны доторх цэвэр, бохир усны шугам сүлжээний ашиглалт, засвар, үйлчилгээ, ус дамжуулах төвийн ашиглалт, засвар, үйлчилгээ, бохир усны гаргалгааны шугам сүлжээний ашиглалт, засвар, үйлчилгээ, бохир усны шугам сүлжээний ашиглалт, засвар, үйлчилгээ-г аж ахуйн үйл ажиллагаанд хүрээнд эрхлэн явуулахаар үйл ажиллагааны чиглэлт тусгажээ. Энэ хүрээнд нэхэмжлэгч Эрчим хүчний тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.3.5, 17 дугаар зүйлийн 17.1.2 болон Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2.4-12.2.8-д тус тус заасан чиг үүргийг тусгай зөвшөөрлийн үндсэн дээр хэрэгжүүлж байгаа гэж үзэх үндэслэлтэй ба хариуцагчийн өмчлөлийн Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, *******, 53а байрны 48 тоот орон сууцны хэрэглээний ус, дулааны ханган нийлүүлэгч байх бөгөөд үйлчилгээний төлбөрийг шаардах эрх бүхий этгээд байна.

Хариуцагч 2016 оны 10 дугаар сараас 2020 оны 10 дугаар сарын хугацаанд хамаарах орон сууцны хэрэглээний ус, дулаан болон бохир ус татан зайлуулсны төлбөрийг төлөөгүй тухай тайлбарлаж, гагцхүү 2016 оны 08 дугаар сард цахилгаан хэт хүчтэй ирж хариуцагчийн цахилгаан хэрэгслийг гэмтээж ажиллагаагүй болсон нь нэхэмжлэгчийн буруутай үйл ажиллагаанаас болсон гэж нэхэмжлэлээс татгалзжээ. Хариуцагч тайлбараа баримтаар нотлоогүй, нотлох баримт бүрдүүлэхтэй холбоотой хүсэлтийг шүүхэд гаргаагүй бөгөөд хэрэгт цугларсан бичгийн бусад нотлох баримтаар хариуцагчийн татгалзал тогтоогдоогүй байна.

Нэхэмжлэгч, хариуцагчийн хэрэглэсэн хугацааны ус, дулааны төлбөрийн баримт болох 39 ширхэг Тооцооны хуудас-ыг сар тус бүрээр гаргаж, хэрэглэсэн ус, дулаан, үйлчилгээний зардлын дүнг нэг бүрчлэн тусгаж гаргасныг хууль бусаар бүрдүүлсэн гэх үндэслэлгүй, нэхэмжлэгч санхүүгийн тэмдгээр баталгаажуулсан, тооцооллын хувьд алдаагүй байна. Иймд хариуцагч амьдарч байх хугацаанд нь хамаарах хэрэглээний ус, дулааны төлбөрийг Эрчим хүчний тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.19, 27 дугаар зүйлийн 27.2, Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.13, 15 дугаар зүйлийн 15.1.3-т зааснаар зохих төлбөрийг төлөх үүрэгтэй.

Нэхэмжлэгч Эрчим хүчний тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.22, 27 дугаар зүйлийн 27.2, Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.18, 10 дугаар зүйлийн 10.1.1-д заасныг үндэслэн хэрэглэгч бүрээс төлбөрийг нэхэмжилдэг тухай тайлбарласан ба Эрчим хүчний зохицуулах хорооны 2020 оны 6/1047 тоот, Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах зөвлөлийн 2020 оны 02/472 тоот албан бичиг, хавсралтаар ирүүлсэн баримтын дагуу тооцооллыг гаргасан гэж үзэхээр байна. Хариуцагч тооцоллын талаар маргаагүй болно.

Иймд Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1-д зааснаар хариуцагч 48 тоот орон сууцыг өөрийн өмчлөлд байх хугацаанд хэрэглэсэн хэрэглээний цэвэр, бохир ус, дулаанаар хангасан, бохир ус татан зайлуулсан, ус халаасны болон бусад зардлыг эрх бүхий байгууллагад буюу нэхэмжлэгчид төлөх үүрэгтэй. Хариуцагчийн 2016 оны 10 дугаар сараас 2019 оны 10 дугаар сарын хугацаанд хэрэглэсэн хэрэглээний цэвэр, бохир ус, дулаанаар хангасан, бохир ус татан зайлуулсан, ус халаасны болон бусад зардал, татварт 1,669,431.61 төгрөгийг *******гаас гаргуулан нэхэмжлэгч ******* ХХК-д олгож шийдвэрлэв. Хариуцагчийн нэхэмжлэлээс татгалзсан үндэслэл болон цахилгааны хэт өндөр ачааллаас болж 419,000 төгрөгийн зардал гарган хохирсон гэх тайлбартай холбоотой нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа 419,000 төгрөгөөр шаардлагаа багасан тул нэхэмжлэлээс илүү нэхэмжилсэн 80,293.99 төгрөгийн болон шаардлагаа багасан 419,000 төгрөгийн хэмжээ 499,293.99 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.

Эрчим хүчний зохицуулах хороо нь Эрчим хүчний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1-д зааснаар эрчим хүч үйлдвэрлэх, дамжуулах, түгээх, диспетчерийн зохицуулалт хийх, хангах үйл ажиллагааг зохицуулах, үнэ тарифыг тогтоох, эрчим хүч хэмнэлтийн бодлогыг хэрэгжүүлэх чиг үүргийг хэрэгжүүлэхээр заасан байх ба тусгай зөвшөөрөл эзэмшигч, хэрэглэгчийн хооронд үүссэн төлбөр тооцоо, мөнгөн төлбөрийн үүрэгтэй холбоотой маргааныг харьяалан шийдвэрлэх бүрэн эрх хуулиар олгогдоогүй, иймд нэхэмжлэгч урьдчилан шийдвэрлэх журмыг зөрчөөгүй байна. Зохигч цахилгаан эрчим хүчний төлбөрийн асуудлаар бус хэрэглээний цэвэр, бохир ус, дулааны төлбөрийн талаар маргаж байх тул цахилгаан эрчим хүчний төлбөр тооцоотой холбоотой журам үйлчлэхээргүй байна. Хариуцагч орон сууцнаас чөлөөлөгдөх үедээ төлбөрийн асуудлаар нэхэмжлэгчтэй маргаж байсан, 2020 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр шүүхийн шийдвэрийн дагуу орон сууцнаасаа чөлөөлөгдсөн гэх бөгөөд чөлөөлөгдөхөөс өмнөх хугацааны орон сууцны ашиглалтын зардлыг төлөх үүрэг нь Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 1471-д заасан *******д хамаарна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.      Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1-д заасныг баримтлан *******гаас 1,669,431.61 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Хүрээс хаус ХХК-д олгож, нэхэмжлэлээс 499,293.99 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2.      Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 42,950 төгрөгийг улсын орлогод үлдээж, *******гаас 34,560 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ******* ХХК-д олгосугай.

3.      Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ЭНЭБИШ